Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 08 сарын 19 өдөр

Дугаар 204/МА2021/00014

 
Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Л.Нямдорж даргалж, Ерөнхий шүүгч Н.Энхмаа, шүүгч Д.Бямбасүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 146/ШШ2021/00159 дугаар шийдвэртэй
Ч.Д-н нэхэмжлэлтэй С.С-д холбогдох “Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах, 25 275 108 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлоор 2021 оны 08 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Нямдоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.
            Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Ч.Д, нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Адьяасүрэн /цахимаар/, хариуцагч С.С, хариуцагчийн өмгөөлөгч Г.Гандөш, нарийн бичгийн дарга Б.Болортуяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ч.Д нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон анхан шатны шүүхийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би хариуцагч С.С-тай 2019 онд түүний ааваар /найз/ дамжуулан өөрийнхөө үйл ажиллагаа явуулж байсан объектыг зарах хүсэлтийг тавьсан. Түүний дагуу С.С тухайн объектыг сонирхож, эхнэрийгээ байнгын ажилтай болгох зорилготой худалдаж авах саналыг анх надад тавьсан. Би тухайн саналд нь та хоёр нэг жил түрээслээд ажиллуулаад үз үнэхээр ашигтай байвал би аавын чинь найз учраас та хоёрт давуу эрх олгож 140 000 000 төгрөгөөр зарна гэж хэлсэн. Гэхдээ би С.С-д хандан чи миний үйл ажиллагаа явуулж байсан бэлэн объект дээр цаашид үйл ажиллагаа явуулах гэж байгаа учраас манай аж ахуйн нэгжийн төлөх ёстой төлбөр мөнгөнүүдийг төлөөд үйл ажиллагаагаа явуул гэсэн саналыг тавихад С.С түүнийг хүлээн зөвшөөрсөн.
Би энэ хугацаанд 2020 онд Сум хөгжүүлэх сангаас 8 000 000 төгрөгийн зээлийг авсан байсан. Гэтэл тухайн мөнгийг төлөх асуудал гарч ирж шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба ажиллагаа явуулж уг мөнгө төлөгдөх болсон. С.С нь тухайн объектыг худалдаж авахгүй гэсэн бол н.Б гэж хүн надаас тухайн объектыг 200 000 000 төгрөгөөр авъя гэсэн саналыг тухайн үед надад тавьж байсан. Би н.Б-т хэлэхдээ С.С-н аавыг нь танихын хувьд давуу эрх олгож 140 000 000 төгрөгөөр зарна гэж амлачихсан байгаа гэж хэлсэн. Ингээд С.С нь миний объектыг худалдаж авъя гэхээр нь би худалдсан.
Мөн зээл авах хэрэгтэй байна гэхээр нь объектыг нь С.С-ын нэр дээр шилжүүлж өгсөн. Тухайн объектыг С.С-н нэр дээр шилжүүлснээс хойш харилцаа хандлага өөр болж эхэлсэн. Би энэ хугацаанд ямар ч орлого байхгүй болсон. Анх ярилцаж тохиролцохдоо та хоёр худалдаж авсан мөнгө төгрөгөө яаралтай биш аажмаар өгчих би энд гагнуураа хийгээд өөрөө орлогоо олоод явна гэж тохиролцсон. Гэтэл тухайн тохиролцооноосоо буцаж намайг гэр орноос хөөж амьдрах нөхцөлгүй болгосон. С.С нь миний багаж хэрэгслийг өгөхгүй. Мөн өнөөдөр бэлэн болчихсон байх ёстой чиргүүлүүдийн материалыг өгөхгүй өөрсдөө хэрэглээд байгаа. Тухайн багаж хэрэгслүүдийн үнийн дүн болох 25 275 108 төгрөгийг нэмж нэхэмжилсэн. Үүнийг хариуцагч С.С-аас гаргуулах хүсэлтэй байгаа. Би анх С.С-д хэлэхдээ аж ахуйн нэгжийн татварыг төлөөд аж ахуйн нэгжээр үйл ажиллагаа явуулж байгаарай гэж хэлсэн.
Гэтэл С.С нь аж ахуйн нэгжээр үйл ажиллагаа явуулаагүй үүсгэсэн өрийг миний өр гэж ойлгуулаад байгаа. Би С.С-н миний үйл ажиллагааг цааш нь үргэлжлүүлээд хамт олонтойгоо сайхан ажиллаарай гэж хамт олны шинэ жил дээр байгууллагынхаа тамгыг хадагтай хамт хүлээлгэж өгсөн байгаа. Түүнийг нотлох баримт фото зургийн хамт байгаа. Би С.С-г үйл ажиллагаагаа сайн явуулж хурдан хөл дээрээ босоорой гэж дэмжиж байсан боловч тэрхүү байдал үгүйсгэгдээд өнөөдөр ийм байдалд орчихсон байна.
Тиймээс С.С-тай хийсэн үл хөдлөх хөрөнгийг худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах шаардлагыг гаргаж байна.
Мөн С.С-с зардал нэхээгүй тусалж байсан ажлын хөлс болон бараа материалын зардал болох нүүрсний цахилгаан шигшүүр зассан 30 000 төгрөг, машин чиргүүлийн өндөрлөгөө засварын 165 000 төгрөг, мод хөрөөдсөний ажлын хөлс 150 000 төгрөг, шон цуурсныг гагнасан 300 000 төгрөг, чиргүүлийн рам хугарсныг 2 удаа гагнасан 200 000 төгрөг, мод хөрөөддөг цахилгаан хөрөөний мотор шатаасан эвдсэн 180 000 төгрөг, зил 130 машины хойд стубц 1 ком хүнд өгсөн 150 000 төгрөг, моторын үнэ 80 000 төгрөг, 10 тн демократ алга болгосон 50 000 төгрөг, ажлын бээлий 100 000 төгрөг, модны цагаан шуудай 45 000 төгрөг, нүүрсний шуудай 150 000 төгрөг, хулдаасан хэвлэл 110 000 төгрөг, туузан гэрэл 75 000 төгрөг, гэрлэн чимэглэл 75 000 төгрөг, мөнгөн аяга 150 000 төгрөг, угаалгын машин, зурагт, дэвсгэр, ханын хивс, түрдэг тэрэг, барааны бүтээлгэ, 20-ын тогоо 1 000 000 төгрөг, хүнсний ногооны зардал 33 500 төгрөг, цахим үнэмлэх, банкны карт захиалсан зардал 35 000 төгрөг, ажлын байр, багаж түрээсийн зардал 1 400 000 төгрөг, түрээсийн байрны зардал 500 000 төгрөг, С.С нь миний гэр орон байшинд байрлаж амьдарсан 1 600 000 төгрөг, хашаа талбай ашигласны зардал 800 000 төгрөг, түлээний мод бэлтгэдэг хөрөө, сүх, мод хагалдаг суурь ашигласны зардал 240 000 төгрөг, гар ажиллагааг 5 дахин хөнгөвчилдөг нүүрс шигшдэг иж бүрэн цахилгаан тоног төхөөрөмж ашигласны зардал 10 500 000 төгрөг, машинд засвар хийдэг иж бүрэн өндөр хүчин чадалтай багаж, тоног төхөөрөмж ашигласны зардал 11 000 000 төгрөг, үүнээс С.С-ын тайлбартаа бичсэн ААН-ийн татварын үнэ 1 208 305 төгрөг, бэлнээр авсан 1 163 950 төгрөг, дансаар шилжүүлсэн 12 163 137 төгрөг, нягтлан бодогчийн өр 268 000 төгрөг нийт 14 803 392 төгрөгийг 40 078 500 төгрөгөөс хасаж 25 275 108 төгрөгийг С.С-аас гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч С.С шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  ...Наад захын жишээ дурдахад нэхэмжлэгч Ч.Д нь компаныхаа тамгыг хадагтай хамт надад гардуулж өгсөн гэж худлаа ярьж байна. Түүнийг нотлох баримт байгаа. Шинэ жилийн үйл ажиллагаа нь дээр мөнгөн аяга хадагтай хамт надад өгсөн. Харин тамга өгсөн зүйл байхгүй. Ч.Д нь настай хүн байж дандаа худлаа ярьдаг. Энэ байдлаас болж би хөрөнгө мөнгөөр их хохирч байна. Би амьдралаа авч явахаар Улаанбаатар хотод ажил хөдөлмөр эрхэлж байна. Энэ хүнээс болж байнгын нааш, цаашаа явахад орлогоо алдаад их хүндрэлтэй байна. Багаж ашигласан гэх зурагтай баримтууд нь өөрөө үйл ажиллагаа явуулж байхдаа авч байсан зургууд байгаад байна. Би “Т” ХХК гэх компанийг өөрийнхөө нэр дээр шилжүүлж аваагүй. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч тайлбартаа намайг тухайн компанийг өөрийнхөө нэр дээр шилжүүлж авсан гэж ярьж байна. Тийм зүйл болоогүй. Намайг тухайн объектод амьдарч байхад шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас 2020 оны 05 дугаар сарын 12-ны өдөр ирээд 10 хоногийн хугацаатай лацадчихсан байсан. 2020 оны 05 дугаар сарын 21-ний орой гэртээ байж байтал Ч.Д орж ирээд маргааш шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас ирж энэ объектыг хураана гээд байна манайх нүүлээ гэж хэлтэл та хоёр яг хэдэн төгрөгт авах гээд байгаа юм гэж хэлсэн. Тэгэхээр нь би О-2 гээд дэлгүүрийг хүнд 70 000 000 төгрөгөөр зарах гэж байгаа гэж хэлсэн. Тэгсэн Ч.Д нь та хоёр тэгвэл ямар ч байсан шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны данс руу 60 000 000 төгрөгийг хийгээд өгчих гэж хэлсэн. Би удалгүй сарын дараа Эрдэнэт рүү ачаа тээвэрт явсан. Тэр хойгуур Ч.Д нь манай эхнэртэй муудалцсан байсан. Тэрнээсээ болж зангаа хувиргаж эхэлсэн. Манай гадаах хоёр хаалга ямар ч цоож байхгүй. Байнгын онгорхой байдаг. Ч.Д нь байнга цоожтой байдаг гэж худлаа ярьж байна. Манай эхнэр гадуур зайрмагаа тарааж орж ирээд машиныхаа түлхүүрийг гэртээ шүүгээн дээрээ тавьсан байдаг. Гэтэл өглөө босоод иртэл машиных нь түлхүүр байхгүй болчихсон байдаг. Эхнэр хэлэхдээ өглөөгүүр юм түчигнээд байсан гэж хэлдэг. Тухайн машины түлхүүр нь смарт түлхүүртэй байсан учир бид хоёр машинаа асааж чадахгүй 10 хоногийн ажлаа алдаж байсан удаатай. 2021 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр буюу ханш нээх өдөр бид гэр бүлээрээ *** сумын *** явчихаад ирэхэд Ч.Д нь орой ирэхэд ах нь түлээ нүүрс зарсан гээд бэлэн мөнгө гартаа барьчихсан согтуу зогсож байсан. Тухайн мөнгөнөөс 90 000 төгрөг өгсөн. Бусдыг нь өөрөө авсан. Тэр асуудал дээр эхнэр бид хоёр юм яриагүй. Ч.Д нь хүмүүст намайг ойлгуулахдаа намайг өөрийгөө луйвардсан гэж яриад миний нэр хүндийг ихээр унагааж байна. Өвөрхангай аймаг ороход чи луйвар хийсэн юм уу гэж хүмүүс надаас асуугаад байна.
Би Ч.Д-н шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Би Ч.Д-ийг өрөөнөөсөө хөөж явуулсан зүйл байхгүй. Үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг үндэслээд цагдаагийн байгууллага Ч.Д-ийг өрөөнөөс нь гаргасан. Та баримтгүй бол битгий юм аваарай гэхээр бичиг цаасгүй ирчихээд юм авах гээд байдаг. Ч.Д-ийн яриад байгаа багажийг би ашиглаж байгаагүй. Та эд зүйлээ ав гээд гэрт нь очихоор хаалгаа онгойлгохгүй, утсаа авдаггүй. Ч.Д нь намайг чадах гэсэн залилах гэсэн санаа зорилготой л байгаад байна. Би нэмэгдүүлсэн шаардлага 25 275 108 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна... гэжээ.
Анхан шатны шүүх Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.2, 243 дугаар зүйлийн 243.1-т заасныг баримтлан Ч.Д-н нэхэмжлэлтэй хариуцагч С.С-д холбогдох худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах, 25 275 108 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 150 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 991 326 төгрөгийг улсын орлогоос гаргаж нэхэмжлэгч Ч.Д-д буцаан олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2,119.7-д зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгч Ч.Д болон түүний өмгөөлөгч П.Адьяасүрэн нар гаргасан давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.
Анхан шатны шүүх нь энэ хэргийг хянан шийдвэрлэхдээ нэг талыг барьж, нэхэмжлэгчийн эрх ашгийг хохироож, хүний эд хөрөнгийг хууран мэхэлж авсан С.С-н талд үйлчилсэнд гомдолтой байна. Ингэж дүгнэж буй үндэслэл нь тус анхан шатны шүүх ямагт нэг талд үйлчилж ирсэн. Тухайлбал нэхэмжлэгчийн гэрч асуулгах, хөрөнгө битүүмжлүүлэх талаар удаа дараа гаргасан хүсэлтүүдийг хууль зүйн үндэслэлгүйгээр татгалзаж байсан нь анхнаасаа нэхэмжлэгчийн эрх ашгийг үл хэрэгсэж байсан байна.
Монгол улсын үндсэн хуульд зааснаар хүн бүр хууль шүүхийн өмнө тэгш эрхтэй байх заалтыг Хархорин дахь сум дундын шүүх хангасангүй. Нэхэмжлэгч 140 000 000 төгрөгийн үнэ бүхий хөрөнгө, 5128 метр газар эзэмших эрхийг хариуцагч С.С-д хууль бусаар шилжүүллээ. Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлагыг шүүх дүгнэхдээ “ТХХК“ С.С нарын хооронд байгуулагдсан гэрээтэй холбоотой маргааныг Ч.Д нь С.С-с шаардах эрхгүй байна гэж анхан шатны шүүх дүгнэж байгаа нь хуулийн үндэслэлгүй байна.
“Т ХХК” нь анх байгуулагдахдаа Ч.Д гэсэн эзэнтэй, ганц гишүүнтэй компани байсныг хэрэгт цугларсан нотлох баримтууд болон Хархорин суман дахь Сум дундын шүүхийн 2021 оны 03 сарын 04-ний өдрийн 146/ШЗ2021/00276 дугаар захирамж нотолж байна. Тухайн компаний тамга тэмдэг өнөөдөр ч гэсэн Ч.Д-н эзэмшилд байсаар байхад анхан шатны шүүх өмчийн эзэн компаний захирал Ч.Д-г шаардах эрхгүй гэжээ. Нэхэмжлэгчийн тал мөн нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага  25 275 108 төгрөгийг бүхий л нотлох баримт, нэр төрлөөр нь зааж нэхэмжилсэн байхад энэ хөрөнгө компаний хөрөнгө Ч.Д-ийн хөрөнгө мөн биш нь тогтоогдоогүй байна гэж дүгнэсэн нь нэхэмжлэгч энэ минийх гэж нэхэж байхад үл хэрэгсэж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Т ХХК-ний эзэн Ч.Д гэдгийг шүүх ойлгохгүй байна гэж дүгнэхэд хүргэж байна.
Хариуцагч С.С нэхэмжлэгч Ч.Д-той 2020 оны 05-р сарын 28-ны өдөр гэрээ байгуулж, Өвөрхангай аймгийн *** сумын *** баг *** тоотод байрлах *** дугаартай 5128 метр газар, 222 га талбайтай үл хөдлөх хөрөнгө худалдан авах хэлцэл хийж, шилжүүлсэн байхад нэхэмжлэгч талыг энэ гэрээ хэлцэлд оролцоогүй хөндлөнгийн хүн гэж шүүх дүгнэж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна. Шүүхийн энэ дүгнэлтийг зөв гэж үзвэл хариуцагч С.С дээр дурьдсан үл хөдлөх хөрөнгийг гээгдэл хөрөнгө олж авсан байна гэсэн дүгнэлт хийхэд хүргэж байна.
Анхан шатны шүүх нэхэмжлэгч талын Иргэний хэрэг хянан шийдвэрлэх үйл ажиллагаа явагдаж байх хугацаанд нэхэмжлэлийнхээ шаардлагыг нотлох талаар удаа дараа гаргаж байсан хүсэлтүүдийг хүлээн авахаас татгалзаж байсан нь энэ шүүх хуралдаан болохоос өмнө хариуцагч С.С-н талд үйлчилж байсан нь энэхүү шийдвэрээс тодорхой байна. Анхан шатны шүүх хариуцагч С.С-г сөрөг нэхэмжлэл гаргаагүй байхад түүний нэхэмжлэгч талаас 34 752 648 төгрөг нэхэмжилснийг авч хэлэлцсэн нь мөн хууль зөрчиж байна. Анхан шатны шүүх “Т ХХК” эзний хувиар Ч.Д нэхэмжлэл гаргаж байгааг буруу гэж үзэж байгаа нь хууль хэрэглээнийхээ талаас буруу байна.
Анхан шатны шүүх нэхэмжлэгч талыг нэхэмжлэлийн шаардлагаа нотлох, нотлох баримт гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй гэж дүгнэхдээ шүүх өөрөө нэхэмжлэгч талд эрхээ эдлэх боломж олгоогүй, гаргаж өгсөн нотлох баримтуудыг хүлээн авахаас удаа дараа татгалзаж байсан атлаа дээрх дүгнэлтийг хийж байгаа нь хууль тогтоомжийг үл хэрэгсэж, нэг талд үйлчилсэн үйл баримт болж байна.
Нэхэмжлэгч тал нь хариуцагч С.С-н аавтай олон жилийн өмнөөс найз нөхөд байсан тул өөрийнхөө 140 000 000 төгрөгөөр үнэлэгдэх үл хөдлөх хөрөнгийг, үнийн дүнгийн 8 хувьтай тэнцэх мөнгө авч шилжүүлсэн байна. Хариуцагч тал нь нэхэмжлэгчийн хөрөнгийг өөрийн мэдэлд шилжүүлж авсны дараа гэрээ байгуулсан тохиролцоогоо мартаж, нэхэмжлэгчийг орон байрнаас нь хөөн гаргаж, гэмт хэрэг үйлдсэн гэж Цагдаагийн байгууллагад худал мэдээлэл өгч, үнийг төлөлгүй авсан үл хөдлөх хөрөнгө, хашаа, байр, үйлдвэр үйлчилгээ явуулдаг тоног төхөөрөмжийг ашиглах боломжгүй болгосон байна. Нөхцөл байдал ийм болсон тул нэхэмжлэгч тал нь Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.3.1-т заасныг баримтлан хариуцагч талтай байгуулсан хэлцлээ мөн хуулийн 56-р зүйлд зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах нэхэмжлэл гаргасныг Хархорин дахь Сум дундын шүүх хянан шийлвэрлэхдээ дээр заасан ноцтой алдаануудыг санаатай хийж, нэхэмжлэгч талын эрх ашгийг ноцтой зөрчлөө.
Анхан шатны шүүх “ХХК” нь Ч.Д гэсэн ганц гишүүнтэй компани олон жил тогтвортой үйл ажиллагаа явуулж ирснийг үгүйсгэж байгаа үндэслэлээ гаргасан шийдвэртээ заагаагүй байна. Шүүхийн хэлэлцэж байгаа асуудалтай холбогдсон үйл баримт бүхнийг хууль зүйн үүднээс үнэлж дүгнэх үүрэгтэй байхад “Т ХХК”-ний өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийг тухайн компаний захирал Ч.Д хариуцагч С.С-с шаардах эрхгүй гэж дүгнэсэн дүгнэлтээ ямар хуулийн, ямар заалт, ямар нотлох баримтаар ийм дүгнэлт гаргаж байгаагаа тайлбарлаагүй байна. Нэхэмжлэгч тал өөрийн хөрөнгөө бусдад шилжүүлэхээр эзэмшигч нь болдог, бусдаас шаардахаараа эзэмшигч биш болдог үндэслэлийг шүүх ямар хуулийн үндэслэлээр ийм дүгнэлт хийж байгаагаа шийдвэртээ заагаагүй байна.
Иймд Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын 146/ШШ2021/00159 дугаартай шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд 2020 оны 05-р сарын 28-ны өдөр байгуулагдсан худалдах, худалдан авах хэлцлийг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, энэхүү хүчин төгөлдөр бус хэлцлийн улмаас нэхэмжлэгч талд учирсан гэм хорын хохирол 25 275 108 төгрөгийг хариуцагч С.С-с гаргуулж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
 Нэхэмжлэгч Ч.Д нь С.С-д холбогдуулан Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, 25 275 108 төгрөг гаргуулахаар шаардсан байна.
 Хариуцагч С.С “...Ч.Д-н шүүхэд гаргасан Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах.., мөн  нэмэгдүүлсэн шаардлага 25 275 108 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй...” гэжээ.
 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлд зааснаар аливаа этгээд шүүхэд мэдүүлэх эрхтэй. “Аливаа этгээд” гэдэгт Монгол улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүн, хуулийн этгээд болон бусад байгууллага хамаарна. Ямар байгууллага, хэн шүүхэд нэхэмжлэл гаргаж байгааг тодорхой заах нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.2 буюу нэхэмжлэлийн бүрдүүлбэрийн нэг хэсэг бөгөөд хуулийн этгээд нэхэмжлэл гаргаж байгаа бол оноосон нэрийг, харин иргэн гаргаж байгаа бол овог, эцгийн нэр, нэрийг нэхэмжлэлд бичих талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62.1.2-т заасан байна.
Нэхэмжлэгч Ч.Д-н тайлбар болон хэрэгт авагдсан баримтаас үзвэл /хавтаст хэргийн 154 дүгээр хуудас/ маргааны зүйл болох О багт байрлах, эд хөрөнгө өмчлөх эрх түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн 000084878 дугаартай гэрчилгээтэй, 192 мкв талбай бүхий, үйлчилгээний зориулалттай барилга нь “Т” ХХК-ны өмчлөлийн хөрөнгө болох нь тогтоогдсон байна. Хэдийгээр тухайн компани нь нэг үүсгэн байгуулагчтай боловч /хавтаст хэргийн 141 дүгээр хуудас/ компаний хөрөнгөтөй холбоотой аливаа эрхийг компаний нэрийн өмнөөс итгэмжлэлээр, эсвэл итгэмжлэлгүй төлөөлөх эрх бүхий этгээд эдэлнэ.
Нэхэмжлэгч Ч.Д гомдолдоо “...компани нь анх байгуулагдахдаа Ч.Д гэсэн эзэнтэй, ганц гишүүнтэй компани байсныг хэрэгт цугларсан нотлох баримтууд болон Хархорин сум дахь Сум дундын шүүхийн 2021 оны 03 сарын 04-ний өдрийн 146/ШЗ2021/00276 дугаар захирамж нотолж байна. Тухайн компаний тамга, тэмдэг өнөөдөр ч гэсэн Ч.Д-ийн эзэмшилд байсаар байхад анхан шатны шүүх өмчийн эзэн компаний захирал Ч.Д-ийг шаардах эрхгүй. “Т ХХК”-ний өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийг тухайн компаний захирал Ч.Д хариуцагч С.С-аас шаардах эрхгүй гэж дүгнэсэн дүгнэлтээ ямар хуулийн, ямар заалт, ямар нотлох баримтаар ийм дүгнэлт гаргаж байгаагаа тайлбарлаагүй...” гэжээ. Гэрээний хүчин төгөлдөр байдалд юуны өмнө нэхэмжлэгч нь иргэн, эсхүл хуулийн этгээдийн аль болохыг тогтоох зайлшгүй шаардлагатай.
Нэхэмжлэлийг захирал иргэн хүний хувьд эсхүл хуулийн этгээдийг төлөөлөн гаргасан эсэх нь тодорхойгүй байхад хэргийг шийдвэрлэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлд нийцэхгүй.  Иргэн хүний хувьд нэхэмжлэл гаргаж байгаа бол тэрээр ямар ажил, албан тушаал эрхэлдэг нь хэрэгт ач холбогдолгүй. Харин хуулийн этгээдийг төлөөлж нэхэмжлэл гаргаж байгаа бол Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.2-т зааснаар хуулийн этгээдийн оноосон нэрийг тусгана.
Ямар шаардлагыг хэн, хэнд холбогдуулан гаргаж байгааг шүүх тодруулалгүй хэргийг шийдвэрлэж байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэх үндэслэл болно.
Нэхэмжлэгч Ч.Д өөрийн компаний өмчлөлд байсан үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг хүчин бус хэлцэлд тооцуулахаар нэхэмжлэл гаргасан боловч маргаанд иргэн эсхүл хуулийн этгээдийн нэрийн өмнөөс оролцож байгаа эсэх нь ойлгомжгүй байна. Өөрөөр хэлбэл хуулийн этгээдийн өмчлөлтөй холбоотой маргаанд иргэний хувьд бус компаний нэрийн өмнөөс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох учиртай.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  65 дугаар зүйлийн 65.1.5-д зааснаар нэхэмжлэгчийг /иргэн эсвэл хуулийн этгээдийг/ төлөөлөх бүрэн эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан бол нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзахаар заасан бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д зааснаар энэ хуулийн 65.1.5-д заасан үндэслэл хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх үед тогтоогдвол хэргийг хэрэгсэхгүй болгоно.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож Ч.Д-ийн нэхэмжлэлтэй С.С-т холбогдох Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулж, 25 275 108 төгрөг гаргуулахаар шаардсан нэхэмжлэлтэй иргэний хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж үзлээ.
         Хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар Ч.Д-ийн шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн  1142276 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгоно. Нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн гомдолд дурьдсанаас өөр үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож  шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 1142276 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохоор шийдвэрлэв.
 Монгол улсын Иргэний  хэрэг  шүүхэд  хянан шийдвэрлэх  тухай  хуулийн  167 дугаар зүйлийн 167.1 дэх хэсгийн 167.1.4-т заасныг  удирдлага болгон
ТОГТООХ  нь:
1. Өвөрхангай аймгийн Хархорин дахь сум дундын шүүхийн 2021 оны 07 дугаарр сарын 06-ны өдрийн 146/ШШ2021/00159 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
         2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар Ч.Д-н шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 1 142 276  төгрөгийг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ч.Дос давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 1 142 276 төгрөгийг шүүгчийн захирамжаар тус тус буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй  хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
         4. Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар  талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногт  шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах  үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг  мэдэгдсүгэй.