| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ядамжавын Урнаа |
| Хэргийн индекс | 318/2026/00096/И |
| Дугаар | 318/ШШ2026/00130 |
| Огноо | 2026-02-09 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 02 сарын 09 өдөр
Дугаар 318/ШШ2026/00130
| 2026 оны 02 сарын 09 өдөр | Дугаар 318/ШШ2026/00130 | Увс аймаг |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Я. Урнаа би,
Нэхэмжлэгч: М.Б ХК-ийн,
Хариуцагч: Л.Д-д холбогдох,
Зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэгт 9,771,716.74 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч М.Б ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Дээрх зээлийн гэрээг цуцлаж, нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 6000313398 тоот "Цахим зээлийн гэрээ”-ний үүрэгт 8,091,405.70 төгрөг, 6000332106 тоот "Цахим зээлийн гэрээ"-ний үүрэгт 252,496.20 төгрөг, 6000338593 тоот "Цахим зээлийн гэрээ”-ний үүрэгт 1,402,814.84 төгрөг, нотариатын төлбөрт 25,000 төгрөг, нийт 9,771,716.74 төгрөгийг хариуцагч Л.Д-ээс гаргуулах” гэжээ.
Хариуцагч Л.Д шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Миний бие Л.Д нь М.Б ХК-ийн нэхэмжлэлийн шаардлага 9,771,716 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Уг үнийн дүнг 2026 оны 02 дугаар сарын 15-ны өдөр 500,000 төгрөгөөр, үлдэх 9,271,716.74 төгрөгийг сар бүрийн 25-ны өдөр 1,000,000 төгрөгөөр 2026 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийг хүртэл бүрэн төлж барагдуулна” гэжээ.
Нэхэмжлэгч М.Б ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Номингэрэл шүүхэд гаргасан хүсэлтдээ: “М.Б ХК-ийн нэхэмжлэлтэй Л.Д-д холбогдох иргэний хэрэгт итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байна. Хариуцагч Л.Д-гийн хариу тайлбарыг хүлээн зөвшөөрч байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй.
2. Хариуцагч Л.Д нь нэхэмжлэгч М.Б ХК-ийн нэхэмжлэлийн шаардлага 9,771,716.74 төгрөгийг хүлээн зөвшөөрч 2026 оны 02 дугаар сарын 15-ны өдөр 500,000 төгрөгөөр, үлдэх 9,271,716.74 төгрөгийг сар бүрийн 25-ны өдөр 1,000,000 төгрөгөөр 2026 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийг хүртэл бүрэн төлж барагдуулах тухай тайлбарыг бичгээр үйлдэж, гарын үсэг зурж баталгаажуулан шүүхэд ирүүлсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.3 дахь хэсэгт нийцсэн байна.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт заасныг баримтлан М.Б ХК-ийн, зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэгт 9,771,716.74 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Л.Д хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгов.
3. Хариуцагч Л.Д нь энэхүү захирамжийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан биелүүлэхийг дурдах нь зүйтэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч М.Б ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 171,297 төгрөгийн тал хувь болох 85,648.5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Увс аймгийн Төрийн сангийн 100150000941 тоот данснаас 85,648.5 төгрөгийг, хариуцагч Л.Дгээс 85,648.5 төгрөгийг тус тус гаргуулж, М.Б ХК-д олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэг, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч М.Б ХК-ийн, зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэгт нийт 9,771,716.74 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Л.Д нь 2026 оны 02 дугаар сарын 15-ны өдөр 500,000 төгрөг төлж, үлдэх 9,271,716.74 төгрөгийг 2026 оны 3 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн сар бүрийн 25-ны өдөр 1,000,000 төгрөгөөр 2026 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийг хүртэл бүрэн төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч М.Б ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 171,297 /нэг зуун далан нэгэн мянга, хоёр зуун ерэн долоон/ төгрөгийн тал хувь болох 85,648.5 /наян таван мянга, зургаан зуун дөчин найман төгрөг, таван мөнгө/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Увс аймгийн Төрийн сангийн 100150000941 тоот данснаас 85,648.5 /наян таван мянга, зургаан зуун дөчин найман төгрөг, таван мөнгө/ төгрөгийг, хариуцагч Л.Дгээс 85,648.5 /наян таван мянга, зургаан зуун дөчин найман төгрөг, таван мөнгө/ төгрөгийг тус тус гаргуулж, М.Б ХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч нь энэхүү захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар шүүгчийн захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.
ШҮҮГЧ Я.УРНАА