| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Довдоны Очмандах |
| Хэргийн индекс | 2503007580914 |
| Дугаар | 2026/ДШМ/41 |
| Огноо | 2026-01-08 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | М.Билгүүтэй |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 01 сарын 08 өдөр
Дугаар 2026/ДШМ/41
2026 01 08 2026/ДШМ/41
Н.Б-ид холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Г.Есөн-Эрдэнэ, шүүгч Д.Очмандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор М.Билгүүтэй,
шүүгдэгч Н.Б-ийн өмгөөлөгч Ц.Нармандах,
нарийн бичгийн дарга Э.Даваадулам нарыг оролцуулан,
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 2025/ШЦТ/2442 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Н.Б давж заалдах гомдол гаргасныг үндэслэн түүнд холбогдох эрүүгийн 2503007580914 дугаартай хэргийг 2025 оны 12 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Очмандахын илтгэснээр хянан хэлэлцэв.
Т овгийн Н-ын Б, .................... тоотод оршин сууж байгаа, урьд ял шийтгэлгүй;
Шүүгдэгч Н.Б- нь 2025 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 02 цаг 40 минутын үед ....... дүүргийн ..... дүгээр хороо, Х-ын замд Тоуоtа Рrius загварын 0000 ААА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-т “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, мөн дүрмийн 16.1-т “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас явган зорчигч Ц.О-ыг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулан гэмт хэрэгт холбогджээ.
Тээврийн прокурорын газраас: Н.Б-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Т овогт Н-ын Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 8,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 8,000,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд биелүүлэх, биелүүлээгүй бол хорих ялаар солихыг мэдэгдэж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар 224,000 төгрөгийг гаргуулан иргэний нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт олгож, хохирогч Ц.О нь цаашид гарах эмчилгээний зардал, гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирлын талаарх нотлох баримтаа хуульд заасны дагуу бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Н.Б давж заалдах гомдолдоо: “...Миний бие үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж хохирогчид эмнэлгийн тусламж үзүүлж, хохирогчийн имра зураг авахуулж, бүрэн шинжилгээ хийлгэж цаашид гарах зардалд нь бэлэн мөнгө өгсөн. Энэ тухай баримтаа тухайн үед намайг шалгаж байсан цагдаагийн ахмад Б.Цогцолмонд эх хувиар нь гаргаж өгсөн. Гэтэл шүүх хурал болох үед намайг баримтаа гаргаж өгөөгүй байна, төлбөр тооцоо хийсэн юмуу гэж шүүгч асуухад баримт минь байхгүй байгааг мэдсэн. Хохирогчийг шаардлагатай эмнэлгээр явах бүх зардлыг төлж эмнэлэгт үзүүлээд хамгийн сүүлд бэлэн мөнгө өгөөд явуулсан. Надад ямар нэгэн гомдол байхгүй, сэтгэл санааны хохирол нэхэмжлэхгүй гэж бичиж өгөөд явсан. Мөрдөн шалгах ажиллагаанд саад учруулаагүй, дэмжлэг үзүүлэн оролцсон. Улсын яллагчаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 жил тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн хасаж, 4,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 4,000,000 төгрөгөөр торгох ялын санал гаргасан боловч шүүхээс 8,000 мянган нэгжтэй тэнцэх буюу 8,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулж байгаад гомдолтой байна.
Шүүгдэгч Н.Б- би эхнэр, хоёр хүүхдийн хамт амьдардаг бөгөөд ипотекийн зээлтэй. Энэ хэргээс болж өнөөдөр зээлээ төлж чадахгүй нөхцөл байдал үүслээ. Миний хувьд мэргэжил байхгүй, машин барьж амьдралаа залгуулж ирсэн. Тухайн хэрэгт холбогдсондоо үнэхээр их харамсаж, гэмшиж байгааг минь харгалзан үзнэ үү. Шүүгдэгч Н.Б- би урьд нь ял шийтгэгдэж байгаагүй, тухайн өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй, хохирогчид шууд эмнэлгийн тусламж үзүүлсэн бөгөөд учруулсан хохирлоо бүрэн төлсөн байхад шүүх хөнгөрүүлж үзээгүйд гомдолтой байгаа тул шийтгэх тогтоолыг өөрчилж, ял хөнгөрүүлж өгнө үү. ...” гэжээ.
Шүүгдэгч Н.Б-ийн өмгөөлөгч Ц.Нармандах шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Прокурор шүүх хуралдаанд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу 4000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, 3 жилээр тодорхой эрх хасах ял оногдуулах саналыг гаргасан байхад, анхан шатны шүүх прокурорын санал хууль зөрчсөн эсхүл шүүх хуралдаанаар шинээр илэрсэн, ял шийтгэлд нөлөөлөхүйц нөхцөл байдал тогтоогдоогүй байхад тодорхой, үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй атлаа шүүгдэгчийн байдлыг дордуулж, ял шийтгэлийг нэмэгдүүлэн оногдуулсан нь хууль зүйн үндэслэлгүй гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна.
Анхан шатны шүүх шийтгэх тогтоолдоо “шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан, гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, нийгэмшүүлэх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор 8000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулсан” гэж дүгнэсэн байгаа ч Эрүүгийн хуулийн ялын зорилго гэдэг нь оногдуулах ялын ерөнхий чиглэлийг тодорхойлсон ойлголт болохоос, прокурорын саналаас илүү хүнд ял оногдуулах бие даасан, шууд хууль зүйн үндэслэл болохгүй юм гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан гэмт хэрэг нь болгоомжгүй шинжтэй бөгөөд ийм төрлийн хэрэгт шүүгдэгчийн хувийн байдал, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг онцгойлон харгалзан үзэх ёстой. Гэтэл анхан шатны шүүх уг хөнгөрүүлэх нөхцөл байдалд бодит ач холбогдол өгөөгүй байна. Миний үйлчлүүлэгчийн хувьд анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг бүрэн төлсөн, согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй, цагдан хоригдоогүй, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй зэрэг олон хөнгөрүүлэх нөхцөл байдал давамгайлж байхад анхан шатны шүүх ямар бодит нөхцөл байдал ял шийтгэлийн хэмжээнд нөлөөлсөн болохыг шийтгэх тогтоолд тодорхой дурдан тайлбарлаагүй тул уг шийдвэр нь үндэслэлгүйд тооцогдохоор байна гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, ялыг хөнгөрүүлэн, прокурорын саналд нийцүүлж 4000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялаар өөрчлөн шийдвэрлэж өгөхийг, эсхүл ялыг зохих хэмжээгээр хөнгөрүүлж өгөхийг өмгөөлөгчийн зүгээс хүсэж байна. Мөн тодорхой эрх хасах нэмэгдэл ялыг заавал оногдуулах хууль зүйн шаардлагагүй бөгөөд хуульд зааснаар оногдуулахгүй байх боломжтой, шүүх сонгож хэрэглэх бүрэн боломжтой. ...” гэв.
Прокурор М.Билгүүтэй шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхээс оногдуулсан ял нь эрүүгийн хариуцлагын зорилго болох гэмт хэрэг үйлдсэн этгээдийг нийгэмшүүлэх, цээрлүүлэх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэхэд тохирсон, үндэслэлтэй шийдвэр гэж үзэж байна. Анхан шатны шүүхийн шийтгэл нь хуульд заасан хүрээнд, хэрэгт тогтоогдсон нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал болон гэмт хэргийн шинж чанарт нийцсэн бөгөөд ялын төрөл, хэмжээг үндэслэлгүй гэж үзэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Мөн анхан шатны шүүх хуралдаанд улсын яллагчийн зүгээс торгох ял оногдуулах санал гаргасан нь хууль зүйн үндэслэлтэй байсан гэж үзэж байна. Харин торгуулийн ялын хэмжээг хэрхэн, ямар хэмжээнд оногдуулах нь шүүхийн эрх хэмжээний асуудал бөгөөд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох, өөрчлөх хууль зүйн үндэслэл тогтоогдоогүй тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг давж заалдах гомдолд заасан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.
Шүүгдэгч Н.Б-ид холбогдох эрүүгийн 2503007580914 дугаартай хэргийн үйл баримтын талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг мөрдөн шалгах ажиллагаагаар хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил тогтоогдсонгүй.
1. Хавтас хэрэгт авагдсан нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан, тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийсэн байна.
Шүүгдэгч Н.Б- нь 2025 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 02 цаг 40 минутын үед ....... дүүргийн ..... дүгээр хороо, Х-ын замд Тоуоtа Рrius загварын 0000 ААА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-т “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, мөн дүрмийн 16.1-т “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас явган зорчигч Ц.О-ыг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулан болох нь зам тээврийн осол дээр тогтоосон акт, хэмжилтийн бүдүүвч /хх-ийн 5-6/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, хэргийн газар дээр авсан гэрэл зургууд /хх-ийн 7-11/, хохирогч Ц.О-ын: “...зам хөндлөн гаргах гээд зорчих хэсгийн гарцтай хэсгээр гарах гээд урдаас хойшоо чиглэлд хойд талын зорчих хэсгийн 1 дүгээр эгнээнд тээврийн хэрэгсэлд мөргүүлсэн. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 17/, 2025 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн ЕГ0725/8512 дугаар: “...Ц.О-ын биед баруун тахилзуур ясны хугарал, баруун 4-р хавирганы цууралт, дух, баруун зовхи, цээж, баруун бугалга, тохой, шуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-д зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 20-21/, 2025 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 0001096 дугаар: “...Хохирогч Ц.О нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчөөгүй байна. “Тоуоtа Рrius” маркийн 0000 ААА улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Н.Б нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-т “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, 16.1-т “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөн нь осол хэрэг үйлдэгдэх шалтгаан болсон гэж үзэх нөхцөл байдал тогтоогдож байна...” гэх мөрдөгчийн магадалгаа /хх-ийн 38/ зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хянан хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогджээ.
2. Шүүгдэгч Н.Б-ийн тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-т “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, мөн дүрмийн 16.1-т “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас явган зорчигч Ц.О-ыг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан “Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэргийн 1 дэх хэсэгт заасан “...Тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан...” гэсэн шинжийг бүрэн агуулсан байна.
Анхан шатны шүүхийн хэргийн талаар хийсэн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн, шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэн Н.Б-ийн үйлдсэн хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилжээ.
3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хасаж хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял...”-ыг оногдуулахаар заасан.
Шүүгдэгч Н.Б-ид тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хоёр жилийн хугацаагаар хасаж, торгох ялыг сонгон 8,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 8,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулсан нь түүний үйлдсэн гэмт хэргийнх нь гарцаар арч явсан зорчигийг мөргөж гэмтээсэн нийгмийн аюулын шинж чанар, хохирогчийг эмнэлэгт хүргэн эмчлүүлсэн хувийн байдалд тохирсон байна.
4. Хэрэгт хохирогч Ц.О-т хэдэн төгрөг хохиролд төлсөн, хохирогчийн биед шүүгдэгч Ц.Б-ийн учруулсан “баруун тахилзуур ясны хугарал, баруун 4-р хавирганы цууралт” гэмтлийн эдгэрэлтийн талаар нотлох баримт байхгүй байх тул анхан шатны шүүхийн “хохирогч Ц.О нь цаашид гарах эмчилгээний зардал, гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирлын талаарх нотлох баримтаа хуульд заасны дагуу бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар нэхэмжлэх эрхтэй” гэсэн шийдвэрийг үндэслэл бүхий байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
5. Иймд Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 2025/ШЦТ/2442 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Н.Б-ийн гаргасан “ял хөнгөрүүлэх” тухай давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 2025/ШЦТ/2442 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Н.Б-ийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ӨСӨХБАЯР
ШҮҮГЧ Г.ЕСӨН-ЭРДЭНЭ
ШҮҮГЧ Д.ОЧМАНДАХ