| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баярын Мөнх-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 185/2018/0259/э |
| Дугаар | 617 |
| Огноо | 2018-08-17 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Г.Цогтгэрэл |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 08 сарын 17 өдөр
Дугаар 617
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж,
нарийн бичгийн дарга: В.Бадмаагарав;
улсын яллагч: Г.Цогтгэрэл;
шүүгдэгч: Я.Э (өөрийгөө өмгөөлж) нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Боржигон овгийн Я.Э-д холбогдох эрүүгийн 1809029420682 дугаартай хэргийг 2018 оны 08 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, 2018 оны 08 дугаар сарын 17-ны өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн, 1993 оны 07 дугаар сарын 29-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 25 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, ам бүл 5, нөхөр, хүүхдүүдийн хамт Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Булгийн 19 дүгээр гудамжны 1006 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, УП93072965 регистерийн дугаартай, Боржигон овогт Я.Э.
Прокуророос үйлдэж ирүүлсэн яллах дүгнэлтээр:
Яллагдагч Я.Э нь 2018 оны 06 дугаар сарын 18-19-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 32-н баарны гадна Б.Болортуяаг зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Я.Э мэдүүлэхдээ: Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа тул нэмж мэдүүлэг өгөхгүй гэв.
Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд хохирогч Б.Болортуяа /хх-ийн 14-20/, гэрч С.Шүрэнтуяа /хх-ийн 11-13/, Э.Ариунзаяа /хх-ийн 24-26/ нарын мэдүүлэг, Я.Э-ийн гэрчээр болон яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ий 21-23, 39-40/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 7889 тоот дүгнэлт /хх-ийн 28/, Я.Энхтүвшингийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 41-54/, хохирогч Б.Болортуяагийн хүсэлт /хх-ийн 60/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Я.Э нь 2018 оны 06 дугаар сарын 18-19-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутагт байрлах “32” нэртэй баарны гадна Б.Болортуяаг “бүжиглэж байхдаа түхсэн” хэмээн буруутган зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь:
хохирогч Б.Болортуяагийн /хх-ийн 17, 19/: “… 2018 оны 06 дугаар сарын 18-ны орой … 03 цагт “32” нэртэй бааранд дөрвүүлээ орсон. …би Отгонжаргалын хамт тамхи татахаар гарсан. Тамхи татаад зогсож байтал баарны үүдэнд байсан 4-5 охин ирээд үсдээд газар унагаагаад баахан өшиглөж зодсон. ... Намайг Энхтүвшингөөс өөр хүн зохиж зодоогүй...” гэх мэдүүлгээр,
гэрч С.Шүрэнтуяагийн /хх-ийн 12/: “... Намайг баарнаас гарч ирэхэд Болортуяа, Ука хоёр дээр доороо ороод ноцолдоод байсан...” гэх мэдүүлгээр,
гэрч Э.Ариунзаяагийн /хх-ийн 25/: “... Ука нөгөө хүүхэнтэй үсдэлцээд баарнаас гараад ирсэн. Тэр хоёр дээр доороо ороод газар өнхрөлдөж, ноцолдож байгаад салцгаасан...” гэх мэдүүлгээр,
Я.Энхтүвшингийн гэрчээр болон яллагдагчаар мэдүүлсэн /хх-ийн 22-23, 39-40/: “... Бид хоёр хоорондоо үсдэлцэж баарны гадаа гараад байж байхад Отгондаваа, Ариунзаяа, Отгонжаргал, Шүрэнтуяа нар бид хоёрын салгах гээд хоёр тийш нь татахад Болортуяа салахгүй байсан..., ... Би Болортуяаг цохисноо хүлээн зөвшөөрч байна…” гэх мэдүүлгээр,
Я.Э-гийн буруутай үйлдлийн улмаас Б.Болортуяагийн биед “зүүн дээд, доод зовхинд цус хуралт, зулайн үс халцарч унасан, нүүр, тохой, 2 өвдөгт зулгаралтууд, зүүн бугалга шууд цус хуралт” бүхий хатуу мохоо ба хатуу ирмэгтэй зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасан хөнгөн зэргийн гэмтэл учирсан болохыг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 7889 дугаартай дүгнэлт /хх-ийн 28/ зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Дээрх нотлох баримтууд “хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, шүүгдэгч, хохирогч нар ямар шалтгаанаас болж маргалдсаныг гэрч, шүүгдэгч нар мэдүүлсэн, шүүгдэгч нь хохирогчийг зодсоныг өөрөө болон хохирогч хэн аль нь гэрчилж мэдүүлсэн, хохирогч зодуулсны улмаас гэмтсэн, шүүх эмнэлгийн дүгнэлтээр хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол (гэмтэл) учирсан болохыг тогтоосон” зэрэг үйл баримтуудыг агуулж байх тул энэ хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж шүүх үзсэн болно.
Шүүхийн тогтоолын тодорхойлох хэсэгт дурдагдсан байдлаар хүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан Я.Э-гийн санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Ийнхүү шүүгдэгч Я.Э-гийн “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруу шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдсон гэж дүгнэж түүнд Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх үндэстэй.
Шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн төлбөрийн асуудлыг дараах байдлаар шийдвэрлэв.
Хохирогч Б.Болортуяа “нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй” гэсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан бөгөөд Я.Э-г “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзсэн тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор прокурорын саналыг харгалзан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу (1 нэгж=1000 төгрөг) 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэхээр шийдвэрлэв.
Хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 5, 8, 9 дэх хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Боржигон овогт Я.Э-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Я.Э-г 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
4. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
5. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Я.Э-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХ-ЭРДЭНЭ