Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 02 сарын 11 өдөр

Дугаар 2026/ДШМ/192

 

2026           02           11                                                                         2026/ДШМ/192

 

 

                  А.Н-, Б.Д-, М.М-,

    А.Н-, А.М- нарт холбогдох

         эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Галбадар даргалж, шүүгч Т.Алтантуяа, шүүгч М.Алдар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Г.Баярмаа,

шүүгдэгч А.Н-, түүний өмгөөлөгч Д.Чинзориг,

шүүгдэгч Б.Д-гийн өмгөөлөгч Ц.Дэлгэрням,

шүүгдэгч М.М-, түүний өмгөөлөгч С.Түвшинжаргал,

шүүгдэгч А.М-ын өмгөөлөгч Н.Намжилцогт,

нарийн бичгийн дарга О.Алтанзул нарыг оролцуулан,

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 2025/ШЦТ/2282 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч А.Н-, түүний өмгөөлөгч Д.Чинзориг, шүүгдэгч Б.Д-, түүний өмгөөлөгч Ц.Дэлгэрням, шүүгдэгч М.М-ын өмгөөлөгч С.Түвшинжаргал нарын гаргасан давж заалдах гомдлуудаар  А.Н-, Б.Д-, М.М-, А.Н-, А.М- нарт холбогдох 2302 00783 0043 дугаар эрүүгийн хэргийг 2026 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Алдарын илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Б- овгийн А-ийн Н-, ....., /РД: А-/,

Баянзүрх дүүргийн шүүхийн 2012 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 89 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгүүлж, уг ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан,

Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 397 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар 350 цагийн нийтэд тустай ажил хийх ялаар,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 397 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгүүлсэн;

2. Б- овгийн Б-гийн Д-, ......., /РД: Б-/,

Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 244 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар 251 цагийн нийтэд тустай ажил хийх ялаар шийтгүүлсэн;

3. Б- овгийн М-ын М-, ......., /РД: М-/,

Сүхбаатар дүүргийн шүүхийн 2008 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 31 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.2 дахь хэсэгт зааснаар 4 сарын хугацаагаар баривчлах ялаар,

Баянзүрх дүүргийн шүүхийн 2013 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 161 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хорих ялаар тус тус шийтгүүлсэн;

4. Т- овгийн А-гийн Н-, .........., ял шийтгэлгүй, /РД: А-/;

5. Ө- овгийн А-ийн М-, ......., /РД: А-/,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 288 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссэн;

1. Шүүгдэгч А.Н- нь Бүгд Найрамдах Унгар улсад амьдарч байгаа танил Э.М- холбогдож, түүний ажил санал болгосны дагуу 2024 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Баганат өргөө хорооллын орчим модны сүүдрэвчний дор байсан НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ын хоёрдугаар жагсаалтад багтсан метамфетамины агууламжтай, цэвэр жин нь 4,4762 грамм, “мөс” гэх нэршилтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг, дельта-9 тетрагидроканнабинол /Delta-9 tetrahydrocannabinol/-ын агууламжтай, цэвэр жин нь 23,7565 грамм, олсны ургамал бүхий хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг тус бүр худалдаалах зорилгоор, хууль бусаар олж авсан, 2024 оны 01 дүгээр сарын 29-ний өдрөөс 2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд өөрийн биедээ болон унаж явсан М- УЕА улсын дугаартай цагаан өнгийн “Тоёота приус 41” загварын тээврийн хэрэгсэлд хадгалсан,

мөн үргэлжилсэн үйлдлээр 2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо, Баянхошууны автобусны буудал орчим Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ын хоёрдугаар жагсаалтад багтсан метамфетамины агууламжтай, цэвэр жин нь 0,5310 грамм, “мөс” гэх нэршилтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг А.Н-, А.М- нарт 600.000 төгрөгөөр хууль бусаар худалдсан гэмт хэрэгт,

2. Шүүгдэгч Б.Д- нь 2023 оны 8 дугаар сарын сүүлээс 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд нийт 4 удаагийн үйлдлээр Бүгд Найрамдах Унгар Улсад амьдардаг хүргэн ах Э.М-гийн тус улсаас шуудан илгээмжээр Монгол Улсын хилээр нэвтрүүлсэн НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ын хоёрдугаар жагсаалтад багтсан метамфетамины агууламжтай, цэвэр жин нь 162,6812 грамм, “мөс” гэх нэршилтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг, НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ын нэгдүгээр жагсаалтад багтсан цэвэр жин нь 0,8887 грамм “MDMA” гэх нэршилтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисуудыг тээвэр зуучийн үйл ажиллагаа эрхэлдэг “З-” /У-/ ХХК-иас өөрөө болон бусдаар дамжуулан хүлээн авч, сэтгэцэд нөлөөт бодисыг улсын хилээр нэвтрүүлсэн гэмт хэрэгт гүйцэтгэгчээр хамтран оролцсон,

мөн 2023 оны 8 дугаар сарын сүүлээс 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ын хоёрдугаар жагсаалтад багтсан метамфетамины агууламжтай, цэвэр жин нь 162,6812 грамм, “мөс” гэх нэршилтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг, НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ын нэгдүгээр жагсаалтад багтсан цэвэр жин нь 0,8887 грамм “MDMA” гэх нэршилтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисуудыг илгээмж нэрийдлээр, худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, улмаар Бүгд Найрамдах Унгар Улсад амьдардаг хүргэн ах Э.М-гийн заавраар гэмт хэрэг үйлдэх аргаа нарийвчлах, бусдад мэдэгдэхгүй байх зорилгоор үгсэн тохиролцож, Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо, 40 дүгээр байрны М- байрыг түрээслэж, тухайн байрандаа сэтгэцэд нөлөөлөх бодисуудыг бусдад худалдаалах хэмжээгээр урьдчилан бэлдэж, савлаж, бэлтгэсэн, хадгалсан, мөн байрныхаа ард саравчинд нууж байршуулан бусдад дамжуулах байдлаар гэмт хэрэгт гүйцэтгэгчээр хамтран оролцсон гэмт хэрэгт,

3. Шүүгдэгч М.М- нь Унгар Улсад ажиллаж амьдардаг найз Э.М-гөөс 2023 оны 01 дүгээр сарын 26-ны өдрөөс 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн хооронд хувцас, дугуй хийлэгч зэрэг эд зүйлд нууж, шуудан илгээмжээр Монгол Улсын хилээр нэвтрүүлсэн НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ын хоёрдугаар жагсаалтад багтсан метамфетамины агууламжтай, “мөс” гэх нэршилтэй, НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ын нэгдүгээр жагсаалтад багтсан “MDMA” гэх нэршилтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисуудыг Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт тээвэр зуучийн үйл ажиллагаа эрхэлдэг З- /У-/ ХХК-иас худалдаалах зорилгогүйгээр хүлээн авч, улмаар Э.М-гийн заавраар илгээмжийг задлан сэтгэцэд нөлөөт бодисуудыг хувцас, дугуй хийлэгч зэргээс гарган, Б.Д-д 2023 оны 8 дугаар сарын сүүлээс 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдрийг хүртэлх хугацаанд 3 удаагийн үйлдлээр дамжуулан өгч, сэтгэцэд нөлөөт бодисыг улсын хилээр нэвтрүүлсэн гэмт хэрэгт гүйцэтгэгчээр хамтран оролцсон гэмт хэрэгт,

4. Шүүгдэгч А.М-, А.Н- нар нь хориглосон сэтгэцэд нөлөөт бодис хууль бусаар олж авч, хэрэглэхээр урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн, 2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо, Баянхошууны эцсийн автобусны буудал орчим А.Н-тай уулзаж, түүнээс НҮБ-н 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ын хоёрдугаар жагсаалтад багтсан цэвэр жин нь 0,5310 грамм, метамфетамин /methamphetamine/-ийн агууламжтай “мөс” гэх нэршилтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг өөрсдийн Хаан банкны данснуудаас А.Н-ын Хаан банкны данс руу 600.000 төгрөгийг шилжүүлэн худалдан авч, худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, улмаар Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо, Арьс ширний үйлдвэрийн нэгдлийн М- 60-8 дугаар гудамжны 1 тоотод А.Н-ын биед худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Нийслэлийн прокурорын газраас: А.Н-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар,

Б.Д-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад зааснаар,

М.М-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад зааснаар,

А.Н-, А.М- нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Нийслэлийн Прокурорын газраас Б.Д-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалт, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад зааснаар хөнгөрүүлэн өөрчилж, шүүгдэгч А.Н-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар үргэлжилсэн үйлдлээр “сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, хадгалсан, худалдсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, Б.Д-, М.М- нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад зааснаар үргэлжилсэн үйлдлээр “Хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор улсын хилээр нэвтрүүлсэн” гэмт хэрэгт гүйцэтгэгчээр оролцсон гэм буруутайд, А.Н-, А.М- нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “сэтгэцэд нөлөөт бодисыг зорилгогүйгээр хууль бусаар олж авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, шүүгдэгч А.Н-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 4 жил 8 сарын хугацаагаар хорих ял, шүүгдэгч Б.Д-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад зааснаар 7 жил 8 сарын хугацаагаар хорих ял, шүүгдэгч М.М-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ял, шүүгдэгч А.М-, А.Н- нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Д-, А.Н-, М.М- нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.М-, А.Н- нарт оршин суух дүүргийн нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглох, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүрэг хүлээлгэж, хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх газарт даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.М-, А.Н- нар нь зорчих эрх хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрх хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Н-ын цагдан хоригдсон 106 хоног, шүүгдэгч Б.Д-гийн цагдан хоригдсон 5 хоногийг тус тус тэдгээрийн эдлэх ялд оруулан тооцож, Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан А.Н-ын бие болон тээврийн хэрэгслээс хураан авсан метамфетамины агууламжтай, цэвэр жин нь 4,4762 грамм, “мөс” гэх нэршилтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодис, дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай, цэвэр жин нь 23,7565 грамм олсны ургамал бүхий хориглосон сэтгэцэд нөлөөт бодис, зиплок ууттай 20 ширхэг дөрвөлжин хэлбэртэй цаас мэт зүйл, зиплок ууттай ... тугалган цаас, ... зиплок уут, зиплок ууттай 23 хэсэг, цэвэр жин нь 21.8083 грамм, шавар мэт зүйл, зип лок ууттай цэвэр жин нь 1.9482 грамм шавар мэт зүйл, Б.Д-гийн биед болон орон байранд нэгжлэг хийж хураан авсан метамфетамины агууламжтай, цэвэр жин нь 162,6812 грамм, “мөс” гэх нэршилтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодис, цэвэр жин нь 0,8887 грамм, МDМА гэх нэршилтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодис, гялгар уутанд хийсэн зааны зураг бүхий 1х1 см хэмжээтэй, цэвэр жин 18,9 грамм, тасархай шугам бүхий бүтэн болон тал цаас 782 ширхэг, зиплок ууттай 20 ширхэг дөрвөлжин хэлбэртэй, цэвэр жин нь 0.4788 грамм цаас мэт зүйл, А.Н-ын биед үзлэг хийж хураан авсан метамфетаминий агууламжтай “мөс” гэх нэршилтэй, цэвэр жин нь 0,5310 грамм, хориглосон сэтгэцэд нөлөөт бодис зэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх хэсэгт зааснаар устгахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, хэрэгт хавсаргагдсан мөрдөн шалгах ажиллагааг бэхжүүлсэн талаарх 3 ширхэг сиди, “Хаан” банкнаас ирүүлсэн дансны хуулга бүхий 1 ширхэг сиди зэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь хэсэгт зааснаар хэргийг хадгалах хугацаагаар хэрэгт хавсаргаж, шүүгдэгч Б.Д-гийн хүүхдэд асран хамгаалагч, харгалзан дэмжигч тогтоохыг харьяа дүүргийн Засаг даргад даалгаж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шилжиж ирээгүй, шүүгдэгч А.Н-, А.М-, М.М- нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч А.Н- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Миний бие анхан шатны шүүхээс 4 жил 8 сарын хорих ялаар шийтгүүлсэн. Миний аав А- маань хөдөлмөрийн чадвараа бүрэн алдаж, сахарын байнгын асаргаанд байдаг, өндөр настан юм. Би аав, ээж хоёрынхоо ганц ойр байгаа хүн нь бөгөөд асарч амьдардаг билээ. Миний дүү, эгч нар бүгд гадаадад ажиллаж амьдардаг. Би холбогдсон хэрэгтээ туйлын гэмшиж, алдаа дутагдал гаргасандаа маш их харамсаж байгаа минь харж үзэн, хуулийн дагуу ар гэрийн хүнд нөхцөл байдлыг харгалзан, оногдуулсан  хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч А.Н-ын өмгөөлөгч Д.Чинзориг давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Бидний хувьд гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай үйлдлийн талаар анхнаасаа огт маргаагүй, өөрийн гэмт үйлдлийн үр дагаврыг хүлээн зөвшөөрч ирсэн. Г- шүүгдэгчийн гэр бүлийн нөхцөл байдал, хүүхэд, мөн цаг үед нь тулгарч буй төрсөн эцгийнх нь эрүүл мэндийн нөхцөл байдалтай холбоотойгоор түүнд оногдуулах хорих ялын хэмжээг багасгаж өгнө үү хэмээн хүсэж байгаа билээ. Үүнтэй холбоотой баримтуудыг ч шүүхийн хэлэлцүүлэгт гарган өгч, шүүх хуралдаанаар нотлох баримтын хэмжээнд шинжлэн судлуулсан атал шийтгэх тогтоолд энэ талаар дурдаагүй байгаад харамсаж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ”, уг зүйлийн 4 дэх хэсэг “Эрүүгийн хариуцлага хүлээж дуусгавар болсон нь хуулиар хязгаарлалт тогтоосноос бусад тохиолдолд хүний эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй.”, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалт “энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах” гэж хуульчилсан байна. Хэдийгээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэх эсэх нь шүүхийн эрх хэмжээний асуудал мөн боловч анх сэжигтнээр баривчлагдсан өдрөөсөө эхлэн, өмгөөлөгч оролцуулалгүйгээр өөрийн гэм буруугаа үнэн зөвөөр мэдүүлж, мөрдөн шалгах ажиллагаанд саад учруулаагүй, дээр хэлсэнчлэн ар гэрийн гачигдалтай хүнд оногдуулсан хорих ялын хэмжээг шүүх харгалзан үзсэнгүй. Гэм буруугаа анхнаасаа хүлээн зөвшөөрч гэмшин үнэн зөвөөр мэдүүлэх гэсэн сэтгэхүй нь гэмтний сэтгэхүйн хандлагаас гадна эрүүгийн эрх зүйн салбарын зорилгыг давхар агуулж, оногдуулах эрүүгийн хариуцлага нь бусдаас хөнгөн байх учиртай. Энэхүү нөхцөл байдлыг харгалзан үзээд анхан шатны тойргийн шүүхийн 2282 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулан, шүүгдэгч А.Н-д оногдуулсан хорих ялын хэмжээг хөнгөрүүлэн багасгаж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Б.Д- давж заалдах гомдолдоо: “... Миний бие Герман улсад амьдардаг хүргэн ах Э.М-гийн илгээсэн гэх хууль бус бодисыг тус хэрэгт холбогдсон М- гэх хүнээс 3 удаа хүлээн авч, түрээсийн байранд хадгалсан, Э.М-гийн заавраар бусдад өгсөн үйлдлээ хүлээн зөвшөөрч байгаа юм. Харин анхан шатны шүүхээс намайг анхнаасаа Э.М- тохиролцоод түүнийг хууль бус бодис шуудангаар илгээж байгааг нь мэдээд шуудан илгээмжээс хүлээн авсан, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг улсын хилээр нэвтрүүлсэн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж хорих ялаар шийтгэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Намайг энэ хэрэгт яллагдагчаар шалгаж эхэлсэн үеэс эхлэн би өөрийнхөө буруутай үйлдлийг хүлээн зөвшөөрч, холбогдсон үйлдлийнхээ талаар үнэн зөвөөр тайлбар, мэдүүлгээ өгсөн. Э.М- нь миний төрсөн эгч Б.З-гийн нөхөр бөгөөд тэд хамтдаа онлайн шоп ажиллуулж, европоос хувцас импортлон борлуулдаг байсан ба миний бие тухайн онлайн шопын баримт зургийг хэрэгт гаргаж өгсөн. Э.М- нь Монгол Улс руу илгээсэн хувцсаа хадгалах агуулахын зорилгоор ашиглана гэж хэлээд хямд үнэтэй хуучны орон сууц түрээслүүлсэн боловч бодит байдал дээр М- гэх хүнээр дамжиж ирсэн ачаанд нь мансууруулах эм хууль бус бодис байсан. Би энэ талаар мэдсэн даруйдаа цагдаагийн байгууллагад хандах ёстой байсан боловч бага насны 2 хүүхэдтэй эгчийгээ бодоод хэлж чадаагүй юм. Ингээд Э.М-гийн хэлснээр энэхүү хууль бус үйлдэлд оролцох болсондоо маш их гэмшиж харамсаж байна. Миний хувьд энэ төрлийн бодисын талаар нэр, нэршил, хэрхэн яаж хэрэглэдэг талаар огт мэдэхгүй бөгөөд нэг ч удаа хэрэглэж байгаагүй. Энэ хэрэгт холбогдохоосоо өмнө ял шийтгэлийн талаар ямар ч ойлголтгүй байсан. ... улсын хилээр оруулсан гэж хүндээр яллаж байгааг зөвшөөрөхгүй. Учир нь, миний бие Э.М- энэ төрлийн бодисоо хэрхэн яаж бэлтгэдэг, хэзээ, хаанаас, ямар шуудан илгээмжээр илгээдэг талаар мэдэхгүй бөгөөд Э.М- надад энэ талаар хэлж байгаагүй. ... Прокуророос намайг Э.М-гөөс ирүүлсэн шуудан илгээмжийг 1 удаа хүлээн авсан байна, ингээд М-аас авсан илгээмжтэй нийт 4 удаа хууль бус бодисыг авсан байна гэж үзсэнийг хүлээн зөвшөөрөхгүй. Монгол Улсад ирснээсээ хойш 1 удаа л шуудан илгээмж хүлээн авсан бөгөөд тухайн илгээмжид тэтгэврийн настай ээж болон миний бага насны охинд зориулсан хувцас байсныг би өөрийн амьдарч байсан гэртээ аваачсан. Харин М-аас авсан 3 удаагийн илгээмжийг би өөрийнхөө гэртээ нэг ч удаа аваачиж байгаагүй. Мөн прокуророос анх намайг 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдөр шуудангаас хууль бус бодис өөрөө очиж авсан байна гэж яллаж байснаа сүүлд нь баримтыг нь үзэхэд бүтэн 1 сарын зөрүүтэй буюу 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр миний бие шуудангаас ээж болон хүүхдийнхээ хувцсыг хүлээж авсан байсан. Хэрэв миний бие шуудангаас хууль бус сэтгэцэд нөлөөт бодисыг өөрөө очиж авч байсан юм бол энэ хэрэгт М- гэх хүний оролцоо огт шаардлагагүй байх байсан. Гэтэл Б.Д- биш, М- хууль бус бодисыг авсан байдаг. Ингээд дараа нь Э.М-гийн хэлсний дагуу Б.Д-д өгсөн гэж М- мэдүүлсэн байдаг. Миний хувьд Э.М-г хэзээ, хаанаас, аль улсаас, хэр хэмжээтэй хууль бус бодисыг илгээх гэж байгаа, илгээсэн эсэх, тухайн илгээмж нь агаарын эсхүл газрын шуудангаар илгээгдсэн эсэх, хэзээ шууданг хэн авах талаар огтхон ч мэдээгүй, мэдэх боломжгүй юм. Харин М- гэх хүн яриад Э.М- ийм зүйл аваачаад өг гэсэн зүйл хэлээд надад өгч байсан юм. Иймд давж заалдах шатны шүүхээс надад холбогдох хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөрүүлж өгнө үү.

Би Унгар улсад махны үйлдвэрт ажиллаж өндөр настай ээж, бага насны охиноо тэжээдэг, ганц бие эмэгтэй байсан ба өөрийн болон ээжийнхээ эрүүл мэндийн байдлаас шалтгаалж, мөн бага насны охиноо биечлэн асран хүмүүжүүлэхээр Монголд 2023 онд ирсэн боловч өөрийн буруутай үйлдлийн улмаас энэхүү хүнд хэрэгт холбогдож, ял шийтгэл эдлэхээр болсондоо маш их харамсаж, гэмшиж байна. Би өөрийн үйлдсэн хэрэгтээ тохирох ял шийтгэлийг хүлээж, дахин энэ төрлийн гэмт хэрэгт холбогдохгүй, төлөв томоотой байж, шударгаар ажиллаж амьдрахаа илэрхийлж байгааг минь хүлээн авч, надад оногдуулсан хорих ялын хэмжээг хөнгөрүүлж, хугацааг нь багасгаж өгнө үү. ...” гэжээ.

Шүүгдэгч Б.Д-гийн өмгөөлөгч Ц.Дэлгэрням давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор Б.Д-г Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-д зааснаар буюу Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах гэмт хэргийг Монгол Улсын хилээр нэвтрүүлж үйлдсэн гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй, хэргийн бодит байдалтай нийцээгүй, хэргийн зүйлчлэл хүндэдсэн гэж үзэж байна. ...

Нэг. Б.Д- нь мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах гэмт хэргийг Монгол Улсын хилээр нэвтрүүлж үйлдсэн гэж үзэх үйл баримт тогтоогдоогүй талаар: Миний үйлчлүүлэгч Б.Д- нь тус хэргийн мөрдөн байцаалтын шатнаас эхлэн холбогдсон хэргийн талаар үнэн зөв, бодитой мэдүүлгийг өгч, шүүгдэгч М.М-аас 3 удаа ачаа хүлээж авсан, тус 3 удаагийн ачаанд хууль бус мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис байсан гэдгийг мэдүүлж, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаагаа дурдсан. Гэтэл прокуророос эхлээд “чи нэг удаа буюу 2023.10.18-ны өдөр өөрөө “З-” ХХК-ийн шуудан илгээмжийн компаниас ачаа хүлээн авсан талаар баримт хэрэгт авагдсан гэж /гэрч Ё.У-ас гаргаж өгсөн гэх нотлох баримтын шаардлага хангаагүй баримт 1 хх 115/ Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-д зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан. Шүүгдэгч Б.Д-гийн хувьд хэрэгт холбогдсон цагаасаа “тухайн хууль бус бодисыг хаанаас хэрхэн ирж байгаа талаар мэдэхгүй, Б.М- гэх хүн 3 удаа илгээмж авчирч өгсөн, тухайн хууль бус бодисыг Б.М-аас хүлээн авч, хадгалсан, бусдад өгөх боломжийг бүрдүүлсэн гэм буруутай үйлдэлдээ маш их гэмшиж харамсаж байна” гэх талаар мэдүүлдэг. Харин 2023.10.18-ны өдөр шуудан авсан гэх үйл баримтын хувьд “он сарыг мэдэхгүй, 1 удаа хүргэн ах Э.М-гийн нэрээр өөрийн төрсөн эгч Б.З-ээс ирүүлсэн бага насны хүүхэд болон өндөр настай ээжид нь илгээсэн хувцсыг хүлээн авсан, Б.Д- миний илгээмжээс авсан хувиас эд зүйлд ямар ч хууль бус бодис байгаагүй. Би мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг шуудан илгээмжээс очиж авч байгаагүй” гэх тайлбарыг гаргасан. Харин хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд тухайн баримт нь нотлох баримтын шаардлага хангаагүй тул үйл баримтыг нягтлан шалгахад миний үйлчлүүлэгч Б.Д- нь анх Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-д зааснаар яллагдагчаар татсан 2023.10.18-ны өдөр Унгар улсаас ачаа илгээмж хүлээн аваагүй, харин 2023.11.15-ны өдөр Герман улсаас илгээсэн хүүхдийн болон том хүний хувцсыг хүлээн авсан үйл баримт тогтоогддог. Мөн 2023.11.15-ны өдөр шуудан илгээмжээс хүлээн авсан ачаа, хувцас эд зүйлтэй холбоотой хэрэгт шалгасан, тодруулсан, тухайн ачаанаас хууль бус мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөт эм бэлдмэл илэрсэн зүйл огт байдаггүй. ... Магадгүй гэмт хэрэг үйлдэгдэж байсан гэх цаг хугацаанд Э.М-гөөс ачаа илгээсэн учир тухайн ачаанд хууль бус бодис байж болзошгүй гэх хардлага үүсэхийг үгүйсгэхгүй бөгөөд энэ бол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 23 дахь хэсэгт заасан “үндэслэл бүхий сэжиг” гэх ойлголтод хамаарах юм. “Үндэслэл бүхий сэжиг” гэж энэ хуульд заасан тодорхой ажиллагаа явуулах нөхцөл үүссэн, эсхүл үйлдэгдэж болзошгүй гэмт хэргийн талаарх мэдээлэл, хэргийн нөхцөл байдалд тулгуурласан мөрдөгч, прокурор, шүүгчийн дотоод итгэлийг ойлгодог. Харин энэхүү үндэслэл бүхий сэжиг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотлогдон тогтоогдвол энэ нь яллагдагч, шүүгдэгчийг яллах үндэслэл болох юм. Гэтэл энэ хэрэгт дээрх үндэслэл бүхий сэжигийг нягтлан шалгасан, тогтоосон, үйл баримтыг хөдөлбөргүйгээр нотолсон нэг ч баримт байхгүй байна. Гэрч Ё.У-ас гарган өгсөн гэх баримтад Э.М- нь 2022 онд 7 удаа, 2023 онд 12 удаагийн буюу нийт 19 удаагийн илгээмжийг З- компанийн шуудан илгээмжээр Монгол Улс руу ... Б.Д- гэх нэр бүхий 9 хүний нэр, утасны дугаарыг бүртгүүлэн илгээж байсан талаар тусгагдсан байгаа юм. Гэтэл прокуророос Б.Д-г 2023.10.18-ны өдөр шуудан илгээмжийг биечлэн хүлээн авсан байна, тус шуудан илгээмжид хориглосон сэтгэцэд нөлөөт бодис байсан байж таараа, байх ёстой гэж хийсвэр байдлаар дүгнэн, Э.М-гөөс ирсэн л бол мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис агуулсан гэж үзэн, зөвхөн дотоод итгэлээрээ бусдыг яллаж болохгүй гэдгийг дахин дурдмаар байна.

Хоёр. Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-д заасан гэмт хэргийн шинжийг хангахгүй талаар: Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-д “мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах гэмт хэргийг улсын хилээр нэвтрүүлж үйлдсэн бол таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасан. Өөрөөр хэлбэл, энэхүү гэмт хэрэг нь тодорхой үйлдэл хийгдсэнээр төгсдөг, хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг гэж үзэх үндэслэлтэй байна. Хуульчлагдсан байдлын хувьд Улсын хилээр нэвтрүүлснээр төгс үйлдэгдсэн, төгссөн гэмт хэрэг гэж үзэх үндэслэл бүрдэнэ. Гэтэл эрүүгийн 2302007830043 дугаартай хэргийн хувьд тухайн хууль бус мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис нь хэзээ улсын хилээр нэвтрээд байгаа вэ гэх үйл баримтыг ч хөдөлбөргүй тогтоож чадаагүй. Харин аль хэдийнээ Монгол улсын хилээр нэвтэрчихсэний дараа, Нисэхийн хил, гаалийн хяналт шалгалтаар шалгагдаад, ачаа тээвэрт тээвэрлэгдээд, Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 26 хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг тээвэр зуучийн үйл ажиллагаа эрхэлдэг “З-” ХХК дээр ирсний дараа нь шүүгдэгч М.М- нь ачааг каргоноос хүлээн авсан байдаг. Өөрөөр хэлбэл, тухайн бодисыг Монгол Улсын хилээр нэвтрэхэд шүүгдэгч М.М-ын, эсхүл шүүгдэгч Б.Д-гийн ямар шууд оролцоо байгаа вэ гэхээр ямар нэгэн идэвхтэй үйлдэл оролцоо байдаггүй. Мөн шүүгдэгч М.М-ыг, эсхүл шүүгдэгч Б.Д-г тухайн хууль бус бодис Монгол Улсын хилээр нэвтрэх гэж байгааг урьдчилан мэдсэн, хэрэг нь тусгаарлагдсан этгээд болох Э.М- урьдчилан үгсэн тохиролцсон гэж үзэх баримт байдаггүй. Хэргийн үйл баримтын талаар мэдүүлж буй М.М-ын мэдүүлэгт ч мөн “... гэнэт л ачаа ирчихсэн байгаа, та очоод авчихаач гээд ярьдаг гуйдаг, ... машинд бензин тосны мөнгө өгнө гэхээр нь Э.М-гийн ярьсны дагуу ачааг тосож авсан, Б.Д-д аваачиж өгсөн” л гэж дурдагддаг шүү дээ. Түүнээс биш анхнаасаа ачаа ирэхийг мэдээд тосож авах гээд хүлээгээд байж байсан гэх нотлох баримт байхгүй. Э.М- нь хууль бус мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг илгээхдээ шүүгдэгч М.М-т, эсхүл шүүгдэгч Б.Д-д мэдэгддэг, хэлдэг гэх үйл баримт нотлогдоогүй байна. Өөрөөр хэлбэл, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис Монгол Улсын хилээр нэвтрэхээс өмнө шүүгдэгч Б.Д-гийн ямар ч идэвхтэй үйлдэл байхгүй ба энэ Б.Д-гийн мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг Монгол Улсын хилээр нэвтрүүлж үйлдсэн гэх хэрэгт хамтран оролцоогүй болохыг нотолж байгаа юм. Шүүгдэгч нарын зүгээс анхан шатны шүүх хуралдааны шатанд хавтаст хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлуулж, гэмт хэргийн шинжтэй үйлдлийн нотлогдоогүй байдлын талаар болон хуульчилсан гэмт хэргийн шинжийг хангахгүй, тухайн хууль бус бодис нь нэгэнт Монгол Улсын хилээр нэвтэрсний дараа үйлдэгдэж буй бие даасан гэмт хэргийн шинжтэй байгаа талаар өмгөөллийн дүгнэлт гаргаж мэтгэлцсэн боловч шүүхийн шийдвэрт өмгөөлөгчийн дүгнэлт, дүгнэлтийн үндэслэл болсон баримтуудыг няцаан үгүйсгэсэн талаар тайлбар, няцаалт хийгээгүй орхигдуулсан нь шийтгэх тогтоол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д заасан шаардлагыг хангаагүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэх үндэслэлд хамаарч байна. Иймд Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 2025/ШЦТ/2282 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, миний үйлчлүүлэгч Б.Д-д холбогдох хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөрүүлэн өөрчилж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч М.М-ын өмгөөлөгч С.Түвшинжаргал давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг үл зөвшөөрч гомдол гаргаж байна. Улс хоорондын шуудан илгээмжээр ирсэн илгээмжүүдийг гаалийн хяналтын бүсэд рентген аппаратаар шалгахад сэжигтэй илгээмж бараа байвал тэр даруй шалгаж, холбогдох хууль тогтоомжийн дагуу буюу Гаалийн тухай хуулийн 222 дугаар зүйл улс хоорондын шуудан илгээмжийг гаалийн хилээр нэвтрүүлэхийг баримтлан тухайн сэжигтэй илгээмжийг саатуулан шалгаж арга хэмжээ авдаг. Илгээмжид шалгалт хийх үед хүлээн авагч болон илгээгчийг байлцуулах боломжгүй бол шуудангийн байгууллагын ажилтан гарын үсэг зурж баталгаажуулан, задалсан илгээмжийг гаалийн таних тэмдэг бүхий наалт тууз наан битүүмжилдэг, гэтэл уг хэрэгт “З-” ХХК нь оруулж ирж өөрийн байранд байлгасан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсэгт “шүүхийн хэлэлцүүлэг, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримт нь шүүхийн шийдвэрийн үндэслэл болно” гэж, мөн хуулийн 1.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “мөрдөгч, прокурор хэргийн бодит байдлыг тогтоохын тулд хуульд заасан бүх арга хэмжээг авч, яллагдагч, шүүгдэгчийн яллах нөхцөл байдлуудыг эргэлзээгүй тогтооно” гэж заасан. Шуудангийн хаягаар гадаад улсаас илгээмж ирсэн гэдэг ганц үндэслэлээр хүнийг улсын хилээр хууль бусаар хар тамхи нэвтрүүлсэн гэх нь өрөөсгөл ойлголт юм.  М.М- нь Монгол улсын хилээр гараагүй, ороогүй, мөн хэн нэгэнд мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодис захиж, мөнгө өгөөгүй, ирсэн барааны доторхыг мэдэхгүйгээр хүлээн авсан, өөрөө мансууруулах бодисын ойлголтгүй, бичиг үсэг мэдэхгүй хүн юм. Гэтэл ийм хүнийг Монгол Улсын хилээр мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар нэвтрүүлсэн гэж буруутгах хууль зүйн үндэслэлгүй юм. Улсын хилээр хууль бусаар хориглосон бараа нэвтрүүлэх гэдэг ойлголт нь тухай хүн өөрөө гаалийн шалгалтаас нуун далдалж оруулах, эсвэл хилийн боомтгүй газраар оруулах, гаалийн мэдүүлэгт бичихгүй орхих, худал бичих зэрэг үйлдлийг хамааруулсан байдаг. Гаалийн тухай хуульд улсын хилээр оруулахыг хориглосон бараа гаалийн шалгалтаар илэрвэл тухайн барааг илгээгч орон луу нь буцаах, боломжгүй тохиолдолд гаалийн түр агуулахад 3 хоног хадгалаад устгах тухай заасан. Гэтэл Гаалийн тухай, Шуудангийн тухай хууль, Улс хоорондын шуудан илгээмжийг гаалийн хилээр нэвтрүүлэх журмыг ноцтой зөрчиж, бусдад мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг дамжуулан өгсөн гаалийн болон шуудангийн ажилтнуудын үйлдэлд дүгнэлт өгөөгүй байж доторх барааг юу байгааг мэдэхгүй авсан хүнийг Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад зааснаар яллаж ял оногдуулсан нь үндэслэлгүй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлд заасан гэм буруугүйд тооцох зарчмын 2 дахь хэсэгт “... шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ” гэж заасан нь М.М-ын үйлдлийг хөнгөрүүлэн зүйлчлэх хууль зүйн үндэстэй гэж үзэж гомдол гаргаж байна. ...” гэв.

Шүүгдэгч А.М-ын өмгөөлөгч Н.Намжилцогт тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Анхан шатны шүүхээс миний үйлчлүүлэгч А.М-ын гэм буруугийн асуудлаар хууль ёсны үндэслэлтэй дүгнэлт гаргасан гэж үзэж байна. А.М- нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн бөгөөд шүүхээс түүнд эрүүгийн хариуцлага оногдуулахдаа түүний гэмт хэрэгт оролцсон оролцоо, хувийн байдал, гэм буруу болон зүйлчлэл дээр маргаагүй байдал, хийсэн хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгаа байдал болон авсан бодисыг хэрэглэж амжаагүй, завдсан үйлдэл зэргийг харгалзан үзэж, түүнд зорчих эрх хязгаарлах ял оногдуулсан нь үндэслэлтэй гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр нь үлдээж өгнө үү. ...” гэв.

Прокурор Г.Баярмаа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Анхан шатны шүүх хэрэгт цугларсан баримтын хүрээнд үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэргийн бодит байдлыг талуудын тэгш мэтгэлцээний хүрээнд тогтоож, шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага оногдуулсан нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон гэж прокуророос үзэж байгаа.

Шүүгдэгч Б.Д- нь уг бодисыг гадаад улсаас илгээсэн буюу карго илгээмжээс хүлээн авч буй нөхцөл байдал байгаа. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “гэмт хэргийг өөрөө болон бусадтай бүлэглэн үйлдсэн хүнийг гэмт хэргийн гүйцэтгэгч гэнэ” гэж хуульд хуульчилсан. Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд эдгээр хүмүүс харилцаа холбоотой гэдэг нь харагдана. Э.М-гийн тухайд гадаад улсаас сэтгэцэд нөлөөт бодисыг ямар нэгэн зорилгогүйгээр бусдад илгээх боломжгүй. Уг бодисыг карго илгээмж дээр хүлээж авснаар уг гэмт хэрэг төгссөн. ... Хэрэгт Б.Д- эзэмшигчтэй Голомт банк дахь З-, З- тоот дансанд үзлэг хийсэн тухай тэмдэглэлүүд авагдсан. Тухайн цаг хугацаанд онлайн бараа бүтээгдэхүүн зардаг тухай баримт, зураг гаргаж өгч байгаа боловч дансаар хийгдсэн гүйлгээ, данс нээгдсэн цаг хугацаа, мөнгөн дүн зэрэг нь дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэлээр маш их хэмжээний мөнгө уг дансаар орлогодож, зарлагадсан нөхцөл байдал тогтоогддог. Мөн гэрч Ш-ийн мэдүүлэгт “түрээсэлсэн байрыг агуулахын зорилгоор түрээсэлсэн” гэдэг. Тухайн байранд нэгжлэг хийхэд тээвэр зуучийн компаниас хүлээн авсан хайрцаг илэрсэн. Мөн өөрийнх нь эзэмшлийн болон Б-тэй хамтран эзэмшдэг Ш- дугаартай данснаас М.М- болон бусад хэрэгт холбогдсон оролцогч нартай харилцсан дансны хуулга хэрэгт авагдсан. Тухайн бараа бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэхдээ “З-” ХХК гэх шуудан илгээмжийн компаниас хүлээж авч, цааш бусдад дамжуулан зарж буй үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 3-т заасан гэмт хэргийн шинжийг хангасан гэж үзэж байна. ... Хэрэгт цугларсан баримтын хүрээнд тухайн үйл явдлыг сэргээн дүрсэлж, прокурор дүгнэлт хийж, хууль зүйн хувьд уг үйлдэл нь улсын хилийг хилээр сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар нэвтрүүлэх гэмт хэрэгт гүйцэтгэгчээр хамтран оролцсон гэж дүгнэсэн. ... Тухайн хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татаж, анхан шатны шүүхээс 2 удаа буцсан. Хэргийг буцаахдаа процессыг зөвтгөх буюу нотлох баримтын шаардлага хангуулахаар буцаасан асуудал дээр мөрдөн шалгах ажиллагаа явуулж, сайтад үзлэг хийх, “З-” ХХК-ийн ажилтан У-ыг гэрчээр асуух байдлаар нотлох баримтын шаардлага хангаж, хэргийг шүүхэд шилжүүлсэн. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь 2-8 жилийн хорих ял оногдуулах хуулийн зохицуулалттай. Хэрэгт цугларсан баримтаас үзэхэд шүүгдэгч нарын учруулсан хохирол, хор уршигт тохирсон ял шийтгэл оногдуулсан гэж үзэж байна. Гаалийн байгууллага уг асуудлыг илрүүлээгүйгээс тухайн нөхцөл байдал үүссэн гэж өмгөөлөгч тайлбарлаж байна. Эдгээр хүмүүс хоорондоо “...танилууд, цахим орчинд харилцсан...” талаар мэдүүлдэг. Өөрөөр хэлбэл, тухайн бодисыг явуулж байгааг хэлж, улмаар очиж аваад Б.Д-д дамжуулах байдлаар улсын хилээр нэвтрүүлсэн үйлдэлд гүйцэтгэгчээр хамтран оролцсон нь хэрэгт авагдсан баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон. Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

   Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

Шүүгдэгч А.Н- нь Бүгд Найрамдах Унгар улсад амьдарч байгаа танил Э.М- холбогдож, түүний ажил санал болгосны дагуу 2024 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Баганат өргөө хорооллын орчим модны сүүдрэвчний дор байсан НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ын хоёрдугаар жагсаалтад багтсан метамфетамины агууламжтай, цэвэр жин нь 4,4762 грамм, “мөс” гэх нэршилтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг, дельта-9 тетрагидроканнабинол /Delta-9 tetrahydrocannabinol/-ын агууламжтай, цэвэр жин нь 23,7565 грамм, олсны ургамал бүхий хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг тус бүр худалдаалах зорилгоор, хууль бусаар олж авсан, 2024 оны 01 дүгээр сарын 29-ний өдрөөс 2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд өөрийн биедээ болон унаж явсан М- УЕА улсын дугаартай цагаан өнгийн “Тоёота приус 41” загварын тээврийн хэрэгсэлд хадгалсан,

мөн үргэлжилсэн үйлдлээр 2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо, Баянхошууны автобусны буудал орчим Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ын хоёрдугаар жагсаалтад багтсан метамфетамины агууламжтай, цэвэр жин нь 0,5310 грамм, “мөс” гэх нэршилтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг А.Н-, А.М- нарт 600.000 төгрөгөөр хууль бусаар худалдсан гэмт хэрэгт,

шүүгдэгч Б.Д- нь 2023 оны 8 дугаар сарын сүүлээс 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд нийт 4 удаагийн үйлдлээр Бүгд Найрамдах Унгар Улсад амьдардаг хүргэн ах Э.М-гийн тус улсаас шуудан илгээмжээр Монгол Улсын хилээр нэвтрүүлсэн НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ын хоёрдугаар жагсаалтад багтсан метамфетамины агууламжтай, цэвэр жин нь 162,6812 грамм, “мөс” гэх нэршилтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг, НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ын нэгдүгээр жагсаалтад багтсан цэвэр жин нь 0,8887 грамм “MDMA” гэх нэршилтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисуудыг тээвэр зуучийн үйл ажиллагаа эрхэлдэг З- /У-/ ХХК-иас өөрөө болон бусдаар дамжуулан хүлээн авч, сэтгэцэд нөлөөт бодисыг улсын хилээр нэвтрүүлсэн гэмт хэрэгт гүйцэтгэгчээр хамтран оролцсон,

мөн 2023 оны 8 дугаар сарын сүүлээс 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ын хоёрдугаар жагсаалтад багтсан метамфетамины агууламжтай, цэвэр жин нь 162,6812 грамм, “мөс” гэх нэршилтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг, НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ын нэгдүгээр жагсаалтад багтсан цэвэр жин нь 0,8887 грамм “MDMA” гэх нэршилтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисуудыг илгээмж нэрийдлээр, худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, улмаар Бүгд Найрамдах Унгар Улсад амьдардаг хүргэн ах Э.М-гийн заавраар гэмт хэрэг үйлдэх аргаа нарийвчлах, бусдад мэдэгдэхгүй байх зорилгоор үгсэн тохиролцож, Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо, 40 дүгээр байрны М- байрыг түрээслэж, тухайн байрандаа сэтгэцэд нөлөөлөх бодисуудыг бусдад худалдаалах хэмжээгээр урьдчилан бэлдэж, савлаж, бэлтгэсэн, хадгалсан, мөн байрныхаа ард саравчинд нууж байршуулан бусдад дамжуулах байдлаар гэмт хэрэгт гүйцэтгэгчээр хамтран оролцсон гэмт хэрэгт,

шүүгдэгч М.М- нь Унгар Улсад ажиллаж амьдардаг найз Э.М-гөөс 2023 оны 01 дүгээр сарын 26-ны өдрөөс 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн хооронд хувцас, дугуй хийлэгч зэрэг эд зүйлд нууж, шуудан илгээмжээр Монгол Улсын хилээр нэвтрүүлсэн НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ын хоёрдугаар жагсаалтад багтсан метамфетамины агууламжтай, “мөс” гэх нэршилтэй, НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ын нэгдүгээр жагсаалтад багтсан “MDMA” гэх нэршилтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисуудыг Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт тээвэр зуучийн үйл ажиллагаа эрхэлдэг З- /У-/ ХХК-иас худалдаалах зорилгогүйгээр хүлээн авч, улмаар Э.М-гийн заавраар илгээмжийг задлан сэтгэцэд нөлөөт бодисуудыг хувцас, дугуй хийлэгч зэргээс гарган, Б.Д-д 2023 оны 8 дугаар сарын сүүлээс 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдрийг хүртэлх хугацаанд 3 удаагийн үйлдлээр дамжуулан өгч, сэтгэцэд нөлөөт бодисыг улсын хилээр нэвтрүүлсэн гэмт хэрэгт гүйцэтгэгчээр хамтран оролцсон гэмт хэрэгт,

шүүгдэгч А.М-, А.Н- нар нь хориглосон сэтгэцэд нөлөөт бодис хууль бусаар олж авч, хэрэглэхээр урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн, 2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо, Баянхошууны эцсийн автобусны буудал орчим А.Н-тай уулзаж, түүнээс НҮБ-н 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ын хоёрдугаар жагсаалтад багтсан цэвэр жин нь 0,5310 грамм, метамфетамин /methamphetamine/-ийн агууламжтай “мөс” гэх нэршилтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг өөрсдийн Хаан банкны данснуудаас А.Н-ын Хаан банкны данс руу 600.000 төгрөгийг шилжүүлэн худалдан авч, худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, улмаар Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо, Арьс ширний үйлдвэрийн нэгдлийн М- 60-8 дугаар гудамжны 1 тоотод А.Н-ын биед худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь:

гэрч Л.Ш-ийн “... Би Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо, 40-М- байрыг түрээсэлнэ гэсэн зарыг үнэгүй.мн сайтад тавьсан байсан ба зарын дагуу Д- гэх эмэгтэй надтай холбогдсон. Ингээд миний тухайн байрыг нэг жилийн хугацаагаар сарын 500.000 төгрөгөөр бодож түрээслэхээр болсон. Тухайн үед Д- нь байранд бол амьдрахгүй агуулах маягаар эд хогшлоо хадгалж ашиглана гэж байсан. Ингээд бид хоёр гэрээ байгуулж, Д- нь миний ХААН банкны У- дугаарын дансанд ХААН банкны Ш- дугаарын данснаас 4 сая төгрөг шилжүүлсэн. Би байрны түлхүүрээ Д-д өгсөн...” /1 хх 122-123/,

гэрч Ё.У-ын “...Манай “З-” ХХК нь 2014 оноос хойш олон улсын карго, тээврийн үйлчилгээ явуулж байгаа. Би энэ компанид 2020 оноос хойш одоог хүртэл менежер албан тушаал дээр ажиллаж байна. ... Манай компаниас ирсэн илгээмжийг хүлээлгэж өгсөн гар бүртгэл байгаа. Гэхдээ яг энэ дээрх илгээмжийг хүлээж авсан хүмүүсийн бүртгэл, гарын үсэг байгаа эсэхийг хэлж мэдэхгүй байна. Зарим тохиолдолд хүмүүс илгээмжээ авчхаад гарын үсгээ зурахгүй гараад явчихдаг юм. Манай энэ илгээмж хүлээж авсан гар бүртгэл агуулахад хадгалагдаж байгаа, жил жилээр нь архивлаад хийсэн. Асуудалтай илгээмж авч байгаа хүмүүс ихэнхдээ илгээмж авсан гарын үсэг, он, сар, өдрөө бичдэггүй. Би өөрөө байхгүй өөр хүн илгээмж тараасан үед бас гарын үсгийг зуруулаагүй өгөөд явуулсан тохиолдолд бас байж магадгүй. ... Гадаад улсаас ирсэн илгээмжийг тухайн иргэн өөрөө байхгүй, эзгүй үед өөр хүн явуулаад авхуулчихдаг, тухайн илгээмж авах хүн нь аль улсаас хэн гэдэг хүний нэр ирсэн илгээмж болох, утасны дугаар зэрэг мэдээллийг хэлбэл илгээмжийг нь өгөөд явуулчихдаг. Тэгэхээр нэр дээр нь ирсэн илгээмжийг өөрөө биш өөр хүн илгээмжийг авсан байж болно. ...” /4 хх 217-218, 5 хх 39/,

шүүгдэгч А.Н-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн “... Би М- гэх хүнийг таних болоод удаж байна, бид Шар хаданд өсөж төрсөн ба бие биеэ зүс мэддэг байсан. Мөн 2017 онд Солонгос улсад хамт ажиллаж амьдарч байсан ба М- баригдаж Монгол улс руугаа буцсан үүнээс хойш ямар нэгэн харилцаа холбоогүй байж байгаад 2024 оны 12 сарын сүүлээр М- фэйсбүүк чатаар холбогдсон. Ингэж холбогдсоноос хойш хэд хоногийн дараа надад “ажил хийх үү” гэж санал тавьсан. Ямар ажил хийх талаар асуухад М- “би чамд юм өгнө, тэр зүйлийг чи нууц газарт тавиад зургийг нь дараад над руу явуулахад болно, өдрийн 200.000 төгрөг өгнө” гэхээр нь би зөвшөөрсөн. М-гийн надад өгдөг зүйл нь цагаан өнгийн нунтаг бодис, бор өнгийн бодис хижиг дөрвөлжин цаас байдаг байсан. Тухайн бодисуудыг би Баганат Өргөө гэх хорооллын орчимд байх саравчны ойролцоогоос авдаг байсан. Тухайн зүйлийг авахад жижиглээд ууталж савлаад бэлэн болгосон байдаг байсан. 2024 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр М- холбогдоход Баганат Өргөө хороололд очоод юм авчих гэхээр нь очиход модны ёроолд мөнгөлөг цаасанд ороосон гялгар ууттай 20 ширхэг бор зүйл байсныг авсан. ... Би Баганат Өргөө хорооллын гаднаас боодолтой зүйлийг 5-6 удаа М-гийн хэлсний дагуу энд тэнд нууцаар тавьсан байгаа. Тухайн зүйлийг ямар хүн авдаг талаар мэдэхгүй байна. Надад өгсөн зүйлийнх нь ихэнх нь бор өнгийн хатуу зүйл болон бор өнгийн дөрвөлжин цаас байсан. Цагаан өнгийн нунтаг бодис бол 10 гаруй ширхэгийг авсан ба үлдэгдэл 6 ширхэгийг нь баригдах үед машинаас илэрч хураагдсан. ...” /2 хх 173-174/, түүний сэжигтнээр өгсөн “... Би тэр үед Н- гэх дүүтэй Баянхошууны эцсийн автобусны буудал дээр таараад юм ярьж зогсож байгаад “мөс гэж юу юм бэ” гэж асуухад Н- надад юм хэлээгүй байж байснаа 1 граммыг худалдаж авъя гээд надаас 1 грамм мөсийг 600.000 төгрөгөөр худалдаж авсан. ...” /3 хх 15-17/ гэсэн мэдүүлгүүд,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн “... Шинжилгээнд ирүүлсэн ... зип лок ууттай дөрвөлжин хэлбэртэй цаас мэт зүйлээс LSD илэрсэн. ... тугалган цаас, ... зип лок уут тус бүрээс МDМА илэрсэн. Илэрсэн бодис тус бүр нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн 1 дүгээр жагсаалтад багтдаг. Шинжилгээнд ирүүлсэн зип лок ууттай 20 ширхэг дөрвөлжин хэлбэртэй цаас мэт зүйлийн цэвэр жин нь 0.4824 грамм байна. ...” гэсэн 2024 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 1146 дугаартай дүгнэлт /1 хх 153-154/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн “... Шинжилгээнд ирүүлсэн. “№1” гэж хаягласан №1-9 хүртэл дугаарласан зип лок ууттай цагаан өнгийн талст мэт зүйл тус бүрээс метамфетамин /methamphetamine/ илэрсэн. Илэрсэн бодис нь НҮБ-ын 1971 оны "Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтдаг. ...” гэсэн 2024 оны 03  дугаар сарын 12-ны өдрийн 1144 дугаартай дүгнэлт /1 хх 159-161/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн “... Шинжилгээнд ирүүлсэн зип лок уутанд хийж ирүүлсэн шавар мэт зүйлээс дельта-9 тетрагидроканнабинол илэрсэн. Илэрсэн бодис нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтдаг. ... зип лок ууттай 23 хэсэг шавар мэт зүйлийн нийт цэвэр жин нь 21.8083 грамм байна. ...” гэсэн 2024 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 1775 дугаар дүгнэлт /1 хх 169-170/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн “... Шинжилгээнд ирүүлсэн "№1” гэж дугаарласан зип лок ууттай шавар мэт зүйлээс дельта-9 тетрагидроканнабинол илэрсэн. ... Шинжилгээнд ирүүлсэн “№1 гэж дугаарласан зип лок ууттай шавар мэт зүйлийн цэвэр жин нь 1.9482 грамм байна. ...” гэх 2024 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 1145 дугаар дүгнэлт /1 хх 175-176/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн “.. “1” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн цагаан өнгийн талстлаг зүйл, “2” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн цагаан өнгийн талстлаг зүйл, “4” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн цагаан өнгийн талстлаг зүйл, “7” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн цагаан өнгийн талстлаг зүйл зэргээс метамфетамин илэрсэн. “8” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн цэнхэр өнгийн эм мэт зүйлээс МDМА илэрсэн. “5” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн зааны зураг бүхий 1*1 см хэмжээтэй тасархай шугам бүхий бүтэн бол тал цааснаас LSD илэрсэн. Илэрсэн Метамфетамин нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын 2 дугаар жагсаалтад багтдаг болно. Илэрсэн МDМА, LSD нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын 1 дүгээр жагсаалтад багтдаг. ...” гэсэн 2024 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн 1159 дугаартай дүгнэлт /1 хх 195-197/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн “... Шинжилгээнд ирүүлсэн ... зип лок уутанд хийж ирүүлсэн “№1” гэж дугаарласан зип лок ууттай дөрвөлжин хэлбэртэй цаас мэт зүйлээс LSD илэрсэн. ...” гэсэн 2024 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 1160 дугаартай дүгнэлт /1 хх 204-205/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн “... Ирүүлсэн шээсний дээжүүд нь шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн “... А-ийн М- 2024.01.31” гэж хаягласан шээс, “А-ий Н- 2024.01.31” гэж хаягласан шээс зэргээс метамфетамин илэрч байна. ...” гэсэн 2024 оны 2 дугаар сарын 08-ны өдрийн 1153 дугаар дүгнэлт /2 хх 221-222/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн “... Шинжилгээнд ирүүлсэн №1 гэж дугаарласан тугалган цаас, цагаан өнгийн мөс мэт нунтаг зүйл тус бүрээс метамфетамин илэрч байна. ... Цагаан өнгийн мөс мэт нунтаг зүйлийн гялгар уутны хамт жин нь 0,8503 грамм, цэвэр жин нь 0,5310 грамм болов. ...” гэсэн 2024 оны 2 дугаар сарын 27-ны өдрийн 1142 дугаартай дүгнэлт /2 хх 227-228/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн “... Шинжилгээнд ирүүлсэн “А-ийн Н- РД: А- 2023.02.21” гэж хаягласан шээсний дээж нь шинжилгээнд тэнцэнэ. Шээснээс мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодисын агууламж илрээгүй...” гэсэн 2024 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 1151 дугаар дүгнэлт /1 хх 147-148/,

А.Н-ын биед нэгжлэг хийсэн тухай “... түүний өмсөж явсан хар өнгөтэй урт куртикны баруун талын халааснаас тунгалаг өнгийн зиплок ууттай хоёр ширхэг жижиг хэмжээтэй “шавар” мэт зүйл гарч ирснийг ... эд мөрийн баримтаар хураан авлаа. Үзлэгийг цааш үргэлжлүүлж тухайн шавар мэт зүйлтэй хамт байсан тугалган цаасыг ... эд мөрийн баримтаар хураан авлаа. Тухайн шавар мэт зүйлийг албаны жингээр жинлэж үзэхэд уутны хамт 2,8 грамм байв...” гэсэн тэмдэглэл /1 хх 65/,

шүүгдэгч А.Н-ын унаж явсан М- УЕА улсын дугаартай цагаан өнгийн “Тоёота приус 41” загварын тээврийн хэрэгсэлд 2024 оны 2 дугаар сарын 01-ний өдөр нэгжлэг хийсэн тэмдэглэл, уг ажиллагааг бэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 хх 60-61/,

А.Н-ын гэмт хэрэг үйлдэхдээ унаж явсан тээврийн хэрэгслийг 31.825.000 төгрөгөөр үнэлсэн “Дамно” ХХК-ийн шинжээчийн дүгнэлт /1 хх 215-218/, А.Н-ын ХААН банк дахь У- тоот дансны дэлгэрэнгүй хуулга /5 хх 60-76/,

Сэтгэцийн Эрүүл мэндийн Үндэсний төвийн Шүүх сэтгэц эмгэг судлалын 256, 209, 305, 924 дугаартай дүгнэлт /1 хх 181-183, 210-211, 2 хх 234, 3 хх 240-242/, Хүний биед /Б.Д-/ 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдөр нэгжлэг хийсэн тухай тэмдэглэл /1 хх 87-88/, Б.Д-гийн түрээсэлдэг гэх Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо, 40 дүгээр байрны М-од 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдөр нэгжлэг хийсэн тэмдэглэл, тэдгээрийг бэхжүүлэн авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 хх 78-80/, Б.Д-гийн Голомт банк дахь У-, З- тоот дансны дэлгэрэнгүй хуулга /2 хх 96-103/, Б.Д-, А.Б- эзэмшигчтэй ХААН банк дахь Ш- тоот дансны дэлгэрэнгүй хуулга /2 хх 96-103/, Дансны хуулганд 2024 оны 2 дугаар сарын 16~ны өдөр үзлэг хийсэн тухай тэмдэглэл /2 хх 77/, “Шуудангийн бүртгэл, хяналт, лавлагааны нэгдсэн систем” буюу “Upost.mn” цахим программд 2025 оны 6 дугаар сарын 3-ны өдөр үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /4 хх 196-200/, баримт бичигт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /4 хх 201-216, 5 хх 21-38/, А.Н-ын биед үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2 хх 189-192/, “А.М-ын биеэс биологийн дээж /шээс/ авч мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай 2 дугаар багана буюу МЕТ /Метамфетамин/ 2 зураас илэрч байсан...” гэх тэмдэглэл /2 хх 200-201/, А.М-ын ХААН банк дахь У- тоот дансны дэлгэрэнгүй хуулга /2 хх 205/, А.Н-ын ХААН банк дахь У- тоот дансны дэлгэрэнгүй хуулга /2 хх 206/, Эд мөрийн баримтыг хүлээлгэн өгсөн тухай мөрдөгчийн тэмдэглэл /2 хх 208/, Хүний биеэс биологийн дээж авч, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай тэмдэглэл /1 хх 92-94/, илгээмжийн тэмдэглэл /1 хх 114-115/ зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Нийслэлийн Прокурорын газраас Б.Д-д  холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалт, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад зааснаар хөнгөрүүлэн өөрчилж, шүүгдэгч А.Н-ыг үргэлжилсэн үйлдлээр “сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, хадгалсан, худалдсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, Б.Д-, М.М- нарыг үргэлжилсэн үйлдлээр “Хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор улсын хилээр нэвтрүүлсэн” гэмт хэрэгт гүйцэтгэгчээр оролцсон гэм буруутайд, А.Н-, А.М- нарыг “сэтгэцэд нөлөөт бодисыг зорилгогүйгээр хууль бусаар олж авсан” гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутай гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Анхан шатны шүүх, шүүгдэгч А.Н-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 4 жил 8 сарын хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад зааснаар шүүгдэгч Б.Д-д 7 жил 8 сарын хугацаагаар хорих ял, шүүгдэгч М.М-т 5 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.М-, А.Н- нарт тус бүр 1 жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Д-, А.Н-, М.М- нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь тэдгээрийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, хувийн байдал зэрэгт тохирчээ.

Шүүгдэгч  А.Н-, түүний өмгөөлөгч Д.Чинзориг нараас “... оногдуулсан ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэсэн, шүүгдэгч Б.Д-, түүний өмгөөлөгч Ц.Дэлгэрням нараас “... Э.М-г хэзээ, хаанаас, аль улсаас, хэр хэмжээтэй хууль бус бодисыг илгээх гэж байгаа, илгээсэн эсэх, тухайн илгээмж нь ямар шуудангаар илгээгдсэн эсэх, хэзээ шууданг хэн авах талаар мэдээгүй, ... хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн, ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү” гэсэн, шүүгдэгч М.М-ын өмгөөлөгч С.Түвшинжаргалаас “шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх зарчмын дагуу М.М-ын үйлдлийг хөнгөрүүлэн зүйлчилж өгнө үү” гэсэн утга агуулга бүхий давж заалдах гомдол тус тус гаргасныг хүлээн авах боломжгүй байна.    

Хэрэгт авагдсан баримтууд болох гэрч Л.Ш- /1 хх 122-123/, Ё.У- /4 хх 217-218, 5 хх 39/, илгээмжийн тэмдэглэл /1 хх 114-115/, шинжээчийн дүгнэлтүүд, нэгжлэг хийсэн тэмдэглэл болон бичгийн бусад нотлох баримтуудаар Б.Д-, А.Н-, М.М- нарын үйлдэл хангалттай нотлогдон тогтоогдсон ба анхан шатны шүүх шүүгдэгч нарын үйлдэл тус бүрт үндэслэл бүхий хууль зүйн дүгнэлтийг хийж хэргийг эцэслэн шийдвэрлэжээ.

Түүнчлэн, шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн сэдэлт, үйлдлийн арга, гэмт үйлдлийн давтамж, сэтгэцэд нөлөөт бодисын хэмжээ, уг бодисыг хэрхэн яаж улсын хилээр нэвтрүүлсэн, улмаар хадгалах байр савыг зориудаар бий болгож, бусдад худалдаалах хэмжээгээр савлан бэлтгэж, өөр газарт буюу байрныхаа ойр орчимд нууж байршуулан бусдад дамжуулах зэргээр дээрх гэмт хэрэгт хэн хэрхэн яаж оролцон зэргийг мөрдөн шалгах ажиллагааны явцад гүйцэд шалгаж тогтоосон байна.

Гэвч анхан шатны шүүхээс шүүгдэгч Б.Д-д оногдуулсан ял шийтгэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэсэн эрүүгийн хариуцлагын зорилгод нийцсэн боловч түүний эрүүл мэндийн байдал, бага насны хүүхэдтэй ар гэрийн болон хувийн байдлыг харгалзан үзэж, түүнд оногдуулсан 7 жил 8 сарын хорих ялыг багасгаж 6 жил 8 сарын хугацаагаар хорих ял болгон хөнгөрүүлэн өөрчлөх боломжтой гэж үзлээ.

Иймд шүүгдэгч Б.Д-, түүний өмгөөлөгч Ц.Дэлгэрням нарын “ял шийтгэлийг хөнгөрүүлэх” талаар гаргасан давж заалдах гомдлын хэсгийг хүлээн авч, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг оруулж, бусад шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Анхан шатны шүүх шүүгдэгч А.М-, А.Н- нарт оршин суух дүүргийн нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглохдоо болон мөн шүүгдэгч Б.Д-гийн хүүхдэд асран хамгаалагч тогтоохдоо тэдгээрийн оршин суугаа дүүргийн нутаг дэвсгэрийн нэгжийг тус тус орхигдуулсны гадна насанд хүрээгүй хүүхдийн нэр, регистрийг бичилгүй орхисныг зөвтгөв. 

Шүүгдэгч А.Н- нь хэргийг давж заалдах шатны шүүхэд хянагдах явцад 100900005406 дугаартай БЗД, СБД, ЧД ЭХАШШТГ Барьцаа гэх дансанд 600.000 төгрөг төлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар улсын орлого болгох нь зүйтэй.

             Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...Шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчилсөн тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулж тооцно...” гэсний дагуу шүүгдэгч Б.Д-, А.Н-, М.М- нар нь анхан шатны шүүхийн шийдвэр гарсан 2025 оны 10 дугаар сарын 02-ны өдрөөс энэ өдрийг хүртэл нийт 132 хоног цагдан хоригдсоныг тэдгээрийн ял эдлэх хугацаанд нь оруулан тооцов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 2025/ШЦТ/2282 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтын “... шүүгдэгч Б.Д-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад зааснаар 7 жил 8 сарын хугацаагаар хорих ял...” гэснийг “... шүүгдэгч Б.Д-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад зааснаар 6 /зургаа/ жил 8 /найм/ сарын хугацаагаар хорих ял...” гэж,

тогтоох хэсгийн 5 дахь заалтын “... шүүгдэгч А.М-, А.Н- нарт оршин суух дүүргийн нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглох, ...” гэснийг “... шүүгдэгч А.М-ыг Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрээс, шүүгдэгч А.Н- Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс гарч явахыг тус тус хориглох, ...” гэж,

тогтоох хэсгийн 9 дэх заалтын “Шүүгдэгч Б.Д-гийн хүүхдэд асран хамгаалагч, харгалзан дэмжигч тогтоохыг харьяа Дүүргийн Засаг даргад даалгасугай.” гэснийг “Шүүгдэгч Б.Д-гийн хүүхэд  Д- овогтой М-д /РД: М-/ асран хамгаалагч, харгалзан дэмжигч тогтоохыг Баянзүрх дүүргийн Засаг даргад даалгасугай.” гэж тус тус өөрчилж, тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Н- нь 100900005406 дугаартай “БЗД, СБД, ЧД ЭХАШШТГ Барьцаа” гэх дансанд 600.000 төгрөг төлснийг улсын орлогод оруулсугай.

3. Шүүгдэгч А.Н-, түүний өмгөөлөгч Д.Чинзориг, шүүгдэгч Б.Д-, түүний өмгөөлөгч Ц.Дэлгэрням, шүүгдэгч М.М-ын өмгөөлөгч С.Түвшинжаргал нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Д-, А.Н-, М.М- нар нь 2025 оны 10 дугаар сарын 02-ны өдрөөс хойш тус бүр 132 /нэг зуун гучин хоёр/ хоног цагдан хоригдсоныг тэдгээрийн ял эдэлсэн хугацаанд тус тус оруулан тооцсугай.

5. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                                                                       Л.ГАЛБАДАР

ШҮҮГЧ                                                                       Т.АЛТАНТУЯА

            ШҮҮГЧ                                                                       М.АЛДАР