| Шүүх | Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | С.Уранчимэг |
| Хэргийн индекс | 171/2024/0106/Э |
| Дугаар | 2026/ДШМ/09 |
| Огноо | 2026-01-14 |
| Зүйл хэсэг | 17.3.3.1., |
| Улсын яллагч | Ц.Л |
Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 01 сарын 14 өдөр
Дугаар 2026/ДШМ/09
2026 01 14 2026/ДШМ/09
М.М, М.О нарт
холбогдох эрүүгийн хэргийн тухай
Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч З.Хосбаяр даргалж, шүүгч Н.Баярхүү, шүүгч С.Уранчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд
Прокурор Ц.Л
Шүүгдэгч М.М, М.О
Шүүгдэгч нарын өмгөөлөгч О.С, Н.М
Нарийн бичгийн дарга Г.Энэрэл нарыг оролцуулан
Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Энхтунгалаг даргалж, шүүгч Ц.Алтангадас, шүүгч Г.Жаргалтуяа нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2025 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 521 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан шүүгдэгч М.М, түүний өмгөөлөгч О.С нарын давж заалдах гомдлоор М.М, М.О нарт холбогдох эрүүгийн хэргийг 2025 оны 12 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Уранчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Е овогт М-н М, Монгол Улсын иргэн,
Б овогт М-н О, Монгол улсын иргэн
М.М нь 2022 оны 08 дугаар сарын 08-ны өдөр хохирогч Н.Э-г “Э” Төрийн өмчит үйлдвэрийн газарт ажилд оруулж өгнө гэж хуурч аймаг сум баг С худалдааны төвийн нотариатын газар зээлийн гэрээгээр халхавчлан 32,000 юань буюу 15,000,000 төгрөгийг авсан,
мөн хамтран амьдрагч М.Отай үйлдлээрээ санаатай нэгдэж, бүлэглэн үргэлжилсэн үйлдлээр зохиомол байдлыг зориудаар бий болгож бусдыг төөрөгдөлд оруулан ... “Э” Төрийн өмчит үйлдвэрийн газарт хүний нөөц хийдэг, өөрсдийг нь болоод ойр дотны хүнийг нь “Э” Төрийн өмчит үйлдвэрийн газарт ажилд оруулж өгнө ... гэж аймгийн сумын нутаг дэвсгэрт хохирогч М.Б-г хуурч, 2022 оны 05 дугаар саран 30-ны өдрөөс 2022 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн хооронд 3 удаагийн шилжүүлгээр 15,000,000 төгрөгийг,
хохирогч Э.У-с 2022 оны 08 дугаар сарын 05-ны өдрөөс 2023 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн хооронд 3 удаагийн шилжүүлгээр 12,500,000 төгрөгийг,
хохирогч Т.С-с 2022 оны 07 дугаар сарын 06-ны өдрөөс 2022 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн хооронд 3 удаагийн шилжүүлгээр 10,000,000 төгрөгийг,
хохирогч З.С-с 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн хооронд 3 удаагийн шилжүүлгээр 15,000,000 төгрөгийг,
хохирогч Ц.А-г хуурч 2023 оны 01 дүгээр сарын 24-ний өдрөөс 2023 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн хооронд 4 удаагийн шилжүүлгээр 15,200,000 төгрөгийг,
хохирогч Б.Э-г хуурч 2023 оны 02 дугаар сарын 09-ний өдрөөс 2023 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн хооронд бэлнээр болон 2 удаагийн шилжүүлгээр нийт 15,000,000 төгрөгийг,
хохирогч Б.Т-г хуурч 2023 оны 03 дугаар сарын 28-ны өдөр бэлнээр 7,500,000 төгрөгийг, 2023 оны 03 дугаар сарын 30-ны өдөр дансаар 7,500,000 төгрөгийг шилжүүлэн авч нийт 15,000,000 төгрөгийг,
хохирогч Г.Ц-г хуурч урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж “Н” маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийг барьцаалан 5,500,000 төгрөгийг гэрээгээр халхавчлан 2023 оны 08 дугаар сарын 20-ны өдөр “хөдөө явж машинаа зарах гэж байна, бензины мөнгө өгөөч” гэж хуурч төөрөгдөлд оруулан 200,000 төгрөгийг тус тус шилжүүлэн авч, нийт 5,700,000 төгрөгийн хохирол буюу бусдад 9 удаагийн үргэлжилсэн үйлдлээр нийт 118,400,000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулж, залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон,
шүүгдэгч М.О нь хамтран амьдрагч М.Мтай үйлдлээрээ санаатай нэгдэж, бүлэглэн үргэлжилсэн үйлдлээр зохиомол байдлыг зориулаар бий болгож, бусдыг төөрөгдөлд оруулан ... “Э” Төрийн өмчит үйлдвэрийн газарт хүний нөөц хийдэг, өөрсдийг нь болоод ойр дотны хүнийг нь “Э” Төрийн өмчит үйлдвэрийн газарт ажилд оруулж өгнө ... гэж аймаг сумын нутаг дэвсгэрт хохирогч М.Б-г хуурч 2022 оны 05 дугаар саран 30-ны өдрөөс 2022 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн хооронд 3 удаагийн шилжүүлгээр 15,000,000 төгрөгийг,
хохирогч Э.У-с 2022 оны 08 дугаар сарын 05-ны өдрөөс 2023 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн хооронд 3 удаагийн шилжүүлгээр 12,500,000 төгрөгийг,
хохирогч Т.С-с 2022 оны 07 дугаар сарын 06-ны өдрөөс 2022 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн хооронд 3 удаагийн шилжүүлгээр 10,000,000 төгрөгийг,
хохирогч З.С-с 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн хооронд 3 удаагийн шилжүүлгээр 15,000,000 төгрөгийг,
хохирогч Ц.А-г хуурч 2023 оны 01 дүгээр сарын 24-ний өдрөөс 2023 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн хооронд 4 удаагийн шилжүүлгээр 15,200,000 төгрөгийг,
хохирогч Б.Э-г хуурч 2023 оны 02 дугаар сарын 09-ний өдрөөс 2023 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн хооронд бэлнээр болон 2 удаагийн шилжүүлгээр нийт 15,000,000 төгрөгийг,
хохирогч Б.Т-г хуурч 2023 оны 03 дугаар сарын 28-ны өдөр бэлнээр 7,500,000 төгрөгийг, 2023 оны 3 дугаар сарын 30-ны өдөр дансаар 7,500,000 төгрөгийг шилжүүлэн авч нийт 15,000,000 төгрөгийг,
хохирогч Г.Ц-г хуурч урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж “Н” маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийг барьцаалан 5,500,000 төгрөгийг гэрээгээр халхавчлан 2023 оны 08 дугаар сарын 20-ны өдөр ... хөдөө явж машинаа зарах гэж байна, бензины мөнгө өгөөч ... гэж хуурч төөрөгдөлд оруулан 200,000 төгрөгийг тус тус шилжүүлэн авч нийт 5,700,000 төгрөгийн хохирол буюу
бусдад 8 удаагийн үргэлжилсэн үйлдлээр нийт 103,400,000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулж, залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьралын эх үүсвэр болгосон гэх гэмт хэрэгт холбогджээ.
Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос: М.М, М.О нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т зааснаар тус тус зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг баримтлан хуурч, зээлийн гэрээгээр халхавчлан хохирогч Н.Э-г залилж 32.000 юань буюу 15.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэх шүүгдэгч М.Мын үйлдэл холбогдлыг “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож,
Шүүгдэгч Е овогт М-н Мыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдийг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д заасан “үргэлжилсэн үйлдлээр, бүлэглэж, хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан залилах гэмт хэргийг байнга үйлдэж, амьдралын эх үүсвэр болгосон” гэм буруутайд,
Шүүгдэгч Б овогт М-н Ог Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдийг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д заасан “үргэлжилсэн үйлдлээр, бүлэглэж, хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, эзэмжшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжлүүлэн авсан залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон” гэм буруутайд тус тус тооцож,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдийг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар шүүгдэгч М.Мыг 5 жил хорих ялаар,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар 1 дэх хэсгүүд 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар шүүгдэгч М.Ог 3 жил 6 сар хорих ялаар тус тус шийтгэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Мын 2024 оны 12 дугаар сарын 06-ны өдрөөс 2025 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр дуустал цагдан хоригдсон 130 хоног, 2025 оны 6 дугаар сарын 2-ны өдрөөс 2025 оны 10 дугаар сарын 12-ны өдрийг дуустал цагдан хоригдсон 132 хоног, 2025 оны 11 дүгээр сарын 05-ны өдрөөс 2025 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр хүртэл цагдан хоригдсон 2 хоног, нийт цагдан хоригдсон 264 хоногийг,
шүүгдэгч М.Он 2024 оны 12 дугаар сарын 06-ны өдрөөс 2025 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр хүртэл цагдан хоригдсон 336 хоногийг тус тус эдлэх ялд нь оруулан тооцож,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.М, М.О нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч М.Маас 12.500.000 төгрөг гаргуулж хохирогч Э.У-д олгож,
Гэр бүлийн тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1 дэх хэсгийн 63.1.3, 64 дүгээр зүйлийн 64.1 дэх хэсгийн 64.1.3, 66 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Мын төрүүлсэн бага насны буюу 14 нас хүрээгүй 2015 оны 4 дүгээр 24-ний өдөр төрсөн Б овогт А-н М, 2023 оны 5 дугаар сарын 23-ны өдөр төрсөн Е овогт Мын А-д, 2023 оны 5 дугаар сарын 23-ны өдөр төрсөн Е овогт Мын А нарт асран хамгаалагч тогтоохыг, 2011 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр төрсөн, 14 настай, Е овогт Мын М-д харгалзан дэмжигч тогтоохыг тус тус аймгийн сумын Засаг даргад даалгаж,
Хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч М.О бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нараас гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүхэд ирсэн бичиг баримтгүй болохыг дурдаж,
шүүгдэгч М.Мын Монгол Улсын Хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилсөн тус шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 44 дугаартай шүүхийн тогтоолын хувийг Монгол Улсын хил хамгаалах ерөнхий газарт хүргүүлэхийг шүүгчийн туслах Д.Сүхбатад даалгаж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч М.М давж заалдах гомдолдоо:
“... миний бие гэм буруугаа хүлээж байгаагаа хэлсэн, ер нь ч байцаалтын явцаас авахуулаад хурал болгон дээр гэм буруугаа хүлээсээр ирсэн. Дансны хуулга шалгах шаардлагагүй гэдгээр прокурор шүүхэд саналаа гаргаж шүүгч надаас данс шалгууллаа гээд юу өөрчлөгдөх юм гэж асууж байсан. Ингээд шүүх хурал үргэлжилж шүүх хурлаас гэм буруутайд тооцсон хохирол төлөх асуудал хурал дээр үүссэн. Хохирогч У хохирлоо барагдуулаагүй гэж утсаар мэдэгдсэн гэж шүүгч хэлсэн. Гэтэл Г газрыг урьд нь авъя гэж тохиролцсон дурдаагүй байсан. 2025 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн хурлаас намайг шууд цагдан хорьсон тул газар шилжүүлэх асуудал шүүгч нарын өгсөн хохирол барагдуулах хоёр хоногт амжаагүй, энэ нь өөрөө миний эрх зүйн байдлыг маш их дордуулсан ял оногдуулах хурал 2025 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр болж надад 5 жилийн хорих ял оногдуулсан яагаад надад 5 жилийн ял оногдуулах болсон үндэслэлээ тайлбарлаагүй.
Би ойлгохдоо У-н хохирлыг төлөөгүй тул 5 жилийн хорих ял оногдуулсан гэж ойлгосон. Намайг энэ хэрэгт Отай бүлэглэж гэж яллах дүгнэлт үйлдсэн боловч У-н хохирлыг яагаад би дангаар нь төлөх ёстой үндэслэлийг тайлбарлаагүй. Огаас бас хохирлыг гаргуулна гэсэн У-н бичгийг хэрхэн үзсэнийг эсхүл уг хохирогчийн төлбөрийн талаарх хүсэлтийг огт харгалзахгүй зөвхөн М намайг төлөх үндэслэлтэй гэдэг урьчилсан дүгнэлт хийсэн юм болов уу гэж ойлголоо. Иймд уг шийтгэх тогтоолын хохирогч У-д төлөх 12.600.000 төгрөг гэсэн хэсгийг хүчингүй болгож өгнө үү. Хамт бүлэглэсэн гэж үзэж байгаа бол хохирлыг хамт хариуцаж мөн ял шийтгэлд ялгамжтай байх ёсгүй гэж үзэж байна. Иймд энэ нөхцөл байдлыг маань харгалзан үзэж шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү ...” гэжээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч О.С давж заалдах гомдолдоо:
“... Шүүхээс М.Мыг М.Отай бүлэглэн Э.У-с 12.500.000 төгрөг авсан, уг гэмт хэргийг үйлдсэн гэж дүгнэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 8-т заасан ... яллагдагч, шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайг нотлох шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй 8.3-т заасан яллагдагчийн хэргээ хүлээсэн мэдүүлгийг үндэслэл болсон /хх-4, 116-117/, хохирогч Э.У-н хохирлыг бүрэн хэмжээгээр нь түүнээс гаргуулахаар шийдвэрлэсэн нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулж /зөвхөн Мд ял шийтгэл оногдуулахдаа 2 буюу түүнээс дээш удаа үйлдсэн ... бүлэглэж үйлдсэнийг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцсон нь/ шударга ёсны зарчмыг зөрчсөн гэж үзэж байна.
Хохирогч Э.У-с орж ирсэн мөнгөний 500.000 төгрөгийг О дангаараа хэрэглэсэн, мөн 9.000.000 төгрөгийг П-с шилжүүлсэн байдаг. Гэтэл энэ хохирогчид учирсан үндэслэлд бүлэглэсэн гэж үзэж байгаа юм бол яагаад Мын өөрийнхөө эсрэг мэдүүлсэн мэдүүлгийг үндэслэл болгож дүгнэлт хийх болов. Уг дүгнэлтээр бол У-г залилсан үйлдэлд О оролцоогүй гэж үзэх юм бол прокурорын зүйлчлэл зөв гэсэн нь ойлгомжгүй байна. Ял шийтгэлийг оногдуулахдаа дээрхи ойлгомжгүй, үндэслэлгүй дүгнэлтийнхээ дагуу хохирлын асуудлыг шийдвэрлэж Мыг хохирол төлөөгүй гэсэн үндэслэлээр 5 жилийн хорих ял оногдуулсан нь шударга ёсны зарчимд нийцэхгүй байна. Бүлэглэж үйлдсэн үйлдлийг үр дүнд учирсан хохирлыг төлөгдөөгүй тохиолдолд нэгэнд нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4-т заасныг хэрэглээд ялыг эрс ялгамжтай байдлаар оногдуулж буй анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх хуулийн шаардлагад нийцэхгүй байна. Шүүх хуралд хохирогч У-с хохирлын талаар 2 шүүгдэгчээс хоёулангаас нь хохирлоо гаргуулан авах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн байсан. Түүний энэ хүсэл зоригийг хэрхэн үзэж дүгнэсэн талаар тогтоолд дурдаагүй болно.
Анхан шатны шүүх хурлаас хэргийг эцэслэн шийдээд тогтоолыг уншин сонсгосон боловч тогтоолын үндэслэлийг шүүгч биечлэн тайлбарлаагүй бөгөөд тогтоолыг авч танилцахад Э.У хохирогчийг залилсан үйлдлийн талаарх дүгнэлт үндэслэлгүй байна. Иймд 2025 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 521 тоот шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү ... ” гэжээ.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч М.М тайлбартаа: ... Ямар үндэслэлээр надаас төлбөр гаргуулах болсон талаар надад шүүгч тайлбарлаагүй... гэв.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч М.О тайлбартаа: ... Байхгүй ... гэв.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч О.С тайлбартаа: ... шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү гэв.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч Н.М тайлбартаа: ... Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байна ... гэв.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Ц.Л дүгнэлтдээ: ... шийтгэх тогтоол хууль зүйн үндэслэлтэй гарсан ... гэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос М.М, М.О нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т зааснаар тус тус зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.
Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч нарын гэм буруугийн асуудлыг хэлэлцэж, хохирогч Н.Э-г залилж 32.000 юань буюу 15.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэх шүүгдэгч М.Мын үйлдэл холбогдлыг “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож,
шүүгдэгч М.М, М.О нарыг үргэлжилсэн үйлдлээр, бүлэглэж, хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан залилах гэмт хэргийг байнга үйлдэж, амьдралын эх үүсвэр болгосон гэм буруутайд тус тус тооцож, тус тус эрүүгийн хариуцлага оногдуулжээ.
Шүүгдэгч М.М “ ... шийтгэх тогтоолын хохирогч У-д төлөх 12.600.000 төгрөг гэсэн хэсгийг хүчингүй болгож өгнө үү ... ” гэсэн, түүний өмгөөлөгч О.С “ ... шүүхээс хохирогч Э.У-н хохирлыг бүрэн хэмжээгээр нь түүнээс гаргуулахаар шийдвэрлэсэн нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан, ... шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү ... ” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг тус тус гаргасан байна.
Давж заалдах шатны шүүх М.М, шүүгдэгчийн өмгөөлөгч О.С нарын гаргасан давж заалдах гомдлыг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан үзэв.
Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаарт нийцүүлэн хуульд зааснаар шүүх хуралдаанд оролцогчдын дүгнэлт, тайлбар, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч М.М, М.О нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д заасан гэмт хэргийн шинжийг хангасан гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.
Шүүгдэгч М.М, М.О нар нь зохиомол байдлыг зориудаар бий болгож 2022 оны 05 дугаар сарын 30-ны өдрөөс 2023 оны 08 дугаар сарын 20-ны өдрийг дуустал хугацаанд нэр бүхий 8 хохирогч нараас 103.400.000 төгрөгийг залилан авахдаа “Э” төрийн өмчит үйлдвэрийн газарт ажилд оруулж өгнө гэж зохиомол байдлыг зориудаар бий болгож, удаа дараагийн үйлдлээр бусдад их хэмжээний хохирол учруулсан үйлдлүүд нь залилах гэмт хэргийг байнга үйлдэж, амьдралын эх үүсвэр болгосон гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн үйл баримт, тэдгээрийн гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.
Харин анхан шатны шүүхийн “... шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хохирол, хор уршиг, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирогч нарт хохирол төлбөр барагдуулсан хувь хэмжээ, гэмт хэрэг үйлдэхэд оролцсон оролцоо, мөнгийг захиран зарцуулсан байдал, мөрдөн шалгах ажиллагааны явцад М.Мын өгсөн мэдүүлэг зэрэгт үндэслэн шүүгдэгч М.Маас 12.500.000 төгрөг гаргуулж хохирогч Э.У-д олгох нь хуульд нийцнэ” гэсэн дүгнэлт нь хэргийн бодит байдалд нийцээгүй байна гэж үзлээ.
Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлаас үзэхэд хохирогч Э.У-н аймгийн газарт гаргасан өргөдөл, М.М, М.О нарын ХААН банкин дахь харилцах дансанд үзлэг хийсэн тэмдэглэлүүд,
хохирогч Э.У-н “... М гэдэг хүнтэй танилцсан ... өөрийгөө “Э” Төрийн өмчит үйлдвэрийн газарт хүний нөөцөөр ажилладаг гэсэн, би нөхрөө ажилд оруулья гэсэн чинь тэгэлгүй яахав, би ажилд оруулж өгч чадна гэсэн ... Мын данс руу мөнгөө шилжүүлсэн ... нөхөр Он данс руу 500.000 төгрөг шилжүүлсэн. Мөнгө өгч байх хугацаанд дугаараас эрэгтэй хүн ярьж “Б үйлдвэрийн О дарга байна, бэлэн байж байгаарай, удахгүй дуудна шүү” гэж ярьдаг байсан ... ” гэсэн мэдүүлэг,
мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн шүүгдэгч М.Мын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч нар нь бүлэглэн хохирогч Э.У-г ... “Э” Төрийн өмчит үйлдвэрийн газарт нөхрийг нь ажилд оруулж өгнө ... гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон залилж, 2022 оны 08 дугаар сарын 05-ны өдрөөс 2023 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн хооронд 3 удаагийн шилжүүлгээр 12.500.000 төгрөгийг авсан үйл баримт тогтоогдож байна.
Мөн давж заалдах шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч М.М нь “ ... Прокуророос анх бид хоёрыг яллахдаа бүлэглэсэн гэж үзсэн. Гэтэл анхан шатны шүүх хурал дээр намайг ганцаараа энэ төлбөрийг төлөх ёстой гэсэн. Э.У-тай уулзах үед бид нар хамт байсан ...” гэсэн тайлбарыг, шүүгдэгч М.О нь “ ... Э.У-тай уулзах үед бид нар хамт байсан ... ” гэсэн тайлбарыг тус тус гаргасан болно.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг хамтран гэмт хэрэг үйлдсэн шүүгдэгч нараар нөхөн төлүүлэх асуудал нь Иргэний хуулийн гэрээний бус үүрэг буюу гэм хор учруулснаас үүсэх үүргийн харилцаагаар зохицуулагдаж, гэм хор учруулахад хэд хэдэн этгээд оролцсон бол тэдгээр нь уг гэм хорыг хамтран хариуцах ёстой.
Гэтэл анхан шатны шүүх шүүгдэгч М.Маас 12.500.000 төгрөг гаргуулж хохирогч Э.У-д олгохоор шийдвэрлэж, харин шүүгдэгч М.Ог “ ... гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн ...” гэж дүгнэж түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг баримтлан эрүүгийн хариуцлага оногдуулсан нь Эрүүгийн хуульд заасан Шударга ёсны зарчимд нийцээгүй байна.
Иймд шүүгдэгч М.М, түүний өмгөөлөгч О.С нарын давж заалдах гомдлын “ ... Э.У-д учирсан хохирлыг гаргуулахаар шийдвэрлэснийг зөвшөөрөхгүй ... ” гэсэн хэсгийг хүлээн авч, шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалд нийцээгүй гэсэн үндэслэлээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Шүүгдэгч М.М нь “цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж өгнө үү” гэсэн хүсэлтийг гаргасан байх боловч
шүүгдэгч нар нь Эрүүгийн хуулийн тусгай ангид хорих ял оногдуулахаар заасан хүнд гэмт хэрэгт холбогдсон бөгөөд тэдгээрийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ зэргийг харгалзан давж заалдах шатны шүүх хэргийг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч М.М, М.О нар урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэсэн болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 521 дүгээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгосугай.
2. Хэргийг анхан шатны шүүхэд хүргүүлэхийг шүүгчийн туслах Ч.Буяндэлгэрт даалгасугай.
3.Хэргийг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч М.М, М.О нар урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
4. Шүүгдэгч М.М, түүний өмгөөлөгч О.Снарын давж заалдах гомдлын “ ... Э.У-д учирсан хохирлыг дангаар хариуцуулсаныг зөвшөөрөхгүй ...” гэсэн хэсгийг хүлээн авч, давж заалдах гомдлын бусад хэсгийг хэлэлцэхгүй орхисугай.
5. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ З.ХОСБАЯР
ШҮҮГЧИД Н.БАЯРХҮҮ
С.УРАНЧИМЭГ