| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баярын Мөнх-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 185/2018/0240/э |
| Дугаар | 618 |
| Огноо | 2018-08-17 |
| Зүйл хэсэг | |
| Улсын яллагч | П.Ганбаатар, |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 08 сарын 17 өдөр
Дугаар 618
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж,
нарийн бичгийн дарга: В.Бадмаагарав;
улсын яллагч: П.Ганбаатар;
шүүгдэгч: Б.С (өөрийгөө өмгөөлж) нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Боржигон овогт Б.С-т холбогдох эрүүгийн 1809021660500 дугаартай хэргийг 2018 оны 08 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, 2018 оны 08 дугаар сарын 17-ны өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн, 1989 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 29 настай, дээд боловсролтой, тээврийн удирдлага мэргэжилтэй, “Алтан жолоо” ХХК-д маркетингийн албаны дарга ажилтай, ам бүл 4, эмээ, ээж, дүүгийн хамт Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, 220 мянгат 23 байрны 39 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, УХ89011554 регистерийн дугаартай, Боржигон овогт Б.С.
Прокуророос үйлдэж ирүүлсэн яллах дүгнэлтээр:
Яллагдагч Б.С нь 2018 оны 05 дугаар сарын 02-03-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, 23 дугаар байрны 02 тоотод иргэн Х.Адарсүрэнг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хэл амаар доромжлон маргалдан зодож, эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.С мэдүүлэхдээ: Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа тул нэмж мэдүүлэг өгөхгүй гэв.
Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд хохирогч Х.Адарсүрэн /хх-ийн 5/, гэрч Б.Дэнсмаа /хх-ийн 6/ нарын мэдүүлэг, Б.С-ийн гэрчээр болон яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ий 8, 24/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 5759 тоот дүгнэлт /хх-ийн 10/, Б.С-ийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 28-50/, хохирогч Х.Адарсүрэнгийн хүсэлт /хх-ийн 90/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Б.С нь 2018 оны 05 дугаар сарын 02-03-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, 23 дугаар байрны 02 тоотод Х.Адарсүрэнгийн “шөнө орой айлын хаалга нүдэж, амгалан тайван байдал алдагдууллаа” гэж хэлсэн үгэнд дургүйцэж хэл амаар доромжилж маргалдан зодож, эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:
хохирогч Х.Адарсүрэнгийн /хх-ийн 5, 86/: “... 2018 оны 05 дугаар сарын 03-ны үүрээр 03 цагийн орчим манай гэрийн хаалгыг нэг эрэгтэй цохиод байхаар нь би гараад “яагаад хаалга нүдээд байгаа юм бэ” гэхэд шууд намайг барьж аваад хамар руу мөргөөд “яаж байнаа” гээд доошоо суутал миний дээр гараад намайг цохиж зодсон..., ... би Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлэгт үзүүлэхэд “яаралтай хагалгаанд ороход дунджаар 1.500.000 төгрөг болно” гэсэн болохоор эмчээр нь бичиг хийлгэж авсан...” гэх мэдүүлгээр,
гэрч Б.Дэнсмаагийн /хх-ийн 7/: “... намайг гартал манай нөхрийн дээр 40 орчим насны махлагдуу эрэгтэй гараад салахгүй байхаар нь би цагдаа дуудсан...” гэх мэдүүлгээр,
Б.С-ийн гэрчээр болон яллагдагчаар мэдүүлсэн /хх-ийн 8, 23/: “... Би тэр залуутай маргасан. Тэр залуугийн нүүр рүү цохиж багалзуурдаж унагаасан. Хүн гэмтээснээ хүлээн зөвшөөрч байна. Эмчилгээний зардлыг төлж барагдуулна...” гэх мэдүүлгээр,
Б.С-ийн буруутай үйлдлийн улмаас Х.Адарсүрэнгийн биед “баруун чамархайн доод хэсэгт зөөлөн эдийн няцрал, хамрын нуруунд шарх, хамар ясны хугарал, баруун, зүүн нүдний дотор булан, доод зовхинд цус хуралт, зулгарал, дээд уруулын салстад шарх, зөөлөн эдийн няцрал, цус хуралт, доод уруулын баруун хэсэгт цус хуралт, оочны баруун хэсэг, баруун сарвууны гадна хэсэгт зулгарал” бүхий мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасан хөнгөн зэргийн гэмтэл учирсан болохыг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 5759 дугаартай дүгнэлт /хх-ийн 10/, хохирогч Х.Адарсүрэнгийн хүсэлт /хх-ийн 90/ зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Дээрх нотлох баримтууд “хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, шүүгдэгч, хохирогч нар ямар шалтгаанаас болж маргалдсаныг гэрч, шүүгдэгч нар мэдүүлсэн, шүүгдэгч нь хохирогчийг зодсоныг өөрөө болон хохирогч хэн аль нь гэрчилж мэдүүлсэн, хохирогч зодуулсны улмаас гэмтсэн, шүүх эмнэлгийн дүгнэлтээр хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол (гэмтэл) учирсан болохыг тогтоосон” зэрэг үйл баримтуудыг агуулж байх тул энэ хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж шүүх үзсэн болно.
Шүүхийн тогтоолын тодорхойлох хэсэгт дурдагдсан байдлаар хүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан Б.С-ийн санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Ийнхүү шүүгдэгч Б.С-ийн “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруу шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдсон гэж дүгнэж түүнд Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх үндэстэй.
Шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн төлбөрийн асуудлыг дараах байдлаар шийдвэрлэв.
Шүүгдэгч Б.С нь гэмт хэргийн хохирол хор уршиг 1.500.000 төгрөгийг нөхөн төлөхөө илэрхийлж хохирогч Х.Адарсүрэнтэй сайн дураар эвлэрсэн болохыг шүүхийн тогтоолын тогтоох хэсэгт дурьдах байдлаар оруулав.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан бөгөөд Б.С-ийг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзсэн тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор прокурорын саналыг харгалзан 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу (1 нэгж=1000 төгрөг) 600.000 /зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэхээр шийдвэрлэв.
Хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 5, 8, 9 дэх хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Боржигон овогт Б.С-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.С-ийг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч Б.С нь гэмт хэргийн хохирол, хор уршиг 1.500.000 төгрөгийг нөхөн төлөхөө илэрхийлж хохирогчтой эвлэрсэн болохыг дурьдсугай.
4. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
6. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.С-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХ-ЭРДЭНЭ