| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Чагдаагийн Хосбаяр |
| Хэргийн индекс | 178/2020/0025/Э |
| Дугаар | 316 |
| Огноо | 2020-06-05 |
| Зүйл хэсэг | 17.3.1., 17.12.1., |
| Улсын яллагч | А.Оюунгэрэл |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2020 оны 06 сарын 05 өдөр
Дугаар 316
С.С-д холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, Б.Батцэрэн, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор А.Оюунгэрэл, нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар
Ховд аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 24 дүгээр тогтоол, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 14 дүгээр магадлалтай, С.С-д холбогдох 1936003060258 дугаартай эрүүгийн хэргийг хохирогч А.Т-н гаргасан гомдлыг үндэслэн 2020 оны 05 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, шүүгч Ч.Хосбаярын танилцуулснаар хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, 1981 онд төрсөн, 38 настай, эрэгтэй, боловсролгүй, төмрийн дархан мэргэжилтэй, урьд
Баян-Өлгий аймаг дахь сум дундын шүүхийн 2003 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 61 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 6 сарын хугацаагаар баривчлах ял,
Баян-Өлгий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 40 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.5-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 6 сарын баривчлах ял тус тус шийтгүүлж байсан, С.С нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Ховд аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх “С.С-г хуурч өмчлөлийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д заасан бусдын малыг хулгайлсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-д зааснаар С.С-г 2 жил хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д зааснаар С.С-д 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус шийтгэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2.2-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч С.С-д оногдуулсан 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг 1 хоногоор тооцож, 30 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт 2 жил 1 сарын хорих ял шийтгэж, уг хорих ялыг нээллттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож,
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч С.С-с 6,850,000 төгрөг гаргуулж, хохирогч Н.Банзрагчид 850,000 төгрөг, хохирогч А.Т-д 6,000,000 төгрөг тус тус олгуулах,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2, 3-т зааснаар гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 1,200,000 төгрөгийг шүүгдэгч С.С-с гаргуулж, улсын төсөвт шилжүүлж” шийдвэрлэсэн байна.
Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогч, түүний өмгөөлөгч нарын гаргасан гомдлуудыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Хяналтын шатны шүүхэд хохирогч А.Т гаргасан гомдолдоо “...малчин А.Т би 2019 оны 10 дугаар сарын сүүлээр 7 тооны адуугаа бэлчээр дээрээс нь алдаж, асар их зардал гаргаж эрж хайсны эцэст С.С хулгайлсан болохыг мэдсэн. Алдсан адууг маань бодитой үнэлээгүй. С.С хувьдаа өмч хөрөнгөтэй эсэхийг эрх бүхий байгууллага тогтоогоогүй. Уг хэргийг цагдаагийн байгууллага энэ хэргийг маш хариуцлагагүй шалгасан. Хавтаст хэргийн материалтай танилцуулалгүйгээр хүчээр гарын үсэг зуруулсан. Давж заалдах шатны шүүхэд хөнгөн ял оногдуулсан талаар гомдол гаргасан боловч хүлээж аваагүй. Би маш их хөрөнгө, сэтгэл санаагаараа хохироод үлдлээ. Малын хулгайч, мөрдөгч, прокурор, шүүгч нарын өмнө миний бие хүчин мөхөсдсөн. Анх удаа 4000 төгрөгийн үнэтэй пичен хулгайлсан 20 настай, өлсгөлөн хулгайчид 1 жилийн хорих ял оногдуулдаг атлаа мал хулгайлсан, өмнө нь 2 удаагийн ял шийтгэлтэй, учруулсан хохирлоо нөхөн төлдөггүй, засрашгүй этгээд болох С.С-д хуульд заасан хамгийн доод хэмжээний ял оногдуулсанд гомдолтой байгаа тул уг хэргийг хянан шийдвэрлэж өгнө үү” гэсэн байна.
Хяналтын шатны шүүх хуралдаанд хяналтын прокурор А.Оюунгэрэл гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “Шүүгдэгч С.С нь мал хулгайлах, бусдыг хуурч залилах гэмт хэргүүдийг үйлдсэн болох нь нотлогдож тогтоогдсон байна. Шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв хэрэглэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байх тул шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хохирогч А.Т-н гаргасан гомдлыг үндэслэн С.С-д холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн эсэх болон шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.
Шүүгдэгч С.С нь 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 02-ны өдрийг шилжих шөнө Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Шураг багаас хохирогч Н.Б-н 1 тооны 7 настай, шулдан гал тамгатай морь хулгайлж, 850,000 төгрөгийн хохирол учруулсан,
2019 оны 10 дугаар сарын сүүл, 11 дүгээр сарын эхээр хохирогч А.Тий Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Шураг багийн Шар нуур гэх газарт байсан бэлчээрээс нь 7 тооны адууг нууцаар хууль бусаар хулгайлан авч, хохирогч А.Т-д 6,000,000 төгрөгийн хохирол учруулсан,
2018 оны 11 дүгээр сард хохирогч Ж.Ц-н эзэмшлийн улсын дугааргүй цэнхэр өнгийн Зил-130 маркийн тээврийн хэрэгслийг хуурч авсан гэмт хэргүүдийг тус тус үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсон талаарх анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.
2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлд заасан мал хулгайлах гэмт хэргийн олон тооны мал гэж хорин дөрвөн бог, найман бодоос дээш мал гэж ойлгодог байсан бол 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн хуулиар “олон тооны мал гэж найман бог, хоёр бод, түүнээс дээш малыг ойлгоно. Богийг бодод шилжүүлэхдээ нэг бодыг дөрвөн богоор тооцно” хэмээн хууль тогтоогч энэ зүйл, хэсэгт нэмэлт өөрчлөлт оруулсан билээ.
Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судалбал С.С-ны бусдын 8 тооны бодыг хулгайлсан гэмт хэрэг нь 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлд заасан мал хулгайлах гэмт хэргийн тайлбар, зүйл, хэсэгт 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн хуулиар нэмэлт өөрчлөлт оруулахаас өмнө буюу 2019 оны 10, 11 дүгээр саруудад үйлдэгдсэн байх тул анхан шатны шүүхээс С.С-ны үйлдлийг хүндрүүлэх шинжгүйгээр мал хулгайлах гэмт хэргийг үйлдсэн талаар хууль зүйн дүгнэлт хийснийг 2015 оны Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн гэж үзнэ.
Түүнчлэн, анхан шатны шүүх прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч С.С-ны гэм бурууг хянан хэлэлцэж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн хуульд заасан төрөл, хэмжээний буюу 2 жил 1 сар хорих ял шийтгэсэн нь гэмт хэргүүдийн үйлдэгдсэн нөхцөл байдал, гэм буруугийн хэр хэмжээ, хувийн байдалд тохирсон, хуульд заасан төрөл хэмжээнд нийцсэн байх тул хохирогч А.Т-н “...С.С-д хөнгөн ял оногдуулсан” гэх гомдлыг хүлээж авах хууль зүйн үндэслэлгүй байна.
Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.
Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлалыг тус тус хэвээр үлдээж, хохирогч А.Т-н гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:
1. Ховд аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 24 дүгээр тогтоол, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 14 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, хохирогч А.Т-н хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
ДАРГАЛАГЧ Б.ЦОГТ
ШҮҮГЧ Б.АМАРБАЯСГАЛАН
Б.БАТЦЭРЭН
Ч.ХОСБАЯР
Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН