| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бавуугийн Гансүх |
| Хэргийн индекс | 177/2018/0136/Э |
| Дугаар | 146 |
| Огноо | 2018-09-06 |
| Зүйл хэсэг | 27.10.2.1., |
| Улсын яллагч | Э.Ууганзаяа |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 09 сарын 06 өдөр
Дугаар 146
Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Гансүх даргалан,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Алтанлхам,
Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Ууганзаяа,
Хохирогчийн өмгөөлөгч: Б.Цагцалмаа,
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Б.Болормаа,
Шүүгдэгч: Д.А нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Я.Динагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т овогт Д.А-т холбогдох 1835002690163 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 8 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1983 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Увс аймгийн Улаангом суманд төрсөн, 34 настай, эмэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, Улаанбаатар хот Номин “наадам центр” худалдааны төвд ахлах нягтлан бодогч ажилтай, ам бүл 1, Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүрэг 31-р хороо, Алтайн 1-р гудамжны 22 тоотод оршин суух Т овогт Д.А. РД:
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/:
Шүүгдэгч Д.А нь Увс аймгийн Улаангом сумын 4 дүгээр багийн нутагт 2018 оны 07 дугаар сарын 21-ний шөнө 95-65 УНИ улсын дугаартай Приус-20 загварын автомашин жолоодож яваад МУ-ын ЗХД-ийн 2.7.а, 9.2 дахь заалтыг зөрчиж зам тээврийн осол гаргасны улмаас хохирогч Ж.Б-ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Шүүгдэгч Д.А нь согтуурсан үедээ автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:
Шүүгдэгч Д.А нь 2018 оны 07 дугаар сарын 21-ний шөнө Увс аймгийн Улаангом сумын 4 багийн нутагт 95-65 УНИ улсын дугаартай Приүс-20 загварын автомашин жолоодож яваад хохирогч Ж.Быг дайрсан болох хохирогч Ж.Б-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2018 оны 7 дугаар сарын 21-ний өдөр би зах дээр архи ууж яваад, зах тараад салга Г гэдэг хүнтэй хамт 2 литр шимийн архи авч уусан. Дараа нь бид 2 “Тэнгэр” бөөний төвөөс 250 граммын хэмжээтэй “Их монгол” нэртэй архи аваад манай гэрт очиж уусан. Салга Г манай гэрт амарлаа гээд унтсан. Би үлдсэн архиа аваад “Ритм” гэдэг бүжгийн клуб руу явсан. Тэнд бүжиг болохгүй байсан тул архинаасаа 1 балгачихаад 20 айл дэлгүүрийн урд талын замаар ганцаараа зүүн зүгт алхсан. Би хаан банкны арын 4 замын уулзвар дээр үлдэгдэл архинаасаа уугаад хойд зүг рүү замын голоор алхсан.Тэгж байтал гэнэт нэг машин шүргэх шиг болсон. Тэгтэл миний хөл халуун оргисон. Автомашинаас нэг залуу бууж ирээд захын муу архичин гээд намайг цохихоор нь гартаа байсан архины шилээ шидсэн. Түүнээс хойш юу болсныг санахгүй байна. Д.А миний бүх хохирлыг бүрэн төлж барагдуулсан. Надад гомдол тэмцэл, санал, хүсэлт байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 24-26, 27-28, 29-30-р талд/,
гэрч Г.Т-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “2018 оны 7 дугаар сарын 21-ний шөнө 3 цагийн үед найз Д.А-ийн 95-65 УНИ улсын дугаартай Приүс-20 маркын авто машинтай Улаангом сумын 4 дүгээр багийн нутаг баруун 4 замаар чанх урагш Улаангом сумын төв талбай чигт явж байтал Д.А гэнэт тоормослоод машинаа зогсоохоор нь юу болсон бэ? гэж асуухад Д.А юу болохыг сайн мэдэхгүй байна. Ямар нэг зүйл байхаар сандраад тулаад зогссон гэж хэлсэн. Тухайн үед би машины арын суудал дээр сууж явсан болохоор юу болсныг мэдээгүй. Тэгээд машинаас буугаад хартал зам дээх үл таних эрэгтэй хүн хэвтэж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 31, 32-33-р тал/,
гэрч И.Б-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “2018 оны 7 дугаар сарын 20-ны өдөр манай ангийн төгсөгч 8 хүн уулзсан. Тухайн үед Д.А машин барьж яваа гээд пиво уугаагүй. Уулзалт тараад шөнийн 00 цагийн үед Т, А бид 3 Улаан уул руу А-ийн эзэмшлийн 95-65 УНИ улсын дугаартай, цагаан өнгийн приүс маркын автомашинтай явсан. Улаан уулын хойд талын саравчинд очиж юм ярьж сууж байгаад 02 цаг өнгөрч байхад Улаангом сумын төв рүү явсан. Д.А автомашин жолоодож явсан. Улаангом сум руу ороод хотын захаар явъя гээд наадмын талбайн зүүн талаар хуучин гурилын үйлдвэрийн урд талаар яваад 4 замаар урд зүг рүү чиглээд явсан. Хуучин олон түцний тэнд нэг согтуу хүн гараа өргөж байх шиг болсон тэгэхээр А тойрч гарах гэж байгаад урдаас машины гэрэл гялбаад “Муу тэнэг мөргүүллээ ш дээ” гэхэд урдаас машины гэрэл гялбаад нэг зүйл дээгүүр гарсан. Нэг зүйлийг дайрсныг дараа А машинаа зогсоосон” гэх мэдүүлэг /хх-ийн 39-40-р тал/,
гэрч Б.Б-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “2018 оны 7 дугаар сарын 21-ний шөнө 2 цаг 12 минутын үед цагдаагийн газрын 7045102 дугаарын утсанд баруун 4 замаас аймгийн төв рүү чиглэлд олон түцнүүдийн урд байрлах засмал зам дээр нэг хүн хэвтэж байна гэх дуудлага аваад дуудлагын шуурхай албаны жолооч ахлагч Б-ийн хамт тухайн газарт очиход засмал зам дээр нэг хүн хэвтэж байсан. Тухайн зам дээр хэвтэж байгаа хүнийг хэн болох, амьд байгаа эсэхийг тогтоохоор очиж байтал баруун 4 замаас бидний чиглээд нэг автомашин хурдтай ирж байсан. Бид нар тухайн авто машиныг зогсоох гэж орилж хашгирсан боловч улам хурдаа нэмээд ойртож ирсэн. Цагдаагийн ахлагч Б бид 2 зам дээр хэвтэж байсан хүнийг татаж хамт гарч чадалгүй арай гэж замын хашлага руу өөрсдөө гарсан. Замын хашлага руу гарах үед зам дээр байсан хүнийг дайрах чимээ гарсан ба жолооч эмэгтэй хүн дайрчихлаа гэж орилж байсан. Уг тээврийн хэрэгсэл зогсох үйлдэл хийгээд чигээрээ явахад дугаарын тогтоох зорилгоор араас нь гүйхэд халамж үйлчилгээний газар луу эргэдэг уулзвар дээр зогссон. Зам дээр хэвтэж байсан машинд дайруулахаас утасны гэрэл тусгаж харахад ямар нэг шарх сорви, цус мэд зүйл байгаагүй. Машинд дайруулсны дараа гэрэл тусгаж харахад Ж.Б байсан бөгөөд нүдний хэсэг нь цус болсон байсан. Мөн “Намайг машин мөргөчихлөө. Шүд уначихлаа” гэж орилж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 34-35, 36-р тал/,
гэрч Н.Б-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “2018 оны 7 дугаар сарын 20-ны 8 цагаас 2018 оны 7 дугаар сарын 21-ний 8 цаг хүртэл цагдаагийн жолоочоор үүрэг гүйцэтгэж байхад 2018 оны 7 дугаар сарын 21-ний шөнө 2 цаг 12 минутын үед цагдаагийн газрын 7045102 дугаарын утсанд ирсэн дуудлагын дагуу дуудлага хүлээн авагчаар ажиллаж байсан цагдаагийн ахлах ахлагч Б.Б-ийн хамт тухайн газарт очиход засмал зам дээр нэг хүн хэвтэж байсан. Тухайн зам дээр хэвтэж байгаа хүн хэн болох, амьд байгаа эсэхийг тогтоохоор очиж байтал баруун 4 замаас бидний чиглээд нэг автомашин хурдтай ирж байсан. Бид нар тухайн авто машиныг зогсоох гэж гар утасны гэрлээр дохиж, орилж хашгирсан боловч хурдаа хасахгүй нэг хэвийн хурдтай ойртож ирсэн. Бид 2 зам дээр хэвтэж байсан хүнийг татаж хамт гарч чадалгүй арай гэж хашлага дээр гарсан. Гэтэл тухайн автомашин зам дээр хэвтэж байсан хүнийг баруун талын дугуйгаараа дайрч гарсан. Ахлах ахлагч Б.Б автомашины араас гүйгээд явсан ба зам дээр байгаа хүн рүү гэрэл тусгаж харахад Жүүхээгийн Б байсан. Ж.Б-ыг дайрсан гэх 95-65 УНИ улсын дугаартай автомашинаас 3 хүн бууж ирсэн. Согтуурлыг шалгахад би хажууд байсан ба автомашин жолоодож явсан А гэх эмэгтэй 0.76 хувийн согтолтой байсан. Авто машинаас бууж ирсэн хүн Ж.Б-ыг цохиж зодсон зүйл байхгүй. Машинд дайруулсны дараа шүд уначихлаа гэж хэлж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 3738-р тал/,
гэрч М.Д-ын мөрдөн байцаалтанд өгсөн: “2018 оны 7 дугаар сарын 20-21-нд шилжих шөнө би Увс аймгийн Нэгдсэн эмнэлэгт мэс заслын эмчээр жижүүрт гарсан. 2018 оны 7 дугаар сарын 21-ний шөнө 03 цагийн үед авто машинд мөргүүлсэн хүн ирсэнд үзлэг хийхэд цээжний зүүн талын хэсгээр эмзэглэлтэй, хөл өвдөж байна гэсэн зовиуртай нүүр хавантай, зүсэгдсэн, зулгарсан шархтай, согтуу боловч ухаан санаа саруул асуултанд үнэн зөв хариулж байсан. Нүүрний шарханд оёдол тавьж, гэмтлийн тасагт хэвтүүлсэн. Бын хувцас цусаар бохирлогдсон, өмдний бүдүүн гуяны хэсэгт жижиг суудлын авто машины мөр гарсан байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 44-р тал/,
шинжээч Н.О-ын мөрдөн байцаалтад өгсөн: “.....Хохирогч Ж.Б-ын биед учирсан хөмсөг, хамрын баруун талын хэсэг, эрүүний доод хэсэгт хурц ир, үзүүртэй зүйлээр үүсгэгдсэн гэмтэл зам тээврийн ослын үед авто машины эд ангид цохиулснаас үүсэж болно” гэх мэдүүлэг /хх-ийн 43-р тал/,
шүүгдэгч Д.А-ийн мөрдөн байцаалтанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “2018 оны 4 дугаар сарын 20-ны орой 21 цаг өнгөрч байхад Гоолд паб караокед ангийхантайгаа уулзсан. Тэнд 8 хүн ирсэн ба бид нар пиво уусан. Би сэнгүр нэртэй 0.5 литрийн 1 пиво уусан. Тэндээс гараад Т, Б бид гурав улаан уулын зүүн хойд талын саравчинд юм яриж сууж байгаад 02 цагийн үед Улаангом сум руу явсан. Улаангом сумын төв рүү ороод Тийг гэрт хүргэхээр 4 замын уулзвараар урд зүгрүү хотын төв рүү чиглээд явсан. Тэгээд замаар урагшаа явж байхад нэг согтуу хүн урдуур гараад өргөөд гүйхээр нь тэр хүнийг тойрч гараад З.Б, Т нартай согтуу хүн дайрагдах нь байна ш дээ гэж хэлээд урагшилахдаа автомашины хурдаа нэмсэн. Миний урдаас нэг машин зөрж өнгөрөөд гэрэл гялбасан. Замын гэрэлтүүлэг унтарсан харанхуй байсан ба би хурдаа нэмэхэд нэг зүйл дээгүүр гарсан бөгөөд цагдаагийн шүгэлдэх дуу гарахаар нь зогсоод толиндоо харахад зам дээр хүн хэвтэж байсан. Цагдаа ирээд та хүн дайрчихлаа гэж хэлээд машины түлхүүр, бичиг баримт аваад дайрагдсан хүн рүү явсан. Тухайн дайрагдсан хүнийг эмнэлэгийн машин ирээд аваад явсан. Маргааш нь эмнэлэгт очиж уулзахад манай ангийн Ж.Б байсан. Өөрийн болгоомжгүй байдлаасаа болж хүнийг дайрч гэмтээсэндээ маш их харамсаж байна. Надад хөнгөн шийтгэл оногдуулж өгнө үү” гэх мэдүүлгүүдээр нотлогдож тогтоогдсон байна.
“Тоёота приүс 20” загварын тээврийн хэрэгслийн жолооч болох шүүгдэгч Д.А нь автотээврийн хэрэгслийн хөдөлгөөнд оролцохдоо зам дээр явган зорчигч явсныг харсан атлаа тойрч гарахдаа хурдаа нэмсэн үйлдэл нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.2-т “Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэж заасныг зөрчсөн байна.
Согтуурал шалгасан магадлагаагаар тухайн үед шүүгдэгч Д.А-ийн амьсгалд 0.76 промили этилийн спирт /хх-ийн 5-р тал/ илэрсэн байх тул түүнийг согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож, Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.7.а-д “Жолооч согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно” гэсэн заалтыг зөрчиж автотээврийн хэрэгслийн хөдөлгөөнд оролцсон гэж үзнэ.
Шүүгдэгч Д.А нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.2, 2.7.а хэсгүүдэд заасныг зөрчсөн талаар гаргасан Увс аймаг Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн шинжээчийн 2018 оны 7 дугаар сарын 31-ны өдрийн 19 дугаартай дүгнэлт /хх-ийн 59-р тал/ үндэслэлтэй байна.
Монгол Улсын замын хөдөлгөөний дүрэм нь хуульд нийцүүлэн, Засгийн газраас батлаж гаргасан бүх нийтээр дагаж мөрдөх, захиргааны хэм хэмжээний акт юм.
Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хор уршиг учруулсан бол гэмт хэрэгт тооцохоор Эрүүгийн хуульд заасан байна.
Шүүгдэгч Д.А нь 2018 оны 07 дугаар сарын 21-ний шөнө Увс аймгийн Улаангом сумын 4 багийн нутагт 95-65 УНИ улсын дугаартай Приус-20 загварын автомашин жолоодож яваад хохирогч Ж.Б-ыг дайрч зүүн талын 3, 4, 5 дугаар хавирганы битүү хугарал, хамар ясны хугарал, тархины дунд зэргийн няцрал, баруун хөмсөг, хамрын баруун угалз, эрүүний доод хэсэг, баруун шилбэнд зүсэгдсэн шарх, баруун нүдний эргэн тойрон, баруун хөхлөг сэртэн, хүзүү, баруун гуя, шилбэнд цус хуралт, зүүн зулай, дээд уруул, баруун хацар, эрүүний урд болон доод хэсэг, хүзүү, баруун, зүүн далны дотно хэсэг, зүүн тохой, баруун өвдөг, шилбэнд зулгаралт, баруун хацар, баруун шагайн үений хэсэгт зөөлөн эдийн няцрал, үүдэн дээд шүдний цөгцний хугарал гэмтэл учруулсан бөгөөд уг гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарах гэмтэл болох нь Увс аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 516 дугаартай дүгнэлт /хх-ийн 49-50-р тал/-ээр тогтоогджээ.
Шүүгдэгч Д.А нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 2.7.а, 9.2 дахь заалтуудыг зөрчиж, хохирогчийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1-д “Автотээврийн хэрэгслийн жолооч согтуурсан үедээ хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэж заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул түүнийг согтуурсан үедээ автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчиж, хүний эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч Д.А-ийг согтуурсан үедээ автотээврийн хэрэгсэл жолоодож автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлыг журам зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрч энэ талаар маргаагүй болно.
2. Шүүгдэгч Д.А эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:
Шүүгдэгч Д.А нь согтуурсан үедээ автотээврийн хэрэгсэл жолоодож автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчиж, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн тогтоогдсон тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Хохирогч Ж.Б-ын “Д.А миний бүх хохирлыг бүрэн төлж барагдуулсан. Надад гомдол тэмцэл, санал, хүсэлт байхгүй” гэх мэдүүлэг хэрэгт авагдсан, “Намайг бэртээсэн жолооч болох Д.А нь миний эмчилгээг хийлгэж, хохирлыг барагдуулсан тул цаашид гаргах нэхэмжлэл, гомдол байхгүй” гэх тодорхойлолтыг шүүхэд гаргаж ирүүлсэн байх тул шүүгдэгчээс гаргуулах хохирол төлбөргүй гэж үзнэ.
Шүүхээс шүүгдэгчид ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, мөн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2-т “гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн, бусад туслалцаа үзүүлсэн, учруулсан хохирлыг төлсөн” гэх хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хувийн байдлыг тус тус харгалзан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нь тодорхой хугацаагаар хасаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг баримтлан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, тэнссэн хугацаанд үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэх нь зүйтэй гэж дүгнэв.
Шүүгдэгч Д.А нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Шүүгдэгчид албадлагын арга хэмжээ хэрэглэж байгаа тул өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Т овогт Д.А-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан согтуурсан үедээ автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлыг журам зөрчиж, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.А-ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5-д тус тус зааснаар шүүгдэгч тэнссэн хугацаанд оршин суугаа газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжэээ авсугай.
3. Албадлагын арга хэмжээ авагдсан ялтанд хяналт тавих үүргийг Увс аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
4. Шүүгдэгч Д.А нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Д.А-т өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ГАНСҮХ