2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2026 оны 03 сарын 04 өдөр

Дугаар 191/ШШ2026/03178

 

 

 

 

 

 

 

 

 

2026 03 04

191/ШШ2026/03178

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Т.Энхжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Т.Д нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: З.Б холбогдох

 

2022 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн компанийн хувьцаа худалдах-худалдан авах гэрээ, мөн өдрийн компанийн эрх шилжүүлэх гэрээг тус тус хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулж, хувьцааг буцаан шилжүүлж авахыг хариуцагчид даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч Т.*******,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Түвшинжаргал /3539/,

Хариуцагч З.*******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Марал-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Т.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Т.******* нь З.*******гээс ******* ******* ХХК-ийг 2022 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн Компанийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, Компанийн эрх шилжүүлэх гэрээгээр тус бүр нь 100 төгрөгийн үнэтэй, 200 ширхэг хувьцааг нийт 20,000 төгрөгөөр худалдаж авсан. Хариуцагч З.******* нь надад энэ компанийг түр өөрийн нэр дээр шилжүүлээд авчих, 3 сарын дараа буцаагаад шилжүүлж авна гэж хэлсний үндсэн дээр миний бие уг компанийг шилжүүлж авсан. Миний хувьд ******* ******* ХХК-ийг хуульд заасны дагуу шилжүүлэн авсан ч бодит байдал дээр уг компанийн үйл ажиллагаанд нэг ч удаа оролцож байгаагүй мөн тамга, тэмдэг нь хүртэл надад байдаггүй. Тус компанийг шилжүүлж авснаас хойш буюу 2022 оны 11 дүгээр сарын сүүлээр миний Хаан банкны данс хаагдаж мөнгөн гүйлгээ хийх боломжгүй болсон. Үүний дараа уг компани нь шүүхийн шийдвэрийн дагуу өр төлбөртэй гэдгийг мэдсэн. Үүнд: -Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 183/ШШ2021/02439 дугаартай шийдвэрээр С.т 5,000,000 төгрөг, -Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн 183/ШШ2021/01726 дугаартай захирамжаар ******* ******* ГХОХХК-д 38,362,076 төгрөг, -Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 183/ШШ2022/01228 дугаартай шийдвэрээр М.т 95,097,360 төгрөгийг тус тус олгохоор шийдвэрлэсэн байв. Би тус компанийн нэр дээр их хэмжээний өр төлбөр үүссэн талаар огт мэдээгүй бөгөөд энэ тухай хариуцагч надад мэдэгдээгүй болно. Хэрэв өр төлбөртэй гэдгийг мэдсэн бол уг компанийг худалдаж авахгүй байх байсан. Улмаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас ******* ******* ХХК-тай холбоотой шүүхийн шийдвэрийг биелүүлэх ажиллагаа явуулж эхэлсэн бөгөөд үүнээс үүдэн чиний бие сэтгэл санаа болон хувийн өмч хөрөнгөөр хохирч байна. Мөн хариуцагч нь талуудын хооронд байгуулсан Компанийн эрх шилжүүлэх гэрээний зүйл, заалтыг ноцтойгоор зөрчсөн болох нь харагдаж байна.

Тодруулбал: Гэрээний 4.2-т эрх шилжүүлэгч нь гэрээний 2.1 дэх хэсэгт заасан компанитай холбоотой бүхий л мэдээлэл, баримт бичиг, санхүүгийн тайлан балансыг эрх шилжүүлэн авагчид үнэн зөв гаргаж өгөх үүрэгтэй бөгөөд компанийн өр төлбөр, зээлийн талаар урьдчилан мэдэгдэнэ, гэрээний 4.3-т эрх шилжүүлэгч нь компанийн эрхийг шилжүүлэхдээ татвар, гааль, нийгмийн даатгал, банк болон банк бус санхүүгийн байгууллага, шүүхийн шийдвэрийн байгууллага, иргэнтэй хийх төлбөр тооцоотой эсэх талаар үнэн зөв мэдэгдэх үүрэгтэй, гэрээний 5.1-д Эрх шилжүүлэгч тал гэрээний 4.2-т заасан үүргээ зөрчиж компанийн талаар буруу мэдээлэл өгсөн болон эрхийн зөрчлийн талаар мэдсээр байж нуун дарагдуулснаас учирсан хохирлыг бүрэн xариуцна, мөн 5.2-т талууд гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс үүссэн хохирлыг буруутай тал нь бүрэн xариуцна гэж тус тус заасан.

Мөн З.******* нь талуудын хооронд байгуулсан Худалдах, худалдан авах гэрээ /Компанийн хувьцаа/-ний зарим зүйл заалтыг зөрчсөн байна. Үүнд: Гэрээний 4.1-д Худалдагч нь эрхийн зөрчилгүй, биет байдлын доголдолгүй, гэрээ байгуулах үед өмчлөлийн ямар нэгэн маргаангүй хувьцааг шилжүүлэх үүрэгтэй, гэрээний 4.2-т Худалдагч нь компанитай холбоотой бүхий л мэдээлэл, баримт бичиг, санхүүгийн тайлан балансыг худалдан авагчид үнэн зөв гаргаж өгөх бөгөөд компанийн өр төлбөр, зээлийн талаар урьдчилан мэдэгдэх үүрэгтэй, 4.7-д Энэхүү гэрээг байгуулахаас өмнөх худалдаж буй хувьцаатай холбоотой татвар, хураамж, өр төлбөр, торгуулийг худалдагч тал төлөх үүрэгтэй, 5.1-д Хувьцаа худалдагч тал гэрээний 4.2-т заасан үүргээ зөрчиж компанийн талаар буруу мэдээлэл өгсөн болон эрхийн зөрчлийг мэдсээр байж нуун дарагдуулснаас учирсан хохирлыг бүрэн хариуцна, 5.2-т Хувьцааны доголдолтой холбогдуулан худалдагч, худалдан авагчийн аль нь ч гэрээг цуцлах эрхтэй бөгөөд энэ тохиолдолд худалдан авагчид учирсан хохирол, зардлыг хариуцна. Гэтэл хариуцагч нь дээр дурдсан компанийн өр төлбөрийн талаар ямар ч мэдээлэл өгөөгүй бөгөөд компанийн санхүүгийн тайлан, зээл, компанийн өр, татвар, гааль, нийгмийн таатгал, банк болон банк бус санхүүгийн байгууллага, шүүхийн шийдвэрийн байгууллага, иргэнтэй өр төлбөртэй эсэх талаар ямар ч мэдээлэл өгөөгүй байдаг. Мөн хариуцагч нь дээр дурдсан шүүхийн шийдвэрүүдийн өр төлбөрийн талаар мэдсээр байж нуун дарагдуулж надад худалдсаны улмаас миний эрх, хууль ёсны ашиг сонирхол ноцтойгоор зөрчигдөж байна. Мөн Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээдэг. Гэвч хариуцагч З.******* нь тус компанийн шүүхийн шийдвэрээр тогтоогдсон их хэмжээний өр төлбөртэй байсныг мэдсээр байж надад мэдэгдээгүй бөгөөд Хувьцаа худалдах худалдан авах гэрээний 4 дүгээр зүйлийн 4.1, 4.2, 4.7 дахь хэсгүүдэд заасан үүргээ тус тус биелүүлээгүй байна. Үүний улмаас миний бие өөрийн хөрөнгөөр тухайн компанийн өр төлбөрийг барагдуулах нөхцөл байдал үүсээд байгаа юм.

Иймд талуудын хооронд байгуулагдсан 2022 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн Компанийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, Компанийн эрх шилжүүлэх гэрээ, хэлцлийг тус тус хүчин төгөлдөр бусад тооцож, ******* ******* ХХК-ийн 100 хувийн увьцааг буцаан шилжүүлж авахыг хариуцагчид даалгаж өгнө үү гэв.

 

2. Хариуцагч З.******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний хувьд тухайн компанийг шилжүүлэн өгөхдөө Т.*******ад түр хугацаанд өөр дээрээ авчих, эргүүлээд би өөрөө удахгүй авна гэж нэг ч удаа хэлж байгаагүй бөгөөд Т.******* нь өөрийн ашиг сонирхлын үүднээс Э.*******тэй харилцан тохиролцож тухайн компанийг надаас шилжүүлэн авсан байдаг. Миний бие Э.******* нь гуйсаны үндсэн дээр өөрийн нэр дээр түр хугацаанд буюу 3 сарын хугацаанд л байлгаж байгаад Э.******* нь ...******* смарт ХХК-ийг маргааш Т.*******ад шилжүүлээд өгчихөөрэй бид нар тохиролцсон цаадах чинь мэдэж байгаа гэсний дагуу л түүнд шилжүүлж өгсөн. Нэхэмжлэгч Т.******* нь ******* смарт ХХК-ийг өөрөө авахыг хүлээн зөвшөөрч, компанийн тамга, тэмдэг болон улсын бүртгэлийн гэрчилгээг гардаж авсан бөгөөд тэд харилцан тохиролцсон болох нь хавтаст хэргийн 186 дугаар талд ...захирал Э.******* ******* смарт ХХК-ийг өөрийнхөө нэр дээр шилжүүлээд авчих, удахгүй буцаагаад авчихна гэхээр нь гарын үсэг зурсан, хавтаст хэргийн 187 дугаар талд тухайн өр төлбөрийн Э.*******, н.******* нартай ярилцаж шийдэрлэнэ гэх тайлбар мэдүүлгээр тогтоогдож байгаа. Хэрэв анхнаасаа надтай энэ талаар тохиролцсон байсан бол мэдүүлэгтэй надтай энэ асуудлыг ярилцаж байгаад шийдвэрлэнэ гэж тайлбарлах байсан байх. Миний хувьд тухайн компанийн бодит эзэн бус харин түр хугацаанд нэр дээрээ байлгасан бөгөөд компанийн удирдлага, санхүү, үйл ажиллагаанд оролцоогүй тул бодит нөхцөл байдал буюу өр төлбөр үүссэн, эсхүл энэ талаар мэдчихээд санаатайгаар нуун дарагдуулсан гэж үзэх боломжгүй юм. Бусдад төлөх өр төлбөртэй болон -Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд ******* смарт ХХК-тай холбоотой шүүх хурал, иргэний хэрэг шийдвэрлэгдсэн гэдгийг огт мэдээгүй бөгөөд шүүхээс татаж авсан нотлох баримтуудтай танилцаад н. захирлаар нь байсан, өөр хүнд итгэмжлэл өгөөд хэргийн ажиллагаанд оролцоод явж байсныг мэдсэн. Гэтэл Т.*******ад дээрх нөхцөл байдлуудыг намайг мэдэж байсан, нуун дарагдуулсан мэтээр нотлох баримтгүйгээр шаардаж байгаа нь үндэслэлгүй. Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл намайг өр төлбөртэй гэдгийг нь мэдсэн, мөн нуун дарагдуулсан гэдэгтэй холбоотой нэг ч баримт байхгүй. Хэдийгээр тухайн үед Э.******* нь Т.*******ад шилжүүлээд өгчих гэж хэлснийх нь дагуу үйлдэл хийсэн ч нэхэмжпэгч буюу Т.******* нь компанийн өр төлбөр, санхүүгийн талаар бодит захирлаас нь асууж тодруулаагүй, энэ талаар судлах, шалгах буюу худалдан авагчийн үүргээ өөрөө биелүүлээгүй гэж үзэж байна. Өөрийн болгоомжгүй, хайхрамжгүй үйлдлээс шалгаалсан нөхцөл байдлаа гуравдагч этгээдийн хүсэлтээр түр хугацаанд нэр дээрээ байлгасан надаас үндэслэлгүйгээр шаардаж байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэв.

 

3. Нотлох баримт: Нэхэмжлэгчийн нэхэмжлэл /1хх-1,2/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /1хх-3/, -Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 сарын 25-ны өдрийн 1228 дугаар шийдвэрийн хуулбар /1хх-4-9, нотлох баримтын шаардлага хангаагүй/, 2022 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн компанийн эрх шилжүүлэх гэрээ /1хх-10,11/, 2022 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн компанийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээ /1хх-12/, ******* смарт ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ болон компанийн дүрэм /1хх-13-15/, 2023 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх болон эд хөрөнгө хураах тогтоолын хуулбарууд, 2023 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн төлбөр төлөгчийн хөрөнгийн мэдүүлгүүд /1хх-22-26/, нэхэмжлэгчийн итгэмжлэлүүд /1хх-33,143, 2хх-17/, -Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 183/ГХ2022/00126 дугаартай гүйцэтгэх хуудас /1хх-151/, 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 183/ШЗ2022/01299 дугаартай шүүхийн шийдвэр албадан гүйцэтгэх захирамж /1хх-152/, -Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 183/ГХ2022/00032 дугаартай гүйцэтгэх хуудас /1хх-153/, 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 22290225 дугаар бүхий шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоолын хуулбар /1хх-154/, 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 22380237 дугаар бүхий шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоолын хуулбар /1хх-155, нотлох баримтын шаардлага хангаагүй/, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ /2хх-31,32/, нэхэмжлэлийн тодруулсан шаардлага /2хх-42-44/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /2хх-45/ зэрэг баримтуудыг ирүүлсэн байна.

Хариуцагчийн хариу тайлбар /1хх-39,40, 2хх-56,57/, Үйлчлүүлэгчийн боловсруулсан баримт бичгийг гэрчилсэн тэмдэглэл, бүртгэлийн хуудас, ******* смарт ХХК-ийн /хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, компанийн дүрэм, 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн компанийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээний хуулбар /1хх-42-52, нотлох баримтын шаардлага хангаагүй/ зэрэг баримтуудыг ирүүлсэн байна.

 

4. Шүүхийн журмаар бүрдүүлсэн баримт: Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2024 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 9/1864 дугаартай албан бичгээр ******* смарт ХХК-ийн хувийн хэргийг хуулбар ирүүлсэн /1хх-63-131/, Баянгол, -Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн тамгын газрын 2024 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 146 дугаартай албан бичгээр -Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 183/ШШ2022/01228 дугаартай шийдвэр /1хх-133-137/, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 101/ШЗ2021/18440 дугаартай захирамж /1хх-138,139/, 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн М.ийн нэхэмжлэл /1хх-140/, нэхэмжлэл гардуулсан баримт /1хх-141/, ******* смарт ХХК-ийн итгэмжлэл /1хх-142/, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2024 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 04-167/29188 дугаартай албан бичгээр -Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 183/ГХ2022/00032 дугаартай гүйцэтгэх хуудас /1хх-167/, мөн шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 183/ГХ2022/00126 дугаартай гүйцэтгэх хуудас /1хх-168/, 2022 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 183/ГХ2022/01146 дугаартай гүйцэтгэх хуудас /1хх-169/, 2022 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн 22290770 дугаартай шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоол /1хх-170/, 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 22380237 дугаартай шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоол /1хх-171/, 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 22290225 дугаартай шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэх тухай тогтоол /1хх-172/, 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг нэгтгэн гүйцэтгэх тухай тогтоол /1хх-173,174/, 2022 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг нэгтгэн гүйцэтгэх тухай тогтоол /1хх-175/, 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл /1хх-176/, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2023 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 1-229/11317 дугаартай албан бичиг /1хх-177/, 2023 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн М.*******гийн гомдол /1хх-178,179/, шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн мэдэгдэл, мэдэгдэх хуудас /1хх-180,188,189,190,191,195/, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл /1хх-181,182,183,184,186,187, 192,193,194,196,197,198,200,201,202,203,204,205/, 2023 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны баримт бичиг хүлээн авах баталгаа /1хх-185/, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 04-167/24533 дугаартай албан бичиг /1хх-199/, Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн 2025 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн албан бичиг /2хх-76/, Баянзүрх дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн албан бичгээр 2023 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн З.*******г гэрчээр мэдүүлэг авсан тэмдэглэл /2хх-84-86/, 2024 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн Т.*******ыг гэрчээр мэдүүлэг авсан тэмдэглэл /2хх-87-89/, 2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн мөрдөгчийн тогтоол /2хх-90/, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 1-167/22036 дугаартай албан бичиг /2хх-91,92/, Баянзүрх дүүргийн Прокурорын газрын 2025 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн Ц-2/2688 дугаартай албан бичгээр З.*******г гэрчээс мэдүүлэг авсан тэмдэглэл /2хх-105,106,121,122/, гэрч Т.*******аас анх удаа мэдүүлэг авсан тэмдэглэл /2хх-107-109,123-125/, Баянзүрх дүүргийн Прокурорын газрын 2025 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн Ц-2/2704 дугаартай албан бичгээр хэрэгт хамааралгүй баримт ирсэн /2хх-110-113/, Баянзүрх дүүргийн Прокурорын газрын 2026 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн Ц-2/369 дугаартай албан бичиг /2хх-115/-ийг тус тус бүрдүүлжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч Т.******* нь хариуцагч З.*******д холбогдуулан анх 2022 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн Компанийн эрх шилжүүлэх гэрээ болон мөн өдрийн Компанийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээ-г хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан.

 

1а. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг тодруулан нэмэгдүүлж, талуудын хооронд байгуулагдсан 2022 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн Компанийн эрх шилжүүлэх гэрээ, Компанийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээ-г тус тус хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, ******* смарт ХХК-ийн 100 хувийн хувьцааг буцаан шилжүүлж авахыг хариуцагчид даалгах тухай шаардлагыг гаргажээ. /2хх-42-44/

 

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ... компанийн нэр дээр их хэмжээний өр төлбөр үүссэн талаар огт мэдээгүй бөгөөд энэ тухай хариуцагч надад мэдэгдээгүй, хэрэв өр төлбөртэй гэдгийг мэдсэн бол компанийг худалдаж авахгүй байсан, өр төлбөртэй гэдгийг нуун дарагуулсан ... гэжээ.

 

2. Хариуцагч З.******* нь миний хувьд тухайн компанийн бодит эзэн бус харин түр хугацаанд нэр дээрээ байлгасан бөгөөд компанийн удирдлага, санхүү, үйл ажиллагаанд оролцоогүй тул бодит нөхцөл байдал буюу өр төлбөр үүссэн, эсхүл энэ талаар мэдчихээд санаатайгаар нуун дарагдуулсан зүйл байхгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.

 

3. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

3а. ******* смарт ХХК-ийг 2019 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр Б., Э.******* нар үүсгэн байгуулж, компанийн хувьцааг 50/50 хувиар эзэмшихээр харилцан тохиролцож, дүрмээ баталж, гүйцэтгэх захирлаар 2019 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр Б.г томилсныг улсын бүртгэлд бүртгүүлсэн байна. /1хх-121-131/

 

2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр хувьцаа эзэмшигчдийн хурлаа хийж, мөн өдөр компанийн хувьцаа худалдах, худалдан авах тухай гэрээ болон компанийн эрх шилжүүлэх гэрээг байгуулж, Б. нь өөрийн хувьцааг Э.*******т шилжүүлсэн. /1хх-110-120/

 

2020 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Э.******* нь эрх шилжүүлэх гэрээ болон компанийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээг Б.той байгуулж, нэг үүсгэн байгуулагчтайгаар өөрчлөн байгуулагдаж, 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр улсын бүртгэлд бүртгүүлсэн байна. /1хх-96-109/

 

3б. Б. нь 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр ******* смарт ХХК-ийн хувьцаа эзэмшигчийн шийдвэр гаргаж, мөн өдрөө З.*******тэй Компанийн хувьцаа худалдах, худалдан авах, эрх шилжүүлэх гэрээ-г байгуулж, компанийн дүрмээ батлуулж, 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдөр хувьцаа эзэмшигч өөрчлөгдсөн болон гүйцэтгэх захирлаар З.*******г томилсныг улсын бүртгэлд бүртгүүлжээ. /1хх-82-95/

 

З.******* нь 2022 оны 5 дугаар сарын 20-ны өдөр Компанийн эрх шилжүүлэх гэрээ болон Компанийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээ-г Т.*******тай байгуулж, компанийн дүрмээ батлуулж, 2022 оны 5 дугаар сарын 23-ны өдөр ******* смарт ХХК-ийн хувьцаа эзэмшигч өөрчлөгдсөн болон гүйцэтгэх захирлаар Т.*******ыг томилсныг улсын бүртгэлд бүртгүүлжээ. /1хх-64-81/

 

4. М. нь ******* смарт ХХК-д холбогдуулан гэрээнээс татгалзан, 100,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргаж, тус шүүхийн шүүгчийн 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 101/ШЗ2021/18440 дугаар захирамжаар иргэний хэрэг үүсгэсэн ба хариуцагч ******* смарт ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.ын 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 2 жилийн хугацаатай олгосон итгэмжлэлийн дагуу Э. нь ******* смарт ХХК-ийг төлөөлөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож, -Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 183/ШШ2022/01228 дугаартай шийдвэрээр ******* смарт ХХК-иас 95,097,360 төгрөг гаргуулж, М.т олгож шийдвэрлэсэн байна. /1хх-133-142/

 

Дээрх шүүхийн шийдвэрт гүйцэтгэх хуудас бичигдэж, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн 22290770 дугаартай тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэжээ. /1хх-169,170/

 

4а. -Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 183/ШШ2021/02439 дугаартай шийдвэрээр ******* смарт ХХК-иас түрээсийн гэрээний барьцаа 5,000,000 төгрөг гаргуулж, С.т олгохоор шийдвэрлэж, уг шийдвэрт гүйцэтгэх хуудас бичигдэж, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 22290225 дугаартай тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэсэн байна. /1хх-167,172/

 

-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн 183/ШШ2021/01726 дугаар шийдвэрээр ******* смарт ХХК-иас 38,362,076 төгрөг гаргуулж, ******* ХХК-д олгохоор шийдвэрлэж, уг шийдвэрт гүйцэтгэх хуудас бичигдэж, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 22380237 дугаартай тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэжээ. /1хх-168,171/

 

Дээрх шийдвэр гүйцэтгэх баримт бичигт явуулах шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн тогтоолоор нэгтгэн гүйцэтгэхээр болсон байна. /1хх-173,174/

 

4б. Энэхүү нэгтгэсэн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд З.******* нь оролцож байсан эсэх талаарх баримт хэргийн материалд авагдаагүй, харин 1 дүгээр хавтаст хэргийн 181 дүгээр талд авагдсан Шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл-ээс үзвэл 2021 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 1037 дугаартай ******* смарт ХХК-иас төлбөр гаргуулж, Д.ад олгохоор шийдвэрлэсэн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд З.******* нь оролцож байсан байна.

 

4в. ******* смарт ХХК-д холбогдох шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад 2023 оны 8 дугаар сарын 23-ны өдөр Т.******* нь ******* смарт ХХК-ийн гүйцэтгэх захирлаар бүртгэгдсэн боловч 2022 оны 5 дугаар сард захирал Э.******* эгч ******* смарт ХХК-ийг өөр дээрээ шилжүүлээд авчих. Буцаагаад удахгүй, өөрийн нэр дээр авна гэсэн тул гарын үсэг зурсан гэх тайлбарыг гаргаж байжээ. /1хх-186/

 

5. Т.******* нь 2023 онд З.*******д холбогдуулан Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газарт гомдол гаргасны дагуу З.******* болон Т.******* нараас гэрчийн мэдүүлэг авсан байна. З.******* мэдүүлэгтээ ... Нөгөө талаас гаргасан өргөдөлдөө намайг ******* смарт ХХК-ийг үүсгэн байгуулагч, өөрийн эзэмшлийн өр төлбөртэй компанийг шилжүүлсэн гэж дурдсан байна. Миний хувьд энэ компанитай ямар нэгэн байдлаар ямар ч холбоо хамаарал байхгүй. 2022 оны 02 дугаар сард Э.*******, Б. гэх хүмүүс тендерт оролцож байгаа юм. Энэ компанийг 7 хоног түр өөрийн нэр дээр авчих, ажил дуусахаар буцаагаад өөрсдөө авчихна гэсний дагуу 2022 оны 02 сараас 2022 оны 5 сар хүртэл 3 сарын хугацаанд л зөвхөн миний нэр дээр байсан. Өр төлбөрийн талаар мэдэхгүй. Хэлсэн хугацаандаа шилжүүлж авахгүй удаад байхаар нь яаралтай энэ компаниа өөрсдийн нэр дээр шилжүүлж ав гэхэд *******тай тохиролцож байгаа, удахгүй шилжүүлээд авчихна гээд 2, 3 хоногийн дараа ******* залгаад маргааш *******ад компаниа шилжүүлээд өгчих бид хэд тохиролцсон гэсэн ... нэг цэг дээр *******, ******* гээд *******ийн нөхөр, ******* бид хэд уулзалдаж *******ын нэр дээр шилжүүлж өгсөн. ... Энэ компанийн үндсэн эзэн нь ******* гэх хүн ... гэж, Т.******* нь мэдүүлэгтээ ...******* смарт ХХК асуудалтай юм байна гэж бодоод *******ийн нөхөр ******* руу яриад миний дансыг хаачихлаа юу болоод байнаа яах вэ гэсэн чинь нэг дэх өдөр хүрээд ирээ хоёулаа Дүнжингаравын иргэний бүртгэл орьё гэсэн. Тэгээд 1 дэх өдөр нь *******, ******* хоёртой хамт Дүнжингаравын нэг цэгийн үйлчилгээ орсон чинь шүүхийн шийдвэртэй ийм компанийг нэр шилжүүлж болохгүй ээ шүүхийн шийдвэрээ болиулсан хойно нэрээ шилжүүлж болно гэсэн... *******, ******* нарын тавьсан 138 сая төгрөгийн өр төлбөрийг яаралтай төлүүлж компанийн нэрийг буцааж шилжүүлэх хэрэгтэй байна... зэргээр мэдүүлэг өгсөн байна. /2хх-121-125/

 

Энэхүү Т.*******ын гомдлын дагуу З.*******г шалгасан хэрэг бүртгэлтийн хэрэг нь Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газраас шилжиж, Баянзүрх дүүргийн прокурорын газраас хэрэг бүртгэлтийн хэргийг хааж шийдвэрлэсэн талаар нэхэмжлэгч тал шүүх хуралдаанд тайлбарлаж байна.

 

6. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...компанийн нэр дээр их хэмжээний өр төлбөр үүссэн талаар огт мэдээгүй бөгөөд энэ тухай хариуцагч надад мэдэгдээгүй, хэрэв өр төлбөртэй гэдгийг мэдсэн бол компанийг худалдаж авахгүй байсан, өр төлбөртэй гэдгийг нуун дарагдуулсан ... гэж, хуулийн үндэслэлийн тухайд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасны дагуу талуудын хооронд гэрээ байгуулагдсан тул энэхүү зүйлд заасан үүргээ хариуцагч биелүүлээгүй, мөн хуулийн 188 дугаар зүйлийн 188.1, 188.2-т зааснаар гэрээ байгуулахдаа үнэн зөв мэдээлэл өгөх үүргээ биелүүлээгүй гэж тайлбарлаж байна.

 

6а. Компанийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.2-т Нэг хувьцаа эзэмшигчтэй компанийн хувьд хувьцаа эзэмшигчдийн хурлын бүрэн эрхийг хувьцаа эзэмшигч өөрөө хэрэгжүүлнэ гэж зааснаар ******* смарт ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч З.******* нь 2022 оны 5 дугаар сарын 20-ны өдөр 001 дугаартай Хувьцаа эзэмшигчийн шийдвэр гаргаж, өөрийн эзэмшлийн нэг бүр нь 100 төгрөгийн үнэтэй 200 ширхэг хувьцааг эрх шилжүүлэх гэрээгээр Т.*******ад шилжүүлэн өгөхөөр шийдвэрлэсэн байна.

 

Улмаар З.******* нь 2022 оны 5 дугаар сарын 20-ны өдөр Компанийн эрх шилжүүлэх гэрээ болон Компанийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээ-г Т.*******тай байгуулж, компанийн дүрмээ шинэчлэн, улсын бүртгэлд бүртгүүлжээ.

 

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж зааснаар зохигчийн хооронд компанийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзэж, уг гэрээний 4.1-д Худалдагч нь эрхийн зөрчилгүй, биет байдлын доголдолгүй, гэрээ байгуулах үед өмчлөлийн ямар нэгэн маргаангүй хувьцааг шилжүүлэх үүрэгтэй, 4.2-т Худалдагч нь компанитай холбоотой бүхий л мэдээлэл, баримт бичиг, санхүүгийн тайлан балансыг худалдан авагчид үнэн зөв гаргаж өгөх бөгөөд компанийн өр төлбөр, зээлийн талаар урьдчилан мэдэгдэх үүрэгтэй, 4.7-д Энэхүү гэрээг байгуулахаас өмнөх худалдаж буй хувьцаатай холбоотой татвар, хураамж, өр төлбөр, торгуулийг худалдагч тал төлөх үүрэгтэй гэснийг З.******* биелүүлээгүй гэж нэхэмжлэгч тайлбарлаж буй нь үндэслэлгүй байна.

 

Тодруулбал, ******* смарт ХХК нь шүүхийн хүчин төгөлдөр 3 шийдвэрийн дагуу бусдад төлөх өр төлбөртэй байсныг З.******* нь мэдэж байсан атлаа нуун дарагдуулж, Т.*******ад шилжүүлсэн гэж үзэх үндэслэл дээр дурдсан үйл баримтаар тогтоогдохгүй байхын зэрэгцээ зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд З.******* болон Т.*******ын тус компанийн хувьцаа эзэмшигч болсон үйл явдал нь анхны хувьцаа эзэмшигч Э.*******тэй хамааралтайгаар хувьцаа эзэмшигч солигдож байсан гэж үзэхээр байна.

 

Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй гэж зааснаар талууд хэн аль нь хүсэл зоригоо илэрхийлэн гэрээг байгуулсан байх ба Компанийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээнд заасан холбогдох мэдээллийг өгөөгүй нуун дарагдуулсан гэх нөхцөл байдал нь тус хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцох үндэслэлгүй байна.

 

Иргэний хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д Шүүх хуульд заасан үндэслэл, журмын дагуу сонирхогч этгээдийн нэхэмжлэлээр хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцож болно гэж зааснаар талуудын хооронд байгуулсан гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцуулахаар нэхэмжлэгч нь шаардах эрхтэй боловч дээр дурдсанаар талуудын хооронд байгуулсан гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцох үндэслэл тогтоогдсонгүй.

 

Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 144,850 /74,650+70,200/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д заасныг баримтлан хариуцагч З.*******д холбогдуулан гаргасан талуудын хооронд байгуулагдсан 2022 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн Компанийн эрх шилжүүлэх гэрээ, Компанийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээ-г тус тус хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, ******* смарт ХХК-ийн 100 хувийн хувьцааг буцаан шилжүүлж авахыг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэгч Т.*******ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 144,850 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл, шийдвэрийн хувийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ЭНХЖАРГАЛ