Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Сосорын Мөнхжаргал |
Хэргийн индекс | 128/2018/0416/З/Т |
Дугаар | 221/МА2018/0399 |
Огноо | 2018-07-09 |
Маргааны төрөл | Тендер, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2018 оны 07 сарын 09 өдөр
Дугаар 221/МА2018/0399
2018 оны 07 сарын 09 өдөр | Дугаар 221/МА2018/0399 | Улаанбаатар хот |
|
|
|
“Э т” ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Билгүүн даргалж, шүүгч Э.Халиунбаяр, шүүгч С.Мөнхжаргал нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Өнө-Эрдэнэ, нэхэмжлэгч “Э т” ХХК-ийн захирал Ч.Б, түүний өмгөөлөгч Л.Б, Хариуцагч Боловсрол соёл, шинжлэх ухаан, спортын яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, Хариуцагч Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын Үнэлгээний хорооны итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.М нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 128/ШШ2018/0338 дугаар шийдвэртэй, “Э т” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын Үнэлгээний хороонд холбогдох захиргааны хэргийг нэхэмжлэгч болон нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлоор, шүүгч С.Мөнхжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 128/ШШ2018/0338 дугаар шийдвэрээр: Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч “Э т” ХХК-иас Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын Үнэлгээний хороонд холбогдуулан гаргасан “Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын Үнэлгээний хорооны 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн №02 дугаартай “Тендерээс татгалзах тухай” дүгнэлтийн “Э т” ХХК-д холбогдох хэсэг хууль бус байсан болохыг тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 54 дүгээр зүйлийн 54.1.6-д заасныг баримтлан “Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын Үнэлгээний хорооны 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн №04 дугаартай үнэлгээний хорооны дүгнэлтийн 2 дахь хэсэг буюу шууд гэрээ байгуулахыг зөвлөмж болгохоор шийдвэрлэснийг хууль бус байсан болохыг тогтоолгох, хариуцагч Боловсрол соёл, шинжлэх ухаан, спортын яамны Үнэлгээний хороонд холбогдуулан “Соёл урлагийн байгууллагуудад хөгжим, тоног төхөөрөмж худалдан авах тухай” төсөл арга хэмжээ, Багц-2 техник хэрэгсэл нийлүүлэгчийг сонгон шалгаруулах Боловсрол соёл, шинжлэх ухаан, спортын яамны байгуулсан Үнэлгээний хорооны 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн №1 “П” ХХК-тай хэлэлцээ хийхээр шийдвэрлэсэн шийдвэр хууль бус байсан болохыг тогтоолгох, хариуцагч Боловсрол соёл, шинжлэх ухаан, спортын яаманд холбогдуулан “Боловсрол соёл, шинжлэх ухаан, спортын яамны 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 2/12318 дугаар “гэрээ байгуулах эрх олгох тухай” шийдвэр хууль бус байсан болохыг тогтоолгох, 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн “Соёл, урлагийн байгууллагуудад тоног төхөөрөмж нийлүүлэх ТТ-2017/Х.1.3.16-02” дугаар гэрээг хууль бус байсан болохыг тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзжээ.
Нэхэмжлэгч болон нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Б нар давж заалдах гомдолдоо: “ ... Шүүхэд тус компани нь 5 нэхэмжлэлийн шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан. Үүнд: ТӨБЗГ-ын Үнэлгээний хорооны “Э т” ХХК-ийн ирүүлсэн тендерээс татгалзаж байна”, “шууд гэрээ байгуулахыг зөвлөмж болгохоор шийдвэрлэв” гэсэн 2 дүгнэлтийг хууль бус байсан болохыг тогтоолгох, БСШУСЯ-ны Үнэлгээний хорооны ““П” ХХК-тай хэлэлцээ хийж, шаардлага хангасан нөхцөлд шууд гэрээ байгуулахаар шийдвэрлэв” гэсэн 1 дүгнэлт, БСШУСЯ-ны “П” ХХК-д 179,501,600 төгрөгөөр шууд гэрээ байгуулах эрх олгосон шийдвэр”, “Соёл, урлагийн байгууллагуудад тоног төхөөрөмж нийлүүлэх” гэрээ хууль бус байсан болохыг тогтоолгох”,
Бодит байдалд ТӨБЗГ-ын Үнэлгээний хороо нь “хамгийн бага” үнийн санал буюу 139,695,000 төгрөгийн “хамгийн сайн” тендер санал болгосон “Э т” ХХК-ийг хянан үзэх шатанд “хуулийг буруу тайлбарлан” хассан. Ингээд “Э т” ХХК-ийн үнийн саналаас даруй 39,806,600 төгрөг буюу бараг 40,0 сая төгрөгөөр илүү үнээр “П” ХХК-тай 179,501,600 төгрөгийн шууд гэрээ байгуулж, худалдан авалт хийсэн. Ингэхдээ уг компанийн нээлттэй тендерт анх санал болгосон 169,000,000 төгрөгийн үнээс нь 10,5 сая төгрөгөөр илүү үнээр гэрээ хийсэн.
“Э т” ХХК-ийг хассан үндэслэл нь сүүлийн 3 жилийн буюу 2014, 2015, 2016 оны ижил төстэй бараа нийлүүлсэн туршлага гэдгээс 2015 оны туршлага алга гэсэн үндэслэл болно. 3 жилийн туршлага гэдэг нь бидний ойлгосноор тухайн компанийн хэр зэрэг туршлагатай юм бэ гэдгийг харах, харьцуулах үзүүлэлт юм. Хуульд заавал 3 жил дараалан тийм үйл ажиллагаа явуулсан байхыг шаардана гэж заагаагүй байна. Хэрэв энэ үзүүлэлтийг удирдлага болгох юм бол байнга тендер авдаг нэг л компани байнга шалгарах болно. Нөгөө талаасаа энэ үзүүлэлтийг удирдлага болговол маш олон компани тендерт өрсөлдөх боломжгүй болно.
Шүүгч манай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон үндэслэлээ тайлбарлахдаа “энэ маргаантай адилхан маргааныг шийдвэрлэсэн шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр байгаа тул” гэсэн. Үүнийг бид ойлгохдоо 7 хоногийн өмнө буюу 2018 оны 05 сарын 21-ны өдөр “Э т” ХХК-ийн нэхэмжлэлтэй маргааныг “Б к” ХХК-ийн нэхэмжлэлтэй маргаанаас шүүгч тусгаарлан “Б к” ХХК-ийн нэхэмжлэлтэй маргааныг шийдвэрлэснээ хэллээ гэж ойлгосон.
Хэдийгээр нэг хариуцагчтай маргаан боловч “Б к” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл, “Э т” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл өөр өөр болно.
“Э т” ХХК-ийн захирал болон өмгөөлөгч нь гадагш явах болсон тул манай маргааныг шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийг/2018 оны 06 сарын 11-ны өдөр асуухад бэлэн болоогүй байсан/ бичгээр гарсантай танилцаж амжилгүй, давж заалдах гомдол гаргалаа. Бичгээр гарсны дараа танилцаж, шаардлагатай бол гомдлын үндэслэлдээ нэмэлт тайлбар хийнэ.
Иймд манай гомдол, гомдол, нэхэмжлэлийн үндэслэлийг хянан үзэж, шүүгчийн 2018 оны 05 сарын 28-ны өдрийн 128/ШШ2018/0338 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, манай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү.
Шүүгч үндэслэх хэсэгтээ “Сангийн яам хуулиар олгосон эрх хэмжээнийхээ хүрээнд хянаад “Э т” ХХК-тай холбогдох хэсгийн дүгнэлт үндэслэл бүхий хэмээн эцэслэн шийдвэрлэсэн шийдвэр нь Захиргааны ерөнхий хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т зааснаар хүчин төгөлдөр байна. Иймд “Э т” ХХК-ийн нэхэмжлэлийн энэ шаардлагыг хангах боломжгүй байна” гэсэн байна. Сангийн яам бол хуульд зааснаар манай гомдлыг урьдчилсан журмаар шийдвэрлэдэг байгууллага. Бид захиалагчийн шийдвэрт гомдол гаргаад хуульд зааснаар Сангийн яаманд хандаад хариуг эс зөвшөөрч шүүхэд хандсан. Хэрэв хуульд заасан хугацаанд шүүхэд хандаагүй бол Сангийн яамны шийдвэр хүчин төгөлдөр байх байсан.
Бусад шаардлагын хувьд шүүх “Б к” ХХК-ийн нэхэмжлэлтэй маргаанд 2018 оны 05 сарын 22-ны өдрийн 315 дугаар шийдвэрээр хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт өгсөн тул “гэсэн байна. Бид тэр хуралд орсон биш, бидний эрх ашиг яаж хөндөгдсөн талаар бид мэдэхгүй. Иймд тэр “Б к” ХХК-ийн өмгөөлөгчийн буруу шаардлагатай маргааныг хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр бидэнд хамааралгүй юм.
Цааш нь “... шүүх нэг үйл баримтад хоёр дүгнэлт өгөх боломжгүй байна” гэсэн байна. Тэрээр манай маргаан, мэтгэлцээнийг хянаад “хэдийгээр танай зөв боловч би энэ асуудлаар өмнөх шийдвэрээсээ эсрэг шийдвэр гаргаж болохгүй байна” гэсэн байна. Энэ нь шүүгчийн нэр төрийн хэрэг боловч үүний төлөө нэхэмжлэгч тал хохирч болохгүй.
Шүүгч энэхүү өмнө гаргасан “Б к” ХХК-ийн нэхэмжлэлийг шийдсэн шийдвэрээ хуулийн хүчин төгөлдөр гэсэн байна. Тэрхүү шийдвэр нь манай шүүхийн шийдвэр гарах үед төдийгүй өнөөдрийг хүртэл хуулийн хүчин төгөлдөр болоогүй байна. Ийнхүү шүүгч үндэслэлтэй бөгөөд хууль ёсны шийдвэр гаргасангүй” гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ нотлох баримтыг дутуу бүрдүүлсэн, нэхэмжлэлийн үндэслэл, маргаан бүхий захиргааны актуудын хууль зүйн үндэслэлд дүгнэлт хийлгээгүй, урьдчилан шийдвэрлэсэн шийдвэр хүчин төгөлдөр байна гэх үндэслэлээр нэхэмжлэлийн зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож, өөр хэргийг шийдвэрлэсэн шийдвэрээр маргаан бүхий актыг шийдвэрлэсэн гэх үндэслэлээр нэхэмжлэлийн зарим хэсгийг хүлээн авахаас татгалзсан нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч “Э т” ХХК нь шүүхэд “Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын үнэлгээний хороонд холбогдуулан “Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын Үнэлгээний хорооны 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн №02 дугаартай “Тендерээс татгалзах тухай” дүгнэлтийн “Э т” ХХК-д холбогдох хэсэг хууль бус байсан болохыг тогтоолгох, Үнэлгээний хорооны 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн №04 дугаартай үнэлгээний хорооны дүгнэлтийн шууд гэрээ байгуулахыг зөвлөмж болгохоор шийдвэрлэснийг хууль бус байсан болохыг тогтоолгох, Боловсрол соёл, шинжлэх ухаан, спортын яамны Үнэлгээний хороонд холбогдуулан “Соёл урлагийн байгууллагуудад хөгжим, тоног төхөөрөмж худалдан авах тухай” төсөл арга хэмжээ, Багц-2: техник хэрэгсэл нийлүүлэгчийг сонгон шалгаруулах Боловсрол соёл, шинжлэх ухаан, спортын яамны байгуулсан Үнэлгээний хорооны 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн №1 “П” ХХК-тай хэлэлцээ хийхээр шийдвэрлэсэн шийдвэр хууль бус байсан болохыг тогтоолгох, Боловсрол соёл, шинжлэх ухаан, спортын яаманд холбогдуулан “Боловсрол соёл, шинжлэх ухаан, спортын яамны 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 2/12318 дугаар “гэрээ байгуулах эрх олгох тухай” шийдвэр хууль бус байсан болохыг тогтоолгох, 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн “Соёл, урлагийн байгууллагуудад тоног төхөөрөмж нийлүүлэх ТТ-2017/Х.1.3.16-02” дугаар гэрээг хууль бус байсан болохыг тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Анхан шатны шүүхээс “Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын Үнэлгээний хорооны 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 02 дугаартай “Тендерээс татгалзах тухай” дүгнэлтийн “Э т” ХХК-д холбогдох хэсэг хууль бус байсан болохыг тогтоолгох, Үнэлгээний хорооны 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 04 дугаартай үнэлгээний хорооны дүгнэлтийн шууд гэрээ байгуулахыг зөвлөмж болгохоор шийдвэрлэснийг хууль бус байсан болохыг тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлагын тухайд Сангийн яам хуулиар олгосон эрх хэмжээнийхээ хүрээнд хянаад эцэслэн шийдвэрлэсэн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр байна гэж дүгнэсэн нь үндэслэлгүй болжээ.
Учир нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2-т “Төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар зөвхөн гэрээ байгуулахаас өмнө гаргасан гомдлыг хянан хэлэлцэх бөгөөд гомдлыг хүлээн авснаас хойш 14 хоногт багтаан хянан шийдвэрлэх ба энэ нь эцсийн шийдвэр болно” гэж заасны дагуу нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг Сангийн яам урьдчилан шийдвэрлэх ажиллагаа явуулсныг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д дээд шатны байгууллагын шийдвэрийг эс зөвшөөрсөн бол шүүхэд нэхэмжлэл гаргахаар заасны дагуу нэхэмжлэгчээс эс зөвшөөрч шүүхэд нэхэмжлэл гаргасан байхад тус урьдчилан шийдвэрлүүлэх ажиллагааны шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр гэж үзэн холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй гэх дүгнэлт хийсэн нь хууль зүйн үндэслэлгүй.
Нэхэмжлэгч нь Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын Үнэлгээний хорооны 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 02 дугаар “Тендерээс татгалзах тухай” дүгнэлтийг хууль бус байсан болохыг тогтоолгох нэхэмжлэлийн үндэслэлээ “... ТОӨЗ-ны 18.2 /б/-д заасан сүүлийн 3 жилийн бараа нийлүүлсэн гэрээ, акт байхгүй гэж үзсэн. Хэр зэрэг туршлагатай вэ гэдгийг харьцуулах үзүүлэлт болохоос заавал 3 жил дараалан бараа нийлүүлсэн байхыг шаардаагүй ...” гэж маргажээ. Үүнтэй холбоотой нэхэмжлэгчээс тендерийн материалдаа уг үзүүлэлтийг хэрхэн хангаж ирүүлсэнтэй холбоотой баримтыг бүрдүүлж дүгнэлт өгч хэргийг шийдвэрлээгүй байна.
Мөн бусад нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлэхдээ энэхүү захиргааны хэргийг 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдөр хуралдаж шийдвэрлэсэн атлаа нэхэмжлэлийн үндэслэлтэй хамааралгүй тухайн тендерт оролцогч “Б к” ХХК-ийн нэхэмжлэлтэй захиргааны хэргийг 2018 оны 05 дугаар сарын 22-ны өдөр шийдвэрлэсэн /хүчин төгөлдөр болоогүй/ шүүхийн шийдвэр байгаа гэх үндэслэлээр хүлээн авахаас татгалзсан нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54.1.6-д “....” байгаа бол хүлээн авахаас татгалзана” гэж заасныг зөрчжээ.
Энэ талаарх нэхэмжлэгчийн төлөөөлөгч, өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдол үндэслэлтэй байна.
Харин нотлох баримт дутуу авагдсан, анхан шатны шүүх нэхэмжлэлийн үндэслэлд дүгнэлт өгөөгүй байх тул давж заалдах шатны шүүхээс шууд нэхэмжлэлийг хангах боломжгүй байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн
121 дүгээр зүйлийн 121.3.4-д “шүүх шаардлагатай нотлох баримтыг дутуу бүрдүүлсэн ...”, 121.3.7-д “шүүх нэхэмжлэлийн болон ... түүний зарим хэсэгт нь дүгнэлт өгөөгүй, эсхүл шийдвэрлэлгүй орхигдуулсан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн бол” гэж заасны дагуу шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.4, 121.3.7-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 128/ШШ2018/0338 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3-д зааснаар нэхэмжлэгч “Э т” ХХК-ийн захирал болон өмгөөлөгч Л.Бат-Эрдэнийн давж заалдах гомдол гаргахдаа урьдчилж төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогоос буцаан олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 5 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Г.БИЛГҮҮН
ШҮҮГЧ Э.ХАЛИУНБАЯР
ШҮҮГЧ С.МӨНХЖАРГАЛ