Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 08 сарын 17 өдөр

Дугаар 616

 

 

 

 

 

 

 

 

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж,

нарийн бичгийн дарга: В.Бадмаагарав;

улсын яллагч: Э.Халиун;

шүүгдэгч:  Э.Б (өөрийгөө өмгөөлж) нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн  Жалайр овогт Э.Бад холбогдох эрүүгийн 1809031500704 дугаартай хэргийг 2018 оны 08 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, 2018 оны 08 дугаар сарын 17-ны өдөр хянан хэлэлцэв.

           

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

Монгол Улсын иргэн, 1986 оны 08 дугаар сарын 21-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 32 настай, эрэгтэй, дээд боловсролтой, инженер мэргэжилтэй, “Монхими” ХХК-ийн савангийн үйлдвэрт чанагч ажилтай, ам бүл 5, эмэг эх, эх, эгч, дүүгийн хамт Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо, “Голомт” хотхоны 145 тоотод оршин суух, урьд Баянзүрх дүүргийн шүүхийн 2002 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 442 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 2-т зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, уг  таслан шийдвэрлэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан, ЦЖ86082179 регистерийн дугаартай, Жалайр овогт Э.Б.

 

            Прокуророос үйлдэж ирүүлсэн яллах дүгнэлтээр:

Яллагдагч Э.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 07 дугаар сарын 07-ны өдөр Сүхбаатар дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 5 дугаар байрны гадна хохирогч Б.Пүрэвсүрэнг “рашаан өгсөнгүй” гэх шалтгааны улмаас зодож улмаар түүний биед хамрын нуруунд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Бмэдүүлэхдээ: Гэм буруу дээрээ маргаангүй тул нэмж мэдүүлэг өгөхгүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Гэм буруугаа хүлээж байна гэв.

 

   Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд хохирогч Б.Пүрэвсүрэнгийн  /хх-ийн  5-6/, гэрч Б.Батбуян  /хх-ийн 13/ нарын мэдүүлэг, Э.Б-ын гэрчээр болон яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ий 12, 16-17/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 8525 тоот дүгнэлт /хх-ийн 9/, Э.Б-ын хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 20-43/, хохирогч Б.Пүрэвсүрэнгийн хүсэлт /хх-ийн 47/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Э.Бнь 2018 оны 07 дугаар сарын 07-ны өдөр Сүхбаатар дүүргийн 5 дугаар хорооны нутагт байрлах 5 дугаар байрны гадна Б.Пүрэвсүрэнг “рашаан өгсөнгүй, ахын гар утсыг хулгайлсан” хэмээн хэрүүл маргаан үүсгэн зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь:

 

хохирогч Б.Пүрэвсүрэнгийн /хх-ийн 5-6/: “... 2018 оны 07 дугаар сарын 07-ны өдөр гадаа сааданд хамт хөзөр тоглодог хөгшчүүдээ хүлээгээд сууж байсан. Хажууд Б-аа, Билгээ гэх танил залуус архи ууж байсан. Тэгтэл миний савтай рашаанаас Б-аа “надад өг” гэсэн. Би “рашааныг амаар нь уулгахгүй, саванд хийгээд уу” гэсэн. Гэтэл Барсаа “чи рашаан хармаллаа, чи манай ахын гар утсыг хулгайлсан байна” гэж надтай хэрүүл өдөж миний нүүр рүү 3 удаа цохисон…” гэх мэдүүлгээр,

 

гэрч Б.Батбуянгийн  /хх-ийн 13/: “... 2018 оны 07 дугаар сарын 07-ны өдөр 16-17 цагийн үед Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо, 5 дугаар байрны гадна саадан дотор Б-аа болон хэдэн хүмүүстэй архи уугаад сууж байхад Пүрэвсүрэн гэх хөгшин манай ажлын хажуугаар ороод ирсэн. Б-аа Пүрэвсүрэн хоёр урд өмнө нь болсон асуудлаас болоод хоорондоо маргалдаж Барсаа нь Пүрэвсүрэн хөгшнийг хулгайчаар нь дуудаад байсан. Б-аа Пүрэвсүрэнгийн нүүр рүү нь 2-3 удаа гараараа цохиход Пүрэвсүрэн газарт унасан. Тэр хавьд байсан хүмүүс “хөгшин хүнийг яах гэсэн юм” гэж хэлээд салгасан...” гэх мэдүүлгээр,

 

Э.Б-ын гэрчээр болон яллагдагчаар мэдүүлсэн /хх-ий  12, 16-17/: “... 2018 оны 07 дугаар сарын 07-ны өдөр Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо, 5 дугаар байрны урд хэсэгт байрлах саадан дотор 5 дугаар хороололд байдаг хэдэн ах нартай архи уугаад сууж байхад Пүрэвсүрэн ах ирсэн. Пүрэвсүрэн ахыг ирэхэд нь би “та наад уснаасаа

 

 өгөөч” гэж хэлээд уснаас нь уусан. Пүрэвсүрэн урд өмнө нь миний таньдаг хүний гар утсыг хулгай хийсэн гэж сонсож байсан учраас Пүрэвсүрэнг хулгайчаар нь дуудсан. Би Пүрэвсүрэнг “чи хоёр хүүхэддээ хулгай зааж өгдөг биз дээ” гэж хэлсэн. Пүрэвсүрэнтэй маргалдаж байгаад Пүрэвсүрэнгийн нүүрэнд нь баруун, зүүн гараараа нэг, нэг удаа цохисон. Тэгээд харахад Пүрэвсүрэн ахын уруулнаас нь цус гарчихсан харагдаж байсан. Би орой нь Пүрэвсүрэнгээс уучлалт гуйсан боловч намайг цагдаа дуудаад өгсөн ...” гэх мэдүүлгээр,

 

 Э.Б-ын буруутай үйлдлийн улмаас Б.Пүрэвсүрэнгийн биед “хамрын нуруунд зөөлөн эдийн няцрал” бүхий мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасан хөнгөн зэргийн гэмтэл учирсан болохыг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 8525 дугаартай дүгнэлт /хх-ийн 9/ зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Дээрх нотлох баримтууд “хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, шүүгдэгч, хохирогч нар ямар шалтгаанаас болж маргалдсаныг гэрч, шүүгдэгч нар мэдүүлсэн, шүүгдэгч нь хохирогчийг зодсоныг өөрөө болон хохирогч хэн аль нь гэрчилж мэдүүлсэн, хохирогч зодуулсны улмаас гэмтсэн, шүүх эмнэлгийн дүгнэлтээр хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол (гэмтэл) учирсан болохыг тогтоосон” зэрэг үйл баримтуудыг агуулж байх тул энэ хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж шүүх үзсэн болно.

 

Шүүхийн тогтоолын тодорхойлох хэсэгт дурдагдсан байдлаар хүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан Э.Бын санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Ийнхүү шүүгдэгч Э.Бын “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруу шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдсон гэж дүгнэж түүнд Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх үндэстэй.

 

Шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн төлбөрийн асуудлыг дараах байдлаар шийдвэрлэв.

 

Хохирогч Б.Пүрэвсүрэн “нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй” гэсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан бөгөөд Э.Б-ыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзсэн тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор прокурорын саналыг харгалзан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу (1 нэгж=1000 төгрөг) 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэхээр шийдвэрлэв.

 

Хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болно. 

           

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 5, 8, 9 дэх хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Жалайр овогт Э.Б-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Быг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

4. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

5. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Б-ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.      

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Б.МӨНХ-ЭРДЭНЭ