Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 09 сарын 06 өдөр

Дугаар 204/МА2021/00016

 

Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Л.Нямдорж даргалж, ерөнхий шүүгч Н.Энхмаа, Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч В.Цэцэнбилэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

        Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 146/ШШ2021/00146 дугаар шийдвэртэй

         Хархорин сумын “Э” ТБАГУТҮГ-ийн нэхэмжлэлтэй “Д” шашны байгууллагад холбогдох “Гэр дуганыг албадан нүүлгэж, газар чөлөөлүүлэх” тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ё.И-ийн гаргасан давж заалдах гомдлоор 2021 оны 08 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, шүүгч Л.Нямдоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

          Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Г.Г, нарийн бичгийн дарга Б.Уянгаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч *** сумын “Э” ТБАГУТҮГ нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон анхан шатны шүүхийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай байгууллага нь тус шүүхэд 2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр анх нэхэмжлэл гаргахдаа нэхэмжлэлийн шаардлагад дурдсан гэр-дуган гэх эд хөрөнгийг өмчлөгч, хариуцагч этгээд нь иргэн Д.Х-н буюу түүний тэргүүнээр ажилдаг “Цогчин хурал” гэж үзээд хариуцагчаар татан нэхэмжлэл гаргасан байсан. Гэтэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Улсын бүртгэлийн 10180001004 дугаартай регистрийн 8133514 дугаартай “Д” шашны байгууллага болох нь хариуцагчийн тайлбар, шүүхэд гаргаж өгсөн нотлох баримтууд, бусад баримтуудаар тодорхой болсон. Иймд Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1,106 дугаар зүйлийн 106.1, 106.2, Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.3.3-т заасныг баримтлан “Д" шашны байгууллагад холбогдуулан байгууллагын өмч хөрөнгөө дээрх хуулийн этгээдийн хууль бус эзэмшлээс шаардах эрхийн дагуу өмчлөх эрх нь зөрчигдсөн гэж үзэж өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа бусдын үйлдлийг зогсоохыг эрх зөрчигч “Д” шашны байгууллагад даалгаж хууль бус эзэмшлээс газрыг чөлөөлүүлэх /манай байгууллагад эзэмшлийн газарт барьсан дээрх хуулийн этгээдийн өмч болох гэр дуганыг албадан нүүлгэж газрыг чөлөөлүүлэх/ нэхэмжлэл гаргаж байна.

2014 онд Соёлын өвийг хамгаалах тухай хууль шинэчлэгдэн батлагдсанаар түүх соёлын дурсгалт газруудад гэр барихыг хориглосон заалт орсон. Энэ үеэс эхлэн хяналтын байгууллагууд Эрдэнэзуу музейд удаа дараа хяналт шалгалт хийж, мэргэжлийн хяналтын байгууллагаас Соёлын өвийг хамгаалах тухай хууль зөрчиж гэр барин үйл ажиллагаа явуулж байгаа “Д”-ийн гэрийг нүүлгэх талаар хэлж байсан. Төрийн байгууллагын та нар хуулийн хэрэгжилтийг хангах ёстой гэж 2 удаагийн мэргэжлийн хяналтын байцаагчийн дүгнэлт зөвлөмж гаргасан. Энэ зөвлөмжийн дагуу “Д”-ийн тэргүүн Д.Х гэж хүнд байгууллагын зүгээс удаа дараа албан бичиг хүргүүлж байсан. Мэргэжлийн хяналтын Ерөнхий газрын байцаагч өөрийн биеэр ирж амаар гэрээ нүүлгэх талаар хэлтэл шүүхээр асуудлаа шийдүүлнэ гэж хэлсэн. Үүний дагуу манай байгууллагын зүгээс 2018 онд шүүхэд нэхэмжлэл гаргасан. Анхан болон давж заалдах шатны шүүхээс хэргийг манай талд шийдвэрлэж байсан. Хяналтын шатны шүүхээс уг хэрэг буцаж анхан шатны шүүхэд ирсэн байна. Бидний зүгээс Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн холбогдох заалтын дагуу хууль бус үйлдэл хийж гэр барин үйл ажиллагаа явуулж байгаа “Д”-ийн гэрийг чөлөөлүүлэх нэхэмжлэлийг шүүхэд гаргасан. Нэхэмжлэлээ дэмжиж байна гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Г нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэний хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1-т гуравдагч этгээдийн хувьд эд хөрөнгө эзэмшигч нь тухайн эд хөрөнгийн өмчлөгч гэж тооцогдоно гэж заасан байдаг. Мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-т өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй, мөн 106.2-т өмчлөгч өмчлөлийн зүйлээ эзэмшихтэй холбоогүй боловч өмчлөх эрх нь ямар нэгэн байдлаар зөрчигдсөн гэж үзвэл уг зөрчлийг арилгуулах, эсхүл өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоохыг эрх зөрчигчөөс шаардах эрхтэй гэж заасан байдаг. Эдгээрийг баримтлан нэхэмжлэгч талаас шүүхэд нэхэмжлэл гаргасан. Мөн Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн 45 дугаар зүйлийн 3.3-т заасныг “Д” зөрчсөн учир гэрийг нүүлгэж өгөөч гэсэн нэхэмжлэлийг гаргасан гэжээ.

Хариуцагч “Д” шашны байгууллага шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Э нь Монголчуудын Их хаадаас бүтээж, Дэлхийн хүн төрөлхтний соёлд оруулсан Бурхан шашны дахин давтагдашгүй соёлын их өв билээ. Монгол оронд Бурханы шашин гурвантаа дэлгэрч, 3 удаа буурсан түүхтэй. Анхны дэлгэрсэн газар нь Эрдэнэ Зуу билээ. Хүннү нарын үед анх Бурхан багшаа бүтээж, Өгөөдэй хаан бээр, Хархорин хот байгуулалтын ажилтай эн тэнцүүд авч үзэн, Эрдэнэ Зууг сэргээсэн ба Автай хаан өнөөдрийн гол Зуугийн сүмийг барьж эхлүүлсэн нь 3 удаагийн дэлгэрэлтийн анхны шүтээн болохыг Манзуширын хувилгаан Заваа Дамдин ламтны сүм бумд магтан мөргөсөн байдаг. Зуугаад жилийн өмнөх Заваа Дамдин ламтны магтаалд ирээдүй цагт Лалын цэргүүд 10 зүгээс босч ирэхэд цорын ганц аврал танд мөргөе хэмээн Эрдэнэ Зууг магтсан нь одоогийн террорист халдлагыг аль эрт мэдсэн нь гайхамшигтай байдаг. Эрдэнэ Зууг 1930-аад онд коммунист төр хэлмэгдүүлж 60 гаруй сүм дуганы 40 гаруйг нь туурь болгож, эрдэмтэн доктор лам нарыг шууд буудаж, дунд насны лам нарыг 10 жилийн ялаар шийтгэж, хүүхдүүдийг нь хөөж тараасан нь одоо Эрдэнэ Зуугийн өвөрмөц шашны зан үйл тасарч, 3 үеийн лам наргүй болоод байна. Үүнийг Монголын Төр, хэлмэгдүүлсэн алдаагаа засаж Бүгд найрамдах Монгол ард Улсын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн 1990 оны 02 дугаар сарын 22-ны 10 тоот тогтоолоор 1990 оноос Эрдэнэ Зуугийн уламжлалт хурлыг сэргээх болсон. Мөн Дэлхийн Өвийн Төв 2004 онд Дэлхийн соёлын өвд бүртгэхдээ Эрдэнэ Зуу бол зөвхөн музей бус, Орхоны хөндийн соёлын дурсгалт газрын чухал бүрэлдэхүүн, шашин соёлын амьд өв хэмээн бүртгэсэн байдаг. Манай Цогчин хурал Эрдэнэ Зуугийн уламжлалт 6 дацангийн нэг Цогчин дацанг сэргээж, хойч залуу үед уламжлан үлдээхээр ажиллаж байна. Манай дацан Эрдэнэ Зуу Дамбаравжаалин сангаар Эрдэнэ Зуугийн Цогчин дуганыг улсаас нэг ч төгрөг гаргалгүй сэргээхээр Дэлхийн Өвийн дэмжлэгийг авч, Боловсрол соёл шинжлэх ухааны Сайдын 2002 оны 04 дүгээр сарын 25-ны 114 тоот тушаал гаргуулж уг ажлыг эхлүүлсэн боловч музейн захиргаа элдэв шалтаг гаргаж бариулаагүй тул арга буюу өөр газар барьсан болно. Тэр ч байтугай шалгалт хийлгэж археологийн малтлага хийлгээгүй хэмээн худлаа дүгнэлт гаргаж байсан. Одоо музейн захиргаанаас Өвөрхангай аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2009 оны 06 дугаар сарын 10-ны 04 тоот тогтоолыг хэрэгжүүлж гэрээгээр ажиллаж байсныг зогсоож улмаар түүхэн уламжлалыг хадгалж буй Цогчин дацанг хөөж байгаа нь Бурханы шашны зан үйлийг жинхэнэ утгаар нь хойч үед үлдээхэд ноцтой хохирол учирч байна. Хэрэв Цогчин дацан Эрдэнэ Зуугаас гарвал 3 манаач, 2 бичээч шууд ажилгүй болж, цаашлаад 29 өрх гэрийн амьдрал хөндөгдөх болно.

Музейн шаардлага нь Олон улс ЮНЕСКО Дэлхийн Өвийн суурь зарчимтай зөрчилдөж байна. Их хаадаас уламжилж шүтсэн бурханы шашны голомт төв Эрдэнэ Зуугийн язгуур өөрчлөгдөн устаж Европ маягийн музейн стандартыг мөрдөх болж байна, Иргэний хуулийн иргэдийн шүтэх бишрэх эрх зөрчигдөж буйн илрэл нь Эрдэнэ Зуу шүтээнд өргөсөн өргөл нь музейн орлого болж байна. Гадаад орнууд өөрийн уламжлалт шашнаа төрийн бодлогоор санхүү болон бусад дэмжлэгүүдийг үзүүлж олон улсад түгээж байхад манай төр хавчин гадуурхаж мөхөөж байна. Үүний илрэл нь Цогчин дуганыг сэргээн барих ажлыг гадаад нөхцөл Олон улсын байгууллага ЮНЕСКО Дэлхийн Өв дэмжээд байхад Монголчууд өөрсдөө хойш татаж бариулаагүй. Сүүлийн үед хуулийг тодорхой хэсэг хүмүүсийн ашиг сонирхлоор засаж шударга заалтыг хасдаг, ёс бус зүйлийг нэмдэг нь тодорхой болж энэхүү хуулийн гажуудлаас бурханы шашин дахин хэлмэгдэх ёсгүйг анхаарч Монгол үндэстний язгуур эрх ашгийг эрхэмлэж баримт нотолгоог судалж үнэн зөв шийдэж өгөхийг хичээнгүйлэн хүсье гэжээ.

Анхан шатны шүүх Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1, 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.3.3-т зааснаар Өвөрхангай аймгийн Хархорин сумын “Эрдэнэзуу музей” ТБАГУТҮГ-ын нэхэмжлэлтэй, “Д” шашны байгууллагад холбогдох улсын хамгаалалттай түүх, соёлын дурсгалт газар “Эрдэнэзуу музей”-н хашаанд байрлах шашны үйл ажиллагаа явуулж буй гэр дуганыг албадан нүүлгэж, хууль бус эзэмшлээс газрыг чөлөөлөхөөр, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хариуцагчаас 70 200 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулахаар, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсмогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн хугацаа өнгөрмөгц хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдэн, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120,2-т зааснаар хүсэлт гаргагч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гарсан шүүхээр дамжуулан Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ё.И гаргасан давж заалдах гомдолдоо: Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 145/ШШ2021/00146 тоот шийдвэрийг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Соёлын өвийг хамгаалах тухай хууль батлагдаж түүх соёлын дурсгалт газарт гэр барихыг хориглосон ч гэсэн БНМАУ-ын АИХ-ын тэргүүлэгчдийн 1990 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 10 дугаар тогтоол мөн Боловсрол соёл шинжлэн ухааны яамны сайдын 2002 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 114 тоот тушаал, Өвөрхангай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн 2009 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 04 тоот тогтоол мөн аймгийн иргэдийн хурлын  ... тогтоол зэрэг эрх бүхий албаны тушаал шийдвэрийн дагуу Цогчин дацанг сэргээн бүтээхээр ажиллаж байгаа болно. Энэ талаар тайлбарт тодорхой тусгасан байгаа. Шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрдэнэ зуу нь хэний өмч болохыг нарийн тогтоолгүйгээр зөвхөн музейн хувийн өмч юм шиг шийдлээ. Тэгэхээр энд өмчлөгч нь төрийн байгууллага, аймгийн иргэдийн хурал эсвэл сумын иргэдийн хурал юм уу өөр ямар байгууллагад харьяалагдаж байгаа нь тодорхойгүй байна. Мөн дээрх эрх бүхий байгууллагаас гаргасан шийдвэрүүд өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр үйлчилж байгаа учир иргэний хэргийн шүүхийн харьяалсан хэрэг биш байна. Тэр гэрийн суурин дээр Цогчин дуганыг сэргээн байгуулах үйл ажиллагаа явуулж байгаа болно. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 Нэхэмжлэгч Хархорин сумын “Эрдэнэзуу музей” ТБАГУТҮГазар нь хариуцагч “Д” шашны байгууллагад холбогдуулан “Гэр дуганыг албадан нүүлгэж, газар чөлөөлүүлэх” тухай нэхэмжлэл гаргасан байна.

            Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч “...Манай дацан Эрдэнэ Зуу Дамбаравжаалин сангаар Эрдэнэ Зуугийн Цогчин дуганыг улсаас нэг ч төгрөг гаргалгүй сэргээхээр Дэлхийн Өвийн дэмжлэгийг авч, Боловсрол соёл шинжлэх ухааны Сайдын 2002 оны 04 дүгээр сарын 25-ны 114 тоот тушаал гаргуулж уг ажлыг эхлүүлсэн боловч музейн захиргаа элдэв шалтаг гаргаж бариулаагүй тул арга буюу өөр газар барьсан болно... музейн захиргаанаас Өвөрхангай аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2009 оны 06 дугаар сарын 10-ны 04 тоот тогтоолыг хэрэгжүүлж гэрээгээр ажиллаж байсныг зогсоож улмаар түүхэн уламжлалыг хадгалж буй Цогчин дацанг хөөж байгаа нь Бурханы шашны зан үйлийг жинхэнэ утгаар нь хойч үед үлдээхэд ноцтой хохирол учирч байна...” гэж маргажээ.

Иргэний хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-т “...хуульд өөрөөр заагаагүй бол төр... өмчлөгч...” байх бөгөөд мөн хуулийн 106.4-т “...өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй. Энэ хуулийн 106.2, 106.3 нь хууль ёсны эзэмшигчид нэгэн адил хамаарна.” гэжээ.

Улсын төсөвт үйлдвэрийн газар болох Э нь Засгийн газрын 1997 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 241 дүгээр тогтоолоор /хавтаст хэргийн 13-14 дүгээр хуудас/ тогтоосон хамгаалалтын бүсийн 20 га газрыг эзэмшүүлэх /хавтаст хэргийн 81 дүгээр хуудас/ гэрчилгээ, улсын бүртгэлийн гэрчилгээ /хавтаст хэргийн 25 дугаар хуудас/ зэрэг баримтуудаар Э нь маргаан бүхий газрын хууль ёсны эзэмшигч буюу нэхэмжлэл гаргах эрхтэй этгээд болох нь тогтоогдсон байна.

Төрийн өмчит үйлдвэрийн газар нь Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар өөрт олгогдсон эд хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг хангаж, үйл ажиллагааныхаа зорилгод нийцүүлэн зориулалтын дагуу эзэмшиж, ашиглах эрхтэй бөгөөд энэ хүрээнд “Д” шашины байгууллагтай гэрээ байгуулж музейн эзэмшлийн газрын тодорхой хэсгийг ашиглуулж байжээ. Талуудын хооронд нэг жилийн хугацаатай гэрээ байгуулсан ба гэрээний хугацаа дууссан байна /хавтаст хэргийн 196 дугаар хуудас/. Зохигчид гэрээний талаар маргаагүй, нэгэнт гэрээний хугацаа дууссан байхад Д шашны байгууллага нь Эн эзэмшлийн газарт үйл ажиллагаа явуулж байгаа тул үүнийг бусдын эд хөрөнгийг хууль бусаар эзэмшилдээ байлгасан гэж үзнэ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “...БНМАУ-ын АИХ-ын тэргүүлэгчдийн 1990 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 10 дугаар тогтоол мөн Боловсрол соёл шинжлэх ухааны яамны сайдын 2002 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 114 тоот тушаал, Өвөрхангай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн 2009 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 04 тоот тогтоол мөн аймгийн иргэдийн хурлын тогтоол зэрэг эрх бүхий албан тушаалтны шийдвэрийн дагуу Цогчин дацанг сэргээн бүтээхээр ажиллаж байгаа... дээрх эрх бүхий байгууллагаас гаргасан шийдвэрүүд өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр үйлчилж байгаа учир иргэний хэргийн шүүхийн харьяалсан хэрэг биш байна.” гэжээ.

Талуудын хооронд үүссэн маргаан нь газар эзэмших, ашиглахтай холбоотой тул шүүхийн харьяалал зөрчсөн гэх гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна.  

             Анхан шатны шүүх хэрэгт байгаа баримт, нэхэмжлэлийн шаардлага, зохигчийн тайлбарын талаар үндэслэлтэй дүгнэж, Иргэний хуулийн холбогдох заалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу явуулж, зохигчдын эрхийг хязгаарласан, зөрчсөн алдаа гаргаагүй байна. 

            Иймд шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж, давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын  төсвийн орлогод хэвээр үлдээхээр шийдвэрлэв.

  Монгол улсын  Иргэний  хэрэг  шүүхэд  хянан шийдвэрлэх  тухай  хуулийн  167 дугаар зүйлийн 167.1 дэх хэсгийн 167.1.1-д заасныг  удирдлага болгон

ТОГТООХ  нь:

            1. Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 146/ШШ2021/00146 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ё.И-ийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ё.И-оос давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын  төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

            3. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй  хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

  4. Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар  талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногт  шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах  үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг  мэдэгдсүгэй.