Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 03 сарын 23 өдөр

Дугаар 210/МА2022/00544

 

 

 

 

 

2022 оны 03 сарын 23 өдөр

Дугаар 210/МА2022/00544

 

 

 

"Г.Е" ХХК, Ш.В -нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Н.Батзориг, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 182/ШШ2021/02791 дугаартай шийдвэртэй

Нэхэмжлэгч "Г.Е" ХХК, Ш.В нарын нэхэмжлэлтэй

Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох

М.О трейд ХХК-ийн 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн үнэлгээний тайланг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч "Г.Е" ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч бөгөөд Ш.В-гийн өмгөөлөгч М.Ш , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О-, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч "Г.Е" ХХК, Ш.В нарын нэхэмжлэл, тайлбарын агуулга: Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 316 дугаар шийдвэрээр"Б" ХХК-аас 677,318,637 төгрөгийг гаргуулж Төрийн банк ХХК-д олгож, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар шийдвэрлэсэн.

Шинжээч М.О трейд ХХК-ийн дүгнэлтээр компанийн өмчлөлийн Сонгинохайрхан дүүрэг, 1 дүгээр хороо, Баянголын аманд байрлах 9,992 мк талбай бүхий газар, Ш.В гийн өмчлөлийн Сонгинохайрхан дүүрэг, 1 дүгээр хороо, Овоот тосгон 1 дүгээр хэсэг гудамж, 113/2 тоот байр 421 мк.в талбай бүхий хувийн сууц, мөн гудамж 113/15 тоот 183 мк.в талбай бүхий хувийн сууцууд болон газрыг нийтэд нь 856,200,000 төгрөгөөр үнэлсэн. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 4-122117621 дугаартай албадан дуудлага худалдаанд оруулах тухай мэдэгдлийг Ш.В надад мөн сарын 26-ны өдөр мэдэгдсэн бөгөөд үнэлгээг зөвшөөрөхгүй.

Учир нь үл хөдлөх эд хөрөнгөд үнэлгээ хийлгэхэд миний саналыг тусгаагүй, дуудлага худалдааны доод үнийг зах зээлийн ханшаар тогтоогоогүй, боломжит хугацаанд дуудлага худалдааг зохион байгуулаагүй.

Төлбөр төлөгч"Б" ХХК-ийн итгэмжлэгдсэн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б т 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 4/27949 дугаар зэрэг үнэлгээний мэдэгдлүүдийг танилцуулсан гэх тайлбарыг хариуцагч нь өгсөнийг Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2021 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 746 тоот тогтоолын 2 дугаар хуудсанд тусгагдсан байна. Энэ нь өмчлөгч надад дээрх үнэлгээг мэдэгдээгүйг нотолно.

Мөн төлбөр төлөгч"Б" ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б нь Төрийн банк ХХК-аас авсан зээлээ бидэнд хэвийн төлж байгаа мэт ойлгуулсаар ирсэн. Гэтэл Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газрын 2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 4-122117621 дугаар мэдэгдлийг 4 хоногийн өмнө ирүүлснээр бид хүнд байдалд орсноо мэдсэн. Иймд М.О трейд ХХК-ийн 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн үнэлгээний тайланг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

2.Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарын агуулга: Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 316 дугаар шийдвэрээр"Б" ХХК-аас 677,318,637 төгрөг гаргуулж Төрийн банк ХХК-д олгож, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар шийдвэрлэсэн.

Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2019 оны 05 дугаар сарын 24-ний 19300686 дугаартай тогтоолоор үүсгэсэн бөгөөд төлбөр төлөгч"Б" ХХК-ийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсанГ.Е - ХХК /5713161/-ийн эзэмшлийн газар, Ш.В гийн өмчлөлийн хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгүүдийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49, 54 дүгээр зүйлд заасны дагуу эд хөрөнгийг битүүмжилж, хураах ажиллагааг явуулсан.

Тус газрын 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 4/24894 тоот албан бичгээр төлбөр төлөгч "Б" ХХК, өмчлөгч Г.Е - ХХК, Ш.В нарт Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт зааснаар үнийн санал ирүүлэх мэдэгдлийг хүргүүлсэн, үнийн санал өгөөгүй учир шинжээч томилж, үнэлгээ тогтоолгох ажиллагаа явуулсан.

Шинжээч М.О трейд ХХК нь Г.Е - ХХК-ийн эзэмшлийн Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Баянголын аманд байрлах 9,992 м.кв талбай бүхий газар, Ш.В гийн өмчлөлийн Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Овоот тосгон 1 дүгээр хэсэг гудамж, 113/2 тоот хаягт байршилтай 421 м.кв талбай бүхий хувийн сууц, мөн гудамж 113/15 тоот хаягт байрлах 183 м.кв талбай бүхий хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгүүдийг 856,200,000 төгрөгөөр үнэлснийг 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 4/27497 дугаартай албан бичгээр мэдэгдсэн.

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгүүдийг анхны албадан дуудлага худалдаанд оруулах явцад төлбөр төлөгч"Б" ХХК нь үнэлгээнүүдийн тайланг хүчингүй болгуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасны дагуу Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 02 дугаар сарын 2176 дугаартай захирамжаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн.

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 1087 дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн мөн оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 1393 дугаар магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2021 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 746 дугаар тогтоолоор нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

Тус газраас 2021 оны 10 дугаар сарын 01-ны өдрийн анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоолыг шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд болон барьцаа хөрөнгийн өмчлөгч нарт хүргүүлсэн байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.4 дэх хэсэгт заасны дагуу үнэлгээтэй холбоотой асуудлаар шүүхэд дахин хандах эрхгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3.Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дах хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч "Г.Е" ХХК-ийн эрхийн улсын бүртгэлийн Э-2********0 дугаартай газар эзэмших эрх, нэхэмжлэгч Ш.В гийн эрхийн улсын бүртгэлийн дугаартай Ү-2********8, Ү-2********9 дугаартай үл хөдлөх эд хөрөнгүүдийг 856,200,000 төгрөгөөр үнэлсэн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын хөрөнгийн үнэлгээ тогтоох ажиллагааг хүчингүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгч нарт олгож шийдвэрлэжээ.

4.Хариуцагчийн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга: Тус хэргийг Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 1087 дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 1393 дугаар магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2021 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 746 дугаар тогтоолоор нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

Дээрх хүчин төгөлдөр шийдвэр, магадлал, тогтоол нь барьцаа хөрөнгүүдийн үнэлгээ хуулийн дагуу явагдсаныг дүгнэж шийдвэрлэсэн байтал дахин хэргийг авч хэлэлцэж шүүхийн шийдвэрт дүн шинжилгээ хийж байгаа нь хуульд нийцэхгүй байна.

Тус газраас зохион байгуулсан 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоолыг шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд болон барьцаа хөрөнгийн өмчлөгч нарт хүргүүлсэн, өмнө нь үнэлгээг огт мэдээгүй гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй.

Хөрөнгийн үнэлгээний М.О трейд" ХХК нь 856,200,000 төгрөгөөр үнэлснийг 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 4/27497 дугаартай албан бичгээр мэдэгдсэн. Нэхэмжлэгч шийдвэр гүйцэтгэх ажиллагаатай холбоотой гомдлоо ахлах шийдвэр гүйцэтгэгчид гаргаагүй, шүүхэд хандсан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3, 44.4 дэх хэсэгт заасныг зөрчсөн.

Нэхэмжлэгч Ш.В нь шинжээч М.О трейд ХХК нь 856,200,000 төгрөгөөр үнэлснийг зах зээлийн ханшаас доогуур үнэлсэн талаар нэхэмжлэл гаргасан бөгөөд бусад үнэлгээний байгууллагаар үнэлүүлсэн үнэлгээ, харьцуулсан судалгаа байхгүй, үл хөдлөх эд хөрөнгийг үнэгүйдүүлсэн гэх нотолгоог шүүхэд гаргаж өгөөгүй. Мөн хуулийн 63 дугаар зүйлийн 63.4 дэх хэсэгт заасны дагуу үнэлгээтэй холбоотой шүүхэд дахин хандах эрхгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

5.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбарын агуулга: М.О трейд ХХК-ийн үнэлгээний тайлан гаргаснаас хойш 3 жилийн хугацаа өнгөрсөн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.5 дах хэсэгт заасны дагуу шийдвэр гүйцэтгэгч үнэлгээг тогтоосноос 6 сараас дээш хугацаанд үл хөдлөх эд хөрөнгийн үнэ 30 ба түүнээс дээш хувь өөрчлөгдсөн тохиолдолд дахин үнэлгээ хийнэ гэснийг хангаагүй. Мөн М.О трейд ХХК нь 3 объектыг үнэлэхдээ газар болон байшинг тусад нь үнэлсэн атлаа газрыг тусгайлан үнэлсэн үнэлгээ тайланд тусгагдаагүй.

Энэ нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4, 8 дугаар зүйлд заасныг тус тус зөрчсөн. Үл хөдлөх хөрөнгө нь амралтын газар ба үүнийг амины орон сууцтай жишиж үнэлсэн. Гэтэл амралтын газар нь үйлчилгээний газар учраас амины орон сууцнаас илүү үнэлгээтэй байх боломжтой. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1.Давж заалдах шатны шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын хүрээнд хэргийг хянаад анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулав.

2.Нэхэмжлэгч "Г.Е" ХХК, Ш.В нь хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан М.О трейд ХХК-ийн 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн үнэлгээний тайланг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч байгууллага эс зөвшөөрч, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасны дагуу явагдсан, гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн гэж маргажээ.

3.Анхан шатны шүүх хэргийн нотлох баримтуудыг үндэслэн нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дах хэсэгт заасан нотлох баримт үнэлэх журмыг зөрчөөгүй байна. Иймээс нэхэмжлэгч нар эд хөрөнгийг зах зээлийн ханшнаас доогуур үнэлсэн, үнэгүйдүүлсэн нотолгоог шүүхэд гаргаж өгөөгүй гэх хариуцагч талын давж заалдах гомдлыг хангах боломжгүй гэж үзлээ.

Учир нь Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 182/ШШ2019/00316 дугаар шийдвэр, мөн оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 355 дугаартай гүйцэтгэх баримт бичиг зэргийг үндэслэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэн, барьцааны эд хөрөнгийг битүүмжилж, хураасан, дуудлага худалдаагаар худалдах эд хөрөнгөд шинжээч томилж, үнэлгээ хийлгэх зэрэг ажиллагааг явуулжээ. /1хх-27-40, 53, 54-57, 60, 81-82, 84-85, 88-89, 93-94, 97-98,100-101, 105-106/

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3, 44.4, 55 дугаар зүйлийн 55.7, 63 дугаар зүйлийн 63.4 дэх хэсэгт заасан шийдвэр гүйцэтгэгчийн явуулсан ажиллагаа, шинжээчийн үнэлгээний талаар гомдол гаргах зохицуулалт нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талуудад хамаарна. Хуулийн 122 дугаар зүйлийн 122.3 дах хэсэгт энэ хуулийн 44.3, 63.4-т заасан нь бие даасан шаардлага гаргах эрхтэй гуравдагч этгээд өөрийн эрх хөндөгдсөн асуудлаар гомдлоо шүүхэд гаргахад хамаарахгүй гэж заажээ.

"Г.Е" ХХК, Ш.В нар барьцааны эд хөрөнгийн өмчлөгч, дээрх иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талуудын байр сууринаас оролцоогүй, гуравдагч этгээдийн хувиар гомдол гаргасан болох нь хэрэгт авагдсан шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны баримтууд болон зохигчдын тайлбараар тогтоогдож байна. /1хх-1,2, 23-24, 220-237/ Иймд гомдол гаргах хуулиар тогтоосон хугацаа хэтэрсэн гэх хариуцагчийн давж заалдах гомдол хууль зүйн үндэслэлгүй.

4.Шинжээч Мөнх оргил трейд ХХК нь барьцаа хөрөнгө болох Ш.В гийн өмчлөлд бүртгэгдсэн улсын бүртгэлийн Ү-2********8 дугаартай, Сонгинохайрхан дүүрэг, 1 дүгээр хороо, Овоот тосгон 1 дүгээр хэсэг гудамж, 113/2 тоотод байрлах 421 мк талбайтай хувийн сууцыг 596,767,500 төгрөгөөр, улсын бүртгэлийн Ү-2********9 дугаартай 1 дүгээр хэсэг гудамж, 113/15 тоотод байрлах 183 м.кв талбайтай хувийн орон сууцыг 259,402,500 төгрөгөөр, нийт 856,170,000 төгрөгөөр, "Г.Е" ХХК-ийн өмчлөлийн улсын бүртгэлийн Э-2********0 дугаартай, Сонгинохайрхан дүүрэг, 1 дүгээр хороо, Баянголын аманд байрлах 9,992 мк.в талбай бүхий газрыг зах зээлийн хандлагын аргаар тооцон 192,845,800 төгрөгөөр тус тус үнэлжээ. /хх-109-140/

Дээрх гурван үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг нэгтгээд зах зээлийн үнэлгээг 856,170,000 төгрөгөөр тогтоосон нь ойлгомжгүй, өөрөөр хэлбэл газрын үнэлгээ ямар үндэслэлээр нийт дүнд тооцогдоогүй нь тодорхой бус байна. Энэ талаар анхан шатны шүүх зөв дүгнэлт хийж, шинжээчийн 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн үнэлгээний тайланг хүчингүй болгож шийдвэрлэхдээ хэргийн нотлох баримтыг тухайн хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлсэн байна.

5.Харин анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад баримталсан хуулийн заалт нь оновчгүй байгааг өөрчлөн найруулах замаар залруулах боломжтой гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 182/ШШ2021/02791 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.3, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан шинжээч М.О трейд ХХК-ийн 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Баянголын аманд байрлах 9,992 м.кв талбай бүхий газар, Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Овоот тосгон 1 дүгээр хэсэг гудамж, 113/2 тоот хаягт байрлах 421 м.кв талбай бүхий хувийн сууц, Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Овоот тосгон 1 дүгээр хэсэг гудамж, 113/15 тоот хаягт байрлах 183 м.кв талбай бүхий хувийн сууцыг үнэлсэн үнэлгээний тайланг хүчингүй болгосугай гэж өөрчлөн найруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсэгт тус тус заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.МӨНХЗУЛ

ШҮҮГЧИД Н.БАТЗОРИГ

Ч.ЦЭНД