Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 08 сарын 29 өдөр

Дугаар 221/МА2018/0473

 

 

 

 

 

 

 

 

2018 оны 08 сарын 29 өдөр   

  Дугаар 221/МА2018/0473

Улаанбаатар хот

 

 

Б.Б-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай                         

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Зоригтбаатар даргалж, шүүгч Э.Лхагвасүрэн, Ц.Сайхантуяа нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Даваажаргал, нэхэмжлэгч Б.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.А, хариуцагч, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Д.Б, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 128/ШШ2018/0380 дугаар шийдвэртэй, Б.Б-ийн нэхэмжлэлтэй, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд бөгөөд Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн даргад холбогдох захиргааны хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Р, өмгөөлөгч Ч.Н нарын гаргасан давж заалдах гомдлыг шүүгч Ц.Сайхантуяагийн илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 128/ШШ2018/0380 дугаар шийдвэрээр: “...Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 4.2.6, Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 1, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсгийг тус тус баримтлан Б.Б-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн даргын 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 02 дугаар тогтоолыг хүчингүй болгож, Б.Б-г Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн Ажлын албаны дарга бөгөөд Нарийн бичгийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Болормаад 2016 оны 01 дүгээр сарын 09-ний өдрөөс 2018 оны 6 дугаар сарын 13-ны өдөр хүртэлх, нийт 17 сар 3 хоногийн цалин хөлстэй тэнцэх 23.473.356 (Хорин гурван сая дөрвөн зуун далан гурван мянга гурван зуун тавин зургаа) төгрөгөөс холбогдох хуульд заасан татвар, шимтгэлийг суутган тооцож үлдэх олговрыг олгож, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлд даалгаж” шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Р, өмгөөлөгч Ч.Н нар гомдолдоо: “...Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д зааснаар захиргааны хэргийн шүүх Үндсэн хуулийн цэц болон өөр шүүхэд харьяалуулснаас бусад нийтийн эрх зүйн маргааныг хянан шийдвэрлэхээр байна. Гэтэл шүүх маргаан бүхий тогтоолыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын бие дааж, дангаар гаргаагүй байхад захиргааны хэргийн шүүхийн харьяалан шийдвэрлэх маргаан гэж үзсэн нь үндэслэлгүй байна. Хэрэгт нотлох баримтаар авагдсан Монгол Улсын Төрийн албаны зөвлөлөөс шүүхэд ирүүлсэн албан бичгүүдээс үзвэл нэхэмжлэгчийн урьд эрхэлж байсан ажил, албан тушаал нь төрийн жинхэнэ албан тушаалд хамаарахгүйгээс гадна Монгол Улсын Их Хурал, Монгол Улсын Засгийн газрын холбогдох  тогтоолуудаар албан тушаалын ангилал, зэрэглэлийг тогтоож өгөөгүй байгаа нөхцөл байдаг тогтоогддог. Нэхэмжлэгч анх ажилд томилогдохдоо ажил олгогчтой хөдөлмөрлөх үндсэн харилцаагаа зохицуулах зорилгоор “Хөдөлмөрийн гэрээ” байгуулан ажиллаж байсан нь тогтоогддог, нөгөөтэйгүүр захиргааны хэргийн шүүх төрийн жинхэнэ албан хаагчид буюу төрийн захиргааны, төрийн тусгай албан хаагчийн хөдөлмөрийн маргаан, иргэний хэргийн шүүх төрийн үйлчилгээний албан хаагч, Хөдөлмөрийн гэрээний дагуу ажиллагсадтай холбоотой маргааныг тус тусын харьяаллын дагуу хэрэг үүсгэн шийдвэрлэдэг. Уг маргаан нь иргэний хэргийн шүүхийн харьяалан шийдвэрлэх маргаан юм.

Нэхэмжлэгчийн 2016 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр гаргасан өргөдлийг хүлээн авч, хянан үзээд өөрийн бүрэн эрхийн хүрээнд хариуцагч шийдвэрлэсэн байдаг. Өөрөөр хэлбэл, түүний өргөдөлд дурдсан асуудлаас ажлаас чөлөөлөгдөх хүсэлтийг шийдвэрлэх эрхтэй тул хүсэлтийг үндэслэн чөлөөлж, Нийгмийн даатгалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.3-д зааснаар асуудлыг шийдвэрлэх эрх олгогдоогүй учир харьяаллын дагуу шилжүүлж шийдвэрлэсэн нь ямарваа байдлаар хууль зөрчөөгүй байна. Шүүх ажилтны ажлаас чөлөөлүүлэх, өөр ажилд шилжин ажиллах өргөдөлд хариу өгөгдсөн, асуудал шийдэгдсэн өргөдөл, хүсэлтийг үндэслэж ажлаас чөлөөлсөн нь үндэслэлгүй гэсэн дүгнэлт өгсөн нь үйл баримтыг буруу үнэлсэн, хуульд үндэслээгүй болно.

Б.Б-ийн хэлтсийн даргаар томилуулах хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг авилгатай тэмцэх газарт хүргүүлсэн, уг мэдүүлгийг нэхэмжлэгч өөрөө гаргасан, ажлаас чөлөөлсөн шийдвэрийг нэхэмжлэгч өөрөө албажуулсан үйл баримт хэрэгт авагдсан тайлбар, нотлох баримтуудаар тогтоогддог. Нэхэмжлэгчийн хүсэл зоригийн дагуу явуулсан үйл ажиллагааг шүүх буруу үнэлсэн.

Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 128/ШШ2018/0380 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгон, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэж өгнө үү” гэв.

ХЯНАВАЛ:

Шүүх бүрэлдэхүүн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-т заасны дагуу хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Р, өмгөөлөгч Ч.Н нарын гаргасан давж заалдах гомдлын хүрээнд анхан шатны шүүхийн шийдвэрийг хянаад шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэлээ.

Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 02 дугаар тогтоолоор Б.Б-г төрийн өөр байгууллагад шилжин ажиллах болсон гэх үндэслэлээр түүнийг Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн нарийн бичгийн дарга бөгөөд ажлын албаны даргын үүрэгт ажлаас тухайн өдрөөр тасалбар болгон чөлөөлсөн байна.

Захиргааны хэргийн шүүх нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1, Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлд заасан захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар хүн, хуулийн этгээдийн гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэрэг үүсгэж, хянан шийдвэрлэдэг.

Нийгмийн даатгалын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 1-д “Улсын Их Хурал нь Засгийн газар, даатгуулагч, ажил олгогчийг тэнцүү тоогоор төлөөлсөн орон тооны бус гишүүдээс бүрдсэн Нийгмийн даатгалын үндэсний зөвлөл /цаашид "Үндэсний зөвлөл" гэх/-ийг байгуулж ажиллуулна. Үндэсний зөвлөл ажлаа Улсын Их Хуралд тайлагнана”, Монгол Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хорооны 2000 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 03 дугаар тогтоолоор батлагдсан Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн дүрмийн 2.4-д “Ажлын албаны ажилтнуудыг Зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж, Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн дарга томилно” гэж заасны дагуу Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн дарга тус зөвлөлийн нарийн бичгийн дарга бөгөөд ажлын албаны даргыг томилж, чөлөөлөх эрхтэй байхаар зохицуулжээ.

Хэрэгт авагдсан Төрийн албаны зөвлөлийн 2018 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 405, 2018 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 414 дүгээр албан бичгүүдээр Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн ажилтнууд төрийн захиргааны албан хаагч биш талаар дурдаж, хөдөлмөрийн гэрээ байгуулан ажилладаг ч Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн ажлын албаны хөдөлмөрийн дотоод журмын 2.2.3-т “... Ажилтантай хөдөлмөрийн гэрээнээс гадна үр дүнгийн гэрээ байгуулж ажиллана”, 2.2.10-д “Ажлын албаны албан хаагчийг өөр албан тушаалд шилжүүлэх, сэлгэн ажиллуулахдаа Төрийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлийг баримтлах, мөн албан хаагчаас үл хамаарах шалтгаанаар ажлаас чөлөөлөх тохиолдолд мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4 дэх заалтын дагуу 6 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж олгоно” гэж зааснаас үзвэл хариуцагч Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд бөгөөд Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн дарга нэхэмжлэгч Б.Б-ийн хөдөлмөрлөх эрхэд халдсан захиргааны акт гаргасан нь хуульд нийцсэн эсэх талаарх нэхэмжлэлийг анхан шатны шүүх хүлээн авч, хянан шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй.

Өөрөөр хэлбэл, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд бөгөөд Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн дарга нь Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-д заасан захиргааны байгууллага, албан тушаалтанд хамаарах бөгөөд уг төрийн захиргааны байгууллага, албан тушаалтны үйл ажиллагаатай холбоотой маргааныг захиргааны хэргийн шүүх харьяалан шийдвэрлэхээр байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Р, өмгөөлөгч Ч.Н нарын “...шүүхийн харьяалал зөрчсөн” гэж давж заалдах гомдолдоо дурдсаныг хүлээн авах боломжгүй юм.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Р, өмгөөлөгч Ч.Н нар давж заалдах гомдолдоо “...нэхэмжлэгчийн 2016 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр гаргасан өргөдлийн дагуу буюу түүний хүсэл зоригийн дагуу явагдсан үйл ажиллагааг шүүх буруу үнэлсэн...” хэмээн дурдсан бөгөөд Б.Б-ийн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд бөгөөд нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн даргад хандан 2016 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр гаргасан өргөдлийг хариуцагч харьяаллын дагуу шийдвэрлүүлэхээр эрх бүхий этгээдэд шилжүүлсэн атлаа уг өргөдөл, хүсэлтийг үндэслэл болгон 3 сарын дараа буюу 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр 02 дугаартай тогтоолыг гаргасан нь хууль бус талаар анхан шатны шүүх зөв дүгнэлт хийжээ.

Тодруулбал, Төрийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д “Албан ажлын зайлшгүй шаардлагыг үндэслэн төрийн жинхэнэ албан хаагчийг түүнтэй тохиролцож төрийн нэг байгууллагаас нөгөө байгууллагад өөр албан тушаалд шилжүүлэн ажиллуулж болно” гэж заасан ба хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл албан ажлын зайлшгүй шаардлага үүссэн, түүнтэй энэ талаар тохиролцсон гэдэг нь тогтоогдохгүй байхын зэрэгцээ маргаан бүхий захиргааны актад нэхэмжлэгчийг өөр ямар байгууллагад шилжүүлэн ажиллуулах болсон гэдэг нь тодорхойгүй байна.

Анхан шатны шүүх маргаан бүхий захиргааны актын үндэслэл болсон Төрийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д заасныг шийдвэрийн Тогтоох хэсэгт орхигдуулсан тул зөвтгөсөн өөрчлөлтийг оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Р, өмгөөлөгч Ч.Н нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3 дах хэсгийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 128/ШШ2018/0380 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтад “Төрийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1” гэснийг нэмсэн өөрчлөлт оруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Р, өмгөөлөгч Ч.Н нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
  2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1 дэх хэсэгт заасны дагуу хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

         ШҮҮГЧ                                                       Э.ЗОРИГТБААТАР

         ШҮҮГЧ                                                         Э.ЛХАГВАСҮРЭН

         ШҮҮГЧ                                                         Ц.САЙХАНТУЯА