| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баасанжавын Зориг |
| Хэргийн индекс | 1806029791236 |
| Дугаар | 2026/ДШМ/118 |
| Огноо | 2026-01-28 |
| Зүйл хэсэг | 17.3.2.2., |
| Улсын яллагч | Г.Ган-Эрдэнэ |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 01 сарын 28 өдөр
Дугаар 2026/ДШМ/118
2026 01 28 2026/ДШМ/118
Д.Ц-эд холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Очмандах даргалж, шүүгч Д.Мөнхөө, ерөнхий шүүгч Б.Зориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Г.Ган-Эрдэнэ,
хохирогч “У-” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Б.М-, түүний өмгөөлөгч К.Жархынбек,
цагаатгагдсан этгээд Д.Ц-, түүний Э.Эрдэнэчулуун, А.Оюун, Б.Энхбаяр,
нарийн бичгийн дарга Э.Даваадулам нарыг оролцуулан,
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Доржсүрэн даргалж хийсэн шүүх хуралдааны 2025 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 2025/ШЦТ/2527 дугаар цагаатгах тогтоолыг эс зөвшөөрч хохирогч “У-” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.М-, хохирогч “У-” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Б.М-, түүний өмгөөлөгч К.Жархынбек нарын хамтран гаргасан давж заалдах гомдлууд болон прокурор Г.Ган-Эрдэнийн бичсэн 2025 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 32 дугаар эсэргүүцлийг тус тус үндэслэн Д.Ц-эд холбогдох эрүүгийн 1806029791236 дугаартай хэргийг 2026 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Б.Зоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Ц- овгийн Д-гийн Ц-, ......, ял шийтгэлгүй, /РД: Д-/;
Д.Ц- нь 2015 оны 08 дугаар сарын 10-ны өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “У-” ХХК-ийн байранд 2025 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 07/2015 дугаартай орон сууц захиалгын гэрээ, 2015 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн Д- дугаартай бараа материал зээлээр худалдах, худалдан авах гэрээний дагуу 603,591,502 төгрөгийн арматур төмөр авах талаар амаар тохиролцоод гэрээний дагуу 301,888,138 төгрөгийг бэлнээр төлөөд үлдэгдэл 301,703,502 төгрөгийн оронд 1,050,000 төгрөгөөр бодож нийт 314,1 м.кв байр өгөхөөр орон сууц захиалгын гэрээ байгуулан дээрх гэрээний дагуу Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 15 дугаар хороолол, Д- байрны 23, 47, 53, 125, 131, 137, 149 тоот нийт 7 ширхэг орон сууцыг 2016 оны 05 дугаар сарын 02-ны өдөр шилжүүлэхээр тохиролцсон боловч дээрх орон сууцуудыг бусдад зарж борлуулан “У-” ХХК-ийг хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, эзэмшигч өмчлөгчийн эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авч 301,703,502 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулан залилсан гэмт хэрэгт холбогджээ.
Баянгол дүүргийн прокурорын газраас: Д.Ц-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Д.Ц-ийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хураагдсан эд мөрийн баримтгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгчид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, түүнд баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж шийдвэрлэжээ.
Хохирогч “У-” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.М- гаргасан давж заалдах гомдолдоо: “... Д.Ц- нь 2015 оны 08 дугаар сард манай компанийн оффис дээр хэд хэдэн удаа ирж, гүйцэтгэх захирал Д.М- надтай уулзаж, 50 хувийн төлөлтэйгөөр зээлээр арматур худалдаж авах саналыг тавьсан. Уг саналыг тавихаас өмнө буюу 2015 оны 08 дугаар сарын 05-ны өдөр 60 дугаартай “Бараа материал зээлээр худалдах, худалдан авах” гэрээ байгуулж 60,000,000 төгрөгийг арматур худалдан авч, түүнтэй холбоотой төлбөр тооцоогоо төлөөд явж байсан тул итгэл төрж, түүнээс 5 хоногийн дараа буюу 2015 оны 08 дугаар сарын 10-ны өдөр “Бараа материал зээлээр худалдах, худалдан авах гэрээ”-г байгуулж, 603,591,640 төгрөгийн үнэ бүхий арматурыг хүлээлгэн өгсөн. Д.Ц- нь гэрээний үнийн дүнгийн 50 хувийг төлж, үлдэгдэл төлбөр болох 301,703,502.5 төгрөгийг 2016 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр төлж барагдуулна, үлдэгдэл төлбөрийг төлөөгүй тохиолдолд Улаанбаатар хот, Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 15 дугаар хороолол, Д- байрны 23, 47, 53, 125, 131, 137, 149 тоот 7 ширхэг байрыг 2016 оны 05 дугаар сарын 02-ны өдөр шилжүүлэхээр тохиролцож, 2015 оны 08 дугаар сарын 10-ны өдөр “Орон сууц захиалгын гэрээ, худалдан авах гэрээ”-г байгуулсан. Гэвч Д.Ц- нь дээрх гэрээний үүргээ огт биелүүлээгүй бөгөөд 10 жилийн хугацаанд нэг ч төгрөг төлөөгүй, манай компани гэрээний дагуу орон сууцуудыг шилжүүлэн өгөхийг утсаар, албан бичгээр, и-мэйлээр төлбөрөө шаардаж, гэрээнд заасан хугацаанд төлөхгүй байсан тул талуудын хооронд байгуулагдсан “Орон сууц захиалгын гэрээ”-ний дагуу Улаанбаатар хот, Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 15 дугаар хороолол, Д- байрны 23, 47, 53, 125, 131, 137, 149 тоот 7 ширхэг байрыг шилжүүлж өгнө үү гэх шаардлагыг тавьсан боловч “Д-” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Ц- нь Ус сувгийн удирдах газраас орж ирэх санхүүжилт удааширч байна, улсын комисс хүлээж авах ажил удааширч байна, удахгүй өгнө гэх мэтчилэн удаа дараа худлаа хэлж хойшлуулж байсан. Тиймээс манай компанийн зүгээс Баянзүрх дүүргийн Оюуны өмч, Улсын бүртгэлийн хэлтэст “Орон сууц захиалгын гэрээ”-г хавсарган урьдчилсан тэмдэглэгээ хийж өгөхийг хүссэн албан бичгийг хүргүүлтэл тус байгууллагын 2017 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 8/1253 дугаартай албан бичгээр тус байрны 23 тоотыг Ц.Т-, 53 тоотыг Г.Б-, 149 тоотыг Ч-, 47 тоотыг Б.О-д, 125 тоотыг Д-, 131 тоотыг Б.Б-, 137 тоотыг Б- нарт худалдан борлуулсан байна гэх хариуг ирүүлсэн. Өөрөөр хэлбэл Д.Ц- нь манай компанид шилжүүлэх үүрэгтэй орон сууцуудыг мэдсээр бусдад давхар зарж, энэ үйлдлээрээ их хэмжээний ашиг орлого олж, гэрээг биелүүлэх санаа, зорилгогүй байж биднийг төөрөгдүүлэн залилан мэхлэх гэмт хэрэг үйлдсэн. Гэтэл Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүгч Д.Доржсүрэн нь 2025 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 2025/ШЦТ/2527 дугаартай Цагаатгах тогтоолдоо хуулийн тодорхой үндэслэл заалгүй, гэмт хэргийн шинжтэй үйлдлийг иргэний маргаан мэтээр тайлбарлаж, “У-” ХХК-д шилжүүлэн өгөх ёстой 7 ширхэг байраа Д.Ц- нь мэдсээр байж, бусдад давхардуулан худалдаж, ашиг орлого олж, хохирогчийн 10 гаруй жилийн туршид хохироож байгаа этгээдийг ямар ч нотлох баримтгүйгээр гэрээний эрсдэл байна, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны хүрээнд шийдэгдсэн байгаа тул эрүүгийн хариуцлага хүлээлгэхгүй гэж шийдвэрлэсэн нь хууль бус байна. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 3-т “...”У-” ХХК нь иргэний эрх зүйн хамгаалалтаар зөрчигдсөн эрхээ сэргээлгэсэн байхад иргэний хэргийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон нэг үйл явдал, үйл баримтыг эрүүгийн хэрэгт дахин нотлох, тогтоох үндэслэлгүй юм” гэжээ. Өөрөөр хэлбэл, Д.Ц-ийн үйлдэл нь зөвхөн гэрээний үүргээ биелүүлээгүй иргэний маргаан бус, анхнаасаа гэрээний үнийн дүнгийн тал мөнгийг төлөх санаагүй байж бусдыг төөрөгдүүлэн, бодит байдлыг нуух замаар, урьдын итгэлийг эвдэж залилах гэмт хэрэг үйлдсэн. Гэтэл Д.Ц-ийг хэргээс мулталж, хэрэгт онцгой ач холбогдолтой баримтуудад огт үнэлэлт дүгнэлт өгөлгүйгээр хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангахгүй байна. Гэрээг халхавчилж залилан хийж, энгийн иргэдээс эхлээд аж ахуйн нэгжүүдийг хохироодог хууль бус үйлдлийг шүүхээс дэмжиж байгаа нь илтэд хууль бус, ашиг сонирхлын зөрчилтэй шийдвэр болохыг бүрэн нотолж байна. Иймд Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 2025/ШЦТ/2527 дугаартай цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр шийдвэрлэж өгнө үү. ...” гэжээ.
Хохирогч “У-” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Б.М-ын өмгөөлөгч К.Жархынбек давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Нэг. Анхан шатны шүүх хэргийн бодит нөхцөл байдлыг бүрэн тогтоож, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үнэлж, огт дүгнэлт өгөөгүй, “Иргэний шүүхээр шийдвэрлэгдсэн, гэрээний эрсдэл байх тул гэмт хэргийн шинжгүй байна” гэж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1.10 дахь заалтыг ноцтой зөрчсөн. Анхан шатны шүүхээс шүүгдэгч Д.Ц-ийг гэм буруугүй гэж үзэхдээ нотлох баримтыг огт үндэслээгүй, “У-” ХХК-ийг 300 гаруй сая төгрөгөөр хохироосон үйлдлийг гэрээний эрсдэл гэж үзсэн. “Гэрээний эрсдэл” гэж талууд гэрээ байгуулах үед сайн санаатайгаар, хууль ёсны, бодит биелэх боломжтой гэрээ байгуулсан хэдий ч тэдний хяналтаас гадуурх, урьдчилан таамаглах боломжгүй нөхцөл байдлын улмаас үүрэг гүйцэтгэх боломжгүй болсон тохиолдлыг ойлгоно. Харин Д.Ц-ийн хувьд нэг үл хөдлөх хөрөнгийг давхардуулан хэд хэдэн этгээдэд худалдаж, өмчлөх эрх шилжүүлэх боломжгүй нөхцөл байдлыг анхнаасаа мэдсээр байж гэрээ байгуулсан нь гэрээний эрсдэлд хамаарахгүй бөгөөд санаатай, ашиг олох зорилготой хуурсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-т “Хуурч, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан бол дөрвөн зуун тавин нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.”, мөн зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т “бусдад ноцтой, эсхүл их хэмжээний хохирол учруулж үйлдсэн бол арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.” гэж заасан гэмт хэргийн шинжтэй үйлдэл юм. Анхан шатны шүүхийн шүүгч нь Ц.Ц-ийн асуултад хариулж байхад чиглүүлэх, гэрээний эрсдэл гарсан гэж хариулж байна гэх зэргээр шүүгдэгчийг хамгаалах, чиглүүлэх үйлдэл хийснийг хохирогчийн өмгөөлөгчийн зүгээс санал гаргаж, таслан зогсоож байсан. Тодруулбал, 2015 оны 08 дугаар сарын 05-ны өдөр 60 дугаартай “Бараа материал зээлээр худалдах, худалдан авах” гэрээ байгуулж 60,000,000 төгрөгийг арматур худалдан авч, түүнтэй холбоотой төлбөр тооцоогоо төлөөд нутгийн дүү чинь байгаа юм хугацаандаа төлөөд дуусгачихна гэсэн болохоор гэрээний үүргээ биелүүлэх чадвартай этгээд хэмээн итгэж, 2015 оны 08 дугаар сарын 10-ны өдөр өндөр дүнтэй №Д- дугаартай “Бараа материал зээлээр худалдах, худалдан авах тухай гэрээ”, мөн өдөр “Орон сууц захиалгын гэрээ” байгуулж, үлдэх төлбөр болох 301,703,502.5 төгрөгийг төлж барагдуулаагүй тохиолдолд Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 15 дугаар хороолол, Б- байрны 23, 47, 53, 125, 131, 137, 149 тоот нийт 7 ширхэг 314 м.кв орон сууцыг “У-” ХХК-д шилжүүлэхээр харилцан тохиролцсон байдаг. /1хх 10-18/ Гэвч Д.Ц- нь санаатайгаар талуудын хоорондын тохиролцоог зөрчиж, төлөх ёстой төлбөрөө төлөөгүй тохиолдолд шилжүүлэхээр тохиролцсон 7 орон сууцаа “У-” ХХК-д мэдэгдэлгүйгээр бусдад давхардуулан зарж, их хэмжээний ашиг орлого олсон бөгөөд Д.Ц- нь анхан шатны шүүх хуралдааны явцад дээрх орон сууцуудыг хохирогчид мэдэгдэлгүйгээр давхардуулан зарсан үйлдлээ хүлээн зөвшөөрч, зарсан шалтгаан нь “У-” ХХК-д төлөх ёстой төлбөрөө төлөх гэж тайлбарласан боловч 7 орон сууцнаас авсан их хэмжээний ашиг орлогоосоо өнөөдрийг хүртэл хохирогчид нэг ч төгрөгийг төлж барагдуулаагүй. Хохирогч “У-” ХХК нь Д.Ц-ийг гэрээний үүргээ биелүүлэхийг удаа дараа шаардсан байдаг. /1хх 22, 26, 2хх 13-37, 3хх 37-38/ Гэвч Д.Ц- нь элдэв шалтаг тоочин гэрээний үүргээ огт биелүүлэхгүй байсан тул “У-” ХХК-ийн зүгээс Баянзүрх дүүргийн Оюуны өмч, Улсын бүртгэлийн хэлтэст “Орон сууц захиалгын гэрээ”-г хавсарган урьдчилсан тэмдэглэгээ хийж өгөхийг хүссэн албан бичгийг хүргүүлтэл тус байгууллагын 2017 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 8/1253 дугаартай албан бичгээр тус байрны 23 тоотыг Ц.Т-, 53 тоотыг Г.Б-, 149 тоотыг Ч-, 47 тоотыг Б.О-, 125 тоотыг Д-, 131 тоотыг Б.Б-, 137 тоотыг Б- нарт худалдан борлуулсан байна гэх хариуг ирүүлсэн. /1хх 20-21/ Гэтэл анхан шатны шүүх дээрх баримтууд болон гэрч нарын мэдүүлэг болон шүүгдэгч Д.Ц-ийн цагдаагийн байгууллагад анх өгсөн мэдүүлэг, яллагдагчаар татагдсаны дараа өгсөн мэдүүлгүүд, Д.Ц-ийн хувийн байдал, Д.Ц-эд холбогдуулан цагдаагийн байгууллагад ирсэн гомдол, мэдээллүүдэд огт үнэлэлт дүгнэлт өгөлгүй, “гэрээний эрсдэл” гэх хоёрхон үгээр Д.Ц-эд холбогдох хэргийг цагаатгасан нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангахгүй байна. Өөрөөр хэлбэл, Д.Ц- нь урьдчилан таамаглах боломжгүй нөхцөл байдлын улмаас гэрээг биелүүлэх боломжгүй болоогүй, анхнаасаа итгэл эвдэж, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдүүлж, эзэмшигч өмчлөгчийн бараа материалыг өөртөө шилжүүлэн авч, “У-” ХХК-д их хэмжээний хохирол учруулж, залилах гэмт хэргийн шинжтэй үйлдэл хийсэн нь дээрх нотлох баримтуудаар хөтөлбөргүй тогтоогддог бөгөөд нэг үл хөдлөх хөрөнгийг давхардуулан хэд хэдэн этгээдэд худалдах замаар, анхнаасаа өмчлөх эрх шилжүүлэх боломжгүй нөхцөл байдлыг мэдсээр байж, хохирогчийг хууран мэхэлж гэрээ байгуулчхаад дан ганцаар ашиг олж, хохирогчийг хохироох зорилгоор гэрээ байгуулсан болох нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан Залилах гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна. Иргэний шүүх 7 орон сууцыг хэдэн этгээдэд зарсан, түрүүлж хэн авсан, хэн нь шударга эзэмшигч вэ гэх асуудлаар зөвхөн Иргэний хуулийг баримтлан шийдвэрлэсэн. Харин Д.Ц- нь “Орон сууц захиалгын гэрээ”-ний зүйл болох 7 орон сууцыг давхардуулан хүмүүст зарж, их хэмжээний ашиг олсон үйлдэл нь залилах гэмт хэргийн шинжтэй үйлдлийг шалгаж, тогтоогоогүй бөгөөд Монгол Улсад гагцхүү эрүүгийн хэрэг үйлдсэн эсэхийг эрүүгийн хэргийн шүүхээс л тогтоох боломжтой. Гэтэл эрүүгийн шүүхээс та хэд иргэний шүүхээр аль хэдийн хохирлоо барагдуулчихсан байна, хохирогчийн эрх сэргэчихсэн байна гэх утга бүхий шийдвэр гаргаж байгаад харамсаж байна. Д.Ц-ийн гэмт хэргийн шинжтэй үйлдлийн улмаас байгуулагдсан гэрээтэй холбоотой маргааныг иргэний хэргийн шүүхээр шийдвэрлэгдсэн нөхцөл байдал нь гэмт хэргийн шинжийг үгүйсгэхгүй бөгөөд эрүүгийн хариуцлага хүлээлгэх боломжийг хаах ёсгүй юм. Мөн Д.Ц- нь энэ аргаараа бусдыг байнга залилан мэхэлж хохироодог болох нь уг эрүүгийн хэрэг болон 2 дугаар хавтаст хэргийн 217-237 дугаар талд авагдсан баримтуудаас тодорхой харагддаг бөгөөд олон иргэн, аж ахуйн нэгжүүдийг хохироох нь гэмт хэрэг биш, хэвийн зүйл мэтээр тайлбарлаж байгаад гайхаж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсэгт “Шүүхийн хэлэлцүүлэг, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримт шүүхийн шийдвэрийн үндэслэл болно” гэж заасны дагуу шүүх хуралдааны явцад шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь шүүхийн шийдвэрийн үндэс болох ёстой. Шүүх нь нотлох ажиллагааны явцад цугларсан, шүүхээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үндэслэн хэргийн үйл явдлыг тогтоох бөгөөд ингэснээр шүүхээс хэргийн бодит байдлыг зөв тогтоож, үндэслэлтэй шийдвэр гаргах боломжтой болно. Гэтэл “Д-” ХХК-ийн голомт банкны зээл болон цахилгаан шатны асуудлаас болж “У-" ХХК-д орон сууцыг шилжүүлэн өгч чадаагүй, төлбөрийг төлж чадаагүй гэсэн нөхцөл байдал нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар огт тогтоогддоггүй. Анхан шатны шүүх хуралдааны явцад шинжлэн судлагдсан нотлох баримтыг хангалттай шалгаагүй, нэг ч нотлох баримтыг үндэслэхгүйгээр “У-” ХХК нь иргэний эрх зүйн хамгаалалтаар зөрчигдсөн эрхээ сэргээлгэсэн байхад иргэний хэргийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон нэг үйл явдал, үйл баримтыг эрүүгийн хэрэгт дахин нотлох, тогтоох үндэслэлгүй гэж үзэж байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1.10-т заасны дагуу илт үндэслэлгүйгээр хэргийг хэрэгсэхгүй болгосон нь Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчиж байгаа хэрэг юм. Ц-, Анхан шатны шүүх уг хэргийг иргэний эрх зүйн маргаан хэмээн дүгнэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтыг тодорхойлсон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1 дүгээр зүйлд заасан үндсэн зорилгод нийцэхгүй байна. Учир нь хариуцагч нь нэг үл хөдлөх хөрөнгийг давхардуулан олон этгээдэд худалдах замаар давтамжтайгаар, санаатайгаар залилангийн шинжтэй үйлдэл гаргасан байхад уг үйлдлийг “гэрээний эрсдэл” хэмээн үнэлж, эрүүгийн шинжийг иргэний маргаан болгон хязгаарласан нь гэм буруутай этгээдийг шударгаар хариуцлага хүлээлгэх, зөрчигдсөн эрхийг сэргээх зорилтыг алдагдуулж, улмаар гэм буруутай этгээдийг өөхшүүлсэн, шударга ёсны зарчимд харшилна гэж үзэж байна. Иймд Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 2025/ШЦТ/2527 дугаартай цагаатгах тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэж өгнө үү. ...” гэв.
Хохирогч “У-” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Б.М- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Сая дурдсаны адил К.Жархынбек өмгөөлөгчийн тайлбарласнаар 2015 оны 08 дугаар сарын 10-ны өдөр талуудын хооронд бараа материал зээлээр худалдан авах гэрээ байгуулагдсан. Түүнээс хойш өнөөдрийг хүртэл 11 жилийн хугацаа өнгөрсөн боловч энэ хугацаанд Ц- гэдэг хүн нэг ч удаа төлбөр төлөөгүй. Энэ нөхцөл байдлыг анхан шатны шүүх хуралдааны явцад мөн тайлбарласан. Тухайн үед төлбөрөө төлж чадахгүй болсон тохиолдолд долоон орон сууцыг шилжүүлж өгөхөөр талууд анхнаасаа тохиролцсон. Өөрөөр хэлбэл, төлбөрөө төлөх боломжгүй болсон нөхцөлд долоон орон сууцыг шилжүүлэн өгөх агуулга бүхий тохиролцоо гэрээнд тусгагдсан. Орон сууц захиалгын гэрээний дагуу 2016 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр тухайн долоон орон сууцыг хүлээлгэн өгөх ёстой байсан. Гэтэл төлбөрөө төлөөгүй тул төлбөрөө барагдуулах талаар “У-” ХХК-иас удаа дараа албан мэдэгдлүүдийг хүргүүлж эхэлсэн. Тухайн үед төлбөрөө төлөхгүй, мөн орон сууцуудыг шилжүүлэхгүй байх үйл баримтууд бодитоор үүссэн. Залилан мэхлэх гэмт хэргийн хувьд анхнаасаа Ц- гэдэг хүн гэрээ байгуулснаас хойш гэрээний дагуу төлбөр төлөх бодит санаа зорилгыг огт агуулгагүй байсан нь харагддаг. Тэрээр төлбөр төлөхгүй байх зорилготойгоор, зөвхөн өөртөө ашиг олохын тулд уг гэрээг байгуулж, үүнийхээ дагуу нэг ч удаа төлбөр төлөөгүй. Гэтэл Жархынбек өмгөөлөгчийн дурдсанчлан анхан шатны шүүхийн шийдвэрийн 24 дүгээр хуудасны доод хэсэгт “гэрээний харилцаа” гэсэн дүгнэлтийг хийсэн байдаг. Мөн 23 дугаар хуудсанд анхан шатны шүүх ердөө хоёр догол мөрөөр дүгнэлт хийж, гэрээний харилцаа нь иргэний хууль тогтоомжийн дагуу үүсэж, гэрээний биелэлтийн талаар мэдээлэл солилцож, харилцан гомдлын шаардлага гаргаж, эцэст нь эрсдэлд орсон бол түүнийг бүхэлд нь гэрээний эрсдэл гэж үзнэ гэсэн агуулгатай дүгнэлтийг хийсэн. Манай эрүүгийн эрх зүйн зарчмаар бол талуудын хооронд гэрээний харилцаа үүсэж, иргэний хууль тогтоомжийн дагуу гэрээний биелэлтийн талаар мэдээлэл солилцож, харилцан гомдлын шаардлага гаргаж, гэрээний биелэлтийн явцад эрсдэл үүссэн бол түүнийг гэрээний эрсдэл гэж үзэх боломжтой. Харин гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх нь нэгэнт боломжгүй болсныг мэдсээр байж, эсхүл анхнаасаа биелүүлэх бодит боломж, санаа зорилгогүйгээр гэрээ байгуулж, үүний үр дүнд нөгөө талд хохирол учруулсан бол энэ нь гэрээний эрсдэлд хамаарахгүй, гэмт хэргийн шинжтэй үйлдэлд хамаарна.” гэв.
Прокурор Г.Ган-Эрдэнэ бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Цагаатгах тогтоолыг 2025 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч танилцаад, шүүх хэргийг илт үндэслэлгүй хэрэгсэхгүй болгож Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж дүгнэж, дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна.
Үүнд: Д.Ц- нь “У-” ХХК-д гэрээний дагуу 603,591,640 төгрөгөөс 305,888,137,5 төгрөгийг төлсөн, харин 2015 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн №07/2015 дугаартай орон сууц захиалгын гэрээ, 2015 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн №Д- дугаартай Бараа материал зээлээр худалдах, худалдан авах гэрээний дагуу тогтоосон хугацаанд 603,591,640 төгрөгийн үлдэгдэл 301,703,502,5 төгрөгийг 2016 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн дотор төлөх ёстой байсан боловч төлөөгүй, төлж барагдуулаагүй бол Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 15 дугаар хороолол, Д- байрны 23, 47, 53, 125, 131, 137, 149 тоот нийт 7 ширхэг орон сууцыг шилжүүлэн өгөх байтал иргэдэд зарж борлуулсан үйлдэл нь залилах гэмт хэргийн шинжийг хангаж байна. Учир нь хавтаст хэрэгт болон шүүх хуралдаанаар Д.Ц- нь Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 15 дугаар хороолол, Д- байрны 23, 47, 53, 125, 131, 137, 149 тоот нийт 7 ширхэг орон сууцыг “У-” ХХК-д төлбөрөө төлж чадаагүй бол шилжүүлэн өгөхөө мэдэж байсан ч гэрээнд зааснаар өндөр үнийн дүнгээр бусдад худалдсан талаараа урьдчилан мэдэгдээгүй үйл баримт тогтоогдсон. Гэтэл гэрээгээр халхавчлан залилах гэмт хэрэг үйлдэгдсэн байхад анхан шатны шүүхээс гэрээний эрсдэл гэж дүгнэсэн нь үндэслэлгүй буюу шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй гэж үзлээ. Эрүүгийн хуулийн 17 дугаар бүлэгт заасан “Залилах” гэмт хэрэг нь гэмт этгээд өөрийн үйлдлийг хууль ёсны гэсэн хуурамч сэтгэгдлийг өмчлөгчид төрүүлж, эд хөрөнгийг нь сайн дурын үндсэн дээр өөртөө шилжүүлэн авдаг бөгөөд ингэхдээ гэмт үйлдлээ хэрэгжүүлж эхлэхээс өмнө тухайн эд хөрөнгө, түүнийг эзэмших, өмчлөх эрхийг буцааж өгөхгүй байх, хариу төлбөрийг хийхгүй байх санаа зорилгыг агуулдгаараа өмчлөх эрхийн эсрэг бусад гэмт хэргүүдээс ялгагддаг. Иргэний эрх зүйн харилцаа, тухайлбал гэрээний харилцаагаар халхавчлан бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж авах гэмт хэргийн гол шинж нь гэрээний нөхцөлүүд анхнаасаа биелэгдэх боломжгүй болсон явдал юм. Түүнчлэн гэрээгээр хүлээсэн үүрэг нь биелэгдэх боломжгүй болмогц түүгээр шалтаглаж бусдын эд хөрөнгө эсхүл түүний өмчлөх эрхийг бүгдийг буюу заримыг шилжүүлэхгүй байх гэмт санаа зорилго төрж, үүнийгээ хэрэгжүүлэхийн тулд эзэмшигч, өмчлөгчийг төөрөгдүүлэх замаар хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух, бусдыг төөрөгдөлд оруулах зэрэг тодорхой үйлдэл хийсэн нь тогтоогдвол залилан мэхлэх гэмт хэргийн шинжийг агуулсан гэж үздэг. Хэдийгээр Д.Ц- нь залилан мэхлэх санаагүй байсан, компанийн үйл ажиллагааны доголдол, бусад өр зээл болон бусад нөхцөл байдлын улмаас “У-” ХХК-д өгөх төлбөрийг барагдуулж чадаагүй гэж маргасан боловч тэрээр 2015 оноос 2025 он хүртэл 10 жилийн хугацаанд “У-” ХХК-д “... би хохирлоо төлнө, мөнгө өгнө, ажил бүтэхгүй байна, удахгүй өгнө ...” гэх зэргээр бодит байдлыг нууж, төөрөгдөлд оруулах, тодорхой үйлдэл хийсэн байх тул Д.Ц- нь “У-” ХХК-ийг залилсан гэж үзэх үндэслэлтэй байна. Цагаатгах тогтоолд дурдагдсан иргэний хэргийн шүүхийн шийдвэрүүдээр дээрх байрнуудын өмчлөлийн талаар маргасан, үүнийг нь шүүхээс шийдвэрлэсэн болохоос үйл явдалд дүгнэлт хийгээгүй. Д.Ц-ийн “У-” ХХК-тай гэрээ хийсэн, гэрээний дагуу бараа материал авч байгаа арга, сэдэлт санаа зорилго нь залилах гэмт хэргийн шинжийг хангаж байна. Иймд шүүх залилах гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож, Д.Ц-ийг цагаатгасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.10 дахь заалтад заасан шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн гэсэн үндэслэлд хамаарч байх тул Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 2025/ШЦТ/2527 дугаартай цагаатгах тогтоолыг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр прокурорын эсэргүүцэл бичсэн. ...” гэв.
Цагаатгагдсан этгээд Д.Ц-ийн өмгөөлөгч Б.Энхбаяр тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Ерөнхийд нь авч үзвэл уг гомдлууд нь Ц-ийг урьдчилан бий болсон итгэлцлийг ашиглан, анхнаасаа залилан мэхлэх гэмт хэргийн шинжийг агуулсан байсан гэх үндэслэлд тулгуурлаж байна. Гэтэл 2015 оны 08 дугаар сарын 05-ны өдөр Ц- “У-” ХХК-тай анх гэрээ байгуулахдаа, мөн 2015 оны 08 дугаар сарын 10-ны өдөр байгуулсан дараагийн гэрээнүүд нь ижил нөхцөлтэй, нийт үнийн дүнгийн 50 хувийг урьдчилгаа төлж, үлдэгдэл 50 хувийг хуваарийн дагуу төлөх агуулгатай байсан. Эдгээр гэрээний дагуу урьдчилгаа төлбөрийг төлж, мөн 2015 оны 08 дугаар сарын 05-ны өдөр байгуулсан 60 сая төгрөгийн гэрээний үлдэгдэл төлбөрийг ч компанийн санхүүгийн боломжийн хүрээнд, алданги, торгуультай нь хамт төлж явсан нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар нотлогддог. Иймд гэрээ байгуулагдсан тухайн үед Ц-эд төлбөр төлөхгүй байх санаа зорилго огт байгаагүй. Харин төлбөр төлөгдөхгүй нөхцөл байдал нь гэрээ байгуулснаас хойш үүссэн бодит нөхцөл байдлаас, тухайлбал лифт захиалгатай холбоотой гадаад гэрээний биелэлт доголдсон, өмнөх гэрээний дагуу хүлээсэн үүргүүд биелэгдээгүй зэрэг шалтгаанаас үүдэн санхүүгийн хүндрэл үүссэнтэй холбоотой. Прокурор болон хохирогч талын зүгээс 2016 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр долоон орон сууцыг хүлээлгэн өгөх ёстой байсан гэх асуудлыг байнга дурддаг. Гэвч гэрээнд ийм заалт байсан ч 2016 оны 04 дүгээр сараас хойш, 2016 оны эцэс хүртэл “У-” ХХК нь орон сууц нэхэмжлээгүй, зөвхөн мөнгөн төлбөрөө шаардаж байсан нь албан бичиг, и-мэйл захидлын харилцаагаар нотлогддог бөгөөд эдгээр баримтууд хавтаст хэрэгт авагдсан. Мөн тухайн үед Ц-ийн төлбөр төлөх боломж бүрэн үгүй болоогүй байсан. Улсын комиссын хүлээлт дуусаагүй, банкны зээл хүлээгдэж байсан бөгөөд уг барилга нь Ус сувгийн удирдах газрын ажилтнуудад зориулсан, ашиг багатай, хямд өртөгтэй төсөл байсан нь ч санхүүгийн нөхцөл байдалд нөлөөлсөн. Жархынбек өмгөөлөгчийн гаргасан гомдолд дурдсан процессын зөрчлүүд нь ноцтой зөрчилд хамаарахгүй тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болохгүй. Анхан шатны шүүх “гэрээний эрсдэл” гэж дүгнэсэн гэх тайлбар нь бодит байдалд нийцэхгүй бөгөөд шүүх гэрээний эрх зүйн харилцаа, иргэний эрх зүйн маргаан байгаа, уг маргаан гурван шатны шүүхээр хүчин төгөлдөр шийдвэрлэгдсэн гэдэгт үндэслэн цагаатгах тогтоол гаргасан. Иргэний хэргийн шүүх “У-” ХХК-ийн долоон орон сууцтай холбоотой төлбөрийн асуудлыг бүрэн шийдвэрлэсэн, хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр байгаа нөхцөлд уг үйлдлийг эрүүгийн залилах гэмт хэрэг гэж үзэх боломжгүй. Энэ хууль зүйн дүгнэлт нь өмгөөлөгч миний хувьд үндэслэлтэй гэж үзэж байна. Түүнчлэн уг хэрэг нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хоёр удаа гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгогдсон, 2020 онд дахин сэргээгдэн яллагдагчаар татагдсан, улмаар дахин анхан шатанд прокурорын шийдвэрээр хэрэгсэхгүй болгогдож, прокурорын архивт хадгалагдаж байсан хэрэг юм. Гэтэл 5 жил 4 сарын дараа уг тогтоолыг хохирогч талд танилцуулсан гэх үндэслэлээр дахин сэргээсэн боловч энэ хугацаанд мөрдөн шалгах ямар нэгэн ажиллагаа явагдаагүй. Мөн хөөн хэлэлцэх хугацаа дууссан эсэх асуудалд анхан шатны шүүх дүгнэлт хийгээгүй бөгөөд энэ нь мөн анхаарах ёстой нөхцөл байдал юм. Зөвхөн олон жилийн турш төлбөр төлөөгүй гэх шалтгаанаар уг үйлдлийг залилах гэмт хэрэг гэж үзэх нь хууль зүйн үндэслэлгүй. Шүүхийн шийдвэрийн дагуу төлбөр төлөөгүй байдал нь өөрөө залилах гэмт хэргийн шинжийг агуулдаггүй. Прокурорын зүгээс Ц-ийг эрэн сурвалжлагдаж байсан гэх мэт тайлбар өгсөн нь бодит байдалд нийцэхгүй. Ц-тэй холбоотой өр төлбөрийн маргаанууд нь бүгд иргэний эрх зүйн харилцаанд хамаарах бөгөөд эрүүгийн шинжтэй гэдгийг нотолсон хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр байхгүй. Монгол Улсын Үндсэн хуулийн дагуу шүүхээс гэмт буруутай гэж тогтоогоогүй этгээдийг гэм буруутайд тооцох боломжгүй. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М-ын гаргасан гомдолд дурдсанчлан гэрээ байгуулах үед Ц-эд залилан мэхлэх санаа зорилго байсан гэх нотлох баримт, үйл баримт хэрэгт огт авагдаагүй. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцаас харахад энэ нь хоёр аж ахуйн нэгжийн хоорондын бизнесийн шинжтэй гэрээний маргаан юм. Мөн орон сууцыг бусдад зарсан талаар ажилтнуудад огт мэдэгдээгүй гэх тайлбар нь үндэслэлгүй бөгөөд Ц- нь тодорхой ажилтнуудад “У-” ХХК-тай холбоотой асуудал үүссэнийг мэдэгдэж, үүрэг даалгавар өгсөн талаар өөрийн мэдүүлэгт дурдсан байдаг. Үүнээс гадна, уг хэрэгт прокурорын зөвшөөрөлгүйгээр явуулах боломжгүй ажиллагааг өөр этгээдэд холбогдох прокурорын зөвшөөрлийг ашиглан явуулсан нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гэж үзэх үндэслэлтэй. Мөн 5 жилийн дараа хэрэг сэргээгдэх болсон үйл явц, прокурорын архивд байсан тогтоолыг яг хэзээ, ямар байдлаар хохирогч талд танилцуулсан талаарх баримт хэрэгт авагдаагүй. Эдгээр нөхцөл байдлыг харгалзан үзвэл хохирогч талын гомдол, прокурорын эсэргүүцэл нь хууль зүйн үндэслэлгүй, харин анхан шатны шүүхийн гаргасан цагаатгах тогтоол нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Иймд уг цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.
Цагаатгагдсан этгээд Д.Ц-ийн өмгөөлөгч Э.Эрдэнэчулуун тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Улсын яллагчийн зүгээс 2016 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн дотор төлөх ёстой байсан төлбөрийг төлж барагдуулаагүй тохиолдолд долоон орон сууцыг шилжүүлэн өгөх ёстой байсан атлаа тэдгээрийг иргэдэд зарж борлуулсан үйлдэл нь залилах гэмт хэргийн шинжийг хангаж байна гэж үзэж байна. Харин өмгөөлөгч миний бие үүнийг эсрэгээр нь дүгнэж байгаа бөгөөд уг үйлдэл нь залилах гэмт хэргийн шинжийг агуулахгүй, харин иргэний эрх зүйн харилцааны хүрээнд анхан шатны иргэний шүүхээр бүрэн хэлэлцэгдэж, шийдвэрлэгдсэн асуудал гэж үзэж байна. Энэ хэрэгт хоёр гэрээ үүсэж, гуравдагч этгээдүүд оролцсон. Иргэний хэргийн анхан шатны шүүхэд анх долоон орон сууцыг бүхэлд нь нэхэмжилсэн боловч дараа нь дөрвөн орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээ гарсан тул тэдгээрийг нэхэмжлэлээс хасаж, үлдсэн гурван орон сууцны өмчлөх эрхийг тогтоолгох, мөн төлбөрийг мөнгөн дүнгээр нэхэмжлэх байдлаар нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн. Энэ нэхэмжлэлийг К.Жархынбек өмгөөлөгч дэмжин оролцож байсан. Шүүх хуралдааны явцад уг маргаан эрүүгийн журмаар шалгагдаж байгаа тул иргэний хэргийг түдгэлзүүлэх хүсэлт гаргасан боловч шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлд заасны дагуу нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгосон захирамж гаргасан нь хавтаст хэрэгт авагдсан. Үүний дараа нэхэмжлэгч тал дахин нэхэмжлэл гаргасан бөгөөд уг маргаан иргэний журмаар хэлэлцэгдсэн. Иргэний хэргийн анхан шатны шүүх гурван шүүгчийн бүрэлдэхүүнтэйгээр “У-” ХХК-ийг тухайн орон сууцуудын өмчлөгчөөр тогтоосон. Гэвч давж заалдах шатанд гуравдагч этгээд болох Т-, Б- нар өмчлөх эрхийн маргаан гаргаж, Иргэний хуулийн 250 дугаар зүйлийн 250.1-д зааснаар нэг эд хөрөнгийг хэд хэдэн этгээдэд худалдсан тохиолдолд хэний эзэмшилд байгааг тогтоох зохицуулалтыг хэрэглэн, шударга өмчлөгчийг тогтоосон шийдвэр гаргасан. Үүний дараа Улсын дээд шүүхэд гаргасан гомдлоор уг байрнуудыг буцаан нэхэмжлэх боломжгүй гэж үзэн, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг өөрчилж, эцэслэн 413,530,143 төгрөгийг гаргуулах шийдвэр гаргасан. Энэ шийдвэрт хүү, алданги, торгууль бүгд тусгагдсан бөгөөд иргэний хэргийн маргаан бүрэн, эцэслэн шийдвэрлэгдсэн. Иймд уг маргаан нь иргэний хэргийн шүүхээр шийдвэрлэгдсэн гэрээний эрх зүйн харилцааны асуудал гэж өмгөөлөгч миний бие үзэж байна. Мөн орон сууц захиалгын гэрээний 1.5-д “хэрэв орон сууцыг худалдан авахаар бол нэг бүрчилсэн орон сууц захиалгын гэрээ байгуулна” гэсэн заалт орсон байдаг. Үүнээс үзэхэд “У-” ХХК нь анхнаасаа орон сууцыг шууд худалдан авах бодит хүсэл зорилгогүй байсан. Үүнийг удаа дараагийн албан бичгүүд, мөн гэрчүүд болон О- нарын мэдүүлгээр нотлогддог бөгөөд тэдгээрт долоон орон сууц нь барьцааны шинжтэй байсан гэж тайлбарласан байдаг. Иймд өмгөөлөгч миний бие “У-” ХХК нь долоон орон сууцыг өөрт шилжүүлэн авах бодит хүсэл зорилгогүй байсан, харин барьцааны шинжтэйгээр харилцаанд орсон гэж үзэж байна. Үүнтэй уялдуулан Ц- захиралд залилах гэмт хэргийн субъектив тал, өөрөөр хэлбэл гэм буруутай санаа зорилго, сэдэл тогтоогдохгүй тул гэмт хэргийн бүрэлдэхүүн хангагдахгүй. Ийм үндэслэлээр анхан шатны шүүхийн гаргасан цагаатгах тогтоол нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд уг тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж өмгөөлөгч миний бие үзэж, дэмжин оролцож байна. ...” гэв.
Цагаатгагдсан этгээд Д.Ц-ийн өмгөөлөгч А.Оюун тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд “Д-” ХХК нь бараа материал зээлээр худалдах, худалдан авах гэрээгээр нийт 600 гаруй сая төгрөгийн үүрэг хүлээж, үүнээс 301,888,000 төгрөгийг 15 удаагийн гүйлгээгээр бэлнээр төлсөн, үлдэгдэл 301 орчим сая төгрөг төлөгдөөгүй үлдсэн нь тогтоогдсон. Үлдэгдэл төлбөрийг барагдуулах зорилгоор нийт 314 м² талбай бүхий долоон орон сууцыг 1 м²-ыг 1 сая 50 мянган төгрөгөөр тооцож өгөхөөр орон сууц захиалгын гэрээ байгуулсан бөгөөд энэ нь бодит, объектив үйлдэл юм. Энэ талаар анхан шатны шүүх дээр талууд маргаагүй. Үлдэгдэл төлбөрт тооцож долоон орон сууцыг барьцаалсан гэх асуудлын хувьд захиалгын гэрээ байгуулагдах үед барилга нь ердөө гурван давхар хүртлээ баригдсан, зөвхөн барилгын план зураг дээрх давхар, метр квадрат, өрөөний сонголтын түвшинд ярилцаж тохиролцсон байсан. Энэ байдлыг “У-” ХХК-ийн захирлын туслах, менежерийн мэдүүлгээр нотолж, уг мэдүүлэг нь 1 дүгээр хавтаст хэргийн 43-45 дугаар хуудсанд авагдсан. “Д-” ХХК нь барилга барих явцад бодит санхүүгийн хүндрэл, эрсдэлд орсон. Тухайлбал, “О-” ХХК-аас дөрвөн ширхэг лифт захиалж, 154,000 ам.долларын 70 хувь болох 108,300 ам.долларыг урьдчилан төлсөн боловч лифт хугацаандаа нийлүүлэгдээгүй, уг мөнгө өнөөдрийг хүртэл буцаан төлөгдөөгүй. Үүнтэй холбоотойгоор 280 орчим сая төгрөгийн санхүүгийн хүндрэл үүссэн, харин уг авлагыг нийлүүлэгч тал хүлээн зөвшөөрсөн болох нь хавтаст хэрэгт тусгагдсан. Энэ нь санаатай залилах үйлдэл бус, бодит бизнесийн эрсдэл байсныг харуулж байна. Прокурорын эсэргүүцэл, хохирогчийн давж заалдах гомдолд “долоон орон сууцыг “У-” ХХК-д шилжүүлэн өгөх ёстой байтал иргэдэд зарж борлуулсан нь залилах гэмт хэргийн шинжийг хангаж байна” гэж дурдсан. Мөн анхнаасаа гэрээний үнийн дүнгийн талыг төлөөд үлдэгдлийг төлөх санаагүйгээр бусдыг төөрөгдүүлсэн гэж тайлбарласан. Гэтэл бодит байдалд 600 орчим сая төгрөгийн үүргийн 50 хувийг бодитоор төлсөн, үлдэгдэл төлбөрийг барагдуулахын тулд орон сууцыг 1 м²-ыг 1 сая 600 мянган төгрөгөөр борлуулж, үүнээс 1 сая 50 мянган төгрөгийг “У-” ХХК-ийн өрийг дарахад ашиглах төлөвлөгөөтэй байсан нь 1 дүгээр хавтаст хэргийн 56-57 дугаар хуудсанд “Д-” ХХК-ийн хуульч Л-гийн мэдүүлгээр нотлогддог. Үлдэгдэл төлбөрийг компанийн хөрөнгө оруулалт хэлбэрээр нөхөх талаар тохиролцсон боловч санхүүгийн хүндрэлээс шалтгаалан эрсдэл үүссэн гэдгийг мөн тайлбарласан байдаг. 2015 оны 08 дугаар сарын 10-нд гэрээ байгуулагдсанаас хойш 2020 оны 08 дугаар сарын 07-нд эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан нь хөөн хэлэлцэх хугацаа дуусахаас ердөө гурав хоногийн өмнө хийгдсэн. Энэ хэрэг тав, зургаан жил хууль хяналтын байгууллагуудаар дамжин шалгагдаж, 2017 оны 02 дугаар сард “У-” ХХК өөрөө уг маргааныг иргэний хэрэг гэж үзэн Баянзүрх дүүргийн шүүхэд нэхэмжлэл гаргаж, Улсын дээд шүүх хүртэл хянан шийдвэрлүүлсэн. Иймд хоёр аж ахуйн нэгжийн хооронд байгуулагдсан гэрээний үүрэг биелээгүй, төлбөрийн маргаан нь иргэний эрх зүйн харилцаанд хамаарах бөгөөд итгэл эвдэгдсэн байдал нь өөрөө заавал эрүүгийн гэмт хэрэг гэж дүгнэгдэхгүй. Эрүүгийн хариуцлага хүлээлгэхийн тулд заавал гэмт хэргийн субъектив тал, өөрөөр хэлбэл анхнаасаа хуурч мэхлэх санаа зорилго тогтоогдох ёстой. Харин энэ хэрэгт ийм санаа зорилго тогтоогдоогүй. Гэрээгээр халхавчилсан залилан гэж үзэхийн тулд тухайн гэрээ анхнаасаа биелэгдэх боломжгүй байх ёстой. Гэтэл энэ хэрэгт гэрээний үүргийн 50 хувь бодитоор биелэгдсэн байна. Иймд үлдэгдэл 300 орчим сая төгрөгийг төлөөгүй явдлыг дангаар нь гэмт хэрэг гэж үзэх үндэслэл байхгүй. Нэг үйл баримтад давхар иргэний болон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь шударга ёсны зарчимд нийцэхгүй. Иргэний эрх зүйн хамгаалалтаар хохирогч тал өөрийн эрхээ бүрэн сэргээж, гурван шатны шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр гарсан нэг үйл явдлыг эрүүгийн журмаар дахин үнэлэх боломжгүй гэж анхан шатны шүүх зөв дүгнэсэн. Иймд анхан шатны шүүхийн гаргасан цагаатгах тогтоол нь хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурласан, хууль зүйн үндэслэлтэй тул цагаатгах тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж өмгөөлөгч миний бие үзэж, дэмжин оролцож байна. ...” гэв.
Цагаатгагдсан этгээд Д.Ц- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Ерөнхийд нь хэлэхэд, миний санхүүгийн байдал хүндрэлд орсон нь залилах гэмт хэрэг үйлдэх санаа зорилготой холбоогүй гэдгийг тайлбарламаар байна. Миний хувьд аливаа этгээдийг зориудаар хуурч мэхлэх, анхнаасаа мөнгө төлөхгүй байх санаа зорилго огт байгаагүй. Тухайн үед санхүүгийн эрсдэл үүссэн нь бодит нөхцөл байдлаас шалтгаалсан. Тодруулбал, Голомт банкнаас манай компанид ипотекийн зээл олгоно гэсэн амлалт өгч байсан боловч уг зээлийг олгохгүйгээр хойшлуулсан. Үүний улмаас манай компани орон сууцуудаа ипотекийн зээлээр дамжуулан борлуулж, санхүүгийн эргэлтэд оруулах боломжгүй болсон. Ипотекийн зээл орж ирэхгүй болсноор төлөвлөсөн борлуулалт хийгдээгүй, улмаар орж ирэх ёстой мөнгөн урсгал тасалдсан. Үүний улмаас тухайн мөнгө дараагийн санхүүгийн үүргүүдэд хүрч чадахгүй, санхүүгийн гинжин хүндрэл үүссэн. Энэ нөхцөл байдлаас шалтгаалан манай компани боломжийн хүрээнд зарим орон сууцыг иргэдэд борлуулсан боловч төлөвлөсөн санхүүжилт бүрдэж чадаагүй. Иймд үүссэн санхүүгийн хүндрэл нь бизнесийн эрсдэлээс үүдэлтэй бөгөөд ямар нэгэн гэмт санаа зорилго, залилах үйлдэлтэй холбоогүй гэж үзэж байна. Санхүүгийн асуудал үүссэн шалтгаанаар уг асуудал эрүүгийн хэрэгт хүрч яригдаж байгааг би үндэслэлгүй гэж ойлгож байна. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх хуралдаанаар Д.Ц-эд холбогдох эрүүгийн хэргийг хэлэлцэхдээ давж заалдах гомдлууд болон эсэргүүцэлд заасан үндэслэлүүдээр хязгаарлахгүйгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж бүхэлд нь хянав.
Баянгол дүүргийн прокурорын газраас, Д.Ц-ийг хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, эзэмшигч өмчлөгчийн эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авч 301,703,502 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулан залилсан гэмт хэрэгт буруутган Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн хэргийг анхан шатны шүүх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж” шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй”; 1.2 дахь заалтад заасан “Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн” байна гэж дүгнээд цагаатгах тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Анхан шатны шүүхээс “...иргэний хэргийн 3 шатны шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон нэг үйл явдал, үйл баримтыг эрүүгийн хэрэгт дахин нотлох, тогтоох үндэслэлгүй...” гэж хэргийн үйл баримтыг яллах дүгнэлт дэх хэргийн нөхцөл байдлаас өөрөөр дүгнэж, “У-” ХХК нь иргэний эрх зүйн хамгаалалтаар зөрчигдсөн эрхээ сэргээлгэсэн байна гээд Б.Ц-эд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй болжээ.
Тодруулбал, иргэний хэргийн шүүхийн шийдвэрүүд нь “У-” ХХК, “Д-” ХХК-тай байгуулсан “Бараа материал зээлээр худалдах-худалдан авах гэрээ”, “Орон сууц захиалгын гэрээ”-ний мөнгөн дүн буюу шилжүүлсэн зүйлийн төлбөрийн асуудлыг, гуравдагч этгээдийн бие даасан шаардлагатай холбоотой иргэний эрх зүйн нэхэмжлэлийг шийдвэрлэсэн байна.
Гэтэл Д.Ц-ийн бодит байдлыг нуух замаар “У-” ХХК-ийг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулж ашиглан хуурч, эд хөрөнгийг нь шилжүүлэн авч, их хэмжээний хохирол учруулсан үйлдэлд анхан шатны шүүх дүгнэлт хийгээгүй байх ба иргэний хэргийн шүүхээр шийдвэрлэсэн асуудал мэтээр хэрэгсэхгүй болгож, шүүгдэгчийг цагаатгаж шийдвэрлэсэн нь хуульд нийцэхгүй байна.
Хэргийн бодит байдлыг тал бүрээс нь бүрэн бодитой тогтоохын тулд нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх шатанд бүхий л ажиллагаа хуульд нийцэж явагдсаныг шалгасны эцэст тухайн нотлох баримтуудыг үнэлэхдээ гэмт явдлыг бүтэц, сэдэлт, санаа зорилго, орон зай, цаг хугацаа, шалтгаант холбоо зэрэгтэй хамааралтай эсэхийг сайтар нягталсны эцэст дүгнэлт хийн шийдвэрлэх байтал яллах талын нотлох баримтыг үгүйсгэсэн нотлох баримт, тэдгээрийн үндэслэлээ заалгүйгээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарахад сөргөөр нөлөөлжээ.
Иймд цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, хохирогч “У-” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.М-, хохирогч “У-” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Б.М-, түүний өмгөөлөгч К.Жархынбек нарын хамтран гаргасан давж заалдах гомдлууд болон прокурор Г.Ган-Эрдэнийн бичсэн 2025 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 32 дугаар эсэргүүцлийг хүлээн авч шийдвэрлэв.
Цагаатгагдсан этгээд Д.Ц-эд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.1, 1.2, 39.9 дүгээр зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 2025/ШЦТ/2527 дугаар цагаатгах тогтоолыг хүчингүй болгосугай.
2. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Д.М-
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ЗОРИГ