Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 08 сарын 28 өдөр

Дугаар 638

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж,

нарийн бичгийн дарга: В.Бадмаагарав;

улсын яллагч: Г.Цогтгэрэл;

шинжээч эмч: Н.Туяа;

хохирогч: Ж.Пүрэвжаргал, түүний өмгөөлөгч Ж.Батзоригт;

шүүгдэгч: Н.Б, түүний өмгөөлөгч Ц.Туяа нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.Б-ад холбогдох эрүүгийн 1709000000140 дугаартай хэргийг 2018 оны 07 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

           

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

Монгол Улсын иргэн, 1958 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 59 настай, эрэгтэй, дээд боловсролтой, хүний их эмч мэргэжилтэй, “Өргөө” амаржих газарт эмч ажилтай, Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороо, 1 дүгээр 40 мянгатын 62 дугаар байрны 13 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, НАХЯ-ны Хязгаарын ба Дотоодын цэргийн тусгай шүүхийн 1980 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 46 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 168 дугаар зүйлийн Б-д зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, Улаанбаатар хотын шүүхийн 1981 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 161 дугаартай магадлалаар үлдсэн 04 сар 22 хоногийн хорих ялаас тэнсэн суллагдсан, ХГ58121471 регистерийн дугаартай, Боржигон овогт Н.Б.

 

            Прокуророос үйлдэж ирүүлсэн яллах дүгнэлтээр:

Яллагдагч Н.Б нь 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Өргөө” амаржих газрын хувцас солих өрөөнд Ж.Пүрэвжаргалын нүүрэн тус газарт цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Б мэдүүлэхдээ: 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр “Өргөө” амаржих газрын эмч нарын хувцас солих өрөөнд Нямжав эмч, Баясгалан эмч, Пүрэвжаргал эмч бид нар ойр зуурын юм ярьж байгаад хувцасаа сольсон юм. Би хувцасаа сольж дуусаад өрөөнөөс гарсан. Пүрэвжаргалтай маргалдсан асуудал байхгүй. Дараа нь дарга намайг дуудсан. Даргын өрөөнд ороход удирдлагууд болон цагдаа байж байсан. Намайг Сүхбаатар дүүргийн Цагдаагийн хэлтэс рүү авч явсан. Тэнд “Пүрэвжаргалыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл учруулсан” гээд байцаалт авсан юм. Би Пүрэвжаргал эмчийг зодоогүй гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ж.Пүрэвжаргал мэдүүлэхдээ: 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн өглөө 08 цагийн үед “Өргөө” амаржих газрын эмч нарын хувцас солих өрөөнд хувцасаа сольж байгаад Н.Б бид хоёр маргалдсан. Маргалдсан шалтгаан нь би Н.Б-ын компьютер дээрээс түүний хамт ажилладаг эмч нарынхаа талаар бичсэн зүйлсийг зөвшөөрөлгүй үзсэнээс болсон юм. Маргалдсанаас болж Н.Б намайг цохисон. Намайг цохьчихоод хамт байсан эмч нарыг “та нар Ж.Пүрэвжаргалыг цохисныг хараагүй шүү” гэж хэлээд хувцас солих өрөөнөөс гарч явсан.  Н.Б цохиулсны улмаас миний дээд уруул зүсэгдэж, 25 дугаар шүд хөдөлсний улмаас шүднүүддээ эмчилгээ хийлгэсэн. Гомдолтой байна. Эмчилгээний зардалд гарсан 5.100.000 төгрөгийг гаргуулах саналтай байна гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжээч эмч Н.Туяа мэдүүлэхдээ: Хохирогчийн шүд тухайн үед цохиулснаас болж гэмтсэн байх боломжтой. Цохиулснаас болж хиймэл шүднүүд хөдөлгөөн орох боломжтой гэв.

 

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд хохирогч Ж.Пүрэвжаргал /хх-ийн 8-10, 52, 81-82/, гэрч С.Нямжав /хх-ийн 13-14/, М.Баясгалан /хх-ийн 15/, Ж.Бумнанжид /хх-ийн 53-54/, Д.Чулуунбаатар /хх-ийн 93-94/, С.Алтантуяа /хх-ийн 96-97/ нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 13803 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 17/, мөн хүрээлэнгийн 2018 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн Шүүх эмнэлгийн хавтаст хэргийн материалын 618 дугаартай дүгнэлт /хх-ийн 83-84/, хохирлын баримтууд /хх-ийн 33-35, 63/, АШУҮИС Нүүр ам судлалын сургуулийн тодорхойлолт, эмчийн магадалгаа /хх-ийн 36-37/, Н.Б-ын хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 23-26, 28-32/, эд мөрийн баримтаар тооцох тогтоол /хх-ийн 58-59/, бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 60-62/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутагт байрлах “Өргөө” амаржих газарт буюу тухайн байгууллагын ажилчдын хувцас солих өрөөнд Н.Б, Ж.Пүрэвжаргал нар өөр хоорондоо маргалдаж улмаар Н.Б нь Ж.Пүрэвжаргалын нүүрэн тус газарт цохиж, түүнийг хөнгөн гэмтээсэн нөхцөл байдал тогтоогдов.

 

Энэ үйл баримт нь шүүхийн хэлэлцүүлэг, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдоно. Үүнд:

 

хохирогч Ж.Пүрэвжаргалын /хх-ийн 8-10, 52, 81-82/: “... 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өглөө 8.10 цагт “Өргөө” амаржих газар ажил дээрээ ирээд хувцас солих өрөөнд хувцасаа сольж байтал гаднаас Бадрах эмч орж ирээд хувцасаа сольсон. Бадрах эмч “эмч нарын талаар компьютер дээрээ бичсэн” байсныг би Мядаг эмчид хэлсэн байсан юм. Бадрах тэр талаар Өнөржаргал эмчээс мэдсэн байсан бөгөөд хувцас сольж байхдаа энэ талаар ярихаар нь би Бадрах эмчид хандаж “юмаа нуухгүй бол нүдээ нуухгүй” гэж хэлсэн. Гэтэл  Бадрах эмч шууд над руу хүрч ирээд миний толгойруу хоёр удаа цохьсон...Хоёр дахь удаагаа зүүн уруулын дээд хэсэгт цохисон…” гэх мэдүүлгээр,

           

гэрч С.Нямжавын /хх-ийн 13-14/: “...Пүрэвжаргал, Бадрах эмч 2 айхтар хэрэлдэж муудалцсан зүйл байхгүй. Пүрэвжаргал эмч хувцасаа солиод гарах гэж явж байхад Бадрах эмч цохисон уу, алгадсан уу хараагүй. Пүрэвжаргал эмч “намайг цохичихлоо” гэж хэлээд үлдсэн...Дараа нь Бадрах эмч “хуучны хэрүүл маргаанаас болсон” гэж байсан…” гэх мэдүүлгээр,

 

гэрч М.Баясгалангийн /хх-ийн 15/: “…Пүрэвжаргал, Бадрах хоёр “чи ер нь” гээд ярихын хувьд ярьж байсан, юунаас болж маргалдсаныг нь мэдээгүй. Хоорондоо өндөр дуугаар ярьсан. Бадрах эмч Пүрэвжаргалыг “чи тэгсэн юм уу” гээд хоорондоо жоохон өндөр дуугаар ярьж байсан…” гэх мэдүүлгээр, 

 

гэрч Ж.Бумнанжидын /хх-ийн 53-54/: “...Би Пүрэвжаргалаас “юу болсон бэ?” гэж асуухад “Бадрах эмч намайг зодчихлоо” гээд уруул хэсгээ надад харуулсан. Тухайн үед уруул нь хавдсан шинжтэй байсан...” гэх мэдүүлгээр,

 

гэрч Д.Чулуунбаатарын /хх-ийн 93-94/: “...”Юу болсон” талаар эхнэрээсээ асуухад “Бадрах эмч намайг зодсон” гэж хэлсэн...” гэх мэдүүлгээр,

 

гэрч С.Алтантуяагийн /хх-ийн 96-97/: “...2018 оны 11 дүгээр сарын 03-ны өглөө намайг ажилдаа ирж байх үед Пүрэвжаргал эмч над руу залгаж “Н.Б намайг зодчихлоо, би хувцасны өрөөнд байна” гэж хэлсэн. Тэгэхээр нь би ажил руу орж байсан учраас өөрийнхөө өрөө рүү оролгүйгээр шууд эмч нарын хувцас солих өрөөнд орох үед Ж.Пүрэвжаргал эмч уйлсан байдалтай сууж байсан. Би ороод Пүрэвжаргал эмчээс “яасан, юу болов?” гэхэд “Н.Б эмч намайг зодчихлоо” гэж хэлсэн...” гэх мэдүүлгээр,

 

            Н.Бын буруутай үйлдлийн улмаас Ж.Пүрэвжаргалын биед “дээд урууланд шарх” бүхий мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх, хэрэг учрал болсон цаг хугацаанд үүссэн байх боломжтой, Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл учирсныг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 13803 дугаартай шинжээчийн дүгнэлтээр /хх-ийн 17/,

 

            мөн хүрээлэнгийн “…Ж.Пүрэвжаргалын биед тухайн үед дээд уруулд шарх” гэмтэл учирсан,  2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 13803 дугаартай шинжээчийн дүгнэлт үндэслэлтэй…” хэмээн дүгнэсэн 2018 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн Шүүх эмнэлгийн хавтаст хэргийн материалын 618 дугаартай дүгнэлт /хх-ийн 83-84/ зэрэг хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.         

           

Дээрх нотлох баримтууд “хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, хохирогч өөрийг нь зодсон хүнийг шууд заасан, хохирогч ажил дээрээ зодуулсан байдалтай байсныг гэрч нар гэрчилж мэдүүлсэн, хохирогч нь шүүгдэгчид зодуулсны улмаас гэмтсэн, шүүх эмнэлгийн дүгнэлтээр хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол (гэмтэл) учирсан болохыг тогтоосон” зэрэг үйл баримтуудыг агуулж байх тул энэ хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж шүүх үзсэн болно.

           

Шүүх хуралдаанаар тогтоогдсон дээрх хэргийн нөхцөл байдалд үндэслэн 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өглөө Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутагт байрлах “Өргөө” амаржих газрын ажилчдын хувцас солих өрөөнд шүүгдэгч Н.Б нь “өөрийнх нь компьютерт бичсэн зүйлсийг зөвшөөрөлгүй үзсэн” хэмээн дургүйцэж Ж.Пүрэвжаргалыг буруутган зодсоны улмаас түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэж шүүх дүгнэв.

           

Дээрх шалтаг, шалтгааны улмаас хохирогчийг зодож, үйлдэлээсээ учирч болох хор уршгийг ухамсарлан ойлгож, учрах хор уршгийг урьдаас мэдсэн, улмаар уг хор уршигт зориуд хүргэсэн буюу хохирогчийг хөнгөн гэмтээсэн Н.Бын гэм буруугийн санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй.

 

Шүүгдэгч Н.Б өөрийгөө, түүний өмгөөлөгчөөс “Ж.Пүрэвжаргалд хөнгөн гэмтэл учруулан зодсон” хэрэгт оролцсон болохыг үгүйсгэж буй боловч шүүх дараах байдлаар дүгнэлт хийж шүүгдэгч, түүний өмгөөлөгчийн дүгнэлт, мэдүүлэгт няцаалт өгсөн болно.

 

Хохирогч Ж.Пүрэвжаргал тухайн хэрэг гардаг өдөр хохирсон талаараа шууд цагдаагийн байгууллагад хандаж өргөдөл гаргасан, хэрэг гарсан өдөр шүүгдэгч, хохирогч нартай хамт байсан С.Нямаа, М.Баясгалан нар “Н.Б, Ж.Пүрэвжаргал нар өөр хоорондоо өндөр дуугаар ярьж маргаж байсныг, мөн Н.Б нь Ж.Пүрэвжаргалын биед чухам ямар байдлаар халдсаныг хараагүй боловч Ж.Пүрэвжаргал “Н.Б намайг цохисон” гэж хэлж байсныг, хохирогч ажил дээрээ зодуулсан байдалтай байсныг Ж.Бумнанжид, Д.Чулуунбаатар, С.Алтантуяа нарын гэрчүүд мэдүүлгээрээ эргэлзээгүй баталсан, хохирогч өөр хүнд, өөр газарт зодуулсан байж болзошгүй эргэлзээ төрүүлэхээр өөр ямар нэгэн баримт сэлт хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтаар авагдаагүй зэрэг нь шүүгдэгч Н.Б-ыг энэ хэрэгт гэм буруутай гэж дүгнэх нотолгооны үндэслэл болно.

 

Иймээс шүүгдэгч Н.Б-ын хилс хэрэг хүлээлгэсэн тухай гомдол болон түүний өмгөөлөгчийн “мөрдөн шалгах ажиллагаа нэмж хийлгэх” тухай хүсэлт, гомдлыг хангах боломжгүй гэж шүүх дүгнэв.

 

Мөн хэргийн 51, 76, 79 дүгээр талуудын ар талд  уг хэргийг мөрдөх мөрдөгч нарын нэрийг бичиж, албаны цохолт хийсэн, хэргийг хүлээн авсан мөрдөгч “…хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулах тогтоол” үйлдсэн (хх-ийн 80) байх тул шүүгдэгчийн өмгөөлөгчийн “хэргийг нэг мөрдөгчөөс нөгөө мөрдөгчид шилжүүлэхдээ хууль зөрчсөн” гэх агуулга бүхий гомдол хууль зүйн үндэслэлгүй гэж шүүх үзэв.

 

Харин хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдсон CD, уг CD бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлд “бичлэгийг хаана хийсэн, харилцаж буй хүмүүсийн дуу хоолой (хэн болох нь тогтоогдоогүй)” байх тул дээрх нотлох баримтыг шүүх шийдвэрийнхээ үндэслэл болгоогүйг дурьдаж байна.

 

Ийнхүү шүүхийн шийдвэрийн тодорхойлох хэсэгт дурьдагдсан байдлаар шүүгдэгч Н.Б-ын хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруу шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдсон гэж дүгнэж түүнд Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх үндэстэй.

 

Шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирлын төлбөрийн асуудлыг дараах байдлаар шийдвэрлэв.

 

Хохирогч Ж.Пүрэвжаргал гэмт хэргийн хор уршгийн нөхөн төлбөрт 5.100.000 төгрөгийг (хх-ийн 63 имплант хийлгэхэд гарсан зардал) нэхэмжилсэн (хх-ийн 33-35 талд тусгагдсан зардлыг нэхэмжлэхгүй гэсэн) болно.

 

Гэвч дан ганц “Монсей” эмнэлгийн санхүүгийн баримтад тулгуурлан дээрх зардлыг шийдвэрлэх боломжгүй байх тул уг нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхив. Харин хохирогч энэ талаархи шаардлага хангасан бусад баримтууд, тухайлбал “Монсей” эмнэлэгт мэс засалд (имплант хийлгэсэн) орсон талаархи өвчний түүх, НӨАТ-н баримт зэргийг хамтад нь хавсаргасны эцэст гэм буруутай этгээдээс иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж байна.

 

Ийм учраас шүүгдэгч Н.Б-ыг энэ тогтоолын хүрээнд хохирогчид төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмуудыг баримтлан шүүгдэгч Н.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор 650 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу (1 нэгж=1000 төгрөг) 650.000 төгрөгөөр торгох ял шийтгэхээр шийдвэрлэв.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн CD 1 ширхэгийг хэрэгт хавсарган үлдээхээр тогтов. 

           

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Боржигон овогт Н.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Б-ыг 650 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 650.000 /зургаан зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Шүүгдэгч Н.Б нь урьд цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

4. Хохирогч Ж.Пүрэвжаргалын 5.100.000 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, энэ талаархи шаардлага хангасан бусад нотлох баримтаа хамтатган бүрдүүлсний эцэст гэм буруутай этгээдээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

 

 5. Эрүүгийн хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт заасныг баримтлан хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан  CD 1 ширхэгийг хэрэгт хавсарган үлдээсүгэй.  

 

 6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Бадрахад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.      

 

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Б.МӨНХ-ЭРДЭНЭ