Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 08 сарын 27 өдөр

Дугаар 635

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж,

нарийн бичгийн дарга: В.Бадмаагарав;

улсын яллагч: Д.Мөнхтогоо (томилолтоор);

хохирогч: Б.Бат-Оргил;

шүүгдэгч: Г.Э, түүний өмгөөлөгч Э.Хэрлэнхүү;

шүүгдэгч: Э.Б, А.З, С.Т, тэдний өмгөөлөгч Г.Өлзий-Орших нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус яллахаар дүгнэлт үйлдэж ирүүлсэн А.З, Г.Э, Э.Б, С.Т нарт холбогдох эрүүгийн 1709025870433 дугаартай хэргийг 2018 оны 07 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

           

Шүүгдэгч нарын биеийн байцаалтын талаар:

1. Монгол Улсын иргэн, 1997 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Налайх дүүрэгт төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Шинэ Монгол” технологийн дээд сургуулийн барилгын инженерийн хөтөлбөрийн 3 дугаар түвшинд суралцдаг, ам бүл 3, эх, дүүгийн хамт Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, 2 дугаар 40 мянгат гудамж 3 дугаар байрны 29 тоотод оршин суух бүртгэлтэй, одоо Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, Гангарын 171В тоотод түр оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, УД97111138 регистерийн дугаартай, Түмчүүд овогт А.З;

 

2. Монгол Улсын иргэн, 1996 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Хүмүүнлэгийн Ухааны Их сургууль, Мэдээлэл харилцааны менежментийн сургуулийн программ хангамжийн 4 дүгээр түвшингийн оюутан, ам бүл 5, эцэг, эх, ах нарын хамт Баянгол дүүргийн 10 дугаар хороо, 3 дугаар хороолол 22А байрны 99 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, УШ96122617 регистерийн дугаартай, Боржигин овогт Г.Э;

 

3. Монгол Улсын иргэн, 1997 оны 08 дугаар сарын 19-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Отгонтэнгэр Их сургуулийн эрх зүйн мэргэжлийн баклаврын 3 дугаар ангид сурдаг, ам бүл 3, эцэг, эхийн хамт Баянгол дүүргийн 7 дугаар хороо, 3 дугаар хороолол АОС 65-2 дугаар байрны 3  тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, УП97081914 регистерийн дугаартай, Чонос Рааш овогт Э.Б;

 

4. Монгол Улсын иргэн, 1996 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, , “Шинэ Монгол” технологийн дээд сургуулийн барилгын инженерийн хөтөлбөрийн 2 дугаар түвшинд суралцдаг, ам бүл 1, Баянгол дүүргийн 14 дүгээр хороо, 3 дугаар хороолол, 13А байрны 8 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, УШ96120656 регистерийн дугаартай, Боржигон овогт С.Т.

 

            Прокуророос үйлдэж ирүүлсэн яллах дүгнэлтээр:

            Яллагдагч А.Золжаргал нь Г.Эрдэнэбилэг, Э.Билэгт, С.Тамир нартай бүлэглэн 2017 оны 12 сарын 08-наас 12 сарын 09-нд шилжих шөнийн 01 цагийн үед Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороонд үйл ажиллагаа явуулдаг “Ай Лофт” нэртэй шөнийн цэнгээний газарт болон гадна хэсэгт нийтийн хэв журмыг зөрчиж Л.Оргил-Эрдэнэ, Б.Бат-Оргил, Б.Мишээл нарын халдашгүй чөлөөтэй байх эрхийг зөрчин хүч хэрэглэн зодож, аж ахуйн нэгж, байгууллагын хэвийн үйл ажиллагаа, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан,

А.Золжаргал нь бусадтай бүлэглэн нийтийн хэв журмыг зөрчин аж ахуйн нэгж, байгууллагын хэвийн үйл ажиллагаа, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан гэмт хэрэг үйлдэх явцдаа хохирогч Б.Бат-Оргилийг бүлэглэн зодож, эрүүл мэндэд зүүн нүдний ухархайн дотор болон доод ханын далд хугарал, зүүн нүдний салст, зовхинд цус хуралт, өнгөц шарх, зулгаралт бүхий хөнгөн хохирол учруулсан,

            Яллагдагч Г.Эрдэнэбилэг нь А.Золжаргал, Э.Билэгт, С.Тамир нартай бүлэглэн 2017 оны 12 сарын 08-наас 12 сарын 09-нд шилжих шөнийн 01 цагийн үед Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороонд үйл ажиллагаа явуулдаг “Ай Лофт” нэртэй шөнийн цэнгээний газарт болон гадна хэсэгт нийтийн хэв журмыг зөрчиж Л.Оргил-Эрдэнэ, Б.Бат-Оргил, Б.Мишээл нарын халдашгүй чөлөөтэй байх эрхийг зөрчин хүч хэрэглэн зодож, аж ахуйн нэгж, байгууллагын хэвийн үйл ажиллагаа, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан,

Г.Эрдэнэбилэг нь бусадтай бүлэглэн нийтийн хэв журмыг зөрчин аж ахуйн нэгж, байгууллагын хэвийн үйл ажиллагаа, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан гэмт хэрэг үйлдэх явцдаа хохирогч Б.Бат-Оргилийг бүлэглэн зодож, эрүүл мэндэд зүүн нүдний ухархайн дотор болон доод ханын далд хугарал, зүүн нүдний салст, зовхинд цус хуралт, өнгөц шарх, зулгаралт бүхий хөнгөн хохирол учруулсан,

            Яллагдагч Э.Билэгт нь Г.Эрдэнэбилэг, А.Золжаргал, С.Тамир нартай бүлэглэн 2017 оны 12 сарын 08-наас 12 сарын 09-нд шилжих шөнийн 01 цагийн үед Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороонд үйл ажиллагаа явуулдаг “Ай Лофт” нэртэй шөнийн цэнгээний газарт болон гадна хэсэгт нийтийн хэв журмыг зөрчиж Л.Оргил-Эрдэнэ, Б.Бат-Оргил, Б.Мишээл нарын халдашгүй чөлөөтэй байх эрхийг зөрчин хүч хэрэглэн зодож, аж ахуйн нэгж, байгууллагын хэвийн үйл ажиллагаа, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан,

Э.Билэгт нь бусадтай бүлэглэн нийтийн хэв журмыг зөрчин аж ахуйн нэгж, байгууллагын хэвийн үйл ажиллагаа, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан гэмт хэрэг үйлдэх явцдаа хохирогч Б.Бат-Оргилийг бүлэглэн зодож, эрүүл мэндэд зүүн нүдний ухархайн дотор болон доод ханын далд хугарал, зүүн нүдний салст, зовхинд цус хуралт, өнгөц шарх, зулгаралт бүхий хөнгөн хохирол учруулсан,

            Яллагдагч С.Тамир нь Э.Билэгт, Г.Эрдэнэбилэг, А.Золжаргал нартай бүлэглэн 2017 оны 12 сарын 08-наас 12 сарын 09-нд шилжих шөнийн 01 цагийн үед Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороонд үйл ажиллагаа явуулдаг “Ай Лофт” нэртэй шөнийн цэнгээний газарт болон гадна хэсэгт нийтийн хэв журмыг зөрчиж Л.Оргил-Эрдэнэ, Б.Бат-Оргил, Б.Мишээл нарын халдашгүй чөлөөтэй байх эрхийг зөрчин хүч хэрэглэн зодож, аж ахуйн нэгж, байгууллагын хэвийн үйл ажиллагаа, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан,

             С.Тамир нь бусадтай бүлэглэн нийтийн хэв журмыг зөрчин аж ахуйн нэгж, байгууллагын хэвийн үйл ажиллагаа, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан гэмт хэрэг үйлдэх явцдаа хохирогч Б.Бат-Оргилийг бүлэглэн зодож, эрүүл мэндэд зүүн нүдний ухархайн дотор болон доод ханын далд хугарал, зүүн нүдний салст, зовхинд цус хуралт, өнгөц шарх, зулгаралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.Золжаргал мэдүүлэхдээ: Хэрэг гарсан тухайн өдөр “Ай лофт” бааранд байсан юм. Анх Дашдорж ирээд “Тэнүүний найз охин залуучуудтай хамт явж байна” гэж хэлсэн. Үүнээс болж би Биндэръяа дээр очоод “хэнтэй явж байна” гэж асуусан. Энэ үед хохирогч болон түүний найзууд ирсэн. Намайг Оргил-Эрдэнэ нь эхэлж түлхсэн юм. Үүнээс болж бужигнаан үүсч хамгаалагч нар биднийг баарнаас гаргасан юм. Баарнаас гараад зодоон дууссан байсан. Би Мишээлтэй хэрэлдсэн, ийм л асуудал болсон юм гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Эрдэнэбилэг мэдүүлэхдээ: Өмнө мөрдөн байцаалтад болсон асуудлын талаар ярьсан тул нэмж ярих зүйлгүй гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Билэгт мэдүүлэхдээ: Өмнө мөрдөн байцаалтад болсон асуудлын талаар ярьсан тул нэмж ярих зүйлгүй. Нэмж хэлэхэд гэрчээр мэдүүлэг өгсөн хүмүүс худал мэдүүлэг өгсөн байна. Бүгд согтуу байсан учир болсон асуудлыг өөр байдлаар худал ярьсан байсан гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Тамир мэдүүлэхдээ: Өмнө мөрдөн байцаалтад болсон асуудлын талаар ярьсан тул нэмж ярих зүйлгүй гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Бат-Оргил мэдүүлэхдээ: 2017 оны 12 дугаар сарын 8-9-нд шилжих шөнө бид нар Анударийн төрсөн өдрийг тэмдэглэж “Ай лофт” бааранд орсон юм. Намайг “ОО” өрөө ороод гарч ирж байхад манай найз Мишээлийг нэг хүүхэд цохиж байсан. Би цохисон хүүхдийг нь тэвэрч аваад холдуулахад араас нэг нь тэвэрч аваад унагаад 3-4 хүн дээрээс дэвсэж зодсон. Баарны хамгаалагч нар нь  салгаж байсан. Баарнаас гаргасан байхад намайг дахиж ирж зодсон. Намайг 3-4 хүн зодсон, би нүүрээ хаагаад хэвтэж байсан болохоор шүүгдэгч нарын яг хэн нь цохиж байсныг сайн хараагүй. Миний нүд гэмтсэн. Хохиролд 6.500.000 төгрөгийг нэхэмжилсэн. Үүнээс 2.000.000 төгрөгийг авсан. Үлдэх 4.500.000 төгрөгийг нэхэмжилнэ гэв.

 

            Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд хохирогч Б.Бат-Оргил /хх-ийн 11-13/, Б.Оргил-Эрдэнэ /хх-ийн 15-16/, Б.Мишээл /хх-ийн 18-19/ нарын мэдүүлэг, гэрч Г.Биндэръяа /хх-ийн 20/, У.Золзаяа /хх-ийн 22-23/, Б.Анударь /хх-ийн 23-24/, Б.Дашдорж /хх-ийн 33-34/, Б.Өсөхбаяр /хх-ийн 43-44/ нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 177, 178  тоот шинжээчийн дүгнэлтүүд /хх-ийн 46, 53/, Э.Билэгтийн яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 77-78/, А.Золжаргалын яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 79/, С.Тамирын яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 80/, Г.Эрдэнэбилэгийн яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 81/, хохирлын баримтууд /хх-ийн 85-94/, Г.Эрдэнэбилэгийн хувийн байдлын талаархи баримт /хх-ийн 95-100/, Э.Билэгтийн хувийн байдлын талаархи баримт /хх-ийн 101-107/, А.Золжаргалын хувийн байдлын талаархи баримт /хх-ийн 109-113/, С.Тамирын хувийн байдлын талаархи баримт /хх-ийн114-118/, хохирогч Б.Мишээл, Л.Оргил-Эрдэнэ нарын хүсэлт /хх-ийн 144-145/ зэрэг  болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

А.Золжаргал, Г.Эрдэнэбилэг, Э.Билэгт, С.Тамир нар нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2017 оны 12 дугаар сарын 08-09-нд шилжих шөнө 01 цагийн орчимд Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутагт байрлах “Ай Лофт” бааранд болон уг баарны гадна ялимгүй зүйлээр шалтаглан иргэн Л.Оргил-Эрдэнэ, Б.Бат-Оргил, Б.Мишээл нарыг бүлэглэн зодож, Б.Бат-Оргилын биед хөнгөн гэмтэл учруулсан нөхцөл байдал тогтоогдов.

 

Энэ үйл баримт нь шүүхийн хэлэлцүүлэг, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдоно. Үүнд:

 

хохирогч Б.Бат-Оргилын /хх-ийн 11-13/: “...Бааран дотор манай найз Мишээлийг нэг залуу цохиж байхаар нь би салгах гээд очиход нэг залуу ардаас намайг газарт унагаагаад толгой, нуруу ар дагз руу өшиглөж эхэлсэн, намайг унасан байхад нэг биш хэд хэдэн хүн өшиглөсөн байх. Тэгээд хамгаалагч нар намайг босгоод гагасан. Удалгүй 5-6 залуу гарч ирээд “тэнд байна” гэж заагаад над руу дайраад газарт унагааж байгаад нүүр, толгой руу өшиглөөд байсан. Босоод ирэхэд миний хөмсөг задраад цус гоожиж эхэлсэн байсан. Намайг 5-6 хүн зодсон гэж харсан. Хэн хэрхэн намайг цохиж зодож гэмтэл учруулсаныг би мэдэхгүй, газар унагааж байгаад тал талаас зодсон...” гэх мэдүүлгээр,

 

хохирогч Л.Оргил-Эрдэнийн /хх-ийн 15-16/: “... Золжаргал гэх танихгүй залуу намайг заамдаж аваад “чи хэн бэ” гээд  Биндэръяа руу “чи хэнтэй яваад байгаа юм бэ” гээд миний зүүн нүд руу гараараа нэг удаа цохисон. Би нүдний шилээ авах гээд тонгойж байхад Мишээл “хөөе болиоч” гэж хэлэхэд Золжаргал нь Мишээлийг цохих шиг болсон. Шилээ олоод босоод ирэхэд хамгаалагч нар нь Золжаргал, Билэгт, Эрдэнэбилэг, Тамир, Дашдорж, Бат-Оргил нарыг баарнаас гаргаж байсан. Араас нь Биндэръяа, Золзаяа, Анударь нар гарсан. “ОО” өрөө ороод гараад ирэхэд Мишээл гадаа гарчихсан байсан. Би араас нь гарахад баарны үүдэн дээр Мишээл, Золзаяа нар зогсож байсан. Замын хажууд Бат-Оргил газар хэвтсэн Золжаргал толгойн хэсэг рүү нь хөлөөрөө өшиглөж байсан. Эрдэнэбилэг, Тамир, Билэгт нар нь бие хэсэг рүү нь өшиглөж байсан. Анударь, Биндэръяа, Дашдорж нар нь Золжаргал, Эрдэнэбилэг, Тамир, Билэгт нарыг холдуулж Бат-Оргилыг босгоход нүүр нь хавдсан цус болсон байсан. Дашдорж, Билэгт, Эрдэнэбилэг, Тамир, Золжаргал нар яваад өгсөн. Надад гэмтэл учраагүй, шүүх эмнэлэгт үзүүлэхгүй…” гэх мэдүүлгээр,

 

хохирогч Б.Мишээлийн /хх-ийн 18-19/: “...Бүжгийн талбай дээр бүжиглэж байтал Золжаргал гэх залуу Оргил-Эрдэнийн нүүр рүү гараараа цохисон, “юу болсон бэ” гээд намайг яваад очтол шар бүдүүн залуу нь миний нүүр рүү нэг удаа цохисон. Дараа нь нэг залуу нь миний толгой руу пивоны шилээр цохисон. Гэхдээ шил нь хагараагүй. Хамгаалагч нар ирээд тэд нарыг баарнаас гаргасан. Гадаа гартал Бат-Оргилыг 2-3 залуу зодож байсан. Тэр залуусыг салгах гэтэл машинаас хэдэн залуус бууж ирээд над руу дайрч сүрдүүлсэн. Тэр дунд Золжаргал болон намайг бааранд цохидог шар бүдүүн залуу байсан. Бат-Оргилын нүднээс цус гарсан, газар сууж байсан. Бат-Оргил бааранд хүмүүстэй маргалдаж муудалцсан зүйл байхгүй...” гэх мэдүүлгээр,

 

гэрч Г.Биндэръяагийн /хх-ийн 20/: “...Бааранд Золжаргал гэх залуу надаас “чи хэнтэй яваад байгаа юм бэ” гэснээ Оргил-Эрдэнэ гэх залууг шууд заамдаад цохисон. Гэтэл хажуунаас нь Мишээл “яагаад байгаа юм бэ” гэхэд Золжаргалын найзууд болох Билэгт, Эби (бүтэн нэрийг нь мэдэхгүй), Тамираа гэх найзууд нь зэрэгцэж зогсож байгаад маргаан болонгуут бүгдээрээ Мишээлийг цохиж эхэлсэн. Эби нь Мишээлийг пивоны шилээр толгой руу нь цохисон. Хамгаалагч салгаад бүгдийг нь гадаа гаргасан. Намайг араас нь гарахад баарны гадна хаалганы зүүн талд Билэгт, Эби, Золжаргал гурав Бат-Оргилыг газарт унагаагаад бүгдээрээ өшиглөөд байсан. Хамгаалагч нар салгасан. Тэгээд хаалганы чанх урд Бат-Оргилыг ахиад газарт унагаагаад Золжаргал, Билэгт, Эби гурав дахиад Бат-Оргилыг өшиглөөд байсан. Бат-Оргил босоод ирэхэд нүүрнээс нь цус гоожоод нүд нь сонин болсон байсан. Тэгээд Мишээлийг баарнаас гарч ирэхэд Мишээлийг Золжаргал цохиод авахад Мишээл газарт унаад хамгаалагч нар салгасан. Золжаргал, Билэгт, Эби, Тамираа нар явах гэж байгаад Мишээлийг ганцаараа байхыг хараад Билэгт нь машинаасаа бууж ирээд “энэ ганцаараа байгаа юм байна зодчих уу” гээд орилоод байсан. Тэгэхэд Тамираа, Золжаргал, Дашдорж, нар бууж ирэхэд би Дашдоржоос “найзуудаа аваад яв” гэхэд Эби машинаасаа бууж ирээд Мишээлийг “хутгалана” гэж хэлээд зодох гээд дайраад байхаар нь би Эбиг салгасан. Бат-Орилын биед Билэгт, Эби, Золжаргал гурав гэмтэл учруулсан. Дашдорж огт зодоонд оролцоогүй...” гэх мэдүүлгээр,

 

гэрч У.Золзаяагийн /хх-ийн 22-23/: “...Золжаргал Анударийг тойроод Биндэръяа дээр очоод Оргил-Эрдэнэ гэдэг залууг заамдаж гараараа зүүн нүд рүү нь цохиход Мишээл хажуу талаас нь Золжаргалыг цохих шиг болоход  араас нь Золжаргалын найзууд Мишээл, Бат-Оргил хоёр руу дайраад зодож эхэлсэн. Намайг харахад Эби гэх залуу нь Мишээлийг заамдаж цохиж байсан. Тэр үед пивоны шил давхар хагарах чимээ гарсан. Мишээл толгойгоо дараад доош суух гэж байхад нь би ширээ рүү гардаг шат руу татаж гаргасан. Хамгаалагч нар ирээд Бат-Оргилыг Золжаргал болон найзуудтай нь түлхээд гаргасан. Би Бат-Оргилыг хайж гарахад гадаа баганы хажууд Эби, Билэгт, Тамираа, Золжаргал дөрөв Бат-Оргилыг газарт унагаагаад Золжаргал, Эби хоёр гараараа зодоод, Билэгт, Тамираа хоёр хөлөөрөө өшиглөөд байсан. Тэгээд хамгаалагч ирээд Бат-Оргилыг газраас босгоход Билэгт нь ардаас нь тэвэрч унагаагаад Золжаргал, Тамираа, Эби, Билэгт дөрөв Бат-Оргилыг дахин өшиглөж дэвсээд эхэлсэн. Энэ үед хамгаалагч очоод Бат-Оргилыг газраас босгоход нүүр нь битүү цус болсон байдалтай нүүрээ дараад доош тонгойсон байсан. Тэгэхэд Мишээл баарнаас гарч ирээд нөгөө Золжаргал, Эби, Билэгт, Тамираа, Дашдорж нар руу орилоод гараад ирэхэд нь би хамгаалагчтай нийлж Мишээлийг баар руу оруулсан. Тэгээд бэлэгнүүдээ аваад буцаад гараад ирэхэд Мишээлийг газарт унагаагаад Эби, Билэгт, Тамир, Золжаргал нар газарт унагаагаад дэвсэж байсан. Мишээлийн бүх бие нь улаан болтлоо зодуулсан байсан…Билэгт цагаан машинаас бууж ирээд Мишээлийг ганцаараа байгааг мэдээд “зодъё” гэж орилсон. Холдуулаад Билэгтийг болиход Золжаргал, Мишээл хоёр юм ярьж байхад машинаас Эби нь байх “Золжаргалаа наадхаа шаа” гэж орилоход Золжаргал нь Мишээлийг цохисон. Бат-Оргил, Мишээл нар хэнийг ч зодоогүй, зодож амжихгүй олон хүнд зэрэг зодуулсан. Бат-Оргилын нүд гадаа хоёр дахь удаагаа зодуулахдаа гэмтсэн. Тэр үед нүүр нь сонин болсон, нүднээс нь цус гараад нээгдэхгүй байсан. Бат-Оргилыг Эби, Билэгт, Тамир, Золжаргал нар зодсон. Мишээлийг Эби, Билэгт, Тамир, Золжаргал нар зодож байхад Дашдорж ойрхон хараад зогсож байсан. Зодоон юунаас болсныг би сайн ойлгоогүй, бүжгийн талбай дээр маргаан болсон, Золжаргал болон найзууд нь бүгд согтуу байсан, ухаанаа алдсан юм шиг байсан...” гэх мэдүүлгээр,

 

гэрч Б.Анударийн /хх-ийн 23-24/: “...Манай найз Биндэръяатай миний зүс таних Золжаргал гэдэг залуу тааралдаад юм ярьж байгаад тэр хоёрын хажууд зогсож байсан Оргил-Эрдэнийг Золжаргал нь нэг удаа цохисон. Гэтэл Мишээл Золжаргалын хойноос татаад “болиоч яагаад байгаа юм бэ” гэхэд Золжаргал эргэж хараад Мишээлийг гараараа цохисон. Тэр үед Бат-Оргил ирээд салгах гэтэл Золжаргалын найзууд гээд 5-6 залуу ирээд Мишээл, Бат-Оргил хоёрыг зодож эхэлсэн. Эби гэж дуудаж байсан залуу нь Мишээлийг цохисон байх. Хамгаалагч нар Бат-Оргилыг Золжаргалын найзуудын хамт гадаа гаргасан. Дотор Мишээлтэй хамт байж байгаад гарахад Бат-Оргилыг гадаа баарны хаалганы урд талд Золжаргал болон 2-3 найз нь Бат-Оргилыг газарт унагаасан өшиглөж байсан. Яг гараад ирэхэд Золжаргал нь Бат-Оргилын нүүр рүү нь өшиглөж байсан. Би Золжаргалыг араас нь татаад “болиоч” гэж орилоход болиогүй намайг түлхээд Бат-Оргилыг үргэлжлүүлээд 2-3 удаа өшиглөхөд нь би дахиж татаад болиулахад Бат-Оргилын нүднээс нь цус гарч байсан. Мишээл бааран дотроос гарч ирэхэд Золжаргалын найзууд машин дотор сууж байхад хамгийн урд талын хаалганаас Билэгт гэж дуудаж байсан залуу гарч ирээд “ганцаараа байна шүү дээ шаачийлдаа” гэж хэлсэн. Тэгээд Золжаргал Мишээл дээр ирээд дахин нэг цохисон, “чамайг хутгалана шүү” гээд орилоод байсан. Золжаргал болон найзууд нь машиндаа суугаад зугтаасан. Бат-Оргил, Мишээл нар зодолдож чадаагүй, зодуулаад байсан...” гэх мэдүүлгээр,

 

гэрч Б.Дашдоржийн /хх-ийн 33-34/: “...Бааранд Золжаргал, Тамир хоёр “Тэнүүний найз охин нь банди нартай явж байсан” гэсэн яриа гаргасан юм. Одоо зодуулаад нүд нь хавдсан залуу бүжгийн талбай дээр охидуудаа манай найзуудаас холдуулах гээд  голоор нь орж ирсэн. Тэгээд Билэгт одоо нүд нь гэмтсэн гээд байгаа хохирогч залуутай маргалдаад тэр хоёр цохилцож эхэлсэн. Хамгаалагч нар хохирогч залууг Эрдэнэбилэг, Билэгт, Тамир, Золжаргал нарын хамт баарнаас гаргасан. Би ариун цэврийн өрөө ороод гараад ирэхэд эсрэг талд явж байсан Мишээлтэй таарахад Мишээл над руу дайраад байсан. Тэгээд баарнаас гарахад гадаа хохирогч газар унасан, нүдээ дарсан байдалтай, нүднээс нь цус гарсан байдалтай байсан. Тамир, Билэгт, Эрдэнэбилэг нар хохирогч залууг зодоод ухарч байгаа байдалтай байсан. Тамир нөгөө хохирогч залууг зодох гээд орилоод очиход хоёр охин болиулж байсан. Билэгт бааран дотор гараараа цохиж зодоон эхлүүлээд араас нь Эрдэнэбилэг, Тамир, Золжаргал нар шууд тэр залууг цохиж эхэлсэн. Зодоон болж байхад ариун цэврийн өрөөнд би ганцаараа байсан, өөр хэн ч байгаагүй. Эхлээд Билэгт бааран дотор гараараа цохиж зодоон эхлүүлээд араас нь Эрдэнэбилэг, Тамир, Золжаргал нар шууд тэр залууг цохиж эхэлсэн. Гадаа Тамир, Билэгт, Эрдэнэбилэг нар зодоод дууссан байдалтай байсан, угаасаа харваас хүн зодоод дууссан байдалтай аашилж байсан. Тэр залууг хоёр охин газраас босгоод хана налуулаад зогсож байхад нь Тамир цохих гэж очоод догшин авирлаж байсан. Эрдэнэбилэг бол нэлээд догшин байсан, хүн хутгаар дүрнэ гээд орилж байсан. Билэгт, Тамир хоёр бол бас зодооныг дэвэргээд догшин авирлаад байсан. Бүжгийн талбай дээр манай найзууд болох Золжаргал, Билэгт, Эрдэнэбилэг, Тамир нар нүд нь гэмтсэн байгаа хохирогч залууг нийлээд зодоод эхэлсэн...” гэх мэдүүлгээр,

 

гэрч Б.Өсөхбаярын /хх-ийн 43-44/: "...Манай хяналтын камерийг  шүүж үзэхэд уг хүмүүсийн маргаан зодоон нь хяналтын камерт бичигдээгүй, камергүй газар зодоон болсон байсан…Зодуулсан гэх нүд орчимдоо гэмтэл авсан залуутай маргалдаж байсан залуучууд хоорондоо маргалдаад зууралдаад байхаар нь би болон манай хамгаалагч нар түлхэж хохирогч залуугаас холдуулж байсан...” гэх мэдүүлгээр,

 

А.З, Г.Э, Э.Б, С.Т нарын буруутай үйлдлийн улмаас Б.Бат-Оргилын  биед “зүүн нүдний ухархайн дотор болон доод ханын далд хугарал, зүүн салт, зовхинд цус хуралт, өнгөц шарх, зулгаралт” бүхий мохоо зүйлийн үйлчлэлээр, хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой, Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл учирсныг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн №178 тоот шинжээчийн дүгнэлт /хх-ийн 53/ зэрэг хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.         

 

Дээрх нотлох баримтууд “хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, А.З, Г.Э, Э.Б, С.Т нар нь Л.Оргил-Эрдэнэ, Б.Бат-Оргил, Б.Мишээл нарыг бүлэглэн зодож байхыг  гэрч, хохирогч  нар харж, уг байдлыг гэрчилж мэдүүлсэн, Б.Бат-Оргил нь А.З, Г.Э, Э.Б, С.Т нарт зодуулсны улмаас гэмтсэн, шүүх эмнэлгийн дүгнэлтээр Б.Бат-Оргилын эрүүл мэндэд хөнгөн хохирол (гэмтэл) учирсан болохыг тогтоосон” зэрэг үйл баримтуудыг агуулж байх тул энэ хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж шүүх үзсэн болно.

 

Шүүх хуралдаанаар тогтоогдсон дээрх хэргийн нөхцөл байдалд үндэслэн 2017 оны 12 дугаар сарын 08-09-нд шилжих шөнө 01 цагийн орчимд шүүгдэгч А.Золжаргал, Г.Эрдэнэбилэг, Э.Билэгт, С.Тамир нар нь ялимгүй зүйлээр шалтаглаж буюу “Г.Биндэръяатай хамт явж байсан” гэх шалтгаанаар нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж, бусдад хүч хэрэглэж, хүний халдашгүй чөлөөтэй байх эрхийг зөрчиж, аж ахуйн нэгж, байгууллагын хэвийн үйл ажиллагаа, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулан Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутагт байрлах “Ай Лофт” бааранд болон уг баарны гадна хохирогч Л.Оргил-Эрдэнэ, Б.Бат-Оргил, Б.Мишээл нарыг бүлэглэн зодож, Б.Бат-Оргилын эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэж шүүх дүгнэв.

 

            Шүүгдэгч нарын өмгөөлөгчөөс “Б.Бат-Оргилын биед хөнгөн гэмтэл учруулсан этгээдийг шүүгдэгч нарын дундаас олж тогтоох, эр эмийн хардлагаас үүдэн гэмт хэрэг гарсан нь нийтийн хэв журмыг зөрчөөгүй” гэх зэрэг санал гаргасныг шүүх дараах байдлаар дүгнэлт хийж өмгөөлөгч нарын дүгнэлтэд няцаалт өгсөн болно.

 

Эрх зүйт ёс, ёс суртахууны нийгэмд оршин буй ухамсарт хүн өөрийн үйлдлийг хууль эрх зүй, ёс суртахууны шаардлагад нийцүүлэх үүрэгтэй, тавьсан шаардлага, авсан арга хэмжээ нь хууль ёсны байх учиртай.

 

Хэргийн нөхцөл байдлаас үзэхэд шүүгдэгч нар “Г.Биндэръяатай хамт явж байсан” гэх ялимгүй зүйлээр шалтаглан хэрүүл маргаан, зодоон өдөөж, бусдад хүч хэрэглэн, зодооныг салгах гэсэн хүмүүсийн сануулгыг эс хайхран, өөрсдийн догшин зан авир, бүдүүлэг үйлдлээ бусдын анхаарлын төвд байлгахыг эрмэлзэж, хүний халдашгүй чөлөөтэй байх эрхэд халдаж, тухайн байгууллагын хэвийн үйл ажиллагаа, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулж буй нь нийтийн хэв журмыг зөрчих шинжийг бүрэн агуулж байна.

 

Хэргийн зарим гэрч, хохирогч нар тухайн болсон үйл явдлыг орон зай, цаг хугацааны явцад өөр өөрсдийн харснаар мэдүүлснийг буруутгах үндэслэлгүй бөгөөд тэдний хэн нь ч шүүгдэгч нарын хэн нэгнийг огт зодоонд оролцоогүй талаар мэдүүлээгүй болно. Ийм учраас шүүгдэгч нар нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчих явцдаа  хохирогч Б.Бат-Оргилын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэгт санаа зорилгоороо нэгдэж оролцсон тул бий болгосон үр дагаврыг хамтран хариуцах учиртай.

 

Мөн 2015 оны Эрүүгийн хуульд олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан, гэмтэл учруулсан гэсэн үндэслэлээр хоёр тусдаа гэмт хэрэг болгон зүйлчилсэн тул олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулахдаа хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсныг нэг гэмт хэрэгт тооцох хууль зүйн үндэслэлгүй болно.

            Иймээс өмгөөлөгч нарын гаргасан санал, хүсэлтийг хангах боломжгүй гэж шүүх дүгнэж, шүүгдэгч нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж, бусдад хүч хэрэглэж, хүний халдашгүй чөлөөтэй байх эрхийг зөрчиж, аж ахуйн нэгж, байгууллагын хэвийн үйл ажиллагаа, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан”, мөн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бүлэглэж үйлдсэн” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох хууль зүйн үндэслэлтэй.

 

            Ийнхүү шүүхийн шийдвэрийн тодорхойлох хэсэгт дурьдагдсан байдлаар шүүгдэгч А.З, Г.Э, Э.Б, С.Т нарын нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж, бусдад хүч хэрэглэж, хүний халдашгүй чөлөөтэй байх эрхийг зөрчиж, аж ахуйн нэгж, байгууллагын хэвийн үйл ажиллагаа, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан, мөн хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бүлэглэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруу шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдсон гэж дүгнэж тэдэнд Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх үндэстэй.

 

Шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирлын төлбөрийн асуудлыг дараах байдлаар шийдвэрлэв.

 

Хохирогч Л.Оргил-Эрдэнэ, Б.Мишээл нар “гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн тул шүүгдэгч нарыг тэдэнд төлөх төлбөргүй гэж шүүх үзэв.

 

Шүүх хуралдаан хүртэл баримтаар нотлогдсон хохирогч Б.Бат-Оргилд учирсан хор уршгийн нийт 2.014.000 төгрөгийн нэхэмжлэлээс шүүгдэгч нарын өмнө нөхөн төлсөн 2.000.000 төгрөгийг хасч, үлдэх 14.000 төгрөгийг тэднээс хувь тэнцүүлэн гаргуулж хохирогч Б.Бат-Оргилд олгох хууль зүйн үндэслэлтэй.

 

Харин хохирогч Б.Бат-Оргилын цаашид эмчилгээ хийлгэх, эд хөрөнгийн хохирол, сэтгэл санааны хохирол гэх нийт 4.500.000 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, энэ талаархи шаардлага хангасан нотлох баримтаа бүрдүүлсний эцэст гэм буруутай этгээдүүдээс иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээв.

 

Шүүх шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан, шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэг тус бүрд ял оногдуулж буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор А.З, Г.Э, Э.Б, С.Т нарыг тус бүрийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу (1 нэгж=1000 төгрөг) 450.000 төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор А.З, Г.Э, Э.Б, С.Т нарыг тус бүрийг 1 жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэхээр шийдвэрлэв.

 

Ингэж ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлд заасныг журамлан гэмт хэрэг тус бүрд оногдуулсан хэд хэдэн төрлийн ялын хөнгөн ялыг хүнд ялд нь нэмж нэгтгэх буюу торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг хорих ялын нэг хоногоор тооцож шүүгдэгч нарын нийт эдлэх ялын хэмжээг тус бүрийг 1 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар тогтоов.

 

Мөн эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд дурьдсан нөхцөл байдлууд болон хохирогч нарын хүсэлт зэргийг харгалзан шүүгдэгч нарыг шийтгэсэн хугацаатай хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтов.

 

Шүүгдэгч нар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хоёр гэмт хэргийг санаатай үйлдсэн тул тэдэнд Эрүүгийн хуулийн 7 дугаар бүлэгт заасан “Тэнсэх, албадлагын арга хэмжээ хэрэглэх” зохицуулалтыг хэрэглэх хууль зүйн үндэслэлгүй болохыг дурдаж байна.

 

Хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болно. 

           

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Түмчүүд овогт А.З, Боржигин овогт Г.Э, Чонос Рааш овогт Э.Б, Боржигон овогт С.Т нарыг  нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж, бусдад хүч хэрэглэж, хүний халдашгүй чөлөөтэй байх эрхийг зөрчиж, аж ахуйн нэгж, байгууллагын хэвийн үйл ажиллагаа, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан гэмт хэрэг үйлдсэн, мөн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11 дэх заалтад заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бүлэглэж үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.З-ыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар,  

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Э-ийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Б-ийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Т-ыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар,

 

Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.З-ыг 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Э-ийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б-ийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Т-ыг 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийн 2.1-д заасныг журамлан А.З, Г.Э, Э.Б, С.Т нарт тус бүр оногдуулсан хөнгөн ял болох 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг хорих ялын нэг хоногоор тооцож буюу 30 /гуч/ хоногийн хорих ялыг А.З, Г.Э, Э.Б, С.Т нарт тус бүр оногдуулсан хүнд ял болох 1 жилийн хугацаагаар хорих ял дээр нэмж нэгтгэн, шүүгдэгч А.З, Г.Э, Э.Б, С.Т нарын тус бүрийн биечлэн эдлэх ялыг 1 /нэг/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.З, Г.Э, Э.Б, С.Т нарыг тус бүрийг шийтгэсэн хугацаатай хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.                                                                            

 

5. Шүүгдэгч А.З, Г.Э, Э.Б, С.Т нар урьд цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Шүүгдэгч А.З, Г.Э, Э.Б, С.Т нар хохирогч Л.Оргил-Эрдэнэ, Б.Мишээл нарт төлөх төлбөргүйг дурдсугай.

 

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.З-аас 3500 төгрөгийг,  шүүгдэгч Г.Э-ээс 3500 төгрөгийг,  шүүгдэгч Э.Б-ээс 3500 төгрөгийг,  шүүгдэгч С.Т-аас 3500 төгрөгийг тус тус гаргуулж хохирогч Б.Бат-Оргилд олгосугай.

 

8. Хохирогч Б.Бат-Оргилын 4.500.000 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, энэ талаархи шаардлага хангасан нотлох баримтаа бүрдүүлсний эцэст гэм буруутай этгээдүүдээс иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

 

9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч А.З, Г.Э, Э.Б, С.Т нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус өөрчлөн цагдан хорьж, тэдний ял эдлэх хугацааг энэ өдрөөс эхлэн тоолсугай.       

 

10. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

11. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.З, Г.Э, Э.Б, С.Т нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.      

 

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Б.МӨНХ-ЭРДЭНЭ