Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 12 сарын 05 өдөр

Дугаар 318/ШШ2025/01127

 

 

 

 

 

2025 оны 12 сарын 05 өдөр

Дугаар 318/ШШ2025/01127

Увс аймаг

 

             

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Я.Урнаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Увс аймаг, ... сум, . баг, .. гудамж ..тоот хаягт оршин суух, РД:........, Т овогт Д.У,

Нэхэмжлэгч: Увс аймаг ... сум .. баг ...6-р байр ..1 тоотод оршин суух, РД: ........., З овогт Т.Ч нарын,

Хариуцагч: Увс аймгийн ... сумын Э.Ө нөхөрлөл ББН,

Хариуцагч: Увс аймгийн Эрүүл мэндийн газрын дэргэдэх ёс зүйн салбар хороонд холбогдох,

Увс аймгийн Эрүүл мэндийн газрын дэргэдэх ёс зүйн салбар хорооны 2025 оны 6 дугаар сарын ...-ны өдрийн .. тоот шийдвэрийг хүчингүйд тооцуулах, Э.Ө ӨЭМТ-ийн даргын 2025 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн ... дугаар тушаалыг хүчингүй тооцуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Д.У, Т.Ч, нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Д.Дамдинсүрэн,

Хариуцагч Э.Ө нөхөрлөл ББН-ийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Б,

Хариуцагч Увс аймгийн Эрүүл мэндийн газрын дэргэдэх ёс зүйн салбар хорооны дарга Ч.О,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Цогзолмаа нар оролцов.

            ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэгч Д.У шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Манай байгууллага 2 жил шүүхээр явж байгаа. Бүгдээрээ дотооддоо хэрүүл маргаантай байгаа үед хүртэл ахиад нэг арга хэмжээ авч, цалин хассан нөхцөл байдал үүсээд байгаа учраас нэхэмжлэлээ шүүхэд гаргасан. Дотоодын асуудлаас шалтгаалж бид 2 Б.Б эмчид өргөдлөө өгөхөд бид 2-ын өргөдлийг авч хэлэлцэхгүйгээр хажуудаа аваад шидсэн. Бид хэдийгээр асуудалтай байсан ч тэрийгээ дотооддоо зохицуулах арга хэмжээ авсан бол энэ асуудал шүүх хүртэл явах шаардлагагүй байсан гэж би бодож байна. Хөдөлмөрийн гэрээний ямар нэгэн заалтыг зөрчөөгүй байхад эрх мэдлээ хэтрүүлэн хэрэглэж бидэнд сануулах арга хэмжээ авсан гэж үзэж байна. Мөн байгууллагын дарга бидэнд мэдэгдэхгүйгээр сануулах арга хэмжээ авсан. Ёс зүйн хороо нь зөвхөн санал тавих эрхтэй атлаа өөрийн бүрэн эрхийг хэтрүүлж, байгууллагын даргыг заавал арга хэмжээ ав гэж үүрэг болгосон” гэв.

            Нэхэмжлэгч Т.Ч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Манай өрхийн эмнэлгийн энэ асуудал нь 2017 оноос эхлээд гараад явж байсан. Би ахлах сувилагчийн хувьд одоо ажлын үүрэг, хариуцлагын талаар шаардлага тавьсны төлөө өрөө тасалгаандаа хүнээр биедээ халдуулаад, хэл амаар доромжлуулсандаа их гомдолтой байсан учраас өрхийн эмнэлгийнхээ ёс зүйн баг болон өрхийн эмнэлгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэж байсан Б.Б эмчид гомдол гаргасан боловч гомдлыг маань авч танилцахгүй ширээн дээрээ шидсэнээс болоод бид 2 Эрүүл мэндийн газрын дэргэдэх Ёс зүйн хороонд хандсан юм. Тэгээд одоо хүнээр хэл амаар доромжлуул,  биедээ халдуулчхаад өнөөдөр дахиад энэ цалингийн 20%-ийг хасуулсан арга хэмжээ авхуулж байгаад би үнэхээр их гомдолтой байна. Ёс зүйн хороог бас арай хэтэрхий эрх мэдлээ давуулаад энэ цалингийн арга хэмжээ авсан гэж үзэж нэхэмжлэлээ гаргасан” гэв.

            Нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Д.Дамдинсүрэн “Хэргийн материалтай танилцаад би бас шинжлэн судлууллаа. 2025 оны 6 сарын 20-ны өдрийн 01 дугаартай Ёс зүйн салбар хорооны даргын албан бичиг дээр. Энэ энийг ингэж ингэж зөрчсөн учраас цалингийн 20% сахилгын шийтгэл ноогдуулахаар шийдвэрлэсэн болно гэж маш тодорхой бичсэн байгаа юм. Иймд сахилгын шийтгэл ноогдуулсан талаар баримтыг 7 сарын 4-ний дотор ирүүл гэж. Өөрөөр хэлбэл энэ албан бичгээр юуг илэрхийлж байна вэ гэвэл шууд үүрэг болгосон заалтуудыг оруулсан. Элбэг өгөөж өрхийн эмнэлгийн дарга Б.Б 2025 оны 7 сарын 4-ний өдөр Б/17 тушаал гаргахдаа үндэслэх хэсэг дээрээ хоёрхон заалт тавьсан. Түүний нэг нь Хөдөлмөрийн тухай хуулийн 123.2.3 энэ нь 3 сар хүртэл хугацаагаар цалингийн 20% хүртэл хасах гэдэг тэр заалт байгаа юм. Нөгөө заалт нь дээр дурдсан 2025 оны 6 сарын 20-ны өдрийн 01 тоот албан тоотыг үндэслэж гэж дурдсан. Гэтэл Ёс зүйн салбар хорооны хуралдааны тэмдэглэлийн төгсгөл дээр санал болгож байгаа юм. Тийм 2 сарын хугацаатайгаар сарын цалинг 20 хүртэл хувиар одоо хасах саналыг Б.Бт хүргүүлж байгаа юм. Тэгэхээр Ёс зүйн салбар хороо 7 хүнийхээ бүрэлдэхүүнтэй хуралдаад шууд сахилгын шийтгэл ноогдуул гэсэн шийдвэр гаргаагүй, зөвхөн санал болгож байгаа юм. Аливаа ёс зүйн хороонуудын дүрэм журмуудыг судлаад үзэх юм бол Ёс зүйн хороо бол бас шууд шийтгэл ноогдуулдаггүй. Сахилгын шийтгэлийг ажил олгогч буюу энэ тохиолдолд Б.Б эмч ноогдуулах ёстой. Эмнэлгийн ажилтны ёс зүйн талаас нь ингээд судлаад үзэхээр 2019 онд батлагдсан 406 дугаар тушаалаар батлагдсан ёс зүйн дүрэм нь одоо хүчин төгөлдөр байна. За ингээд эмнэлгийн ажилтны ёс зүйн хорооны ажиллах журмыг 2002 оны 172 гэдэг тушаалаар баталсан юм байна. Гэтэл одоо Легал Инфо дээрээс харах юм болбол энэ тушаал хүчингүй болчихсон. Яагаад хүчингүй болсон бэ гэвэл Монгол Улсын ёс зүйн хороо гэж энэ байгууллага байгуулагдаад одоо Ёс зүйн хорооны биш, бүүр Монгол Улсын ёс зүйн хорооны одоо 2024 оны 2 сарын 19-ний өдрийн 05 гэдэг тогтоолоор Ёс зүйн дэд хорооны ажиллах журмыг баталсан. Би сая асуугаад байдаг нь тэр л дээ. Яг ямар журмыг барьж ажиллаад байна вэ гэсэн чинь 2025 оны 5 сарын 1-ний өдрийн ...гэж байгаа байхгүй юу. Легал Инфогоос хайгаад энэ тушаалыг олгохгүй байгаа. Эрүүл мэндийн яам руу ороод Ёс зүйн дэд хорооны сайт руу нь ороод үзэхээр энэ дээр юу байна вэ гэвэл Ёс зүйн дэд хороог шинэчлэн байгуулах тухай 56 гээд тушаал байна. Энэ тушаалыг 2024 оны 5 сарын 8-ны өдөр 56 гэдэг тушаалыг Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга тушаал гаргаж энэ тушаалын үндэслэх хэсэг дээр юу байна гэвэл Монгол Улсын яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.8 дахь хэсэг, Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 13.2 дахь хэсэг, ёс зүйн хорооны 2024 оны 5 дугаар тогтоол гээд түрүүчийн миний дурддаг тогтоолыг л үндэслэж Ёс зүйн хорооны ажиллах журмыг одоо ингээд баталж байгаа юм. Тэгэхээр энэ журмуудаас нь одоо жишээлбэл тэр эрхийг нь хасаадах, лицензийг нь цуцал, шууд сахилгын арга хэмжээ ав гэсэн эрх хэмжээг заагаагүй. Ер нь аливаа тохиолдолд сахилгын арга хэмжээг авахад Хөдөлмөрийн хууль дээр заасны дагуу ажил олгогч авна. За лиценз буюу тусгай зөвшөөрлийг олгож байгаа байгууллага, эрүүл мэндийн хөгжлийн төв энэ асуудлыг шийднэ. За ингэхээр эхнээсээ энэ ёс зүйн салбар хороо хууль дүрэмдээ нийцүүлж ажиллаагүй, буруу ажилласны улмаас миний 2 үйлчлүүлэгчийг дарамт шахалтад оруулсан, эрхийг нь одоо хязгаарласан. Өөрөөр хэлбэл лицензийг чинь цуцална, ажиллах эрхгүй болгоно гэж дарамталж байж энэ 2 сарын цалинг хасах гэдэг асуудал дээр тулгаж ирсэн. Үүнийг үндэслээд Элбэг өгөөж, өрхийн эмнэлгийн захирал Б.Б тушаал гаргахдаа тушаалд тавигдах шаардлагуудыг хангаагүй. Тушаал гаргах эрхээ дурдаагүй. Яаж байгаа юм, юу болоод ингэж байгаа юм. Би одоо асуугаад байгаа шүү дээ. За одоо жишээ нь Хөдөлмөрийн тухай хуулийн 123.4 сахилгын зөрчил гаргасан өдрөөс эсвэл зөрчил үргэлжилсэн тохиолдолд зөрчил гаргасан сүүлийн өдрөөс хойш 6 сар ажил олгогч үүнийг илрүүлснээс хойш 1 сарын дотор хөдөлмөрийн сахилгын шийтгэл ноогдуулна аа. Яг одоо энэ 2 хүмүүс чинь одоо хэзээ энэ 3 хүн чинь одоо хэзээ хэрэлдээд, хэзээ зодолдоод юу болчихсон юм бэ энээ тэрээ гээд энэ хугацааг нь тогтоох гээд энэ хэрэгтэй танилцахаар энэ дотор ердөөсөө тодорхой зүйл нэг ч байхгүй. Ганцхан Чагцалнямын ёс зүйн хорооны хуралдааны явцад хэлсэн нэг үг байдаг 4 сарын хэдэнд билээ орж ирж намайг одоо мөрлөж өшиглөж, тэр юм хум урж хаясан юм аа л гэсэн нэг өгүүлбэр үг бий. Тэгвэл одоо энэнээс чинь ингээд харахаар одоо жишээлбэл хөөн хэлэлцэх хугацааг яаж хэрэгжүүлчихсэн, яаж хэрэглэсэн юм бэ гэдэг маань туйлын тодорхой биш байгаа юм. Тэгэхээр одоо миний хувьд эцсийн байдлаар юу хэлэх гэж байна вэ гэвэл нэгд, одоо энэ хууль тогтоомжуудыг яаж хэрхэн хэрэглэсэн талаар тодорхойгүй байна. Б/17 гэдэг тушаал бол үндэслэлгүй гарсан байна. Тийм учраас үйлчлүүлэгч нарынхаа гаргасан. Одоо тэр энэ тушаалыг хүчингүй болгох гэдэг энэ нэхэмжлэлийг шаардлагыг хангаж өгнө үү гэж хүсэж байна” гэв.

            Хариуцагч Ч.О: “Нэгдүгээрт  Д.У, Т.Ч нар Эрүүл мэндийн газрын дэргэдэх ёс зүйн салбар хороонд өргөдлөө өгсөн. Ёс зүйн салбар хороо бол 2025 оны 4 сард байгуулагдсан Эрүүл мэндийн яамны дэргэдэх салбарын хяналтын хороо гэдгээр батлуулж, 7 хүний бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаа явуулсан. Салбар хорооны үүрэг нь 2025 оны 5 сарын 1-ний өдрийн А174 тоот тушаал гэж журам шинэчлэн батлах тухай, эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хэм хэмжээний ажиллах журмыг баталж өгсөн байгаа. Энэ журмын 1.5 дээр Эрүүл мэндийн газрын дэргэдэх эмнэлгийн мэргэжлийн салбар хороо нь Эрүүл мэндийн тухай багц хууль, Хөдөлмөрийн тухай хууль, за төрийн албаны тухай хууль, Авлигын эсрэг хууль, Нийтийн болон одоо хувийн ашиг сонирхлоос урьдчилан сэргийлэх тухай хуульд хяналт тавьж ажиллана гэж заасан. Бид Т.Ч Д.У нарын өргөдлийг уншиж танилцаад видео бичлэгээр өгсөн тэр хэрүүл маргааныг нь үзээд эмчлэх эрхийг нь хасъя. Яагаад 2017 оноос хойш хэрүүл маргаан нь ингээд дэгдээд яваад байгаа юм, хамт олонгүй байвал яадаг юм бол, цалингүй байвал яадаг юм бол, энэ асуудлыг таслан зогсооё гэдэг байр сууринаас манай эмнэлгийн мэргэжлийн ёс зүйн хороо тийм санал гаргасан. Тэгтэл бас энэ гурав гурвуулаа энэ саналыг хүлээн зөвшөөрөхгүй байна, та нар эргэж нэг бодооч ээ, бид 3 эвлэрмээр байна гэсэн. Тэгэхээр нь бид нар эргэж хуралдаад Хөдөлмөрийн тухай хуульд бид нар хяналт тавих эрхтэй эрхтэй. Дээрх журмын 2.1.7 дээр Эмнэлгийн мэргэжилтэн ёс зүйн зөрчил гаргасныг тогтоосон тохиолдолд Хөдөлмөрийн тухай хуулийн дагуу арга авахуулах саналыг тухайн байгууллагын ажил олгогчид хүргүүлнэ гэсэн заалт байсан. Тийм учраас бид нар энэ саналыг авч хэлэлцсэн. Маргааш нь Чагцалням Удвал 2 бид 2 цалингаа хасуулмааргүй байна гэсэн. Тэгэхээр нь бид нар бас яг хуулийн дагуу манай Ёс зүйн хорооны нарийн бичгийн дарга Оюунчимэг бид 2-той уулзахаар ирэхэд нь бид энэ өргөдлийг бүхэл бүтэн 7 хүний бүрэлдэхүүнтэйгээр шийдчихээд дахиад бид 2 ингэж өөрчлөх арга байхгүй. Бид нар гаргасан шийдвэрээ өөрчилж чадахгүй, та нар ханддаг дээд шатны газарт хандаж болно гэдгийг нь бас хэлээд явуулсан. Элбэг өгөөжийн эмч нь над руу бид нар ингээд арга хэмжээ авах гэж байна гэж утсаар ярихаар нь би ерөөсөө энэ хүнийг арга хэмжээ тооц гэж нэг ч удаа хэлээгүй. Би яагаад гэвэл эрүүл мэндийн салбар хорооныхоо Эрүүл мэндийн сайдын 174 тоот тушаалынхаа авах арга хэмжээ үүргийнхээ хүрээнд тус шийдвэрийг гаргасан учраас надад бол заавал арга хэмжээ ав гэх эрх байхгүй, тэгвэл би өөрөө ёс зүй алдсан болно. Би бол хоёуланг нь Хөдөлмөрийн тухай хуулиараа арга хэмжээ тооцоорой гэж хэлээгүй. Нэхэмжлэгч нар ирж даргатай уулзсан байгаа. Тэгээд арга хэмжээ тооц гэж хэлсэн үү яасан уу? Тэрийг бол одоо сайн сонсоогүй. Гэхдээ бид нар босоо тогтолцоотой учраас манай Эрүүл мэндийн газрын дарга бид нарт нөлөөлөх эрх байхгүй. Яагаад гэвэл бид нарыг буруу үйл ажиллагаа хийж байвал Эрүүл мэндийн яамны дэргэдэх салбарын хяналтын хороо гэдэг тийм том байгууллага бид нарыг удирдаж явуулдаг. Зөвхөн би биш энэ салбар хороо буруу үйл ажиллагаа явуулбал тэр буруу үйл ажиллагааг дээшээ хүсэлт өгөөд түүнийг цуцлах, буруу байна гэдэг шийдвэрийг манай хяналтын хороонд өгөх тийм зохицуулалттай. Тийм учраас бид нар энэ ёс зүйн хороо гэдэг юмыг байгуулчхаад 6-7 өргөдөл гомдол авсны 5 нь, ийм цэвэр ёс зүйтэй холбоотой байсан. Бид нар өмнө нь шийдвэрлээд ихэнхийг нь эвлэрүүлээд үйл ажиллагааг нь одоо хэвийн явуулаад 2 хүмүүсийг эвлэрүүлсэн. Нэхэмжлэгч нарын асуудал бол арай л хэтэрчихсэн байгаа байхгүй юу. Тийм учраас бид нар энэ асуудлыг авч үзээд ийм шийдвэрт хүрсэн байгаа. Түүнээс биш би энэ хүнийг заавал арга хэмжээ ав гэдэг асуудлыг тавихгүй. Ёс зүйн хорооны даргын үүднээс би тийм ёс зүйгүй шийдвэрийг гаргахгүй. Та 2 одоо хэзээ тийм юм хаанаас сонссон бэ? Бас тэр сонин байна” гэв.

            Хариуцагч Б.Б “Манай өрхийн эрүүл мэндийн төвийн даргаар Т гэж хүн байсан. 2025 оны 3 сард ажлаа өгөөд Эрүүл мэндийн газарт ороод ажил нь надад үлдсэн. Тэгээд энэ 2-ын өргөдөл нь 4 сард ирсэн, ирэхэд нь би үзлэгтэй байсан. Би 2,4 дүгээр багийг хариуцахынхаа хажуугаар даргын үүргийг түр орлон гүйцэтгэдэг. Үзлэгтэй байхад өргөдлөө өгөхөөр нь би аваад цонхон дээр тавьсан, түүнээс биш аваад шидээд байсан зүйл болоогүй. Би анагаахын их сургуульд 9 жил сурсан. 9 жил ёс зүй заалгасан. надад хүний юмыг авч шидээд байх ёс зүйгүй байдал гаргах зүйл байдаггүй. Нэхэмжлэгч нар манай вакцинатор сувилагчийн талаар өргөдөл бичиж өгсөн,тэр хүн нь жирэмсэн байсан. Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн дүрэм буюу Эрүүл мэндийн сайдын 406 дугаар тушаалаар батлагдсан ёс зүйн дүрэмд Монгол Улсын нутаг дэвсгэрт эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлж байгаа төрийн болон хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагын эмнэлгийн мэргэжилтэн, эрүүл мэндийн ажилтан нь энэхүү дүрммийг мөрдөнө өө гээд сайдын тушаал дээрээ байдаг. Тийм учраас бид хувийн хэвшил гээд энэ хүмүүст хариуцлага тооцохгүй үлдээж болохгүй юм байна гэж би 1 дүгээрт бодсон 2 дугаарт эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн тулгуур 3 зарчим дээр хүнлэг энэрэнгүй байх ёстой гэсэн зарчим байсан. Үнэхээр ёс зүйн алдаа зөрчилгүй, ёс зүйг дээдэлдэг хүн бол магадгүй сарын дараа төрөх гэж байгаа хамтран ажилладаг жирэмсэн хүний талаар хоёулаа ингээд өргөдөл бариад явах нь өөрөө хүнлэг энэрэнгүй байдал мөн үү гэдэг байдлаар би үзсэн. Тэгээд энэ 2 хүмүүсийн гаргаж байгаа зан аашийн хувьд надад бас ёс зүй дээр доголдолтой санагдсан талууд байгаа. Өгсөн үүрэг даалгавар ч юм уу аливаа юманд чадахгүй, түр дарга байж чамд тийм эрх мэдэл байдаг юм уу гэсэн үгнүүд байдаг болохоор би ерөнхийдөө бодож байгаад энэ ёс зүйн хороо нь ингээд шийдсэн юм бол одоо энэ 3 хүн одоо ёс зүйн алдаа зөрчил байгаагаа одоо ухамсарлаад цаашдаа энэ талаа засах байх, ямар ч байсан шийтгэлийг нь өгнө гэдэг байдлаар би ёс зүйн хорооны шийдвэрийг хүлээж аваад тушаалыг нь гаргасан” гэв.

            Нэхэмжлэгч талаас Увс аймгийн Эрүүл мэндийн газрын дэргэдэх ёс зүйн салбар хорооны 2025 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн .. дугаартай албан бичгийн хуулбар, Э.Ө нөхөрлөлийн даргын 2025 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн Б/17 дугаартай тушаалын хуулбар, нэхэмжлэгч Д.У, Т.Ч нарын Э.Ө өрхийн эрүүл мэндийн төвтэй байгуулсан гэрээ, нэхэмжлэгч нараас Эрүүл мэндийн газрын ёс зүйн хороонд 2025 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр гаргасан гомдол, нэхэмжлэгч нараас Э.Ө өрхийн эрүүл мэндийн төвийн даргад2025 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр гаргасан гомдол, Э.Ө нөхөрлөлийн 2024 оны хөдөлмөрийнд дотоод журмын хуулбар, ... сумын хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны хуралдааны 2025 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн 08, 09 дугаартай хуралдааны тэмдэглэл/шийдвэр, өмгөөлөл, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээг нотлох баримтаар гаргаж өгсөн.

            Хариуцагч Увс аймгийн ... сумын Э.Ө өрхийн эрүүл мэндийн төвийн дарга Б.Б-ээс Увс аймгийн Эрүүл мэндийн газрын дэргэдэх ёс зүйн салбар хорооны 2025 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 01 дугаартай албан бичиг, нэхэмжлэгч нарын тус өрхийн эрүүл мэндийн төвтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээ, нэхэмжлэгч Т.Чыг ажилд томилох тухай 2007 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн .. дугаартай тушаал, Д.У-ыг ажилд томилох тухай 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн .. дугаартай тушаал, Т.Ч, Д.У нарт сахилгын шийтгэл ногдуулах тухай Элбэг өгөөж нөхөрлөл ББН-ийн даргын 2025 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн ... дугаартай тушаалыг нотлох баримтаар гаргаж өгсөн.

            Хариуцагч Увс аймгийн Эрүүл мэндийн газрын дэргэдэх ёс зүйн салбар хорооны дарга Ч.О-оос Эрүүл мэндийн газрын дэргэдэх ёс зүйн салбар хорооны 2025 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн.. дугаартай хурлын тэмдэглэл, тус хорооны 2025 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн ... дугаартай албан бичгийг нотлох баримтаар гаргаж өгсөн.

ҮНДЭСЛЭХ нь:

1.Нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.

2. Нэхэмжлэгч Д.У, Т.Ч нар нь Увс аймгийн Эрүүл мэндийн газрын дэргэдэх ёс зүйн салбар хорооны 2025 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн .. тоот шийдвэрийг хүчингүйд тооцуулах, Э.Ө ӨЭМТ-ийн даргын 2025 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн ... дугаар тушаалыг хүчингүй тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1 дэх хэсэгт “Дараах хөдөлмөрийн эрхийн маргааныг шүүх шууд хянан шийдвэрлэнэ”, 158.1.1 дэх заалтад “энэ хуулийн 154.8-д заасны дагуу гаргасан гомдол” гэж заажээ.

Нэхэмжлэгч нар нь ажил олгогч үндэслэлгүйгээр хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулсан эсэх талаар маргааныг шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлүүлэх журмын дагуу шийдвэрлүүлэхээр Увс аймгийн ... сумын хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд хандсан боловч талууд тохиролцоогүй болох нь хэрэгт эхээр авагдсан ... сумын хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны хуралдааны 2025 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн ... дугаартай хуралдааны тэмдэглэл/шийдвэрээр тогтоогдож байна.

Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.1 дэх заалтад зааснаар нэхэмжлэгч нарын гомдлыг хүлээн авч, хянан хэлэлцэв.

3. Нэхэмжлэгч талаас Увс аймгийн Эрүүл мэндийн газрын дэргэдэх ёс зүйн салбар хорооны 2025 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 01 албан тушаал, шийдвэрийг хүчингүйд тооцуулах, Э.Ө ӨЭМТ-ийн даргын 2025 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн ... дугаар тушаалыг хүчингүй тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна.

3.1. Нэхэмжлэгч Д.У, Т.Ч нар нь Увс аймгийн ... сумын Э.Ө өрхийн эрүүл мэндийн төвд хамт ажилладаг сувилагч Д.Н-гийн үйлдлийн талаар Э.Ө өрхийн эрүүл мэндийн төвийн дарга Б.Бт гомдол гаргасан боловч шийдвэрлээгүй тул Увс аймгийн Эрүүл мэндийн газрын дэргэдэх ёс зүйн салбар хороонд гомдол гаргасан.

Ёс зүйн салбар хороо хуралдаад биднийг ёс зүйн зөрчил гаргаагүй байхад зөрчил гаргасан гэж үзэж, үндсэн цалинг 2 сарын хугацаатай, 20 хуь бууруулах сахилгын шийтгэл ногдуулах тухай шийдвэр гаргаж, Э.Ө өрхийн эрүүл мэндийн төвийн даргад албан бичиг хүргүүлсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна. Ёс зүйн салбар хорооны ажиллах журмыг Legalinfo цахим хуудаснаас хайхад олдохгүй байна. Аймгийн Эрүүл мэндийн газрын дэргэдэх ёс зүйн салбар хороо ямар журмын дагуу үйл ажиллагаа явуулж, нэхэмжлэгч нарыг ямар зөрчил гаргасан гэж сахилгын шийтгэл ногдуулах талаар албан бичгийг ажил олгогчид хүргүүлсэн нь тодорхойгүй байна.

Э.Ө өрхийн эрүүл мэндийн төвийн дарга Б.Б Увс аймгийн Эрүүл мэндийн газрын дэргэдэх ёс зүйн хорооноос ирүүлсэн албан бичгийн дагуу сахилгын шийтгэл ногдуулахдаа нэхэмжлэгч нарт урьдчилан мэдэгдэж, тайлбар аваагүй. Түүнчлэн хариуцагчийн сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаал нь тушаалд тавигдах шаардлага хангаагүй байх тул хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна.

Иймд нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэв.

4. Хариуцагч Увс аймгийн Эрүүл мэндийн газрын дэргэдэх ёс зүйн салбар хорооны дарга Ч.О нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр үгүйсгэж байна.

4.1. Увс аймгийн Эрүүл мэндийн газрын дэргэдэх ёс зүйн салбар хороо нь 2025 оны 5 дугаар сард 7 хүний бүрэлдэхүүнтэй байгуулагдсан бөгөөд эмнэлгийн мэргэжилтэн ёс зүйн зөрчил гаргасан эсэхийг шалган шийдвэрлэх чиг үүрэгтэй байгууллага. Увс аймгийн Эрүүл мэндийн газрын дэргэдэх ёс зүйн салбар хороо нь Эрүүл мэндийн сайдын 2025 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн .... дугаартай тушаалаар батлагдсан эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн салбар хорооны ажиллах журмын дагуу үйл ажиллагаа явуулдаг бөгөөд манай байгууллагын шийдвэр, үйл ажиллагааг Эрүүл мэндийн яамны дэргэдэх ёс зүйн хяналтын хороо хянадаг.

Бид нэхэмжлэгч Д.У, Т.Ч нарын гаргасан гомдлын дагуу хуралдаад нэхэмжлэгч нарын эмчлэх эрхийг хасах талаар ярилцаж, нэхэмжлэгч нарт танилцуулсан. Нэхэмжлэгч нар нь алдаа дутагдлаа хүлээн зөвшөөрч, шийтгэл арай хүнд байна гэсэн учраас цалин хасах шийтгэл авах саналыг ажил олгогчид нь хүргүүлэхээр шийдвэрлэсан. Нэхэмжлэгч нарт манай хорооны саналыг зөвшөөрөхгүй бол дээд шатны байгууллагад гомдол гаргах тухай мэдэгдсэн. Санал гомдол гараагүй учраас бид ажил олгогчид саналаа хүргүүлсэн. Манай байгууллага санал гаргах эрхтэй бөгөөд аливаа хэлбэрээр заавал шийтгэл ногдуулахыг ажил олгогчоос шаардсан зүйл байхгүй гэв.

5. Хариуцагч Увс аймгийн ... сумын Э.Ө нөхөрлөлийн дарга Б.Б нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр үгүйсгэж байна.

5.1. Нэхэмжлэгч Д.У, Т.Ч нарт сахилгын шийтгэл оногдуулах тухай саналыг Увс аймгийн Эрүүл мэндийн газрын дэргэдэх ёс зүйн салбар хорооноос ирүүлсэн.

Манай байгууллага хэдийгээр хувийн хэвшлийн байгууллага боловч эмнэлгийн мэргэжлийн үйл ажиллагаа явуулдаг байгууллага учраас Эрүүл мэндийн сайдын 406 дугаар тушаалаар батлагдсан Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн дүрмийг баримталж ажиллах үүрэгтэй .

Нэхэмжлэгч нарыг эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн дүрмийг зөрчиж ёс зүйн зөрчил гаргасан болохыг Увс аймгийн Эрүүл мэндийн газрын дэргэдэх ёс зүйн салбар хороо шалгаад тогтоочихсон байгаа учраас саналын дагуу хариуцлага тооцох нь зүйтэй гэж үзсэн гэв.

6. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичмэл нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.

6.1. Нэхэмжлэгч Т.Ч нь Увс аймгийн Э.Ө өрхийн эмнэлгийн даргын 2007 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн .. дугаартай тушаалаар тус өрхийн эмнэлэгт бага эмчийн ажлын байранд томилогдсон, нэхэмжлэгч Д.У 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн ... дугаар тушаалаар сувилагчаар томилогдсон, 2022 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр нэхэмжлэгч нар нь хөдөлмөрийн гэрээг шинэчлэн байгуулж, тус өрхийн эрүүл мэндийн төвд сувилагчаар ажиллаж байгаа болох нь хэрэгт авагдсан нэхэмжлэгч нарыг ажилд томилсон тушаал, хөдөлмөрийн гэрээгээр тогтоогдож байна.

6.2. Нэхэмжлэгч Т.Ч нь 2025 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр тус өрхийн эрүүл мэндийн төвд сувилагч ажилтай Д.Н-ийн талаар Увс аймгийн ... сумын Э.Ө өрхийн эрүүл мэндийн төвийн даргад, мөн өдөр нэхэмжлэгч Д.Уын хамт Увс аймгийн Эрүүл мэндийн газрын дэргэдэх Ёс зүйн салбар хороонд тус тус гомдол гаргажээ.

6.3. Увс аймгийн Эрүүл мэндийн газрын дэргэдэх ёс зүйн салбар хороо 2025 оны 5 дугаар сарын 28-ны өдөр 7 гишүүний бүрэлдэхүүнтэй хуралдаж нэхэмжлэгч Т.Ч, Д.У нарын гаргасан гомдлыг хянан хэлэлцээд гишүүдийн 100 хувийн саналаар нэхэмжлэгч нарыг Эрүүл мэндийн сайдын 2019 оны 406 дугаар тушаалаар батлагдсан “Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн дүрэм”-ийн 6.2, 8.6, 8.9, 8.10 дахь заалтыг тус тус зөрчсөн буруутай гэж үзэж, үндсэн цалинг 2 сарын хугацаагаар 20 хувь бууруулах сахилгын шийтгэл ногдуулах тухай саналыг Увс аймгийн ... сумын Э.Ө өрхийн эрүүл мэндийн төвийн даргад хүргүүлэхээр шийдвэрлэжээ.

Увс аймгийн ... сумын Э.Ө өрхийн эрүүл мэндийн төвийн дарга 2025 оны 7 дугаар сарын 04-ний өдөр Увс аймгийн Эрүүл мэндийн газрын дэргэдэх ёс зүйн салбар хорооны 2025 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн .. дугаартай албан бичиг, Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.3 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгч Т.Ч, Д.У нарт үндсэн цалинг 2 сарын хугацаагаар 20 хувь бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан байна.

7. Шүүхээс хэрэгт авагдсан баримтуудыг тал бүрээс нь харьцуулан шинжлэн судлаад дараах үндэслэлээр нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж дүгнэлээ.

7.1. Эрүүл мэндийн сайдын 2019 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн А.. дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар батлагдаж, захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн сангийн 4473 дугаарт  бүртгэгдэж хуулийн хүчин төгөлдөр болсон “Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн дүрэм”-ийн 1.1 дэх хэсэгт “Эмнэлгийн мэргэжилтэн мэргэжлийн үйл ажиллагаандаа баримтлах харилцаа, хандлага, ёс суртахууны хэм хэмжээг энэхүү “Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн дүрэм” /цаашид ёс зүйн дүрэм гэх/-ээр зохицуулна”, 2.1 дэх хэсэгт “Монгол Улсын нутаг дэвсгэрт Эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлж байгаа төрийн болон хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагын эмнэлгийн мэргэжилтэн, эрүүл мэндийн ажилтан энэхүү ёс зүйн дүрмийг мөрдөж ажиллана” гэж тус тус заажээ.

Эрүүл мэндийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.5 дахь заалтад "эмнэлгийн мэргэжилтэн” гэж анагаах ухааны боловсрол олгох их, дээд сургууль, коллежийг төгссөн, мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл бүхий хүний их, бага эмч, шүдний их эмч, уламжлалт анагаах ухааны их эмч, сувилагч, эх баригч, эм зүйч, эм найруулагч, сэргээн засах чиглэлийн мэргэжилтэнг ойлгоно гэж заасан байх тул нэхэмжлэгч нар нь нөхөрлөлийн хэлбэрээр зохион байгуулагдсан хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагад ажилладаг эсэхээс үл хамааран эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн дүрмийг мөрдөж ажиллах үүрэгтэй субъект байна.

Эрүүл мэндийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт “Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын дэргэд эмнэлгийн мэргэжилтний болон анагаах ухааны Ёс зүйн хяналтын хороо, аймаг, нийслэлийн эрүүл мэндийн газар, төв эмнэлэг, тусгай мэргэжлийн төвийн дэргэд ёс зүйн салбар хороо, эрдэм шинжилгээний хүрээлэн, их, дээд сургууль, тусгай мэргэжлийн төвийн дэргэд Анагаах ухааны ёс зүйн хяналтын салбар хороо тус тус ажиллана. Ёс зүйн хяналтын хороо, салбар хорооны үлгэрчилсэн дүрэм, анагаах ухааны болон эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хэм хэмжээг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална” гэж заасан бол Эрүүл мэндийн сайдын 2019 оны ... дугаар тушаалаар батлагдсан “Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн дүрэм”-ийн 1.3 дахь хэсэгт “Эмнэлэг, эрүүл мэндийн  байгууллага, тэдгээрийн дэргэд ажиллаж буй ёс зүйн хороо, баг нь энэхүү  дүрмийг сурталчлан мөрдүүлэх, хэрэгжилтэнд хяналт тавьж, эрх хэмжээнийхээ хүрээнд хариуцлага тооцож ажиллана” гэж заажээ.

Түүнчлэн, Эрүүл мэндийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4 дэх хэсэгт “Ёс зүйн салбар хороо нь эмнэлгийн мэргэжилтний болон анагаах ухааны ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн эмнэлгийн мэргэжилтэнд хууль тогтоомжийн дагуу шийтгэл ногдуулах саналыг холбогдох эрх бүхий албан тушаалтанд тавьж шийдвэрлүүлнэ” гэж заасан.

Иймд Увс аймгийн Эрүүл мэндийн газрын дэргэдэх ёс зүйн салбар хороо нь нэхэмжлэгч нарын гомдлоор маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж, нэхэмжлэгч Д.У, Т.Ч, Увс аймгийн ... сумын Э.Ө өрхийн эрүүл мэндийн төвд сувилагч ажилтай Д.Н нар нь эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн дүрэм зөрчсөн болохыг тогтоож, томилох эрх бүхий албан тушаалтанд Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу сахилгын шийтгэл ногдуулах саналыг 2025 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн .. тоот албан бичгээр хүргүүлсэн нь Эрүүл мэндийн тухай хууль болон Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн дүрэмд нийцсэн байна.

Нэхэмжлэгч нарын өмгөөлөгчийн зүгээс Эрүүл мэндийн сайдын 2025 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн А/174 дугаар тушаалаар батлагдсан эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн салбар хорооны ажиллах журам захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд бүтгэгдээгүй, Увс аймгийн Эрүүл мэндийн газрын дэргэдэх ёс зүйн салбар хороо нь ямар журамд үндэслэн үйл ажиллагаа явуулсан нь тодорхой бус байх бөгөөд Монгол Улсын Ёс зүйн хорооны 2024 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 05 тогтоолын хавсралтаар батлагдсан журмыг мөрдөх ёстой гэж маргаж байгаа боловч нэхэмжлэгч нарын өмгөөлөгчийн дээрх тайлбарыг хүлээн авах үндэслэлгүй байна.

Учир нь, Эрүүл мэндийн сайдын 2025 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн А/174 дугаар тушаалаар батлагдсан эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн салбар хорооны ажиллах журам нь захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд бүртгэгдээгүйн улмаас Захиргааны ерөнхий хуулийн 67 дугаар зүйлийн 67.3 дахь хэсэгт зааснаар эрх зүйн үйлчлэлгүй боловч аймаг, нийслэлийн эрүүл мэндийн газрын дэргэд ёс зүйн салбар хороо ажиллаж, эмнэлгийн мэргэжилтний болон анагаах ухааны ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн эмнэлгийн мэргэжилтэнд хууль тогтоомжийн дагуу шийтгэл ногдуулах саналыг холбогдох эрх бүхий албан тушаалтанд тавьж шийдвэрлүүлэх эрх хэмжээ хэрэгжүүлэхийг Эрүүл мэндийн тухай хуулийн 26 дугаар зүйлд тусгайлан зохицуулсан байх тул ёс зүйн салбар хорооны ажиллах журам хуулийн хүчин төгөлдөр болоогүй нь Увс аймгийн Эрүүл мэндийн газрын дэргэдэх ёс зүйн салбар хорооны үйл ажиллагааг хууль бус гэж дүгнэх үндэслэл болохгүй.

Мөн түүнчлэн, Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хууль болон Ёс зүйн хорооны 2024 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 05 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан Ёс зүйн дэд хорооны ажиллах журам нь төрийн албан хаагчийн ёс зүйн зарчим, нийтлэг хэм хэмжээг тогтоох, сахиулах, ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, зөрчлийг хянан шийдвэрлэх, хариуцлага хүлээлгэх, олон нийтэд мэдээлэхтэй холбогдсон харилцааг зохицуулах зорилготой бөгөөд нөхөрлөлийн хэлбэрээр зохион байгуулагдсан өрхийн эрүүл мэндийн төвийн эмч, эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хэм хэмжээг тогтоогоогүй, тэдгээрийн ёс зүйн зөрчлийг хянан шийдвэрлэх харилцааг зохицуулахгүй болохыг дурдах нь зүйтэй.

7.2. Нэхэмжлэгч Д.У, Т.Ч нар нь 2025 оны 5 дугаар сарын 28-ны өдөр болсон Увс аймгийн Эрүүл мэндийн газрын дэргэдэх ёс зүйн салбар хорооны хуралдаанд биечлэн оролцож санал тайлбар гаргасан болох нь хэрэгт авагдсан Увс аймгийн Эрүүл мэндийн газрын дэргэдэх ёс зүйн салбар хорооны 2025 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 02 дугаартай гомдол шийдвэрлэх тухай хурлын тэмдэглэлээр тогтоогдож байна.

Нэхэмжлэгч Т.Ч, Д.У нар нь тус хуралдаанаар тэднийг ёс зүйн зөрчил гаргасан буруутай гэж үзэж, үндсэн цалинг 2 сарын хугацаатай, 20 хувь бууруулах сахилгын шийтгэл ногдуулах саналыг Увс аймгийн ... сумын Э.Ө өрхийн эрүүл мэндийн төвд хүргүүлэхээр шийдвэрлэснийг мэдсэн боловч тухайн шийдвэрийг эс зөвшөөрч дээд шатны байгууллага буюу Эрүүл мэндийн яамны дэргэдэх ёс зүйн хяналтын хороонд гомдол гаргаагүй болох нь нэхэмжлэгч нарын шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбараар тогтоогдож байна.

Ийнхүү Увс аймгийн Эрүүл мэндийн газрын дэргэдэх ёс зүйн салбар хорооны шийдвэрээр нэхэмжлэгч нарыг Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн дүрмийн 6.2, 8.6, 8.9 дугаар заалтыг зөрчсөн болохыг тогтоосон, тухайн шийдвэр хүчин төгөлдөр болсон байх тул нэхэмжлэгч Д.У, Т.Ч нар эмнэлгийн мэргэжилтний ёс зүйг зөрчсөн эсэхэд шүүх дүгнэлт хийхгүй.

Түүнчлэн, Эрүүл мэндийн сайдын 2025 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн А/174 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар батлагдсан эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хяналтын хорооны ажиллах журам, хоёрдугаар хавсралтаар батлагдсан эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн салбар хорооны ажиллах журам захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд бүртгэгдээгүй нь нэхэмжлэгч нар ёс зүйн зөрчил үйлдсэн болохыг тогтоосон Увс аймгийн Эрүүл мэндийн газрын дэргэдэх ёс зүйн салбар хорооны шийдвэрийг хууль бус гэж үзэх үндэслэл болохгүй.

7.3. Нэхэмжлэгч нараас хариуцагч Увс аймгийн ... сумын Э.Ө өрхийн эрүүл мэндийн төвийн дарга Б.Б нь сахилгын шийтгэл ногдуулахдаа урьдчилан мэдэгдэж, тайлбар аваагүй гэж маргаж байгаа боловч энэ үндэслэлээр хариуцагчийн шийдвэрийг хууль бус гэж дүгнэх боломжгүй.

Тодруулбал, Увс аймгийн Эрүүл мэндийн газрын дэргдэх ёс зүйн салбар хороо нь нэхэмжлэгч нар ёс зүйн зөрчил гаргасан эсэхийг шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, нэхэмжлэгч нарыг гомдол хэлэлцэх шүүх хуралдаанд оролцуулж, тухайн асуудлаар санал тайлбар гаргах эрхээр хангасан, маргааны талаар гаргасан шийдвэрийг танилцуулсан үйл баримт тогтоогдож байна.

Иймд хариуцагч Увс аймгийн ... сумын Э.Ө нөхөрлөлийн дарга Б.Б нь Увс аймгийн Эрүүл мэндийн газрын дэргэдэх ёс зүйн салбар хорооны саналд үндэслэн шийтгэл ногдуулах талаар нэхэмжлэгч нарт заавал урьдчилан мэдэгдэж, тайлбар авах шаардлагагүй буюу хариуцагчийг Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт заасныг зөрчсөн гэж буруутгах боломжгүй байна.

8. Дээрх үндэслэлээр нэхэмжлэгч нарт сахилгын шийтгэл ногдуулсан Увс аймгийн ... сумын Э.Ө нөхөрлөлийн даргын 2025 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн ... дугаар тушаалыг Эрүүл мэндийн тухай хууль, Хөдөлмөрийн тухай хуульд нийцсэн үндэслэл бүхий шийдвэр гэж дүгнэж, нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

9. Нэхэмжлэгч нарын нэхэмжлэл нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар шүүхээс эрх зүйн маргааныг хянан шийдвэрлэхэд төлөх улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3 дахь заалт, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.1 дэх заалтыг баримтлан нэхэмжлэгч Д.У, Т.Ч нарын Увс аймгийн Эрүүл мэндийн газрын дэргэдэх ё,с зүйн салбар хорооны 2025 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн .. тоот шийдвэрийг хүчингүйд тооцуулах, Э.Ө өрхийн эрүүл мэндийн төвийн даргын 2025 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн ... тоот дугаар тушаалыг хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 2. Нэхэмжлэгч нарын нэхэмжлэл нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар шүүхээс эрх зүйн маргааныг хянан шийдвэрлэхэд төлөх улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатын шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Я.УРНАА