Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2026 оны 03 сарын 03 өдөр

Дугаар 318/ШШ2026/00213

 

 

 

 

 

2026 оны 03 сарын 03 өдөр

Дугаар 318/ШШ2026/00213

Увс аймаг

 

             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Я.Урнаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Э.И ХХК-ийн,

Хариуцагч: Ө.с.х.ц-т холбогдох,

Худалдах-худалдан авах гэрээний гүйцэтгээгүй үүрэгт нийт 15,259,303 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, хариуцагч Увс аймгийн Ө.с.х.цийн эрхлэгч Г.Э, хариуцагчийн өмгөөлөгч Ө.Нарантуяа шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Цогзолмаа нар оролцов.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б гэрч О.Э-ээс гэрчийн мэдүүлэг авахуулах тухай хүсэлтээсээ татгалзсан болно.  

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.

2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна.

Нэхэмжлэгч Э.И ХХК нь хариуцагч Увс аймгийн Ө.с.х.цтэй "Дулааны эрчим хүчээр хангах, хэрэглэх тухай гэрээ №5"-г 2023 оны 1 дүгээр сарын 26-ны өдөр байгуулж, уг гэрээний 4.1 дэх хэсэгт “хангагч хэрэглэгчийн хоорондын дулааны төлбөр тооцоог аймгийн Эрчим хүчний зохицуулах зөвлөлөөс баталсан үнэ тарифыг мөрдлөг болгоно. Гэрээ хийх үед 1 м.кв дулааны үнэ 1,496 төгрөг, энэ үнэд НӨАТ орсон дүн болно” гэж заасан.

Увс аймгийн Эрчим хүчний зохицуулах зөвлөл /УАЭХЗЗ/-ийн 2023.05.24-ний өдрийн №07 тогтоолоор Өндөрхангай сумын хэрэглэгчдэд борлуулах дулааны тарифыг шинэчлэн баталж, 2018.07.31-ний өдрийн №16 тогтоолыг хүчингүй болсныг мэдэгдэж, 2023.09.15-ны өдрөөс эхлэн дээрх тогтоолоор шинэчлэн батлагдсан үнэ, тариф (1м.куб нь НӨАТ-тай 2334.20 төгрөг)-ыг мөрдөж ажиллахыг манай компанид үүрэг болгон даалгасан. Тус тогтоол нь Хууль зүйн яамны эрх зүйн мэдээллийн нэгдсэн бүртгэлд 2023 оны 7 дугаар сарын 05-ны өдөр хэм хэмжээний актын бүртгэлийн 6280-т бүртгэгдэж, Захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэлийн 2023 оны 7 дугаар сарын 17-ны 20 дугаарт нийтлэгдсэн болно.

Хариуцагч нь ийнхүү 2023 оны 9 дүгээр сарын 15-ны өдрөөс дулааны эрчим хүч хэрэглэсний төлбөрийг шинэчлэгдсэн тарифаар төлөх үүрэгтэй байсан боловч 2023 оны 9 дүгээр сарын 15-ны өдрөөс 2023 оны 12 дугаар сарыг дуустал хугацаанд өмнөх тарифаар буюу 1 м.кв нь НӨАТ-тай 1,496 төгрөгөөр төлсөн, төлбөл зохих төлбөрөөс үлдэх 10,172,868.78 төгрөгийг төлөөгүй байна. Эрчим хүчний тухай хуулийн 31.3 дахь хэсэгт “Эрчим хүчээр хангагч нь гэрээнд заасан хугацаанд эрчим хүчний төлбөрөө төлөөгүй буюу зохих ёсоор төлөөгүй хэрэглэгчид хугацаа хожимдуулсан хоног тутамд төлөгдөөгүй төлбөрийн үнийн дүнгийн 0.5 хүртэл хувьтай тэнцэх алданги ногдуулна” гэж заасан, талуудын хооронд байгуулагдсан гэрээний 4.5 дахь хэсэгт заасан алданги тооцох нөхцөл бүрдсэн байх тул алданги шаардах үндэслэлтэй байна. Иргэний хуулийн 232.4-т заасныг баримтлан хэрэглэгчээс хугацаа хоцорсны алдангид гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувь болох нийт 5,086,434.39  төгрөгийн алданги, нийт 15,259,303.17 төгрөг нэхэмжилж байна гэжээ.

3. Хариуцагч Увс аймгийн Ө.с.х.цийн эрхлэгч Г.Э нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр татгалзаж байна.

Харуицагч Увс аймгийн Ө.с.х.ц нь нэхэмжлэгч Э.И ХХК-тай 2023 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр Дулааны эрчим хүчээр хангах, хэрэглэх тухай 5 дугаартай гэрээ байгуулсан. Увс аймгийн Эрчим хүчний зохицуулах зөвлөлөөс 2023 оны 05 дугаар сарын 24- ний өдрийн 07 тоот тогтоолоор үнэ тариф шинэчлэн баталж, 2023 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр мөрдөхөөр заасан байдаг. Дээрх тогтоол нь Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2.5-д төсвийн жилийн дундуур орлого бууруулах, зарлага нэмэгдүүлэх үр дагавартай бодлогын аливаа шийдвэр гаргасан бол дараагийн төсвийн жилээс хэрэгжүүлдэг байх гэсэн заалтыг хангахгүй байна. Иймээс манай байгууллага энэхүү хуулийн заалтыг мөрдөж, 2023 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 05 тоот гэрээний үүргээ биелүүлж сар бүр хуваарийн дагуу төлбөрөө тогтмол төлсөн болно.

Мөн манай байгууллага дулааны эрчим хүчний тариф шинэчлэгдсэн талаар мэдээгүй, нэхэмжлэгч Э.И ХХК нь дулааны эрчим хүчний тариф шинэчлэгдсэн талаар болон өр төлбөр байгаа талаар огт мэдэгдээгүй. Хэрэв нэхэмжлэгч талаас цаг тухайд нь шинэчлэгдсэн тарифийн талаар мэдэгдэж, шинэ тарифаар төлбөрийн нэхэмжлэх үүсгэсэн бол бид тухайн үед нь төлөх боломжтой байсан. Эсвэл байгууллагын нэр дээр өр үүсгээд ч гэсэн төлөх байсан.

Түүнчлэн, манай сумын Засаг даргын тамгын газрын Санхүү албаны дарга Ч.С нь Өндөрхангай сумын төсвийн байгууллагуудыг төлөөлж нэхэмжлэгч Э.И ХХК-тай 2023 онд дулааны эрчим хүчний төлбөрийн талаар тооцоо нийлж, өр төлбөргүй талаар баримт үйлдсэн байна. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичмэл нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.

Нэхэмжлэгч Э.И ХХК нь хариуцагч Увс аймгийн Ө.с.х.цтэй 2023 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр 5 дугаартай “дулааны эрчим хүчээр хангах, хэрэглэх тухай гэрээ” байгуулж, нэхэмжлэгч нь хариуцагч байгууллагын3467.59 м.куб талбай бүхий ажлын байрыг 1 м.куб тутамд 1,496 /НӨАТ-тай/ төгрөгийн үнэ бүхий дулааны эрчим хүчээр хангах, хариуцагч нь гэрээнд заасны дагуу үнийг төлөх, гэрээнд заасан хугацаанд үнийг төлөөгүй буюу зохих ёсоор төлөөгүй бол хугацаа хожимдуулсан хоног тутамд 0,5 хүртэл хувийн алданги оногдуулахаар тохиролцжээ.

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт “Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан.

Иймд талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан гэж дүгнэх үндэслэлтэй байна.

5. Нэхэмжлэгч талаас хариуцагч байгууллагыг дулааны эрчим хүч хэрэглэсний төлбөрийг шинэчилсэн тарифаар төлөх үүргээ биелүүлээгүй гэж маргаж байгаа бол хариуцагч талаас нэхэмжлэгчийн шаардсан хэмжээнд дулааны эрчим хүч хэрэглэсний төлбөрийг бүрэн төлж барагдуулсан гэж маргаж байна.

Эрчим хүчний тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.3.3 дахь заалтад зааснаар аймаг, нийслэлийн зохицуулах зөвлөл нь зохицуулах зөвлөлийн баталсан аргачлал, журмын дагуу харьяалах тусгай зөвшөөрөл эзэмшигчийн тариф, хэрэглэгчийн үнийг батлах, шалгах, нийтлэх эрхтэй бөгөөд Увс аймгийн Эрчим хүчний зохицуулах зөвлөлийн 2023 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 07 дугаартай тогтоолоор Э.И ХХК-ийн Өндөрхангай сумын хэрэглэгчдэд борлуулах дулааны тарифийг шинэчлэн баталж, энэхүү тогтоолыг 2023 оны 9 дүгээр сарын 15-ны өдрөөс мөрдөж ажиллахыг Э.И ХХК даалгажээ.

Увс аймгийн Эрчим хүчний зохицуулах зөвлөлийн 2023 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 07 дугаартай тогтоол нь 2023 оны 7 дугаар сарын 05-ны өдөр захиргааны хэм хэмжээний актын бүртгэлийн 6280 дугаарт бүртгэгдэж, Захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэлийн 2023 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 20 дугаарт нийтлэгдэж, хуулийн хүчин төгөлдөр болсон байна.

Хэрэгт авагдсан төлбөрийн хүсэлтээс үзвэл, нэхэмжлэгч талаас 2023 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр хариуцагч Увс аймгийн Ө.с.х.цт 2,593,700 төгрөгийн үнийн дүн бүхий нэхэмжлэхийг цахимаар үүсгэж хүргүүлсэн, хариуцагч байгууллага уг нэхэмжлэхийн дагуу 2023 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр 2,593,700 төгрөг төлжээ.

Улмаар нэхэмжлэгч талаас 2023 оны 10 дугаар сарын 24-ний өдөр 5,187,470 төгрөгийн үнийн дүн бүхий нэхэмжлэх, 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 5,187,470 төгрөгийн үнэ бүхий нэхэмжлэх, 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдөр 5,187,470 төгрөгийн үнэ бүхий нэхэмжлэхийг тус тус хариуцагч байгууллагад цахимаар үүсгэн хүргүүлсэн, хариуцагч нь нэхэмжлэгчийн цахим нэхэмжлэхэд заасан үнийн дүнгээр төлбөрийг бүрэн төлж барагдуулсан болох нь хэрэгт авагдсан төлбөрийн хүсэлтүүдээр тус тус тогтоогдож байна.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч Э.И ХХК нь талуудын хооронд 2023 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр байгуулагдсан 5 дугаартай гэрээ, Увс аймгийн Эрчим хүчний зохицуулах зөвлөлийн 2023 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 07 дугаартай тогтоол, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэг, Эрчим хүчний тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.5 дахь хэсэг, 30 дугаар зүйлийн 30.1.2 дахь заалтад зааснаар хариуцагч байгууллагад дулааны эрчим хүч нийлүүлсний төлбөрийг 2023 оны 9 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн шинэчилсэн тарифаар буюу 1 м.кубын үнэ 2,122 төгрөгөөр шаардах эрхтэй боловч 2023 оны 9 дүгээр сарын 15-ны өдрөөс 2023 оны 12 дугаар сарыг дуустал хугацаанд дулааны эрчим хүч хэрэглэсний төлбөрийг Увс аймгийн Эрчим хүчний зохицуулах зөвлөлийн "Тариф батлах тухай" 2018 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 16 дугаар тогтоолоор баталсан тарифийн дагуу буюу 1 м.кубын үнийг 1,496 төгрөгөөр тооцож цахим нэхэмжлэх хүргүүлсэн, хариуцагч тухайн нэхэмжлэхийн дагуу төлбөрийг бүрэн төлсөн байна.

Нэхэмжлэгч талаас дулааны тариф шинэчлэгдсэн талаар Э.И ХХК нь хариуцагч хуулийн этгээдэд мэдэгдэх үүрэг хүлээхгүй, хуулийн хүчин төгөлдөр захиргааны хэм хэмжээний актыг төсвийн байгууллага дагаж мөрдөх үүрэгтэй гэж маргаж байгаа боловч нэхэмжлэгч тал худалдах-худалдан авах гэрээний гол нөхцөл болох үнийн талаар хариуцагч талд мэдэгдэх, гэрээг шинэчлэн байгуулах үүрэгтэй.

 Түүнчлэн нэхэмжлэгч хуулийн этгээдийн нягтлан бодогч нь хариуцагч байгууллагын нягтлан бодогчтой удаа дараа утсаар ярьж, тариф шинэчлэгдсэн талаар мэдэгдэж, шаардаж байсан, хариуцагч талаас тухайн төсвийн жилд өртэй гарах боломжгүй, төрийн сангаас чиглэл ирээгүй байна, дараагийн төсвийн жилд тохиролцоод төлнө гэсэн учраас талууд үүргийг хэсэгчлэн гүйцэтгэж, төлбөр төлөх хугацааг хойшлуулсан гэж маргаж байгаа боловч дээрх тайлбар нь баримтаар нотлогдоогүй бөгөөд гэрч Н.Э-ын мэдүүлгээр үгүйсгэгдэж байна.

Ийнхүү нэхэмжлэгч хуулийн этгээд нь тариф шинэчлэгдсэнтэй холбоотойгоор дулааны эрчим хүчээр хангах тухай гэрээг хариуцагч хуулийн этгээдтэй шинэчлэн байгуулаагүй, тариф шинэчлэгдсэнтэй холбоотой төлбөрийн зөрүү үүссэн, төлбөрийн үлдэгдэл байгаа талаар хариуцагч хуулийн этгээдэд мэдэгдсэн гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй.

Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.2 дахь заалтад үүрэг гүйцэтгүүлэгч нь гүйцэтгэвэл зохих үүргийн гүйцэтгэлийн оронд өөр үүргийн гүйцэтгэлийг хүлээн авсан бол талуудын хооронд үүрэг дуусгавар болно гэж заасан.

Иймд Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.2 дахь заалтад зааснаар нэхэмжлэгч нь хариуцагч Увс аймгийн Ө.с.х.цийн гүйцэтгэвэл зохих үүргийн гүйцэтгэлийн оронд өөр үүргийн гүйцэтгэлийг хүлээн авах замаар талуудын хооронд үүссэн үүрэг дуусгавар болсон гэж дүгнэх үндэслэлтэй байна.

Мөн нэхэмжлэгч хуулийн этгээд нь Иргэний хуулийн 213 дугаар зүйлийн 213.2 дахь хэсэгт зааснаар гэрээнд зааснаас өөр гүйцэтгэлийг хүлээн авахаас татгалзах эрхээ хэрэгжүүлсэн гэж үзэх үндэслэл хэрэгт авагдсан баримтын хүрээнд тогтоогдсонгүй.

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгч Э.И ХХК-ийн, хариуцагч Увс аймгийн Ө.с.х.цт холбогдох, худалдах-худалдан авах гэрээний гүйцэтгээгүй үүрэгт 15,259,303.17 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгов.

6. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 234,247 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3 дахь заалт, 759.2 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэг, 236 дугаар зүйлийн 236.1.2 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгч Э.И ХХК-ийн, хариуцагч Увс аймгийн Ө.с.х.цт холбогдох, худалдах-худалдан авах гэрээний гүйцэтгээгүй үүрэгт 15,259,303.17 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56., 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 234,247 /хоёр зуун гучин дөрвөн мянга, хоёр зуун дөчин долоо/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511.1 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 7 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Я.УРНАА