2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр

2025 оны 05 сарын 27 өдөр

Дугаар 191/ШШ2025/04763

 

 

 

 

 

 

 

 

2025 05 27 191/ШШ2025/04763

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч О.Цэнд-Аюуш даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

 

Хүсэлт гаргагч: Улаанбаатар хот, ..................., өөрийн байранд байрлах, .....банк ХК /РД:...../-ийн хүсэлттэй,

 

Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох .....-ыг эрэн сурвалжлуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөхөөр нарийн бичгийн дарга Л.Мэндбулган оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Хүсэлт гаргагч .....банк ХК нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ....эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргаж, хүсэлтийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:

Зээлдэгч О.О нь .....банктай 2021 оны 6 дугаар сарын 07-ны өдөр R000183537 тоот Банкны бүтээгдэхүүн үйлчилгээ үзүүлэх ерөнхий гэрээ болон Дижитал банкны үйлчилгээ үзүүлэх гэрээ байгуулсан.

Энэхүү гэрээний хүрээнд дижитал буюу цахим зээлээр 2035110683 тоот зээлийн данс үүсэж 2023 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр 7,210,312 төгрөгийн зээлийг жилийн 21 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай, 2024 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр ЗГ2035110878 тоот Зээлийн гэрээ байгуулж 10,000,000 төгрөгийн зээлийг жилийн 22.8 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай, 2023 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр 1713776408642 тоот Кредит картын гэрээ байгуулж 10,000,000 төгрөгийг бэлэн мөнгө авсны хүү сарын 3.5 хувь, бэлэн бус гүйлгээний хүү сарын 2 хувь, зээлийн хугацаа хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүү 1 хувийн хүүтэй, зээлийн эрх хэтрүүлж ашиглах хэмжээ 5 хувь, 24 сарын хугацаатай ашиглах нөхцөлтэйгээр тус тус зээл авч ашигласан.

2025 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар 2035110683 тоот зээлийн хувьд 315 хоног хугацаа хэтэрч 8,318,286.13 төгрөг, 2035110878 тоот зээлийн хувьд 298 хоног хугацаа хэтэрч 11,519,514.66 төгрөг, 1713776408642 тоот кредит картын хувьд 2024 оны 6 дугаар сараас хойш буюу 10 сарын турш хугацаа хэтэрч 13,447,033.14 төгрөг буюу нийтдээ 33,284,833.93 төгрөгийн зээлийн өр үүсгэж банкийг хохироож байна.

Зээлдэгч .......тоот хаягт оршин суудаг гэж бүртгүүлсэн боловч тус хаягт бүртгэлтэй бөгөөд оршин суудаггүй болох нь Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 182/Ш32024/20641 дугаар захирамжаар тодорхойлогдож байна.

Мөн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 191/ШЗ2025/14625 дугаар захирамжаар хариуцагчийн ээжийн гэрийн хаяг болох Б...... тоот-д оршин суудаггүй нь тогтоогдсон. Иймд О.... эрэн сурвалжлах шийдвэр гарган, холбогдох байгууллагад үүрэг болгож өгнө үү гэжээ.

 

2. Хүсэлт гаргагч нь энэхүү шаардлагатайгаа холбогдуулан дараах баримтыг нотлох баримтаар гаргаж өгчээ. Үүнд:

2.1 Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хх-4-5/

2.2 Зээлийн гэрээ, Банкны бүтээгдэхүүн үйлчилгээ үзүүлэх ерөнхий гэрээ, Дижитал зээлийн гэрээ, Кредит картын гэрээ /хх-6-7, 9-15, 17-18/

2.3 Хүү тооцооллын хүснэгт, Зээлийн дансны хуулга /хх-19-27/

2.4 Кредит картын тооцооллын хүснэгт /хх-24-25/

2.5 Зээлдэгчид хүргүүлсэн мэдэгдэл /хх-28-29/

2.6 Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 191/ШЗ2025/14642 дугаар захирамж /хх30/

2.7 Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 182/ШЗ2024/20641 дугаар захирамж /хх-31-32/

 

3. Тус шүүхийн шүүгчийн 2025 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 191/ШЗ2025/19556 дугаар захирамжаар О.Оын оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагааг бүрдүүлсэн байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Хүсэлт гаргагч .....банк ХК нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ....эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.

 

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудын хүрээнд дүгнэлт хийж, дараах үйл баримт, хууль зүйн үндэслэлээр хүсэлтийг хангаж шийдвэрлэв.

 

.....банк ХК, О.О нарын хооронд 2021 оны 6 дугаар сарын 07-ны өдөр Банкны бүтээгдэхүүн үйлчилгээ үзүүлэх ерөнхий гэрээ 2024 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр Дижитал зээлийн гэрээ, 2024 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр Зээл гэрээ, 2024 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр Кредит картын гэрээ тус тус байгуулагдсан талаарх баримт хэрэгт авагдсан ба О.О нь энэхүү гэрээтэй холбоотой нэхэмжлэл гаргах .....банк ХК-ийн шаардлагад хариуцагч болох үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1, 155.2 дахь хэсэгт иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд оршин суугаа газар нь мэдэгдэхгүй бол түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг хүсэлт гаргагч нь өөрийн оршин байгаа газрын шүүхэд гаргах талаар зохицуулжээ.

 

.....банк ХК нь О.Оын оршин суугаа газар мэдэгдэхгүй байгаа гэх үндэслэлээр түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргахдаа дээрх хуульд заасан харьяаллыг зөрчөөгүй байна.

 

Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ..... нь Ч..... тоот хаягт бүртгэлтэй боловч оршин суудаггүй болох нь хүсэлт гаргагчийн тайлбар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 182/ШЗ2024/20641 дугаар захирамж, ..... тоот хаягт бүртгэлгүй бөгөөд оршин суудаггүй болох нь хүсэлт гаргагчийн тайлбар, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 191/ШЗ2025/14642 дугаар захирамж зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт Хүсэлтэд хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлуулах үндэслэлийг тодорхойлж, түүний оршин байгаа газрыг олж тогтооход ач холбогдол бүхий бичиг баримтыг боломжтой бол хавсаргана. Шүүх хүсэлтийг хүлээн авч эрэн сурвалжлах тухай шийдвэр гаргана, 155.4 дэх хэсэгт Хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлах, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг шүүхийн шийдвэрийн дагуу цагдаагийн байгууллага гүйцэтгэнэ гэж тус тус заасан.

 

Иймд .....банк ХК-ийн хүсэлтийг хүлээн авч, иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ....эрэн сурвалжилж, оршин суугаа газрын тогтоох ажиллагаа явуулахыг Чингэлтэй дүүргийн Цагдаагийн газарт даалгаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

2. Хүсэлт гаргагч .....банк ХК-ийн хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт заасны дагуу хүсэлт гаргагч .....банк ХК-ийн хүсэлтийг хангаж, иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох .....-ыг эрэн сурвалжилсугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дэх хэсэгт заасны дагуу иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ....эрэн сурвалжилж, оршин суугаа газрын тогтоох ажиллагаа явуулахыг Чингэлтэй дүүргийн Цагдаагийн газарт даалгасугай.

 

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт заасны дагуу хүсэлт гаргагч .....банк ХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

4. Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ....хаана байгааг тодруулсны эцэст хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ......д мэдэгдэхийг Чингэлтэй дүүргийн Цагдаагийн газарт даалгасугай.

 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн хугацаа өнгөрмөгц хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэрийг хүсэлт гаргагч эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ О.ЦЭНД-АЮУШ