Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 01 сарын 08 өдөр

Дугаар 2026/ДШМ/42

 

 

 

 

 

 

      2026          01            08                                         2026/ДШМ/42

 

Ю.Х-т холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Г.Есөн-Эрдэнэ, шүүгч Д.Очмандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:  

прокурор М.Билгүүтэй,

шүүгдэгч Ю.Х-ын өмгөөлөгч Б.Буянхишиг, 

нарийн бичгийн дарга Э.Даваадулам нарыг оролцуулан,    

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 2025/ШЦТ/2585 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Буянхишиг давж заалдах гомдол гаргасныг үндэслэн Ю.Х-т холбогдох эрүүгийн 2503000001099 дугаартай хэргийг 2025 оны 12 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Очмандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

Б овгийн Ю-ын Х ....................................... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй;

Шүүгдэгч Ю.Х- нь 2025 оны 8 дугаар сарын 21-ний өдөр тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ Чингэлтэй дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэр, Хайлаастын замд 2025 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр 20:00 цагийн үед Тоуоtа Рrius загварын 0000 ААА улсын дугаартай тээврийн хэрэгслийн Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 “жолоочид дараах зүйлийг хориглоно. а/ тухайн тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн” гэж заасныг зөрчиж замын хөдөлгөөнд оролцсон гэмт хэрэгт холбогджээ.

Тээврийн прокурорын газраас: Ю.Х-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Шүүгдэгч Б овогт Ю-ын Х-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ сэгтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөн” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 450 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол хорих ялаар солихыг мэдэгдэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 3 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг ял оногдуулсан үеэс эхлэн тоолж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Буянхишиг давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Ю.Х- мөрдөн шалгах ажиллагааны үед болон анхан шатны шүүх хуралдаан дээр гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөөр ирсэн. Шүүхээс Ю.Х-т ялын төрлүүдээс 450 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан нь шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа байдал, энэ гэмт хэргийн улмаас хохирол, хор уршиг үүсээгүй, мөн анх удаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан үзээгүй байна. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүхээс хорих ялыг хөнгөрүүлэх, ялаас чөлөөлж албадлагын арга хэмжээг хэрэглэж болохоор хуульчилсан тул шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд нийтэд тустай ажил хийлгэх ялаас өөр төрлийн ял болох торгох ял оногдуулж өгнө үү. Хэрэв давж заалдах шатны шүүхээс торгох ял оногдуулах боломжгүй гэж дүгнэх юм бол тэнсэж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү. ...” гэв.

Прокурор М.Билгүүтэй тус шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхээс шүүгдэгч Ю.Х-ын үйлдэлд оногдуулсан эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хариуцлагын зорилгод болон түүнийг нийгэмшүүлэхэд тохирсон гэж үзэж байна. Тиймээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.  

                                             ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг давж заалдах гомдолд заасан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

Шүүгдэгч Ю.Х-т холбогдох эрүүгийн 2503000001099 дугаартай хэргийн үйл баримтын талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг мөрдөн шалгах ажиллагаагаар хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил тогтоогдсонгүй.    

1. Хавтас хэрэгт авагдсан нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан, тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийсэн байна.

Шүүгдэгч Ю.Х- нь 2025 оны 8 дугаар сарын 21-ний өдөр тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ Чингэлтэй дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэр, Хайлаастын замд 2025 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр 20:00 цагийн үед Тоуоtа Рrius загварын 0000 ААА улсын дугаартай тээврийн хэрэгслийн Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 “жолоочид дараах зүйлийг хориглоно. а/ тухайн тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн” гэж заасныг зөрчиж замын хөдөлгөөнд оролцсон болох нь:

“...Ю.Х- нь 1,87 хувь согтолттой...” болохыг шалгасан эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл, баталгаажуулсан гэрэл зураг /хх-ийн 1, 4/,

Цагдаагийн ерөнхий газрын жолоодох эрхийн лавлагаа: “...2025 оны 8 дугаар сарын 21-ний өдөр эрх хасагдсан...” /хх-ийн 7/,

2025 оны 8 дугаар сарын 21-ний өдөр Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Ю.Х-ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хассан Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 2024/ЗШ/598 дугаартай шийтгэвэр /хх-ийн 10-12/ зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хянан хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдсон байна.

2. Шүүгдэгч Ю.Х- нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 2025 оны 8 дугаар сарын 21-ний өдөр хасуулсан байхдаа дахин 2025 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон үйлдлийн талаар анхан шатны шүүх хэргийн бодит байдалд нийцсэн дүгнэлтийг хийж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан “Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэргийн 5 дахь хэсэгт заасан “...Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, ...” гэсэн шинжээр зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй. 

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “...тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хасаж хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял...”-ыг оногдуулахаар заасан.   

Шүүгдэгч Ю.Х-т тус зүйл, хэсэгт заасан ялын төрлөөс нийтэд тустай ажил хийлгэх ялыг сонгож 450 цагийн хугацаагаар оногдуулсан нь түүний согтуугаар 2025 оны 8 дугаар сарын 21-ний өдөр тээврийн хэрэгсэл жолоодсоны улмаас жолоодох эрхээ хасуулсан атлаа 23 хоногийн дараа буюу 2025 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр мөн согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож буй хувийн байдал, нийтийн аюулгүй байдалд учруулах хор уршгаас сэргийлэх Эрүүгийн хуулийн зорилгод тохирсон бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шударга ёсны зарчим, 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын цээрлүүлэх зорилгод нийцэж байна гэж давж заалдах шатны шүүх дүгнээд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ю.Х-ын өмгөөлөгч Б.Буянхишигийн гаргасан “торгох ял шийтгэж, эсхүл хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 2025/ШЦТ/2585 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ю.Х-ын өмгөөлөгч Б.Буянхишигийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай. 

2. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Т.ӨСӨХБАЯР

      ШҮҮГЧ                                                             Г.ЕСӨН-ЭРДЭНЭ

                             ШҮҮГЧ                                                             Д.ОЧМАНДАХ