| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Т.Энхжаргал |
| Хэргийн индекс | 191/2026/00057/И |
| Дугаар | 191/ШШ2026/03783 |
| Огноо | 2026-03-12 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2026 оны 03 сарын 12 өдөр
Дугаар 191/ШШ2026/03783
| 2026 03 12 | 191/ШШ2026/03783 |
Хэргийг хялбаршуулсан журмаар
хянан шийдвэрлэх тухай
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Т.Энхжаргал би,
Нэхэмжлэгч: А ББСБ ХХК нэхэмжлэлтэй, иргэний эрх зүйн харилцаанд оролцвол зохих этгээд болох Б.*******ыг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Мөнхбадрал шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Зээлдэгч Б.******* нь Хэрэглээний зээлийн эрхийн гэрээ байгуулсан бөгөөд энэхүү гэрээний үндсэн дээр 2022 оны 12 дугаар сарын 20-нд 7105760372 тоот Цахим зээлийн гэрээ-г байгуулж 1,400,000 төгрөгийн зээлийг сарын 3%-ийн хүүтэй, 12 сарын хугацаатай зээлдэн авсан. Хариуцагч нь зээлийн гэрээний үүргийг 36 хоног биелүүлээгүй тул шүүхийн журмаар нийт зээлийн гэрээний үүрэгт 2,871,313.86 төгрөгийг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан. Гэвч харьяа дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс 2025 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 197/ШЗ2025/07157 тоот захирамжаар хариуцагч нь хаягтаа оршин суудаггүй болох нь Засаг даргын тодорхойлолтоор тогтоогдож, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.
Иймд, хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б.*******ыг эрэн сурвалжлууж өгнө үү гэжээ.
2. Нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхцэцэг шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ:
******* ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, Б.*******ын эрэн сурвалжлуулах иргэний хэрэгт хариуцагч нь 0 багт оршин суудаг нь тогтоогдож, мэдэгдэх хуудсыг өөрийн биеэр хүлээн авсан тул уг хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. Мөн нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК нь иргэний эрх зүйн харилцаанд оролцвол зохих этгээд болох Б.*******ыг эрэн сурвалжлуулахаар хүсэлт гаргасан.
2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Б.*******ын оршин суугаа газрын хаягийн талаарх лавлагааг Улсын бүртгэлийн ерөнхий газраас гаргуулахад 2025 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн лавлагаагаар 0 гэх хаяг гарч ирсний дагуу шүүхийн мэдэгдэх хуудас хүргүүлэхэд 2026 оны 02 дугаар сарын 26-ны өдөр Б.******* өөрөө гардаж авсан байна.
3. Ийнхүү Б.*******ын хаяг тодорхой болж, түүнийг эрэн сурвалжлуулах шаардлагагүй болсон үндэслэлээр нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байх тул татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
4. ******* ******* ББСБ ХХК нь 2025 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 10/12967 дугаартай итгэмжлэлээр М.Мөнхбадрал, Б.Энхцэцэг нарт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан эрх, үүргийг хэрэгжүүлэн оролцохыг 2 жилийн хугацаатай олгожээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар ******* ******* ББСБ ХХК-ийн хүсэлттэй иргэний эрх зүйн харилцаанд оролцвол зохих этгээд болох Б.*******ыг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийн нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийн тал хувийг улсын орлогод хэвээр үлдээж, тал хувь болох 35,100 /гучин таван мянга нэг зуу/ төгрөгийг Голомт банк ХК-иар дамжуулан 2025 оны 12 дугаар сарын 04-ний өдөр төлсөн улсын тэмдэгтийн хураамжийн данснаас буцаан гаргуулж, нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Т.ЭНХЖАРГАЛ