Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 11 сарын 02 өдөр

Дугаар 859

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Өлзийсайхан даргалж, тус шүүхийн хуралдааны “2” дугаар танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: “М*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн дарга, Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлд холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: “Ашигт малтмалын хайгуулын Х тоот тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацааг 2015 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр Кадастрын бүртгэлийн системд дуусгавар болгосон Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоон 2012-2014 онд хийж гүйцэтгэсэн хайгуулын ажлын үр дүнгийн тайланг Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн хуралдаанаар хэлэлцүүлэхийг Уул уурхайн яамны дэргэдэх Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлд даалгах” тухай нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч “М*******” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ц*******, Д.К*******, Ц.С*******, хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б*******, Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б*******, нарийн бичгийн дарга Ж.Мөнхдэлгэр нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэгч “М*******” ХХК-ийн захирал Б.Б******* 2015 оны 10 дугаар сарын 23-ны өдөр, 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэлийн шаардлагыг тодруулсан тайлбар, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ц******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“М*******” ХХК-ийн Дорноговь аймгийн С******* сумын нутагт орших Ө Бгийн чулуун нүүрсний ордын Зүүн, Зүүн хойд хэсэг болох ХV- тусгай зөвшөөрлийг эзэмшиж байгаад хүчин төгөлдөр хуулийн хугацаа 2015 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр дуусгавар болсон хэдий ч 2012-2014 онуудад хийж гүйцэтгэсэн хайгуулын ажлын үр дүнгийн тайланд 2014 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн албан бичгээр “шинжээч томилуулж, Эрдэс баялагийн мэргэжлийн зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэх” тухай хүсэлт гаргасны дагуу Ашигт малтмалын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.4-т заасан “Төрийн захиргааны байгууллага нь энэ хуулийн 48.3-т заасан тайлан, 48.6.1-д заасан техник-эдийн засгийн үндэслэлд Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөс мэргэшсэн мэргэжилтнийг шинжээчээр 30 хоногт багтаан томилуулж, 90 хоногт багтаан хэлэлцүүлж дүгнэлт гаргуулсны үндсэн дээр уг нөөцийг ашигт малтмалын улсын нэгдсэн бүртгэлд бүртгэх, хүлээн авах, тайлан, техник, эдийн засгийн үндэслэлийг анхдагч материалын хамт мэдээллийн санд бүртгэх тухай шийдвэр гаргана” гэж заасныг үндэслэн тусгай зөвшөөрлийн хүчинтэй байх хугацааг сунгасан.

Эрдэс баялагийн мэргэжлийн зөвлөлийн даргын 2015 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр

шинжээч томилогдон 2015 оны 06 дугаар сарын 22-ны өдөр шинжээчийн дүгнэлт гарсан.

Гэвч хайгуулын ажлын үйл ажиллагааны үр дүнгийн талаар Геологийн албанд мэдээлэл ирээгүй үндэслэлээр тус албаны тодорхойлолтыг үндэслэн Кадастрын хэлтсийн даргын тушаалаар 2015 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр кадастрын бүртгэлийн системд дуусгавар болгон бүртгэсэн байна. 

Ашигт малтмалын тухай хуулийн 48.4-т "...Эрдэс баялагийн мэргэжлийн зөвлөлөөс мэргэшсэн мэргэжилтнийг шинжээчээр 30 хоногт багтаан томилуулж, 90 хоногт багтаан хэлэлцүүлж дүгнэлт гаргуулсны үндсэн дээр уг нөөцийг ашигт малтмалын улсын нэгдсэн санд бүртгэх..." гэж заасан бөгөөд тусгай зөвшөөрлийн 2012-2014 онд гүйцэтгэсэн хайгуулын ажлын үр дүнгийн тайланд дүгнэлт гаргуулах ажлаас шалтгаалан тусгай зөвшөөрлийн хугацаа дуусгавар болсон боловч лиценз эзэмшигч компаний буруутай үйл ажиллагаанаас хүчин төгөлдөр хугацаа дуусгавар болоогүй болно.

Тус асуудлаар Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн дарга Н.Чт 2015 оны 05 дугаар сарын 7-ны өдрийн 23 тоот албан бичгээр хандсан боловч хариу огт ирүүлээгүй тул 2015 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн 30 тоот албан бичгээр Ашигт малтмалын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Үд хандсан боловч 2015 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 2/5873 тоот албан бичгээр тус газрын дэд дарга С. А “хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй” талаар хариу өгсөн.

Тус газрын дэд даргаас ирүүлсэн 2015 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 2/5873 тоот

албан бичиг нь зохих дээд шатны байгууллага, албан тушаалтны шийдвэр бус гэж үзэж Ашигт малтмалын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Үд 2015 оны 08 дугаар сарын 21-ны өдрийн 31 тоот албан бичгээр хандахад “2015 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хүчинтэй хугацаа дуусгавар болсон тул сэргээх боломжгүй” талаар 2015 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 6/6694 тоот албан бичгээр шуудангаар явуулсан хариутай 2015 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр танилцсан болно.

Уул уурхайн бизнес нь өөрөө асар их хөрөнгө мөнгө шаардлагатай байдаг бөгөөд эдийн засгийн хүндрэлтэй өнөө үед одоогоор тус талбайд сүүлийн 3 жилийн хугацаанд нийт 2.122.539.5 /хоёр тэр бум нэг зуун хорин хоёр сая таван зуун гучин есөн таван зуу/ төгрөгийн хайгуулын ажилд зарцуулсан зардлаар хохироход хүрээд байна.

...Уул уурхайн яамны дэргэдэх Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөс 2015 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр Уул уурхайн яамны мэргэжилтэн Ч.Г, О.М нарыг шинжээчээр томилсон бөгөөд Ашигт малтмалын тухай хуулийн 48.4-т заасны дагуу хариуцагчаас шинжээчийг 30 хоногт багтаан томилсон боловч шинжээч Ч.Г нь дүгнэлтээ 2015 оны 6 дугаар сарын 22-ны өдөр гаргаж өгсөн. Харин О.М өнөөдрийг хүртэл шинжээчийн дүгнэлтээ гаргаж нэхэмжлэгчид олгоогүй байна. Өөрөөр хэлбэл, шинжээч дүгнэлтээ хуульд заасан хугацаанд гаргаж өгөөгүй болно. 

Ашигт малтмалын тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1-д заасан тусгай зөвшөөрөл дуусгавар болох тохиолдлын нэг болох “тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр хугацаа дууссан” гэдэгт нэхэмжлэгчээс өөрөөс нь шууд хамаарах нөхцөл байдлыг ойлгох бөгөөд харин энэ тохиолдолд “М*******” ХХК-иас үл хамаарах шалтгаанаар буюу шинжээчийн дүгнэлт гараагүйтэй холбоотой ашигт малтмалын тусгай зөвшөөрөл хүсэх эрхээ хэрэгжүүлэх боломж үүсээгүй юм.

Иймд Ашигт малтмалын тухай хуулийн 48 дугаар зүлйийн 48.3-т заасны дагуу Хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч “М*******” ХХК-иас тусгай зөвшөөрлийн хүчинтэй байх хугацаанд шинжээч томилуулж, 2012-2014 оны хайгуулын ажлын үр дүнгийн тайланг хэлэлцүүлэх тухай хүсэлтээ өгсөн, шинжээчийн дүгнэлт гаргах, тайланг Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэх нь тусгай зөвшөөрөл эзэмшигчийн үүрэг бус бөгөөд төрийн байгууллагын байгууллагын гүйцэтгэх үүрэгт хамаарах асуудал юм. ...Тусгай зөвшөөрөл эзэмшигчийн гол үүрэг нь хайгуулын талбайд хайгуулын ажлын доод хэмжээнээс багагүй зардлаар хайгуул хийж, тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр хугацаанд хайгуулын ажил хийсэн тайлангаа Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэхээр шинжээч томилуулж, шинжээч тайланг өгөх үүрэгтэй юм.

Ашигт малтмалын тухай хуульд тусгай зөвшөөрлийг дуусгавар болгосон шийдвэр гаргах тухай зохицуулалт байхгүй, иймд Кадастрын бүртгэлийн системд 2015 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр дуусгавар болгосон тэмдэглэл хийж байгаа нь гадагш чиглээгүй буюу зөвхөн байгууллагын дотоод асуудал юм. 

Иймд ...нэхэмжлэгчээс гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг “М*******” ХХК-ийн эзэмшилд байсан Доноговь аймгийн С******* сумын нутаг дэвсгэрт орших “Бгийн чулуун нүүрсний ордын зүүн, зүүн хойд” хэсэг болох Ашигт малтмалын хайгуулын Х тоот тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацааг 2015 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр Кадастрын бүртгэлийн системд дуусгавар болгосон Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох”-оор тодруулж байна. 

Хариуцагч Ашигт малтмалын газрын хариу тайлбарт тусгагдсан “...Нэхэмжлэгч нь хайгуулын Х дугаартай тусгай зөвшөөрлийн талбайн үлдэх хэсэг буюу 18833.09 га талбайд ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг 2015 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр Кадастрын хэлтэст гаргасныг хүлээн авч ...2015 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 6-8242 тоот албан бичгээр Ашигт малтмалын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3.1-д заасныг үндэслэн Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 889 дүгээр шийдвэрээр “М*******” ХХК-д ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан” асуудал тус захиргааны хэрэгтэй огт хамааралгүй, нэхэмжлэлийн шаардлагатай холбоогүй асуудал юм. 

Иймд “М*******” ХХК-ийн эзэмшилд байсан Дорноговь аймгийн С******* сумын нутаг дэвсгэрт орших “Бгийн чулуун нүүрсний ордын зүүн, зүүн хойд” хэсэг болох Ашигт малтмалын хайгуулын Х тоот тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацааг 2015 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр Кадастрын бүртгэлийн системд дуусгавар болгосон Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоон 2012-2014 онд хийж гйүцэтгэсэн хайгуулын ажлын үр дүнгийн тайланг Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн хуралдаанаар хэлэлцүүлэхийг Уул уурхайн яамны дэргэдэх Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлд даалгах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэв.  

Хоёр. Хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдөр шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“...1. Дорноговь аймгийн сумын С*******, Сайншанд сумдын нутаг Өндөр жавхлан нэртэй талбайд “Ф” ХХК-д ашигт малтмалын хайгуулын XV-005635 дугаартай тусгай зөвшөөрлийг анх олгосон байна. 

Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2011 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 877 дугаар шийдвэрээр дээрх тусгай зөвшөөрлийн талбайн тодорхой хэсгийг  “Мига-эрин” ХХК-д шилжүүлэн бүртгэж, XV- дугаартай тусгай зөвшөөрлийг олгосон байна. 

Ашигт малтмалын хайгуулын XV- дугаартай тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр хугацаа 2012 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр хүртэл байсан.

 “Мига-эрин” ХХК нь уг тусгай зөвшөөрлийг шилжүүлж авснаас хойш тусгай зөвшөөрлийн талбайд үйл ажиллагаа явуулж ирсэн бөгөөд Ашигт малтмалын тухай хуульд 2014 оны 7 дугаар сарын 01-ний өдөр нэмэлт, өөрчлөлт орохоос өмнө мөрдөгдөж байсан хуулийн 23 дугаар зүйлд заасны дагуу тус газрын Нүүрс судалгааны хэлтсийн даргатай  2012 оны 4-р сарын 03-ны өдрийн АӨҮА-2012/Н02/24 тоот Ашиглалтын өмнөх үйл ажиллагааны гэрээг байгуулсан тул тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр хугацааг 2015 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр хүртэлх өдрөөр бүртгэсэн байна. Тодруулбал, уг гэрээний хугацаа 2015 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр хүртэл хүчинтэй байхаар талууд тохиролцсон байна. 

2013 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр хайгуулын ХV- дугаартай тусгай зөвшөөрлийн талбайн зарим хэсэг буюу Дорноговь аймгийн С******* сумын нутагт хамаарах 985.52 га талбайд “М*******” ХХК нь ашиглалтын тусгай зөвшөөрөл хүсч өргөдөл гаргасныг хүлээн авч хянан үзэж Кадастрын хэлтсийн даргын 2013 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 508 дугаар шийдвэрээр MV-017425 дугаартай ашиглалтын тусгай зөвшөөрөл олгож шийдвэрлэсэн байна.

Үүний дараа нэхэмжлэгч нь хайгуулын XV-Х дугаартай тусгай зөвшөөрлийн талбайн үлдсэн хэсэг буюу 18833.09 га талбайд ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг 2015 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр Кадастрын хэлтэст гаргасныг хүлээн авсан.

Уг өргөдлийг холбогдох материалын хамт хүлээн авч Ашигт малтмалын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгг заасан ажиллагааг явуулхад мөн зүйлийн 26.2.3 дахь заалтад заасан хайгуулаар тогтоогдсон ашигт малтмалын нөөцийн хэмжээ, үнэлгээ нь олборлолтоос үүсч болох экологийн хохиролыг нөхөн сэргээхэд хүрэлцэхгүй болох нь Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн  дүгнэлтээр тогтоогдсон. 

Нэхэмжлэгч нь хайгуулын  XV-Х дугаартай тусгай зөвшөөрлийн талбайд 2011 онд хайгуул хийсэн үр дүнгийн тайланг  хэлэлцсэн Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн 2012 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн ХХ-04-07 дугаартай дүгнэлт, ордын нөөцийг бүртгэсэн Ашигт малтмалын газрын даргын 2012 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 134 дүгээр тушаалыг ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийн хамт ирүүлсэн. 

Уг дүгнэлт, тушаалд Дорноговь аймгийн С******* сумын нутаг дэвсгэрт хамаарах 19818 га талбайд хийсэн хайгуулын ажлын үр дүн, нөөцийн илрэл, ордын нөөцийн зэрэглэлийг бүртгэсэн байсан бөгөөд харин ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн талбайд нүүрсний баялгийг Р зэргээр тооцоолсон байна. 

Тухайн хайгуулын талбайд илэрсэн нүүрсний баялгийн Р зэрэг нь Ашигт малтмалын

тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.3 дахь заалтад заасан “хайгуулаар тогтоогдсон

ашигт малтмалын нөөцийн хэмжээ, үнэлгээ нь олборлолтоос үүсч болох экологийн хохирлыг нөхөн сэргээхэд хүрэлцэх эсэх” гэсэн шаардлагыг хангаагүй байна.

Иймд Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 889 дүгээр шийдвэрээр Дорноговь аймгийн С******* сумын нутаг дэвсгэрт хамаарах “Б” нэртэй 19880 га талбайд ашиглалтын тусгай зөвшөөрөл

“Мига-эрин” ХХК-нд олгохоос татгалзсан нь үндэслэлтэй болно.

Энэхүү шийдвэрийн талаар Кадастрын хэлтэс 2015 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 6-8242 тоот албан бичгээр нэхэмжлэгчид мэдэгдсэн байна.

Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн шаардлага үндэслэлгүй байх тул нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв. 

Гурав. Хариуцагч Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн итгэмжлэгдсэн төлөөлгч 2016 оны 6  дугаар сарын 15-ны өдөр шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа

“...Ашигт малтмалын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т “хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас өмнө ордын нөөц, эрэл хайгуулын үр дүнгийн тайланг ашигт малтмал эрхэ, хайх үйл ажиллагааны журам, ашигт малтмалын баялаг, ордын нөөцийн ангилалд нийцүүлэн боловсруулж, шинжээчийн дүгнэлт гаргуулан төрийн захиргааны байгууллагад хүлээлгэн өгнө.”, 48.4-т “төрийн захиргааны байгууллага нь энэ хуулийн 48.3-т заасан тайлан, 48.6.1-д заасан техник-эдийн засгийн үндэслэлд Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөс мэргэшсэн мэргэжилтнийг шинжээчээр 30 хоногт багтаан томилуулж, 90 хоногт багтаан хэлэлцүүлж дүгнэлт гаргасны үндсэн дээр уг нөөцийг ...шийдвэр гаргана.” гэж тус тус заасан байна. 

Дээрх хуулийн зохицуулалтын дагуу “М*******” ХХК нь тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас өмнө буюу 2014 оны 2014 оны 02 дугаар сарын 17-ны өдрөөс өмнө хайгуулын ажлын үр дүнгийн тайланг шинжээчийн дүгнэлтийн хамт төрийн захиргааны байгууллагад хүргүүлэхээр байсан байна.

Гэвч “М*******” ХХК нь ашигт малтмалын хайгуулын XV- тоот тусгай зөвшөөрлийн дуусгавар болох хугацаа өнгөрсөн буюу 2014 оны 3 дугаар сарын 23-ны өдөр өдрийн 11 тоот албан бичгээр тус талбайд гүйцэтгэсэн хайгуулын ажлын үр дүнгийн тайланд шинжээч томилуулж, тайланг Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр хэлэлцүүлэх хүсэлт гаргасан нь хуульд нийцэхгүй байх бөгөөд өөрөөр хэлбэл хуульд заасан хугацаанд, шаардлага хангасан үр дүнгийн тайланг төрийн захиргааны байгууллагад ирүүлээгүй учир тус тайланг Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн хурлаар хэлэлцэх боломжгүй байсан байна. 

Иймд нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү.” гэв. 

Нэхэмжлэгч “М*******” ХХК-ийн захирал Б.Б*******аас 2016 оны 10 дугаар сарын 14-ны өдөр шүүхэд “Ашигт малтмалын хайгуулын XV- тоот тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацааг 2015 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр Кадастрын бүртгэлийн системд дуусгавар болгосон Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоон 2012-2014 онд хийж гүйцэтгэсэн хайгуулын ажлын үр дүнгийн тайланг Эрдэс баялаг мэргэжлийн зөвлөлийн хуралдаанаар хэлэлцүүлэхийг Уул уурхайн яамны дэргэдэх Эрдэс баялагийн мэргэжлийн зөвлөлд даалгах” гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан  тул энэ хүрээнд маргааныг хянан хэлэлцлээ.

ҮНДЭСЛЭХ нь: 

Шүүх нэхэмжлэгч, хариуцагч болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, түүний хууль зүйн үндэслэл, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлэн хэрэгт авсан бичмэл нотлох баримтуудад үнэлэлт өгч, дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

“Ашигт малтмалын хайгуулын XV- тоот тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацааг 2015 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр Кадастрын бүртгэлийн системд дуусгавар болгосон Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоон 2012-2014 онд хийж гүйцэтгэсэн хайгуулын ажлын үр дүнгийн тайланг Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн хуралдаанаар хэлэлцүүлэхийг Уул уурхайн яамны дэргэдэх Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлд даалгах” нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Дорноговь аймгийн Сайншанд, С******* сумын нутаг дахь “Өндөр жавхлан” нэртэй газарт 32124.74 гектар талбайд анх 2003 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр ашигт малтмалын хайгуулын XV-005635 дугаартай тусгай зөвшөөрлийг “Ф” ХХК-нд олгосон, уг хайгуулын тусгай зөвшөөрлийн 19818.61 гектар талбайг Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн дарга (тухайн үеийн нэрээр)-ын 2011 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 877 дугаар шийдвэрээр нэхэмжлэгч “М*******” ХХК-нд шилжүүлснийг бүртгэж, шинээр XV- дугаар тусгай зөвшөөрлийг  олгосон байна.

Уг ашигт малтмалын хайгуулын XV- дугаар тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацаа 2012 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр хүртэл  байсныг “М*******” ХХК нь 2012 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр “Ашиглалтын өмнөх үйл ажиллагааны гэрээ” /АӨҮА-2012/Н02/24/-г Ашигт  малтмалын газрын Нүүрс судалгааны хэлтсийн дарга /тухайн үеийн нэрээр/-тай байгуулснаар гэрээний хугацааг талууд 2015 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр хүртэл хүчинтэй байхаар тохиролцсон байна. 

Мөн 2014 оны 12 дугаар сарын 26-ны өдөр талууд дээрх гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулсан бөгөөд тус гэрээнд “...хугацаа 2015 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр  дуусгавар болно.” гэдгийг тусгайлан заасан, нэхэмжлэгч “М*******” ХХК-ийн захирал Б.Б******* хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан байна.

Нэхэмжлэгч “М*******” ХХК нь дээрх ашигт малтмалын хайгуулын XV- дугаар тусгай зөвшөөрлийн 19818.61 гектар талбайгаас:  

1/. 2013 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр 985.52 га талбайд ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн хүсэлтийг хариуцагчид гаргасан бөгөөд 2013 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 508 дугаар шийдвэрээр  MV-017425 дугаартай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг нэхэмжлэгчид олгосон;

2/. 2015 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр талбайн үлдсэн хэсэг буюу 18833.09 га талбайд ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн боловч хариуцагчаас 2015 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 889 дүгээр шийдвэрээр  татгалзсан байна. 

Учир нь 2012 оны 2 дугаар сарын 16-ны өдрийн Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн XX-04-07 дугаар дүгнэлтээр  нэхэмжлэгч “М*******” ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын XV- дугаар тусгай зөвшөөрлийн дээрх талбайд хийсэн хайгуулын ажлын үр дүн, нөөцийн илрэл, ордын нөөцийн зэрэглэлийг бүртгэснээс нүүрсний баялгийг “Р” зэргээр тооцоолсон байна. 

Тухайн хайгуулын талбайд илэрсэн нүүрсний баялгийн “Р” зэрэг нь Ашигт малтмалын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.3-т заасан “хайгуулаар тогтоогдсон ашигт малтмалын нөөцийн хэмжээ, үнэлгээ нь олборлолтоос үүсч болох экологийн хохирлыг нөхөн сэргээхэд хүрэлцэх” эсэх гэсэн шаардлагыг хангаагүй байна. 

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар энэ хугацаанд буюу 2015 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр нэхэмжлэгчийн XV- дугаар ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр хугацаа дууссан үйл баримт тогтоогдож байна. 

Нэхэмжлэгч “М*******” ХХК нь өөрийн эзэмшлийн XV- хайгуулын тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр хугацаа дуусгавар болохоос өмнө буюу 2015 оны 3 дугаар сарын 23-ны өдөр “...хайгуулын ажлын үр дүнгийн тайланг хүлээн авч, шинжээч томилж өгнө үү” гэх хүсэлтийг  Ашигт малтмалын газарт гаргасан, Уул уурхайн яамны дэргэдэх Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөл хүсэлтийг хэлэлцэж, 2015 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр Ч.Г, О.М нарыг шинжээчээр томилсон  байна. 

Хариуцагч нараас хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусгавар болох 2015 оны 4 дүгээр сарын 03-ны өдрөөс өмнө “...шинжээчийн дүгнэлт гараагүй”, “...шинжээчийн дүгнэлт гараагүй” тул Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөл нэхэмжлэгч “М*******” ХХК-ийн хайгуулын ажлын үр дүнгийн тайланг хүлээн авч, хэлэлцээгүй, “...хайгуулын ажлын үр дүнгийн тайлангаа хуульд заасан хугацаанд ирүүлээгүй” учраас Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэс “...XV- дугаар тусгай зөвшөөрлийн хугацаа дууссан”-ыг 2015 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр кадастрын мэдээллийн санд бүртгэсэн, талууд эдгээр үйл баримттай маргаагүй бөгөөд харин нэхэмжлэгч:

нэгд, “...шинжээч томилуулж, Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн хуралдаанаар хэлэлцүүлэх тухай хүсэлтийг Ашигт малтмалын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т заасны дагуу ...хугацаа дуусахаас өмнө гаргасан, ...нэхэмжлэгч үүргээ биелүүлсэн” ;

хоёрт, “...2015 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр ...шинжээч нарыг томилсон, ...Ашигт малтмалын тухай хуулийн 48.4-т заасан хугацааны дагуу ...шинжээчийг 30 хоногт багтаан томилсон боловч шинжээч Ч.Г нь дүгнэлтээ 2015 оны 6 дугаар сарын 22-ны өдөр гаргасан, ...О.М өнөөдрийг хүртэл ...дүгнэлтээ гаргаж өгөөгүй учир ...нэхэмжлэгч буруугүй”  гэж, 

-хариуцагч Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөл “...Ашигт малтмалын тухай хуулийн 48.3, 48.4-т заасны дагуу ...тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас өмнө буюу 2014 оны 02 дугаар сарын 17-ны өдрөөс өмнө хайгуулын үр дүнгийн тайланг шинжээчийн дүгнэлтийн хамт ...хүргүүлэхээр байсан, ...хуульд заасан шаардлага хангасан үр дүнгийн тайланг Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн хуралдаанаар хэлэлцүүлэхээр ...ирүүлээгүй нь хуульд нийцэхгүй, тусгай зөвшөөрлийн хугацаа дуусгавар болж, ... хүчингүй болсон тул... тайланг хэлэлцэх боломжгүй” гэж; 

-хариуцагч Ашигт малтмалын Кадастрын хэлтэс “...тусгай зөвшөөрлийн хүчинтэй хугацаа 2015 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр дуусгавар болсон, ...хуульд заасан үүргээ биелүүлэх ёстой, ...бүртгэлийн системд дуусгавар болсныг бүртгэсэн ... /нь хууль зөрчөөгүй/” гэж тус тус маргажээ. 

Ашигт малтмалын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т “Хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас өмнө ордын нөөц, эрэл, хайгуулын үр дүнгийн тайланг ашигт малтмал эрэх, хайх үйл ажиллагааны журам, ашигт малтмалын баялаг, ордын нөөцийн ангилалд нийцүүлэн боловсруулж, шинжээчийн дүгнэлт гаргуулан төрийн захиргааны байгууллагад хүлээлгэн өгнө.” гэж заасан нь хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигчид хууль зүйн үүрэг болгосон заалт бөгөөд тус заалтын “тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас өмнө” гэсэн хугацааг мөн хуулийн 48.4-т заасан “...30 хоногт багтаан томилуулж, ...90 хоногт багтаан хэлэлцүүлж дүгнэлт гаргуулсны үндсэн дээр ...” гэсэн хуулийн хугацааг “багтаан тооцсон” хугацааг ойлгоно.

Иймд нэхэмжлэгч “М*******” ХХК-ийн “...шинжээч томилуулж, Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн хуралдаанаар хэлэлцүүлэх тухай хүсэлтийг Ашигт малтмалын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т заасны дагуу ...хугацаа дуусахаас өмнө гаргасан, ...нэхэмжлэгч үүргээ биелүүлсэн”, “...шинжээч дүгнэлт гаргаж өгөөгүй учир ...нэхэмжлэгч буруугүй” гэх тайлбар нь хууль зүйн үндэслэлгүй болох нь дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. 

Нэхэмжлэгч “М*******” ХХК нь 2015 оны 3 дугаар сарын 23-ны өдөр Ашигт малтмалын газарт шинжээч томилуулах тухай хүсэлтийг бус харин Ашигт малтмалын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т заасан шинжээчийн дүгнэлт гаргуулсан тайланг төрийн захиргааны байгууллагад хүргүүлсэн байх ёстой. 

Гэтэл нэхэмжлэгчээс тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 10 хоногийн өмнө шинжээч томилуулах тухай хүсэлтийг гаргасан, уг хүсэлтийн дагуу дээрх хугацаа дуусахаас 1 хоногийн өмнө шинжээч томилсон үйл баримт тогтоогдож байхад тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас өмнө л тайлан гаргаж, шинжээч томилуулах тухай хүсэлт гаргасан бол нэхэмжлэгчийн үйлдэл хуульд нийцнэ, хууль зөрчөөгүй гэж, 

-харин тухайн тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас өмнө 1 хоногийн хугацаа дотор шинжээч дүгнэлтээ гаргаж өгөх нь хариуцагчийн үүрэг, нэхэмжлэгчээс өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар буюу шинжээчийн дүгнэлт гаргаагүйтэй холбоотой ашигт малтмалын тусгай зөвшөөрөл хүсэх эрхээ нэхэмжлэгч хэрэгжүүлэх боломж үүсээгүй  гэж тайлбарлаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй.

Учир нь хууль тогтоогчоос 2014 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар:

-Ашигт малтмалын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т заасан “тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас өмнө” гэсэн хугацааг мөн зүйлийн 48.4-т заасан заалтаар “...30 хоног”, “...90 хоног” гэж тусгайлан тодруулж, уг хугацааг шууд хуульчилж өгсөн нь тусгай зөвшөөрөл эзэмшигчид дээрх хуулийн хугацааг баримтлахыг үүрэг болгосон байна. 

Иймд Ашигт малтмалын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т “Хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас өмнө ордын нөөц, эрэл, хайгуулын үр дүнгийн нэгдсэн тайланг ... боловсруулж, шинжээчийн дүгнэлт гаргуулан төрийн захиргааны байгууллагад хүлээлгэн өгнө”, 48.4-т “төрийн захиргааны байгууллага нь энэ хуулийн 48.3-т заасан тайланд ...Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөс ...шинжээчээр 30 хоногт багтаан томилуулж, 90 хоногт багтаан хэлэлцүүлж дүгнэлт гаргуулсны үндсэн дээр уг нөөцийг ашигт малтмалын улсын нэгдсэн бүртгэлд бүртгэх, хүлээн авах, тайлан, техник, эдийн засгийн үндэслэлийг анхдагч материалын хамт мэдээллийн санд бүртгэх тухай шийдвэр гаргана.” гэж тус тус заасныг маргааны үйл баримтад холбогдуулан авч үзвэл, тусгай зөвшөөрөл эзэмшигч “М*******” ХХК нь хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас өмнө хайгуулын ажлын үр дүнгийн тайланг боловсруулж, шинжээчийн дүгнэлт гаргуулан хүлээлгэн өгсөн, энэ тохиолдолд, төрийн захиргааны байгууллага болох Ашигт малтмалын газар нь уг тайланд “...шинжээчийн дүгнэлт гаргуулах” үүрэгтэй, үүний үндсэн дээр уг нөөцийг улсын нэгдсэн бүртгэлд бүртгэх эсэх талаар шийдвэр гаргахаар байна.

Гэтэл хэрэгт авагдсан нотлох баримтаар тусгай зөвшөөрөл эзэмшигч хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй, хуульд заасан хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүй хэтрүүлсэн байна.

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч “М*******” ХХК нь шинжээч О.М , Ч.Г  нартай 2015 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр “Ажил гүйцэтгэх гэрээ” байгуулж, 2015 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр гэрээт ажил буюу шинжээчийн дүгнэлтийг хийж гүйцэтгэхээр талууд тохиролцсон байна. 

Шинжээч Ч.Г нь 2015 оны 6 дугаар сарын 22-ны өдөр шинжээчийн дүгнэлтийг гаргасан бөгөөд уг дүгнэлтэд “...Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн хуралдаанаар хэлэлцүүлэн Улсын нөөцийн санд бүртгүүлэх санал оруулах”   гэжээ.

Харин шинжээч О.М нь 2016 оны 6 дугаар сарын 25-ны өдөр нэхэмжлэгч “М*******” ХХК-нд “...нөөцийн тайланг үзэж хянахад цаг хугацаа ихээр шаардагддаг, мөн шаардлагатай бол дахин хайгуулын ажил нэмж хийлгэх, лабораторид дээж шинжилгээнд нэмж өгөх, хавсралт зураг материалуудыг дахин боловсруулах зэрэг ажлууд хийгдэхээр байна.”  гэж, мөн шинжээчийн саналдаа  “...дээр дурьдсан санал шүүмжлэлтэй асуудлуудыг тайлбарлаж ялангуяа нөөцийн тооцоог дахин шалгасны дараагаар Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн хуралдаанд оруулж хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзэж байна.” гэжээ. 

Иймд нэхэмжлэгч “М*******” ХХК нь Ашигт малтмалын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3, мөн зүйлийн 48.4 дэх хэсэгт заасан тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас өмнө хайгуулын үр дүнгийн тайланг боловсруулж, шинжээчийн дүгнэлт гаргуулах ёстой хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хүлээх үүргээ биелүүлээгүйгээс Ашигт малтмалын тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1-д заасан “тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацаа дууссан” нь нэхэмжлэгчийн өөрийн хариуцлагагүй үйл ажиллагаанаас хамаарсан буюу хуульд заасан эрх, үүргээ шударгаар хэрэгжүүлээгүй байна гэж үзэх үндэслэлтэй байна. 

Учир нь хэрэгт авагдсан нотлох баримтаар нэхэмжлэгч “М*******” ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын XV- дугаар тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр хугацаа 2012 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр дуусах байсныг 2012 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн “Ашиглалтын өмнөх үйл ажиллагааны гэрээгээр  3 жилийн хугацаагаар сунгасан, мөн 2014 оны 12 дугаар сарын 26-ны өдөр талууд дээрх гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулсан бөгөөд тус гэрээнд “...хугацаа 2015 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр дуусгавар болно.” гэдгийг тусгайлан заасан, нэхэмжлэгч “М*******” ХХК-ийн захирал Б.Б******* хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан үйл баримт тогтоогдож байна.

Иймд Ашигт малтмалын тухай хуульд заасан эрх, үүргээ шударгаар хэрэгжүүлээгүй байна гэж үзэх үндэслэлтэй тул нэхэмжлэгч “М*******” ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын XV- дугаар тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацааг 2015 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр Кадастрын бүртгэлийн системд дуусгавар болгосон хариуцагч Кадастрын хэлтсийн даргын болон хайгуулын ажлын үр дүнгийн тайланг Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн хуралдаанаар хэлэлцэж дүгнэлт гаргаагүй хариуцагч Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөл нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй, харин нэхэмжлэгчийн өөрийн хариуцлагагүй үйл ажиллагаанаас хамаарсан буюу Ашигт малтмалын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3, 48.4-т заасан заалтыг хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч буюу нэхэмжлэгч “М*******” ХХК нь биелүүлээгүй зөрчсөн болох нь тогтоогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ. 

 

          Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14 дэх заалтад заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Ашигт малтмалын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3, 48.4, 53 дугаар зүйлийн 53.1.1 дэх заалтад заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “М*******” ХХК-ийн гаргасан “Ашигт малтмалын хайгуулын Х тоот тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацааг 2015 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр Кадастрын бүртгэлийн системд дуусгавар болгосон Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоон 2012-2014 онд хийж гүйцэтгэсэн хайгуулын ажлын үр дүнгийн тайланг Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн хуралдаанаар хэлэлцүүлэхийг Уул уурхайн яамны дэргэдэх Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлд даалгах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай. 

2. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 48.1, Улсын  тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй. 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ               Л.ӨЛЗИЙСАЙХАН