| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төрбат Шинэбаяр |
| Хэргийн индекс | 2403002490067 |
| Дугаар | 2026/ДШМ/123 |
| Огноо | 2026-01-28 |
| Зүйл хэсэг | 27.10.2.3., |
| Улсын яллагч | М.Билгүүтэй |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 01 сарын 28 өдөр
Дугаар 2026/ДШМ/123
2026 01 28 2026/ДШМ/123
А.Н-д холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Очмандах даргалж, шүүгч Г.Есөн-Эрдэнэ, шүүгч Т.Шинэбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор М.Билгүүтэй,
шүүгдэгч А.Н-, түүний өмгөөлөгч С.Соронзонболд,
хохирогч Н.Э-, А.А-, тэдгээрийн өмгөөлөгч Д.Энхбаатар,
нарийн бичгийн дарга Э.Даваадулам нарыг оролцуулан,
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 2025/ШЦТ/2500 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч А.Н-ийн өмгөөлөгч Д.Энхцэцэгийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн А.Н-д холбогдох 2403002490067 дугаар эрүүгийн хэргийг 2025 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, шүүгч Т.Шинэбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.
И- овгийн А-гийн Н-, ........, /РД: А-/;
Шүүгдэгч А.Н- нь 2024 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр 11 цаг 45 минутын орчимд Баянзүрх дүүргийн 41 дүгээр хороо, Энхтайваны өргөн чөлөө, Отгонтэнгэр дээд сургуулийн баруун урд замд “Тоёота Приус 20” маркийн А- УАВ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Замын хөдөлгөөний дүрмийн 10.5. “Уулзвар, гарцаар нэвтрэх хөдөлгөөн нь зөвхөн нэг чигт зөвшөөрөгдсөнөөс бусад тохиолдолд жолооч баруун гар тийш эргэхийн өмнө хамгийн баруун, зүүн гар тийш буюу буцаж эргэхийн өмнө хөдөлгөөний тухайн чигийн хамгийн зүүн гар талын захад урьдчилан байр эзэлсэн байна” гэсэн заалтыг зөрчсөний улмаас “Сузуки эдрэсс” маркийн мотоцикл унаж явсан Н.Э-той мөргөлдөж, зорчигч А.А-ын эрүүл мэндэд “зүүн өвдөгний эдийн дутагдал бүхий шарх, арьс нөхсөний дараах байдал, баруун гарын 5 дугаар хурууны тэнийлгэгч шөрмөсний тасрал, зүүн шилбэ, өсгий шарх, зүүн өвдөг, баруун бугуй, зүүн алганы зулгаралт” бүхий эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, жолооч Н.Э-ын эрүүл мэндэд “суурь яс зүүн дэлбэн хөхлөг сэртэн хамарсан хугарал, хацар яс, зүүн нүдний ухархайн бүх хана, хамар яс, эрүү яс хамарсан нийлмэл хугарал, зүүн дунд чөмгөний далд хугарал хугарал, зүүн 6-9-р хавирганы хугарал, тархи доргилт, зүүн зовхи, уруулын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, алимны салстын цус харвалт, зүүн дээд зовхи, гадна буланд шарх, дух, зүүн хацар шанаа, хүзүү, зүүн шуу, өвдөгт зулгаралт” бүхий хүнд хохирол хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Тээврийн прокурорын газраас: А.Н-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ..
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: “...Шүүгдэгч А.Н-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан “Тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар шүүгдэгч А.Н-ийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Н-ийг өөрийн оршин суух Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс явахыг хориглох, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгээр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүрэг хүлээлгэж, хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Н- нь зорчих эрх хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрх хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Н-д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 513 дугаар зүйлийн 513.1, 513.2 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч А.Н-иас 4,959,603 төгрөгийг гаргуулан хохирогч Н.Э-од, 4,739,854 төгрөгийг гаргуулан хохирогч А.А-т, 7,805,754 төгрөгийг гаргуулан Эрүүл мэндийн даатгалын санд тус тус олгуулж, хохирогч А.А-, Н.Э- нар нь гэмт хэргийн улмаас цаашид эмчилгээ хийлгэсэн баримтаа, мөн сэтгэцэд учирсан гэм хорын хохирлын талаарх баримтаа тус тус бүрдүүлэн гэм буруутай этгээдээс буюу А.Н-иас иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж, шүүгдэгч А.Н-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч А.Н-ийн өмгөөлөгч Д.Энхцэцэг тус шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо: “...Шүүхийн тогтоолд заасан үндэслэл хэргийн бодит байдалтай нийцээгүй талаар:
Миний үйлчлүүлэгч А.Н-ийг Замын хөдөлгөөний дүрмийн 10.1-т “...Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр ззлэх, зогсохдоо аюул, осол үүсгзхгүй байх бүх нөхцөлийг хангана...”, 10.4-т ...” Жолооч байр эзлэхийн өмнө зэрэгцээ эгнээнд чигээрээ яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө. Харин харилцан байраа солиход баруун гарталд яваа нь эхэлж байр эзэлнэ...”, 10.5-д “...Уулзвар, гарцаар нэвтрэх хөдөлгөөн нь зөвхөн нэг чигт зөвшөөрөгдсөнөөс бусад тохиолдолд жолооч баруун гар тийш эргэхийн өмнө хамгийн баруун, зүүн гар тийш буюу буцаж эргэхийн өмнө хөделгөөний тухайн чигийн хамгийн зүүн гарталын захад урьдчилан байр эзэлсэн байна...” гэснийг зөрчсөн, Мотоциклийн жолооч Э-ыг Замын хөдөлгөөны дүргийн 3.4 “а”-р заалт буюу “Жолооч ... энэ дүрмийн 4 дүгээр хавсаралтад заасан эвдэрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах ... үүргийг хүлээнэ”, 3.7 “а”-р заалт буюу “Жолооч ... тухайн ангилалын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно” гэснийг зөрчсөн гэсэн шинжээчийн дүгнэлт гарсан. Мөн дүгнэлтэд А.Н- нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.5-р заалт, мотоциклийн жолооч Э- нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 “а”-р заалтыг тус тус зөрчсөн нь зам тээврийн ослын шалтгаан болсон гэсэн бөгөөд мотоциклийн жолооч Э- нь Замын хөдөлгөөний дүрмийн 3.4 “а”-р заалтыг зөрчсөн нь зам тээврийн осол болоход нөлөөлсөн гэж шинжээч дүгнэсэн. Мөн мөрдөгчийн магадлагаагаар А.Н-ийг Замын хөдөлгөөний дүрэм зөрчөөгүй гэх магадлагаа гаргасан байдаг.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Монгол Улсад хүн бүр үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, бэлгийн, хүйсийн чиг баримжаа, хөгжлийн бэрхшээл, үзэл бодол, боловсролоор ялгаварлан гадуурхагдахгүйгээр, хуулийн этгээд бүр хөрөнгө, орлого, үйл ажиллагааны чиглэл, зохион байгуулалтын хэлбэрээс үл хамааран хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна...” гэж хуульчилсан.
Гэтэл анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ дээрх нөхцөл байдалд үндэслэл бүхий дүгнэлтийг хийж чадаагүй хэт нэг талыг барьж шийдвэрлэсэн гэж үзэж байна. Хэрэгт авагдсан “Осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч зураг дээр А.Н- нь 2 дугаар эгнээнээс 1 дүгээр эгнээнд шилжихдээ замын үргэлжилсэн шугамыг өнгөрөөд тасархай шугамаар уулзвар руу нэвтэрч байгаагаас харахад Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн гэж үзэхээргүй байх бөгөөд мотоциклийн жолооч Н.Э- болон түүний ард сундалж явсан А.А- нарын мөрдөн шалгах ажиллагаа болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгийн шатанд өгсөн мэдүүлгээр А.Н-ийг автобус өнгөрөөд гэнэт орж ирсэн гэж мэдүүлдэг. Гэтэл мөргөлдсөн цэг болон хэргийн газрын үзлэг, гэрэл зургийн үзүүлэлт, А.Н-ийн жолоодож явсан “Toyoto prius” маркийн А- УАВ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн шинжээчийн дүгнэлтээр жолоочийн баруун хойд талын хаалга дотогшоо цөмөрсөн гэх техникийн шинжээчийн дүгнэлт зэргээс үзэхэд, гэнэт гарч ирэх ямарч боломжгүй харагддаг. Энэ талаар шүүх хуралын явцад даргалагч шүүгч тодруулсан боловч шийдвэр гаргахдаа хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь үнэлж дүгнээгүй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бух арга хэмжээг авч яллагдагч, шуугдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгуй тогтоох...”-оор хуульчилсан байхад хэрэгт авагдсдан нотлох баримтууд нь эргэлзээ бүхий бөгөөд анхан шатны шүүх эргэлзээтэй баримтуудад хууль зүйн дүгнэлт хийгээгүй.
Хохирогч Н.Э-ын хувьд Замын хөдөлгөөний дүрэмд заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй, хамгаалах малгай өмсөөгүй зорчигч тээвэрлэхийг хориглосныг зөрчсөн мотоциклийн жолооч Н.Э-ын хувьд мотоцикл жолоодох эрхгүй хүн замын хөдөлгөөнд оролцож байгаа нь осол болох хамгийн гол шалтгаан болох төдийгүй Замын хөдөлгөөний дүрэмд заагдсан жолоочийн үүрэг буюу ямар нэгэн саад тулгарсан үед ямар арга хэмжээ авах, замын хөдөлгөөнд оролцохдоо ямар хурдтай оролцох зэргийг мэдэхгүйгээс хэт хурдтай хөдөлгөөнд оролцсон байхыг үгүйсгэхгүй үйл баримт хэрэгт цугларсан нотлох баримтуудаас харагддаг.
Өөрөөр хэлбэл, эрүүгийн 2403002490067 дугаар хэрэгт Мөрдөгчийн магадлагаа болон тусгай зөвшөөрөлтэй шинжээч н.Соронзонболдын 2024 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 120824183 дугаартай дүгнэлт зэрэг нь өөр хоорондоо зөрүүтэй байсан тул өмгөөлөгчийн зүгээс дахин шинжээч томилуулах болон мөрдөн шалгах дутуу ажиллагааг хийлгэх тухай хүсэлт гаргасныг шүүхээс хүлээн аваад хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн. Прокуророос нэмэлт шинжээч томилсноор 2025 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр 08/199 дүгээр шинжээчийн дүгнэлтээр А.Н- болон мотоциклийн жолооч Н.Э- нарыг хэн хэнийг нь Замын хөдөлгөөний дүрмийн тодорхой заалтыг зөрчсөн нь зам тээврийн ослын шалтгаан болсон гэх дүгнэлтүүдэд хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлтийг хийгээгүйн шүүхийн тогтоолд дурьдсан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзэх үндэслэл болж байна.
Түүнчлэн тус хэргийн хохирол төлбөрийн тооцохдоо мотоциклийн жолооч Н.Э-ын буруутай үйлдлийн улмаас түүний ард сундалж явсан хохирогч А.А-ын эрүүл мэндэд учирсан хохирол болон хор уршгийг дан ганц А.Н-ийг төлөхөөр шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Учир нь шинжээчийн дүгнэлтээр мотоциклийн жолооч Н.Э- нь Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 “а”, мөн дүрмийн 3.4 “а”-р заалтыг тус тус зөрчсөн нь зам тээврийн осол болоход нөлөөлсөн гэж шинжээч дүгнэсэн байхад анхан шатны шүүх үүнийг шийдвэр гаргахдаа харгалзах үзээгүй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлан хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ...” гэсэн хуулийн зохицуулалтыг хэрэглэх боломжтой байхад шүүх хэрэглээгүй.
Иймд Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 2025/ШЦТ/2500 дугаар шийтгэх тогтоолыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү. ...” гэжээ.
Шүүгдэгч А.Н-ийн өмгөөлөгч С.Соронзонболд тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолтой танилцахад, миний үйлчлүүлэгч гэм буруугийн асуудлаар маргаан гаргаагүй, уг байр суурь нь шүүхийн шийдвэр, шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан байна. Харин Д.Энхцэцэг өмгөөлөгчийн зүгээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.15 дугаар зүйлийг хэрэглэн хэргийг хэрэгсэхгүй болгох санал гаргасан нь гэм буруугийн асуудлаар маргасан байр суурь бөгөөд ийнхүү нэг шүүх хуралдаанд хоорондоо зөрүүтэй өмгөөлөгч нь өөр байр суурьтай байсан. Гэм буруугийн асуудлаар маргаж буй нөхцөлд хохирол, хор уршгийг нөхөн төлөх нь гэмт хэрэг, гэм бурууг хүлээн зөвшөөрсөнд тооцогдох эрсдэлтэй талаар миний зүгээс үйлчлүүлэгчид тайлбар, зөвлөгөө өгсөн бөгөөд уг үндэслэлээр тухайн үед хохирол, хор уршгийг төлөөгүй явсан нөхцөл байдал бий болсон. Харин одоо миний үйлчлүүлэгч өөрийн эрх зүйн байдлыг харгалзан үзэж, хор уршгийг арилгах чиглэлээр бодитой арга хэмжээ авч эхэлсэн. Тодруулбал, хохирогч нарт тус бүр хохиролд нэг нэг сая төгрөгийг шилжүүлж өгсөн бөгөөд уг төлбөрийг хүлээн авсныг баталгаажуулсан гарын үсгийг авч баримтжуулсан. Энэхүү нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд заасан зохицуулалтыг хэрэглэх боломжтой эсэхийг шүүх анхааран үзнэ үү. Учир нь миний үйлчлүүлэгч нь хөнгөн гэмт хэргийг анх удаа үйлдсэн, гэм буруугаа шүүхийн шийдвэр, шүүх хуралдааны тэмдэглэлд хүлээн зөвшөөрсөн, хор уршгийг арилгах талаар идэвхтэй арга хэмжээ авсан байна. Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирогч Н.Э-ын хагалгааны зардлыг тухайн үед нь өгч байсан бөгөөд уг төлбөрийг шүүх хуралдаанаар хэлэлцсэн, хохирогч өөрөө зөвшөөрсөн нь хэлэлцүүлгийн тэмдэглэлд тусгагдсан байна. Энэ нь хор уршгийг бодитоор арилгаж байсан нөхцөл байдал тогтоогдож байна. Түүнчлэн шүүхээс шийтгэх тогтоолын хавсралтад дурдсан А-, Э- нарт олгох үлдэгдэл нөхөн төлбөрийг төлөхөө илэрхийлж, холбогдох баримтыг гаргаж өгч байна. Шүүхээс тогтоосон хугацаанд төлбөрийг бүрэн гүйцэтгэх боломжгүй тохиолдолд хуульд заасан албадлагын арга хэмжээг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу хэрэглэх боломжтойг шүүх анхааран үзнэ үү. Мөн шийтгэх тогтоолд засвар оруулах шаардлагатай нөхцөл байдал байна. Тухайлбал, биеийн байцаалтын хэсэгт ам бүлийг “2” гэж тэмдэглэсэн нь бодит байдалтай нийцэхгүй бөгөөд миний үйлчлүүлэгч нь нөхөр, хүүхдийн хамт амьдардаг бөгөөд хүүхэд нь 5 сартай нийт 4 хүний гишүүнтэй өрх айл байна. Түүнчлэн Ховд аймгийн Үенч суманд оршин суудаг гэж дурдсан хаяг нь түүний 16 насанд иргэний үнэмлэх авах үед бүртгэгдсэн, эцэг нь тухайн үед Хилийн цэргийн анги, отрядын даргаар ажиллаж байсантай холбоотой хуучин бүртгэл бөгөөд бодит оршин суух хаяг биш юм. Шийтгэх тогтоолын 9 дэх хуудсанд хэрэглэвэл зохих хуулийг бүрэн дүүрэн хэрэглээгүй гэж үзэх үндэслэл байна. Учир нь хохирогч Э- нь Замын хөдөлгөөний дүрмийн тодорхой заалтуудыг зөрчсөн болох нь хоёр шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон. Үүнд тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдлыг хангаагүй, тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхийн үнэмлэхгүй байсан нөхцөл байдал багтана. Мөн шүүгдэгчийн хувийн нөхцөл байдлын талаар дурдвал, шүүгдэгч нь Баянгол дүүрэгт байрлах Мандах дээд сургуульд суралцаж байгаа оюутан бөгөөд Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт оршин суудаг. Анхан шатны шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ял нь Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт хязгаарлалт тогтоосон нь шүүгдэгчийн суралцах боломжид тодорхой хэмжээгээр нөлөөлж байна. Энэхүү нөхцөл байдал нь шүүгдэгчийн хувийн байдалтай шууд холбоотой тул ялын бодлогыг хэрэгжүүлэхэд харгалзан үзэх ёстой нөхцөл гэж үзэж байна. Эдгээр нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “анх удаа гэмт хэрэг үйлдсэн, тохиолдлын шинжтэй” нөхцөл болон мөн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасан “хохирогчийн хууль бус үйлдэл гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн” нөхцөлийг тогтоох үндэслэл болж байна. Иймд хохирогчийн буруутай үйлдэл, хор уршгийг бодитоор нөхөн төлсөн байдал, хувийн нөхцөл байдал, суралцах эрхэд үзүүлж буй нөлөөллийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийг зөв хэрэглэн, шүүхийн шийдвэрийг дахин хянаж өгнө үү. ...” гэв.
Хохирогч Н.Э-, А.А- нарын өмгөөлөгч Д.Энхбаатар тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний үйлчлүүлэгч хохирогч Н.Э-, А.А- нар нь уг гэмт хэргийн улмаас биеийн эрүүл мэнд, бие махбодод хүндэвтэр болон хүнд зэргийн гэмтэл авч бодит хохирол учирсан. Хэрэг бүртгэлт, мөрдөн шалгах ажиллагаа нь хуульд заасан журмын дагуу, үндэслэл бүхий явагдсан бөгөөд анхан шатны шүүх хэргийг тал бүрээс нь үнэн бодитойгоор судалж, нотлох баримтад тулгуурлан шийдвэр гаргасан гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл үйлдсэн гэмт хэргийн шинж, болгоомжгүй хэлбэр, учирсан хор уршигт нийцсэн. Шүүгдэгч нь одоог хүртэл учирсан хохирлын төлбөрийг төлж байгаа, цаашид үлдэгдэл хохирлыг төлөх хүсэл эрмэлзэлтэй байгаагаа илэрхийлж, хохирогч нартай энэ талаар ярилцаж байгаа. Давж заалдах шатны шүүхэд дараах хоёр хүсэлтийг гаргаж байна. Нэгдүгээрт, мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч тус бүрт сэтгэцийн шинжээчийн дүгнэлт гаргуулсан боловч уг дүгнэлттэй холбоотой зардлыг хохирлын бүрэлдэхүүнд тооцож, шүүгдэгчээс гаргуулаагүй орхигдсон байна. Иймд хэргийг бүхэлд нь хянаж үзээд, сэтгэцийн шинжилгээний зардлыг хохирлын нэг хэсэг болгон шүүгдэгчээс гаргуулахыг шүүхийн шийдвэрт тусгаж өгөхийг хүсэж байна. Хоёрдугаарт, гэмт хэргийн улмаас учирсан хохирол нь анхан шатны шүүхийн шийдвэрт бүрэн тусгагдаагүй, дутуу тогтоогдсон гэж үзэж байна. Иймд үлдэгдэл хохирлыг тодорхой хугацаа тогтоон гаргуулах талаар шүүгдэгчид үүрэг болгож, шүүхийн шийдвэрт тусгаж өгөхийг хүсэж байна. Эдгээр нөхцөл байдлыг харгалзан үзэж шийдвэрлэж өгнө үү. ...” гэв.
Хохирогч А.А- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Тэнсэх саналыг хүлээн зөвшөөрч байна. ...” гэв.
Хохирогч Н.Э- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Би дахин мэс ажилбарт орж хиймэл эд хөлийн дунд чөмөгний дээд үед хийлгэх шаардлагатай байгаа, биеийн эрүүл мэндийн шалтгаанаар мэс ажилбар хойшлогдоод байна. Эмчилгээний зардлыг л гаргуулж авах саналтай байна ...” гэв.
Прокурор М.Билгүүтэй тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхээс шүүгдэгч Н-д оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ял нь тухайн гэмт хэрэг, шинж чанар, гэм бурууд тохирсон гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг үндэслэлтэй тул хэвээр үлдээх саналтай байна. Мөн шинжээчийн дүгнэлтээр хохирогчдын сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоогдсон бөгөөд уг хор уршигтай холбоотой зардлыг шүүхээс жич шийдвэрлэх эрхтэй гэж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Н-ийн өмгөөлөгч Д.Энхцэцэгийн гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.
Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.
Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад:
Шүүгдэгч А.Н- нь 2024 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр 11 цаг 45 минутын орчимд Баянзүрх дүүргийн 41 дүгээр хороо, Энхтайваны өргөн чөлөө, Отгонтэнгэр дээд сургуулийн баруун урд замд “Тоёота Приус 20” маркийн А- УАВ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Замын хөдөлгөөний дүрмийн 10.5. “Уулзвар, гарцаар нэвтрэх хөдөлгөөн нь зөвхөн нэг чигт зөвшөөрөгдсөнөөс бусад тохиолдолд жолооч баруун гар тийш эргэхийн өмнө хамгийн баруун, зүүн гар тийш буюу буцаж эргэхийн өмнө хөдөлгөөний тухайн чигийн хамгийн зүүн гар талын захад урьдчилан байр эзэлсэн байна” гэсэн заалтыг зөрчсөний улмаас “Сузуки эдрэсс” маркийн мотоцикл унаж явсан Н.Э-той мөргөлдөж, зорчигч А.А-ын эрүүл мэндэд “зүүн өвдөгний эдийн дутагдал бүхий шарх, арьс нөхсөний дараах байдал, баруун гарын 5 дугаар хурууны тэнийлгэгч шөрмөсний тасрал, зүүн шилбэ, өсгий шарх, зүүн өвдөг, баруун бугуй, зүүн алганы зулгаралт” бүхий эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, жолооч Н.Э-ын эрүүл мэндэд “суурь яс зүүн дэлбэн хөхлөг сэртэн хамарсан хугарал, хацар яс, зүүн нүдний ухархайн бүх хана, хамар яс, эрүү яс хамарсан нийлмэл хугарал, зүүн дунд чөмгөний далд хугарал хугарал, зүүн 6-9-р хавирганы хугарал, тархи доргилт, зүүн зовхи, уруулын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, алимны салстын цус харвалт, зүүн дээд зовхи, гадна буланд шарх, дух, зүүн хацар шанаа, хүзүү, зүүн шуу, өвдөгт зулгаралт” бүхий хүнд хохирол хохирол учруулсан болох нь:
Гэмт хэргийн талаар гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, дуудлагын лавлагааны хуудас /1 хх 4-5/,
зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоогдсон байдал, хэмжилтийн бүдүүвч болон гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 хх 6-13/,
хохирогч Н.Э-ын “...Би 2024 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр 11 цаг өнгөрч байхад Улаанхуарангаас ажлын газрын залуу А.А-ын хамт хороолол орох гээд би мопедоо жолоодон хамтдаа явсан. Отгонтэнгэр их сургуулийн урд талын төв замын зорчих хэсгийн нэгдүгээр эгнээгээр голлон зүүнээс баруун тийш чиглэн явж байтал миний урдуур гэнэт хоёрдугаар эгнээний автомашин хөндөлдөөд ороод ирэхэд нь тоормос гишгэж амжилгүй би тэр машиныг очоод мөргөөд яаснаа мэдэхгүй ухаан алдсан байсан. Нэг ухаан ороод сэрэх үед замуун хажууд газарт хэвтэж байсан бөгөөд удалгүй эмнэлгийн яаралтай түргэн тусламжийн автомашин ирээд А.А- бид хоёрыг Гэмтлийн эмнэлэг рүү аваад явсан. Ингээд эмнэлэгт ирээд шинжилгээ, оношилгоонд ороод би хэвтэн эмчлүүлж байгаад гурав хоногийн дараагаас зүүн хөлийн мэс засалд орсон. Түүний дараагаар бас хэд хоногийн дараагаар эрүү, нүүрний мэс засалд ороод эмнэлэгт нийт 18 хоног эмчлэгдэж байгаад эмнэлгээс гарсан. ...” /1 хх 28-30/,
хохирогч А.А-ын “...Тэр өдөр манай “Шүтээн Уул” ХХК-д хамгаалагчаар ажилладаг Н.Э- ахын хамт түүний жолоодож явсан Мопедийн хойд суудалд суугаад Улаанхуарангаас 11 цаг өнгөрөөгөөд 3-4 дүгээр хороолол руу явж байсан. Тэгээд төв замаар Отгонтэнгэр их сургуулийн харалдаа зүүнээс баруун зүгт зорчих хэсгийн нэгдүгээр эгнээг голлоод явж байх үед хоёрдугаар эгнээгээр явж байсан “Toyota prius 20” маркийн автомашин нэгдүгээр эгнээ рүү баруун дараад гэнэт урдуур ороод ирсэн. Тэр үед Н.Э- ах мопедтойгоо тэр машины хажуу тал руу мопедороо мөргөж унасан бөгөөд мөргөлдөх үед би Н.Э- ахыг даваад явган хүний зам дээр газарт унасан. Тэр үед гудамжаар явж байсан нэг охин 103 руу дуудлага өгч байсан. Удалгүй яаралтай тусламжийн эмнэлгийн машин ирээд Н.Э- ах бид хоёрыг гэмтлийн эмнэлэг рүү авч явсан. Тэрний дараа “Toyota prius 20” маркийн машины жолооч гэх эмэгтэй араас гэмтлийн эмнэлэгт ирсэн. ...” /1 хх 103-104/,
иргэний нэхэмжлэгч Д.Г-гийн “...Баянзүрх дүүргийн 41 дүгээр хороо, Энхтайваны өргөн чөлөө Отгонтэнгэр дээд сургуулийн баруун урд замд 2024 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр 11 цаг 45 минутын орчим Toyota Prius-20 маркийн А- УАВ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч нь мопедтой зорчиж явсан жолооч, зорчигч нартай мөргөлдөж эрүүл мэндэд нь хохирол учруулсан гэх гэмт хэрэг үйлдэгдсэн байна. Дээрх гэмт хэргийн улмаас иргэн Н.Э-од 4.971.454 төгрөг, А.А-т 2.834.300 төгрөг, нийт 7.805.754 төгрөгийн зардал гарсан болох нь Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын лавлагааны баримт бичгээр тогтоогдож байна. Дээрх тусламж үйлчилгээний зардлыг яллагдагчаас гаргуулж, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020080 дугаартай дансан төлүүлж өгнө үү. ...” гэсэн мэдүүлгүүд,
Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 5346 дугаар шинжээчийн “...Н.Э-ын биед суурь яс зүүн дэлбэн хөхлөг сэртэн хамарсан хугарал, хацар яс, зүүн нүдний ухархайн бүх хана, хамар яс, эрүү яс хамарсан нийлмэл хугарал, зүүн дунд чөмөгний далд хугарал, зүүн 6-9-р хавирганы хугарал, тархи доргилт, зүүн зовхи, уруулын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, алимын салстын цус харвалт, зүүн дээд зовхи, гадна буланд шарх, дух, зүүн хацар, шанаа, хүзүү, зүүн шуу, өвдөгт зургаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх өдөр үүсгэгдсэн байх боломжтой гэмтэл. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтад нөлөөлөх эсэх нь эдгэрэлт эмчилгээний үр дүнгээс хамаарна. ...” /1 хх 41-42/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 113 дугаар шинжээчийн “...А.А-ын биед зүүн өвдөгний эдийн дутагдал бүхий шарх, арьс нөхсөний дараах байдал, баруун гарын 5-р хурууны тэнийлгэгч шөрмөсний тасрал, зүүн шилбэ, өсгий шарх, зүүн өвдөг, баруун бугуй, зүүн алганы зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн хэргийн хугацаанд үүсгэгдсэн гэмтлүүд байна. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий, хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Хэргийн материалаар хийсэн Шүүх эмнэлгийн шинжилгээний 2024.12.03-ны өдрийн 1156 тоот дүгнэлт үндэслэлтэй байна. ...” /1 хх 161-165/ гэсэн дүгнэлтүүд,
Автотээврийн үндэсний төв ТӨҮГ Баянзүрх техникийн хяналтын үзлэгийн төвийн №47652776 дугаар шинжээчийн /1 хх 55-58/ дүгнэлт,
Тусгай мэргэжил эзэмшсэн шинжээч Я.Соронзонболдын 2024 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 24/183 дугаар “...1. Toyota Prius-20 маркийн А- УАВ улсын дугаартай автомашины жолооч А.Н- нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.1 “Жолооч ... чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг ханган” гэснийг зөрчсөн байх үндэслэлтэй байна. 2. Мопедны жолооч Н.Э- нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4 “Жолооч дараахь үүргийг хүлээнэ: в/ мотоцикл, мопед жолоодохдоо ... хамгаалах малгай өмсөөгүй зорчигч тээвэрлэхгүй байх” гэснийг зөрчсөн байх үндэслэлтэй байна. 3. Toyota Prius-20 маркийн А- УАВ улсын дугаартай автомашины жолооч А.Н- нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.1 дэх заалтыг зөрчсөний улмаас уг зам тээврийн осол гарсан гэж үзэж байна. 4. Хэргийн материалд тормосны мөр гэх зүйл тусгагдаагүй байх тул жолооч Н.Э- нь тээврийн хэрэгслээ зогсоох арга хэмжээ авсан эсэхийг тодорхойлох боломжгүй байна. Мөн жолооч Н.Э- нь тухайн нөхцөлд замын хөдөлгөөнд давуу эрхтэй оролцох бөгөөд зам тавьж өгөх үүрэггүй гэж үзэж байна. 5. Энэхүү дүгнэлтийн 1, 3 дугаар хариултаар хариулсан болно. ...” /1 хх 125-127/ дүгнэлт,
Шинжлэх ухаан техникийн их сургуулийн шинжээчийн 2025 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 08/199 дугаартай шинжээчийн /2 хх 87-88/ дүгнэлт,
“Сүлд үнэлгээ” ХХК-ийн 2024 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн №4-293 тоот Автомашин техникийн үнэлгээний тайлан /2 хх 22-23/ зэрэг анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудыг хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.
Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасны дагуу хуульд зааснаар шүүх хуралдаанд оролцвол зохих оролцогч нарыг оролцуулж, тэдний дүгнэлт, тайлбар, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад хууль зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч А.Н-ийг “Тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцжээ.
Анхан шатны шүүх шүүгдэгч А.Н-ийн тээврийн хэрэгслэл жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.5. “Уулзвар, гарцаар нэвтрэх хөдөлгөөн нь зөвхөн нэг чигт зөвшөөрөгдсөнөөс бусад тохиолдолд жолооч баруун гар тийш эргэхийн өмнө хамгийн баруун, зүүн гар тийш буюу буцаж эргэхийн өмнө хөдөлгөөний тухайн чигийн хамгийн зүүн гар талын захад урьдчилан байр эзэлсэн байна” гэсэн заалтыг зөрчсөн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан бөгөөд шүүгдэгч А.Номуударийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэсэн нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдалд тохирсон байх бөгөөд анхан шатны шүүхийн шийдвэр хуульд нийцсэн, эрүүгийн хариуцлагын зорилгыг хангажээ.
Шүүгдэгч А.Н-ийн өмгөөлөгч Д.Энхцэцэгээс “...бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ гэсэн хуулийн зохицуулалтыг хэрэглэх боломжтой байхад шүүх хэрэглээгүй тул анхан шатны шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргасныг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Учир нь, хавтас хэрэгт авагдсан нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэгдсэн, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан, тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийсэн байна.
Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаарын хүрээнд шүүгдэгч А.Н-ийн гэм буруутай үйлдлийг бодитой тогтоож, “тухайн цаг хугацаанд болсон үйл явдал, эрүүл мэндэд учирсан хохирлын шалтгаан”, “гэм буруугийн хэлбэр”-ийн талаарх асуудлаар маргасан шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарын тайлбарт үндэслэл бүхий няцаалт хийжээ.
А.Н- нь тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.5. “Уулзвар, гарцаар нэвтрэх хөдөлгөөн нь зөвхөн нэг чигт зөвшөөрөгдсөнөөс бусад тохиолдолд жолооч баруун гар тийш эргэхийн өмнө хамгийн баруун, зүүн гар тийш буюу буцаж эргэхийн өмнө хөдөлгөөний тухайн чигийн хамгийн зүүн гар талын захад урьдчилан байр эзэлсэн байна” гэсэн заалтыг зөрчсөний улмаас мопедтой зорчиж явсан Н.Э-, А.А- нарыг мөргөж, хохирогч Н.Э-ын эрүүл мэндэд хүнд хохирол, А.А-ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан “Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэргийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан “...Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас ...хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан...” гэсэн шинжийг бүрэн агуулсан байна.
Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг харьцуулан судлахад, зам тээврийн ослын талаар хэд хэдэн шинжээчийн дүгнэлт гаргуулсан байх бөгөөд Шинжлэх ухаан техникийн их сургуулийн шинжээчийн 2025 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 08/199 дугаар дүгнэлтийг үндэслэлтэй хэмээн дүгнэж нотлох баримтаар тооцсон нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.5 дугаар зүйлд заасныг зөрчөөгүйгээс гадна зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, хэмжилтийн бүдүүвч зураг болон эрх үүрэг тайлбарлаж, хууль сануулж, гарын үсэг зуруулж авсан хохирогч нарын мэдүүлгүүдийг дээрх шинжээчийн дүгнэлттэй давхар нотлогдсон хэмээн үнэлж дүгнэснийг давж заалдах шатны шүүх буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.
Тодруулбал, зам тээврийн осолд хохирогч Н.Э-, А.А- нарын буруутай үйлдэл, жолоодож явсан тээврийн хэрэгсэлийн нөлөөлсөн нөхцөл байдал байхгүй бөгөөд шүүгдэгч А.Н-ийн хайхрамжгүй, болгоомжгүй буруутай үйлдлээс шууд шалтгаалсан байна.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд нэмэгдэж орсон шүүгдэгч А.Н-ийн өмгөөлөгч С.Соронзонболдоос “...хувийн байдал болон хохирол төлбөр тодорхой хэмжээнд төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлж байгаа нөхцөл байдлыг харгалзан үзэж оногдуулсан ялыг өөрчилж, тэнсэж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий тайлбарыг шүүх хуралдаанд гаргажээ.
Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргасан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинжийг хангасан гэж үзвэл тухайн гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг прокурорын яллах дүгнэлт болон шүүхийн шийдвэрт нэг бүрчлэн тусгаж, хохирогч, иргэний нэхэмжлэгчийг зөв тогтоож, тэдэнд хуульд заасан эрхийг бүрэн эдлүүлэхээс гадна гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдалд бодитой хууль зүйн дүгнэлт хийж, гэм буруутай этгээдэд Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцсэн төрөл, хэмжээний дотор ялыг сонгож оногдуулах нь зүйтэй.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалт нь тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг гурван жилээс дээш таван жил хүртэл хугацаагаар хасаж, нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэх санкцтай.
Хэдийгээр шүүгдэгч А.Н- нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, давж заалдах шатны шүүх хуралдаандаас өмнө гэм хорын хохирлоос хохирогч Н.Э-од 1.000.000 төгрөг, хохирогч А.А-т 1.000.000 төгрөг нөхөн төлсөн, сэтгэцэд учирсан хор уршиг, цаашид гарах эмчилгээний төлбөрийг нөхөн төлөхөө илэрхийлж байгаа ч хохирогч Н.Э-ын эрүүл мэндэд хүнд, хохирогч А.А-ын эрүүл мэндэд хүндэвтэр хор уршиг учруулсан байх ба анхан шатны шүүх шүүгдэгч А.Н-ийн хувийн байдал, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн зэргийг харгалзан тухайн зүйл, хэсэгт заасан зорчих эрх хязгаарлах ялыг хамгийн бага хугацаа болох 1 жилээр оногдуулж шийдвэрлэсэн нь түүний гэм бурууд тохирсон төдийгүй эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцсэн байх тул оногдуулсан ялыг өөрчилж, тэнсэх талаар гаргасан шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан тайлбар хууль зүйн үндэслэлгүй, түүнд 1 жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулсныг ял хүндэдсэн гэж үзэхгүй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хохирол төлбөртэй холбоотой зохицуулалтуудаас үзэхэд шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдвол гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирлыг хохирогчид төлөхөөр заасан ба шүүх нэхэмжлэлийн шаардлагыг баримтаар нотлогдсон хэмжээнд тооцон шүүгдэгчээс гаргуулахаар, мөн цаашид гарах эмчилгээний зардлаа жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй, сэтгэцэд учирсан хор уршгийг зохих хуулийн дагуу тус тус жич нэхэмжлэх эрхтэй гэж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй зөв болсон байна.
Мөн Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1 дэх заалтад “гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад” нөхөн төлүүлнэ гэж заасны дагуу хохирогч Н.Э-од 4.971.454 төгрөгийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг, хохирогч А.А-т 2.834.300 төгрөгийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авсныг шүүгдэгч А.Н-иас гаргуулж, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сангийн дансанд төлүүлэхээр шийдвэрлэсэн нь хуульд нийцжээ.
Давж заалдах шатны шүүх хуралдаанаас өмнө шүүгдэгч А.Н- нь хохирогч Н.Э-од шийтгэх тогтоолоор оногдуулахаар заасан хохирол болох 4.959.603 төгрөгөөс 1.000.000 төгрөгийг, хохирогч А.А-т шийтгэх тогтоолоор оногдуулахаар заасан хохирол болох 4.739.794 төгрөгөөс 1.000.000 төгрөгийг тус тус төлж барагдуулсан гэсэн тайлбар гаргасныг дурдах нь зүйтэй.
Иймд шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээхээр давж заалдах шатны шүүх дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 2025/ШЦТ/2500 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч А.Н-ийн өмгөөлөгч Д.Энхцэцэгийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Д.ОЧМАНДАХ
ШҮҮГЧ Т.ШИНЭБАЯР