Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 09 сарын 06 өдөр

Дугаар 204/МА2021/00015

 

Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Л.Нямдорж даргалж, Ерөнхий шүүгч Н.Энхмаа, Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч В.Цэцэнбилэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Өвөрхангай аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 145/ШЗ2021/00196 дугаар шийдвэртэй

Ч.Б-н нэхэмжлэлтэй “А овогтой Ч, Б овогтой Ч нарт 1992 оны 02 дугаар сарын 06-ны өдөр Ч овогтой Б үрчилсэн үрчлэлтийг хүчингүй болгуулах” тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор 2021 оны 07 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, шүүгч Л.Нямдоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Ч.Б, түүний өмгөөлөгч Б.Хандмаа /цахимаар/, нарийн бичгийн дарга Л.Төмөрбарс нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ч.Б нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Э.Б 2 дахь хүү болон мэндэлсэн. Ч.Б намайг 1992 оны 02 дугаар сарын 06-ны өдөр *** овогт А.Ч буюу манай өвөө, Б овогт Ч.У буюу манай эмээ нар үрчилж авсан. Иймд миний бие өөрийн төрсөн эцэг болох Э овогтой Бщ нэрээр овоглох хүсэлтэй байх тул өмнөх үрчлэлтийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 145 дугаар зүйлийн 145.1-д зааснаар нэхэмжлэгч Ч.Б-н гаргасан “А овогтой Ч, Б овогтой Ч нарт 1992 оны 02 дугаар сарын 06-ны өдөр Ч овогтой Б үрчилсэн үрчлэлтийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд нэхэмжлэгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдан шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Хандмаа гаргасан давж заалдах гомдолдоо: Өвөрхангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 196 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Үүнд;

Нэг. Шүүх нэхэмжлэгч Ч.Б-н гаргасан нэхэмжлэл бүрдүүлсэн нотлох баримтуудыг үнэлээд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох шийдвэр гаргажээ. Шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон хууль зүйн үндэслэл нь Гэр бүлийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан үрчлэлтийг хүчингүйд тооцох нөхцөл байдал нотлогдож тогтоогдоогүй гэсэн байна. Энэ нь үндэслэлтэй билээ. Учир нь нэхэмжлэгч Б-д Гэр бүлийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.2-т шаардлагатай гэж үзвэл бусад үндэслэлээр шүүх үрчлэлтийг хүчингүйд тооцож болно гэсэн үндэслэлээр үрчлэлтээ хүчингүйд тооцуулах нөхцөл байдал бий болоод байгаа билээ. Учир нь Ч.Б нь одоо төрсөн аав Э.Б, төрүүлсэн ээж Ч.О нарын хамт амьдарч байгаа бөгөөд Ч.Б-г 1990 онд төрөхөд нь ээж аав хоёр нь гэрлэлтээ батлуулаагүй байсан тул өөрийн ээж Ч.О овоглосон байдаг. 1992 онд Ч.Б-н аав, ээж хоёр нь өмч хувьчлалд хамрагдан хувьцаа авахын тулд хүүгээ өвөө А.Ч-д үрчлүүлсэн байдаг. Ингээд Э.Б, Ч.О нар нь 1992 оны 10 сард хүүгээ үрчлүүлснээсээ хойш гэрлэлтээ албан ёсоор батлуулсан байдаг ч Ч.Б нь Э.Б цусан төрлийн ганц хүү нь тул ургийн овог болон ааваараа овоглох шаардлага бий болж овгоо солиулахаар Өвөрхангай аймгийн Иргэний бүртгэлийн байгууллагад хандсан боловч төрсний бүртгэл нь анх ээжээрээ овоглосон тул одоо Ч гэж хүнээс дахин 3 дах хүнээр буюу аав Б-р овоглох хууль зүйн боломж байхгүй гэсэн байдаг. Харин Иргэний бүртгэлийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.8 дахь хэсэгт “Үрчлэлтийг хүчингүй болсонд тооцсон тухай шүүхийн шийдвэрийг үндэслэн улсын бүртгэгч тухайн бүртгэлд өөрчлөлт оруулж, төрсний бүртгэлийг сэргээнэ гэсэн заалтыг үндэслэн үрчлэлтээ хүчингүйд тооцуулчихвал ээж Ч.О-р овоглоод ээж Ч.О-н овгийг эцэг Э.Б-р солих хууль зүйн боломжтой гэсэн хариу өгсөн байдаг. Иймд Ч.Б-ын хувьд үрчлэлтийг хүчингүйд тооцуулсны үндсэн дээр өөрийн төрсөн эцгээрээ овоглох хууль зүйн шаардлага бий болоод байна.

Хоёр. Ч.Б нь нэхэмжлэлдээ болон шүүхэд гаргаж өгсөн нотлох баримт, тайлбарууд дээрээ энэ талаараа дэлгэрэнгүй бичээгүй мөн тайлбарлаагүй байдаг. Үрчлэлтээ хүчингүйд тооцуулна гээд байсан болохоос ямар учраас үрчлэлтийг хүчингүйд тооцуулах хүсэлтэй байгаагаа шүүхэд ойлгуулж чадаагүй байна.

Иймд Өвөрхангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 196 дугаартай шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх хэсэгт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэж өгнө үү гэжээ.

                                                          ҮНДЭСЛЭХ нь:

         Ч.Б нь шүүхэд “А овогтой Ч, Б овогтой Ч нарт 1992 оны 02 дугаар сарын 06-ны өдөр Ч овогтой Б /ЙК90021816/-ыг үрчилсэн үрчлэлтийг хүчингүй болгуулах” тухай хүсэлт гаргажээ.

    Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 134 дүгээр зүйлийн 134.2-т “Энэ хуулийн 133 дугаар зүйлд заасан хэргийг шүүх хүсэлт гаргасан этгээд, холбогдох хуулийн этгээд, иргэнд мэдэгдсэний үндсэн дээр тэдний хүсэлтийн дагуу хянан шийдвэрлэнэ.”, 145 дугаар зүйлийн 145.3.-т “Хүүхэд үрчилснийг хүчингүйд тооцуулах тухай хэргийг хянан хэлэлцэхдээ үрчлүүлэгч, үрчлэн авагч талуудыг шүүх хуралдаанд оролцуулна.” гэж заасныг зөрчсөн байна.  

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.3-т зааснаар зохигчдын хуулиар олгогдсон эрхийг хангалгүй хэргийг хянан шийдвэрлэсэн гэж үзэх үндэслэлтэй байх тул шийдвэрийг хүчингүй болгох хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

            Давж заалдах шатны шүүхээс  маргааны талаар эрх зүйн дүгнэлт хийгээгүй, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн гэсэн үндэслэлээр хүчингүй болгосон тул хүсэлт гаргагч Ч.Б-оос давж заалдах гомдол гарахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг буцаан олгохоор шийдвэрлэв.

Хэрэг хянан шийдвэрлэх онцгой ажиллагаа нь нэхэмжлэлээр үүсэх иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас ялгаатай.

Хуульд заасан эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхол нь зөрчигдсөн гэж үзвэл иргэн, хуулийн этгээд өөрийн болон бусдын нэрийн өмнөөс зөрчигдсөн эрхээ хамгаалуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргадаг бөгөөд шүүх эсрэг сонирхол бүхий нэхэмжлэгч, хариуцагч нарыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулж, мэтгэлцэх зарчмын үндсэн дээр шийдвэр гаргадаг.

Харин онцгой ажиллагааны журмаар шүүх эрх үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болоход нөлөөлөх үйл явдал болон эрх зүйн байдлыг  тогтоодог тул энэ хэрэгт эсрэг сонирхол бүхий маргалдагч тал байдаггүй, тухайн иргэнээс шүүхэд гаргасан хүсэлтийг шийдвэрлэдэг.

Гэтэл анхан шатны шүүх Ч.Б-н “нэхэмжлэлтэй хэрэгт” иргэний хэрэг үүсгэж, улмаар нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэжээ. Шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115, 116, 118 дугаар зүйлийн шаардлагыг бүрэн хангасан байх учиртай бөгөөд ”хүсэлтийг хангаж” эсвэл "хүсэлтийг хэрэгсэхгүй болгох", "хүсэлттэй хэргийг хэрэгсэхгүй болгож" шийдвэрлэх ёстой болохыг дурьдах нь зүйтэй.

 Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-т  заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 1. Өвөрхангай аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 145/ШЗ2021/00196 дугаар шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 2. Хүсэлт гаргагч Ч.Б-с давж заалдах гомдол гарахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.   

 3. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 4. Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар  талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногт  шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах  үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг  мэдэгдсүгэй.