| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баасанжавын Зориг |
| Хэргийн индекс | 2405026930439 |
| Дугаар | 2026/ДШМ/29 |
| Огноо | 2026-01-06 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Н.Цогням |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 01 сарын 06 өдөр
Дугаар 2026/ДШМ/29
2026 01 06 2026/ДШМ/29
Г.Э-д холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж, шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ, ерөнхий шүүгч Б.Зориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Н.Цогням,
нарийн бичгийн дарга О.Алтанзул нарыг оролцуулан,
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ч.Отгонбаяр даргалж хийсэн шүүх хуралдааны 2025 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 2025/ШЦТ/2357 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Г.Э-гийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн түүнд холбогдох эрүүгийн 2405026930439 дугаартай хэргийг 2025 оны 12 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Б.Зоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Т- овгийн Г-ын Э-, ........, ял шийтгэлгүй, /РД: Г-/,
Шүүгдэгч Г.Э- нь 2024 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 14 цаг 20 минутын үед Баянгол дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Билэг их дэлгүүрийн хажуу талын асфалтан замд О.М-тэй өөрийн унаж явсан тээврийн хэрэгсэл рүү саваар цохисон шалтгааны улмаас маргалдаж, улмаар толгой, нүүр, хүзүү, хөл, гар хэсэг рүү нь цохих, өшиглөх зэргээр биед нь халдаж, эрүүл мэндэд нь зулайн ар хуйханд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн хацар, хүзүү, бугалга, шуу, баруун гуянд цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Баянгол дүүргийн прокурорын газраас: Г.Э-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Шүүгдэгч Г.Э-г “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Э-г 800 нэгж буюу 800,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, шүүгдэгч нь хуульд заасан буюу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдэж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Э-ээс хохирогчийн баримттай хохиролд 700.000 төгрөг, сэтгэцэд учирсан хор уршигт 3,300,000 төгрөг, нийт 4,000,000 төгрөг гаргуулж хохирогч О.М-т олгох, хохирогч О.М- нь хохирол хор уршгийн талаарх баримтаа бүрдүүлж жич иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Г.Э- гаргасан давж заалдах гомдолдоо: “... Миний бие уг хэрэгт холбогдож, гэм буруутайд тооцогдож, шүүхээс нөхөн төлбөр гаргуулахаар шийдвэрлэсэн байна. Гэвч би одоогоор Хүрээ дээд сургуулийн 4 дүгээр дамжааны оюутан бөгөөд 3 настай хүүхдээ асарч байгаа тогтмол орлогогүй ээж байна. Иймд би уг нөхөн төлбөрийг төлөх боломжгүй байгаагаа мэдэгдэж байна. Миний бие уг хэргээс үүдэн эд хөрөнгө, санхүү, цаг хугацаа, сэтгэл санаагаар хохирсон бөгөөд хийж байсан ажлаасаа халагдсан болно. Иймд гэр бүл, санхүүгийн байдлаа харгалзан дараах хүсэлтийг гаргаж байна. Үүнд: нөхөн төлбөрийг тодорхой хугацаагаар хойшлуулах, эсхүл миний байдлыг харгалзан үзээд нөхөн төлбөрөөс хөнгөлөх, чөлөөлөх шийдвэр гаргаж өгнө үү. ...” гэжээ.
Прокурор Н.Цогням тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг шинжээчийн дүгнэлтээр тогтоосон. Гэмт хэргийн улмаас хөнгөн хохирол учирсан. Сэтгэцэд 2 дугаар зэрэглэлийн хор уршиг тогтоогдсон. Шүүхээс хамгийн багаар буюу хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин үржүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож, хохирогч О.М-т олгохоор заасан. Хавтаст хэрэгт 2 төрлийн баримт авагдсан. Нэг нь томографынхаа зураг авхуулсны төлбөр, нөгөө нь сэтгэл зүйн зөвлөгөө авсан 400,000 төгрөгийн баримтууд авагдсан. Улмаар шүүгдэгч Г.Э-ээс хохирогчийн баримттай хохиролд 700,000 төгрөг, сэтгэцэд учирсан хор уршигт 3,300,000 төгрөг, нийт 4,000,000 төгрөг гаргуулж хохирогч О.М-т олгохоор шийдвэрлэсэн нь үндэслэлтэй гэж үзэж байна. Иймд шүүгдэгчийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.
Хэргийг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.
Хавтаст хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад;
Шүүгдэгч Г.Э- нь 2024 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 14 цаг 20 минутын үед Баянгол дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Билэг их дэлгүүрийн хажуу талын замд О.М-тэй өөрийн унаж явсан тээврийн хэрэгсэл рүү саваар цохисон гэх шалтгааны улмаас маргалдаж, улмаар толгой, нүүр, хүзүү, хөл, гар хэсэг рүү нь цохих, өшиглөх зэргээр биед нь халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:
хохирогч О.М-ийн “...Би эх хүүхдийн эрүүл төвд төрсөн дүүгээ 13 цагийн үед эргэчхээд бэлэн мөнгө авахаар Билэг их дэлгүүрийн хойно гарцаар гарах гээд явж байтал цагаан өнгийн тоёота аллион маркийн М- УНХ дугаартай тээврийн хэрэгслийн жолооч намайг гарцаар гарах гэж байхад дайрах шахуу өнгөрөхөөр нь “хүүшээ чи хүн дайрлаа шүү дээ” гэж хэлэхэд цонх онгорхой сонсох шиг болсон. Би цаашаа Билэг их дэлгүүрийн хажуугаар утсаараа яриад явж байхад үл таних эмэгтэй гэнэт гарч ирээд намайг үсдэж чирч унагаад нүүр хэсэг рүү цохиод байж болох бүх газар луу цохисон. Би арай гэж зугтаж босож ирээд өөрийгөө хамгаалахаар зугтааж тухайн эмэгтэйн машины хажууд бичлэг хийгээд зогсож байхад нөгөө эмэгтэй дахин үсдэж гуя буюу хөлийн дээд хэсэгт өшиглөөд хэлэх хэлэхгүй үгээр хэлээд “чи намайг мэдэх үү янхан, авгай минь, чамайг хаа яваа газар чинь ална шүү” гэх мэтээр орилоод байсан. Би газар хэвтсэн чигээрээ цагдаа дуудаад утсаараа бичлэг хийгээд байж байхад намайг зодсон гэх эмэгтэй машин дотроо үсээ зулгаагаад шүдээ зуугаад орилоод байсан. Мөн машин дотор сууж явсан нүдний шилтэй эмэгтэй хүн намайг бичлэг хийгээд байж байхад “цаашаа зайлаач гичий, янхан, ална шүү зайлаач” гэж бүлэглэж намайг сэтгэл зүйгээр хохироож хэл амаар доромжлоод байсан. Тэгээд би цагдаа дуудсан байсан болохоор цагдаа нар дуудлагаар ирээд би цагдаагийн машинаар цагдаагийн хэлтэс дээр ирсэн. Намайг мөргөчих шахуу явган хүний гарцаар шүргэчих шахуу өнгөрсөн. Би тэгэхэд утсаар ярьж явсан учраас “хүүшээ намайг мөргөлөө шүү дээ” гэж хэлсэн. Тэгээд цаашаа утсаар ярингаа алхаад явсан. Би машинд нь хүрээгүй. Миний бие сэтгэл зүйн хувьд хүнд хохиролтой байна. Үл таних хүнд удаа дараа цохиулсан. Үүнд: Зүүн гар хавдаж улайсан гараа хөдөлгөж чадахгүй байгаа, баруун гуя руу өшиглүүлсэн хөндүүр орсон, үсдэж доош дараад байсан болохоор толгой доргиж хуйх хөндүүр орсон, гарын зүүн гар талд улайж салбарсан байсан. Тухайн үед зодуулснаас болж сэтгэл зүйн шокийн байдалтай байгаа. Тухайн үед айж сандарсандаа би тухайн өдөр өмдөндөө шээсэн байсан. Одоогоор маш их сэтгэл гутралтай өөртөө итгэлгүй болсон. Одоо ганцаараа айгаад байж чадахгүй байгаа. Би тухайн эмэгтэйн биед хүрээгүй намайг учир зүггүй л зодоод байсан. Би шүүх эмнэлгийн дүгнэлтэй танилцсан. Дүгнэлтэй холбоотой ямар нэгэн санал хүсэлт байхгүй... Эмчилгээний баримтууд байгаа. Өөрийгөө би сэтгэл зүйчид үзүүлэхээр хоёр удаа сэтгэл зүйчид очсон хандахад 1 цагийн 200.000 төгрөг хоёр удаа очиход нийт 400.000 төгрөг болсон. Би гомдолтой байна. Сэтгэл санаа бие мах бодид учирсан хохирлоо гаргуулмаар байна. Би тухайн эмэгтэйд зодуулж байхад миний нүдний шил алга болсон Тайландаас монгол мөнгөөр 126.000 төгрөгөөр бодож авч, байсан...” /хх 51-52/,
шинжээч эмч С.Эрдэнэцэцэгийн “...Тухайн журам батлагдаад цахим сүлжээнд байршуулан хэрэгжиж эхэлсэн нь 2024 оны 06 дугаар сарын 14-ний өдрөөс эхэлж хэрэгжиж эхэлсэн... Ө.М-т үүссэн гэмтлүүд нь хуучин журмаараа гэмтлийн зэрэг тогтоох 2.4.1-д хамаарна, Мөн шинээр батлагдсан журмаараа хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-д зааснаар аль аль нь хамаарч, гэмтлийн хөнгөн зэрэгт гэмтэл хоёулаа хамаарна..” /хх 110-111/,
яллагдагч Г.Э-гийн “...Би уг тогтоолыг өөрийн биеэр уншиж танилцсан. Тогтоолыг хүлээн зөвшөөрч байна... Тухайн үед гаргасан үйлдэл миний буруутай үйлдэл байсан. Тэр зүйлээ ухаарч байна. Яагаад тэр үед ийм зан ааш гаргаснаа ч ойлгохгүй байна. Тэр үед би өөрийн төрсөн ээжээ алдсан байсан сэтгэл зүйн байдал тогтворгүй үе байсан. Нойргүйдэлтэй их олон хоногоор явсан байдалтай байсан...” /хх 87-89/ гэсэн мэдүүлгүүд,
Таньж олуулах ажиллагаа явуулсан “...ижил төстэй 1-4 гэж дугаарлан байрлуулсан зургаас үл таних хүн таны биед халдсан гэх хүн энд байна уу, байвал та заана уу гэж асуухад ... эдгээр хүмүүсийн зургаас 1 дугаартай зурган дээр байгаа эмэгтэй миний биед халдсан эмэгтэй мөн байна. Нүүр ерөнхий төрх болон нүдээр нь би таньж байна...” гэсэн тэмдэглэл /хх 26-32/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 7572 дугаартай “...О.М-ийн биед зулайн ар хуйханд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн хацар, хүзүү, бугалга, шуу, баруун гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүд нь шинэ гэмтэл байна. Хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй" гэсэн /хх 57- 58/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 12 дугаар сарын 13-ны 1309 дугаартай “...О.М-ийн сэтгэцэд 2024 оны 06 дугаар сарын 04-ний өдөр үйлдэгдсэн гэмт хэргийн улмаас гэмтлийн дараах стресст үзүүлэх хариу урвалын шинжүүд илэрч байна. Дээрх шинжүүд нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн хоёрдугаар зэрэглэлд хамаарна..” гэсэн дүгнэлтүүд /хх 72-74/,
Дуудлагын лавлагааны хуудас /хх 2/, хохирлын баримтууд /хх 34-37/ зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.
Прокуророос Г.Э-гийн бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн хэргийн зүйлчлэл зөв байна.
Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдаанд тэгш эрхтэй оролцох эрх бүхий субъектүүдийг оролцуулан, тэдний гаргасан тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудыг харьцуулан судалж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн шүүгдэгч Г.Э-г “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцжээ.
Шүүхээс шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Э-г 800 нэгж буюу 800,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсэн нь түүний гэм бурууд тохирсон төдийгүй, эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцсэн байна.
Шүүгдэгч Г.Э-гээс “...нөхөн төлбөрийг тодорхой хугацаагаар хойшлуулах, эсхүл миний байдлыг харгалзан үзээд нөхөн төлбөрөөс хөнгөлөх, чөлөөлөх шийдвэр гаргаж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж гомдол гаргасныг хүлээж авах хууль зүйн үндэслэлгүй байна.
Учир нь, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн байдлыг харгалзан дараах байдлаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж, эсхүл эрүүгийн хариуцлагаас чөлөөлж болно.” гэж гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх нөхцөл, болзлыг хуульчилсан.
Шүүгдэгч Г.Э-гийн хувьд түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан үзэхэд түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл бүрдээгүй байна гэж үзлээ.
Мөн анхан шатны шүүх шүүгдэгч Г.Э-ээс нийт 4,000,000 төгрөг гаргуулж, хохирогч О.М-т олгохоор шийдвэрлэсэн нь үндэслэлтэй ба уг хохирол төлбөрийг төлөх хугацааг давж заалдах шатны шүүх тогтоож, хойшлуулах хууль зүйн боломжгүй юм.
Нөгөөтээгүүр, шүүгдэгч Г.Э-гийн хууль бус үйлдлийн улмаас хохирогч О.М-ийн сэтгэцэд учирсан хохирлыг шинжээч хоёрдугаар зэрэглэлээр тогтоосон байх бөгөөд анхан шатны шүүх тухайн гэмт хэрэг үйлдэгдэх үеийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 660,000 төгрөгийг хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлалд заасан хамгийн багаар буюу 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тооцож, 3,300,000 төгрөгөөр тогтоосныг буруутгах, мөн нэгэнт хохирогчоос эмчилгээ үйлчилгээ авсан талаарх баримт 700,000 төгрөгийг тус тус гаргуулахаар шийдвэрлэснийг багасгах үндэслэлгүй байна.
Иймд Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 2025/ШЦТ/2357 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Г.Э-гийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 2025/ШЦТ/2357 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Г.Э-гийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Т.ШИНЭБАЯР
ШҮҮГЧ Ц.МӨНХ-ЭРДЭНЭ
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ЗОРИГ