Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 05 сарын 12 өдөр

Дугаар 226/МА2022/00017

 

 

 

 

 

2022 оны 05 сарын 12-ны өдөр            226/МА2022/00017                                   Хэрлэн сум

 

 

 

 

Н.Э-ын нэхэмжлэлтэй,

хариуцагч Ж.Н-д холбогдох

иргэний хэргийн талаар

 

 

226/2022/00017/И

 

Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Болормаа даргалж, шүүгч Я.Алтаннавч, Б.Дэнсмаа нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “А” танхимд,  

Нэхэмжлэгч Н.Э-, түүний өмгөөлөгч Г.Баярсайхан,  

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Довчинсүрэн нарыг оролцуулан

 

Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Уранзаяа, Ерөнхий шүүгч Б.Марина, шүүгч Х.Отгонжаргал нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2022 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 156/ШШ2022/00127 дугаар шүүхийн тогтоолтой Н.Э-ын нэхэмжлэлтэй, хариуцагч Ж.Н-д холбогдох “эд хөрөнгөнд учирсан гэм хорын хохиролд 2.617.826 төгрөг гаргуулах тухай” иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Жавхлангийн гаргасан давж заалдах гомдлоор 2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч шүүгч Б.Дэнсмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Нэхэмжлэгч Н.Э- шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие 2019 оны 07 дугаар сарын 23-ны өдөр Хурх тосгоноос Хэнтий аймаг руу Саригийн голын баруун эргээр хүүхдүүдийн хамт өөрийн эзэмшлийн “Тоёото приус” маркийн машинтай явж байхад миний зүүн гар талаас “Портер” маркийн машин зөрөг замаас мөргөж осол гаргасан. Тухайн үед цагдаад мэдэгдэх гэхэд утасны сүлжээ байхгүй байсан учир гар утсаараа зураг авч аймагт ирж “В” компаниар үнэлгээ хийлгэхэд 1.451.900 төгрөгийн эвдрэл гарсан. Эд ангийг Улаанбаатар хотоос сэлбэг авчирч засуулахад ажлын хөлс 850.000,  сэлбэг авчруулахад 150.000, үнэлгээний компаниар үнэлгээ хийлгэхэд 8000, Ж.Н-той уулзахаар Өмнөдэлгэр сум очиж ирэхэд бензиний үнэ 80.000, улсын тэмдэгтийн хураамж 55.926 төгрөг, нийт 2.617.826 төгрөгийн хохирол учирсныг Ж.Н-ос гаргуулахаар нэхэмжилж байна” гэжээ.

 

Хариуцагч Ж.Н-, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Жавхлан шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “Энэхүү асуудалд миний буруутай үйл ажиллагаа байхгүй учир нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. ...Ж.Н- нь 2019 оны 07 дугаар сарын 23-ны өдөр Өмнөдэлгэр сум руу Сариг голын баруун биед судаг өгсөөд 2 дугаар араагаар хөндлөн зам дээр явж байхад нь “Приус” маркийн машин баруун талаас нь маш хурдтайгаар дугуй руу нь орж ирсний улмаас мөргөлдөж авто тээврийн осол гарсан. Тухайн үед хоорондоо ярилцаад цагдаа дуудах гэсэн боловч сүлжээгүй байсан учраас цагдаа дуудаж чадаагүй. Бид Хэнтий аймаг руу оръё гээд нэхэмжлэгчийн зүгээс утсан дээр бодоод эвдрэл гэмтлийн 4.000.000 төгрөг, хот явах зардал гээд 1.000.000 төгрөг, нийт 5.000.000 төгрөг нэхэмжилсэн. Үүнийг Ж.Н- зөвшөөрөөгүй, цагдаагаар шийдвэрлүүлье гээд цагдаад хандсан. Цагдаагийн байгууллагаас бид нар биеэрээ очоогүй учраас дүгнэлт гаргах боломжгүй гэж хариу өгсөн. Тухайн үед тээврийн хэрэгслийн болон жолоочийн хариуцлагын даатгалд аль аль нь даатгуулсан байсан. Даатгалаараа шийдүүлэх ёстой гэж үзэж байгаа. Ж.Н- нь замын хөдөлгөөний дүрэм зөрчөөгүй, өөрийн буруутай үйлдлээс осол гараагүй гэж үзэж байгаа учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

 

Иргэдийн төлөөлөгч А.А дүгнэлтдээ “...хурлын явцад хоёр талын гаргасан тайлбарыг үндэслэн нэхэмжлэгчийн зөв гэж үзэж байна...” гэв.   

 

Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 156/ШШ2022/00127 дугаартай шүүхийн тогтоолоор: “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар хариуцагч Ж.Н-ос 1.531.900 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Н.Э-т олгож, үлдэх 1.085.926 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 56.460 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор тус тус заан шийдвэрлэжээ. 

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Жавхлан давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “Анхан шатны шүүхийн шийдвэрийг хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй гэх үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна.  Ж.Н- шийдвэрийг зөвшөөрөхгүй байгаа учир нь тухайн осол болох үед буюу 2019 оны 07 дугаар сарын 23-ны өдөр түүнийг машинтайгаа явж байхад Н.Э- нь маш хурдтайгаар орж ирээд манай машины дугуй руу мөргөж уг асуудал болсон. Ингээд уг асуудлыг цагдаагийн байгууллагаар шалгуулъя гэхэд цагдаа хүлээж аваагүй, дараа нь шүүх дээр албан ёсны мэргэжлийн шинжээч томилж уг ослын шалтгааныг тодруулахаар хандахад мөн л шинжилгээний нотлох баримтууд шаардлага хангахгүй байна гэсэн хариу ирсэн. Авто замын ослыг гурван талын мэдүүлэг, нотлох баримтын шаардлага хангаагүй зургаар хэн буруутайг тогтоож, Ж.Н-ыг буруутай гэж дүгнэх үндэслэлгүй гэж үзэж байгаа бөгөөд авто замын ослын газрын үзлэг, хэмжилт, тухайн үеийн согтуурал шалгасан зэрэг магадлагаанууд, зураг, мэдүүлэг, авто машины үзлэг, цаг агаарын байдал, үзэгдэх орчин зэргийг нягталж, тэдгээрийг шалгасны үндсэн дээр нарийн мэргэжлийн шинжээч томилж тогтоогдог үзэж байна. Мөн Ж.Н- нь жолооны дүрэм зөрчсөн зүйл байхгүй гэдэг бөгөөд нэхэмжлэгч тал нь нотлох үүргийнхээ хүрээнд Ж.Н-ийн буруутай гэдгийг нотолж чадаагүй юм. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.  

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т зааснаар хариуцагчийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хяналаа.

 

Нэхэмжлэгч Н.Э- нь хариуцагч Ж.Н-д холбогдуулан “зам тээврийн ослын улмаас учирсан хохирол буюу авто машины эвдрэлд 1.451.900, засварын хөлс 850.000, сэлбэг авчруулсан зардалд 150.000, үнэлгээ гаргуулсан хөлс 8000, замын зардалд 80.000, улсын тэмдэгтийн хураамж 55.926 төгрөг, нийт 2.617.826 төгрөгийг гаргуулах”-аар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хариуцагч Ж.Н- нь “...замын хөдөлгөөний дүрэм зөрчөөгүй, өөрийн буруутай үйлдлээс осол гараагүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй” гэж маргажээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1-д “нэхэмжлэлийн шаардлагыг хангах” 115.2.2-д “ нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгох”, 115.2.3-д “нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгоход”  шийдвэр гаргах, мөн хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д “хэрэг хянан шийдвэрлэж энэ хуулийн 115, 116 дугаар зүйлд зааснаар шийдвэр гаргаснаас бусад тохиолдолд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулах, хэргийг хэрэгсэхгүй болгохтой холбогдуулан шүүх тогтоол, шүүгч захирамж гаргахаар тус тус хуульчилжээ.

 

           Гэтэл анхан шатны шүүх Н.Э-ын нэхэмжлэлтэй хариуцагч Ж.Н-д холбогдох хэргийг хянан  шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115-р зүйлийн 115.1, 115.2.2-д зааснаар “нэхэмжлэлийн  шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн” атлаа шүүхийн тогтоол гаргасан нь мөн хуулийн 115-р зүйлийн 115,1,  123 дугаар зүйлийн 123.1 -д заасныг ноцтой зөрчсөн байна.

 

           Иймд анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг ноцтой зөрчсөн тул шүүхийн тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэсэн тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Жавхлангийн давж заалдах гомдлын үндэслэлд дүгнэлт хийх боломжгүй юм.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 39460 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгох нь зүйтэй байна.

 

           Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.  Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 156/ШШ2022/00127 дугаартай шүүхийн тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дугаар зүйлийн 59.3-д заасныг баримтлан хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 39460 /гучин есөн мянга дөрвөн зуун жар/ төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 74.630 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 167 дугаар зүйлийн 167.5-д заасны дагуу магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

       ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                         Г.БОЛОРМАА

 

                                 ШҮҮГЧИД                                         Я.АЛТАННАВЧ

                                                                                                         

                                                                                                      Б.ДЭНСМАА