Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 01 сарын 14 өдөр

Дугаар 2025/ДШМ/65

 

2026          01            14                                                                                    2025/ДШМ/65

М.Б-ад холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Алтантуяа даргалж, шүүгч Б.Батзориг, шүүгч Л.Одончимэг нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд 

прокурор М.Сэлэнгэ /цахимаар/,

шүүгдэгч М.Б-, түүний өмгөөлөгч Б.Чулуунгэрэл /цахимаар/,

нарийн бичгийн дарга П.Мөнхчимэг нарыг оролцуулан,  

Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 2025/ШЦТ/225 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч М.Б-ын гаргасан гомдолд үндэслэн түүнд холбогдох эрүүгийн 2507003560219 дугаартай хэргийг 2025 оны 12 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Одончимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Ү- овгийн М-ын Б-, ........., /регистрийн дугаар М-/,

урьд, Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 4 дүгээр шүүхийн 2014 оны 1 дүгээр сарын 07-ны өдрийн 05 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж тогтоол биелүүлэх хугацааг 6 сарын хугацаагаар хойшлуулсан,

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн 19 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлж, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа дуусгавар болсон,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 2022/ШЦТ/701 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа дуусгавар болсон,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 2022/ШЦТ/692 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлж, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа дуусгавар болсон,

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн 127 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийх ялаар шийтгүүлж, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа дуусгавар болсон;

Шүүгдэгч М.Б- согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Налайх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “М-” нэртэй амралтын газарт 2025 оны 6 дугаар сарын 09-ний өдөр шөнийн 01 цагийн үед хохирогч С.Б-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Нийслэлийн Налайх, Багахангай дүүргийн Прокурорын газрын прокуророос М.Б-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх шүүгдэгч М.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Б-ад 700 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Б- нь оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй ялын найман цагийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Б-ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.7 дахь заалтад зааснаар хохирогч С.Б- нь шүүгдэгчид холбогдуулан нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч М.Б- давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хохирогч С.Б- нь хамт явж байсан Б.Мөнх-Ундрахын нөхөртэй утсаар ярихдаа гэр бүлийн гадуурх харилцаатай мэт бусдад буруу ойлголт төрүүлэхүйц зүйлс ярьснаас О.О- уг үйлдлийг нь зүй бус хэмээн үзэж С.Б-ээс утсыг нь авч маргаан үүссэн. Энэ үеэр “гэр бүлтэй хүний нөхөртэй ярьж, буруу ойлголт төрүүллээ” гэх агуулгаар харилцан маргалдсан ба би уг нөхцөл байдлыг тайлбарлахад мөн над руу уурласан. Тухайн үед миний бие хохирогчийг зодож, хүч хэрэглээгүй, ширээн дээр байсан аягыг нэг удаа шидсэн. Гэтэл шүүх хохирогчийн дэвэргэн ярьсан мэдүүлэгт үндэслэн шийдвэр гаргасанд гомдолтой байна. Би өөрийн буруутай үйлдлийг үгүйсгээгүй, хохирол төлбөрийг төлөхөө илэрхийлсэн. Шүүхээс миний хувийн байдлыг харгалзан үзэлгүйгээр 700 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан нь хэт хүнд байна. Миний хувьд өмнөх ял шийтгэлээ бүрэн эдэлж дуусгасан, дахин ажил хөдөлмөр эрхлэхээр оролдож байсан боловч уг ял нь тогтмол ажил хийж, орлого олох боломжийг хааж, улмаар хохирол төлбөр барагдуулах бодит нөхцөлийг бүрдүүлэхгүй байна. Мөн би хамтран амьдрагчтайгаа амьдарч байгаа бөгөөд хүүхэдтэй болсноо саяхан мэдсэн тул дээрх байдлыг харгалзан үзэж, оногдуулсан ялыг өөр төрлийн ялаар өөрчилж өгнө үү ...” гэв.

Шүүгдэгч М.Б-ын өмгөөлөгч Б.Чулуунгэрэл шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хэрэг гарахад хохирогчийн илтэд зүй бус, хууль бус үйлдэл нөлөөлсөн гэдэг нь тогтоогдсон. М.Б- нь гэрчүүдийн мэдүүлэг болон холбогдох баримтуудаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ танхайрсан, бусдын гэр бүлд халдсан нөхцөл байдал харагддаг ба бусдыг цохисон гэх үйлдэл ч тогтоогдож байгаа боловч хохирогч зүй бус үйлдэл гаргасны улмаас ийм нөхцөл байдал үүссэн. Иймд анхан шатны шүүхээс оногдуулсан 700 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг торгох ялаар сольж өгнө үү. Мөн найз охин нь жирэмсэн болсон тул ажил эрхэлж гэр бүлээ тэжээн тэтгэх үүргээ биелүүлэх боломж олгоно уу. ...” гэв.

Прокурор М.Сэлэнгэ шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүх хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд талуудыг тэгш мэтгэлцүүлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж нийтэд тустай ажил хийлгэх ялыг сонгон оногдуулсан. Прокуророос яллах дүгнэлт үйлдэх үед М.Б- эрхэлсэн ажилгүй байсан. Иймд шүүх шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан эрх хэмжээнийхээ хүрээнд хэргийг шийдвэрлэсэн тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар М.Б-ад холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ түүний гаргасан давж заалдах гомдолд заасан үндэслэлд хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзэв.

Хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.

Шүүгдэгч М.Б- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Налайх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “М-” нэртэй амралтын газарт 2025 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн шөнө 1 цагийн үед хохирогч С.Б-ийн  нүүр рүү нь шилэн аягаар болон гараараа цохиж, эрүүл мэндэд нь зүүн нүдний дээд зовхи, хацарт зүсэгдсэн шарх, чамархайд зулгаралт, дээд уруулд зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Хохирогч С.Б-ийн “...би өөр тийшээ хараад найзтайгаа юм яриад сууж байтал М.Б- ямар ч шалтгаангүйгээр зүүн нүд орчимд аягаар цохичихоод дахин гараараа цохисон...” /хх 20-21/,

гэрч Б.М-гийн “...2025 оны 06 дугаар сарын 06-ны өдөр Налайх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг амралтын газарт миний төрсөн өдрийг тэмдэглэх гэж С.Б-, О.О-, Б.М-, М.Б- болон М.Б-ын ах бид нар очсон. 2 хоног ямар нэгэн асуудалгүй амарсан. 2025 оны 06 дугаар сарын 08-ны өдөр би ажилтай болоод түрүүлээд яваад өгсөн. Тэр хэд амралтаа сунгах гээд үлдсэн ба 24 цагийн үед О.О-тай ярихад асуудалгүй байцгааж байна гэж хэлсэн. Удалгүй 5 минутын дараа О.О- над руу залгаад М.Б- С.Б-ийг цохичихлоо гэж хэлэхээр нь би итгэхгүй видео дуудлагаар залгаад ярихад битүү цус болсон, М.Б- С.Б-ийн урд суучихсан уучлаарай гэж хэлж байсан, Зулаа яаралтай эмнэлэг орох хэрэгтэй байна гэж хэлсэн...” /хх-23/,

гэрч О.О-ын “...С.Б- Б.М-ын гар утсыг аваад нөхөртэй нь ярихаар нь би яах гэж утсыг нь авч байгаа юм, нөхөрт нь охидоороо явж байгаа гэж хэлсэн гэж хэлэхэд М.Б- уурлаагүй хэвтэж байгаад босоод миний хажуугаар гүйж очоод баруун гараараа С.Б-ийн зүүн шанаа руу нэг цохиод хажуу талын ширээн дээр байсан аягаар дахиад нэг цохисон, ...шууд цохиод авсан...” /хх 34-35/,

гэрч Б.М-ын “...О.О- С.Б-д чи яагаад Б.М-ын утсыг авч нөхөртэй нь ярьж байгаа юм бэ, бид нарыг юу гэж бодох юм бэ, чи 2 хүүхдийг нь тэжээх юм уу гэж хэлэхэд С.Б- би зүгээр найзууд бид нар хоорондоо тоглоод сууж байна л гэж хэлсэн гэж хэлэхэд цаад орон дээр хэвтэж байсан М.Б- босож ирээд уурлаад С.Б-ийн шанаа нүүр хэсэгт нь нэг удаа гараараа цохиод араас нь шаазан аягаар мөн нүүрэнд нь цохисон. Тэгтэл С.Б-ийн зүүн нүдний доод хэсгээс их хэмжээний цус гараад М.Б- түүнээс уучлалт гуйгаад байсан...” /хх 37-38/ гэсэн мэдүүлгүүд,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2025 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 274 дугаартай “...С.Б-ийн биед зүүн нүдний дээд зовхи, хацарт зүсэгдсэн шарх, чамархайд зулгаралт, дээд уруулд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь ирмэг бүхий хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” /хх 42-43/ гэсэн дүгнэлт,

Налайх дүүргийн Цагдаагийн хэлтэст ирүүлсэн гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх 2/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий нотлох баримтаар тус тус нотлогдон тогтоогджээ.

Шүүгдэгч М.Б-ын дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж зааснаар шүүх хуралдаанд оролцвол зохих оролцогч нарыг оролцуулж, тэдний дүгнэлт, тайлбар, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад хууль зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч М.Б-ыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Анхан шатны шүүх шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Б-ыг 700 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсэн нь түүний гэм бурууд тохирсон төдийгүй, эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцсэн байх тул шүүгдэгч М.Б-ын “...нийтэд тустай ажил хийлгэх ялыг өөрчилж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг хүлээж авах хууль зүйн үндэслэлгүй байна.

Мөн шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Чулуунгэрэл давж заалдах шатны шүүх хуралдаанд гэмт хэрэг гарахад хохирогчийн зүй бус үйлдэл нөлөөлсөн хэмээн тайлбарлаж байгаа хэдий ч энэ нь хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдохгүй байх ба хохирогчийн хууль бус, зүй бус үйлдэл гэж гэм буруутай этгээд, түүний ойр дотных нь хүмүүсийн эрх, ашиг сонирхлыг ноцтой зөрчсөн, хүчээр дарлах, хүндээр доромжлох, эд хөрөнгийг нь авахаар далайлган сүрдүүлэх, устгах ба гэмтээх, хүний төрөлхийн болон жам ёсны эрхийг хязгаарлах, хориглох, дураараа аашлах, гүтгэх гэх мэт үйлдлийг ойлгоно.

Нийтэд тустай ажил хийлгэх ялыг хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан хүнд, биеийн эрүүл мэндэд шууд нөлөөлөхүйц нийтэд тустай ажил хийлгэх ялыг жирэмсэн эмэгтэй, тавин таваас дээш насны эмэгтэй, жараас дээш насны эрэгтэй хүнд оногдуулахгүй гэж хуульчилсан.

Шүүгдэгч М.Б-ын хувьд нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахад хуульд заасан харшлах нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул анхан шатны шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өөр төрлийн ялаар солих хууль зүйн үндэслэлгүй байна.

Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүхээс М.Б-ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох, нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэлээс нийтэд тустай ажил хийлгэх ялыг сонгон оногдуулж, 700 цагийн хугацаагаар тогтоосон нь тохирсон төдийгүй, эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан байх тул шийтгэх тогтоолыг өөрчлөх үндэслэл тогтоогдсонгүй гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

Иймд Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 2025/ШЦТ/225 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч М.Б-ын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Хохирогч С.Б- нь шүүгдэгчид холбогдуулан нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэсэн нь хохирогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан гэж үзэх үндэслэлгүй байгааг тэмдэглэж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 2025/ШЦТ/225 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч М.Б-ын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

   ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                                         Т.АЛТАНТУЯА

 

   ШҮҮГЧ                                         Б.БАТЗОРИГ

 

  ШҮҮГЧ                                         Л.ОДОНЧИМЭГ