Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 05 сарын 10 өдөр

Дугаар 226/МА2022/00016

 

 

 

 

 

2022 оны 05 сарын 10-ны өдөр            226/МА2022/00016                                   Хэрлэн сум

 

 

 

 

“М” ТӨҮГ-ын харьяа

УБҮ-ийн нэхэмжлэлтэй,

хариуцагч Д.Т-д холбогдох

иргэний хэргийн талаар

 

 

226/2022/00016/И

 

Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Болормаа даргалж, шүүгч Б.Дэнсмаа, Я.Алтаннавч нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “А” танхимд,  

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.А-, Ц.Ө-,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Довчинсүрэн нарыг оролцуулан

            Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч М.Энхмандахын даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 157/ШШ2022/00019 дугаар шийдвэртэй “М” ТӨҮГ-ын харьяа УБҮ-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Д.Т-д холбогдох “нефтийн агуулахаас дутагдсан 5362 кг дизель түлшний үнэ 14.423.780 төгрөг гаргуулах тухай” иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.А-, Ц.Ө- нарын гаргасан давж заалдах гомдлоор 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч шүүгч Я.Алтаннавчийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            Нэхэмжлэгч “М” ТӨҮГ-ын харьяа УБҮ- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Д.Т- нь Уулын баяжуулах үйлдвэрийн Материал техник хангамжийн хэлтсийн нефтийн агуулахын нярваар ажиллаж байхдаа эд хариуцагчийн үүрэгт ажилдаа хариуцлагагүй хандаж 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр ирсэн хоёр машин түлшийг орлогод авахдаа өөрийн биеэр хүлээж аваагүйгээс гадна нефтийн агуулахад түлш орлогод авах, зарлага гаргах бүрт хэмжилт хийж, санхүүгийн бүртгэл хөтлөх үүргээ зохих ёсоор гүйцэтгэж байгаагүйн улмаас 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр нефть агуулахын 1 дүгээр саванд хийсэн хэмжилтээр 5362 кг түлш дутагдуулж 14.423.780 төгрөгийн хохирол учруулсан байна.Түлш дутагдуулсан шалтгааныг хуулийн байгууллага шалгасны эцэст Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын прокурорын газрын 2020 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 57 дугаар прокурорын тогтоолоор 5362 кг түлшийг Д.Т- нь өөртөө завшсан болох нь нотлогдоогүй, бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэргийн шинжгүй тул хэрэг бүртгэлтийн хэргийг хааж, 5362 кг дизель түлшний үнэ 14.423.780 төгрөгийг Д.Т-гээс гаргуулахаар иргэний журмаар шүүхэд нэхэмжлэл гаргах үндэслэлийг дурдаж шийдвэрлэсэн байна. Иймд УБҮ-т учирсан 5362 кг дизель түлшний үнэ 14.423.780 төгрөгийн хохирлыг Д.Т-гээс гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаж байна” гэжээ.

            Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.А-, Ц.Ө- нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгч “М” ТӨҮГ-ын харьяа УБҮ- шүүхэд гаргасан нэхэмжлэлийг бүрэн дэмжиж оролцож байна. Нэхэмжлэлийн шаардлага өөрчлөгдсөн, нэмэгдсэн, хасагдсан зүйл байхгүй. 2019 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр түлш хүлээн авсан бөгөөд 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр хэмжилт хийхэд түлш дутсан. Тухайн үед Д.Т- нярваар ажиллаж байсан. Ажлын байрны тодорхойлолтод заасны дагуу Д.Т- түлшийг хүлээж авах, түлшийг буцааж гаргах болгонд санхүүгийн баримтыг бүрдүүлэх үүрэгтэй. Д.Т- ажлын хариуцлага алдсан. Түлшийг орлогод аваагүй байх магадлалтай. JPS түлшний машинд байдаг бөгөөд түлшний саванд байхгүй. Харуулын бүртгэлийн дэвтэр байсан. JPS ажиллаагүй гэдэг нь худлаа, харин камер ажиллаагүй нь үнэн. Эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ хийгдсэн учир түлшний дутагдлыг Д.Т- хариуцах ёстой. 5362 кг дизель түлш нь 6000 гаруй литр түлш болдог. Иймд хариуцагч Д.Т-гөөс 5362 кг дизель түлшний үнэ 14.423.780 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч М” ТӨҮГ-ын харьяа УБҮ-т олгож өгнө үү” гэжээ.

            Хариуцагч Д.Т- шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие “М” ТӨҮГ-ын харьяа УБҮ-ийн гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Энэхүү асуудал нь урьд нь цагдаа, прокурорын байгууллагаар шалгагдсан. Прокурорын байгууллагаас намайг гэмт хэрэг үйлдээгүй болохыг тогтоосон. Гэхдээ прокурор хэрэгсэхгүй болгосон тогтоол дээр намайг “хоёр машины түлшийг өөрийн биеэр хүлээж аваагүй, агуулахын 1-р саванд орсон түлшинд тухай бүр нь хэмжилт хийгээгүйн улмаас дутагдал гарсан” гэж дүгнэсэн. Үүнийг би хүлээн зөвшөөрөхгүй байна. Би түлшийг журмын дагуу 2019 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр хүлээж авсан. Тэр өдөр ганцхан “Б” цехэд түлш хүлээж авсан. Түлшийг хүлээж аваад маргааш өглөө нь хэмжилт хийх ёстой байтал хөдөлмөрийн аюулгүй байдлын сургалтад 08 цагт орсон. Г- 11 цагт хэмжилт хийсэн. Манай байгууллагын камер бүрэн ажилладаг мөртлөө тэр өдрийн камер ажиллаагүй гэж байгаа нь эргэлзээтэй байна. Эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээг энэ асуудал болсноос хойш буюу 2019 оны 03 дугаар сарын 12-ны өдөр байгуулсан. Хөдөлмөрийн гэрээг 2018 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр ажилд орсон өдрөө байгуулсан. “М” ТӨҮГ-аас мөн УБҮ-ээс маш олон удаа шалгалт хийсэн. Энэ асуудлаас болоод байгууллагаас ямар нэгэн байдлаар арга хэмжээ аваагүй. Би ажлын хариуцлага алдаагүй. Би нярваар ажиллаж байх хугацаандаа түлшийг хүлээн авах, түлшийг буцааж өгөхдөө санхүүгийн бүх бичиг баримтыг бүрдүүлдэг байсан. Ямар нэгэн санхүүгийн баримтгүй түлшийг гаргаагүй. Түлш яагаад дутагдсан гэдгийг би мэдэхгүй. Уг түлш дутагдсан явдалд миний буруутай үйл ажиллагаа байхгүй гэж үзэж байна. Иймд би түлшний төлбөрийг төлөх үндэслэлгүй. Түлшийг хүлээж аваад зарлагадаад гаргадаг. Нэг саванд 400 метр куб түлш ордог, савны 70 хувьд нь түлшийг хийдэг. Тухайн үед нь 80 хувийн дүүргэлттэй хийсэн. Хөдөлмөрийн аюулгүй байдлын сургалт маргааш өглөө нь болсон. 34000 литр түлш ирсэн. Би бүх лүк болгоныг шалгасан. 7-8 лүк байсан. Түлш ууршиж болно, түлшний савны хазайлт, шугам хоолой зэргээс шалтгаалж түлш дутагдаж болно. Иймд нэхэмжлэгч “М” ТӨҮГ-ын харьяа УБҮ-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Д.Т-д холбогдох “нефтийн агуулахаас дутагдсан 5362 кг дизель түлшний үнэ 14,423,780 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

            Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 157/ШШ2022/00019 дугаар шийдвэрээр: Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1, 131.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч “М” ТӨҮГ-ын харьяа УБҮ-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Д.Т-д холбогдох “нефтийн агуулахаас дутагдсан 5362 кг дизель түлшний үнэ 14,423,780 /арван дөрвөн сая дөрвөн зуун хорин гурван мянга долоон зуун наян/ төгрөг гаргуулах” тухай  нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч “М” ТӨҮГ-ын харьяа УБҮ-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 230,069 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж улсын орлого болгохоор тус тус заан шийдвэрлэжээ.

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.А-, Ц.Ө- давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “Анхан шатны шүүхийн шийдвэрийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна.

            Нэг. УБҮ-ийн Санхүү бүртгэлийн хэлтсийн нягтлан Д.Т- нь Уулын баяжуулах үйлдвэрийн Материал техник хангамжийн хэлтсийн нефтийн агуулахын нярваар ажиллаж байхдаа эд хариуцагчийн үүрэгт ажилдаа хариуцлагагүй хандаж 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр ирсэн 2 машин түлшийг орлогод авах үед өөрийн биеэр байлцаагүй, түлш хүргэж ирсэн автомашины саванд үзлэг хийлгүй орхигдуулсан, нефть агуулахын 1 дүгээр саванд орсон, гарсан түлшийг тухай бүрт нь хэмжилт хийгээгүйн улмаас 2019 оны 01 дүгээр сарын 21-ний хэмжилтээр 5362 кг түлш буюу 14.423.780 төгрөгийн дутагдал гаргасан. Дээрх дутагдал нь түүний эд хариуцагчийн хувиар хүлээсэн ажил үүрэг, хариуцлагатай нь шууд холбоотой бөгөөд 5362 кг түлш буюу 14.423.780 төгрөгийн дутагдал нь тухайн үеийн хэмжилт хийсэн болон санхүү бүртгэлийн анхан шатны баримтууд, шалгалтын ажлын хэсгийн дүгнэлт, шийдвэрээр хангалттай тогтоогдсон байхад анхан шатны шүүх “нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагаа нотолж чадаагүй, Эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ байгуулаагүй, ажлын байрны тодорхойлолтод эд хөрөнгийн бүрэн хариуцлагын талаар тухайлан заагаагүй” гэх үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалд нийцээгүй байна.

Хоёр. “М” ТӨҮГ-ын харьяа УБҮ-ийн захирал нь ТӨҮГ-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргийн хүрээнд УБҮ-ийн хэмжээнд үүссэн аливаа хэрэг маргаан болон ТӨҮГ, үйлдвэрийн хөндөгдсөн эрх, ашгийг ханган хамгаалах зорилгоор “М” ТӨҮГ-ын нэрийн өмнөөс шүүх хууль хяналтын бусад байгууллагад нэхэмжлэл, гомдол гаргах, Уулын баяжуулах үйлдвэрийн өмнөөс итгэмжлэгдсэн төлөөлөгчийг томилох зэрэг эрхийг Уулын баяжуулах үйлдвэр үүсэн байгуулагдсан 1985 оноос эхлэн хэрэгжүүлж ирсэн ба Уулын баяжуулах үйлдвэрээс гаргасан нэхэмжлэл гомдол нь анхан болон давж заалдах, хяналтын шатны шүүхээр хянан хэлэлцэгдэж ирсэн байдал нь нийтэд илэрхий үйл баримт юм. Гэтэл анхан шатны шүүх УБҮ-ийн захирал нь “...шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй эсэх талаарх нотлох баримтыг нэхэмжлэгч байгууллага шүүхэд гаргаж өгөөгүй...” талаар дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т заасан зохицуулалтад үл нийцсэн байна. Мөн УБҮ-ийн захирал нь “М” ТӨҮГ-ын нэрийн өмнөөс Уулын баяжуулах үйлдвэрийг төлөөлж шүүх, хууль хяналтын байгууллагад нэхэмжлэл, гомдол гаргах эрх нь түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээ болон ажлын байрны тодорхойлолтод тусгагдан хэрэгжиж байгаа талаар “М” ТӨҮГ-ын захирлын 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 1/282 дугаар албан бичгээр тус шүүхэд урьд нь мэдэгдэж байсан болно. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлж өгнө үү” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т зааснаар давж заалдах журмаар хэрэг хянан шийдвэрлэж буй шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзлээ.

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасны дагуу явуулаагүйгээс, шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 116-р зүйлийн 116.2-т заасан шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч “М” ТӨҮГ-ын харьяа УБҮ- нь хариуцагч Д.Т-д холбогдуулж “нефтийн агуулахаас дутагдсан 5362 кг дизель түлшний үнэ 14.423.780 төгрөгийг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ нэхэмжлэгч “М” ТӨҮГ-ын харьяа УБҮ- нь хуулийн этгээдийн эрхтэй эсэх талаарх нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй, захирал Б.Магсаржавын албан тушаал, эрх зүйн байдлыг тодорхойлсон баримт хэрэгт авагдаагүй тул түүнийг нэхэмжлэгчийг төлөөлөх бүрэн эрхтэй  этгээд гэж үзэхгүй гэж буруутгажээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлд “нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах” үндэслэлүүдийг хуульчилсан. Мөн хуулийн 65 зүйлийн 65.1.5-д “нэхэмжлэгчийг төлөөлөх бүрэн эрхгүй этгээд нэхэмжлэл” гаргасан бол нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах, татгалзсан үндэслэлийг хэрхэн арилгаж засуулах, дахин нэхэмжлэл гаргах эрхийг зааж өгөх эрх шүүхэд хуулиар олгогдсон байдаг.

 

Гэтэл анхан шатны шүүх  2021 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 150 дугаартай шүүгчийн захирамжаар “М” ТӨҮГ-ын харьяа УБҮ-ийн нэхэмжлэлийг хүлээн авахдаа “нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэлгүй” гэж дүгнэж иргэний хэрэг үүсгэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65, 66 дугаар зүйлүүдийг зөрчиж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасны дагуу явуулаагүй байна.

 

Иймд  нэхэмжлэгчийг төлөөлөх бүрэн эрхтэй этгээд мөн эсэхийг шүүх шалган тогтоосны эцэст хэргийг шийдвэрлэх нь чухал ач холбогдолтой тул давж заалдах шатны шүүхээс шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Нэхэмжлэгч байгууллагаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 230.069 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.  Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 157/ШШ2022/00019 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дугаар зүйлийн 59.3-т заасныг баримтлан нэхэмжлэгч байгууллагаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 230.069 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

      

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 167 дугаар зүйлийн 167.5-д заасны дагуу магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

       ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                         Г.БОЛОРМАА

                                   ШҮҮГЧИД                                       Б.ДЭНСМАА

                                                                                           Я.АЛТАННАВЧ