| Шүүх | Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Заминдийн Төмөрхүү |
| Хэргийн индекс | 172/2018/0137/Э |
| Дугаар | 145 |
| Огноо | 2018-08-29 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Л.Солонго |
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 08 сарын 29 өдөр
Дугаар 145
Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Төмөрхүү даргалж,
Улсын яллагч: Л.Солонго,
Хохирогч: И.Ч ,
Шүүгдэгч: Н.А ,
Нарийн бичгийн дарга: И.Бадамцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Н.А д холбогдох эрүүгийн 1828000000115 дугаартай нэг хавтас хэргийг 2018 оны 08 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч ердийн журмаар хянан хэлэлцэв.
Холбогдсон хэргийн талаар:/яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Насанхүү овогтой А нь 2018 оны 07 дугаар сарын 24-ний өдөр Өмнөговь аймгийн ******* сум, .............................. тоотод орших өөрийн гэртээ 22 цагийн орчимд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн эхнэр И.Ч ын биед халдан зодож, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх хэрэгт цугларсан цагаатгах болон яллах талын нотлох баримтыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Н.А д холбогдох эрүүгийн хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зарим гэмт хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх журамд хамаарч байх тул шүүх хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Н.А нь өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй шүүх хуралдаанд оролцох хүсэлтээ бичгээр гаргасан тул Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэгт заасан “өөрийгөө өмгөөлөх эрх”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан шүүх “шүүгдэгч өөрийгөө өмгөөлөх, эсхүл өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах эрхээ эдлэх боломжоор хангана” гэсэн эрхийг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хангасан болно.
Шүүгдэгч Н.А нь 2018 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 22 цагийн орчимд Өмнөговь аймгийн ******* сумын 7 дугаар баг, *******ын 1-22 тоотод орших гэртээ эхнэр И.Ч ыг “ууланд яваад удлаа, утасны цэнэг дууссан гэж худал хэлсэн” гэдгээр шалтаглан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хохирогчийн бие эрх чөлөөнд халдаж сандлаар зодсон үйл баримт тогтоогдож байна.
Шүүгдэгч Н.А гэмт үйлдэлдээ шууд санаатай, хохирол хор уршгийг хүсч үйлдсэн гэж шүүх дүгнэлээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.А мэдүүлэхдээ...”хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна” гэв.
Хохирогч И.Ч мэдүүлэхдээ...”Хуульд заасан эрхээ эдэлж, гэр бүлийн гишүүнийхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй, гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэв.
Иймд шүүгдэгч Н.А гийн гэмт үйлдлийг хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дараахь нотлох баримтыг үнэлж, гэм бурууг шйдвэрлэх үндэслэлтэй.
Эрүүгийн 1828000000115 дугаартай хэргээс:
Хохирогч И.Ч нь мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: 2018 оны 07 сарын 24-ний өдөр би ажлын хүмүүстэй хамт хөдөө ууланд явчихаад орой 21 цагийн үед гэртээ ирсэн тэгэхэд манай нөхөр Н.А яасан оройтов гэж асуухаар нь ууланд явчихаад ирлээ гэж хэлэхэд утас чинь яагаад холбогдохгүй байгаа юм гэж асуусан. Тэгэхээр нь утасны цэнэг дуусчихсан гэж хэлэхэд миний утсыг аваад асааж үзэхэд миний утас ассан тэгэхэд утас чинь болж байна, чи худлаа хэллээ гэж хэлээд намайг сандлаар цохиод авсан. Би гар болон хөлөөрөө хамгаалахад нилээн хэд цохьсон. Тэгээд уурлаж байгаад больсон. Би өрөөрүүгээ ороод уйлж байгаад унтаад өгсөн. Н.А том өрөөнд унтсан. /хх-10-11 дүгээр хуудас/,
Яллагдагч Н.А мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: 2018 оны 07 сарын 24-ны орой манай эхнэр 21 цаг 40 минут гэж гэртээ ирсэн. Тэгэхдээ архи үнэртүүлсэн байдалтай ирсэн бөгөөд түүнээс нь өмнө би эхнэр И.Ч ын утас руу залгаад холбогдохгүй, мессэж бичихэд хариу өгөхгүй байсан юм. Тиймээс би уурлаад утсаа яагаад асаагаагүй юм гэхэд цэнэг дууссан гэж хэлэхээр утсыг нь аваад асааж үзэхэд асаж байсан. Тэгээд 20 минут асаалттай байж байгаад унтрахаар нь чи худлаа хэлж байна, уул руу явсан юм бол гарч ирээд очиж байна гэж хэлэхэд яадаг юм гэж хэлээд бухимдаад сандал аваад И.Ч ыг цохих гэхэд гар болон хөлөөрөө хаасан тэгэхэд нь би 3-н удаа сандлаар гap болон хөл хэсэгт нь цохьсон. Тэгэхэд эхнэр уйлаад өрөөндөө орсон. Би том өрөөнд унтсан. /хх-ийн 22-23 дугаар хуудас/,
Өмнөговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 382 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: 1. И.Ч ын биед зүүн хөлний 5 дугаар хурууны 3-р үений цуурал, зөөлөн эдийн няцрал, зүүн бугалга, шууны цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн хэргийн нөхцөлд үүсгэгдсэн байх боломжтой. 3. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. 4. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. /хх-17 дугаар хуудас/,
Хохирогч И.Ч Өмнөговь аймгийн Цагдаагийн газарт гаргасан өргөдөл /хх-04 дүгээр хуудас/, амбулаториор эмчлүүлэгсдийн карт /хх-24-26 дугаар хуудас/,
Иймд шүүгдэгч Н.А г гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Н.А гийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүх шүүгдэгч Н.А гийн үйлдэлд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэм буруугийн хэлбэр, гэм буруугаа хүлээн зөвшөөрснийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 төгрөгөөр торгох ял шийтгэл оногдуулж, оногдуулсан торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Н.А шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.
Хохирогч И.Ч нь “гомдол саналгүй, нэхэмжлэх зүйл байхгүй” гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгчийг төлөх төлбөргүй гэж үзлээ.
Эрүүгийн 1828000000115 дугаартай хэргээс шүүгдэгчийн хувийн байдлыг нотолсон дараах нотлох баримтуудыг:
Арилжааны банкуудын тодорхойлолт /хх-ийн 32-36 дугаар хуудас/,
Шүүгдэгч Н.А гийн ял шалгах хуудас /хх-ийн 36 дугаар хуудас/,
Шүүгдэгч Н.А гийн иргэний үнэмлэхний хуулбар /хх-28 дугаар хуудас/,
Өмнөговь аймгийн ******* сумын 7 дугаар багийн 2018 оны 08 сарын 07-ны өдрийн №859 дүгээр тодорхойлолт /хх-ийн 29 дүгээр хуудас/, шүүгдэгч Н.А гийн суурь боловсролын гэрчилгээний хуулбар /хх-30 дугаар хуудас/, эд мөрийн баримт болох ногоон өнгийн хуванцар сандлын зураг /хх-40 дүгээр хуудас/ шинжлэн судлав.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн ногоон өнгийн хуванцар сандлыг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар Өмнөговь аймаг дахь шүүхийн Тамгын газрын эд мөрийн баримт шийдвэрлэх комисст шилжүүлж шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Н.А нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1, 5, 6, 8, 9 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Их өргөө овгийн Н.А г гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.А д 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.А д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.А нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн ногоон өнгийн хуванцар сандлыг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар Өмнөговь аймаг дахь шүүхийн Тамгын газрын эд мөрийн баримт шийдвэрлэх комисст шилжүүлсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 1.7, 1.9-д зааснаар шүүгдэгч Н.А нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.А д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.ТӨМӨРХҮҮ