| Шүүх | Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Г.Жаргалтуяа |
| Хэргийн индекс | 312/2025/0269/Э |
| Дугаар | 2026/ДШМ/08 |
| Огноо | 2026-01-14 |
| Зүйл хэсэг | 11.4.2.1., 11.6.1., 11.6.2., |
| Улсын яллагч | Т.Д |
Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 01 сарын 14 өдөр
Дугаар 2026/ДШМ/08
2026 01 14 2026/ДШМ/08
Э.Т нарт холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Уранчимэг даргалж, ерөнхий шүүгч З.Хосбаяр, шүүгч Г.Жаргалтуяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд
Прокурор Т.Д
Шүүгдэгч С.Т /цахимаар/
Шүүгдэгч нарын өмгөөлөгч Р.Б, Д.О
Нарийн бичгийн дарга Г.Энэрэл нарыг оролцуулан
........дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Ц.Алтангадас даргалж хийсэн шүүх хуралдааны 2025 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 475 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан шүүгдэгч С.Т-н давж заалдах гомдлыг үндэслэн Э.Т, Б.А, Г.П, Л.О, С.Т, А.Б нарт холбогдох эрүүгийн хэргийг 2025 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Жаргалтуяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
1. Т овгийн Бн А, Монгол улсын иргэн,
2. Б овгийн Г-н П, Монгол улсын иргэн
3. Х овгийн Л-н О, Монгол улсын иргэн
4. Б овгийн Э-н Т, Монгол улсын иргэн
5. Б овгийн С-н Т, Монгол улсын иргэн
6. Б овгийн А-н Б, Монгол улсын иргэн
Шүүгдэгч Г.П нь 2024 оны 05 дугаар сарын 04-өөс 05-нд шилжих шөнө аймаг сум багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг х сургуулийн харьяа “Э” сургуулийн ард сагсны талбай дээр хохирогч Л.Э, Л.О нарыг “та нар 00-ын өрөө цэвэрлэхгүй” байна гэсэн шалтгаанаар тус тус зодож, хохирогч Л.Э-н эрүүл мэндэд “2 шүдний булгарал, зүүн тохой, зүүн нүдний зовхи, хүзүүнд зулгаралт, зүүн нүдний зовхи, дээд уруул, баруун гуя, зүүн шилбэнд цус хуралт бүхий хөнгөн хохирол, хохирогч Л.О-н эрүүл мэндэд “дээд уруулд шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний зовхинд цус хуралт, хамрын таславчийн муруйлт” бүхий хөнгөн хохирол буюу хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол тус тус санаатай учруулсан гэмт хэрэгт,
шүүгдэгч Л.О нь 2024 оны 05 дугаар сарын 04-өөс 05-нд шилжих шөнө аймгийн сумын багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг сургуулийн харьяа “Э” сургуулийн ард сагсны талбай дээр найз Л.Э-г өмөөрч хохирогч Г.Пын нүүрэн тус газар цохиж эрүүл мэндэд “хамар ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, баруун алга, хамрын нуруунд зулгаралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт,
шүүгдэгч Э.Т нь 2024 оны 05 дугаар сарын 04-өөс 05-нд шилжих шөнө аймгийн сумын багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг сургуулийн харьяа “Э” сургуулийн ард сагсны талбай дээр хохирогч Г.Аыг нүүрэн хэсэгт гараараа цохиж эрүүл мэндэд “хамар ясны хугарал, зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний зовхи, хамрын нуруу, нуруунд цус хуралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт,
шүүгдэгч Б.А, А.Б, С.Т нар нь үйлдлээрээ санаатай нэгдэж 2024 оны 05 дугаар сарын 04-өөс 05-нд шилжих шөнө аймгийн сумын багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг сургуулийн харьяа “Э” дээд сургуулийн ард сагсны талбай дээр найз нарын хамт тоглож байхад хохирогч Э.Т “ОО өрөө цэвэрлэсэнгүй” гэж маргаан үүсгэхэд бүлэглэн зодож эрүүл мэндэд “зүүн гарын алганы шивнүүр ясны хугарал, зүүн нүдний зовхи, зүүн гарын 5-р хуруунд цус хуралт зөөлөн эдийн няцрал” бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос:
Б.А, С.Т, А.Б нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар,
Г.Пын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар,
Л.О, Э.Т нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.
........дахь сум дундын анхан шатны шүүх:
Шүүгдэгч Т овгийн Бн Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан бүлэглэж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Б овгийн С-н Тыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан бүлэглэж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Б овгийн А-н Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан бүлэглэж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Б овгийн Г-н Пыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Х овгийн Л-н О-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Б овгийн Э-н Т-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч Б.Аыг 6 сарын хугацаагаар аймгийн сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглож зорчих эрх хязгаарлах ялаар,
шүүгдэгч С.Тыг 6 сарын хугацаагаар аймгийн сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглож зорчих эрх хязгаарлах ялаар,
шүүгдэгч А.Бийг 6 сарын хугацаагаар аймгийн сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглож зорчих эрх хязгаарлах ялаар,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Пыг 800 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 800.000 төгрөгөөр торгох ялаар,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.О-г 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар,
шүүгдэгч Э.Тийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж,
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.А, Э.Т, Г.П, Л.О, С.Т, А.Б нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А, А.Б нарт оногдуулсан 6 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавихыг Орхон аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт, шүүгдэгч С.Тод оногдуулсан 6 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавихыг Архангай аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэст даалгаж, шүүгдэгч нар нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцон сольж, хорих ял оногдуулахыг анхааруулж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Пт оногдуулсан 800.000 төгрөгөөр торгох ялын биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, шүүгдэгч Л.О, Э.Т нарт оногдуулсан 450.000 төгрөгөөр торгох ялыг биелүүлэхийг ........дахь Шийдвэр гүйцэтгэх газар 437-р нээлттэй хорих ангид тус тус даалгаж,
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Поос 5.943.510 төгрөг гаргуулан хохирогч Л.Э-д олгож, хохирогчийн нэхэмжлэлийн шаардлагаас 4.148.470 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, шүүгдэгч Э.Т, Л.О, Б.А, С.Т, А.Б нар бусдад төлөх төлбөргүй, хохирогч, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч С.Т давж заалдах гомдолдоо:
“... миний бие мөрдөн байцаалтын үед 2024 оны 5 дугаар сарын 4-ний өдөр болсон хэргийн талаар анхнаас эхлэн үнэн зөв мэдүүлж байсан. Гэтэл намайг 2025 оны 9 дүгээр сарын 4-нд дуудан ирүүлж Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлд заасан гэмт хэрэг үйлдсэн гэж ял сонсгож байцаагаад хэргийг маргааш нь буюу 2025 оны 9 дүгээр сарын 5-нд прокурорт шилжүүлж 3 хоног дотор яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн.
Шүүхэд гомдол гаргах эрхийг хязгаарласан, хэргийн материалтай ч танилцаагүй хүний эрхийг ноцтой зөрчсөн гэхэд хэрэг танилцах л хугацаа өгч хэргийг шийдвэрлэсэн нь миний эрхийг ноцтой зөрчсөн гэж үзэж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31.3 дугаар зүйлд “Мөрдөгч эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоолыг прокуророос хүлээн авсан даруй дуудан ирүүлсэн сэжигтэнд танилцуулж, хувийг гардуулан өгнө” гэсэн мөн хуулийн 32.10 дугаар зүйлийн 6-д “Прокурор яллах дүгнэлтийн хувийг яллагдагчид гардуулж, хавтаст хэргийн материалыг ажлын 3 өдрийн дараа харьяалах шүүхэд шилжүүлэх тухай яллагдагч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчид мэдэгдэнэ” гэж хуульд заасан байхад мэдэгдээгүй гомдол гаргах эрхээр хангаагүй.
Яллах дүгнэлт хүлээн авсан даруйд шүүхэд хэргийг шилжүүлсэн мөн энэ үед Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлд заасан “Яллагдагчийг шүүхэд шилжүүлэх хэргийн процесс яг ямар хэсэгт явуулсан нь ойлгомжгүйгээр эрхийг ноцтой зөрчиж хэрэг хянан хэлэлцсэн. Энэ мэт байдлаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.7 дугаар зүйлийн 3, мөн хуулийн 15.1 дүгээр зүйлийн 1, 2-т зааснаар хүсэлт, гомдол гаргах эрхийг хязгаарлаж миний эрх зүйн байдлыг дордуулж ноцтой зөрчсөн.
Шүүх хурал дээр болон мөрдөн байцаалтын явцад гэрч, хохирогч, өмгөөлөгчид хэлэлцүүлгийн үед нотлох баримт судалж мэтгэлцэж байхдаа энэ хэрэгт оролцоотой өөр 2 ч хүүхэд байгаа, тухайн хүүхдүүд ч хүний эрүүл мэндэд халдсан хохирол учруулсан байгаа л гэж байсан. Шүүгч “энэ 2 хүүхэд орхигдсон байна” гээд одоо яах вэ гээд үлдээж болдог юм уу. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд нотолбол зохих байдал гэж тодорхой заасан байхад бүрэн шалгаж тогтоохгүйгээр зарим нэгийг нь үлдээж заримд нь ял оногдуулах нь шударга хуулийн зарчим юм уу.
Иргэн бүр шүүх хуулийн өмнө эрх тэгш байх Үндсэн хуулиар олгогдсон эрх зүгээр цаасан дээр л байдаг хэлбэрийн төдий бичигдсэн зүйл биш. Үүнийг хууль сахиулагчид хуулиа мөрдөж иргэн хүнд ялгавартай ялгамжтай хандаж байгаад үнэхээр их гомдолтой байна. Тухайн хэргийг шалгах ажиллагаа болон хэргийг нотлох ажиллагааг дахин явуулж гэрч хохирогч нарын мэдүүлгийн зөрүүг анхаарч гэмт хэргийн оролцогчдын үйлдлийг тогтоох хэрэгтэй байна. Анхан шатны шүүхийн шийдвэр нь хэргийн бодит байдалд нөлөөлж болох нөхцөл байдлыг анхаарч үзэлгүй орхигдуулсан нь дүгнэлт хийхэд онцгой ач холбогдолтой нотлох баримтыг орхигдуулсан байгаа юм нийцэхгүй.
Иймд эрхэм шүүгч та бүхэн дээрхи байдлыг анхаарч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.1, 1.3, мөн хуулийн 39.6 дугаар зүйлд зааснаар ........дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 475 тоот шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү... гэжээ.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч С.Т тайлбартаа: ... Би хүн зодоогүй байхад намайг гүтгээд хэрэгт татсанд гомдолтой байгаа учраас гомдол гаргасан ... гэв.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Б тайлбартаа: ... анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна гэв.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч Д.О тайлбартаа: ... С.Тыг яллагдагчаар татсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн, процессын хувьд алдаатай байна гэж үзэж байгаа ... гэв.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Т.Д дүгнэлтдээ: ... Ял хариуцлага шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэг, хохирол хор уршиг, хувийн байдалд тохирсон гэж үзэж байгаа тул хэвээр үлдээх саналтай байна гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх шүүгдэгч С.Тын давж заалдах гомдлыг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.
Хэргийн бүх ажиллагааг хянавал Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад шүүгдэгч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, шүүхийн шийдвэрт нөлөөлсөн эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал бүхий зөрчил тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Б.А, А.Б, С.Т нар нь 2024 оны 05 дугаар сарын 04-өөс 05-нд шилжих шөнө аймгийн сум багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг сургуулийн харьяа “Э” сургуулийн ард сагсны талбай дээр хохирогч Э.Т “00-н өрөө цэвэрлэсэнгүй” гэж маргаан үүсгэхэд үйлдлээрээ санаатай нэгдэж түүнийг бүлэглэн зодож, эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг,
мөн тухайн үед шүүгдэгч Г.П нь хохирогч Л.Э, Л.О нарыг “та нар 00-ын өрөө цэвэрлэхгүй” байна гэсэн шалтгаанаар тус тус зодож, тэдгээрийн эрүүл мэндэд хөнгөн хохирол буюу хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг,
шүүгдэгч Л.О нь найз Л.Э-г өмөөрч хохирогч Г.Пын нүүрэн тус газар цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг,
шүүгдэгч Э.Т нь хохирогч Г.Аыг нүүрэн хэсэгт гараараа цохиж эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан гэрч, хохирогч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулан бэхжүүлэгдэж, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүхийн хэлэлцүүлэгт оролцсон яллах болон өмгөөлөх талуудын тайлбар, дүгнэлт, бусад нотлох баримтыг үндэслэж,
шүүгдэгч Б.А, А.Б, С.Т нарыг үйлдлээрээ санаатай нэгдэн бүлэглэж, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, Г.Пыг хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, Л.О, Э.Т нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн, тэдэнд эрүүгийн хариуцлага оногдуулахдаа Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.
Шүүгдэгч С.Т нь “... яллах дүгнэлт хүлээн авсан даруйд шүүхэд хэргийг шилжүүлж, миний шүүхэд гомдол гаргах эрхийг хязгаарлаж, эрхийг ноцтой зөрчиж, эрх зүйн байдлыг дордуулсан. Энэ хэрэгт оролцоотой өөр 2 ч хүүхэд байгаа. Нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоогоогүй. Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг,
мөн түүний өмгөөлөгч Д.О давж заалдах шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт “... гэрчүүдийн мэдүүлэгт С.Т нь хохирогч Э.Тийг цохиж байсныг харсан гэх мэдүүлэг байдаггүй ...” гэсэн тайлбарыг тус тус гаргасан болно.
Давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судалж үзвэл мөрдөн шалгах ажиллагааны явцад
хохирогч Э.Т “... Т нь чи ах нартайгаа яаж ярьдаг болчихсон юм бэ гэж хэлээд толгойгоороо чихний дээд тал руу мөргөсөн, ...А, Б, Т нар тал талаас намайг зодож эхэлсэн ...” гэж /1 хх 35 тал/ ,
хохирогчоор дахин мэдүүлэхдээ “... Намайг А, Т, М, Б нар дөрвүүлээ зодсон. ...тал талаас зодож, цохиод байсан ...” гэж /2 хх 120 тал/,
хохирогч Г.П “... Т-г О, Т, Б, А тал талд нь гарчихсан зодож байсан. ...Э.Тийг Б, А, Т нар хамгийн анх цохиж байхыг би харсан ...” гэж /1 хх 41-42 тал/,
хохирогчоор дахин мэдүүлэхдээ “...Э.Тийг Т, Б, А нар нийлж тал талаас нь цохиж байсан ...” гэж /2 хх 126 тал/,
гэрч С.М “...Т нь толгойгоороо Т-г мөргөөд хоорондоо зодолдож эхэлсэн. ...Т-г А, Б, Т нар цохисон ... Тал талаас нь цохиод байсан ...” гэж /1 хх 64-65 тал/,
гэрч С.М дахин мэдүүлэхдээ “... Тухайн үед нэг харсан чинь Т-г А, Б, Т нар тал талаас нь зодож, цохиж байхаар нь би очиж Т-г салгаж авсан ...” гэж /2 хх 151 тал/,
гэрч Н.Ч “... Сүүлд харсан чинь Т-г А, Т хоёр цохиж байгаа харагдаж байсан. Т нь толгой хэсэг рүү цохиж доош тонгойх үед нь А өшиглөж байгаа харагдсан ...” гэж /1 хх 58-59 тал/,
гэрч Т.Б “... Т-г А, Б, Т нар цохисон. ...Энэ дөрөв хоорондоо зууралдаад байхаар нь би очиж Т-г салгасан ...” гэж /1 хх 67-68 тал/,
гэрч Н.Э “...Тухайн үед Т нь А, Т, Б гуравтай зодолдож, тэндээ зууралдаад л байсан ... ” гэж /1 хх 75 тал/,
хохирогч Л.Э “...Э.Т хамгийн анх Бийг цохиж зодоон эхлүүлсэн ... тэгээд Т, Т, А, Б нар нь тэндээ зууралдаад л байгаад байсан. Харин О нь Т-г зодсон асуудалд хамааралгүй, Г.М бол ямар нэгэн байдлаар зодоонд огт оролцоогүй ...” гэж /2 хх 118 тал/ тус тус мэдүүлсэн байна.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн гэрч С.М, Н.Ч, Т.Б, Н.Э, хохирогч Л.Э, Г.П, Э.Т нарын дээрх мэдүүлгүүдийг няцаан үгүйсгэх үндэслэл тогтоогдохгүй байх ба шүүгдэгч С.Т нь Б.А, А.Б нартай үйлдлээрээ санаатай нэгдэж бүлэглэж хохирогч Э.Тийг зодож, эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогджээ.
Түүнээс гадна шинжээчийн 2024 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 462 дугаартай дүгнэлтээр тогтоогдсон Э.Тийн биед учирсан зүүн гарын алганы шивнүүр ясны хугарал, зүүн нүдний зовхи, зүүн гарын 5-р хуруунд цус хуралт зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хүндэвтэр хохирол нь мохоо зүйлийн хоёр удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн болох нь давхар нотлогдсон байна.
Гэмт хэрэг хамтран үйлдэх талаар хэрэг үйлдэхээсээ өмнө урьдчилан тохиролцоогүй боловч хэрэг үйлдэх явцад санаатай хамтран оролцсон тохиолдолд гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэж ойлгох бөгөөд хавтаст хэрэгт авагдсан бүхий л нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн судалж үзвэл шүүгдэгч С.Тыг тухайн гэмт хэрэгт хамтран оролцоогүй гэж үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүх шүүгдэгч С.Тыг бусадтай үйлдлээрээ санаатай нэгдэн бүлэглэж, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хууль зүйн үндэслэлтэй байна.
........дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгчийн 2025 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 2025/ШЗ/611 дугаар захирамжаар шүүх хуралдааныг хойшлуулж, хэрэгт ... шүүгдэгч нарын үйлдэл холбогдол, хамтран оролцсон байдлыг шалгах нэмэлт ажиллагаа хийлгэхээр шийдвэрлэж, хэргийг прокурорт хүргүүлсний дагуу мөрдөгч, прокурор нь нэмэлт ажиллагаа хийжээ.
Тодруулбал, Орхон аймгийн Прокурорын газрын прокурорын 2025 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн тогтоолоор эрүүгийн дугаартай хэрэгт сэжигтэн С.Тыг А.Б, Б.А нартай үйлдлээрээ санаатай нэгдэж хохирогч Э.Т “00 өрөө цэвэрлэсэнгүй” гэж маргаан үүсгэхэд бүлэглэн зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал тогтоогдож байна гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татаж,
мөрдөгч нь прокурорын дээрх “Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай” тогтоолыг 2025 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр С.Тод танилцуулж, түүнд яллагдагчийн эрх, үүргийг тайлбарлан өгч, яллагдагчаар мэдүүлэг авсан /2 хх 139-141, 143-146 тал/ байхаас гадна прокурор 2025 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр дугаартай яллах дүгнэлт үйлдэж, мөн өдрөө уг тогтоолыг яллагдагч Б.А, Э.Т, Г.П, Л.О, С.Т, А.Б нарт гардуулан өгч, хавтаст хэргийн материалыг анхан шатны шүүхэд буцаан хүргүүлжээ. /2 хх 184-199 тал/
Ийнхүү анхан шатны шүүхээс нэмэлт ажиллагаа хийлгэхээр шийдвэрлэсний дагуу мөрдөгч, прокурор нь хэрэгт нэмэлт ажиллагааг явуулж, хэргийг шүүхэд шилжүүлсэн нь шүүгдэгч С.Тын эрхийг ноцтой зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.
Харин мөрдөгч, прокурор нь “Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай” тогтоолыг яллагдагч С.Тод гардуулан өгсөн гэх баримтыг хэрэгт хавсаргаагүй байх ба үүнийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан нийтлэг журмыг зөрчсөн гэж үзэх боловч энэхүү зөрчил нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц ноцтой зөрчилд тооцогдохгүй юм.
Түүнээс гадна шүүгдэгч С.Т нь “... энэ хэрэгт оролцоотой өөр 2 ч хүүхэд байгаа ...” гэж давж заалдах гомдол гаргаж, энэ талаар шүүх хуралдааны хэлэлцүүлэгт тайлбар гаргасан боловч тэрээр мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрчээр мэдүүлэхдээ энэ талаар огт мэдүүлээгүй /1 хх 72-73 тал/, яллагдагчаар мэдүүлэхдээ “... Г.М бол зодоонд оролцоогүй ...” гэсэн /2 хх 145 тал/-ээс гадна анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт мөн энэ талаар огт мэдүүлээгүй байна.
Хохирогч Э.Т нь мөрдөн шалгах ажиллагааны явцад “... Намайг А, Т, М, Б нар дөрвүүлээ зодсон ...” гэж мэдүүлсэн, мөн анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт “... миний гар хугарсны дараахан н.М толгой руу цохисон ... ” гэж мэдүүлсэн байх боловч энэ талаар бусад хохирогч болон гэрч нар мэдүүлээгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх нь анхан шатны шүүхээр хэлэлцээгүй, тогтоогдоогүй нөхцөл байдал, шинжлэн судлаагүй нотлох баримтыг шийдвэрийн үндэслэл болгохгүй юм.
Өөрөөр хэлбэл хохирогч Б.А, Л.Э, Л.О, Г.П, Э.Т нарын эрүүл мэндэд учирсан хохирлууд нь нэр бүхий шүүгдэгч нараас гадна өөр хэн нэгэн этгээдийн гэм буруутай үйлдэлтэй шалтгаант холбоотой гэж үзэх нөхцөл байдал хавтаст хэрэгт авагдсан гэрч, хохирогч нарын мэдүүлэг, анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдоогүй болно.
Анхан шатны шүүх шүүгдэгч Э.Т, Б.А, С.Т, А.Б, Г.П, Л.О нарт эрүүгийн хариуцлага оногдуулахдаа гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шүүгдэгч нарын хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болон учирсан хохирол, хор уршгийн шинж чанар буюу шүүгдэгч Б.А, А.Б, С.Т, Э.Т нар хохирлоо нөхөн төлсөн зэргийг тус тус харгалзан шүүгдэгч Б.А, А.Б, С.Т нарт хуульд заасан зорчих эрхийг хязгаарлах ял, шүүгдэгч Г.П, Э.Т, Л.О нарт хуульд заасан торгох ял тус тус оногдуулсан нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, тэдний гэм буруу болон хувийн байдалд тохирсон байна.
Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч С.Тын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Орхон дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 475 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч С.Тын давж залдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.УРАНЧИМЭГ
ШҮҮГЧИД З.ХОСБАЯР
Г.ЖАРГАЛТУЯА