Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 08 сарын 27 өдөр

Дугаар 2018/ШЦТ/121

 

 

 

 

 

 

       

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

******* дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Байгалмаа даргалж, тус шүүхийн танхимд хаалттай явуулж, Нийслэлийн ******* дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т.*******д холбогдох эрүүгийн 1804001690120 дугаартай хэргийг 2018 оны 8 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

     Шүүх хуралдаанд:

 Нарийн бичгийн дарга                            Б.Наранжаргал

 Улсын яллагч                                              Б.Оюунцэцэг

 Шүүгдэгчийн өмгөөлөгч                         Д.Цэнд-Аюуш

 Шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч     Т.*******

 Өсвөр насны шүүгдэгч                           Т.******* нар оролцов.

 

 Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 2002 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр ******* дүүрэгт төрсөн, 16 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, ерөнхий боловсролын сургуульд сурдаг, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 5, ээж Б.*******, эгч, дүү нарын хамт /цахим үнэмлэхний хаягаар: ******* дүүргийн 3 дугаар хороо, ******* хэсгийн 4 дүгээр гудамжны 2 тоотод/ одоо ******* дүүргийн 4 дүгээр хороо, *******ын 10 дугаар гудамжны 8 тоотод оршин суух ******* овгийн *******ийн ******* /РД:*******/

       

           Прокурорын яллах дүгнэлтэд дурдсанаар Т.******* нь 2018 оны 7 дугаар сарын 27-ны оройн 21 цагийн үед ******* дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах, *******ын 10 дугаар гудамжны 8 тоот хашаанд хувийн таарамжгүй харьцааны улмаас хохирогч Д. луу тал тоосго шидэж түүний биед зүүн хацарт язарсан шарх гэмтэл үүсгэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах баримтуудыг хэлэлцүүлэв. Үүнд:

Өсвөр насны шүүгдэгч Т.*******ын шүүх хуралдаанд мэдүүлсэн: “...2018 оны 7 дугаар сарын 27-ны орой *******ын 10 дугаар гудамжны 8 тоотод буюу манай гэрт хүргэн ах Д. ирчихээд манай ээж *******д агсам тавиад бузар авгай гээд хэл амаар доромжлоод байсан. Тэгээд ах гэрээс гарч явахаар нь хашааныхаа хаалгыг түгжихээр хамт гарсан. Гэтэл хүргэн хашаанаас гарах гэж байгаад гэнэт эргэж хараад намайг ална шүү гэхээр нь сандарсандаа газраас тал тоосго аваад шидсэн. Тэр тоосго хүргэн ахын нүүрэнд нь оносон...” гэх мэдүүлэг,

 

Шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч Т.*******ын шүүх хуралдаанд мэдүүлсэн “...Манай дүү нь сурлага сайтай, төлөв даруу зантай хүүхэд. Цаашид дүүдээ анхаарал халамж тавьж, хүмүүжүүлж чадна” гэсэн мэдүүлэг,

 

Мөрдөн байцаалтад хохирогч Д.ын мэдүүлсэн: “...2018 оны 7 дугаар сарын 27-ны өдөр хадам ээж болох *******гийн гэрт 19 цагийн үед очиход хадам ээж архи уучихсан байдалтай, над руу орилж хашгираад байсан. Тэгэхээр нь би хадам ээжтэйгээ маргалдаж байгаад гадаа харуй бүрий болох үед харих гээд гэрээс нь гараад явж байхад араас хүн явж байгаа чимээ гарахаар нь эргээд хартал ******* нэг юм аваад шидсэн ба шидсэн зүйл нь миний нүүрийг оносон. Тэгтэл нүүрнээс цус гараад эхэлсэн. Цохьсон юмыг нь харахад тал тоосго байх шиг байсан. Би хацар орчимдоо 3 оёдол тавиулсан. Би тухайн үед архи айраг холиод уучихсан согтуу байсан. Надад ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй, *******тай эвлэрсэн...” гэсэн мэдүүлэг /хх-н 12-13/, 

 

Мөрдөн байцаалтад гэрч Б.*******гийн мэдүүлсэн: “...2018 оны 7 дугаар сарын 27-ны оройн 19 цагийн үед гэртээ байж байхад гаднаас хүргэн согтуу орж ирээд “охин чинь хаана байна” гэж асуухаар нь “хөдөө гэртээ байгаа байлгүй дээ” гэсэн чинь амандаа учир нь ойлгогдохгүй юм бувтнаад “бузар авгай минь хэдэн хүүхдийнхээ толгойг хазаж дуусч байна уу” гэж орилж хашгираад байсан. ыг гэрт орилж хашгираад байхад гаднаас охины хүү болох 9 настай Амгалан орж ирсэн Амгаланг хараад “ээж чинь хаана байна, ээжийгээ олж ирэхгүй бол ална шүү” гэхэд Амгалан айгаад уйлсан. Тэгтэл гаднаас ******* орж ирээд “ ахаа та боль та явж амар” гээд гэрээс татаж гаргасан. Би тухайн үед ыг гэрт агсам тавиад байна гэж цагдаад дуудлага өгсөн байсан. ...******* гаднаас орж ирээд цагдаа дээр байж байгаад ирлээ түрүүн ах хашаанаас гарах үедээ намайг цохих гэхээр нь газраас юм бариад шидчихсэн чинь нүүрийг нь оночихлоо гэж хэлсэн. Маргааш өглөө нь ыг харахад зүүн хацар орчим нь цус болчихсон байсан. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 16-17/,

 

Шүүхийн шинжилгээ үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн №09шэ/282 дугаартай дүгнэлтэд: “Д.ын биед зүүн хацарт язарсан шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо хүчин зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” шинжээч эмч Ө.Шаарийбуу гэжээ. /хх-ийн 25/,

 

Шүүгдэгч Т.******* нь “Цагдаагийн ерөнхий газрын МНБГ-ын лавлагаа санд бүртгэгдээгүй” гэх урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-н 39/, иргэний үнэмлэх, төрсний гэрчилгээний лавлагаа /хх-н 33-34/ болон бусад бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судлагдсан дээрх шүүгдэгч, хохирогч, гэрч нарын мэдүүлгүүд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн, мэдүүлгүүдийн агуулга нь зөрүүгүй мөн шүүх эмнэлгийн үзлэг хийсэн шинжээчийн 09шэ/282 дугаартай дүгнэлтийн үндэслэл нь ойлгомжтой бөгөөд эргэлзээгүй, хууль ёсны шаардлагыг хангажээ.

Иймд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, эргэлзээгүй, тухайн хэргийг хангалттай нотолж байх тул хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлэн шийтгэх тогтоолын үндэслэл болгов.

I. Гэм буруугийн болон гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар:

Өсвөр насны шүүгдэгч Т.******* нь 2018 оны 7 сарын 27-ны орой 21 цагийн үед ******* дүүргийн 4 дүгээр хороо, *******ын 10 дугаар гудамжны 8 тоот хашаанд  хүргэн ах Д.ыг “ална шүү” гэж хэлэхэд нь газраас тал тоосго авч шидсэний улмаас Д.ын зүүн хацарт язарсан шарх бүхий гэмтэл учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн “би сандраад газар байсан тал тоосго аваад ах руу шидсэн” гэсэн мэдүүлэг, мөрдөн байцаалтад хохирогч Д.ын “******* нэг юм аваад шидсэн ба шидсэн зүйл нь миний нүүрийг оносон. Тэгтэл нүүрнээс цус гарсан” талаарх мэдүүлэг /хх-н 12-13/, гэрч Б.*******гийн “******* гаднаас орж ирээд цагдаа дээр байж байгаад ирлээ түрүүн ах хашаанаас гарах үедээ намайг цохих гэхээр нь газраас юм бариад шидчихсэн чинь нүүрийг нь оночихлоо гэж хэлсэн” гэсэн мэдүүлэг /хх-ийн 16-17/, хохирогчийн биед үзлэг хийж учирсан гэмтлийг тогтоосон шинжээчийн 2018 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн №09шэ/282 дугаартай актын “Д.ын биед зүүн хацарт язарсан шарх гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэсэн дүгнэлт /хх-ийн 25/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

 

Улсын яллагчаас шүүгдэгч Т.*******ыг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулж, 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах дүгнэлтийг гаргасан. Шүүгдэгч Т.******* болон түүний өмгөөлөгч нь гэм буруугийн талаар маргаагүй ба хүмүүжлийн чанартай албадлагийн арга хэмжээ авахуулах саналыг гаргасан. Шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг нь хохирогч Д., гэрч Б.******* нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд зэрэг бусад нотлох баримтуудаар давхар нотлогдож байна.

Шүүгдэгч Т.******* нь хүргэн ах Д.ын “агсам тавьсан”  үйлдэлд дургүйцсэн, улмаар хохирогчийн “ална” гэж хэлэхэд нь  газраас тоосго авч шидсэн үйлдэлдээ санаатай хандсан байна. Уг гэмт хэргийн шалтгаан нөхцөлийг тодруулбал хохирогчийн буруутай үйлдэл гэмт хэрэг гарахад нөлөөлжээ.  

Иймд Т.*******ын үйлдэл нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангасан байх тул улсын яллагчийн гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг хүлээн авч, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Энэ гэмт хэргийн улмаас хохирогчийн биед хөнгөн хохирол учирсан байх бөгөөд хохирогч Д. нь хохирол төлбөр нэхэмжлэхгүй гэснийг дурдах нь зүйтэй.

 

II.Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Шүүх өсвөр насны шүүгдэгч Т.*******д эрүүгийн хариуцлага болон ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй. Өсвөр насны шүүгдэгч Т.*******д  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй ба хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөлд тооцов.

 

Шүүгдэгч Т.******* нь 2002 оны 4 сарын 11-ний өдөр төрсөн бөгөөд гэмт хэргийг үйлдэх үедээ 16 нас 3 сар 16 хоногтой байсан нь түүний иргэний үнэмлэхний лавлагаа, төрсний гэрчилгээний хуулбар, нас тоолсон тэмдэглэл зэргээр тогтоогдож байна. /хх-н 33, 34, 37/

 

Шүүгдэгчийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь хорих ял оногдуулахаар заагаагүй байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарагдаж байх бөгөөд тэрээр анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь ял шалгах хуудсаар тогтоогдож байна. /хх-н 39/

Шүүх өсвөр насны шүүгдэгч Т.*******ыг анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлд зааснаар хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

Мөн өсвөр насны шүүгдэгчийн эрүүл мэнд, ёс суртахуун, сэтгэцийн онцлогийг харгалзан, нийгэмд өөрийн байр суурийг олоход нь туслах, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамруулвал зохино.

Хууль ёсны төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан хүсэлтийг харгалзаж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгүүдэд зааснаар хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авсан хугацаанд хараа хяналтандаа байлгаж хүмүүжүүлэхийг түүний төрсөн эгч Т.*******д даалгаж шийдвэрлэв.

 

 

Өсвөр насны шүүгдэгчид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, шүүгдэгч нь энэ хэрэгтээ цагдан хоригдоогүй, эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн зүйлгүй, энэ хэрэгт гарсан байцаан шийтгэх ажиллагааны зардлыг тодорхойлж ирүүлээгүй болно.

 

    Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсгүүд, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

  1. Өсвөр насны шүүгдэгч ******* овгийн *******ийн *******ыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд  тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйл, 8.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч ******* овгийн *******ийн *******д ял оногдуулахыг тэнсэж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан хүмүүжүүлсүгэй.
  3. Т.*******ыг хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд Эрүүгийн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамруулсугай.
  4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгүүдэд зааснаар Т.*******д авагдсан хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээг хүүхдийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага хэрэгжүүлэхийг мэдэгдэж, хараа хяналтандаа байлгаж хүмүүжүүлэх үүргийг түүний төрсөн эгч Т.*******д даалгасугай.  
  5. Хохирогч Д. нь хохирол, хор уршиг нэхэмжлээгүйг дурдсугай.
  6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж уг тогтоол хүчин төгөлдөр болтол Т.*******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
  7. Т.*******д холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, энэ хэрэгт гарсан байцаан шийтгэх ажиллагааны зардлыг тодорхойлж ирүүлээгүй болохыг тус тус дурдсугай.
  8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар прокурор, дээд шатны прокурор, ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй.
  9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Т.*******д урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

                             

                          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Б.БАЙГАЛМАА