Улсын дээд шүүхийн Тогтоол

2020 оны 06 сарын 15 өдөр

Дугаар 315

 

Л.Ц-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, Б.Батцэрэн, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор О.Сарангэрэл, нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

 

Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 354 дүгээр шийтгэх тогтоол, Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 09 дүгээр магадлалтай, Л.Ц-д холбогдох 1934003760323 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн гаргасан гомдлыг үндэслэн 2020 оны 05 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, шүүгч Ч.Хосбаярын танилцуулснаар хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1959 онд төрсөн, 60 настай, эмэгтэй, дээд боловсролтой, зоо техникч мэргэжилтэй, урьд

Баянгол дүүргийн шүүхийн 2001 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 639 дүгээр таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 126 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 5 жил хорих ял шийтгүүлж, оногдуулсан ялыг тэнсэж 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 43 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ял шийтгүүлж, оногдуулсан ялыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан,

Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 68 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сар хорих ял шийтгүүлж, уг ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 2 жил 6 сарын хорих ялаар тогтоож, оногдуулсан ялыг мөн хугацаагаар тэнсэж, хянан харгалзсан, Л.Ц нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хулгайлах” гэмт хэрэгт холбогджээ. 

 

Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх “шүүгдэгч Л.Ц-г бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Ц-г 1 /нэг/ 6 /зургаан/ сарын жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Л.Ц-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 /нэг/ 6 /зургаан/ сарын хорих ял дээр Багахангай, Налайх дүүргийн шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 68 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жил 6 сарын хорих ялыг нэмж нэгтгэн түүний нийт эдлэх ялыг 4 /дөрөв/ жилийн хугацаагаар тооцож, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож” шийдвэрлэсэн байна.

 

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх “шийтгэх тогтоолын 1 дүгээр заалтын “үлэмж хэмжээний хохирол учруулсан” гэснийг хасч “Шүүгдэгч Л.Ц-г бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай” гэж,

2 дугаар заалтын “1 /нэг/ 6 /зургаан/ сарын жилийн” гэснийг “1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын” гэж,

3 дугаар заалтын “1 /нэг/ 6 /зургаан/ сарын” гэснийг “1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын” гэж тус тус өөрчилж, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж, шийдвэрлэжээ.

 

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Л.Ц гаргасан гомдолдоо “Би хийсэн хэрэгтээ маш ихээр гэмшиж, харамсаж байна. Хохирогчийн хохирол, төлбөрийг бүрэн төлж барагдуулсан. 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148.2 дуаар зүйлд зааснаар Баянгол дүүргийн Эрүүгийн хэргйин анхан шатны шүүхээс 1 жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлүүлсэн бөгөөд уг хугацаа нь 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдөр дууссан. Мөн 2017 оны 07 дугаар сарын 18-ны өдөр Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэгдэж, өмнөх буюу 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдөр Баянгол дүүргийн шүүхээс оногдуулсан 1 жилийн хугацаагаар тэнсэн харгалзах ял дээр нэмж 6 сарын тэнсэн харгалзах ялаар шийтгэсэн ба нийт 1 жил 6 сарын тэнсэн харгалзах ял оногдуулсан байтал Налайх дүүргийн шүүхийн хариуцлагагүй байдлаас болж 2 жил 6 сарын тэнсэн харгалзах ял гэж үндэслэлгүйгээр 1 жилийн тэнсэн харгалзах ял нэмж, 2 жил 6 сарын хугацаагаар тэнсэн харгалзах ял болгон оногдуулсан байдаг. Баянгол дүүрэг болон Налайх дүүргийн шүүхээс оногдуулсан 1 жил 6 сарын тэнсэн харгалзсан хугацаа нь 2019 оны 01  дүгээр сарын 18-ны өдөр дууссан. Төв аймгийн шүүхээс 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр 1 жил 6 сарын хорих ял оногдуулж, өмнөх 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдрөөс 2017 оны 07 дугаар сарын 18-ны өдөр хүртэлх 1 жил 6 сарын тэнсэн харгалзах ялыг хорих ялаар сольж нэмээд 3 жилийн хорих ялаар шийтгэж байхад Налайх дүүргийн шүүхийн алдаанаас болж 2 жил 6 сарын тэнсэн харгалзах ял гэж үндэслэлгүйгээр 1 жилийн тэнсэн харгалзах ял нэмснээс болж 2 жил 6 сарын ял дээр 1 жил 6 сарын ял нэмэгдээд нийт 4 жилийн хорих ял шийтгэсэнд маш их гомдолтой байна. Төв аймгийн шүүх нь Налайх дүүргийн шүүхийн гаргасан алдааг харгалзан үзээгүй бөгөөд миний эрх зүйн байдлыг дордуулсан. Иймд миний хийж бүтээсэн гавъяа шагнал, биеийн эрүүл мэнд, өндөр нас зэргийг маань харгалзаж, ял шийтгэлийг хөнгөрүүлнэ үү” гэжээ.

 

Хяналтын шатны шүүх хуралдаанд хяналтын прокурор О.Сарангэрэл гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай тогтоогдсон байна. Мөн шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн бөгөөд хэргийн зүйлчлэл тохирсон. Шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй буюу ялыг нэмж нэгтгэсэн нь зөв. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн зөрчил гаргаагүй байх тул шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгчийн гаргасан гомдлыг үндэслэн Л.Ц-д холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн эсэх болон шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв

 

Шүүгдэгч Л.Ц нь хорих ялыг тэнссэн хугацаанд 2018 оны 10 дугаар сард Төв аймгийн Өндөрширээт сумын Уянга 3 дугаар багийн нутаг “Өртөө толгой” гэх газарт нутаглах Б.Нэргүйгийн гэрт нөхрийн хамт уригдаж очихдоо байшингийн 2 давхрын авдар дээр байсан мөнгөн хэт хутга, хормойн боолт, сувдан даруулга, сувдан сам, гартааман хөөрөг зэрэг хөрөнгийг нууцаар, хууль бусаар, хүч хэрэглэхгүйгээр авч бусдад 10,000,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсон талаарх анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.

 

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

 

Л.Ц нь Багахангай, Налайх дүүргийн шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 68 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сар хорих ял шийтгүүлж уг ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жил хорих ялыг нэмж нэгтгэн нийт 2 жил 6 сарын хорих ялыг оногдуулж, уг ялыг мөн хугацаагаар тэнссэн хугацаанд дахин гэмт хэрэг үйлдсэн талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй бөгөөд Л.Ц-г 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, уг ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жил 6 сарын хорих ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх нийт ялыг 4 жилийн хугацаагаар тогтоохдоо Эрүүгийн хуулийг зөв тайлбарлаж, хуульд заасан төрөл, хэмжээний ял оногдуулсан байна.

 

Мөн шүүхийн шийдвэр тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байх хуулийн шаардлагад нийцүүлэх үүднээс давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг хийж, зөвтгөсөн байна.

 

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Л.Ц нь “...Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх надад үндэслэлгүйгээр 1 жилийн тэнсэн харгалзах хугацаа нэмсэнд гомдолтой” гэх агуулга бүхий гомдлыг гаргажээ.

 

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг судлахад Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 43 дугаар тогтоолоор Л.Ц-г бусдын эд хөрөнгийг итгэл эвдэх аргаар залилан мэхлэн авч, бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг давтан үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ял шийтгэж, уг хорих ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэн хянан харгалзаж шийдвэрлэсэн байна.

 

Гэтэл Л.Ц нь тэнсэн хянан харгалзсан ял эдэлж дуусахаасаа өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн тул Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 6 сарын хорих ял шийтгэж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жилийн хорих ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэн хянан харгалзсан шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1-т зааснаар өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх нийт ялыг 2 жил 6 сарын хугацаагаар тогтоож, мөн хугацаагаар тэнсэж, хянан харгалзсан шүүхийн шийдвэрийг хууль зүйн үндэслэлтэй гэж үзнэ.

 

Учир нь хөнгөн гэмт хэрэг анх удаа үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал зэргийг харгалзан шүүхээс хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх, албадлагын арга хэмжээг хэрэглэхээр хуульчилсан бөгөөд тэнссэн хугацаанд дахин гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахаар хууль тогтоогч хуульчилсан билээ.

 

Шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэнэ гэдгийг хорих ял оногдуулахгүйгээр тэнсэн хянан харгалзсан хугацаанд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийг санаатай үйлдсэн бол тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, тэнсэн хянан харгалзсан хугацааг бус хорих ял оногдуулсан хугацааг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно гэж ойлговол зохино.

 

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлалыг тус тус хэвээр үлдээж, шүүгдэгч Л.Ц-н гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

 

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

 

 1. Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 354 дүгээр шийтгэх тогтоол, Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 09 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, шүүгдэгч Л.Ц-гийн хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

                       

                                            ДАРГАЛАГЧ                                                 Б.ЦОГТ

                                            ШҮҮГЧ                                                          Б.АМАРБАЯСГАЛАН

                                                                                                                  Б.БАТЦЭРЭН

                                                                                                                  Ч.ХОСБАЯР

                                                                                                                  Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН