Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 01 сарын 07 өдөр

Дугаар 2025/ДШМ/38

 

2026          01            07                                                                                   2025/ДШМ/38

 

 

М.Н-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Алтантуяа даргалж, шүүгч Б.Батзориг, шүүгч Л.Одончимэг нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд 

прокурор Э.Мөнхболд,

хохирогч “А-” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Б-, Ө.А-,

шүүгдэгч М.Н-, түүний өмгөөлөгч Б.Ганболд,

нарийн бичгийн дарга Б.Ням-Учрал нарыг оролцуулан,  

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 2025/ШЦТ/2510 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Ганболдын гаргасан гомдолд үндэслэн М.Н-д холбогдох эрүүгийн 2409002100427 дугаартай хэргийг 2025 оны 12 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Одончимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Б- овгийн М-ын Н-, .........., урьд ял шийтгэлгүй, /РД:М-/;

М.Н- нь 2023 оны 12 дугаар сарын 05-ны өдрөөс 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдрийг хүртэлх хугацаанд Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо М- 403 тоотод үйл ажиллагаа явуулдаг “А-"-д бүртгэлтэй М- тоот дансаар дамжуулан хувьцааны захиалга үүсгэж улмаар системийн алдаанаас үүдэлтэйгээр дээрх дансанд шилжиж орсон 125.317.703 төгрөгийг бусдын өмч гэдгийг мэдсээр байж хувьдаа завшиж их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: М.Н-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Шүүгдэгч М.Н-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан буюу “Төлбөр тооцооны алдаатай гүйлгээг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас их хэмжээний хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, М.Н-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 10 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан М.Н-д оногдуулсан 10 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Н-гээс 125.195.393,54 төгрөг гаргуулж хохирогч “А-”-д олгож шийдвэрлэжээ.

Шүүгдэгч М.Н-гийн өмгөөлөгч Б.Ганболд давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “...анхан шатны шүүх М.Н-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн, өөрөөр хэлбэл 2023 оны 12 дугаар сарын 05-ны өдрөөс 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл хугацаанд “А-” ХХК-д бүртгэлтэй М- тоот дансаар дамжуулан хувьцааны захиалга үүсгэж улмаар системийн алдаанаас үүдэлтэйгээр дээрх дансанд шилжин орсон 125.317.703 төгрөгийг бусдын өмч гэдгийг мэдсээр байж хувьдаа завшиж их хэмжээний хохирол учруулсан гэж дүгнэсэн нь бодит байдалд нийцэхгүй, эргэлзээтэй, хоорондоо зөрчилтэй дүгнэлт болсон. Учир нь бодит байдал дээр 2023 оны 12 дугаар 01-ний өдрөөс эхлэн “А-” ХХК нь олон нийтэд хандан зарласан IPO-ийн дагуу хувьцааны арилжаанд М.Н- холбогдох журмын дагуу оролцож, гүйлгээ хийсэн болох нь тогтоогдсон бөгөөд энэ үед М.Н-гийн зөвхөн өөрийн хувийн мэдээллийг агуулсан, тодруулбал “Харилцагч М.Н- М- гэсэн улсын бүртгэлийн дугаар буюу өөрийн овог, нэр, регистрийн дугаарлал бүхий тодорхой нэр бүхий үнэт цаас бүхий жишээлбэл “А-” ХК, “А-” ББСБ гэх зэрэг компаниудын борлуулагдаж байгаа хувьцаануудыг төлбөрийг нь төлсөн буюу өөрөөсөө зохих зардлуудыг гаргасны үндсэн дээр хувьцааг худалдан авсан болох нь энэхүү хувьцааны төрлийн хөрөнгийг өмчлөгчийн хувиар бүртгэлийн байгууллага болох “Үнэт цаасны төлбөр тооцоо, төвлөрсөн хадгаламжийн Төв” ХХК-д албан ёсоор бүртгэгдсэнээр нотлогдож байгаа бөгөөд дээрх нэрийн үнэт цаасны хууль ёсны өмчлөгч нь Иргэний хуулийн 107 дугаар зүйлд зааснаар М.Н- мөн болно.

Гэтэл “А-" ҮЦК дээрх хувьцааг М.Н- худалдаж аваагүй тул өөрийнх нь өмч хөрөнгө хэвээр байгаа мэтээр тайлбарлаж түүнийгээ хохирол гэж, нэрлэж байгаа нь Монгол Улсын Иргэний хуулиар хориглогдсон үйлдэл болсон. Иргэний хуулийн 93 дугаар зүйлийн 93.1 дүгээр зүйлд "Эд хөрөнгийг хууль ёсны эзэмшигчээс шаардаж болохгүй” гэж заасан.

Мөн хохирогчид 125.315.703 төгрөгийн хохирол учраагүй болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байтал шүүхээс дээрх хэмжээний хөрөнгийг хохирогчид бүхэлд нь олгуулахаар шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзэхээр болсон.

Түүнчлэн миний үйлчлүүлэгч М.Н-г буруутгах үндэслэлийн нэг болсон системийн буюу техникийн алдаанаас үүдэлтэй гэснийг тогтоосон хөндлөнгийн байгууллагын дүгнэлт гараагүй байтал тухайн алдааг үүсгэсэн “Grapecity” гэх компанийн өөрийнх нь гаргасан тодорхойлолтыг үндэслэн шийтгэх тогтоол гаргасан нь энэхүү гомдлыг гаргах нэг үндэслэл болсон. Иймд дээрх байдлыг харгалзан шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, М.Н-г цагаатгаж өгнө үү. ...” гэв.

Хохирогч “А-” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.А- шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...миний зүгээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны үндэслэлтэй гаргасан гэж үзэж байгаа тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. Хувьцааны талаар тодорхой нэг тайлбарыг хэлэх нь зүйтэй байх гэж бодож байна. “IPO” буюу анхдагч зах зээл дээр тавьдаг хувьцаа захилгын үйл явц нь 12 дугаар сарын 03-20-ны хооронд захиалга нь явагддаг. Өөрөөр хэлбэл энэ хугацаанд хувьцаа зардаггүй. Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс түүнийг хувьцааны ашиг авсан гэж тайлбарлаж байна. 12 дугаар сарын 03-наас 12 дугаар сарын 20-ныг хүртэл хугацаанд хувьцаанаас ашиг авах ямар ч боломжгүй. Уг хэргийн үйл баримттай холбоотой “IPO” зарлахад 5 стратегийн компани, 1637 хөрөнгө оруулагч оролцсон байдаг. Хоёрдогч зах зээл 12 дугаар сарын 21-ний өдрөөс нээгдсэн байдаг. IPO-г зохицуулалттай компанийн хийдэг ажил. ...” гэв.

Хохирогч “А-” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Б-ээс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...нэмж хэлэх тайлбаргүй...” гэв.

Прокурор Э.Мөнхболд шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс гомдлоо тайлбарлахдаа гүйлгээнүүд нь М.Н-гийн нэрээр явагдсан гэх зүйлийг дурдаж байна. Хувьцаа цуцалсантай холбоотой алдаатай гүйлгээ гарч хувьцаатай дүйцэхүйц мөнгө М.Н-гийн дансанд орсон болох нь хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байгаа. М.Н-гийн дансанд орсон болохоор М.Н- гүйлгээ хийх нь ойлгомжтой зүйл гэж прокуророос үзэж байна. М.Н-г бусдын эзэмшлийн эд хөрөнгө алдаатай гүйлгээ болохыг нь мэдсээр байж дансанд нь орж ирсэн мөнгийг завшсан байна гэж үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татаж яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн. Прокурорын зүгээс алдаатай гүйлгээ гэж үзсэн учир мөрдөн шалгах ажиллагааны шатанд шинжээч томилж, дүгнэлт гаргуулаагүй. Өөрөөр хэлбэл хэргийн үйл баримт нийтэд илэрхий явагддаг. А-” ХХК-ийн данснаас М.Н-гийн данс хооронд шилжүүлсэн мөнгө тодорхой байсан. Гэвч өмгөөлөгч шүүх хуралдааны үеэр шинжилгээ хийлгүүлэх хүсэлт гаргаж гэм буруугийн шүүх хуралдааныг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар 60 хүртэл хоногоор хойшлуулж шинжээч томилж дүгнэлт гаргаж хэргийг шийдвэрлүүлсэн. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ө.А- тайлбартаа “...А- “ҮЦК” ХХК-иас IPO зарласан. Анхдагч зах зээл 12 дугаар сарын 03-ны өдрөөс 12 дугаар сарын 20-ны өдөр хүртэл зарлагдсан. Шүүгдэгч М.Н- нь дансанд нь мөнгө байхгүй байхад анхдагч зах зээлээс хувьцаа захиалсан. Захиалсан хувьцаагаа цуглахаар захиалсан хувьцаатайгаа дүйцэхүйц мөнгөн дүн дансанд нь шилжиж орсон...” гэж тайлбарлалаа. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн дараах тайлбар нь Аутидын дүгнэлт болон шинжээчийн дүгнэлтээр тогтоогддог. Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс зүгээс гомдолдоо дурдаж байгаа 14.000.000 төгрөг нь шүүгдэгч М.Н- дансандаа орсон мөнгөөр хувьцаа захиалж, захиалгаа цуцалсан мөнгө. Аутидын дүгнэлтийг үндэслэж шинжээчийн дүгнэлт гарсан. Шинжээчийн дүгнэлтээр М.Н- нь дансанд нь мөнгө байхгүй байхад хувьцаа захиалж, захиалсан хувьцаагаа цуцалсны улмаас цуцалсан хувьцааны дүнгээр дансанд нь мөнгө орсон болох нь тогтоогддог. Тэрээр мөн дансанд нь орсон мөнгийг өөрийн Хаан банк, Худалдаа хөгжлийн банк, Голомт банкны данс руу зарлагдсан болох нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байгаа. Мөн шүүгдэгч нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд тухайн мөнгөнөөс хэрэглэсэн, гэртээ тавилаг худалдаж авсан гэж мэдүүлдэг. Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс гомдлоо тайлбарлахдаа ямар нотлох баримтуудад үндэслэж өөрийнхөн ярьж байгаа зүйл дэмжигдэж байгаа талаар үндэслэл бүхий тайлбар өгч чадсангүй гэж прокурорын зүгээс харж байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн “...төлбөр тооцооны алдаатай гүйлгээ...” гэдэг нь системийн алдаанаас үл хамаарч хэн нэгний данс руу орсон мөнгийг хэлнэ. Тухайн этгээд өөрийнхөн данс руу орох ёстой мөнгө биш гэдгийг мэдсээр байж өөртөө авсан үйлдлээр уг гэмт хэрэг төгсдөг. М.Н- өөрийгөө хувьцаа аваагүй, хоёр дахь зах заал нээгдээгүйг мэдэж байсан атлаа дансанд нь орж ирсэн мөнгийг хувьцааны ашиг гэж авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна. Иймд шүүгдэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хэрэгсэхгүй болгож анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээлгэх саналтай байна. Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс гэмт хэрэг биш гэж үзэж байгаа юм уу, хохирлыг буруу тооцсон гэж үзэж байгаа юм уу гэдгийг ойлгомжгүй байдлаар тайлбарлалаа гэж үзэж байна. Шүүгдэгчийн 2 данс руу гүйлгээ хийгдсэн тухайн гүйлгээ нийлээд 125.000.000 төгрөг. Уг гэмт хэргийн улмаас А-” ХХК-т учирсан нийт хохирол нь 125.315.703 төгрөг гэв. ...”

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Н-гийн өмгөөлөгч Б.Ганболдын гаргасан давж заалдах гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

Шүүгдэгч Д.Н- нь 2023 оны 12 дугаар сарын 05-ны өдрөөс 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдрийг хүртэлх хугацаанд Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, М- 403 тоотод үйл ажиллагаа явуулдаг “А-”-д бүртгэлтэй М- тоот дансаар дамжуулан хувьцааны захиалга үүсгэж улмаар системийн алдаанаас үүдэлтэйгээр дээрх дансанд шилжиж орсон 125.317.703 төгрөгийг бусдын өмч гэдгийг мэдсээр байж хувьдаа завшиж их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Э-ийн “...А- нь Most money апп-тай хамтран шинэ үйлчилгээ нэвтрүүлсэн, тэгээд манай байгууллага өөрсдийн дансны хуулгыг шалгахад нийт 131.805.632 төгрөг алдагдсан байсан, мөнгө нь 50 удаагийн гүйлгээгээр нийт 3 банкны данс руу гарсан байсан, данс эзэмшигч нь М- овогтой Н- гэх хүнийх байна...” /1хх 15-16/,

хохирогчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Б-ийн “...2023 оны 12 дугаар сарын 05-ны өдрөөс 12 дугар сарын 20-ны өдрийн хооронд системийн тохиргооноос үүдэлтэй давхардсан гүйлгээ хийгдсэн байсан, манай байгууллагатай гэрээтэй программын үйлчилгээ үзүүлдэг “Grapecity” гэдэг байгууллагад хандан хуулгыг нь татуулж гаргуулсан..., ...2023 оны 12 дугаар сарын 03-ны өдрөөс 12 дугаар сарын 20-ны өдрийг хүртэлх хугацаанд “А-” ХХК-ийн Мост компанийн IРО-ийн захиалгын үеэр системийн тохиргооноос үүдсэн давхардсан гүйлгээнээс үүдэж улмаар данс андуурагдаж манай харилцагч М.Н-гийн хувьцааны харьцах Э-, Э-, Э- дугаартай данснууд руу 125.317.703 төгрөг хуваагдаж орсон...” /1хх, 25, 124/,

гэрч Г.Д-гийн “...Мост мони аппликейшн дээр 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2023 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн хооронд А- өөрсдийн үйлчилгээг нэвтрүүлсэн. Харилцагч Н- 2023 оны 12 дугаар сарын 05-ны өдрөөс 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн хооронд Мост мони аппликейшнаар хувьцааны захиалгыг мөнгөн дүнгүйгээр өгч 50 удаагийн гүйлгээгээр 13.,000.000 төгрөгийг зарлагдан авсан...” /1хх, 27-28/ гэсэн мэдүүлгүүд,

“Баби Тами Аудит” ХХК-ийн аудитын 2025 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн “...М.Н-гийн “А-” ХХК-д бүртгэлтэй Д- тоот төгрөгийн харилцагчийн дансны 2023 оны 12 дугаар сарын 03-ний өдрөөс 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хүртэлх хугацаанд 125.318.303,54 төгрөгийн орлого орж ирснээс 1.852.910.00 төгрөгийг М.Н- нь Худалдаа хөгжлийн банк болон А- ББСБ-ийн данснаасаа шилжүүлж, Хас банк дахь “А-” ХХК-ийн Д- тоот төгрөгийн дансанд орсон нь 2 талын хуулгаар нотлогдож байгаа бөгөөд үлдсэн 123.465.393,54 төгрөгийн орлого нь хуулга болон бусад баримтаар нотлогдохгүй байгаа боловч зарлага талаасаа дээрх хугацаанд нийт 125.317.703, 4 төгрөгийн зарлага гарснаас 53,064,900 төгрөгийг М.Н- нь Худалдаа хөгжлийн банкны Д- тоот төгрөгийн харилцах данс руугаа, 58,141,000 төгрөгийг өөрийнхөө "А- ББСБ” ХК-ийн MNД- тоот төгрөгийн дансанд шилжүүлэн авсан нь М.Н-гийн хуулгаар болон "Хас банк" дахь “А-” ХХК-ийн Д- тоот төгрөгийн дансны хуулганууд гэсэн 2 талын хуулгаар нотлогдож байна. Мөн М.Н- нь 14,109,303.54 төгрөгийн хувьцаа худалдаж авсан нь “Үнэт Цаасны Төвлөрсөн Хадгаламжийн Төв” ХХК-ийн харилцагчийн дансны дэлгэрэнгүй хуулга болон “А-” ХХК-ийн Д- тоот төгрөгийн харилцагчийн дансны хуулгануудаар нотлогдож байна. Дээрхээс харахад М.Н-гийн 123,465,393.54 төгрөгийн орлого нь эх үүсвэр тодорхойгүйгээр дандсанд нь орлого хэлбэрээр ороод буцаад зарлага байдлаар захиран зарцуулагдсан байна.” /2хх, 145-150/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2025 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн ЕГ040125/136 дугаар “...М.Н-гийн “А-” ХХК-д бүртгэлтэй Д- тоот арилжааны данс нь 2023.12.03-12.20 хугацаанд орлого хийгдээгүй байхад 85 удаагийн гүйлгээгээр 123,465,393.54 төгрөгийн хувьцаа захиалга хийж, хувьцааны захиалга биелсэн байна. Энэ хугацаанд М.Н-гийн арилжааны Д- тоот данснаас ХХБ-ийн Д- тоот данс руугаа шилжүүлсэн хувь хувьцааны орлогын мөнгөнөөс буцаагаад арилжааны Д- тоот дансыг 1,7130,000.00 төгрөгийг цэнэглэсэн байх тул нийт 125,195,393.54 /123,465,393.54+1,730,000.00/ төгрөгийг М.Н-гийн хариуцахаар байна...” /2хх, 152-157/ гэсэн дүгнэлтүүд,

“А-” ХХК-д бүртгэлтэй М- овогтой Н-гийн М- тоот дансны дэлгэрэнгүй мэдээлэл /1хх, 48-50/, “А-” ХХК-ийн 2024 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 24/261 дугаартай “...М- овогтой Н- /РД:М-/ нь А- ХХК-ийн анх 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдөр үнэт цаасны данс нээлгэх хүсэлтийг цахимаар буюу Ард аппликейшнээр ирүүлсэн тул тухайн хүсэлтийг цахимаар баталгаажуулан Д- дугаартай дансыг нээж байсан бөгөөд данс нээж байснаасаа хойш арилжаа хийж байгаагүй ба өөрийн дансыг цэнэглэж байгаагүй буюу өөрөөсөө ямар ч мөнгө төлөөгүй байдаг. Мөн тухайн хувьцааг системд 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдрөөс эхлэн локлож, чөлөөтэй арилжаа хийх эрхгүй болгосон М.Н- нь өөр үнэт цаасны компани руу тухайн хувьцааг шилжүүлэн авсан байна.”, “...М.Н-гийн харилцах Дансны хуулганд буй Э-, Э-, Э- дугаартай харьцсан данснууд нь системийн данснууд бөгөөд Мост Финтек ХК-ийн хувьцааны захиалгаар орлого болон биелж харьцсан данс нь Э- дугаартай данс байна. Үүнээс харвал харилцагч М.Н- нь өөрийн дансыг огт цэнэглээгүй үед нь хувьцааны захиалга биелэгдэн орлого шилжүүлэгдэж андуурагдсан гүйлгээ хийсэн нь тодорхой харагдаж байна. Э- дугаартай дансыг эцсийн байдлаар 2023 оны 12 дугаар сарын 03-ны өдрөөс 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн хуулганаас шүүхэд нийт 125,317,703 төгрөгийн хохирол учруулж нийт 50 гаруй удаагийн гүйлгээгээр өөрийн эзэмшлийн Худалдаа Хөгжлийн банк, Хас банк, А- ББСБ ХК-ийн харилцах данс руу шилжүүлэн авсан байна...” гэсэн албан бичиг /1хх 153-154/ зэрэг анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан, тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн шүүгдэгч М.Н-г “Төлбөр тооцооны алдаатай гүйлгээг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас их хэмжээний хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцжээ.  

М.Н- нь “А-" ХХК-д бүртгэлтэй М- тоот дансаар дамжуулан хувьцааны захиалга үүсгэж улмаар системийн алдаанаас үүдэлтэйгээр дээрх дансанд шилжиж орсон 125.317.703 төгрөгийг хувьдаа завшсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, шүүх Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Шүүгдэгчид оногдуулах ял шийтгэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэсэн Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцэхээс гадна Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, ...гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршино...” гэсэн эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан байх ёстой ба анхан шатны шүүхээс шүүгдэгч М.Н-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 10 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь түүний гэм бурууд тохирсон төдийгүй эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцсэн байна.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Ганболд “...өөрийн хөрөнгөөр худалдаж авсан, алдаатай гүйлгээ биш, Иргэний хуулийн 107 дугаар зүйлд зааснаар өмчлөгч нь мөн гэсэн үндэслэлүүдээр шүүгдэгчид холбогдох хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг гаргажээ.

Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл шүүгдэгч Д.Н- нь системийн алдаанаас үүдэлтэйгээр алдаатай гүйлгээ хийсэн, улмаар уг алдаатай гүйлгээг хүлээн авч хувьдаа завшсан болох нь түүний мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...бусдад төлөх 25.000.000 төгрөгийн зээлийг төлсөн, гэртээ хөлдөөгч, буйдан, шкаф, ор, турк хивс 3 ширхэг, гар утас 3 ширхэг, алтан ээмэг, автомашин худалдан авах, бусад хүнд зээлэх байдлаар захиран зарцуулсан...” гэсэн агуулга бүхий мэдүүлгээс /1хх 30/ гадна хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Э-ийн 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл /1хх 13/, түүний хохирогчоор өгсөн мэдүүлэг /1хх 15-16/, “А-” ХХК-д бүртгэлтэй М- овогтой Н-гийн М- тоот дансны дэлгэрэнгүй мэдээлэл /1хх 48-50/, “А-” ХХК-ийн 2024 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 24/261 дугаартай албан бичиг /1хх 153-154/ зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдсон байх ба энэ талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Ганболд нь шүүгдэгчийг хувьцааны арилжаанд холбогдох журмын дагуу оролцсон, Иргэний хуулийн 107 дугаар зүйлд зааснаар өмчлөгч болно хэмээн тайлбарлаж байгаа боловч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлд заасан “Алдаатай гүйлгээ, андуурагдсан илгээмж, гээгдэл эд хөрөнгө, алдуул мал завших” гэмт хэргийн хувьд гэмт этгээд бусдын өмчийг өөрт олж авахын тулд урьдаас идэвхтэй үйлдэл хийгээгүй буюу хохирогчийн эд хөрөнгө гэмт этгээдийн эзэмшилд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас шилжсэний дараа уг эд хөрөнгийг завших сэдэл төрж, хууль бусаар захиран зарцуулсан байдлаар илэрдэг онцлогтой бөгөөд шүүгдэгч Д.Н- нь системийн алдаанаас үүдэлтэйгээр алдаатай гүйлгээ хийсэн, улмаар уг алдаатай гүйлгээг хүлээн авч хувьдаа завшсан нотлогджээ.

Иймд шүүгдэгч М.Н-гийн өмгөөлөгч Б.Ганболдын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...Шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчилсөн тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулж тооцно...” гэсний дагуу шүүгдэгч М.Н- нь 2025 оны 11 дүгээр сарын 05-ны өдрөөс хойш 63 хоног цагдан хоригдсоныг түүний ял эдлэх хугацаанд нь оруулан тооцов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 2025/ШЦТ/2510 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Ганболдын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Н-гийн 2025 оны 11 дүгээр сарын 05-ны өдрөөс 2026 оны 01 дүгээр сарын 07-ний өдрийг хүртэл нийт 63 хоног цагдан хоригдсоныг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

                       ДАРГАЛАГЧ,

                    ШҮҮГЧ                                                     Т.АЛТАНТУЯА

                                ШҮҮГЧ                                                    Б.БАТЗОРИГ

                                ШҮҮГЧ                                                    Л.ОДОНЧИМЭГ

Даргалагчаас: Шүүгдэгч М.Н- нь 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс 12 дугаар сарын 20-ны өдрийг хүртэлх хугацаанд төлбөрийн алдаатай гүйлгээний улмаас орж ирсэн хөрөнгийг бусдын эзэмшилд байгааг мэдсээр байж их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар эргэлзээгүй хангалттай тогтоогдсон байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад авагдсан нотлох баримтууд нь хууль зөрчөөгүй, оролцогчийн эрхийг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдоогүй, анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн, түүнд оногдуулсан эрүүгийн хариуцлага нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдалд тохирсон байна гэж шүүх үзлээ. Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс шүүгдэгчийн үйлдлийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү, өөрийн хөрөнгөөр худалдаж авсан, алдаатай гүйлгээ биш, Иргэний хуулийн 107 дугаар зүйлийн 107.1 дэх хэсэг гэсэн үндэслэлүүдээр давж заалдах гомдол гаргаж байгаа боловч шүүгдэгчид холбогдох хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, цагаатгах нөхцөл байдал хэргийн байдлаас тогтоогдоогүй гэж үзэж өмгөөлөгч Б.Ганболдын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. Шүүгдэгчийн үйлдэл гэмт хэргийн шинжийг хангасан, энэ бол өөрийнх нь хөрөнгө биш гэдгийг мэдэж байсан, мэдсээр байж бусдын эд хөрөнгийг завшиж, их хэмжээний хохирол учруулсан нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон байна гэж үзсэн. Цагдан хоригдсон хоногийг оруулан тооцно.