| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | О.Цэнд-Аюуш |
| Хэргийн индекс | 191/2025/03515/И |
| Дугаар | 191/ШШ2025/04595 |
| Огноо | 2025-05-22 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийдвэр
2025 оны 05 сарын 22 өдөр
Дугаар 191/ШШ2025/04595
2025 05 22 191/ШШ2025/04595
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч О.Цэнд-Аюуш даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: Улаанбаатар хот, ..... хүсэлттэй,
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Хүсэлт гаргагч Б.Э
Гэрч Б.Т
Шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөхөөр нарийн бичгийн дарга Л.Мэндбулган нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Хүсэлт гаргагч Б.Э нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлт гаргаж, хүсэлтийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:
1.1 Б.Э миний бие 1990 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс Монгол Улсын Засгийн газрын дэргэдэх Удирдлагын хөгжлийн институтэд мужаан, жижүүрээр 1992 оны 8 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл ажилласан.
Удирдлагын хөгжлийн институт нь намын дээд сургуультай нэгдэж Удирдлагын академи болсон.
Удирдлагын академийн архиваас хөдөлмөрийн дэвтэр болон ажилд орсон тушаал гарч ирээгүй. Төв архивт шүүлгэж үзэхэд 1990 оны 6 дугаар сараас өмнөх баримт шилжиж ирээгүй гэсэн хариу өгсөн.
Иймд 1990 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 8 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл Монгол Улсын Засгийн газрын дэргэдэх Удирдлагын хөгжлийн институтэд мужаан, жижүүрээр ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.
2.Хүсэлт гаргагч нь энэхүү шаардлагатайгаа холбогдуулан дараах баримтыг нотлох баримтаар гаргаж өгчээ. Үүнд:
2.1. Хүсэлт гаргагчийн иргэний үнэмлэхийн хуулбар /хх-3/
2.2 Оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-4/
2.3 Архивын ерөнхий газар Үндэсний төв архивын тодорхойлолт /хх-5/
2.4 Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын газрын тодорхойлолт /хх-6/
2.5 Удирдлагын хөгжлийн институтийн Ректорын тушаал /хх-7,10/
2.6 Цалин олгох нэрийн карт /хх-8-9/
2.7 Ээлжийн амралт олгох тушаал /хх-11/
2.8 Г.Агийн тодорхойлолт /хх-42-44/
3. Шүүхээс нотлох баримт бүрдүүлж, Цалин олгох нэрийн карт /хх-24-26/, Удирдлагын хөгжлийн институтийн Ректорын тушаал /хх-28-31/
2025 оны 5 дугаар сарын 15-ны өдөр гэрч Г.А, 2025 оны 5 дугаар сарын 22-ны өдөр гэрч Б.Т нараас мэдүүлэг авсан болно.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Хүсэлт гаргагч Б.Э нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.
Тэрээр хүсэлтийн үндэслэлээ тэтгэвэр тогтоолгох болон улсад ажилласан жилийг тогтоолгож тэтгэмж авах зорилготой, Удирдлагын академи болон Төв архиваас ажилд томилсон тушаал олдоогүй, хөдөлмөрийн дэвтэр байхгүйн улмаас ажилласан жилийг шүүхийн журмаар тогтоолгох болсон гэж тайлбарлав.
Шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч нь 1990 оны 02 дугаар сарын 05-ны өдрөөс 1992 оны 8 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл Удирдлагын хөгжлийн институтэд ажиллаж байсан байдлаа тогтоолгоно гэж шаардлагаа тодруулж байна.
2. Иргэний ажиллаж байсан байдлыг буюу эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг онцгой ажиллагааны журмаар шүүх хянан шийдвэрлэхийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зохицуулсан.
3.Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудын хүрээнд дүгнэлт хийж, дараах үйл баримт, хууль зүйн үндэслэлээр хүсэлтийг хангаж шийдвэрлэв.
3.1 БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн дэргэдэх Удирдах ажилтны мэргэшил дээшлүүлэх институтийн ректорын 1990 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 20 дугаар тушаалаар цэргийн албанаас эрүүл мэндийн байдлаараа халагдсан Балдорж овогтой Эрдэнэбаярыг 1990 оны 02 дугаар сарын 05-ны өдрөөс эхлэн жижүүрээр томилон ажиллуулсан байна.
3.2 Б.Э нь 1990 оны 4 дүгээр сард жижүүр, 1991 оны 3 дугаар сард мужаанаар ажиллаж байсан болох нь Удирдах ажилтны мэргэшил дээшлүүлэх институтийн багш ажилчдын цалин олгох нэрийн картад тусгагдаж, цалин хөлс авч байсан болох нь тогтоогджээ.
3.3 Жилийн эцсийн үр дүнгээр эрхэлсэн ажилдаа амжилт гаргаж, идэвх зүтгэлтэй ажилласан үндэслэлээр хүсэлт гаргагч Б.Эыг БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн дэргэдэх Удирдах ажилтны мэргэшил дээшлүүлэх институтийн ректорын 1990 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 209 дугаар тушаалаар сарын цалин болох 450 төгрөгөөр шагнаж урамшуулсан байна.
3.4 Монгол Улсын Засгийн газрын дэргэдэх Удирдлагын хөгжлийн институтийн ректорын 1992 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 116 дугаар тушаалаар институтийн жижүүр Б.Эыг өөрийнх нь хүсэлтээр 1992 оны 8 дугаар сарын 17-ны өдрөөс үүрэгт ажлаас нь чөлөөлжээ.
3.5 Энэ талаар гэрч Г.А нь ...намайг 1989 оны хавар Удирдлагын хөгжлийн институтэд үйлчлэгчээр ажилд ороод удаагүй байхад Б.Э мужаанаар ажилд орсон. Би 1990 оны намар сургуульд явах гээд ажлаас гарсан. Б.Э мужаанаа хийгээд үлдсэн... гэж, гэрч Б.Т нь ...Монгол Улсын Засгийн газрын дэргэдэх Удирдлагын хөгжлийн институтэд мужаан, жижүүрээр ажиллаж байсан... гэх мэдүүлгийг тус тус өгсөн.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлд Иргэн, хуулийн этгээдийн эдийн ба эдийн бус баялагтай холбоотой эрх үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болоход шууд хамаарах үйл явдлыг эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал гэнэ гэж, мөн зүйлийн 135.3 дахь хэсэгт Эдгээр үйл явдлыг батлах баримт бичгийг өөр журмаар олж авах боломжгүй буюу үрэгдсэн баримт бичгийг сэргээх боломжгүй болсон тохиолдолд шүүх хянан шийдвэрлэнэ гэж заажээ.
Хүсэлт гаргагч Б.Эын тэтгэвэр тогтоолгох эрхийг үүсгэх, түүний ажиллаж байсан байдалтай холбоотой баримт бүрэн хадгалагдаагүй болох нь хүсэлт гаргагчийн тайлбар, архивын байгууллагуудын тодорхойлолтоор тогтоогдож байх бөгөөд Б.Эын ажиллаж байсан байдлыг шүүхээс өөр журмаар сэргээх боломжгүй болсон байна.
5. Дээрх хэрэгт авагдсан нотлох баримт болон гэрчийн мэдүүлэг, хүсэлт гаргагчийн тайлбар зэргийг харьцуулан дүгнэвэл хүсэлт гаргагч Б.Эыг 1990 оны 02 дугаар сарын 05-ны өдрөөс 1992 оны 8 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл Монгол Улсын Засгийн газрын дэргэдэх Удирдлагын хөгжлийн институт /БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн дэргэдэх Удирдах ажилтны мэргэшил дээшлүүлэх институт/-д мужаан, жижүүрээр ажиллаж байсан болохыг тогтоох үндэслэлтэй байна.
6. Хүсэлт гаргагч Б.Эын хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар .......1990 оны 02 дугаар сарын 05-ны өдрөөс 1992 оны 8 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл Монгол Улсын Засгийн газрын дэргэдэх Удирдлагын хөгжлийн институт /БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн дэргэдэх Удирдах ажилтны мэргэшил дээшлүүлэх институт/-д мужаан, жижүүрээр ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагч Б.Эын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн хугацаа өнгөрмөгц хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь зааснаар энэ шийдвэрийг хүсэлт гаргагч эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ О.ЦЭНД-АЮУШ