Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 03 сарын 25 өдөр

Дугаар 210/МА2022/00564

 

 

 

 

 

2022 оны 03 сарын 25 өдөр

Дугаар 210/МА2022/00564

 

 

 

Г.М- ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Бямбасүрэн, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 101/ШШ2021/04241 дугаартай шийдвэртэй

Нэхэмжлэгч Г.М- ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Д.Б- д холбогдох

Үндэслэлгүй хөрөнгөжсөн 4,580,000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 8,737,500 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Г , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Гүррагчаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч Г.М- ийн нэхэмжлэл, тайлбарын агуулга: Г.М- би Д.Б- тай 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр 7,000,000 төгрөгийг 1 жилийн хугацаатай сарын 0,5 хувийн хүүтэй, хугацаа хэтэрсэн хоног тутамд 0,5 хувиар алданги тооцохоор зээлийн гэрээ байгуулсан. Үүргийн гүйцэтгэлд Баянзүрх дүүргийн 28 дугаар сарын хороо, Хужирбулан 3 дугаар сарын хэсэг, 39 гудамж, 1434 тоот хаягт байршилтай 79,38 м.кв талбайтай хувийн сууц, мөн хаягт байрлах 500 м.кв талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг тус тус барьцаалж, зээл болон барьцааны гэрээг нотариатаар баталгаажуулж, улсын бүртгэлд бүртгүүлсэн.

Хариуцагч Г.Б нь 7,000,000 төгрөгийг 3 тасалж буюу гэрээ байгуулснаас 5 хоногийн дараа 4,000,000 төгрөг, дахин 5 хоногийн дараа 2,000,000 төгрөгийг, дахин 5 хоногийн дараа 1,000,000 төгрөгийг П.Б-гийн ХААН банк ХХК дах 503462829 тоот данснаас Г.М- ийн *********9 тоот данс руу шилжүүлсэн.

Зээлийн гэрээний хугацаа 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр дууссан ба мөн өдрөөс гэрээг 3 сараар сунгасан. Би гэрээний үүргийг 2020 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр бүрэн гүйцэтгэж дууссан.

Зээлийн эргэн төлөлтийг 2019 оны 02 дугаар сарын 02-ны өдөр 450,000 төгрөг, 2019 оны 3, 4 сарын үед 450,000 төгрөгийг бэлнээр П.Б-д өгсөн. Д.Н ийн ХААН банк дах 57******** тоот данснаас П.Б-гийн ХААН банк дах **********9 тоот данс руу 2019 оны 02 дугаар сарын 11-ний өдрөөс мөн оны 05 дугаар сарын 24-ний өдрийг хүртэлх хугацаанд 15 удаагийн гүйлгээгээр нийт 2,860,000 төгрөг шилжүүлсэн. С.Мандахнарангийн ХААН банк дах 5009635094 тоот данснаас П.Б-гийн ХААН банк дах **********9 тоот данс руу 2019 оны 06 дугаар сарын 02-ны өдөр 100,000 төгрөг, мөн оны 07 дугаар сарын 19-ний өдөр 270,000 төгрөг, мөн сарын 23-ны өдөр 305,000 төгрөг, нийт 675,000 төгрөгийг шилжүүлсэн.

Г.М- би өөрийн ХААН банк дах *********9 тоот данснаас П.Б-гийн ХААН банк дах 539462829 тоот данс руу, 2019 оны 08 дугаар сарын 23-ны өдрөөс 2020 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийг хүртэл 17 удаагийн гүйлгээгээр 6,850,000 төгрөгийг тус тус шилжүүлсэн. Нөхөр С.Буянхишигийн ХААН банк дах 5069218366 тоот данснаас П.Б-гийн ХААН банк дах **********9 тоот данс руу 2019 оны 06 дугаар сарын 16-ны өдөр 60,000 төгрөг, мөн сарын 28-ны өдөр 100,000 төгрөг, 2019 оны 07 дугаар сарын 17-ны өдөр 200,000 төгрөг, мөн сарын 18-ны өдөр 200,000 төгрөг, нийт 560,000 төгрөг шилжүүлсэн. Би нийт 12,105,000 төгрөг төлсөн.

Зээлийн гэрээний хугацаа дуусч үндсэн зээл хүүгийн хамт гэрээнд заасны дагуу П.Б-гийн ХААН банк дах 539462829 тоот дансанд хийж, гэрээний үүргийг биелүүлсэн байхад Д.Б- барьцаа хөрөнгийг чөлөөлж, шилжүүлж өгөөгүй.

Мөн гэрээнд зээлийн хүүг сарын 0,5 хувиар тооцохоор заасан ба 15 сарын хугацаанд хүүд 525,000 төгрөгийг үндсэн зээл 7,000,000 төгрөг нийт 7,525,000 төгрөгийг төлөхөөр байхад би 12,105,000 төгрөгийг Д.Б- д төлсөн байна.

Иймд хариуцагч Д.Б- аас илүү төлсөн 4,580,000 төгрөгийг буцаан гаргуулж, барьцаа үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг миний захиран зарцуулах эрхэд шилжүүлж өгнө үү гэжээ.

 

2.Хариуцагч Д.Б- ы тайлбарын агуулга: Г.М- тэй 2019 оны 01 сарын 22-ны өдөр 7,000,000 төгрөгийг 12 сарын хугацаатай 5 хувийн хүүтэй буюу сарын 35,000 төгрөг, гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувийн алданги тооцох нөхцөлтэй харилцан тохиролцож зээлийн гэрээ байгуулсан.

Нэхэмжлэгч нь зээлийн хүүг 0,5 хувийн хүүтэй зээлсэн гэдэг боловч зээлийн гэрээг анх 5 хувийн хүүтэй хийсэн. Зээлийн гэрээний хугацааг харахад нэхэмжлэгч үндсэн зээлд 7,000,000 төгрөг, зээлийн хүүд 4,200,000 төгрөг, гэрээг 3 сараар сунгасан хугацааны хүү 1,050,000 төгрөг, нийт 12,250,000 төгрөг төлөхөөр болсон. Үүнээс Г.М- 5,750,000 төгрөг, н.Мандахнаран 675,000 төгрөг, зээлийн хүүд 5,250,000 төгрөг төлсөн. Үндсэн зээлээс 1,175,000 төгрөгийг төлсөн. Өөрөөр хэлбэл 5,825,000 төгрөгийн үндсэн зээл төлөгдөөгүй.

Нэхэмжлэгч нь н.Наранчимэг болон н.Бүжингийн данс руу шилжүүлсэн гэдэг бол эрх зүйн харилцаатай тусдаа асуудал. П.Б-, Г.Наранчимэгийн хооронд хийсэн гэрээг би хариуцах үндэслэлгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3.Хариуцагч Д.Б- ы сөрөг нэхэмжлэлийн агуулга: Би Г.М- тэй 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, 7,000,000 төгрөгийг сарын хугацаатай 5 хувийн хүүтэйгээр 12 сарын хугацаатай зээлдүүлсэн. Улмаар гэрээг 2019 оны 12 дугаар сарын орчимд 3 сарын хугацаатай сунгасан. Г.М- үндсэн зээлд 7,000,000 төгрөг, зээлийн хүүд 4,200,000 төгрөг төлөх үүрэгтэй байснаас түүний данснаас 5,250,000 төгрөгийг шилжүүлсэн байдаг. Үндсэн зээлээс 1,175,000 төгрөгийг төлсөн, зээлийн үлдэгдэл 5,825,000 төгрөг байна.

Зээлийн гэрээний 3гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувийн алданги тооцохоор заасан. Гүйцэтгээгүй үүрэг 5,825,000 төгрөг ба үүнээс 522 хоногийн алданги тооцоход 15,203,250 төгрөг болсон. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасныг баримтлан алдангид 2,912,500 төгрөг нэхэмжилж байна.

Иймд нэхэмжлэгч Г.М- ээс үндсэн зээл 5,825,000 төгрөг, алдангид 2,912,500 төгрөг, нийт 8,737,500 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

4.Нэхэмжлэгч Г.М- ийн сөрөг нэхэмжлэлд холбогдуулан гаргасан тайлбарын агуулга: Талуудын байгуулсан зээлийн гэрээнд зээлсэн мөнгийг бүхлээр нь, хэсгээр нь төлнө гэж заасан. Гэхдээ ямар ч тохиолдолд гэрээгээр хүлээсэн үүргээ 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр төлж дуусгана. Зээлийг төлж дуусгасан тохиолдолд 2 талын гарын үсгээр баталгаажна гэж заасан. Мөн гэрээнд эргэн төлөлтийн график байхгүй. Хугацааг заагаагүй байгаа нь Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1 дэх хэсэгт заасны дагуу зээлийг бүхлээр нь төлнө гэж ойлгох бөгөөд алдангийг хугацаа дууссаны дараа тооцно.

Мөн гэрээний 4 зааснаар зээлийг ХААН банкны **********9 тоот дансанд эргүүлэн төлнө гэж заасан. Уг дансны эзэмшигч нь П.Б-. Зээлийн гэрээний эргэн төлөлтийг гэрээнд заасны дагуу н.Бүжингийн данс руу шилжүүлсэн. Нэгэнт зээлдэгчийн өмчлөлд шилжүүлж байгаа учраас Г.М- нь н.Наранчимэгийн данс руу шилжүүлж, зээлийн үүргийг гүйцэтгүүлэхээр тохиролцсон. Үүний дагуу н.Наранчимэг нь үүргийг гүйцэтгэсэн.

Иргэний хуулийн 224 дүгээр зүйлийн 224.2 дах хэсэгт зааснаар хугацаа хэтрүүлсэн үүрэг гүйцэтгүүлэгч гэм буруутай эсэхээс үл хамааран мөнгөн төлбөр үүрэг ёсоор хүү, анз авах эрхээ алдана гэж заасан. Зээл төлж байсан банкны дансны хуулгаас харахад 2019 оны 02 дугаар сарын 11-ний өдөр 450,000 төгрөг, мөн сарын 20-ны өдөр 350,000 төгрөг, мөн сарын 22-ны өдөр 250,000 төгрөгийг тус тус шилжүүлсэн. Зээл төлөхөд төлсөн хүү буурах зээлийн хүүг 0,5 хувиар тооцоход эхний сар 1,410,000 төгрөгийг төлсөн байна. Үүнээс зээлийг хүү хасагдаад үндсэн зээл болох 5,040,000 төгрөгөөс хүү тооцогдоно гэжээ.

 

5.Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282.1, 232 дугаар зүйлийн 232.6 дах хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Г.М- ийн зээлийн гэрээний үүрэг дуусгавар болсныг тогтоолгох, илүү төлөгдсөн 4,850,000 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, 8,737,500 төгрөг гаргуулах сөрөг шаардлагаас 3,210,000 төгрөгийг Г.М- ээс гаргуулж Д.Б- д олгож, нэхэмжлэлээс үлдэх 5,527,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 158,030 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас сөрөг нэхэмжлэлийн шаардлагад урьдчилан төлсөн 154,750 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж нэхэмжлэл хангагдсан үнийн дүнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 66,310 төгрөгийг Г.М- ээс гаргуулж Д.Б- д олгож шийдвэрлэжээ.

6. Нэхэмжлэгч Г.М- ийн давж заалдах гомдлын агуулга:

6а.Анхан шатны шүүх хэрэгт хамааралгүй баримтыг үндэслэн шийдвэрлэсэнд гомдолтой байна. Шүүх Г.М- ийн төлсөн мөнгийг 6,550,000 төгрөг шилжүүлсэн гэж үзсэн. Үүнээс Г.М- П.Б- руу 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдөр 200,000 төгрөгийг, мөн оны 11 дүгээр сарын сарын 01-ний өдөр 100,000 төгрөгийг нийт 300,000 төгрөгийг дутуу тооцсон.

Мөн нөхөр С.Буянхишигийн ХААН банк дах 5069218366 данснаас П.Б-гийн эзэмшлийн ХААН банк дах **********9 тоот дансанд 560,000 төгрөг, С.Мандахнарангийн ХААН банк дах 5009635094 данснаас П.Б-гийн эзэмшлийн ХААН банк дах **********9 тоот дансанд 1,850,000 төгрөгийг мөнхөө гэж нийт 9,060,000 төгрөгийг шилжүүлсэн болох нь хэргийн 21-29 дах талд авагдсан баримтаар нотлогдоно.

Түүнчлэн П.Б-гийн ХААН банк дах **********9 тоот дансанд Д.Н-ийн ХААН банк дах 57******** тоот данснаас 2019 ны 02 дугаар сарын 11-ний өдөр 450,000 төгрөг, 2019 оны 02 сарын 22-ны өдрөөс мөн оны 06 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл 16 удаагийн гүйлгээгээр нийт 3,590,000 төгрөг шилжүүлсэн бөгөөд шүүх үүнээс 1,275,000 төгрөгийг хасч тооцсон. Харин үлдэгдэл 2,315,000 төгрөгийг тооцоогүй байна.

Иймээс нийт 2,615,000 төгрөгийг дутуу хасч тооцсон байх тул дээрх мөнгийг нэхэмжлэгчийн гүйцэтгэсэн үүргийн үнийн дүнд нэмж тооцуулна.

6б.Хариуцагч сөрөг нэхэмжлэл гаргахдаа нэхэмжлэлээ баталсан, дэмжсэн нотлох баримтыг гаргаж өгөөгүй зөвхөн гэрээ гаргаж өгсөн. Уг гэрээ нь энэхүү зээлийн гэрээнд ач холбогдолтой эсэхийг шалгуулахаар шүүхэд өмгөөлөгч хүсэлт гаргасан боловч хүсэлтийг хангаагүй атлаа нотлох баримт болгож тооцсонд гомдолтой. Анхан шатны шүүх гэрчийн мэдүүлгийг үндэслэн гэрээг сарын 5 хувийн хүүтэй гэж тооцсон. Гэтэл Г.М- миний төлсөн мөнгийг үндсэн зээлээс хасч тооцолгүй зээлийн хүүгээс хасч тооцсон. Шүүх миний төлсөн мөнгөнд хүртэл хүү төлөхөөр тооцож гаргасныг эс зөвшөөрөхгүй.

Г.М- би нийт 11,675,000 төгрөгийг шилжүүлсэн бөгөөд үүнээс зээлийн хүүд 2,455,798 төгрөг, зээлийн эргэн төлөлтөд төлсөн 7,089,202 төгрөгийг хасахад 2,130,000 төгрөг илүү төлсөн байна. Нийт 2,130,000 төгрөгт 7,089,202 төгрөгөөс илүү төлсөн 89,202 төгрөгийг нэмээд 2,219,202 төгрөгийг хариуцагч Г.Б аас гаргуулж, зээл барьцааны үүргийг дуусгавар болгож өгнө үү гэжээ.

 

7. Хариуцагч давж заалдах гомдолд бичгээр тайлбар гаргаагүй болно.

 

ХЯНАВАЛ:

1.Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлын хүрээнд хэргийг хянахад нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохдоо тооцооллын алдаа гаргасан, хэрэглэвэл зохих хуулийг оновчгүй хэрэглэсэн тул залруулан дүгнэж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

2.Нэхэмжлэгч Г.М- нь хариуцагч Д.Б- д холбогдуулан үндэслэлгүй хөрөнгөжсөн 4,580,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 8,737,500 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргажээ.

3.Талуудын хооронд байгуулагдсан 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн зээлийн гэрээний дагуу зээлдүүлэгч Д.Б- нь 7,000,000 төгрөгийг сарын 5 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай зээлдэгч Г.М- т зээлдүүлсэн, 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр гэрээний хугацааг 3 сараар сунгасан үйл баримтыг хэргийн нотлох баримтуудыг үндэслэн анхан шатны шүүх зөв тогтоосон. /хх-94, 115-116/ Уг зээлийн гэрээний үүрэг дуусгавар болсон эсэх, зээлийн үүрэгт илүү төлсөн эсэх нь талуудын маргааны зүйл болжээ.

4.Үндсэн нэхэмжлэлийн шаардлагын талаар:

4а.Нэхэмжлэгч Г.М- нь зээлийн үүрэгт илүү төлөлт хийсэн, хариуцагч үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэх үндэслэлээр хариуцагч Д.Б- аас 4,580,000 төгрөг нэхэмжилж, шүүхэд иргэн С.Буянхишиг, С.Мандахнаран, Д.Н нарын болон өөрийн ХААН банк ХХК дах дансны хуулгыг нотлох баримтаар шүүхэд гарган өгсөн байна. /хх-15-38/

4б.Хариуцагч Д.Б- , иргэн Д.Н ийн данснаас өөрийн эхнэр иргэн П.Б-гийн данс руу шилжүүлсэн мөнгөн хөрөнгийг Г.М- тэй байгуулсан зээлийн гэрээний харилцаанд хамаарахгүй гэх үндэслэлээр эс зөвшөөрч, бусад иргэдийн данснаас Д.Бүжингийн дансаар дамжуулан гэрээний гүйцэтгэлийг авч байсан үйл баримтыг зөвшөөрсөн агуулгатай тайлбар гаргажээ./хх-63/

5.Анхан шатны шүүх нэхэмжлэгчийг зээлийн гэрээний үүргээ гүйцэд биелүүлээгүй гэж дүгнэн, үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дах хэсэгт заасан нотлох баримт үнэлэх журамд нийцэхгүй байна.

5а.Нэхэмжлэгч Г.М- нь зээлийн үүрэгт 2019 оны 08 дугаар сарын 23-ны өдрөөс 2020 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийг хүртэлх хугацаанд нийт 6,850,000 төгрөг төлсөн болох нь хэргийн 34-38 дах талд авагдсан бичгийн баримтаар тогтоогдож байна. Анхан шатны шүүх, дээрх нотлох баримтуудыг үнэлэхдээ хэргийн 35 дах тал буй 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 200,000 төгрөгийн, мөн оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 100,000 төгрөгийн, нийт 300,000 төгрөгийг П.Б-гийн ХААН банк дах **********9 тоот данс руу шилжүүлсэн үүргийн гүйцэтгэлийг орхигдуулж 6,550,000 төгрөг Г.М- ээс шилжүүлсэн гэж дүгнэжээ. Иймд энэ талаарх нэхэмжлэгчийн давж заалдах гомдол үндэслэлтэй.

5б.Нэхэмжлэгч тал иргэн С.Мандахнарангийн данснаас 1,850,000 төгрөг шилжүүлсэн гэж, хариуцагч тал 675,000 төгрөг хүлээн авсан гэж тус тус маргажээ.

Хэргийн 19-20 дах талд авагдсан ХААН банк дах дансны хуулгаар иргэн С.Мандахнарангийн ХААН банк дах 5009635094 тоот данснаас иргэн П.Б-гийн **********9 тоот данс руу 2019 оны 06 дугаар сарын 02-ны өдөр 100,000 төгрөг, мөн оны 07 дугаар сарын 19-ний өдөр 270,000 төгрөг, мөн сарын 23-ны өдөр 305,000 төгрөг, нийт 675,000 төгрөг мөнхөө зээл төлөв гэх утгаар шилжүүлсэн болох нь нотлогдож байх тул зээлийн үүргээс 675,000 төгрөгийг уг дансаар дамжуулан нэхэмжлэгч төлсөн гэж үзнэ. Анхан шатны шүүх зээлийн гүйцэтгэлийг 100,000 төгрөгөөр тооцсон нь алдаатай болжээ.

5в.Хариуцагч Д.Б- , иргэн Д.Н ийн данснаас эхнэр П.Б-гийн данс руу шилжүүлсэн мөнгөн хөрөнгийг Г.М- ийн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд хамааралгүй гэж тайлбарлан, талууд маргажээ.

 

Хэргийн баримтаас үзвэл иргэн Д.Н ийн ХААН банк дах 57******** дугаартай данснаас иргэн П.Б-гийн мөн банк дах **********9 тоот данс руу 2019 оны 02 дугаар сарын 11-ний өдрөөс мөн оны 06 дугаар сарын 16-ны өдрийн хооронд мөнхөө гэсэн утгаар нийт 3,540,000 төгрөг шилжүүлсэн байна. /хх-21-29/ Хариуцагч уг баримтыг үгүйсгэж, өөр баримтаар няцааж чадаагүй байх тул уг мөнгийг нэхэмжлэгч Г.М- ийн зээлийн үүргээс хасч тооцох нь зүйтэй.

 

5г.Анхан шатны шүүх дээрх нотлох баримтыг үнэлж 1,850,000 төгрөгийн хэмжээнд үүргийг тооцсон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дах хэсэгт заасан нотлох баримт үнэлэх журамд нийцээгүй байх тул энэ талаарх нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын зарим хэсэг үндэслэлтэй. Учир нь 2019 оны 06 дугаар сарын 16-ны өдөр дээрх дансаар дамжуулан 50,000 төлсөн гэх баримт хэрэгт авагдаагүй байна.

 

5д.Анхан шатны шүүх хэргийн 16-18 дах талд авагдсан бичгийн нотлох баримтыг үндэслэн нэхэмжлэгчийн үүргийн гүйцэтгэлээс 560,000 төгрөгийг хасч тооцсон нь зөв байх тул иргэн С.Буянхишигийн ХААН банкны 5069218366 тоот данснаас иргэн П.Б-гийн данс руу 560,000 төгрөг шилжүүлсэн, шүүх дутуу тооцсон гэх нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй байна.

 

5е.Дээрхээс дүгнэвэл, нэхэмжлэгч Г.М- нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 11,200,000 төгрөг төлөхөөс 11,625,000 төгрөг төлж, 425,000 төгрөг илүү төлсөн байх тул хариуцагч Д.Б- ыг энэ хэмжээгээр үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэх нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д нийцнэ.

6.Сөрөг нэхэмжлэлийн шаардлагын талаар:

6а.Хариуцагч Д.Б- нь нэхэмжлэгч Г.М- т холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 8,737,500 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

Нэхэмжлэгч Г.М- нь зээлийн гэрээний үүргээ бүрэн гүйцэтгэсэн болох нь хэргийн нотлох баримтаар тогтоогдсон, энэ талаар дээр дүгнэсэн тул хариуцагч Д.Б- нь зээлийн үүрэг, мөн алданги тооцон шаардах эрхгүй.

6б.Анхан шатны шүүх хэргийн нотлох баримтыг үндэслэн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6 дах хэсэгт заасантай нийцээгүй байна. Давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах замаар дээрх алдааг залруулан дүгнэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт заасанд нийцнэ гэж үзлээ.

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахаар шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 101/ШШ2021/04241 дугаартай шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан хариуцагч Д.Б- аас 425,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Г.М- т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 4,155,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай. гэж,

2 дах заалтад Иргэний хуулийн 281 дүгээр сарын зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6 дах хэсэгт заасан үндэслэлгүй тул нэхэмжлэгч Г.М- ээс зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 8,737,500 төгрөг гаргуулах тухай хариуцагч Д.Б- ы сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай. гэсэн нэмэлт оруулж,

тогтоох хэсгийн 2, 3, 4, 5 гэснийг 3, 4, 5, 6 гэж өөрчлөн дугаарлаж,

3 дах заалтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 158,030 төгрөгийг, хариуцагчаас сөрөг нэхэмжлэлийн шаардлагад урьдчилан төлсөн 154,750 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Б- аас 8,850 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Г.М- т буцаан олгосугай. гэж өөрчлөн найруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 120,660 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсэгт тус тус заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД Д.БЯМБАСҮРЭН

 

Ч.ЦЭНД