Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 03 сарын 25 өдөр

Дугаар 210/МА2022/00563

 

 

 

 

 

2022 оны 03 сарын 25 өдөр

Дугаар 210/МА2022/00563

 

 

 

 

Б.А-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Бямбасүрэн, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 182/ШШ2022/00055 дугаартай шийдвэртэй

Нэхэмжлэгч Б.А-гийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчид холбогдох

2020 оны 09 дүгээр сарын 16-ны өдрөөс 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 12,061,287 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.А-, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Баттулга, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Гүррагчаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч Б.А-гийн нэхэмжлэл, тайлбарын агуулга: Б.А- би 2018 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр Нийслэлийн Багануур дүүргийн 125 дугаар сургуулийн захирлын үүрэгт ажлаас үндэслэлгүйгээр халагдсан. Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 2042 дугаар шийдвэрээр намайг Багануур дүүргийн Оюуны эрин цогцолбор сургуулийн захирлын ажилд эгүүлэн тогтоож, хариуцагчаас цалин хөлс гаргуулж, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгаж шийдвэрлэсэн.

Дээрх шийдвэр нь Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 2247 дугаар магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны 2021 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 639 дугаар тогтоолоор хэвээр үлдсэн.

Уг хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тул шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдсан. Энэ ажиллагааны явцад намайг 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс Багануур дүүргийн Засаг даргын Б/43 дугаар захирамжаар ажилд эгүүлэн томилсон боловч цалин хөлсийг олгоогүй.

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэр гарсан 2020 оны 09 дүгээр сарын 16-ны өдрөөс 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг Оюуны эрэн цогцолбор сургуулийн 2021 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн цалингийн тодорхойлолтыг үндэслэн өөрийн нэг сарын цалинг 964,899 төгрөгөөр тооцоход нийт 12,061,287 төгрөг болсон.

Иймд хариуцагч Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчаас ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 12,061,287 гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгаж өгнө үү гэжээ.

 

2.Хариуцагч Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарын агуулга: Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй. Нэхэмжлэгч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт заасан нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3.Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчаас 8,932,893 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.А-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 3,128,394 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дах хэсэгт зааснаар дээрх олговроос шимтгэл тооцож, нэхэмжлэгч Б.А-гийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийхийг хариуцагч Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчид үүрэг болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Б.А- нь тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2 дах хэсэгт зааснаар хариуцагч Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчаас 157,876 төгрөгийг гаргуулж улсын төсөвт оруулж шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагч Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүх хэрэглэх ёстой байсан хуулийг хэрэглээгүй, нэг талыг баримталсан шийдвэр гаргасан. Боловсролын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай 2018 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн хуулийн 1 дүгээр зүйлд Боловсролын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.12-т зааснаар дүүргийн Засаг дарга нь "аймаг, нийслэлийн боловсролын газрын сонгон шалгаруулалтын дүнг үндэслэн ерөнхий боловсролын сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгчийг томилох, тэдгээрийг үр дүнгийн гэрээний хэрэгжилт болон аймаг, нийслэлийн боловсролын газрын саналыг үндэслэн чөлөөлөх, эрхтэй, мөн 4 дүгээр зүйлд энэ хуулийг 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө гэж заасан. Дээрх хуулийн дагуу Нийслэлийн Засаг дарга нь Б.А-г урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн томилох эрхгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

5.Нэхэмжлэгч Б.А-гийн давж заалдах гомдолд гаргасан тайлбарын агуулга: Давж заалдах гомдлыг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн шийдвэрээр Нийслэлийн Засаг даргад ажилд эгүүлэн томилохыг даалгасан. Хариуцагч нь уг шийдвэрт давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргасан байдаг. Монгол Улсын Дээд шүүх 2021 оны 06 дугаар сарын 03-ны өдөр хэргийг эцэслэн шийдвэрлэсэн. Боловсролын тухай хуульд орсон өөрчлөлтөөр ажилд эгүүлэн томилох эрх этгээд нь Дүүргийн засаг дарга гэх заалт нь 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс мөрдөж эхэлсэн байх тул гомдлыг хангахгүй орхиж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1.Давж заалдах шатны шүүх хариуцагчийн давж заалдах гомдлын хүрээнд хязгаарлалгүйгээр хэргийг бүхэлд нь хянан үзэхэд анхан шатны шүүх хэргийн үйл баримтын талаар дүгнэлт хийхдээ хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу хэрэглэсний улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй байна. Давж заалдах шатны шүүх уг алдааг залруулан дүгнэж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах боломжтой гэж үзлээ.

2.Нэхэмжлэгч Б.А- нь Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчид холбогдуулан 2020 оны 09 дүгээр сарын 16-ны өдрөөс 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 12,061,287 төгрөг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч тал эс зөвшөөрч, уг хэргийн хариуцагч биш гэж маргажээ.

3.Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчид холбогдуулан гаргасан ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлж, нөхөн бичилт хийхийг даалгах тухай Б.А-гийн нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан шийдвэрлэсэн Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 2042 дугаартай шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 2247 дугаартай магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2021 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 639 дугаартай тогтоолууд хэрэгт авагджээ. /хх-6-17/

4.Дээрх хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр Б.А-г урьд эрхэлж байсан ажилд нь эгүүлэн тогтоож, түүний үр дагаврыг арилгахыг ажил олгогчид даалгаж шийдвэрлэснийг Багануур дүүргийн Засаг дарга 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн Б/43 дугаар захирамж гарган биелүүлсэн байна. /хх-5/

5.Нэхэмжлэгч шүүхийн шийдвэр гарсан өдөр буюу 2020 оны 09 дүгээр сарын 16-ны өдрөөс 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд хөдөлмөрлөх эрхийн зөрчил үргэлжилсэн гэж үзээд уг хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг гаргуулах нэхэмжлэлийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчид холбогдуулан гаргажээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар ажилтныг ажил, албан тушаалд эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан хугацаанд урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг олгох үүргийг ажил олгогч хүлээдэг.

6.Аймаг, нийслэлийн боловсролын газрын сонгон шалгаруулалтын дүнг үндэслэн ерөнхий боловсролын сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгчийг томилох, тэдгээрийг үр дүнгийн гэрээний хэрэгжилт болон аймаг, нийслэлийн боловсролын газрын саналыг үндэслэн чөлөөлөх бүрэн эрхийг сум, дүүргийн Засаг дарга хэрэгжүүлэхээр Боловсролын тухай хуулийн 31 дүгээр 31.1.12-т заасан байна. Энэ хуулийн зохицуулалтаар ажил олгогч нь Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч биш, тухайн сургуулийг харьяалах дүүргийн Засаг дарга гэж үзэхээр байна.

Энэхүү шийдвэр нь нэхэмжлэгчийн зохих этгээдэд холбогдуулан шүүхэд мэдүүлэх эрхийг хөндөхгүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.

Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч Б.А-гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохоор давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 182/ШШ2022/00055 дугаартай шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, хариуцагч Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчид холбогдуулан гаргасан 2020 оны 09 дүгээр сарын 16-ны өдрөөс 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 12,061,287 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэгч Б.А-гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсэгт тус тус заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД Д.БЯМБАСҮРЭН

 

Ч.ЦЭНД