Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 08 сарын 21 өдөр

Дугаар 625

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж,

нарийн бичгийн дарга: В.Бадмаагарав;

улсын яллагч: Х.Еркебулан;

шүүгдэгч: Л.Э, түүний өмгөөлөгч Д.Сувд-Эрдэнэ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Л.Эт холбогдох эрүүгийн 1809012190418 дугаартай хэргийг 2018 оны 07 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

Монгол Улсын иргэн, 1982 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 35 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 2, эхийн хамт Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Зүүн Сэлбэ 10 дугаар гудамж, 20 тоотод оршин суух, урьд Сүхбаатар дүүргийн шүүхийн 2007 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 322 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 4 сар баривчлах ялаар шийтгүүлсэн, Сүхбаатар дүүргийн шүүхийн 2009 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 202 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн, Сүхбаатар дүүргийн шүүхийн 2013 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 396 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 1386 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 2017/ХМШЗ/27 дугаартай Ерөнхий шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 3 сар 15 хоногийн хорих ял эдлэхээс хугацааны өмнө тэнсэн суллагдаж, мөн хугацаагаар хянан харгалзсан, ХЙ82122011 регистерийн дугаартай, Ширээт овогт Л.Э.

 

Прокуророос үйлдэж ирүүлсэн яллах дүгнэлтээр:

Яллагдагч Л.Э нь 2018 оны 03 дугаар сарын 15-ны өдөр Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо Зүүн сэлбийн 4 дүгээр гудамжны 18/Б тоотод байрлах хохирогч О.Тамирын өмчлөлийн хүн байнга амьдрах зориулалттай орон байранд хууль бусаар нэвтэрч цахилгаан хөрөө 1 ширхэг, гар цахилгаан дрилл 2 ширхэг, багаж, түлхүүр зэрэг эд зүйлийг хулгайлж, улмаар түүнд 371.000 төгрөгийн,

Улмаар 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдөр Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороо, Хангайн 5 дугаар гудамжны 166 тоотод байрлах байшин, гэрт үргэлжилсэн үйлдлээр нэвтрэн эд зүйл хулгайлан авч, улмаар хохирогч О.Ринад 423.000 төгрөгийн, хохирогч Н.Уранчимэгт 36.000 төгрөгийн,

2018 оны 05 дугаар сарын 28-ны өдөр Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороны нутаг дэвсгэрт байрлах 80 айлын нийтийн байрны 19-04 тоотод нэвтрэн эд зүйл хулгайлж, улмаар хохирогч Б.Баасандоржд 73.520 төгрөгийн хохирол тус тус учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжпэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Л.Э мэдүүлэхдээ: Үйлдсэн хэрэгтээ маш их гэмшиж байна, яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байгаа тул нэмж мэдүүлэг өгөхгүй гэв.

 

           Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд  хохирогч О.Тамирын мэдүүлэг /хх-ийн 20-23/, Л.Э-ын гэрчээр мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 24/, гэрч Н.Цолгарьдийн мэдүүлэг /хх-ийн 25-26/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 8-10, 11-14/, “Дамно” ХХК-ийн үнэлгээний тайлан /хх-ийн 29-30/,эд зүйл хураан авч үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 16-17/, эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 19/, хохирогч О.Рина /хх-ийн 81-83/, Н.Уранчимэг /хх-ийн 86/ нарын мэдүүлэг, Л.Эын яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 102-104/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 71-72, 73-76/, “Дамно” ХХК-ийн үнэлгээний тайлан /хх-ийн 91-92, 97-98/, эд зүйл хураан авч үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 78-79/, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 80/, хохирогч Б.Баасандоржийн мэдүүлэг /хх-ийн 135-139/, Л.Эын гэрчээр мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 140-141/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 115-116, 117-120/, “Дамно” ХХК-ийн үнэлгээний тайлан /хх-ийн 149-150/, эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 123/, яллагдагч Л.Эын мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай
тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 125, 126-132/, Л.Эын хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 169-171, 173-186/  зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх хуралдаанаар дараах нөхцөл байдал тогтоогдов.

 

            Л.Э нь 3 удаагийн үйлдлээр айлын гэрт нууцаар нэвтэрч буюу 2018 оны 03 дугаар сарын 12-ны өдөр Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо Зүүн Сэлбийн 4 дүгээр гудамжны 18/Б тоотод байрлах О.Тамирын гэрээс цахилгаан хөрөө 1 ширхэг, гар цахилгаан дрилл 2 ширхэг, багаж, түлхүүр зэрэг 371.000 төгрөгийн үнэ бүхий эд зүйлийг,

            2018 оны 05 дугаар сарын 07-ны өдөр Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороо, Хангайн 5 дугаар гудамжны 166 тоотод байрлах байшин, гэрт нэвтрэн О.Ринагийн 423.000 төгрөгийн, Н.Уранчимэгийн 36.000 төгрөгийн үнэ бүхий эд зүйлийг,

            2018 оны 05 дугаар сарын 28-ны өдөр Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороны нутаг дэвсгэрт байрлах 80 айлын нийтийн байрны 19-04 тоотоос Б.Баасандоржийн 73.520 төгрөгийн үнэ бүхий эд зүйлийг тус тус хууль бусаар авч явсан байна.

 

Энэ үйл баримт нь шүүхийн хэлэлцүүлэг, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдоно. Үүнд:

 

           хохирогч О.Тамирын /хх-ийн 20-23/:”...Орой 16 цаг 30 минутын орчимд гэртээ иртэл миний хашааны хаалгыг онгойлгоод буцаагаад хаачихсан байдалтай байсан. Тэгсэн мөртлөө гэрийн гадна талын байшингийн хаалга цоожтой, онгойлгоод ортол гэрийн үүдний амбаарын цоож байхгүй, даруулга төмрийг нь аваад газарт хаячихсан байсан. Ингээд амбаарт ороод хартал шалан дээр тавьчихсан байсан цахилгаан хөрөө 1 ширхэг, цахилгаан дрилл 1 ширхэг, жижиг гар дрилл 1 ширхэг, жижиг багажны хуванцар сав 1 ширхэг, доор нь машины түлхүүрүүд гээд жижиг багажууд байсан алдагдсан байсан. Өөр амбаараас алдсан эд зүйл одоогоор алга байна...” гэх мэдүүлгээр,

 

            Л.Э-ын гэрчээр мэдүүлсэн /хх-ийн 24/: “...Би 2018 оны 03 дугаар сарын 12-ны өглөө 9 цагийн үед гэрээсээ гараад 100 айлын автобусны буудал дээр 3 хүнтэй таараад 2 шил архи хувааж уусан юм. Тэгээд буцаад 100 айл руу алхаж байгаад нэг айлын хашаа руу даваад орсон юм. Давж ороод нэг байшин руу ороход дотор нь Монгол гэр бариатай байхаар нь гэрийн үүдний амбаарын цоожийг эвдээд дотогш ороход амбаар дотор нь цахилгаан багажууд байхаар нь градустай хөрөө 1 ширхэг, дрилл 1 ширхэг, зайтай дрилл 1 ширхэг, жижиг багажуудын хамт аваад шуудайнд хийгээд үүрээд гарсан. Тэгээд 100 айл руу явж байгаад замдаа багажнаасаа градустай хөрөөг нь аваад бусад багажаа нэг байрны балконы доор тавьж үлдээгээд 100 айл руу очсон юм. 100 айл очоод махлагдуу шар залууд дээрх багажийг “миний багаж” гэж хэлээд 40.000 төгрөгөөр өгсөн юм. Үлдсэн багажаа нийтэд нь 30.000 төгрөгөөр өгсөн юм...” гэх мэдүүлгээр,

 

            гэрч Н.Цолгарьдийн /хх-ийн 25-26/:”...2018 оны 03 дугаар сарын 13-ны өдөр 100 айлын “Жоби” төвийн урд талд зогсож байхад 30 гаран насны эрэгтэй хүн ирээд надад “таслагч авах уу?” гэж хэлсэн юм. Би “үзье, хэдэд өгөх юм бэ?” гэж асуухад “40.000 төгрөгт аваач” гэхээр нь үзээд аваад байж байтал нөгөө залуу “ойрхон 29 дүгээр сургуулийн хажууд 2 дрилл байгаа авах юм уу?” гэж асуухаар нь “аваад ир үзье” гэхэд “жоохон дөхүүлээд өгчих. Хоёулаа очоод авъя” гэж хэлэхээр нь цуг яваад 29 дүгээр сургуулийн хажууд очоод зогсоход нөгөө залуу бууж очоод байрны булангаас шуудайтай дрилл бариад ирсэн юм. Үзэхэд “Кен” маркийн 2 ширхэг дрилл, 1 ширхэг шрупп мастер байсан. Тэгээд би 30.000 төгрөг өгөөд нийт 70.000 төгрөг өгөөд явуулсан юм...” гэх мэдүүлгээр,

 

            хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтээр /хх-ийн 8-
10, 11-14/,

 

              хулгайлагдсан эд зүйлийг 371.000 төгрөгөөр үнэлсэн Хөрөнгийн үнэлгээний “Дамно” ХХК-ийн үнэлгээний тайлангаар /хх-ийн 29-30/,

 

            эд зүйл хураан авч үзлэг хийсэн тэмдэглэлээр  /хх-ийн 16-17/,

 

            хохирогч О.Тамирт “Кен” маркийн гар хөрөө 1 ширхэгийг хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэлээр /хх-ийн 19/,

 

            хохирогч О.Ринагийн /хх-ийн 81-83/: ”...Манай Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороо, Хангайн 5-166 тоотод байрлах байшингаас таслагч хөрөө 1 ширхэг, гар хөрөө 1 ширхэг, 50 метр цахилгаан зэс голтой утас, жижиг тогоо тус тус алга болсон байсан...” гэх мэдүүлгээр,

 

            хохирогч Н.Уранчимэгийн /хх-ийн 86/: “...2018 оны 05 дугаар сарын 07-ны өглөө 10 цаг 30 минутанд манай хүү гэрээс яваад 11-12 цагийн үед гэртээ ирсэн чинь хулгай орж, гэрт байсан ширмэн тогоо, хөнгөн цагаан данх алга болсон бөгөөд Монгол гэрийн хаалгыг эвдэж орсон байсан...” гэх мэдүүлгээр,

 

            Л.Э-ын яллагдагчаар мэдүүлсэн /хх-ийн 102-104/: “...Би архи уусан үедээ бас Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороо, Хангайн 5-166 тоотод байрлах байшин болон Монгол гэрээс эд зүйл хулгайлсан байгаа...” гэх мэдүүлгээр,

 

            хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтээр /хх-ийн 71-72, 73-76/,

 

            хулгайлагдсан эд зүйлийг 423.000 төгрөгөөр үнэлсэн Хөрөнгийн үнэлгээний “Дамно” ХХК-ийн үнэлгээний тайлангаар /хх-ийн 91-92, 97-98/,

            эд зүйл хураан авч үзлэг хийсэн тухай тэмдэглэлээр /хх-ийн 78-79/,

 

            эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэлээр /хх-ийн 80/,

           

            хохирогч Б.Баасандоржийн /хх-ийн 135-139/: ”...Би өглөө 07 цаг 10 минутын үед гэрээсээ бүх хаалга, үүдээ түгжээд гарсан. 13 цагийн үед эхнэр Оюунсүрэн “гэрт хулгай орсон байна” гэхээр нь гэртээ ирээд юмаа үзэхэд 32 инчийн Самсунг зурагт, 16 суваг гардаг тоон системийн төхөөрөмж, 5 метртэй уртасгагч, 1 сагс өндөг, ургамлын тос 1 ширхэг, хар цүнх, бичиг баримт, хантааз алдагдсан байсан...” гэх мэдүүлгээр,

 

            Л.Э-ын гэрчээр мэдүүлсэн /хх-ийн 140-141/: “...Гэрээсээ гараад Дарь-Эхийн хуучин эцэс рүү хүмүүс байвал нийлж архи уух зорилгоор далан дагуу явж байтал танил Бааскаагийн байшингийнх нь хаалга онгорхой байхаар нь “Бааскаа гэртээ байгаа юм байна уг архийг хуваагаад уучихъя” гэж бодоод гэр рүү нь ороход хүнгүй байсан ба гэрээс нь МНБС антень хүлээн авагч, хар өнгийн хүрэм, уртасгагч залгуур, төмөр иштэй сүх 1 ширхэг зэргийг зочны өрөөнд байсан цүнхэнд хийгээд аваад гараад гэрлүүгээ очих гээд явж байтал цагдаа тааралдсан...” гэх мэдүүлгээр,

 

хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтээр /хх-ийн 115-116, 117-120/,

 

хулгайлагдсан эд зүйлийг 73.520 төгрөгөөр үнэлсэн Хөрөнгийн үнэлгээний “Дамно” ХХК-ийн үнэлгээний тайлангаар /хх-ийн 149-150/,

 

эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэлээр /хх-ийн 123/,

 

яллагдагч Л.Э-ын мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай
тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтээр /хх-ийн 125, 126-132/ зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Дээрх нотлох баримтууд “хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, хохирогч нар эд зүйлээ хулгайд алдсанаа мэдүүлсэн, шүүгдэгч нь хохирсон иргэдийн хөрөнгийг гэрт нь нэвтэрч нууцаар авсан болохыг мөрдөн байцаалтад сайн дураар мэдүүлсэн, хохирогч нарын хулгайд алдсан хөрөнгийн үнэлгээг эд зүйлийн үнэлгээгээр тогтоосон” зэрэг үйл баримтуудыг агуулж байх тул энэ хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж шүүх үзсэн болно.

 

            Шүүх хуралдаанаар тогтоогдсон дээрх хэргийн нөхцөл байдалд үндэслэн шүүгдэгч Л.Э нь 3 удаагийн үйлдлээр хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч буюу 2018 оны 03 дугаар сарын 12-ны өдөр Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо Зүүн Сэлбийн 4 дүгээр гудамжны 18/Б тоотод байрлах О.Тамирын гэрээс цахилгаан хөрөө 1 ширхэг, гар цахилгаан дрилл 2 ширхэг, багаж, түлхүүр зэрэг 371.000 төгрөгийн үнэ бүхий эд зүйлийг,

            2018 оны 05 дугаар сарын 07-ны өдөр Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороо, Хангайн 5 дугаар гудамжны 166 тоотод байрлах байшин, гэрт нэвтрэн О.Ринагийн 423.000 төгрөгийн, Н.Уранчимэгийн 36.000 төгрөгийн үнэ бүхий эд зүйлийг,

            2018 оны 05 дугаар сарын 28-ны өдөр Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороны нутаг дэвсгэрт байрлах 80 айлын нийтийн байрны 19-04 тоотоос Б.Баасандоржийн 73.520 төгрөгийн үнэ бүхий эд зүйлийг тус тус хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар хулгайлан  авсан гэж шүүх дүгнэв.

 

Ийнхүү айлын гэрт хууль бусаар нэвтэрч бусдын хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууц далд аргаар, хууль бусаар, зөвшөөрөлгүйгээр, шунахай сэдэлтээр авсан Л.Э-ын санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д “хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар шүүгдэгч Л.Э-ын “хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруу хөдөлбөргүй нотлогдсон гэж дүгнэж түүнд Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх үндэстэй.

 

Прокуророос шүүгдэгч Л.Э-ын үйлдсэн хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсан гэмт хэргийг зүйлчлэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлажээ.

 

            Гэмт этгээд нийлбэрээрээ нэг гэмт хэрэг болох нэг төрлийн эсхүл төсөөтэй үйлдэл, эс үйлдэхүйг нэг зорилгыг хангах үүднээс хийхийг үргэлжилсэн гэмт хэрэг гэж үздэг.

 

            Үргэлжилсэн гэмт хэргийг үйлдэх явцад гэмт этгээдийн үйлдлүүд нягт холбоотой байж улмаар нэг гэмт хэргийн объектив талыг бүрдүүлдэг нэгдмэл гэмт хэрэг бол гэмт хэргийн давталт нь гэмт хэргийн олонлогийн нэг төрөл юм.

 

            Гэмт хэргийн давталт нь нэг этгээд хоёр буюу түүнээс дээш гэмт хэргийг бие даасан эхлэл, төгсгөлтэй, цаг хугацааны завсарлагатайгаар, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан нэг төрлийн буюу өөр өөр объектод халдах замаар үйлдэж, тэдгээртээ ял шийтгүүлсэн эсхүл шийтгүүлээгүй байхыг ойлгоно.

 

            Энэ шинжээр авч үзвэл Л.Э нь нэг төрлийн буюу хулгайн хэргийг цаг хугацааны завсарлагатайгаар 3 удаа хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн байх тул бие даасан эхлэл төгсгөлтэй, 3 өөр хугацаанд үйлдэгдсэн нэг төрлийн 3 үйлдлийг үргэлжилсэн гэмт хэрэг гэж зүйлчлэх шаардлагагүй юм.

 

            Нэг төрлийн болон төсөөтэй гэмт хэргийг гурав буюу түүнээс дээш удаа үйлдэх нь байнга гэсэн шинжийг илэрхийлдэг боловч прокуророос Л.Э-ын үйлдсэн хулгайн гэмт хэргийг зөвхөн “хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн” гэсэн хүндрүүлэх шинжээр нь зүйлчилсэн тул “…тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэснийг баримтлан шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэсэн болно. 

 

            Прокурор яллах дүгнэлтдээ хохирогч О.Тамирын гэрээс эд зүйл хулгайлагдсан  гэмт хэрэг гарсан цаг хугацааг 2018 оны 03 дугаар сарын 15-ны өдөр хэмээн ташаарч бичсэнийг баримтад мэдээлэлд тулгуурлан 2018 оны 03 дугаар сарын 12-ны өдөр гэж шүүх нөхөн гүйцэтгэж зөвтгөн залруулав.

 

Дээрх байдлаар зөвтгөн залруулсан нь хэрэг хянан шийдвэрлэхэд ноцтойгоор нөлөөлөхгүй, оролцогчийн эрхийг хязгаарлахгүй болно.

 

Шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн төлбөрийн асуудлыг дараах байдлаар шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Л.Э нь хохирогч О.Рина, Н.Уранчимэг, Б.Баасандорж нарын гэрээс хулгайлсан эд зүйлсээ биет байдлаар тэдэнд буцааж өгсөн тул дээрх хохирогч нарт төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Мөн Л.Э нь хохирогч О.Тамирт учруулсан 371.000 төгрөгийн хохирлоос 244.000 төгрөгийн хохирлыг өмнө төлж барагдуулсан бөгөөд шүүх хуралдааныг тодорхой хугацаагаар завсарлуулсны эцэст үлдэх хохирлыг нөхөн төлсөн (хохирогч О.Тамираас “гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн хүсэлтийг ирүүлсэн) тул түүнийг хохирогч О.Тамирт төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. Харин хулгайлах гэмт хэргийг хоёр, түүнээс дээш удаа үйлдсэнийг (давтан) хүндрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзэв. 

 

Шүүх эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан шүүгдэгч Л.Э-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан төрөл, хэмжээний дотор 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, мөн дээрх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж оногдуулсан ялыг нээлттэй хорих байгууллгад эдлүүлэхээр шийдвэрлэв.

 

Хэдийгээр шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, түүний гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон боловч гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх шаардлагагагүй гэж шүүх үзэв.

 

Хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1.Прокуророос шүүгдэгч Л.Э-т холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар гэж зүйлчилж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар гэж зөвтгөн зүйлчилсүгэй.

 

            2. Шүүгдэгч Ширээт овогт Л.Э-ыг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

           3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Л.Э-ыг 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

           4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Э-ыг шийтгэсэн хугацаатай хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.                                                                            

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Э-ын урьд 86 /наян зургаа/ хоног цагдан хоригдсон хугацааг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.                                                                                           

 

6. Шүүгдэгч Л.Э нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Л.Э-т урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний ял эдлэх хугацааг энэ өдрөөс эхлэн тоолсугай.       

 

8. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.Э-т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.      

 

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Б.МӨНХ-ЭРДЭНЭ