Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 06 сарын 17 өдөр

Дугаар 204/МА2021/00013

 
Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Л.Нямдорж даргалж, ерөнхий шүүгч Н.Энхмаа, Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Т.Даваасүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Өвөрхангай аймгийн Х сум дахь Сум дундын шүүхийн 2021 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 146/ШШ2021/00100 дугаар шийдвэртэй
“Х” ХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Ч.Б-с “Гэм хорын хохирол 1100000 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг хариуцагч Ч.Б-н гаргасан давж заалдах гомдлоор 2021 оны 05 дугаар сарын 28-ний өдөр хүлээн авч, шүүгч Л.Нямдоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.
 Шүүх хуралдаанд нарийн бичгийн дарга Б.Болортуяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Х” ХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Д анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ч.Б-н олон тооны адуу олон удаагийн давтамжтайгаар тариалангийн /уринш/ талбайд орж их хэмжээний хохирол учруулж байна. 2021 оны 01 дүгээр сарын 11-ний шөнө тус компанийн тариалангийн талбайд 38 тооны адууг оруулж уринш сүйтгэж байгаад тухайн өдрийн талбайн эргүүлд баригдаж 2 220000 төгрөгийн акт тавиулсан. Тэгээд тохиролцсон ёсоор 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн дотор 1 110 000 төгрөгийг төлөх ёстой боловч дурдсан хугацаанд төлөөгүй учир 1 110 000 төгрөгийг гаргуулж өгнө үү. Ч.Б нь 2021 оны 01 дүгээр сараас эхлэн 3 сар хүртэл Х компанийн уринш хийсэн 1000 га хашсан талбайд энэ өвөл малаа онд оруулсан. Анх 2021 оны 01 дүгээр сарын 09-ний шөнө тариан талбайд хулгайгаар 35 толгой адуугаа оруулж шөнийн эргүүлд баригдсан. 1 адууг 40000 төгрөгөөр бодоод нийт 1400000 төгрөгийн акт тавьсан. Өөрөө ирээд буруугаа ойлгоод гуйвал манай байгууллагын зүгээс төлбөрийг багасгах уян хатан асуудал байдаг. Б нь тухайн үед Х сумын Засаг дарга, Засаг даргын орлогч дарга, багийн дарга нартай хамт ирсэн. Багийн дарга нь баталгаа гаргаж өгсөн. 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр дахиад адуугаа талбай руу оруулсан. Тухайн үед тайлбар авах гэсэн чинь би бичиг үсэг мэдэхгүй гэхээр нь би нэг хүнээр бичүүлээд уншиж өгөөд гарын үсэг зуруулсан үүнээс өөр арга байхгүй байсан. Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбар дээрээ би бичиг үсэг мэдэхгүй учир надаар гарын үсэг зуруулсан гэсэн тайлбар өгсөн байсан. Би 2200000 төгрөгийн 50 хувиар акт тавьсан. Шүүхэд өгөөгүй баримтууд байгаа. Ч.Б нь манай тариан талбайд 2021 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр, 2021 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр, 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр, 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр тус тус 4 удаа адуугаа оруулсан. Нийт 3190000 төгрөгийн акт тавьснаас 1110000 төгрөгийг гаргуулахаар л шүүхэд хандсан. Нөгөө талаасаа энэ үйлдэл нь шөнийн цагаар хулгайгаар адуугаа оруулж байгаа нь газар тариалангийн хууль зөрчиж байгаа юм. Газар тариалангийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1-т тариалангийн үйлдвэрлэл эрхэлж байгаа газарт мал, тэжээвэр амьтан оруулах, бэлчээхийг хориглосон байдаг. Мөн хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2-т тариалангийн талбайн захаас гадагш 500 метрийн зайд мал бэлчээх, оторлох болон бэлчээрийн мал аж ахуйн өвөлжөө, хаваржаа, зуслан, намаржаа байхыг хориглоно гэж тус тус заасан байдаг. Энэ заалтын Ч.Б нь зөрчиж өвөлжингөө хашаанд малаа оруулсан. Эхнэрт нь удаа дараа хэлэхэд бид хоёр салсан гэдэг хариу өгдөг. Манай компани 3400 га талбайтай үүнээс уринш хийсэн 2000 га талбай, мод, жимс тарьсан 600 га талбай байгаа. Иймд “Х” ХК-ийн хохирлыг барагдуулан хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Ч.Б нь шүүхэд гаргасан хариу тайлбар болон анхан шатны шүүх шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Х-ы доод тал нутгаар нутагладаггүй. Зүүн тийшээ нэг азарга адуугаа алдчихаад нөгөө адуугаа отрын нутаг руугаа гүйлгэсэн нь үнэн. 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдөр хүртэл адуугаа тариан талбайд оруулсан гэж энэ хүн худлаа ярьж байна. Манай мал эзэнгүй явж байгаад орсон нь үнэн. Ургасан тариа, хашааг сүйтгээгүй учир би торгууль шийтгэл өгөхгүй гэж бодож байна. “Х” ХК нь тариалангийн талбайдаа мөнгөөр мал оруулдаг. Нэг бодыг 40000 төгрөгөөр, нэг богийг 5000 төгрөгөөр оруулдаг. Энэ бол “Х” компаниас тогтоосон үнэ юм. Би эдний талбайд мөнгөөр мал оруулж байгаагүй. Би тариалангийн талбайтай ойр хавьд нутагладаггүй. Би 2020 оны 11 дүгээр сарын 20-ны үеэр 42 тооны адуугаа алдсан. Тэгээд 2021 оны 02 дугаар сарын эхээр олж авсан. Энэ цаг хугацаанд байнга малын эрэлд явж байсан. 2021 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр “Х” ХК-ийн манаач Хүрэлсүх гэдэг хүн манай хашаанд адуу байна гэж хэлсэн. Тэгээд очоод үзсэн манай адуу мөн байсан ба эднийх хашчихсан байсан. “Х” ХК-ийн хүмүүс дээр очиж гуйсан би отор нүүдэлд явж байгаад адуугаа эргүүлээд алдчихлаа гэсэн чинь Д гэдэг хүн чи отор нүүдэлд яваагүй, манай тариан талбай руу байнга адуугаа оруулж байгаа гэж хэлсэн. Тухайн үед адуугаа хашаанаас орой гаргаж тууж явж байгаад адуугаа алдчихлаа гэж Баасан гэдэг хүнд хэлсэн чинь одоо яана хаагуур хамаагүй тайлбай руу орчихож магадгүй гэж хэлсэн. Манай адууг машин техникээр хөөснөөс болж манай адуунд хохирол учирсан. Гүү хээл хаясан, үхэж үрэгдсэн учир би нэхээд байгаа хохирлыг төлөхгүй гэжээ.
Хариуцагчийн өмгөөлөгч Г.Гандөш нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие хариуцагч Ч.Б-тай хууль зүйн туслалцааны гэрээ байгуулан түүний өмгөөлөгчөөр шүүх хуралдаанд оролцож байна. Хэргийн материалтай танилцсан. Нэхэмжлэгчээс гэрээний бус харилцаанаас үүсэлтэй гэм хорын хохирол нэхэмжилж байгаа болов уу гэж үзэж байна. Тайлбарын явцад эргэлзээтэй зүйлүүд байна. Адуу хашиж идүүлсний төлбөр юм уу эсвэл тухайн газар учруулсан хохирлыг нэхээд байгаа юм уу энэ талаар тайлбар дээрээ тодорхой ярьсангүй. Мөн энэ талаараа нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй. Гэм хор гэдэг нь хохирол хор уршиг гэсэн ойлголтуудын хүрээнд байдаг. Хохирол гэдэг бол хэмжиж болохуйц тооцоо, дүгнэлт гарах, мөнгөн дүнгээр илэрхийлж болохуйц зүйлийг хэлдэг. Гэтэл ийм баримтыг хэрэг хянан шийдвэрлэх явцад гаргаж өгөөгүй. Хариуцагч бичиг үсэггүй. “Х” ХК-д тайлбар өгсөн. Хэн дуртай нь дуудаж гарын үсэг зуруулж авч үлдчихээд шүүхэд нэхэмжлэл гаргадаг хууль байхгүй аль аль талаа нотлох нь зүйтэй. Нэхэмжлэлийн үндэслэл шаардлага тодорхойгүй байна. Нотлох баримтгүй, шүүхийн шийдвэр үндэслэл болгож бичих зүйл байхгүй байна. Хэргийг хэрэгсэхгүй болгох хүсэлтэй байна. Шүүхэд гаргасан нэхэмжлэлд нь тухайн талбайд хэдэн төгрөгийн хохирол учирсан талаар мэргэжлийн байгууллагаар дүгнэлт гаргаагүй. Хариуцагчийн адуу мал оруулдаг талбайд орсон юм уу эсвэл уринш хийсэн талбайд орсон юм уу энэ талаар нотолсон баримт байхгүй гэжээ.
Анхан шатны шүүх Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1, 514 дүгээр зүйлийн 514.1-т зааснаар Ч.Б-с гэм хорын хохиролд 1 110 000 /нэг сая нэг зуун арван мянга/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Х” ХК-д олгохоор, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс нь улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 31190 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ч.Б-с 31190 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Х” ХК-д олгохоор, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсмогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн хугацаа өнгөрмөгц хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдэн, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар хүсэлт гаргагч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гарсан шүүхээр дамжуулан Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдан шийдвэрлэжээ.
Хариуцагч Ч.Б гаргасан давж заалдах гомдолдоо: Өвөрхангай аймгийн Х сум дахь Сум дундын шүүхийн 2021 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 2021/ШШ2021/00100 дугаартай шийдвэрээр Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1, 514 дүгээр зүйлийн 514.1-т зааснаар Ч.Б-с гэм хорын хохирол 1110 000 төгрөг гаргуулж “Х” ХК-д олгохоор шийдвэрлэснийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч тал адуу хашаандаа оруулж идүүлсэний төлбөр, эсхүл тариалангийн газарт учруулсан хохирлыг нэхэмжилж байгаа эсэх нь тодорхойгүй нэхэмжлэл гаргасан.
Шүүх хуралдаан дээр мөн энэ тухайгаа тодорхойлж хэлээгүй байхад хэргийг шийдвэрлэсэн. Хэрэв тариалангийн газарт учруулсан хохирлыг нэхэмжилж байгаа бол нэхэмжлэлийн шаардлага 1110000 төгрөгийн хохирлыг ямар аргачлалаар, хэрхэн тооцож гаргасан тухайгаа нотлоогүй. Тухайн үед манай адуу энэ талбайд орохдоо тариа будаа идээгүй, хашааг эвдэж сүйтгээгүй, мал оруулж төлбөр авдаг талбайд нь орсон.
Энэ тухай нэхэмжлэгч тал нэхэмжлэл, тайлбартаа дурдсан байдаг. Гэтэл хэргийг хор хохирол учруулсныг нөхөн төлөх шаардлагатай мэтээр шийдвэрлэснийг миний бие хүлээн зөвшөөрөхгүй. Мөн намайг малаа 03 дугаар сарын 01-н хүртэл хашаанд оруулсан мэтээр худал тайлбар гаргасан. Манайх дээрх компанийн талбайгаас маш хол нутагладаг. Мөн дээрх хашаанд оруулсан гэж манай адууг өөр хашаанд хорьж хашсанаас болж манай 2 тооны адуу үхсэн. Энэ талаар баримтаа шүүхэд гаргаж өгсөн боловч шүүх энэ асуудлыг авч хэлэлцээгүй. Иймд Өвөрхангай аймгийн Х сум дахь сум дундын шүүхийн 2021 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 146/ШШ2021/00100 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож анхан шатны шүүхэд дахин хэлэлцүүлэхээр буцааж, эсхүл хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.
                                                               ҮНДЭСЛЭХ нь:
         Нэхэмжлэгч Х хувьцаат компани нь хариуцагч Ч.Б-д холбогдуулан гэм хорын хохирол 1100 000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
          Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж хариуцагч Д.Б-с гэм хорын хохиролд 1100 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Х хувьцаат компанид олгохоор шийдвэрлэсэн байна.
          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т зааснаар хэргийг бүхэлд нь хянан үзэхэд дараах нөхцөл байдлууд тогтоогдож байна. Үүнд:
        1. Тариалангийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д зааснаар тариалангийн газрыг газрын тухай хууль тогтоомжид заасны дагуу тариалангийн зориулалтаар гэрээний үндсэн дээр эзэмшүүлж ашиглуулна. Хариуцагч Ц.Б-н адуу орсон гэх уриншуулсан газар нь нэхэмжлэгч “Х” ХК-ний эзэмшлийн газар мөн эсэх, түүнчлэн нягтлан бодогч Д.Д нь хэрэгт нотлох баримтаар авагдсан хохирлыг төлж барагдуулах тухай актыг гаргах эрхтэй этгээд гэдгийг нотлох баримт хэрэг авагдаагүй байна. 
         2. Нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт “...тухайн үед Х сумын Засаг дарга, Засаг даргын орлогч дарга, багийн дарга нартай хамт ирсэн. Багийн дарга нь баталгаа гаргаж өгсөн. 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр дахиад адуугаа талбай руу оруулсан. Тухайн үед тайлбар авах гэсэн чинь би бичиг үсэг мэдэхгүй гэхээр нь би нэг хүнээр бичүүлээд уншиж өгөөд гарын үсэг зуруулсан...” гэж тайлбарлаж /хавтаст хэргийн 40 дүгээр хуудас/, энэ нь хохирлыг төлж барагдуулах тухай /хавтаст хэргийн 2,3 дугаар хуудас/ актаар нотлогдоно гэжээ. 
         Тариалангийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.5-д тариалангийн талбайд мал, тэжээвэр амьтан орсны улмаас тариалангийн үйлдвэрлэл эрхлэгчид учруулсан хохирлыг тооцох аргачлалыг тариалангийн, хууль зүйн болон санхүүгийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүд хамтран батална, Хүнс, Хөдөө аж ахуй, Хөнгөн үйлдвэрийн сайд, Хууль зүй, дотоод хэргийн сайд, Сангийн сайдын хамтарсан 2018 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн А-136, А-158, А-210 тоот хамтарсан тушаалаар хохирлыг ямар аргачлал, тооцоолол ашиглан тогтоохыг нарийвчлан зохицуулсан ба тушаалын хавсралтын 3.1-д тариалангийн талбайд мал, тэжээвэр амьтан орсны улмаас тариалангийн үйлдвэрлэл эрхлэгчид учирсан хохирлыг тооцох, баримтжуулах чиг үүргийг сумын Засаг даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг хэрэгжүүлнэ гэж заасан байна. Гэтэл “Х” ХК-ний нягтлан бодогч Д.Д-ийн “хохирлыг төлж барагдуулах тухай акт нь хууль, журманд нийцээгүй, бодит хохирлыг хангалттай нотолж чадахгүй байна.
         Иргэний хуулийн 497 дугаар зүйл 497.2-т зааснаар гэм хор учруулсан этгээд ийнхүү гэм хор учруулсан нь түүний буруугаас болоогүй гэдгийг нотлох үүрэгтэй боловч нэхэмжлэлийн шаардлага нь үндэслэлтэй, тухайн компаны эрх бүхий этгээд эсвэл хууль, журамд заасны дагуу хохирлыг бодитой тогтоох нь шүүхээс тухайн маргааны шийдвэрлэхэд ач холбогдолтой байдаг.
          Талуудын хооронд мэтгэлцээн үндэслэл бүхий шаардлагад тулгуурлан явагдаж, хариуцагч өөрийн гэм буруугүй гэдгийг нотлох үүрэгтэй. Нэхэмжлэлийн үндэслэл тодорхой бус байгаа тохиолдолд шүүх тухайн маргааныг хянан шийдвэрлэхдээ хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн гэж дүгнэх боломжгүй, улмаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан мэтгэлцэх зарчмыг зохих ёсоор хэрэгжүүлсэн гэж үзэхгүй.
          Нэхэмжлэлийн үндэслэл тодорхой байх нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулах нэг суурь бөгөөд энэ нь оролцогчийн эрх зүйн байдал, маргааны талаарх шүүхийн дүгнэлт, нотлох баримтын үнэлгээ, улмаар шүүхийн шийдвэр биелэгдэх боломж зэргийг хангах нөхцөл болно.               
          Шүүхийн шийдвэр хуулийн дээрх шаардлагыг хангаагүй буюу хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байх нь шийдвэрийг хүчингүй болгох эрх зүйн үндэслэл болдог бөгөөд хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдал буруу тодорхойлогдсон, нэхэмжлэлийн  шаардлага, түүний үндэслэл тодорхой бус байх гэх мэт тохиолдлууд хамаарна.        
           Нэхэмжлэгч байгууллага өөрт учирсан хохирлоо хангалттай нотолж, баталгаажуулаагүй, хэрэгт авагдсан хохирлын талаарх баримт нь нотлох баримтын шаардлага хангахгүй байгаа тул үнэн зөв, эргэлзээгүй гэж дүгнэх боломжгүй байна.  
            Иймд давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
            Хариуцагч Ч.Б-н гомдлыг хангаж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 3-т зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гарахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 31190 төгрөгийг  буцаан олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч “Х” ХК-аас шүүхэд нэхэмжлэл гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 31190 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээхээр шийдвэрлэв.  
            Хариуцагч Ч.Б нь өөрийн өмчлөлийн хоёр гүү “Х” ХК-ны буруутай үйл ажиллагаанаас болж үхсэн гэж тайлбарлаж байгаа боловч хэрэгт нотлох баримтаар өгсөн зураг /хавтаст хэргийн 22 дугаар хуудас/ хариуцагчийн адууных гэдгийг хангалттай нотолж чадаагүй, нотлох баримтын шаардлага хангахгүй байна. Хариуцагч хуульд заасан журмын дагуу сөрөг нэхэмжлэл гаргаагүй болохыг дурьдах нь зүйтэй.
           Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т  заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
           1. Өвөрхангай аймгийн Х сум дахь Сум дундын шүүхийн 2021 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 146/ШШ2021/00100 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
           2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч “Х” ХК-аас шүүхэд нэхэмжлэл гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 31190 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 3-т зааснаар хариуцагч Ч.Б-с давж заалдах гомдол гарахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 31190 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.       
            3. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй  хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
            4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3 дахь хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 193 дугаар зүйлийн 193.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор магадлалыг гардан авах үүрэгтэй, гардаж аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг  мэдэгдсүгэй.