Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 08 сарын 13 өдөр

Дугаар 609

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж,

нарийн бичгийн дарга: Ч.Амаржаргал;

улсын яллагч: Д.Мөнхтогоо;

өсвөр насны шүүгдэгч: Д.Г, түүний хууль ёсны төлөөлөгч Д.Золзаяа, тэдний өмгөөлөгч Д.Сувд-Эрдэнэ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд хаалттай хийсэн хуралдаанаар,

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Г-д холбогдох эрүүгийн 1709009570116А дугаартай хэргийг 2018 оны 07 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

  Монгол Улсын иргэн, 2000 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 17 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажил, сургуульгүй, ам бүл 6, эгч, хүргэн ах, 3 дүүгийн (эгчийн хүүхэд) хамт Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо, Шархад 42 дугаар гудамж, 640А тоотод оршин суух, ял шийтгэлгүй, УК00301616 регистерийн дугаартай, иргэний шинэчилсэн бүртгэлд хамрагдаагүй, ургийн овог аваагүй, Д.Г.

 

Прокуророос үйлдэж ирүүлсэн яллах дүгнэлтээр:

 Өсвөр насны яллагдагч Д.Г нь Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо, Бэлхийн 43 дугаар гудамжны 47 тоотод байрлах Б.Эрдэнэцэцэгийн хүн байнга амьдардаг байшингийн цонхоор 2017 оны 09 дүгээр сарын 11-ний 11 цагийн үед хууль бусаар нэвтэрч эмэгтэй хүний шаргал өнгийн /монетан/ гинж, бөгж зэргийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авч 700000 төгрөгийн хохирол учруулсан,

 мөн Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо, Хадатын 4-7Б тоотод байрлах Н.Наранцэцэгийн зуслангийн хүн байнга амьдардаг байшингийн цонхоор 2017 оны 08 дугаар сарын 28-ны 13 цагийн үед хууль бусаар нэвтэрч гар дрилл, 32 инчийн ЛСД зурагт, хар өнгийн унадаг дугуйг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжпэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт өсвөр насны шүүгдэгч Д.Г мэдүүлэхдээ: Үйлдсэн хэрэгтээ маш их гэмшиж байна, дахиж хэрэг хийхгүй гэв.

 

           Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд хохирогч Н.Наранцэцэг /хх-ийн 23-24, 26/, Б.Эрдэнэцэцэг /хх-ийн 73-74/, гэрч Д.Ядмаа /хх-ийн 27-28/, Н.Мөнхцэцэг /хх-ийн 31-32/, О.Ганхуяг /хх-ийн76/ нарын мэдүүлгүүд, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №4804 дугаартай дүгнэлт /хх-ийн 80-81/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, уг ажиллагааны явцад бэхжүүлэн авсан гэрэл зургийн үзүүлэлт, /хх-ийн 10-17, 63-68/, 32 инчийн “КОНКА” загварын зурагт, “Шимано” загварын уулын дугуй, цахилгаан дрил зэрэг эд зүйлсийг хохирогч Н.Наранцэцэгт хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 18/, “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлангууд /хх-ийн 35-36, 94-95/, Д.Ган-Эрдэнийн яллагдагчаар хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд /хх-ийн 130-131, 135-136/, Д.Ган-Эрдэнийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 42-43,45, 51, 97, 99, 113, 118-120, 122/, эрүүгийн хэргийг нэгтгэх тогтоол /хх-ийн 56/  зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх хуралдаанаар дараах нөхцөл байдал тогтоогдов.

   Д.Г нь 2 удаагийн үйлдлээр айлын гэрт нууцаар нэвтэрч буюу 2017 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 11 цагийн үед Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо, Бэлхийн 43 дугаар гудамжны 47 тоотод байрлах Б.Эрдэнэцэцэгийн байшингаас эмэгтэй хүний шаргал өнгийн /монетон/ гинж, бөгж зэргийг,

  2017 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 13 цагийн үед Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо, Хадатын 4-7Б тоотод байрлах Н.Наранцэцэгийн зуслангийн  байшингаас гар дрилл, 32 инчийн ЛСД зурагт, хар өнгийн унадаг дугуйг тус тус хууль бусаар авч явсан байна.

 

Энэ үйл баримт нь шүүхийн хэлэлцүүлэг, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдоно. Үүнд:

 

  хохирогч Н.Наранцэцэгийн /хх-ийн 23-24, 26/: “...Манай гэрээс хулгай хийсэн хүүхэд гэрээс гараад зам дагаад явж байхад нь манай дүү замаас нь тосож хараад байсан чинь бараан өнгийн 45-40 УБТ улсын дугаартай суудлын машинд суугаад явахаар нь над руу утсаар “эгчээ та замаас нь тосоод аваарай, нөгөө танай гэрээс хулгай хийсэн байж болзошгүй хүүхэд машинтай явж байгаа шүү” гэхээр нь машиныг замд саатуулж зогсооход дотор нь цагаан өнгийн малгайтай, чихэвч зүүсэн, бараан өнгийн үүргэвчтэй хүүхэд манай зурагтыг аваад явж байсан. Гэрээс алдагдсан эд зүйлсээ бүгдийг нь хүлээж авсан. Хулгайч манайх руу орохдоо байшингийн вакум цонхыг түлхэж орсон байсан, ямар нэгэн гомдол, санал байхгүй...” гэх мэдүүлгээр,

 

 гэрч Д.Ядмаагийн /хх-ийн 27-28/: “... Бэлхийн эцэс ороод зогсож байтал нэг хүүхэд ирээд “Шарх хад явъя” гэж хэлсэн. “Яах гэж байгаа юм” гэхэд “гэрээсээ зурагтаа аваад Шар хаданд очиж янзлуулна” гэж хэлсэн. Тэгээд замаар өгсөж яваад Хадат орсон, “би зурагтаа аваад гараад ирнэ” гэж хэлээд хаалгыг татаж үзэж байгаад хашаагаа даваад орсон. Тэгээд зурагт тэврээд гарч ирсэн, бид хоёр явсан...” гэх мэдүүлгээр,

 

 гэрч Н.Мөнхцэцэгийн /хх-ийн 31-32/: “...Гэртээ ирээд Наранцэцэг эгчийн байшингийн цонхоор нь харахад 1 давхарт байсан хар өнгийн унадаг дугуй, бас зурагтыг нь хулгайлчихсан байсан. Би хашаанаас нь гарч байтал ОО-ын дэргэд зурагтыг нь тавьчихсан байсан. Гэрийнхээ ойр орчимоор явж байтал эгчийн байшингийн гадаа 45-40 УБТ улсын дугаартай машин ирж зогсоод буцаад хөдөлсөн. “Тухайн дугаартай машин явж байвал цагдаад хэлээрэй” гэж эгчдээ хэлсэн...” гэх мэдүүлгээр,

 

 “... Шинжилгээнд ирүүлсэн №1 дугаарын хулгай орсон цонхны дотор талаас бэхжүүлж авсан гэх 1 ширхэг гарын мөр нь Долгорсүрэнгийн Ган-Эрдэнийн баруун гарын долоовор хурууны дардастай тохирч байна..., гарын хээний дардас нь 2 удаа бүртгэгдсэн...” гэсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №4804 дугаартай дүгнэлтээр /хх-ийн 80-81/

 

хохирогч Б.Эрдэнэцэцэгийн /хх-ийн 73-74/: “...Гэртээ ирээд хашааныхаа хаалгыг онгойлготол манай байшингийн 1 давхарын цонхоор байшин дотор хүн байх шиг харагдахаар нь байшингаа тойроод арынхаа цонхон дээр очиход цагаан өнгийн канттай, хар өнгийн малгайтай цамц өмссөн эрэгтэй хүн гараад зугтаасан, би араас нь хөөгөөд явж байхад зугтааж байгаа хүн нь манай хамаатны залуу болох Ган-Эрдэнэ байгааг нь таньсан. Гэрээс эмэгтэй хүний гинж, ээмэгний өрөөсөн алга болсон, нэхэмжлэх зүйл байхгүй…” гэх мэдүүлгээр болон хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, уг ажиллагааны явцад бэхжүүлэн авсан гэрэл зургийн үзүүлэлт, /хх-ийн 10-17, 63-68/, 32 инчийн “КОНКА” загварын зурагт, “Шимано” загварын уулын дугуй, цахилгаан дрил зэрэг эд зүйлсийг хохирогч Н.Наранцэцэгт хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 18/, “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлангууд /хх-ийн 35-36, 94-95/, Д.Ган-Эрдэнийн яллагдагчаар хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд /хх-ийн 130-131, 135-136/ зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Дээрх нотлох баримтууд “хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, хохирогч нар эд зүйлээ хулгайд алдсанаа мэдүүлсэн, шүүгдэгч нь хохирсон иргэдийн хөрөнгийг гэрт нь нэвтэрч нууцаар авсан болохыг мөрдөн байцаалтад сайн дураар мэдүүлсэн, хохирогч нарын хулгайд алдсан хөрөнгийн үнэлгээг эд зүйлийн үнэлгээгээр тогтоосон” зэрэг үйл баримтуудыг агуулж байх тул энэ хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж шүүх үзсэн болно.

 

Шүүх хуралдаанаар тогтоогдсон дээрх хэргийн нөхцөл байдалд үндэслэн өсвөр насны шүүгдэгч Д.Г нь 2 удаагийн үйлдлээр хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч буюу 2017 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 11 цагийн үед Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо, Бэлхийн 43 дугаар гудамжны 47 тоотод байрлах Б.Эрдэнэцэцэгийн байшингийн цонхоор нэвтэрч эмэгтэй хүний шаргал өнгийн /монетон/ гинж, бөгж зэргийг,

  2017 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 13 цагийн үед Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо, Хадатын 4-7Б тоотод байрлах Н.Наранцэцэгийн зуслангийн  байшингийн цонхоор нэвтэрч гар дрилл, 32 инчийн ЛСД зурагт, хар өнгийн унадаг дугуйг тус тус хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар хулгайлан авсан гэж шүүх дүгнэв.

 

Ийнхүү айлын гэрт хууль бусаар нэвтэрч бусдын хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууц далд аргаар, хууль бусаар, зөвшөөрөлгүйгээр, шунахай сэдэлтээр авсан Д.Ган-Эрдэнийн санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан “хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар өсвөр насны шүүгдэгч Д.Ган-Эрдэнийн “хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруу хөдөлбөргүй нотлогдсон гэж дүгнэж түүнд Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх үндэстэй.

 

Прокуророос өсвөр насны шүүгдэгч Д.Ган-Эрдэний үйлдсэн хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсан гэмт хэргийг зүйлчлэхдээ хулгайн үйлдэл тус бүрт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллахаар дүгнэлт үйлдсэнтэй шүүх санал нийлэхгүй байна.

 

Өсвөр насны шүүгдэгч нь нэг төрлийн хэргийг цаг хугацааны завсарлагатайгаар 2 удаа үйлдсэн байх бөгөөд тусгай давталттай холбоотой уг нөхцөл байдлыг Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлд уг гэмт хэргийн хүндрүүлэх шинжээр тогтоогоогүй тул бие даасан эхлэл төгсгөлтэй, 2 өөр хугацаанд үйлдэгдсэн нэг төрлийн 2 үйлдлийг тус тусд нь зүйлчлэх шаардлагагүй юм.

 

Ийм учраас өсвөр насны шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан хүндрүүлэх бүрэлдэхүүнээр нь нэгтгэн зүйлчлэх хууль зүйн үндэслэлтэй.

 

Шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн төлбөрийн асуудлыг дараах байдлаар шийдвэрлэв.

 

Өсвөр насны шүүгдэгч Д.Г нь хохирогч Н.Наранцэцэгийн гэрээс хулгайлсан эд зүйлсээ биет байдлаар түүнд буцааж өгсөн, хохирогч Б.Эрдэнэцэцэг “нэхэмжлэх зүйлгүй” гэсэн тул түүнийг хохирогч нарт төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Д.Г нь гэмт хэрэг үйлдэх үедээ арван дөрвөн насанд хүрсэн ба арван найман насанд хүрээгүй байсан тул түүнд Эрүүгийн хуулийн 8 дугаар бүлэгт заасан үндэслэл, журмын дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэв.

 

Шүүх эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан өсвөр насны шүүгдэгч Д.Г-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан төрөл, хэмжээний дотор 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулахаар шийдвэрлэв.

 

Өсвөр насны шүүгдэгч Д.Г нь анх удаа хорих ялын дээд хэмжээг найман жил хүртэл тогтоосон гэмт хэрэг үйлдсэн бөгөөд түүний нас, бие, эрүүл мэнд, ёс суртахуун, сэтгэцийн онцлог зэргийг харгалзан нийгэмд өөрийн байр суурийг олоход туслах, боловсрол эзэмшүүлэх, үйлдсэн гэмт хэргийнх нь хор уршгийг ухамсарлуулахад чиглэж хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг 2 жилийн хугацаагаар хойшлуулж, уг хугацаанд хөдөлмөрлөх, амьдрах зөв арга барилд сургах, гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтанд хамрагдах үүрэг хүлээлгэв.

 

Хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Прокуророос өсвөр насны шүүгдэгч Долгорсүрэнгийн Ган-Эрдэнийн 2 удаагийн хулгайн үйлдэл тус бүрийг тус тусд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар зүйлчилж ирүүлснийг нэгтгэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар хөнгөрүүлэн зөвтгөн зүйлчилсүгэй.

 

2. Өсвөр насны шүүгдэгч Долгорсүрэнгийн Ган-Эрдэнийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 1, 8.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар өсвөр насны шүүгдэгч Д.Ган-Эрдэнийг 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Д.Г-д 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг 2 жилийн хугацаагаар хойшлуулсугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д заасныг баримтлан өсвөр насны шүүгдэгч Д.Г-д 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан хугацаанд зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтанд хамрагдах үүрэг хүлээлгэсүгэй.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Д.Г урьд 74 хоног цагдан хоригдсоныг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.

 

7. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

8. Өсвөр насны шүүгдэгч Д.Г, түүний хууль ёсны төлөөлөгч Д.Золзаяа нар нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

 

9. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд өсвөр насны шүүгдэгч Д.Г-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

10. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

11. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол өсвөр насны шүүгдэгч Д.Г-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Б.МӨНХ-ЭРДЭНЭ