Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 01 сарын 07 өдөр

Дугаар 2026/ДШМ/37

 

2026          01            07                                                                                   2026/ДШМ/37

 

 

Ц.О-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Алтантуяа даргалж, шүүгч Б.Батзориг, шүүгч Л.Одончимэг нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд 

прокурор Ц.Гэрэлбаатар,

хохирогч О.Н-,

цагаатгагдсан этгээд Ц.О-, түүний өмгөөлөгч Д.Алтансүх, Н.Батбаатар,

нарийн бичгийн дарга Б.Ням-Учрал нарыг оролцуулан,  

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 2025/ШЦТ/2233 дугаар цагаатгах тогтоолыг эс зөвшөөрч прокурор Ц.Гэрэлбаатарын бичсэн 2025 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 46 дугаар эсэргүүцэлд үндэслэн Ц.О-д холбогдох эрүүгийн 2006033051781 дугаартай хэргийг 2025 оны 12 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Одончимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Ш- овгийн Ц-ын О-, ........., урьд ял шийтгэлгүй, /Регистрийн дугаар: Ц-/;

Ц.О- нь иргэн О.Н-ын эзэмшлийн Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо Ц--ын 1 дүгээр байрны хойно байрлах 506 м/кв хэмжээтэй газар, мөн түүний өмчлөлийн Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо Ц- /13291/ Да хүрээ гудамж, 45/2 тоотод байрлах 873.6 м/кв талбай үйлчилгээний зориулалттай 1.145.885.304 төгрөгийн үнэлгээ бүхий үл хөдлөх эд хөрөнгийг 850.000.000 төгрөгөөр худалдаж авна гэж зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан хуурч, 2019 оны 5 дугаар сарын 20-ны өдөр “Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ”, “Газар эзэмших эрхийн гэрчилгээ шилжүүлэх гэрээ”-г өөрийн хамаарал бүхий хүн болох хадам ээж Б.Ц-гийн нэр дээр байгуулан О.Н-ын итгэмжлэлийн дагуу газар болон үл хөдлөх хөрөнгийг Б.Ц-гийн нэр дээр шилжүүлэн авч,

улмаар үргэлжилсэн үйлдлээр шилжүүлэн авсан үл хөдлөх эд хөрөнгийг 2019 оны 05 дугаар сарын 23-ны өдөр “Ц- ББСБ” ХХК-д 200.000.000 төгрөгийн барьцаанд тавин 2023 оны 08 дугаар сарын 11-ний өдөр өмнө нь “Ц-” ББСБ байж байгаад нэрээ сольсон “Ц-” нэртэй болсон ББСБ ХХК-ийн нэхэмжилсэн 417.000.000 төгрөгийг төлүүлэн хохирогч О.Н-од их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Ц.О-гын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зүйлчилж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Шүүгдэгч Ц.О-д холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, шүүгдэгчийг цагаатгаж, хохирогчийн нэхэмжилсэн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, шүүгдэгч Ц.О- нь хууль зөрчсөн ажиллагааны улмаас учирсан хохирлыг арилгуулах тухай нэхэмжлэлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.8 дугаар зүйлд заасан журмын дагуу өөрийн оршин суугаа дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт баривчлагдсан болон цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, болохыг тус тус дурдаж, цагаатгах тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

Прокурор Ц.Гэрэлбаатар бичсэн эсэргүүцэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “...шүүх залилах гэмт хэргийг иргэний эрх зүйн маргаанаас ялган зүйлчилж чадаагүй, хэргийн бодит байдалтай нийцээгүй, хууль зүйн хувьд илт алдаатай дүгнэлт хийсэн гэж үзэж байна. Залилах гэмт хэрэг нь хуурч, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж. эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эсхүл эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авах байдлаар үйлдэгддэг бөгөөд шүүгдэгчийн хувьд гэмт үйлдлээ хэрэгжүүлж эхлэхээс өмнө бусдын эд хөрөнгө, эсхүл түүнийг эзэмших, өмчлөх эрхийг буцааж өгөхгүй, хариу төлбөр огт хийхгүй, хагасыг нь хийнэ гэсэн санаа зорилго, сэдэлтээр дээрх шинжүүдийн аль нэгээр нь хохирогчийн эд хөрөнгө болон эд хөрөнгийн эрхийг өөрийн эзэмшилд шилжүүлэн авснаараа энэхүү гэмт хэргийн шинж хангагддаг.

Залилах гэмт хэргийн үндсэн шинжид гэмт этгээд бусдын эд хөрөнгийг итгэл төрүүлэх, хуурч мэхлэх аргаар хохирогчийн зөвшөөрлийн дагуу авахын зэрэгцээ уг эд хөрөнгийг буцаан төлөх, хариу төлбөр хийхгүйгээр өөрийн болгох зорилготой байдгаараа иргэний эрх зүйн аливаа харилцаанаас ялгагддаг.

Улсын дээд шүүх Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлд заасан залилах гэмт хэргийг иргэний эрх зүйн маргаанаас хэрхэн ялган зүйлчлэх талаар “ ...Гэрээний харилцаа нь Иргэний хууль, тогтоомжийн дагуу үүсэж, гэрээний биелэлтийн талаар мэдээлэл солилцож, харилцан гомдлын шаардлага гаргаж, гэрээгээ дүгнэж байсны эцэст эрсдэлд орсны улмаас үүссэн маргааныг, өөрөөр хэлбэл гэрээний эрсдэлийг залилан мэхлэх гэмт хэрэг гэж үзэхгүй.

Харин өөр этгээдийн өмчлөл, эзэмшилд байгаа эд юмс, түүнийг хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхийг зөрчиж, үгээр буюу үйлдлээр бодит байдлыг гуйвуулах замаар эзэмшигч, өмчлөгчийг төөрөлдүүлсний үндсэн дээр түүний зөвшөөрлийн дагуу хариу төлбөргүйгээр, өөрийн өмчлөлд авч байгаа, шунахай сэдэлттэй, шууд санаатай үйлдлээс гадна гэрээгээр хүлээсэн үүрэг нь биелэгдэх боломжгүй болмогц түүгээр шалтаглаж бусдын эд хөрөнгө, эсхүл түүнийг өмчлөх эрхийг бүгдийг буюу заримыг шилжүүлэхгүй байх гэмт санаа зорилго төрж, үүнийгээ хэрэгжүүлэхийн тулд эзэмшигч, өмчлөгчийг төөрөгдүүлэх замаар хуурч мэхлэх, итгэл эвдэх, тодорхой үйлдэл хийсэн нь тогтоогдвол залилан мэхлэх гэмт хэрэг гэж үзэж, эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.” гэж тайлбарласан байна. /УДШ-ийн 2019.10.23-ны өдрийн №538 тогтоол/

Гэтэл Ц.О- нь бодит байдал дээр үл хөдлөх эд хөрөнгө худалдан авах чадваргүй атлаа О.Н-од түүний эзэмшлийн Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо Ц--З-ын 1 дүгээр байрны хойно байрлах 506 м/кв хэмжээтэй газар, мөн түүний өмчлөлийн Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо Ц- /13291/ Да хүрээ гудамж, 45/2 тоотод байрлах 873.6 м/кв талбайтай, үйлчилгээний зориулалттай 1.145.885.304 төгрөгийн үнэлгээ бүхий үл хөдлөх эд хөрөнгийг худалдаж авна, урьдчилгаанд 200.000.000 төгрөгийг өгнө хэмээн хуурч, түүний эд хөрөнгийг хадам ээж Б.Ц-гийнхээ нэр дээр шилжүүлэн авч “Ц-” банк бус санхүүгийн байгууллагын барьцаанд тавьж авсан 200,000,000 төгрөгөөсөө урьдчилгаа төлбөр болгон өгч байгаа хэмээн төөрөгдөлд оруулан хариу төлбөр төлөлгүйгээр, барьцаанд тавьсан үл хөдлөхийн 200.000.000 төгрөгөөс өөртөө 48.963.617 төгрөгийг авч хувийн хэрэгцээндээ зарцуулсанд,

"Ц-" банк бус санхүүгийн байгууллагаас авсан 200.000.000 төгрөгийн зээлийн төлбөрт 1 удаа 5.000.000 төгрөг өгснөөс хойш төлөлт хийгээгүй үйлдэлд шүүх хууль зүйн хувьд зөв үнэлэлт, дүгнэлт өгөөгүй байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Ц.О- нь хохирогч О.Н-ын 850.000.000 төгрөгийн үнэлгээ бүхий үл хөдлөх хөрөнгийн өмчлөх, эзэмших эрхийг хариу төлбөргүйгээр буюу өөрөөсөө нэг ч төгрөг гаргахгүйгээр, Иргэний хуульд заасан гэрээ, хэлцэл хийх байдлаар халхавчлан итгэл төрүүлэн шилжүүлэн авсан, улмаар тухайн үл хөдлөх хөрөнгийг банк бус санхүүгийн байгууллагад 200 000.0000 төгрөгийн барьцаанд тавьж, барьцаанд тавсан мөнгөний зарим хэсгийг нь хохирогчид буюу үл хөдлөх хөрөнгийн хууль ёсны эзэмшигчид өөрт нь буцааж өгөөд, тодорхой хувийг буюу 48.963.617 төгрөгийг өөртөө авснаар түүний залилах гэмт хэрэг төгссөн нөхцөл байдал тогтоогдсон байна.

Шүүгдэгч Ц.О- нь гэрээний үүргийг биелүүлэх, барьцаанд тавьсан эд хөрөнгийг алдахгүй өөртөө авах талаар огт санаачилга гаргаагүй, хохирогчийн хохирлыг нөхөн төлөх талаар бодитой арга хэмжээ аваагүй болох нь хөтөлбөргүй тогтоогдсон байдаг. Тэрээр хохирогч О.Н-оос шилжүүлэн авсан үл хөдлөх хөрөнгийг 200.000.000 төгрөгийн зээлийн барьцаанд тавьсан атлаа нэг удаа 5.000.000 төгрөгийг зээлийн төлбөрт төлснөөс өөрөөр зээлийн төлбөрийг төлөөгүй, тухайн үл хөдлөх хөрөнгө зээлийн барьцаанд хураагдаж, дуудлага худалдаагаар худалдаалагдах шүүхийн шийдвэр гарсан байхад ч хохирогч О.Н- болон Банк бус санхүүгийн байгууллагын өмнө хүлээсэн гэрээний үүргээ биелүүлэх, хариу төлбөр хийх талаар огт оролдлого хийгээгүй. Учир нь шүүгдэгч Ц.О-гын бусдын эд хөрөнгийг хариу төлбөргүйгээр авах зорилго нь үл хөдлөх хөрөнгийг барьцаанд тавьж, өөртөө 48.963.617 төгрөг авснаар дууссан болно.

Тухайн зээлийн барьцаанд байгаа үл хөдлөх хөрөнгө зээлийн барьцаанд хураагдах, зарагдах эсэх асуудал нь Ц.О-д огт хамаагүй, учир нь шүүгдэгч Ц.О- нь эд хөрөнгийг буцаан төлөх, хариу төлбөр хийгээгүй тул түүнд ямар нэгэн хохирол учрахгүй.

Харин хохирогч О.Н- нь өөрийн хөрөнгөө буцааж авахын тулд аргагүй байдалд орж, барьцаат зээлийн гэрээний өр төлбөрт 409.205.666 төгрөгийг Ц.О-гын хадам ээж Б.Ц-ийн өмнөөс банк бус санхүүгийн байгууллагад төлж, үл хөдлөх хөрөнгө болон газар эзэмших эрхээ зээлийн барьцаанаас чөлөөлөн авч, эцэст нь “төлбөр тооцоо дууссан” гэх баримт үйлдэж, өөрийн хөрөнгийг бусдаас буцаан шилжүүлж авсан үйл баримт тогтоогдсон байна.

Гэтэл шүүх “...харилцан тохиролцож холбогдох гэрээнүүдийг хуулийн дагуу байгуулсан, улмаар гэрээний үүргээ биелүүлээгүйгээс үүдэн гэрээг дуусгавар болох нөхцөлийг тусгасан төлбөр тооцоо дууссан тухай баримт үйлдэн үл хөдлөх хөрөнгө болон газрыг өмчлөх, эзэмших эрхийг О.Н-од буцаан шилжүүлж өгсөн. Шүүгдэгч нь гэрээ байгуулснаас хойш өөрийн эзэмшилд шилжүүлэн авсан тухайн үл хөдлөх хөрөнгийг ашиглан үйл ажиллагаа явуулж өөртөө ашиг олсон зүйлгүй. тухайн газрыг эзэмших эрх нь О.Н-ын нэр дээр хэвээр хадгалагдаж байсан, гэрээ, итгэмжлэл, аливаа баримтыг хүчээр байгуулсан, аль нэг талыг хясан боогдуулсан гэх үндэслэл тогтоогдоогүй...” гэх дүгнэлт хийж, шүүгдэгч Ц.О-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгчийг цагаатгасан шүүхийн шийдвэр нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байна.

Түүнчлэн шүүх “...Хэрэгт авагдсан гэрч Б.Ц-, С.Золчимэг, Б.Б-

 

, нарын мэдүүлэг, шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгээр шүүгдэгч Ц.О- нь гэмт хэрэг гарсан гэх тухайн цаг хугацаанд дээрх нэр бүхий гэрчүүдтэй төлбөр тооцооны маргаантай байсан гэх нөхцөл байдал тогтоогдож байх боловч энэ нь шүүгдэгчийг хохирогч О.Н-ыг залилах гэмт хэрэг үйлдсэн болохыг нотолсон үйл баримт биш юм.

Харин эдгээр гэрч нарын мэдүүлэг нь тухайн хүмүүстэй байгуулсан гэрээний мөнгийг авч төлбөрөө төлнө гэдгээ анхнаасаа хохирогчид хэлж байсан, цар тахлын улмаас үүссэн цаг үеийн нөхцөл байдал, тухайн хүмүүстэй үүссэн маргаан шийдэгдээгүй удсан зэргээс үүдэн төлбөрөө цаг хугацаанд төлж чадаагүй гэх шүүгдэгчийн мэдүүлгийг бататгаж өгчээ” гэсэн нь үндэслэлгүй байна.

Хохирогч О.Н-ын мөрдөн байцаалтын шатанд удаа дараа өгсөн “...Ц.О- нотариатын газар руу орохоос өмнө “ахаа би өнөөдөр танд бэлэн 200.000.000 төгрөг өгье, үлдсэн төлбөрт Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо, Улаанхуаранд байх барьсан барилгаасаа 3 орон сууцны байр, 2 автомашины зогсоолыг 350.000.000 төгрөгт тооцож шилжүүлж өгье, үлдсэн 300.000.000 төгрөгийг 1 сарын дотор бэлнээр өгч дуусгана гэж хэлсэн” гэх мэдүүлэг нь тогтвортой, мөн шүүхийн хэлэлцүүлэгт дахин мэдүүлэг өгөхдөө “...хүмүүстэй байгуулсан гэрээний мөнгийг авч төлбөрөө төлнө гэдгээ анхнаасаа хэлээгүй, тэгж хэлсэн бол би зөвшөөрөхгүй байх байсан...” гэж мэдүүлсээр байхад хохирогчийн мэдүүлгийг няцаан үгүйсгэсэн үндэслэлээ зааж өгөөгүй, нотлох баримтыг шүүх цогц байдлаар үнэлж чадаагүй байна.

Иймд Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 2025/ШЦТ/2233 дугаартай цагаатгах тогтоолыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр хүчингүй үндэслэлээр хүчингүй болгуулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар улсын яллагчийн эсэргүүцэл бичив. ...” гэв.

Хохирогч О.Н- шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Ц.О-той холбоотой уг асуудал нь 7 жил гаруй хугацаанд үргэлжилж байна. 2026 оны 05 дугаар сард 8 жил болно. Ц.О- бид хоёрын хооронд үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой асуудлууд байгаа. Би Ц.О-гын өмнөөс өөрийн амьдарч байсан байрыг зогсоолтой нь зараад үүссэн асуудал, бусдад учруулсан хохирлоо барагдуулсан. Ц.О- нь хууль, эрх зүйн мэдлэгтэй, хуулийн салбарт танил, найз нөхөд ихтэй, өмгөөлөгчийг хоёр, гурваар нь авч шат шатанд өөрийгөө сайн хамгаалдаг хүн байгаа юм. Бид хоёрын дундах хөрөнгө мөнгөтэй холбоотой асуудал эхлэхдээ их сайхан эхэлсэн. Ц.О- намайг “ахаа” гэж би ч дүүгээ л гэж бодож явлаа. Би Ц.О-гын аавыг нь нэлээн эртнээс танина, аав нь их сайн хүн байдаг учир ааваар нь хүүг нь дүгнээд сайн хүний үр сайн л байх гэж итгэсэн. Надад нэг ч төгрөг төлөөгүй газрын гэрчилгээ шилжүүлж өгчхөөд алга болчихсон. Тэр өдрөөс хойш надад худлаа хэлж, байнга аргалдаг болсон. Ц.О-ы над руу бичиж байсан мессеж, зурвасууд байгаа. Намайг хуурч, худлаа яриад 7 жил гаруй хугацаа өнгөрсөн байна. Би Ц.О-д итгэснийхээ төлөө хохирчхоод сууж байна. ...” гэв.

Цагаатгагдсан этгээд Ц.О-гын өмгөөлөгч Д.Алтансүх шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...анхан шатны шүүхийн цагаатгах тогтоол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан хуулийн зохицуулалтыг хангаж байгаа гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Энэ хуулийн 1.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно...” гэж заасан байдаг. Шүүх хэргийн бодит байдлыг прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтоодог. Прокурор эсэргүүцэлдээ анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан цагаатгах тогтоолд тусгагдах шаардлагатай ямар баримтуудыг тусгаагүй байгаа талаар үндэслэлийг эсэргүүцэлдээ бичээгүй байна. Өөрөөр хэлбэл прокурор анхан шатны шүүхийн шийдвэрийг ямар үндэслэлээр Эрүүгийн хуулийг буруу тайлбарласан гэж үзэж байгаа талаараа эсэргүүцэлдээ тусгаагүй байна. Прокурорын зүгээс эсэргүүцлээ тайлбарлахдаа Ц.О- нь О.Н-той анх гэрээ хийхдээ хариу төлбөр төлөхгүй гэсэн санаа зорилготой байсан гэх агуулгыг л тайлбарлалаа. Анхан шатны шүүх хэргийн бодит байдлыг буруу тогтоож Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Анхан шатны шүүхийн цагаатгах тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлд зааснаар хууль ёсны гарсан гэж үзэж байгаа. Болсон үйл явц, маргаж байгаа асуудлын тухайд манай үйлчлүүлэгчийг залилж авсан гэх үл хөдлөх эд хөрөнгө нь Хаан банканд 87.000.000 төгрөгийн барьцаанд байсан үл хөдлөх эд хөрөнгө. Энэ талаар Ц.О- нь О.Н-оос нууж түүнийг төөрөгдөлд оруулсан, Ц.О-гын аавыг таньдаг байсан О.Н-ын итгэл үнэмшлийг ашигласан зүйл байхгүй. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд дээрх байдлыг тогтоосон баримт хэрэгт хавсаргагдаагүй. Өөрөөр хэлбэл анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ямар зүйл заалтыг буруу хэрэглэсэн болох нь тодорхойгүй байна. Уг хэрэг 2020 онд шалгагдаж эхлээд тухайн үедээ буюу мөрдөн байцаалтын шатанд хэрэгсэхгүй болж байсан. Тодруулбал, иргэний эрх зүйн харилцаа байна, гэрээнээс үүссэн маргаан байна гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож байсан. Тухайн үед хохирогч О.Н- нь хэргийг хэрэгсэхгүй болгосон тогтоолтой танилцаж дараагаар нь Иргэний шүүхэд зээлийн харилцаатай холбоотой маргаан үүсгэж байсан. Үүнээс хойш 2024 онд О.Н- нь эрүүгийн хэргийг хаасан тогтоолтой танилцаагүй байсан гэх зүйлийг ярьж хэргийг дахин сэргээсэн. Тухайн үл хөдлөх эд хөрөнгө, банк бусын асуудалтай холбоотой иргэний хэргийг шүүх хуралдаан болсон О.Н- өмгөөлөгч АнхЦ-тэй хамт оролцож байсан. 2020 оноос өнөөдрийг хүртэл манай үйлчлүүлэгч Ц.О- нь О.Н-од ямар нэгэн байдлаар худлаа хэлж, хуурч байсан зүйл огт байхгүй. Өөрөөр хэлбэл тухайн худалдаж авсан эд хөрөнгийн төлбөрийг төлөхгүй байсан, төлөхгүйгээ илэрхийлж байсан үйл баримт болоогүй. Гэрээ хийгдэж энэ хоёр хүн тохиролцноос хойш гарцаагүй байдал буюу цар тахал гарсны улмаас бусдаас орж ирэх төлбөр мөнгө нь орж ирэхгүй гэрээний үүргээ биелүүлэх боломжгүй нөхцөл байдал үүсэж байсан. Энэ талаар хохирогч О.Н- болон манай үйлчлүүлэгч Ц.О- нар анхан шатны шүүх хуралдааны үед өгсөн мэдүүлэгтээ мэдүүлсэн. Эдгээр нөхцөл байдлуудад анхан шатны шүүх оновчтой дүгнэлт өгч хэргийг бодит байдлыг зөв дүгнэсэн гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Иймд прокурорын бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

Цагаатгагдсан этгээд Ц.О-ын өмгөөлөгч Н.Батбаатар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...миний хэлэх гэж байсан зүйлийг даргалагч шүүгч асуултаараа тодруулчихлаа гэж миний зүгээс үзэж байгаа тул хэдэн жилийг товч тайлбарлая. Анх гэрээ байгуулсан өдрөөс 2023 оны 08 дугаар сарын 05-ний өдөр хүртэл үл хөдлөх эд хөрөнгө нь О.Н-ын эзэмшил, ашиглалтад байсан. Манай үйлчлүүлэгч Ц.О- түлхүүрийг нь аваагүй, нэг ч өдөр эзэмшиж ашиглаагүй. Гэрээ хийснээс хойш О.Н- өөрөө эзэмшиж, ашиглан түрээсэлж ашиг олдог байсан. Дараагийн асуудал газар тухайн газар тэр үедээ О.Н-ын нэр дээр байсан одоо ч О.Н-ын нэр дээр байгаа. Өөрөөр хэлбэл газар нь хэн нэгний нэр дээр шилжиж очоогүй О.Н-ын нэр дээр л байсан. Үүнээс Иргэний эрх зүйн маргаан уу, эрүүгийн эрх зүйн маргаан уу гэдэг нь харагдана. Хэрэв Ц.О-гын үйлдэлд залилах гэмт хэргийн шинж байсан бол анхнаасаа л О.Н-ын эд хөрөнгийг авъя, өөрийнхөө нэр дээр шилжүүлээд авъя гэсэн субьектив санаа зорилго байх ёстой байсан. Гэтэл уг хэргийн үйл баримтын тухайд Ц.О- болон О.Н- нарын хооронд хууль ёсны гэрээ байгуулагдсан гэрээний явцад талууд баримт үйлдэж байсан байдаг. Эдгээр нөхцөл байдлууд нь хавтаст хэрэгт авагдсан баримтуудаас илэрхий харагдана. 2023 оны 08 дугаар сарын 05-ны өдөр О.Н- нь Ц.О-д хандаж “байшингаа буцааж авъя. Өндөр үнээр зарахаар болчихлоо. Би зээлийг нь төлчихье” гэж хэлсэн байдаг. О.Н-ын дээрх хүсэлтийн дагуу Ц.О- нь О.Н-од үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлж өгсөн. О.Н- нь тухайн үл хөдлөх эд хөрөнгөө зарж ашгаа хүртэж явсан. Ц.О- нь О.Н-той гэрээ хэлцэл хийснээс хойш ямар нэгэн үл хөдлөх эд хөрөнгө өмчлөөгүй, ашиглаагүй, өөр үндэслэлээр олж аваагүй байдаг. Мөн цар тахал гараад мөнгийг нь өгөх боломжгүй нөхцөл байдал бий болоход Ц.О-гын зүгээс О.Н-од хандаж “ мөнгийг чинь өгч чадахгүй болчихлоо байраа буцаагаар ав” гэж хэлж бодит байдлаа илэрхийлэхэд О.Н- аваагүй дараа нь байраа буцааж авъя” гэх зүйлийг өөрөө хэлэн ирсэн байдаг. Эдгээрээс дүгнэхэд Ц.О-гын үйлдэлд О.Н-ын эд хөрөнгийг хуурч, зохиомол байдлыг бий болгож авах гэсэн сэдэл санаа зорилго байгаагүй болох нь харагдаж байгаа юм. ...” гэв.

Цагаатгагдсан этгээд Ц.О- шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...би худлаа хэлээгүй, хулгай хийгээгүй О.Н- гэх хүнийг хуурч, залилсан зүйл байхгүй. Би тэгж амьдаръя ч гэж боддоггүй. О.Н-той гэрээ байгуулахад бэлэн мөнгө байгаагүй тэгэхдээ надад санхүүгийн боломж байсан. Надад бусдаас авах 1.1 тэрбум төгрөгийн авлага байсан. Миний авлагатай байсан болохыг тогтоосон баримтууд хавтаст хэрэгт авагдсан байгаа. Надад О.Н-ыг хуурч, мэхлэх ямар ч зорилго байгаагүй. Бид хоёрын дунд гэрээ хийгдсэн. Гэрээнээс 151.000.000 төгрөгийг төлсөн байсан. Гэрээний үлдэгдэлд 700.000.000 төгрөг байсан үүнийг би хариуцаж төлөхөөр байсан. Банк бус санхүүгийн байгууллагаас зээл аваад төлбөрөө төлсөн. Тухайн төлбөртэй холбоотой асуудлаа би бүрэн хариуцаж төлнө түүн дээр ямар нэгэн асуудал байхгүй. 2023 оны 08 дугаар сард гэрээсээ татгалзах гэж 2 гэрээ хийсэн. Нэг нь гэрээгээ дуусгасан гэрээ, нөгөөх нь хэн нь юу хийх талаар гэрээгээ хувааж авсан. 700.000.000 төгрөгөөс гадна сүүлд хадам ээж Б.Ц-гийн нэр дээр гарсан мөнгийг нийлүүлээд төлөх боломж надад байсан. Одоо ч байгаа. ...” гэв

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ анхан шатны шүүхийн цагаатгах тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг прокурор Ц.Гэрэлбаатарын бичсэн 2025 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 46 дугаар эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзэв.

Хэргийн бүх ажиллагааг хянахад шүүгдэгч Ц.О-д холбогдох хэргийг хянан шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн цагаатгах тогтоол нь хууль ёсны ба үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй, тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байна.

Прокуророос Ц.О-г хохирогч О.Н-ын өмчлөлийн газар, үл хөдлөх эд хөрөнгийг худалдаж авах санхүүгийн боломжгүй атлаа зах зээлийн үнээс доогуур үнээр буюу 1.145.885.304 төгрөгийн үнэлгээ бүхий газар болон үл хөдлөх эд хөрөнгийг 850.000.000 төгрөгөөр худалдаж авна гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан хуурч бусдын нэр дээр гэрээ байгуулан шилжүүлж авсан, улмаар үргэлжилсэн үйлдлээр шилжүүлж авсан үл хөдлөх эд хөрөнгийг барьцаанд тавьж 417.000.000 төгрөгийн төлбөрийг хохирогч О.Н-оор төлүүлэн түүнд их хэмжээний хохирол учруулсан гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх Ц.О-д холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж шийдвэрлэхдээ прокурорын яллах дүгнэлтэд заасан Ц.О-г буруутгаж буй гол нотлох баримт болох хохирогч, гэрч нарын мэдүүлгүүд болон бусад нотлох баримтуудыг хэрхэн, ямар үндэслэлээр няцаан үгүйсгэж байгаа талаараа үндэслэл бүхий хууль зүйн дүгнэлт хийж чадаагүй, шүүхийн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байна.

Залилах гэмт хэрэг нь хуурч, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авснаар энэхүү гэмт хэргийн шинж хангагддаг.

Түүнчлэн Иргэний эрх зүйн харилцаа, тухайлбал гэрээний харилцаагаар халхавчлан бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж авах гэмт хэргийн гол шинж нь гэрээний нөхцөлүүд анхнаасаа биелэх боломжгүй, эсвэл тэдгээрийг биелүүлэхийг зориудаар хөсөрдүүлсэн байдлаар гэрээгээр шилжүүлэн авсан эд хөрөнгийг өөрийн үзэмжээр захиран зарцуулж буцаан өгөхгүй гэсэн шууд санаатай, идэвхтэй үйлдэл, эс үйлдэхүйгээр үйлдэгдсэн байхыг шаарддаг.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, хохирогч О.Н-ын 2020 оны 05 дугаар сарын29-ний өдөр өгсөн “...Ц.О- миний үл хөдлөх эд хөрөнгийг 200.000.000 төгрөгөөр, газар эзэмших эрхийг 650.000.000 төгрөгөөр тус тус худалдан авахаар надад санал тавьсан, ...Ц.О- нь өөрийгөө төрийн албан хаагч учраас өөрийн нэр дээр үл хөдлөх эд хөрөнгө болон газрыг шилжүүлэх авах боломжгүй, хөрөнгө орлогоо мэдүүлэхэд асуудал үүсэх учраас гэж гуйж хадам эх Ц-гийн нэр гэрээг байгуулсан...” /1хх 8-9/,

хохирогч О.Н-ын 2024 оны 05 дугаар сарын 10-ны өдөр өгсөн “...Ц.О- нотариатын газар руу орохоос өмнө “ахаа би өнөөдөр танд бэлэн 200.000.000 төгрөг өгье, үлдсэн төлбөрт Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо, Улаанхуаранд байх барьсан барилгаасаа 3 орон сууцны байр, 2 автомашины зогсоолыг 350.000.000 төгрөгт тооцож шилжүүлж өгье, үлдсэн 300.000.000 төгрөгийг 1 сарын дотор бэлнээр өгч дуусгана гэж хэлсэн...” /2хх 5-7/,

хохирогч О.Н-ын 2024 оны 06 дугаар сарын 06-ны өдөр өгсөн “...Ц.О- 3 орон сууц нь банк бус байгууллагын барьцаанд байгаа, яаралтай суллаад өгнө гэж байсан боловч бас л худлаа яриад алга болсон. 3 орон сууцны гэрчилгээг үзүүлсэн болохоос би өөрөө очиж үзээгүй...” /2хх 10-11/,

хохирогч О.Н-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...хүмүүстэй байгуулсан гэрээний мөнгийг авч төлбөрөө төлнө гэдгээ анхнаасаа хэлээгүй, тэгж хэлсэн бол би зөвшөөрөхгүй байх байсан...” гэх мэдүүлгүүд,

"Ц- ББСБ" ХХК, Б.Ц- нарын хооронд 2019 оны 05 дугаар сарын 23-ны өдөр байгуулсан зээлийн гэрээний хуулбар /1хх 103- 107/,

2019 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн барьцааны гэрээ "Ц-" ХХК-аас иргэн Б.Ц-д 200.000.000 төгрөгийн зээл олгон барьцаанд Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо Ц--З-ын 1 дүгээр байрны хойно байрлах 506 м/кв хэмжээтэй газар, Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо Ц- /13291/ Да хүрээ гудамж, 45/2 тоотод байрлах 873.6 м/кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан гэрээний хуулбар/1хх 108-111/,

2019 оны 05 сарын 20-ны өдөр О.Н- нь Б.Ц-тэй газар эзэмших эрхийн гэрчилгээ шилжүүлэх гэрээний хуулбар /1хх 23-24/,

Иргэн О.Н- нь иргэн Б.Ц-тэй 2019 оны 05 дугаар сарын 20-ны өдөр үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ, 200,000,000 төгрөгөөр Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо Ц- /13291/ Да хүрээ гудамж, 45/2 тоотод байрлах 873.6 м/кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг худалдсан гэрээний хуулбар /1хх 25/ зэрэг нотлох баримтууд бэхжүүлэгджээ.

Анхан шатны шүүхээс “...гэрээ, итгэмжлэл, аливаа баримтыг хүчээр байгуулсан, аль нэг талыг хясан богдуулсан гэх үндэслэл тогтоогдоогүй, ...шүүгдэгч Ц.О- нь зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан хуурч гэрээ байгуулж эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авч хувьдаа завшиж, бусдад их хэмжээний хохирол учруулж залилах гэмт хэргийг үйлдсэн гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан “Залилах” гэмт хэргийн объектив болон субьектив талын шинж тогтоогдохгүй байна...” гэсэн үндэслэлгүй дүгнэлт хийж, шүүгдэгчийг цагаатгажээ.

Өөрөөр хэлбэл, мэтгэлцээнд оролцогч талуудын санал хүсэлт, хэрэгт авагдсан нотлох баримтад хуульд заасан үндэслэл журмын дагуу үнэлэлт дүгнэлт өгч гэмт хэргийн үйл баримтыг бодитой тогтоох, хэргийн сэдэлт санаа зорилгыг заавал тодруулах, гэмт хэрэг үйлдсэн гэх арга, гэм буруугийн хэлбэрийг хөдөлбөргүй тогтоох зайлшгүй шаардлагатай атал анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолд дурдсанаар талуудын хооронд хийгдсэн иргэний эрх зүйн харилцаа болох гэрээн дээр илүү ач холбогдол өгч, үйл баримтын талаар хэргийн бодит байдалтай нийцээгүй дүгнэлт хийсэн байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг судлан үзэхэд, цагаатгагдсан этгээд Ц.О-д холбогдох эрүүгийн хэргийн мөрдөн шалгах ажиллагаа бүрэн гүйцэд хийгдсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудын талаар шалгаж тодруулсан, харин анхан шатны шүүхээс хийсэн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцээгүй, шүүх хэргийн үйл баримт, нөхцөл байдал болон хэрэгт цугларсан нотлох баримтуудыг хооронд нь харьцуулан судлахдаа нотлох баримтын агуулга, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтыг ямар нотлох баримтаар хэрхэн үгүйсгэж байгаа талаар дүгнэлт хийгээгүй байна.

Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана...” гэсэн хуулийн заалтад зааснаар хэргийн үйл баримтыг тогтоож, гэм буруутай эсэх асуудлыг эцэслэн шийдвэрлэх боломжтой болно.

Иймд анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзэхээр байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар цагаатгах тогтоолыг хүчингүй болгох хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзэв.

Дээрх байдлаар хэргийг шийдвэрлэсэнтэй холбогдуулан цагаатгагдсан этгээд Ц.О-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэг, 39.9 дүгээр зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1 Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 2025/ШЦТ/2233 дугаар цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, прокурор Ц.Гэрэлбаатарын бичсэн 2025 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 46 дугаартай эсэргүүцлийг бүхэлд нь хүлээн авсугай.

2. Цагаатгах тогтоолыг хүчингүй болгосонтой холбоотойгоор цагаатгагдсан этгээд Ц.О-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                                                           Т.АЛТАНТУЯА

 

                        ШҮҮГЧ                                                           Б.Б-

 

                        ШҮҮГЧ                                               Л.ОДОНЧИМЭГ

 

 

 

Анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолд хийсэн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокуророос яллах дүгнэлт үйлдсэн хэргийн хүрээнд анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэх боломжтой гэж үзэж цагаатгаах тогтоолыг 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, цагаатгагдсан этгээд Ц.О-д урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.