Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 01 сарын 16 өдөр

Дугаар 2026/ДШМ/71

 

 

 

 

 

    2026           01              16                                       2026/ДШМ/71

 

 

Ц.Т-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Болортуяа даргалж, шүүгч Г.Мөнхтулга, шүүгч Т.Өсөхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Э,

шүүгдэгч Ц.Т-ын өмгөөлөгч Ц.Д,

нарийн бичгийн дарга Э.Өсөхбаяр нарыг оролцуулан,

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 2025/ШЦТ/2388 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дээд шатны прокурорын бичсэн 2025 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 51 дугаар эсэргүүцлээр Ц.Т-д холбогдох эрүүгийн ....... дугаар хэргийг 2025 оны 12 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, шүүгч Т.Өсөхбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Ц.Т нь 2024 оны 9 дүгээр сарын 08-ны өдрөөс 2024 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн хооронд ..... дүүргийн ... дугаар хорооны нутаг дэвсгэр, ..... тоот хашаан дотор байх байшин дотор зохих зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор буюу бусдад худалдан борлуулах зорилгоор ховор ургамал болох Сибирийн нарс /хуш/-ны үр буюу самар/930,3 кг/-ыг хадгалж байгаль орчинд 92.006.670 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Ц.Т-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Шүүгдэгч Ц.Т-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зохих зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор ховор ургамлыг худалдаж авсан, хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Т-ыг 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, шүүгдэгч Ц.Т-д тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ буюу 5 ширхэг хуш мод тарих” үүрэг хүлээлгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Т нь тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, санаатай гэмт хэрэг үйлдсэн бол тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдэж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц тус шүүхийн Тамгын газрын Төрийн сангийн 100900005406 данснаас 5,581,800 /таван сая таван зуун наян нэгэн мянга найман зуун/ төгрөг гаргуулж, Байгаль орчин уур амьсгалын санд олгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Т-аас Цагдаагийн ерөнхий газрын Хангалт үйлчилгээний төвийн хашаанд байрлах Экологийн цагдаагийн албаны эд мөрийн баримтын агуулахад хадгалагдаж байгаа 930,3 кг цайруулсан самрыг улсын орлогод оруулж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Дээд шатны прокурор бичсэн эсэргүүцэлдээ: “...Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм бурууг хянан хэлэлцэж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үндэслэн, үйлдсэн гэмт хэргийн талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн, тухайн зүйл, хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага оногдуулахдаа Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ. Хэргийн талаар хуульд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчилгүй талаар үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байна. Харин шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирол, төлбөрийг шийдвэрлэхдээ “Шүүгдэгч Ц.Т нь 930,3 кг ховор ургамлын жагсаалтад багтсан “Сибирь хуш”-ны үр буюу цайруулсан самрыг тээвэрлэсэн үйлдлийг тухайн ховор ургамлыг буюу самрыг зохих зөвшөөрөлгүйгээр түүж ургамлын аймагт шууд хохирол учруулсан үйлдэлтэй адилтган үзсэн нь хууль зүйн үндэслэлгүй байхаас гадна Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 6 дахь заалтад заасан байгаль орчин, түүний баялгийг бохирдуулах, муутгах, гэмтээх, сүйтгэх, сөнөөж мөхөөх үйлдэл гаргасан гэж үзэх үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байх тул гэмт хэргийн хохирол, хор уршгийг нарийвчлан зохицуулсан хэм хэмжээгээр буюу зах зээлийн үнэлгээгээр нөхөн төлүүлэх нь зүйтэй байна.” гэж дүгнэж, шүүгдэгч Ц.Т-аас 5,581,800 төгрөг гаргуулж, Байгаль орчин уур амьсгалын санд олгохоор шийдвэрлэсэн” нь холбогдох хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй байна. Учир нь, Монгол Улсын Их Хурлаас 1995 оны 03 дугаар сарын 30-ны өдөр баталсан Байгаль орчныг хамгаалах тухай хууль нь хүрээлэн буй байгаль орчныг хамгаалах, байгалийн баялгийг зөв, зохистой ашиглах, нөхөн сэргээхтэй холбогдсон харилцааг зохицуулсан суурь хууль бөгөөд уг хуулиар байгаль орчинд хамаарах объектуудыг газар, ус, агаар, ургамал, амьтан гэх зэргээр төрөлжүүлэн салбарын хуулиар нарийвчлан зохицуулсан байна. Тухайлбал, Байгалийн ургамлын тухай хуулиар ой болон таримал ургамлаас бусад ургамлыг хамгаалах, зохистой ашиглах, нөхөн сэргээхтэй холбогдсон харилцааг зохицуулсан байх бөгөөд хуулийн 3 дугаар зүйлийн 2-т зааснаар ургамлын нөөц, нөхөн сэргэх чадварыг харгалзан нэн ховор, ховор, элбэг ургамал гэж ангилан, ховор ургамалд байгалийн жамаар нөхөн сэргэх чадвар хязгаарлагдмал, тархац, нөөц багатай, устаж болзошгүй ургамлыг хамааруулж, энэ төрөлд багтах ургамлын жагсаалтыг Засгийн газар батлахаар хуульчилжээ. Монгол Улсын Засгийн газрын 1995 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 153, 2015 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 410 дугаар тогтоолоор Нарсны төрлийн модны үр /ойн нарс, одой нарс, сибирь хушны үр, идээ/-ийг ховор ургамлын жагсаалтад оруулсан тул энэ төрлийн мод, түүний үр, идээг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй түүсэн, бэлтгэсэн, худалдсан, худалдан авсан, хадгалсан, тээвэрлэсэн, боловсруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн 24.8 дугаар зүйлээр хамгаалсан байна. Ойн тухай хууль нь Монгол Улсын ойг хамгаалах, нөхөн сэргээх, үржүүлэх, эзэмших, ашиглах, ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэхтэй холбогдсон харилцааг зохицуулах бөгөөд тус хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-т “ой” гэж мод, бут, сөөг болон бусад ургамал, хаг хөвд, амьтан, бичил биетэн шүтэлцэн орших хам бүрдлийн экологи-газарзүйн онцлог нөхцөл бүхий орчныг; 3.1.2-т  “ойн сан” гэж энэ хуулийн 3.1.1-д заасан ой, ой дотор байгаа ойгоор бүрхэгдээгүй болон ойн тэлэн ургахад шаардлагатай талбай бүхий орчныг; 3.1.11-т “ойн баялаг” гэж ойн модны нөөц, түүний дагалт баялгийн нөөцийг; 3.1.12-т “ойн дагалт баялаг” гэж ойн сангийн газарт ургадаг жимс, жимсгэнэ, мөөг, самар ...зэрэг ойгоос авч ашиглаж байгаа аливаа баялгийн нөөцийг” гэсэн хуулийн нэр томьёог тус тус хуульчилснаас үзэхэд Сибирь хушны үр идээ /самар/ нь ойн дагалт баялаг мөн боловч хүний оролцоогүйгээр байгалийн жамаар ургаж буй ховор ургамалд давхар хамаарч байна. Ойн тухайн хуулиар тухайн байгалийн ургамлууд ургаж буй ойн бүсчлэлийг тогтоож, улмаар тус бүсчлэлийн хүрээнд ургамлуудыг хэрэглээнийх нь шинж чанараар мод ба бусад дагалдах баялаг хэмээн зөвхөн ойн баялгийн нөөцийг ерөнхийлсөн байдлаар тодорхойлсон байх тул дээрх хууль тогтоомжуудын хооронд зөрчилдөөн байхгүй гэж үзнэ. Байгалийн ургамлын тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Ургамлын экологи-эдийн засгийн үнэлгээг төрийн захиргааны төв байгууллага тогтооно” гэж заасны дагуу Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн А/603 дугаартай тушаалын хавсралтаар Сибирь хушны нэг килограмм самрын экологи, эдийн засгийн үнэлгээг 98,900 төгрөгөөр тогтоосон болно. Түүнчлэн Ойн тухай хуулийн 38 дугаар зүйлд иргэн, аж ахуйн нэгж, байгууллага тодорхой төлбөртэйгөөр, тухайн ойн анги, эсхүл байгаль хамгаалагчаас олгосон зөвшөөрлийн үндсэн дээр ашиглах журмыг тогтоосны зэрэгцээ тухайн зүйлийн 38.5-д “Хушны самрын дунд ургацтай жилд зөвхөн ахуйн зориулалтаар, их ургацын жилд аль ч зориулалтаар ашиглахыг зөвшөөрнө” гэж хуш модны самрын ашиглалтын талаар тухайлан заасан нь байгалийн баялгийг зүй зохистой ашиглах, хамгаалах, жам ёсоор нөхөн сэргээгдэх шинж чанарыг хадгалах зорилгыг илэрхийлж буйг дурдах нь зүйтэй байна. Сибирь хушны самар нь ховор ургамалд тооцогдохын зэрэгцээ ойн дагалт баялагт давхар хамаарч байх тул гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг экологи, эдийн засгийн үнэлгээгээр буюу 930,3 кг х 98,900= 92,006,670 төгрөг гэж тооцож, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан гаргуулах нь хуульд нийцнэ гэж үзэж байна. Иймд Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 2025/ШЦТ/2388 дугаартай шийтгэх тогтоолд дээрх үндэслэлээр зохих өөрчлөлтийг оруулах шаардлагатай байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн, дээд шатны прокурорын эсэргүүцэл бичсэн. ...” гэжээ.

Прокурор Б.Энхтуул тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Дээд шатны прокурорын бичсэн эсэргүүцлийг дэмжиж оролцож байна. Нэмж хэлэх тайлбаргүй. ...” гэв.

Шүүгдэгч Ц.Т-ын өмгөөлөгч Ц.Д тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Өмгөөлөгчийн зүгээс дээд шатны прокурорын бичсэн эсэргүүцлийг үндэслэлгүй гэж үзэж байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан. Дээд шатны прокурор эсэргүүцэлдээ хохирлын хэмжээг буруу тооцсон гэж үзсэн. Анхан шатны шүүх хохирлыг тооцохдоо Ойн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.12, 42 дугаар зүйлийн 42.4-т заасныг баримталж тухайн үеийн ханшийн үнэлгээгээр тогтоосон. Энэ нь хэргийн бодит байдалтай нийцэж байгаа бөгөөд хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байгаа. Мөн дээд шатны прокурор эсэргүүцэлдээ Байгаль хамгаалах тухай хууль, Байгалийн ургамлын тухай хууль зэргийг иш татаж хохирлын үнэлгээг тайлбарласан. Байгалийн ургамлын тухай хуульд ховор ургамлыг зохих зөвшөөрөлгүйгээр хуульд зааснаас өөрөөр худалдан авсан, тээвэрлэсэн үйлдлийг хохирол учруулсан үйлдэлтэй адилтган үзэх эсхүл үнэлгээг нэмэгдүүлэх дүнгээр төлүүлэх агуулга бүхий заалт байхгүй. Анхан шатны шүүх хохирлын хэмжээнд үндэслэл бүхий дүгнэлт хийсэн тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар Ц.Т-д холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ дээд шатны прокурорын бичсэн 2025 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 51 дугаартай эсэргүүцэлд заасан үндэслэлд хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг анхан шатны журмаар эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.

Хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

Шүүгдэгч Ц.Т нь 2024 оны 9 дүгээр сарын 08-ны өдрөөс 2024 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн хооронд .... дүүргийн .... дугаар хорооны нутаг дэвсгэр, ... тоот хашаанд ховор ургамал болох Сибирийн нарс /хуш/-ны үр буюу самар/930,3 килограмм/-ыг худалдан авч, хадгалсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.О-ын “...Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн А/450 дугаар тушаалын хавсралтаар баталсан Ойн дагалт баялгийг хамгаалах, зохистой ашиглах журамд зааснаар хуш модны үр идээ болох самрыг тухайн жилийн 10 дугаар сарын 20-ны өдрөөс дараа оны 2 дугаар сарын 1-ний өдөр хүртэлх хугацаанд үйлдвэрлэлийн болон ахуйн зориулалтаар бэлтгэх боломжтой. Гэвч тухайн жилд бүс нутгийн хуш модны самрын ургацын байдалд дүн шинжилгээ, судалгаанд үндэслэн төрийн захиргааны төв байгууллага буюу Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны сайдын тушаалаар хуш модны самрыг бэлтгэх эсэхийг тогтоож өгдөг. Нийслэлийн ногоон бүсээс хувь хүн ахуйн хэрэгцээнд самар бэлтгэхийг хориглосон учраас Ойн дагалт баялаг бэлтгэх зөвшөөрлийг олгохгүй байгаа. Байгалийн ургамлын тухай хуульд “Ховор ургамлын жагсаалтыг Засгийн газар батална” гэж заасан бөгөөд Монгол Улсын Засгийн газрын 1995 оны 153 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Ховор ургамлын жагсаалт”-д Сибирь хуш нь багтсан байдаг. Энэ ургамал нь Монгол оронд ургадаг бөгөөд өөр төрөл зүйлийн хуш мод Монгол оронд ургадаггүй. Уг ургамлын үр идээ болох хуш модны самар нь ч мөн адил Монгол Улсын Засгийн газрын 1995 оны 153 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Ховор ургамлын жагсаалт”-д багтсан. Хуш модны самарны үнэлгээг 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн А/603 дугаартай тушаалаар нэн ховор, ховор, зарим элбэг ургамлын экологи эдийн засгийн үнэлгээг тооцохоор журамлаж өгсөн байна. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 3 дахь  заалтад зааснаар ургамлын аймагт учирсан хохирлыг экологи эдийн засгийн үнэлгээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр хохирлын нөхөн төлбөрийг нэхэмжилнэ. Тийм болохоор 460,033,350 төгрөгийг нэхэмжилж байна. ...” /1хх 87-89/,

гэрч Н.О-ы “...Тэгээд намайг Улаанбаатар хот руу явах үед Ц.Т надаас малын тэжээл хадгалдаг байшингийнхаа түлхүүрээ өгөөч гэхээр нь би түүнийг манайд үлдэж байгаа юм чинь үлдээх нь зөв байх гэж бодоод түлхүүрийг нь үлдээсэн. ... Намайг хотод охиноо асраад байж байхад Ц.Т самар түүсэн хүмүүсээс самрыг нь худалдаж аваад манай малын тэжээлийн байшинд хадгалж байгаад цагдаад шалгагдаж байна гэж дуулдсан. Хэсэг хугацааны дараа намайг гэртээ буцаад очиход уг байшингаас самрыг нь цагдаа ирээд хурааж авсан байсан. ...” /1хх 165-167/,

яллагдагч Ц.Т-ын “... Би зүйлчлэлээ буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг хүлээн зөвшөөрч байна. ...Би тухайн байшин дотор байгаа самарнуудыг 2024 оны 9 дүгээр сарын 08-наас 13-ны өдрийн хооронд 6 бүлэг хүнээс худалдаж авсан. ... дээрх хүмүүсийг огт танихгүй. 1 кг-ийг нь 5,500 төгрөгөөр худалдаж авч байсан. ...Би хийсэн үйлдэлдээ маш их гэмшиж байна. Гэм буруу дээрээ маргахгүй...” /1хх 97-98, 171-173, 191-193/ тус тус мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 2908 дугаартай “...Сибирь нарс (хуш)-Pinus sibirica-ны үрийг цайруулан бэлтгэсэн самар байна. Самар нь ургамлын үржлийн эрхтэн буюу үр. Сибирь нарс (хуш)-Pinus sibirica нь Засгийн газрын 1995 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 153 дугаар тогтоолын хавсралтын “Ховор ургамлын жагсаалт”-д болон Ойн тухай хуулийн 3.1.12-т заасан “Ойн дагалт баялаг”-т хамаарч байна. Шинжилгээнд ирүүлсэн Сибирь нарс (хуш)-Pinus sibirica-ны үрийн түүсэн цаг хугацааг тодорхойлох боломжгүй. Сибирь нарс (хуш)-Pinus sibirica нь уулын тайгын бүслүүрийн дээд хэсгээр ургадаг. Хөвсгөл, Хэнтий, Хангай, Монгол Алтай гэсэн ургамал-газарзүйн тойрогт тархдаг. Таримал эсвэл байгалийн зэрлэг ургамлын аль нь болохыг тогтоох боломжгүй. Шинжилгээнд ирсэн самрын дундаж чийг нь 21,6% байх тул нойтон байна. Хуш модны үр буюу самрыг MNS 5786:2007, МNS 5364:2004 стандартын дагуу 1 жил хадгална. Стандартын дагуу хадгалаагүй тохиолдолд чанар муудах боломжтой. Дээрх стандартад заасны дагуу хадгалаагүй тохиолдолд жинд өөрчлөлт орох боломжтой. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн А/603 дугаар тушаалын хавсралтад тусгаснаар 1 кг нойтон Хуш модны самрын экологи-эдийн засгийн үнэлгээ нь 98,900 төгрөг байна. Нийт 930,3 кг самрын экологи-эдийн засгийн үнэлгээг тооцвол 98,900 төгрөг х 930,3 кг = 92,006,670 төгрөг байна. Мөрдөгчийн тогтоолд дурдсаны дагуу “Байгаль орчныг хамгаалах тухай” хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1 дэх заалтад зааснаар ойн санд учирсан хохирлын нөхөн төлбөрийг тооцоход 92,006,670 төгрөг х 3= 276,020,010 төгрөг байна. Мөрдөгчийн тогтоолд дурдсаны дагуу “Байгаль орчныг хамгаалах тухай” хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 3 дахь заалтад зааснаар ургамлын аймагт учирсан хохирлын нөхөн төлбөрийг тооцоход 92,006,670 төгрөг х 5=460,033,350 төгрөг байна. ...” /1хх 64-70/ дүгнэлт,

Монгол Улсын Байгаль орчин, Уур амьсгалын өөрчлөлтийн яамны 2024 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн №04/4212 дугаартай “...Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн А/450 дугаар тушаалаар батлагдсан “Ойн дагалт баялгийг хамгаалах, зохистой ашиглах журам”- ын 3.4-т “Хуш модны самрыг 10 дугаар сарын 20-ны өдрөөс дараа оны 02 дугаар сарын 01-ны өдөр хүртэл хугацаанд бэлтгэнэ” гэж заасан байдаг. ...” албан бичиг /1хх 33/,

эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх 14-26/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх 28-31/, Хас Үнэлгээ ХХК-ийн 2025 оны 9 дүгээр сарын 22-ний өдрийн 2854 дүгээр шинжээчийн дүгнэлт /2хх 69-71/, 2024 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн хүртэлх хугацааны дансны хуулга /1хх 200-232, 237-243/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудыг шалгаж үнэлэх байдлаар хэргийн үйл баримтыг тогтоож, шүүгдэгч Ц.Т-ыг “зохих зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор ховор ургамлыг худалдаж авсан, хадгалсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцжээ.

Түүнчлэн, шүүгдэгч Ц.Т-ын ховор ургамлын жагсаалтад багтсан “Сибирь хуш”-ны үр буюу цайруулсан самрыг зохих зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор 930,3 килограммыг худалдаж авсан, хадгалсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Дээд шатны прокурор “...шүүгдэгч Ц.Т-аас 5,581,800 төгрөг гаргуулж, Байгаль орчин уур амьсгалын санд олгохоор шийдвэрлэсэн” нь холбогдох хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй байна. ...Сибирь хушны самар нь ховор ургамалд тооцогдохын зэрэгцээ ойн дагалт баялагт давхар хамаарч байх тул гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг экологи, эдийн засгийн үнэлгээгээр буюу 930,3 кг х 98,900= 92,006,670 төгрөг гэж тооцож, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан гаргуулах нь хуульд нийцнэ гэж үзэж байна. Иймд Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 2025/ШЦТ/2388 дугаартай шийтгэх тогтоолд дээрх үндэслэлээр зохих өөрчлөлтийг оруулж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий эсэргүүцэл бичжээ.

Хууль тогтоогч байгаль орчинд учирсан хохирлын нөхөн төлбөрийг гэм буруутай этгээдээс гаргуулахдаа экологи–эдийн засгийн үнэлгээг Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлд заасны дагуу өсгөн нэмэгдүүлж, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан Байгаль орчин, уур амьсгалын санд оруулахаар заасан нь байгаль орчинд хохирол учруулсан гэм буруутай этгээдээр тухайн ургамлын экологи-эдийн засгийн үнэлгээнээс гадна түүнийг нөхөн сэргээж, хамгаалахтай холбоотой гарах зардал буюу хор уршгийг давхар нөхөн төлүүлэх агуулгыг илэрхийлнэ.

Анхан шатны шүүх, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг шийдвэрлэхдээ Ойн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.4 дэх хэсэгт “Энэ хуулийн 42.1.3-т заасан ойн дагалт баялгийн нөөцийн нөхөн төлбөрийн хэмжээг тухайн үеийн зах зээлийн үнэлгээгээр, бусад нөхөн төлбөрийн хэмжээг экологи, эдийн засгийн үнэлгээгээр тогтооно” гэснийг баримтлан 930,3 кг цайруулсан самрын зах зээлийн үнэлгээ болох 5,581,800 төгрөгийг (шүүхийн шатанд шинжээчээр томилогдсон “Хас Үнэлгээ” ХХК-иас тогтоосон) шүүгдэгчээс гаргуулахаар шийдвэрлэхдээ холбогдох хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзлээ.

Байгаль орчныг хамгаалах тухай хууль нь хүрээлэн буй байгаль орчныг бүхэлд нь хамгаалах, нөхөн сэргээх, тэдгээртэй холбогдсон цогц харилцааг зохицуулахаар Улсын Их Хурлаас 1995 онд батлан гаргасан суурь хууль юм.

Суурь хуулийн хэм хэмжээнд тулгуурлан байгалийн тодорхой төрлийн объектод хамаарах харилцааг холбогдох салбар хууль, эрх зүйн бусад актуудаар нарийвчлан зохицуулдаг онцлогтой.

Тухайлбал, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн “ургамал” гэдэгт Монгол Улсын нутаг дэвсгэрт ургадаг байгалийн болон таримал ой, мод, бүх төрлийн дээд, доод ургамал хамаарна.

Байгалийн ургамлын тухай хуулийн 2дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн: 1/ “байгалийн ургамал” гэж хүний оролцоогүйгээр байгалийн жамаар ургаж байгаа зүйл ургамлыг; 2/ “байгалийн ургамлын нөөц” гэж тухайн зүйл ургамлын тархац нутаг дахь нийт хэмжээг тус тус ойлгохыг зааснаас гадна мөн хуулийн 3 дугаар зүйлд ургамлыг түүний нөөц, нөхөн сэргэх чадварыг нь харгалзан нэн ховор, ховор, элбэг гэж ангилсан бөгөөд ховор ургамалд байгалийн жамаар нөхөн сэргэх чадвар хязгаарлагдмал, тархац, нөөц багатай, устаж болзошгүй ургамлыг ойлгохоор хуульчилжээ.  

Байгалийн ургамлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Ховор ургамлын жагсаалтыг Засгийн газар батална” гэж заасны дагуу Монгол Улсын Засгийн газрын 1995 оны 153 дугаар тогтоолын хавсралтаар “Ховор ургамлын жагсаалт”-ын 355-д “Нарсны төрлийн модны үр” гэж заасан бөгөөд тус тогтоолд 2015 оны 410 дугаар тогтоолоор өөрчлөлт оруулахдаа “Нарсны төрлийн модны үр” /ойн нарс, одой нарс, сибирь хушны үр, идээ/ буюу сибирь хушны үр, идээг ховор ургамалд хамааруулсан байна.[1]

Харин Ойн тухай хууль нь Монгол Улсын ойг хамгаалах, нөхөн сэргээх, үржүүлэх, эзэмших, ашиглах, ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэхтэй холбогдсон харилцааг зохицуулах бөгөөд тус хуулийн 3 дугаар зүйлийн:

3.1.1. “ой” гэж мод, бут, сөөг болон бусад ургамал, хаг хөвд, амьтан, бичил биетэн шүтэлцэн орших хам бүрдлийн экологи-газарзүйн онцлог нөхцөл бүхий орчныг;

3.1.2. “ойн сан” гэж энэ хуулийн 3.1.1-д заасан ой, ой дотор байгаа ойгоор бүрхэгдээгүй болон ойн тэлэн ургахад шаардлагатай талбай бүхий орчныг;

3.1.11. “ойн баялаг” гэж ойн модны нөөц, түүний дагалт баялгийн нөөцийг;

3.1.12. “ойн дагалт баялаг” гэж ойн сангийн газарт ургадаг жимс, жимсгэнэ, мөөг, самар ... зэрэг ойгоос авч ашиглаж байгаа аливаа баялгийн нөөцийг” гэсэн хуулийн нэр томьёог тус тус хуульчилснаас үзэхэд Сибирь хушны үр идээ /самар/ нь ойн дагалт баялагт хамаарч байна.

Байгалийн ургамлын тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Ургамлын экологи-эдийн засгийн үнэлгээг төрийн захиргааны төв байгууллага тогтооно” гэж заасны дагуу Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн А/603 дугаартай тушаалын хавсралтаар Сибирь хушны нэг килограмм самрын экологи, эдийн засгийн үнэлгээг 98,900 төгрөгөөр тогтоосон болно.

Ойн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Иргэн, ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллага дараах үйл ажиллагаа явуулснаас ойн сан, түүний нөөцөд хохирол учруулсан бол учирсан хохирлыг нөхөн төлнө...”, 42.1.3 “зөвшөөрөлгүйгээр ойн дагалт баялаг түүсэн, бэлтгэсэн;” гэж,  42.4 дэх хэсэгт “Энэ хуулийн 42.1.3-т заасан ойн дагалт баялгийн нөөцийн нөхөн төлбөрийн хэмжээг тухайн үеийн зах зээлийн үнэлгээгээр, бусад нөхөн төлбөрийн хэмжээг экологи эдийн засгийн үнэлгээгээр тогтооно.” гэж тус тус нарийвчлан зохицуулсны дагуу гэмт хэргийн хохирол, хор уршгийг экологи эдийн засгийн үнэлгээгээр нөхөн төлүүлэх нь зүйтэй байна.

Хавтаст хэргийн 64-67 дугаар талд авагдсан 2024 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн шинжээчийн дүгнэлт”-д “...Сибирь хуш модны үр болох цайруулсан самар нь 1 кг нь 98,900 төгрөг байна. 930,3 кг самрын экологи-эдийн засгийн үнэлгээг тооцвол 98,900 төгрөг х 930,3 кг = 92,006,670 төгрөг байна. ...” гэж үнэлсэн байх тул шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг 92,006,670 төгрөгөөр тооцож шийтгэх тогтоолын хохирол төлбөртэй холбоотой заалтад зохих өөрчлөлтийг оруулав.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ц.Т-аас 92,006,670 төгрөг гаргуулан Байгаль орчин, уур амьсгалын санд олгож, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Тамгын газрын Төрийн сангийн 100900005406 дугаар дансанд байршуулсан 5,581,800 төгрөгийг хохиролд гаргуулсан төлбөрөөс хасаж, зөрүү 86,424,870 төгрөгийг шүүгдэгч Ц.Т-аас гаргуулан Байгаль орчин, уур амьсгалын санд олгохоор шийдвэрлэв.

Мөн анхан шатны шүүх, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугийн хэр хэмжээ, үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрсөн, хувийн байдлыг нь харгалзан шүүгдэгч Ц.Т-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн нь эрүүгийн хариуцлагын зорилго, шударга ёсны зарчимд нийцсэн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Т-аас хураан авсан Цагдаагийн ерөнхий газрын Хангалт үйлчилгээний төвийн хашаанд байрлах Экологийн цагдаагийн албаны эд мөрийн баримтын агуулахад хадгалагдаж байгаа 930,3 кг цайруулсан самрыг улсын орлогод шилжүүлэхээр шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.

Харин шүүхээс шүүгдэгч Ц.Т-д тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ буюу 5 ширхэг хуш мод тарих” үүрэг хүлээлгэсүгэй. ...” гэснийг “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч Ц.Т-ыг тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэсүгэй. ...” гэж шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулав.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд дээрх үндэслэлээр өөрчлөлт оруулж, дээд шатны прокурорын бичсэн эсэргүүцлийг хүлээн авч шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтуудыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 2025/ШЦТ/2388 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтын “...шүүгдэгч Ц.Т-д тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ буюу 5 ширхэг хуш мод тарих” үүрэг хүлээлгэсүгэй. ...” гэснийг “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч Ц.Т-ыг тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэсүгэй. ...” гэж өөрчилсүгэй.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “...Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ц.Т-аас 86.424.870 төгрөгийг гаргуулан Байгаль орчин, уур амьсгалын санд олгосугай” гэсэн заалт нэмсүгэй.

3. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, дээд шатны прокурорын бичсэн 2025 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 51 дугаартай эсэргүүцлийг хүлээн авсугай.

4. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                                                С.БОЛОРТУЯА

ШҮҮГЧ                                                Г.МӨНХТУЛГА

ШҮҮГЧ                                                Т.ӨСӨХБАЯР

 

[1] Монгол Улсын Дээд шүүхийн 2024 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 106 дугаар тогтоол