| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ядамжавын Урнаа |
| Хэргийн индекс | 318/2026/00213/И |
| Дугаар | 318/ШШ2026/00249 |
| Огноо | 2026-03-10 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн хуулиар бусад, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2026 оны 03 сарын 10 өдөр
Дугаар 318/ШШ2026/00249
| 2026 оны 03 сарын 10 өдөр | Дугаар 318/ШШ2026/00249 | Увс аймаг |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Я.Урнаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Ч.Т-ийн,
Хариуцагч: У.н ББН-д холбогдох,
Ажилгүй байсан хугацааны цалин нийт 21,935,616 төгрөг гаргуулж, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч Ч.Т,
Хариуцагч У.Д ББН-ийн дарга Д.О,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Цогзолмаа нар оролцов.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах үндэслэлтэй.
2. Нэхэмжлэгч Ч.Т нь түүнийг урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоосон хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийн дагуу ажилгүй байсан хугацааны буюу 2024 оны 9 дүгээр сарын 24-ний өдрөөс 2026 оны 02 дугаар сарын 04-ний өдөр хүртэл нийт 16 сар, 7 өдрийн дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорт 21,935,616 төгрөг гаргуулж, дээрх хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлнэ гэв.
3. Хариуцагч талаас нэхэмжлэгч нь өөрийн нэг сарын дундаж цалин хөлсийг бодит нөхцөлд тохирохгүй хэт өндөр тогтоосон тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй. Харин нэхэмжлэгч Ч.Т-ийн нэг сарын дундаж цалин хөлсийг 899,097 төгрөгөөр тооцож, ажилгүй байсан нийт хугацааны цалин хөлс 14,385,562 төгрөг олгохыг хүлээн зөвшөөрч байна гэв.
4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтын хүрээнд дараах үйл баримт тогтоогдож байна.
4.1. Хариуцагч У.Д ББН-ийн дарга Д.О нь 2023 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн Б/09 дүгээр тушаалаар нэхэмжлэгч Ч.Тийн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцалжээ.
Нэхэмжлэгч Ч.Т нь дээрх тушаалыг эс зөвшөөрч Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхэд хандсан ба тус шүүхийн 2025 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн ............... дугаар шийдвэрээр нэхэмжлэгч Ч.Тийг У.Д нөхөрлөл ББН-ийн үйлчлэгчийн ажлын байранд эгүүлэн тогтоож, 2023 оны 3 дугаар сарын 17-ны өдрөөс 2024 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийг хүртэл хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 24,621,610 төгрөгийг хариуцагч У.Д нөхөрлөл ББН-өөс гаргуулж, нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг хариуцагчаар нөхөн төлүүлэхээр шийдвэрлэжээ.
Тус шийдвэрийг Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 224/МА2025/00029 дүгээр магадлалаар хэвээр үлдээж, уг шийдвэр, магадлал хуулийн хүчин төгөлдөр болсон байна.
4.2. Хариуцагч У.Д ББН-ийн дарга Д.О нь хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийн дагуу нэхэмжлэгчийн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг сэргээгээгүй болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт “Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон бол түүнд урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогч нөхөн олгоно” гэж заасан.
Иймд нэхэмжлэгч нь түүнийг ажилд эгүүлэн тогтоосон хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийн дагуу 2024 оны 9 дүгээр сарын 24-ний өдрөөс 2026 оны 02 дугаар сарын 04-ний өдрийг хүртэл ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг хариуцагчаас шаардах эрхтэй.
4.3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт “Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй” гэж заасан.
Нэхэмжлэгч Ч.Т-ийн 2023 оны 3 дугаар сарын 17-ны өдөр ажлаас чөлөөлөгдөхийн өмнөх нэг сарын дундаж цалин хөлс 1,342,997 төгрөг, 1 өдрийн дундаж цалин хөлс 63,952 төгрөг болохыг Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 318/ШШ2025/00256 дугаар шийдвэрээр тогтоож, 2023 оны 3 дугаар сарын 17-ны өдрөөс 2024 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийг хүртэл хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорт 24,621,610 төгрөгийг хариуцагч У.Д нөхөрлөл ББН-өөс гаргуулж, нэхэмжлэгч Ч.Тт олгож шийдвэрлэжээ.
Иймд шүүх нэхэмжлэгч Ч.Тийн 2024 оны 9 дүгээр сарын 24-ний өдрөөс 2026 оны 02 дугаар сарын 04-ний өдрийг хүртэл ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг тооцохдоо түүний дундаж цалин хөлсийг дахин тодорхойлохгүй бөгөөд хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр тогтоогдсон нэг сарын дундаж цалин хөлс болох 1,342,997 төгрөг, 1 өдрийн дундаж цалин хөлс 63,952 төгрөгөөр тус тус тооцно.
Дээрх үндэслэлээр нэхэмжлэгч Ч.Тийн ажилгүй байсан хугацаа болох 2024 оны 9 дүгээр сард 5 өдөр (5*63,952=319,760) 319,760 төгрөг, 2024 оны 10 дугаар сараас 2026 оны 01 дүгээр сарыг дуустал нийт 16 сард 21,487,952 төгрөг, 2026 оны 02 дугаар сард 02 өдөр нийт 127,904 төгрөг, нийт 21,935,616 төгрөгийг хариуцагч У.Д нөхөрлөл ББН-өөс гаргуулж, нэхэмжлэгч Ч.Т-т олгох үндэслэлтэй байна.
4.4. Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7-д зааснаар ажил олгогч нь ажилтныг нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд албан журмаар даатгуулах, хуульд заасан хэмжээгээр шимтгэл төлөх, тайлагнах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлснийг баталгаажуулах үүрэгтэй.
Иймд хариуцагч нь Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 21.7-д заасан журмын дагуу нэхэмжлэгчийн 2024 оны 9 дүгээр сарын 24-ний өдрөөс 2026 оны 02 дугаар сарын 04-ний өдрийг хүртэл ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөх нь зүйтэй.
5. Нэхэмжлэгч Ч.Т-ийн нэхэмжлэл нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болно. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 267,628 төгрөг гаргуулж, улсын орлогод буюу Төрийн сангийн 100150000941 тоот дансанд оруулах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.1, 115 дугаар зүйлийн 115.2.1, 759.2 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч У.Д ББН-өөс нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорт 21,935,616 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Ч.Тт олгосугай.
2. Нэхэмжлэгч Ч.Тийн 2024 оны 9 дүгээр сарын 24-ний өдрөөс 2026 оны 02 дугаар сарын 04-ний өдрийг хүртэл хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 21.7 дугаар зүйлд заасан журмын дагуу нөхөн төлөхийг хариуцагч У.Д ББН-д даалгасугай.
3. Нэхэмжлэгч Ч.Тийн нэхэмжлэл нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар, хариуцагч У.Д нөхөрлөл ББН-өөс улсын тэмдэгтийн хураамж 267,628 (хоёр зуун жаран долоон мянга зургаан зуун хорин найм) төгрөг гаргуулж, улсын орлогод оруулсугай.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл энэ хуулийн 759 дүгээр зүйлийн 759.3 дахь хэсэгт заасны дагуу гардуулснаас хойш 7 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Я.УРНАА