| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баасанжавын Зориг |
| Хэргийн индекс | 2503006750881 |
| Дугаар | 2026/ДШМ/91 |
| Огноо | 2026-01-20 |
| Зүйл хэсэг | 27.10.2.3., |
| Улсын яллагч | Б.Одонтуяа |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 01 сарын 20 өдөр
Дугаар 2026/ДШМ/91
2026 01 20 2026/ДШМ/91
Б.Н-д холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Очмандах даргалж, шүүгч Д.Мөнхөө, ерөнхий шүүгч Б.Зориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Б.Одонтуяа,
шүүгдэгч Б.Н-гийн өмгөөлөгч С.Мөнхтулга,
нарийн бичгийн дарга П.Мөнхчимэг нарыг оролцуулан,
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Сувд-Эрдэнэ даргалж хийсэн шүүх хуралдааны 2025 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 2025/ШЦТ/2556 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Н-гийн өмгөөлөгч С.Мөнхтулгын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Б.Н-д холбогдох эрүүгийн 2503006750881 дугаартай хэргийг 2026 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Б.Зоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Х- овгийн Б-ын Н-, ...., ял шийтгэлгүй, /РД:Б-/;
Шүүгдэгч Б.Н- нь Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо, Шар хадны зам Luxoil төвийн хойд замд 2025 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 22 цаг 05 минутын үед Тоёота Харриэр маркийн .... УНП улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 1.3. “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино.” мөн дүрмийн 3.4. Жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ “энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах”, 12.3. “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.” гэсэн заалтуудыг тус тус зөрчиж улмаар явган зорчигч Д.М-г мөргөж, эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Тээврийн прокурорын газраас: Б.Н-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Шүүгдэгч Б.Н-г авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар шүүгдэгч Б.Н-гийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жил 6 сарын хугацаагаар хасаж, 01 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Б.Н-д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс тоолж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Н-д оногдуулсан 01 жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялыг хүндэтгэн үзэх шалтгаанаар эмнэлэг, төрийн байгууллагын үйлчилгээ авахаас бусдаар Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хязгаарлах байдлаар хэрэгжүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Н- нь зорчих эрх хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих ялтны зорчих эрх хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны 01 хоногийг хорих ялын 01 хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 491.1, 513 дугаар зүйлийн 513.1 дэх хэсгийг тус тус баримтлан Эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохирол 3,446,988 /гурван сая дөрвөн зуун дөчин зургаан мянга есөн зуун наян найм/ төгрөгийг шүүгдэгч Б.Н-гаас гаргуулж, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020080 дугаартай дансанд төлүүлж, хяналт тавихын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Б.Н- нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Б.Н-гийн өмгөөлөгч С.Мөнхтулга давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Анхан шатны шүүхээс хуульд заасан нөхцөл байдлуудыг тал бүрээс нь харгалзаж шүүгдэгч Б.Н-д эрүүгийн хариуцлагыг улсын яллагчийн гаргасан саналын хүрээнд шийдвэрлэсэн. Хэдий тийм боловч шүүгдэгч Б.Н-гийн холбогдсон хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаардаг ба гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр илэрхийлэгддэг онцлогтой. Тухайн гэмт хэрэг гарах нөхцөл байдал нь хохирогчийн буруутай үйлдлээс шууд шалтгаалсан буюу замын гарцгүй хэсгээр гэнэт гарч ирэн тухайн осол гарах нөхцөл байдал үүссэн байдаг. Энэ нь шүүгдэгч Б.Н-д оногдуулсан хариуцлагыг мөн адил хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарахаас гадна гэм буруугаа хянан шийдвэрлэх ажиллагааны үе шатуудад хүлээн зөвшөөрч оролцсон. Өөрөөр хэлбэл шүүгдэгч Б.Н-гийн хувийн байдал, гэмт хэрэг гарсан шалтгаан, хохирол төлсөн нөхцөл байдал болоод хохирогчийн саналыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д “...хорих ялын дээд хэмжээг гурван жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол хорих ялыг хөнгөрүүлэх, эсхүл хорихоос өөр төрлийн ялыг сонгон оногдуулах, эсхүл эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх; тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол хорихоос өөр төрлийн ялыг сонгон оногдуулах, эсхүл хорих ял оногдуулахгүйгээр гурван жил хүртэл хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэх.” гэж зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх боломж хууль зүйн хувьд байсан гэж үзэж байна. Иймд Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 2025/ШЦТ/2556 дугаартай шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт зохих өөрчлөлтийг оруулж өгнө үү. ...” гэв.
Прокурор Б.Одонтуяа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирол, хор уршиг зэргийг харгалзан шүүгдэгч зорчих эрх хязгаарлах ялыг хамгийн доод хэмжээгээр оногдуулсан. Өөрөөр хэлбэл, тус гэмт хэрэгт зорчих эрх хязгаарлах ял, хорих ял оногдуулахаар хуульчилсан байдаг бөгөөд шүүгдэгчид 1 жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэсэн. Шүүгдэгчийн өмгөөлөгч хохирол төлбөрийг төлж барагдуулсан гэж хэллээ. Анхан шатны шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч “Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт заасан асуудлыг иргэний журмаар шийдвэрлэнэ” гэж тайлбарлаж байсан. Мөн хохирогчийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан. Хохирогчийн хохирол төлбөрийг бүрэн төлж барагдуулсан гэх боловч хор уршиг бүрэн арилаагүй байна. Шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлгийн шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тодруулснаас гадна хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчдын эрхийг хасаж буюу хязгаарласан, эсхүл бусад байдлаар шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлөхөөр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил гараагүй байна.
Хавтас хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад;
Шүүгдэгч Б.Н- нь Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо, Шар хадны зам Luxoil төвийн хойд замд 2025 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 22 цаг 05 минутын үед Тоёота Харриэр маркийн, ....УНП улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 1.3, 3.4, 12.3 дахь заалтуудыг тус тус зөрчиж, явган зорчигч Д.М-г мөргөж, эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:
хохирогч Д.М-н “...Би 2025 оны 06 дугаар сарын 07-ны өглөө Шар хадны техникийн зах очоод ...автомашин байрлуулах зогсоол хайгаад авто замын хойд талаас урагшаа зам хөндлөн явган хүний гарцгүй хэсгээр зүүн талаас ирсэн автомашинуудыг өнгөрөөгөөд замын голд очоод зогсож байхад намайг машин ирээд мөргөөд улмаар би газарт унасан. Дараагаар нь над дээр эрэгтэй, эмэгтэй 2 хүн ирээд намайг 2 талаас сугадаад авто замаас гарган, цагдаагийн автомашин болон эмнэлгийн яаралтай түргэн тусламжийн эмч ирээд намайг эмнэлэг рүү аваад явсан. Ослын улмаас миний биед толгойны хоёр хэсэгт оёдол тавьсан, баруун гарын шууны доод яс хугарсан, зүүн гарын эрхий хурууны гуравдугаар үе хугарсан, хэвлийн хөндийд цус алдсан, бүдүүн гэдэс болон элэг няцарсны улмаас тэр өдрөө хэвлийн мэс засалд орж эмнэлэгт 14 хоног хэвтэн эмчлүүлсэн. Баруун болон зүүн гараа гипсдүүлсэн, зүүн өвдөгний мах язарсан тул оёдол тавиулсан.” /хх 26-27/,
иргэний нэхэмжлэгч Д.Г-гийн “...дээрх гэмт хэргийн улмаас хохирогч Д.М- нь Эрүүл мэндийн даатгалын сангаас 3.446.988 төгрөгийн зардал гарсан болох нь баримтаар тогтоогдож байна. Тусламж үйлчилгээний зардлыг холбогдогч Б.Н-гаас гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын төрийн сан банк дахь дансанд төлүүлж өгнө үү.” /хх 74/ гэсэн мэдүүлгүүд,
Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2025 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн ЕГ0725/7910 дугаартай: “...Д.М-н биед хэвлийн битүү гэмтэл элэгний 4-р сегмент, ходоодны гарах хэсэг, 12 хуруу гэдэс, бүдүүн гэдэсний хөндлөн хэсэг, чацархайн цус хуралт, хэвлийн хөндийн цус хуралдалт, цээжний баруун талын 4, 5, 6-р хавирганы хугарал, баруун богтос ясны хугарал, дух, зүүн чамархай, зулайн хуйх, баруун өвдөгний язарсан шарх, нуруу, зүүн сарвууны зөөлөн эдийн няцрал, дух, хамрын нуруу, эрүү, уруул, нурууны зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн хэргийн хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна. Дээрх гэмтлүүд нь амь насанд аюултай тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 4.1.15-д зааснаар хохирлын хүнд зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.” /хх 30-32/,
Авто тээврийн үндэсний төвийн ТӨҮГ Баянзүрх техникийн хяналтын үзлэгийн төвийн 2025 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 679471 дугаартай: “...Уг тээврийн хэрэгсэл нь авто тээврийн хэрэгсэлд тавигдах стандартын шаардлагыг хангахгүй байна. Зүүн урд талын их гэрэл хагарсан байна. Зүүн урд кырло хонхойсон байна. Зүүн талын нэмэлт туслах толь хугарсан байна. Урд гупер зүүн дээд хэсгээрээ хонхойсон байна. Урд гупер будаг халцарсан байна. Уг авто тээврийн хэрэгслийг Швед улсад үйлдвэрлэгдсэн Е\М тоног төхөөрөмж дээр шалгаж үзэхэд: Урд тэнхлэгийн хажуу гулсалтын хазайлтын хэмжээ -8.4мм, урд дугуйн тоормосны хүч зүүн талдаа 2.9кН, баруун талдаа 2.1кН зөрүү нь 28% (стандарт <20%), хойд дугуй тоормосны хүч зүүн талдаа 1.5кН, баруун талдаа 1.6кН, зөрүү нь 6% (стандарт <30%) буюу тоормосны хүчний зөрүү стандартын шаардлага хангахгүй байна. Зогсоолын тоормос нь хэвийн бус ажиллагаатай байна. Зүүн гар талын гэрлийн тусгалын чадал ойр дээрээ 500cd, хол дээрээ 12.400cd. Баруун гар талын гэрлийн тусгалын чадал ойр дээрээ 100cd, хол дээрээ 1.600cd (стандарт 10000-225000cd) хол ойрын гэрлийн тусгалын чадалтай байна. Зүүн болон баруун гар талын гэрэл хол болон ойр дээрээ гэрлийн тусгалын чадал нь стандартын шаардлага хангахгүй байна. Зүүн талын хол дээрээ гэрлийн чадал нь стандартын шаардлага хангаж байна. Уг тээврийн хэрэгслийг суваг дээр STENHOJ Микро-20/26 хийн шингэн, тосон хосолмол шахуургатай өргөгч /домкрат/ ашиглан хийхэд тос гоожилт байхгүй, яван анги, жолооны механизмын эд ангиуд эвдрэл, гэмтэлгүй байна. Дугуйн хээний гүний хэмжээг штангенциркулээр хэмжилт хийж үзэхэд 3,0-8,0 мм буюу дугуйнуудын хээний гүний хэмжээ стандартын шаардлага хангаж байна.” /хх 39-44/,
Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн ЕГ0825/2269 дугаартай: “...2025 оны 06 дугаар сарын 07-ны өдөр үйлдэгдсэн зам тээврийн ослын улмаас Д.М-д сэтгэцэд гэмтлийн дараах стресст үзүүлэх хариу урвалын шинжүүд илэрч байна. Энэ нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн хоёрдугаар зэрэглэлд хамаарна. Дээрх шинжүүд нь цаашид хэрхэн нөлөөлөх эсэх нь хувь хүний сэтгэл зүйн онцлог, гэр бүл, нийгэм, хамт олны дэмжлэг бүхий орчин, сэтгэцийн болон сэтгэл зүйн тусламж үйлчилгээнд хамрагдах эсэхээс хамаарна.” /хх 49-51/ гэсэн шинжээчийн дүгнэлтүүд,
мөрдөгчийн 2025 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 1106 дугаартай: “...Явган зорчигч Д.М- нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 5.6 “явган зорчигч нь явган хүний гарц буюу гармаар зам хөндлөн гарна. Хэрэв үзэгдэх хүрээнд явган хүний гарц, гарам байхгүй бол замын дагуу хоёр тийш сайн харагдах, хайс, хашилтгүй хэсгээр, ойртон ирж яваа тээврийн хэрэгслийг өнгөрүүлэн эгц хөндлөн гарна.” гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй гэж үзэж байна. Toyota Harrier маркийн ....УНП улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Б.Н- нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3. “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино.” мөн дүрмийн 3.4. Жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ “энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах”, 12.3. “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн нь осол гарах үндсэн шалтгаан болсон байх үндэслэлтэй гэж үзэж байна.” гэсэн магадалгаа /хх 54-56/,
зам тээврийн ослын дуудлагын лавлагааны хуудас /хх 5/,
зам тээврийн осол, хэргийн газарт үзлэгээр тогтоосон байдал, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч зураглал, үзлэгийн явцад бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлт /хх 7-13/ зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.
Прокуророос Б.Н-гийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар зүйлчилсэн хэргийн зүйлчлэл зөв байна.
Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдаанд тэгш эрхтэй оролцох эрх бүхий субъектүүдийг оролцуулан, тэдний гаргасан тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудыг харьцуулан судалж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн шүүгдэгч Б.Н-г авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцжээ.
Шүүхээс шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар шүүгдэгч Б.Н-гийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жил 6 сарын хугацаагаар хасаж, 01 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсэн нь түүний гэм бурууд тохирсон төдийгүй, эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцсэн байна.
Шүүгдэгч Б.Н-гийн өмгөөлөгч С.Мөнхтулгаас “... шүүгдэгч Б.Н-гийн хувийн байдал, гэмт хэрэг гарсан шалтгаан, хохирол төлсөн нөхцөл байдал болоод хохирогчийн саналыг харгалзан эрүүгийн хариуцлагаас чөлөөлж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргасныг хүлээж авах хууль зүйн үндэслэлгүй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д “Шүүх энэ хуулийн тусгай ангид хорих ял оногдуулахаар заагаагүй, эсхүл хорих ялын дээд хэмжээг гурван жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол хорих ялыг хөнгөрүүлэх, эсхүл хорихоос өөр төрлийн ялыг сонгон оногдуулах, эсхүл эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх; тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол хорихоос өөр төрлийн ялыг сонгон оногдуулах, эсхүл хорих ял оногдуулахгүйгээр гурван жил хүртэл хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэж болно.” гэж хуульчилсан нь шүүх заавал хэрэглэх, үүрэг болгосон зохицуулалт биш юм.
Нөгөөтэйгүүр, шүүгдэгч Б.Н-д анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан зорчих эрхийг хязгаарлах болон хорих ялын төрлүүдээс зорчих эрхийг хязгаарлах ялыг сонгон хугацааг хамгийн багаар буюу 1 жилийн хугацаагаар оногдуулсныг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.
Мөн эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршдог тул шүүгдэгч Б.Н-г эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх нь тус эрүүгийн хариуцлагын зорилгод нийцэхгүй гэж үзлээ.
Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байх хуулийн шаардлагыг хангасан байх ёстой.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх эрх хасах ялыг хорих ял дээр нэмж оногдуулсан бол уг ялыг эдэлж дууссаны дараа, эсхүл торгох, нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах ял дээр нэмж оногдуулсан бол ял оногдуулсан үеэс, эсхүл хорих ял оногдуулахгүйгээр үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авсан бол албадлагын арга хэмжээ авсан үеэс хугацааг тоолно.” гэж заасан.
Гэтэл анхан шатны шүүх шийтгэх тогтоолынхоо тогтоох хэсгийн 3 дахь заалтад шүүгдэгч Б.Н-д оногдуулсан эрх хасах нэмэгдэл ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолохоор заасан нь хуульд нийцэхгүй байх тул энэ талаар зөвтгөсөн өөрчлөлтийг оруулах нь зүйтэй байна.
Мөн 6 дахь заалтад 491.1 дэх хэсэг гэж хуульд байхгүй хэсэг баримталсныг техникийн шинжтэй алдаа гэж үзэж, зөвтгөх шаардлагатай.
Түүнчлэн Иргэний хуулийн 513 дугаар зүйлийн 513.1 “Бусдын амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдуулан төлбөр төлсөн нийгмийн даатгал, нийгмийн хангамжийн буюу бусад хуулийн этгээд нь гэм буруутай иргэн болон хуулийн этгээдээс төлбөр, тусламжаа буцаан нэхэмжлэх эрхтэй.” гэсэн заалт нь сэтгэл санааны хохирлыг арилгуулахтай холбоотой зохицуулалт тул уг заалтыг баримтлах шаардлагагүй.
Харин Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн илүү нарийвчилсан хэм хэмжээг баримтлах зохицуулалт үйлчилдэг тул Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-д “гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад нөхөн төлүүлнэ.” гэж зааснаар шүүгдэгч Б.Н-гаас эрүүл мэндийн даатгалаас гарсан зардлыг гаргуулах нь хуульд нийцнэ.
Иймд Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 2025/ШЦТ/2556 дугаар шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг оруулж, шүүгдэгч Б.Н-гийн өмгөөлөгч С.Мөнхтулгын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 2025/ШЦТ/2556 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:
3 дахь заалтад “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Б.Н-д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс тоолсугай.” гэснийг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Б.Н-д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг ял оногдуулсан үеэс хугацааг тоолсугай.” гэж,
6 дахь заалтад “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 491.1, 513 дугаар зүйлийн 513.1 дэх хэсгийг тус тус баримтлан Эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохирол 3,446,988 /гурван сая дөрвөн зуун дөчин зургаан мянга есөн зуун наян найм/ төгрөгийг шүүгдэгч Б.Н-гаас гаргуулж, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020080 дугаартай дансанд төлүүлж, хяналт тавихын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.” гэснийг “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1 дэх заалтыг тус тус баримтлан Эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохирол 3,446,988 /гурван сая дөрвөн зуун дөчин зургаан мянга есөн зуун наян найм/ төгрөгийг шүүгдэгч Б.Н-гаас гаргуулж, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020080 дугаартай дансанд төлүүлж, хяналт тавихын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.” гэж тус тус өөрчилсүгэй.
2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Д.МӨНХӨӨ
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ЗОРИГ