Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 11 сарын 07 өдөр

Дугаар 887

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Өлзийсайхан даргалж, Ерөнхий шүүгч Ц.Батсүрэн, шүүгч Н.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны “5” дугаар танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Ч*******ийн М*******,

Хариуцагч: Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргад холбогдох, 

Нэхэмжлэлийн шаардлага: 

“Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Т.Б*******ы гаргасан 2015 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн Б-27 дугаар тушаалаар Ч.М*******г ажлаас чөлөөлснийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгох;

-Ч.М*******гийн жирэмсний амралт авахаас өмнө ажиллаж байсан ажил болох “Мод үржүүлгийн тарьц, суулгацын хангамж хариуцсан мэргэжилтэн”-ий ажилд эгүүлэн томилуулахыг даалгах, ажилгүй байсан хугацааны цалин олговор, нэмэгдлийг ажлаас чөлөөлөгдсөн өдрөөс хойш шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаагаар нөхөн олгуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхийг даалгах”-ыг хүссэн шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ч.М*******, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Са*******, гуравдагч этгээд Д.Э*******, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Г.Ж*******, иргэдийн төлөөлөгч Б.Б*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ундрал нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэгч Ч.М******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:

“Миний бие Байгаль орчин, ногоон хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2012 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн Б-16 дугаар тушаалаар Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын Ой хамгаалал, ойжуулалтыг зохицуулах хэлтэст мэргэжилтнээр томилогдсон. Энэ нь миний ажлын байрны тодорхойлолт, үр дүнгийн гэрээ, үр дүнгийн гэрээний биелэлтээр тодорхойлогдоно. Гэтэл Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Т.Б*******ы 2015 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн Б-27 тоот тушаалаар яамны зохион байгуулалтын бүтэц өөрчлөгдөн батлагдсан гэсэн нэрээр хууль бусаар ажлаас чөлөөлсөн. Ингэхдээ дараах хууль тогтоомжийг тушаалын үндэслэл болгосон. Үүнд: 

1. Монгол улсын Яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.6.9-д “Хууль тогтоомжид заасны дагуу ажилтныг албан тушаалд томилох, чөлөөлөх, албан тушаалаас нь бууруулах, өөр албан тушаалд шилжүүлэх, сэлгэн ажиллуулах, төрийн албанаас түр чөлөөлөх, чөлөөлөх, халах” заалтыг үндэслэл болгосон. Яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.6-д “Төрийн нарийн бичгийн дарга дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ” гэж заасан бөгөөд төрийн нарийн бичгийн даргын бүрэн эрхэд 9.6.9-г үндэслэл болгожээ. Монгол улсын Яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д “Төрийн нарийн бичгийн даргыг Засгийн газрын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.8 дахь хэсэгт заасны дагуу Төрийн албаны төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар томилж, чөлөөлнө” гээд Засгийн газрын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.8-д “Яамны төрийн нарийн бичгийн даргыг Төрийн албаны тухай хуулийн 351 дугаар зүйлд заасны дагуу Төрийн албаны төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар томилж, чөлөөлнө” гэж заасанчлан  Төрийн нарийн бичгийн даргыг Төрийн албаны зөвлөлийн санал болгосноор Засгийн газар томилах байтал Засгийн газрын бүрэн эрхэд  халдаж шинээр томилогдсон Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд өөрийн бүрэн эрхээ хэтрүүлэн Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийг томилсон нь хууль бус үйлдэл юм. 

Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргын сонгон шалгаруулалтыг 2015 оны 02 дугаар сарын 02-ны өдөр зарласан. Яамны хөдөлмөрийн дотоод журамд зааснаар Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэх эрх нь Төрийн захиргааны удирдлагын газрын даргад байгаа бөгөөд Т.Б******* нь хууль бус үүрэг гүйцэтгэгч юм. 

2.  Төрийн албаны тухай хуулийн 27.2.4 дэх заалтыг үндэслэл болгосон. Төрийн албаны тухай хуулийн 27.2.4 дэх хэсэгт “Төрийн байгууллага татан буугдсан, өөрчлөн байгуулагдсан, эсхүл өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар албан тушаалын орон тоо нь хасагдсан тохиолдолд цалин хөлсөө бууруулахгүйгээр мэргэжил, мэргэшлийн дагуу өөр ажил, албан тушаалд шилжих буюу төрийн хөрөнгөөр 6 сар хүртэл хугацаагаар дахин мэргэшиж болох бөгөөд энэ хугацаанд урьд нь эрхэлж байсан албан тушаалынхаа цалин хөлсийг авч, хууль тогтоомжид заасан журмын дагуу ажлын байраар хангуулах, эсхүл 6 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлэг тухайн байгууллагаас олгоно” гэж тодорхой зохицуулсан. 

Монгол улсын Дээд шүүхийн 2010 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 08 тоот Төрийн албаны тухай хуулийн зарим зүйл заалтын тайлбарын 15-д “Төрийн байгууллага татан буугдсан гэж Иргэний  хуулийн 31 дүгээр зүйлд зохион байгуулагдсаныг, төрийн байгууллага татан буугдсан гэж Иргэний хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д заасныг ойлгоно” гэж тодорхой тайлбарласан байдаг. Харин Төрийн албаны тухай хуулийн 27.2.3-д “төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан, эсхүл зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөн боловч төрийн албан хаагчийн албан тушаал (ажлын байр)-ын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн бол түүнийг уг албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах,...” гэж зохицуулсан. Монгол улсын Дээд шүүхийн 2010 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 08 тоот Төрийн албаны тухай хуулийн зарим зүйл заалтын тайлбарын 15-д “Төрийн албан хаагчийн албан тушаал (ажлын байр)-ын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн гэж өөрчлөгдөн байгуулагдсан бүтцийн нэгжид тухайн албан тушаалтны нэр өөрчлөгдсөн боловч хэрэгжүүлэх чиг үүрэг нь өөрчлөгдөөгүй, хасагдсан эсхүл нэмэгдсэн түүнчлэн томьёолол нь өөрчлөгдсөн ч өмнөх агуулга нь хэвээр байхыг хэлнэ” гэжээ. 

3. Яамны зохион байгуулалтын бүтцийг батлах тухай 2014 оны 382 дугаар тогтоолыг мөн үндэслэл болгосон. Байгаль орчин, ногоон хөгжлийн яам татан буугдаагүй, өөрчлөн байгуулагдаагүй, харин татан буугдсан Соёл, спорт, аялал жуулчлалын яамны аялал жуулчлалын чиг үүргийг тус яаманд нэгтгэсэн. Аялал жуулчлалын чиг үүрэг тус яаманд ирснээр яамны нэр Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яам болон өөрчлөгдсөн, Газрын шинэтгэлийн хороо, Усны Үндэсний хороо шилжин ирснээр Газар зохион байгуулалт болон Усны нэгдсэн бодлого зохицуулалтын газар гэж яамны өмнөх газар усны бодлогыг зохион байгуулсан, Ойн хэлтэс нь татан буугдаагүй Ойн бодлого зохицуулалтын газар болон томорсон, нэр хэвээр, орон тоо нь хэвээр хадгалагдсан. 

Миний ажлын чиг үүрэг алдагдаагүй, ажлын байр /албан тушаал/-ны тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн. 

Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2014 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн А-05 дугаар Орон тоо батлах тухай тушаалаар Ойн бодлого зохицуулалтын газар нэртэйгээр батлагдсан. Түүн дотор Ойн үрийн аж ахуй тарьц суулгацын хангамж, ногоон байгууламж цэцэрлэгжилтийн бодлого зохицуулалт гэсэн албан тушаал хэвээр хадгалагдан үлдсэн. Гэтэл дээрх хууль зүйн үндэслэлгүй тушаалаар намайг ажлаас чөлөөлж, уг албан тушаалд надтай хамт ойн хэлтэст ойн арчилгаа, цэвэрлэгээний асуудал хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байсан хүнийг томилоод байна. 

Иймд орон тоо хасагдсан, бүтцийн өөрчлөлт болсон гэж үзэхгүй байна. Төрийн албаны зөвлөлд 2015 оны 01 дүгээр сарын 22-нд гомдол гаргасан боловч Захиргааны хэргийн шүүхэд хандахыг зөвлөсөн хариу ирүүлсэн. Иймд Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Т.Б*******ы гаргасан 2015 оны 01 дүгээр сарын 09-ны өдрийн Б-27 дугаар тушаалыг хянаж, хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажилд эргүүлэн томилуулахыг даалгах, ажилгүй байсан хугацааны цалин олговор, нэмэгдлийг ажлаас чөлөөлөгдсөн өдрөөс хойш шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаагаар нөхөн олгуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхийг даалгах шаардлагыг гаргаж байна” гэжээ.

Хоёр. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б*******оос 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр шүүхэд нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж, нэмэгдүүлэх тухай ирүүлсэн тайлбартаа:

“Нэхэмжлэгч Ч*******ийн М******* нь Байгаль орчин ногоон хөнгжил, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргад холбогдуулан гаргасан нэхэмжлэлээрээ “Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Т.Б*******ы гаргасан 2015 оны 01 дүгээр сарын 09-ны өдрийн Б-27 дугаар тушаалыг хянаж, хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажилд эргүүлэн томилуулахыг даалгах, ажилгүй байсан хугацааны цалин олговор, нэмэгдлийг ажлаас чөлөөлөгдсөн өдрөөс хойш шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаагаар нөхөн олгуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхийг даалгах” шаардлага гаргасан. Уг шаардлагаас Ойн арчилгаа, цэвэрлэгээ, дагалт баялаг хууль бус мод бэлтгэлтэй тэмцэх бодлого зохицуулалт ажилд эгүүлэн томилуулах нэхэмжлэлийн шаардлагыг татан авч дараах шаардлагыг гаргаж байна. Үүнд:

Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Т.Б*******ы гаргасан 2015 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн Б-27 дугаар тушаалаар Ч.М*******г ажлаас чөлөөлсөн нь илт хууль бус болохыг хүлээн зөвшөөрүүлэх, уг тушаалыг хянан, хүчингүй болгож, Ч.М*******н жирэмсний амралт авахаас өмнө ажиллаж байсан ажил болох Мод үржүүлгийн тарьц, суулгацын хангамж хариуцсан мэргэжилтний ажилд эргүүлэн томилуулахыг даалгаж, ажилгүй байсан хугацааны цалин олговор, нэмэгдлийг ажлаас чөлөөлөгдсөн өдрөөс хойш шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаагаар нөхөн олгуулах, нийгмий даатгал, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхийг даалгаж өгнө үү” гэжээ. 

Гурав. Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: 

“Иргэн Ч.М******* нь 2014 оны 02 дугаар сарын 03-ны өдөр тус шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Т.Б******* нь хууль бус үүрэг гүйцэтгэгч, мөн 2014 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн Б-27 дугаар тушаалыг хянаж Яамны зохион байгуулалтын бүтэц өөрчлөгдөн батлагдсан гэсэн нэрээр намайг хууль бусаар ажлаас чөлөөлсөн. Ингэхдээ дараах хууль тогтоомжийг тушаалыг үндэслэл болгосон. Үүнд: 

Нэг: Монгол Улсын Засгийн газрын бүтэц, зохион байгуулалт өөрчлөгдсөнтэй холбогдуулан “Чөлөөлөх, томилох тухай” Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2014 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн Б-07 дугаар тушаалаар Ногоон хөгжлийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга Т.Б*******ыг үүрэгт ажлаас нь чөлөөлж, тус яамны Төрийн нарийн бичгийн даргын  албан үүргийг түр орлон гүйцэтгэгч бөгөөд Ногоон хөгжлийн бодлого, стратеги төлөвлөлтийн газрын даргаар томилсон хууль зүйн үндэслэл: 

1. Монгол Улсын яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.11-д “Төрийн нарийн бичгийн даргын түр эзгүйд албан үүргийг түр орлон гүйцэтгүүлэх шаардлагатай гэж үзвэл энэ тухай шийдвэрийг хууль тогтоомжид нийцүүлэн сайд гаргана. 

2. Төрийн албаны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д Төрийн байгууллагын эрх бүхий албан тушаалтан төрийн жинхэнэ албан хаагчтай тохиролцсоны дагуу албан үүргийнх нь зэрэгцээ эзгүй байгаа албан хаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгүүлж болно. 

3. Төрийн албаны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-д Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан хаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэх журмыг Засгийн газар тогтооно. 

4. Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 62 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн жинхэнэ албан хаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэх журам”-ын 3.1-т Төрийн албаны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д заасан эзгүй байгаа албан хаагчийн, мөн хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-д заасан төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд уг орон тоог нөхөх хүртэлх хугацаанд тухайн албан хаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгүүлнэ. Мөн Засгийн газрын дээрх журмын 4.2.1-д байгууллагын даргыг эзгүй байх хугацаанд албан үүргийг нь түүний дэд дарга, орлогч түр орлон гүйцэтгэх бөгөөд энэ тохиолдолд тусгайлан шийдвэр гаргахгүй байж болно. Дэд дарга, орлогчгүй, эсхүл тэд орлох боломжгүй бол чиг үүрэг нь хамгийн ойр хамааралтай зохион байгуулалтын бүтцийн нэгжийн даргаар түр орлон гүйцэтгүүлнэ” гэж тус тус заасан. 

5. Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас яамдын Төрийн нарийн бичгийн дарга ажлаас чөлөөлөгдсөнтэй холбогдуулан Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг яамдын Төрийн захиргаа удирдлагын газрын даргаар түр орлон гүйцэтгүүлэх чиглэл өгсөн бөгөөд тус яамны Төрийн захиргаа удирдлагын газрын даргын албан тушаалд ажиллаж байсан албан хаагч нь төрийн жинхэнэ албан хаагч биш тул/ тэд орлох боломжгүй бол чиг үүрэг нь хамгийн ойр хамааралтай зохион байгуулалтын бүтцийн нэгжийн даргаар түр орлон гүйцэтгүүлнэ. Ногоон хөгжлийн бодлого, стратеги төлөвлөлтийн газрын дарга Т.Б*******д Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгүүлэхээр хариуцуулан томилсон болно. 

Иймд Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч нь Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 62 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн жинхэнэ албан хаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэх журам”-н 4.4-т “Албан үүргийг түр орлон гүйцэтгэгч нь түр орлон гүйцэтгэх хугацаандаа эзгүй байгаа албан хаагч болон сул орон тоо гарсан албан тушаалын эрх, үүргийг хэрэгжүүлнэ” гэж заасныг үндэслэн Монгол Улсын яамны эрх зүйн байдлын тухай хууль болон бусад хууль тогтоомжоор олгогдсон Төрийн нарийн бичгийн даргын бүрэн эрхийг хэрэгжүүлэх хууль зүйн үндэслэлтэй юм. 

Хоёр: Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын Ой хамгаалах, ойжуулалтыг зохицуулах хэлтсийн мэргэжилтнээр ажиллаж байсан Ч.М*******г ажлаас чөлөөлсөн тухай хууль зүйн үндэслэл: 

Бүтэц зохион байгуулалт өөрчлөгдсөнтэй холбоотойгоор Ойн бодлого зохицуулалтын газрын ажилтнуудын ажлын байрны тодорхойлолтыг 2015 онд шинэчлэн баталсан бөгөөд ажлын байрны тодорхойлолтод заасан шаардлага, шалгуурыг Ч.М******* хангахгүй байсан, ойн мэргэжлийн бус хүн байсан тул алжаас чөлөөлөх тушаал гарсан. 

Ч.М******* нь Байгаль орчин, ногоон хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн даргын “Албан тушаалд томилох тухай” 2012 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн Б-16 дугаар тушаалаар Ой хамгаалах, ойжуулалтыг зохицуулах хэлтсийн мэргэжилтнээр анх ажилд орж ажиллаж байсан бөгөөд Байгаль орчин, ногоон хөгжил аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргын “Албан тушаалаас чөлөөлж, тэтгэлэг олгох тухай 2015 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн Б-27 дугаар тушаалаар Ой хамгаалах, ойжуулалтыг зохицуулах хэлтсийн мэргэжилтний албан тушаалаас чөлөөлөгдсөн болно. 

Яамдын зохион байгуулалтын бүтэц, орон тооны хязгаар батлах тухай” Засгийн газар 2014 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 382 дугаар тогтоолын “а”-д зааснаар манай яамны бүтцэд өөрчлөлт орж нэхэмжлэгч Ч.М*******г Төрийн нарийн бичгийн даргын 2015 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн “Албан тушаалаас чөлөөлж, тэтгэлэг олгох тухай” Б-27 дугаар тушаалаар ажлаас чөлөөлж, 6 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлэг 3764790 төгрөгийг түүнд олгосон болно. 

Иймд Байгаль орчин, ногоог хөгжил, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2015 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн Б-27 дугаар тушаал нь Монгол Улсын яамны эрх зүйн байдлын тухай хууль, Төрийн албаны тухай хууль болон дээрх Засгийн газрын 382 дугаар тогтоолд тус тус үндэслэсэн тул хууль тогтоомжийг буруу хэрэглэсэн, үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлсөн зэрэг зөрчил байхгүй, хууль зүйн үндэслэлтэй батлагдсан гэж үзэж байна” гэжээ. 

Дөрөв. Гуравдагч этгээд Д.Э******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“...Нэхэмжлэгч Ч.М******* нь Байгаль орчин, ногоон хөгжлийн яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газарт Ой хамгаалал, ойжуулалтыг зохицуулах хэлтсийн мэргэжилтнээр ажиллаж байгаад тус яамны төрийн нарийн бичгийн даргын 2014 оны Б-38 дугаар тушаалаар 2014 оны 3 дугаар сарын 27-ны өдрөөс эхлэн жирэмсний амралт авсан байдаг.

Мөн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2014 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн Б-60 дугаар тушаалаар Байгаль, орчин, ногоон хөгжлийн яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын Ой хамгаалал, ойжуулалтыг зохицуулах хэлтсийн мэргэжилтэн буюу “Ойн арчилгаа цэвэрлэгээ хариуцсан мэргэжилтэн”-ээр 2015 оны 1 дүгээр сарын 09-ны өдөр хүртэл ямар нэг маргаан үүсгэлгүй ажиллаж байсан. 

Энэ нь 2015 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн шүүх хуралдааны тэмдэглэл, Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2016 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн 38 дугаар тогтоол зэргээр тогтоогдож байна. 

Түүнчлэн Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамны төрийн нарийн бичгийн даргын 2015 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн Б-27 дугаар тушаалаар тус яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын Ой хамгаалал, ойжуулалтыг зохицуулах хэлтсийн мэргэжилтний албан тушаалаас чөлөөлөгдөх хүртлээ “Ойн арчилгаа цэвэрлэгээ хариуцсан мэрэгжилтэн”-ээр ажиллуулсан хариуцагчийн үйлдэл хууль бус байна гэж гомдол гаргаж байгаагүйгээс үзэхэд нэхэмжлэгч хариуцагчийн гаргасан шийдвэрийг хүлээн зөвшөөрсөн байна. 

Захиргааны байгууллага, түүний эрх бүхий албан тушаалтны гаргасан захиргааны актын улмаас өөрийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж байна гэж үзвэл Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д заасны дагуу уг тушаалыг хүлээн авсан, эсхүл мэдсэнээс хойш 30 хоногийн дотор тухайн байгууллага, албан тушаалтныг шууд харьяалах дээд шатны захиргааны байгууллага, албан тушаалтанд гомдлоо гаргах ёстой. Гэтэл нэхэмжлэгч хариуцагчийг Ойн арчилгаа цэвэрлэгээ хариуцсан мэрэгжилтнээр 2014 оны 8 дугаар сарын 28-ны өдрөөс эхлэн ажиллуулахад энэ талаар маргаан гаргаагүй байна. 

Д.Э******* миний бие 1998 онд МУИС-ийн Биологийн факультетийн Ойн тэнхимд элсэн орж, 2002 онд Ой зүйч мэргэжлээр төгссөн. Сургуулиа төгссөнөөс хойш төрийн үйлчилгээний болон төрийн захиргааны албан хаагчаар өнөөдрийг хүртэл 10 гаруй жил мэргэжлээрээ төрийн албанд ажилласан байна.

Анх 2003 онд Нийслэлийн Чингэлтэй дүүргийн ногоон байгууламжийг хариуцан ажиллаж ногоон байгууламжид төрөл бүрийн мод, сөөг, зүлэг ногоо тарих, арчлан хамгаалах ажлыг гүйцэтгэж байсан. 2004 онд Байгаль орчны яамны харьяа Ой хайгуул судалгааны төвд лаборант, ойн инженер зэрэг албан тушаал хашсан. Тус төвд ажиллаж байх хугацаанд Дамбадаржаа дахь модлог ургамлын цэцэрлэгт жил бүр мод тарьж ургуулах, ойн хөнөөлт шавьж, өвчний судалгааны болон тэмцлийн ажлыг явуулж байсан. 

2008 онд Архангай, Өвөрхангай аймаг болон Улаанбаатар хотын ногоон бүсийн ойн тархалтын зургийг GIS ашиглан боловсруулсан. 

Миний ажиллаж байсан Байгаль орчны яамны харьяа Ой хайгуул судалгааны төв 2009 онд татан буугдаж, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ойн газар байгуулагдсан бөгөөд манай байгууллагаас ажлын туршлага чадварыг харгалзан үзэж цөөн хэдэн хүнийг сонгож, төрийн албан хаагчийн сонгон шалгаруулалтад тэнцсэн тохиолдолд Ойн газарт ажиллуулахаар болсон. 

Төрийн байгууллагын бүтэц, зохион байгуулалт өөрчлөгдсөнтэй холбоотой холбогдуулан миний бие 2009 оны 4 дүгээр сард төрийн албан хаагчийн шалгалтыг өгч тэнцсэнээр Ойн газрын ойжуулалтын хэлтэст ойжуулалтын ойжуулалтын асуудал хариуцсан мэргэжилтнээр ажилласан.

Ойжуулалтын хэлтэст ажиллаж байх хугацаандаа “Монголоо ногооруулья” хөдөлгөөнийг анх санаачлан ажилласан минь маш үр дүнтэй ажил болсон учир төрийн байгууллагын зардлаар 2010-2013 онд Ойн газраас Бүгд Найрамдах Солонгос улсад ойн үржүүлэг, нөхөн сэргээх чиглэлээр докторантурт 3 жилийн хугацаатай сурч төгссөний дараа эргэн ирж төрийн албанд тогтвор суурьшилтай ажиллахаар гэрээ байгуулан БНСУ-д суралцсан юм. 

2013 онд сургуулиа төгсөн ирэхэд 2012 онд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг болох Ойн газар татан буугдаж чиг үүрэг нь Байгаль орчин, ногоон хөгжлийн яаманд шилжсэн байсан тул ойн газартай байгуулсан гэрээний дагуу тухайн оны 2 дугаар сараас БОНХЯ-ны Ой хамгаалал, ойжуулалтыг зохицуулах хэлтэст ойн арчилгаа, цэвэрлэгээ, ойн менежментийн төлөвлөгөөг хариуцсан мэргэжилтнээр томилогдон ажилласан. 

2014 онд мэргэжилтэн Ч.М*******г жирэмсний амралт авсантай холбогдуулан удирдлагаас өгсөн үүрэг даалгаврын дагуу миний бие ойн үрийн аж ахуй, тарьц суулгацын хангамж, ногоон байгууламж, цэцэрлэгжүүлэлтийн бодлого хариуцсан мэргэжилтнээр мэргэжилтнээр ажилласан юм. Тухайн үеэс Ойн үрийн аж ахуйн салбарт БНЧУ-ын Засгийн газраас төсөл хэрэгжүүлэх болсонтой холбоотойгоор 2 улсын хоорондын төслийн хэлэлцээрийг батлуулахад хэлний мэдлэг, гадаад улсад суралцсан мэргэжлийн туршлага, чиглэлийг харгалзан үзэж, энэ албан тушаалыг хариуцуулсан.

...2014 онд Засгийн газрын өөрчлөлттэй холбоотойгоор Ойн бодлого, зохицуулалтын газар байгуулагдагдаж бүтцийн өөрчлөлт явуулсан.

Бүтцийн өөрчлөлтийн дагуу 2014 онд батлуулсан ойн үрийн аж ахуй, тарьц суулгацын хангамж, ногоон байгууламж, цэцэрлэгжилтийн бодлого, зохицуулалт хариуцсан ажлын байрны чухал шаардлага /бакалавр/ нь ой зүйч, ойн инженер байх зайлшгүй шаардлагатай гэж заасан байдаг. Миний бакалаврын зэрэг Ойн зүйч тул шаардлагыг бүрэн хангаж байна гэж үзэж байна. Мөн ажлын байрны боловсролын шаардлагатай заалтад магистр, доктор гэсэн заалт байгаа бөгөөд миний бие 2013 онд модны тарьцын өсөлт нэмэгдүүлэх нөхөн сэргээх сэдвээр докторын зэрэг хамгаалсан болно.

Иймд энэхүү нөхцөл байдлыг харгалзан үзэж нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.

Иргэдийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэх нь үндэслэлтэй байна.” гэв.

Нэхэмжлэгч Ч.М*******гийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд “Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Т.Б*******ы гаргасан 2015 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн Б-27 дугаар тушаалаар Ч.М*******г ажлаас чөлөөлснийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгох, Ч.М*******н жирэмсний амралт авахаас өмнө ажиллаж байсан ажил болох Мод үржүүлгийн тарьц, суулгацын хангамж хариуцсан мэргэжилтний ажилд эргүүлэн томилуулахыг даалгах, ажилгүй байсан хугацааны цалин олговор, нэмэгдлийг ажлаас чөлөөлөгдсөн өдрөөс хойш шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаагаар нөхөн олгуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхийг даалгах” гэж нэхэмжлэлийн шаардлагаа  тодруулсан тул энэ хүрээнд маргааныг хянан хэлэлцлээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, түүний хууль зүйн үндэслэл, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлэн хэрэгт авсан бичмэл нотлох баримтуудад үнэлэлт өгч, дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

Нэг. “Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Т.Б*******ы гаргасан 2015 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн Б-27 дугаар тушаалаар Ч.М*******г ажлаас чөлөөлснийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгох” нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Маргаан бүхий Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргын 2015 оны Б-27 дугаар тушаал  нь Яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.6.9, Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4, Монгол Улсын Засгийн газрын Яамдын зохион байгуулалтын бүтцийг батлах тухай 2014 оны 382 дугаар тогтоолыг үндэслэн Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын Ой хамгаалал, ойжуулалтыг зохицуулах хэлтсийн мэргэжилтэн Ч. М*******г албан тушаалаас нь 2015 оны 01 дүгээр сарын 09-ний өдрөөр дуусгавар болгон чөлөөлж, 6 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлэг олгохоор шийдвэрлэжээ. 

I. Нэхэмжлэгч Ч.М******* “төрийн байгууллага татан буугдаагүй, өөрчлөн байгуулагдаагүй, харин татан буугдсан Соёл спорт, аялал жуулчлалын яамны аялал жуулчлалын чиг үүргийг тус яаманд нэгтгэсэн, ...яамны нэр ...өөрчлөгдсөн, мөн “Ойн хэлтэс” татан буугдаагүй, Ойн бодлого зохицуулалтын газар болон томорсон, ажлын байрны нэр хэвээр, ...албан тушаал /ажлын байр/-ын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн байхад Яамны зохион байгуулалтын бүтэц өөрчлөгдөн батлагдсан” гэсэн үндэслэлээр ажлаас чөлөөлсөн”  гэж,

Хариуцагч нь “Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газарт ойн асуудал хариуцсан 2 мэргэжилтэн, Ой хамгаалал, ойжуулалтыг зохицуулах хэлтэст хэлтсийн дарга, 7 мэргэжилтэн, нийт 10 албан хаагч Ойн талаарх бодлогыг хэрэгжүүлж ажиллаж байсныг ..., 2 орон тоо хасагдаж, Ойн бодлого зохицуулалтын газар шинээр байгуулагдаж 8 орон тоотойгоор батлагдсан  тул Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3 дахь заалтад заасан “шалгаруулж авна” гэсний дагуу Ч.М******* нь ...ойн мэргэжлээр мэргэшээгүй, мэргэжлийн бус, ажлын дадлага, туршлага бага, ажлын үр дүнгийн үнэлгээ доогуур байх тул орон тоо цөөрүүлсэн, ...албан тушаалын орон тоо нь хасагдсан  тул хариуцагч ажлаас чөлөөлсөн нь хууль зүйн үндэслэлтэй” гэж маргажээ.

     Хариуцагчийн Ч.М*******г “Албан тушаалаас чөлөөлж, тэтгэлэг олгох тухай” 2015 оны Б-27 дугаар тушаал нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь заалтын “...хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.”, Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсгийн “...хууль дээдлэх нь төрийн албаны үндсэн зарчим мөн.”, Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-т заасан “...төрийн албан хаагчийн албан тушаал /ажлын байр/-ын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн бол түүнийг уг албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах, ...” гэсэн заалтыг тус тус зөрчсөн нь дараах эрх зүйн үр дагаврыг үүсгэж, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн болох нь тогтоогдож байна. Үүнд:

1.1. Засгийн газрын Яамдын зохион байгуулалтын бүтцийг батлах тухай 2014 оны 382 дугаар тогтоолоор  Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яам нь Ойн бодлого зохицуулалтын газартай байхаар бүтцийг тогтоосон байна. 

Үүний дагуу хариуцагчаас 2014 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн “Орон тоо батлах тухай” А-05 дугаар тушаалаар  Ойн бодлого зохицуулалтын газрыг байгуулж, 8 орон тоотой байхаар баталжээ. 

Нэхэмжлэгч Ч.М*******гийн ажиллаж байсан маргаан бүхий “Ойн үрийн аж ахуй, тарьц, суулгацын хангамж, ногоон байгууламжийн удирдлага зохицуулалт хариуцсан мэргэжилтэн” гэсэн ажлын байрны нэр нь хариуцагчийн 2014 оны А-05 дугаар тушаалаар “Ойн үрийн аж ахуй тарьц, суулгацын хангамж, ногоон байгууламж, цэцэрлэгжилтийн бодлого зохицуулалт” гэж өөрчлөгдснөөс бусад тохиолдолд хэрэгт авагдсан 2012 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн  болон 2015 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн  Ажлын байр /албан тушаал/-ын тодорхойлолтыг харьцуулан үнэлж дүгнэхэд “хэрэгжүүлэх чиг үүрэг нь өөрчлөгдөөгүй”, “ажлын байрны зорилго, өмнөх агуулга нь хэвээр” болох нь нотлогдож байна.

1.2. Хариуцагчийн “...2 орон тоо хасагдсан, нэхэмжлэгчийн ажлын байр хасагдсан тул Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-т заасан “шалгаруулж авна” гэсэн үйл ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан” гэж маргаж байгаа боловч:

нэгд, хариуцагчийн 2012 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн А-07 дугаар тушаал  болон 2014 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн А-05 дугаар “Орон тоо батлах тухай” тушаалуудыг тус тус харьцуулан үнэлэхэд нэхэмжлэгчийн ажиллаж байсан ажил, албан тушаалын ажлын байр, орон тоо хасагдаагүй, харин хэрэгт авагдсан нотлох баримтаар Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар /хуучнаар/-ын “Ойн баялгийн нөөцийн ашиглалтын бодлогын хэрэгжилтийг зохицуулах асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн”  болон “Ойн хууль бус мод бэлтгэлээс урьдчилан сэргийлэх, хамгаалах удирдлага, зохицуулалт хариуцсан мэргэжилтэн”-ий ажлын байр тус тус хасагдсан  болох нь тогтоогдож байна. 

Тодруулбал, дээр дурдсан “хасагдсан” ажил, албан тушаалын ажлын байрны чиг үүргийг хариуцагчийн 2014 оны А-05 дугаар тушаалаар “Ойн бодлого зохицуулалтын газрын Ойн нөөцийн судалгаа, менежмент, ойн зохистой ашиглалтын бодлого зохицуулалт хариуцсан ахлах мэргэжилтэн”-ий  болон “Ойн арчилгаа, цэвэрлэгээ, дагалт баялаг, хууль бус мод бэлтгэлтэй тэмцэх бодлого зохицуулалт хариуцсан мэргэжилтэн”-ий  ажлын байрны чиг үүрэгтэй тус тус нэгтгэжээ.

Иймд хариуцагчийн 2012 оны А-07, 2014 оны А-05 дугаар тушаалаар нэхэмжлэгч Ч.М*******гийн ажил, албан тушаалын ажлын байр, чиг үүрэг хэвээр, орон тоо хасагдаагүй болох нь тогтоогдож байх тул хариуцагчийн тайлбар хууль зүйн үндэслэлгүй байна.

Хоёрт, Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-т заасны дагуу “...шалгаруулж авна” гэж эрх бүхий албан тушаалтны шийдвэрээр томилогдсон бүрэлдэхүүн, ажлын хэсэг /комисс/-ийн дүгнэлтийг үндэслэн ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа ажилтныг сонгохыг хэлэх”  бөгөөд: 

1/. хариуцагчийн шүүхэд ирүүлсэн “...орон тоо цөөрсөн ...” тул яамны удирдах албан тушаалтан нар 2015 оны 1 дүгээр сарын 07-ны өдөр хуралдаж , ажлын туршлага, мэргэжил, мэргэшил, 2014 оны жилийн эцсийн байдлаар үр дүнгийн гэрээг үнэлж дүгнэсэн үнэлгээ зэргийг харгалзан үзэж И.Дорж, Ч.М******* нарыг өрсөлдүүлсэн, ...”  гэх тайлбар, 

2/. хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан “...Сонгон шалгаруулалт цаг хугацаанаас шалтгаалаад удирдах албан тушаалтан хуралдаанаараа ажлын байрны шаардлага, шалгуурыг харьцуулан үзээд байгууллага дотроо шийдээд хуралдааны тэмдэглэл хийгдсэн ...” гэсэн тайлбар,

3/. хэрэгт авагдсан “...И.Доржийг тус ажлын байранд томилж ажиллуулах нь зүйтэй гэж шийдвэрлэсэн болно.”  гэсэн нотлох баримт, тайлбаруудаас тус тус дүгнэхэд хариуцагчийн 2014 оны “Орон тоо батлах тухай” А-05 дугаар тушаалаар албан тушаалын “орон тоо нь хасагдсан” буюу “Ойн баялгийн нөөцийн ашиглалтын бодлогын хэрэгжилтийг зохицуулах асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн”-ээр ажиллаж байсан И.Доржийг  уг тушаалаар албан тушаалын чиг үүрэг нь хэвээр хадгалагдан үлдсэн нэхэмжлэгч Ч.М*******тай өрсөлдүүлэн шалгаруулсан нь үндэслэлгүй, мөн нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн дээрх “сонгон шалгаруулалт”-ыг хариуцагч явуулахдаа эрх бүхий албан тушаалтны шийдвэргүй, хуульд заасан журмын дагуу ажлын хэсэг байгуулаагүй, холбогдох хууль, журмыг зөрчиж, нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн нь хууль бус гэж үзэх үндэслэлтэй байна. 

Иймд нэхэмжлэгч Ч.М*******гийн эрхэлж байсан албан тушаал /ажлын байр/-ын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн, орон тоо нь бодит байдал дээр хасагдаагүй байхад хуульд нийцээгүй үндэслэлээр нэхэмжлэгчийг үүрэгт ажлаас чөлөөлсөн хариуцагчийн маргаан бүхий 2015 оны Б-27 дугаар тушаал нь Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2-т заасан “Төрийн жинхэнэ албан хаагч дараах нэмэгдэл баталгаагаар хангагдана:”, 27.2.3-т “төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан /нийлүүлэх, нэгтгэх, хуваах, тусгаарлах, өөрчлөх/, эсхүл зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөн боловч төрийн албан хаагчийн албан тушаал /ажлын байр/-ын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн бол түүнийг уг албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах, хэрэв тухайн чиг үүргийг хэрэгжүүлэх албан тушаал /ажлын байр/-ын орон тоо цөөрсөн бол уг албан тушаалыг эрхэлж байсан албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, мэдлэг, ур чадвар, ажлын дадлага, туршлага зэргийг нь харгалзан тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа албан хаагчийг томилох эрх бүхий албан тушаалтан нь шалгаруулж авна;” гэсэн заалтыг зөрчсөн байх тул хүчингүй болгох үндэслэлтэй байна гэж дүгнэв.

Хоёр. “Ч.М*******гийн жирэмсний амралт авахаас өмнө ажиллаж байсан ажил болох Мод үржүүлгийн тарьц, суулгацын хангамж хариуцсан мэргэжилтний ажилд эгүүлэн томилуулахыг даалгах” нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

2.1. Нэхэмжлэгч Ч.М******* нь 2011 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр төрийн албаны мэргэшлийн шалгалтад тэнцсэн , Төрийн албаны зөвлөлөөс 2011 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр Ойн газрын дарга М.Тунгалагт “...тус газраас ирүүлсэн сул орон тоонд төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийн бүртгэлд байгаа иргэдээс Ч.М*******г тухайн ажлын байранд тавигдах шаардлагыг хангаж байна хэмээн үзэж хүсэлтээ ирүүлснийг ...судалж, ...2011 оны 17 дугаар тогтоолоор нөөцөд бүртгэгдсэн Ч.М*******г “Мод үржүүлгийн тарьц, суулгацын хангамж хариуцсан мэргэжилтэн”-ий албан тушаалд томилуулахаар нэр дэвшүүлж, томилох эрх бүхий албан тушаалтанд санал болгохоор шийдвэрлэв.” гэсэн 348 дугаар албан бичгийг  явуулсан, уг албан бичгийг үндэслэн 2011 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн Ч.М*******г дээрх албан тушаалд томилох тухай 2011 оны Б-25 дугаар тушаал  гарсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байна.

Мөн хэрэгт авагдсан баримтаар 2012 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн Ойн газрын даргын Б-36 дугаар тушаалаар  Засгийн газрын бүтцэд өөрчлөлт орсонтой холбогдуулан 2012 оны 8 дугаар сарын 31-ний өдрөөс Ойн газрын албан хаагчдыг Байгаль орчин, ногоон хөгжлийн яаманд шилжүүлсэн байна. 

Үүний дагуу нэхэмжлэгч Ч.М******* нь Байгаль орчин, ногоон хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2012 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн Б-16 дугаар тушаалаар  Ой хамгаалал, ойжуулалтыг зохицуулах хэлтсийн мэргэжилтнээр томилогдсон бөгөөд хэрэгт авагдсан баримтаар, тодруулбал 2012 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн Орон тоо батлах тухай А-07 дугаар тушаал,  2012 оны 10 дугаар сарын 24-ний өдөр батлагдсан Ажлын байр /албан тушаал/-ын тодорхойлолт,  2013 оны 1 дүгээр улирлын үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшин /үр дүнгийн гэрээний биелэлт/-ийг үнэлэх илтгэх хуудас  зэргээс дүгнэхэд нэхэмжлэгч нь тус хэлтсийн “Мод үржүүлэг, үрийн аж ахуй, хот суурингийн цэцэрлэгжүүлэлтийн асуудал хариуцсан мэргэжилтэн”-ээр томилогдон ажиллаж байсан болох нь нотлогдож байна. 

Иймд хэрэгт авагдсан нотлох баримтаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан “...Ч.М*******г гадаадад докторын зэрэг хамгаалахаар явсан гуравдагч этгээд Д.Э*******ын оронд түр ажиллаж байсан учир жирэмсний амралтаа дуусган ажилдаа ороход нэхэмжлэгчийг өмнө нь ажиллаж байсан албан тушаалд буюу “Мод үржүүлгийн тарьц, суулгацын хангамж хариуцсан мэргэжилтэн”-ий албан тушаалд томилоогүй.” гэсэн тайлбар үндэслэлгүй болох нь нотлогдож байна. 

Өөрөөр хэлбэл, гуравдагч этгээд Д.Э*******ыг анх Ойн газрын даргын 2009 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 26 дугаар тушаалаар “Ойжуулалт, ойн зурвасын асуудал хариуцсан мэргэжилтэн”-ээр, харин уг тушаалаар “...Ш.Эрдэнэдавааг “Мод үржүүлэг, тарьц, суулгацын хангамж хариуцсан мэргэжилтэн”-ээр тус тус томилсон  байх тул маргаан бүхий дээрх ажлын байр дээр гуравдагч этгээд Д.Э******* анх томилогдон ажиллаж байгаагүй болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна. 

2.2. Нэхэмжлэгч Ч.М*******д 2014 оны 3 дугаар сарын 27-ны өдрөөс эхлэн жирэмсний амралт олгосон тухай хариуцагчийн 2014 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн Б-38 дугаар тушаал  гарч, улмаар хариуцагчаас 2014 оны 5 дугаар сарын 07-ны өдөр нэхэмжлэгчийг жирэмсний амралттай болон хүүхэд асрах чөлөөтэй байх хугацаанд “Э.Содномпилээр албан үүргийг түр орлон гүйцэтгүүлэх тухай” Б-49 дүгээр тушаалыг  гаргасан байна. 

Харин нэхэмжлэгч Ч.М******* нь ажилдаа эргэж орох хүсэлтийг хариуцагчид гаргаснаар 2014 оны 8 дугаар сарын 28-ны өдөр “...Жирэмсний амралттай байсан Ч.М*******г ...Ой хамгаалал, ойжуулалтыг зохицуулах хэлтсийн мэргэжилтнээр ажиллуулж, өмнө авч байсан цалин, нэмэгдлийг хэвээр тооцож олгохоор, ...Ч.М*******гийн оронд түр хугацаатай гэрээгээр ажиллаж байгаа Э.Содномпилийг ...чөлөөлөх”-ийг тушаасан Б-60 дугаар тушаалыг  гаргасан болох нь хэрэгт нотлох баримтаар авагдсан байна.

Гэтэл бодит байдалд нэхэмжлэгчийг хариуцагчаас 2014 оны Б-38 дугаар тушаалаар жирэмсний амралт авахаас өмнө ажиллаж байсан албан тушаалд буюу “Ойн үрийн аж ахуй, тарьц суулгацын хангамж, ногоон байгууламжийн удирдлага зохицуулалт хариуцсан мэргэжилтэн”-ий албан тушаалд эгүүлэн ажиллуулаагүй болох нь хэрэгт авагдсан дараах баримтуудаар нотлогдож байна. Үүнд:

нэгд, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн  “...Ч.М*******д “Жирэмсний амралт олгох тухай Б-38 дугаар тушаал гарсны дараа .../түүний/ ажиллаж байсан ...”Ойн үрийн аж ахуй, тарьц суулгацын хангамж, ногоон байгууламжийн удирдлага зохицуулалт хариуцсан мэргэжилтэн”-ий хариуцсан ажлыг тус хэлтсийн мэргэжилтэн Д.Э*******д хариуцан ажиллуулж байсан …”, ...2014 оны Б-60 дугаар тушаалаар Ч.М*******г ”Ойн арчилгаа, цэвэрлэгээ хариуцсан мэргэжилтэн”-ээр ажиллуулж, ...2014 оны Б-49 дүгээр тушаалаар Ч.М*******г жирэмсний амралттай байх хугацаанд Э.Содномпил нь “Ойн арчилгаа, цэвэрлэгээний ажил хариуцан” ажиллаж байсан.” гэсэн тус шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 1/11010 дугаар албан бичгийн  хариуд ирүүлсэн тодруулга, тайлбараар;                                                                                                                                                                             

хоёрт, гуравдагч этгээд Д.Э*******ын 2016 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр шүүхэд ирүүлсэн “...2014 онд мэргэжилтэн Ч.М*******г жирэмсний амралт авсантай холбогдуулан удирдлагаас өгсөн үүрэг даалгаврын дагуу миний бие “Ойн үрийн аж ахуй, тарьц суулгацын хангамж, ногоон байгууламж, цэцэрлэгжүүлэлтийн бодлого хариуцсан мэргэжилтэн”-ээр ажилласан юм” гэсэн тайлбар; 

гуравт, гэрч Ойн бодлого, зохицуулалтын албаны дарга Ц.Банзрагчийн “...Ч.М******* жирэмсний амралтаа авсан, ...түүний оронд Э.Содномпил гэдэг хүнийг ажилд авсан, ...Гэхдээ уг хүнийг Ойн арчилгаа, цэвэрлэгээ гэдэг орон тоон дээр түр ажилд авсан бөгөөд Д.Э*******ыг анхдагч орон тоон дээр ажилд авсан. ...Ч.М*******тай “амаар тохиролцсон” гэж нэхэмжлэгчийн ажлын байрыг өөрчилсөн асуудлаар 2015 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн шүүх хуралдаан дээр  мэдүүлсэн мэдүүлгээр; 

дөрөвт, гуравдагч этгээд Д.Э*******ын 2014 оны жилийн эцсийн үр дүнгийн гэрээний биелэлтийг үнэлэх илтгэх хуудсаар  нэхэмжлэгчийн ажиллаж байсан албан тушаал болох “Ойн үрийн аж ахуй, тарьц суулгацын хангамж, ногоон байгууламжийн удирдлага зохицуулалт хариуцсан мэргэжилтэн”-ээр ажиллаж байсан болох нь, харин нэхэмжлэгч Ч.М*******гийн мөн оны жилийн эцсийн үр дүнгийн гэрээний биелэлтийг үнэлэх илтгэх хуудсаар  гуравдагч этгээдийн ажиллаж байсан албан тушаал болох ”Ойн арчилгаа, цэвэрлэгээ хариуцсан мэргэжилтэн”-ий албан тушаал дээр ажиллаж байсан нь тус тус хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна.

Харин хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “Ч.М******* энэ асуудлаар ...ямар нэгэн эрх зөрчигдсөн талаар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хугацаанд холбогдох байгууллагад гомдлоо гаргаагүй ” гэж маргаж байгаа боловч: 

-2015 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн шүүх хуралдаанд  түүний “...Ч.М*******н нярай хүүхэд нь эндээд буцаад ажилдаа ажилдаа ороход ...тухайн нэгжийн дарга /гэрч Ц.Банзрагч/ нь ...цаашдаа энэ ажлыг мэргэжлийн доктор хүн ...хийнэ, ...чи ...ойн арчилгаа, сувилгаан дээр ажиллуулья.” гэж хоорондоо тохиролцсон.” байдаг гэх тайлбар;

-нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...тушаал гаргаагүй, “наад ажил дээрээ ажиллавал ажил, ажиллахгүй бол боль”, ...”байж бай” гээд хүлээлгэсээр байгаад ...ажлаас нь чөлөөлсөн” гэх, нэхэмжлэгч Ч.М*******н  “...тушаал гарахыг хүлээж байсан, ...миний бие тухайн үед сэтгэл санааны болон хүндэтгэн үзэх шалтгаантай байсан, ...” гэх тайлбар;

-гэрч Ц.Банзрагчийн “...амаар тохиролцсон байгаа” гэх тайлбаруудаас тус тус дүгнэхэд нэхэмжлэгч “жирэмсний амралтын дараа түүнийг өөр ажилд ажиллуулсныг хүлээн зөвшөөрөөгүй, сэтгэл санааны болон хүндэтгэн үзэх шалтгаантай байсан учир холбогдох тушаал гарахыг хүлээж байсан” гэх үйл баримтууд тогтоогдож байна. 

Иймд нэхэмжлэгчийн төрийн албан хаагчийн ажил хөдөлмөр эрхлэх “үндсэн эрх”, хууль ёсны ашиг сонирхлыг бодитоор хөндөж зөрчсөн маргаан бүхий хариуцагчийн 2015 оны Б-27 дугаар тушаал гарснаар шүүхэд уг зөрчигдсөн эрхээ хамгаалуулахаар хуульд заасан хугацаанд нэхэмжлэгч хандсан байх тул хариуцагчийн тайлбар үндэслэлгүй байна.

Дээрх нөхцөл байдлаас дүгнэхэд нэхэмжлэгч Ч.М*******гийн ажиллаж байсан албан тушаалын ажлын байр дээр түүнийг жирэмсний амралттай байх хугацаанд хариуцагчаас Төрийн албаны тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжийг зөрчиж ямар ч захирааны акт гаргахгүйгээр “амаар шийдвэрлэж, тохиролцсон” гэх үндэслэлээр гуравдагч этгээд Д.Э******* болон Э.Содномпил нарыг хооронд нь шилжүүлэн ажиллуулсан, түүнчлэн нэхэмжлэгчийг өмнө нь ажиллаж байсан ажил, албан тушаал дээр хариуцагчаас эгүүлэн томилж ажиллуулаагүй эс үйлдэхүй гаргасан болох нь тогтоогдож байна.

Түүнчлэн хариуцагч Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргаас 2015 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн Б-09 дүгээр тушаалаар нэхэмжлэгчийн ажиллаж байсан “Ойн үрийн аж ахуй, тарьц суулгацын хангамж, ногоон байгууламж, цэцэрлэгжилтийн бодлого зохицуулалт хариуцсан мэргэжилтний ажил, албан тушаалд гуравдагч этгээд Д.Э*******ыг  томилж, харин гуравдагч этгээдийн 2013 оны Б-18 дугаар тушаалаар  томилогдон ажиллаж байсан “Ойн арчилгаа, цэвэрлэгээ, дагалт баялаг хууль бус мод бэлтгэлтэй тэмцэх бодлого зохицуулалт хариуцсан мэргэжилтэн”-ий албан тушаалд И.Доржийг  тус тус томилж, мөн өдрийн Б-27 дугаар тушаалаар нэхэмжлэгч Ч.М*******г ажлаас чөлөөлсөн нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь заалтын “...хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.”, Дөчин зургадугаар зүйлийн 2 дахь заалтын “Монгол Улсын төрийн жинхэнэ албан хаагч Монгол Улсын ...Үндсэн хууль, бусад хуулийг чандлан баримталж ...төрийн ашиг сонирхолд захирагдан ажиллана.”, Далдугаар зүйлийн 1 дэх заалтын “Үндсэн хуульд ...төрийн байгууллагын бусад шийдвэр, ...үйл ажилагаа бүрнээ нийцсэн байвал зохино.” гэсэн заалтыг тус тус зөрчсөн болох нь хэрэгт авагдсан нотлох баримт, шүүхээс хийсэн бичиг баримтын үзлэг, хэргийн оролцогчдын тайлбараар тус тус тогтоогдож байна. 

Иймд нэхэмжлэгч Ч.М*******г хариуцагчийн 2014 оны Б-38 дугаар тушаалаар жирэмсний амралт авахаас өмнө ажиллаж байсан албан тушаалд буюу “Ойн үрийн аж ахуй, тарьц суулгацын хангамж, ногоон байгууламжийн удирдлага зохицуулалт хариуцсан мэргэжилтэн”-ий албан тушаалд эгүүлэн ажиллуулаагүй эс үйлдэхүй хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол ноцтой зөрчигдсөн тул уг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.

Гурав. “Ажилгүй байсан хугацааны цалин олговор, нэмэгдлийг ажлаас чөлөөлөгдсөн өдрөөс хойш шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаагаар нөхөн олгуулах, нийгмий даатгал, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхийг даалгах” нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

         “Нэхэмжлэгч Ч.М*******г хариуцагчийн 2015 оны Б-27 дугаар тушаалаар 2015 оны 1 дүгээр сарын 09-ний өдрөөр тасалбар болгон үүрэгт ажлаас нь чөлөөлсөн болох нь нэгэнт тогтоогдсон, Үндэслэх хэсгийн нэг, хоёрт дурдсан хууль зүйн үндэслэл, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар маргаан бүхий захиргааны акт хууль зүйн үндэслэлгүй болох нь тогтоогдож байх тул Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6 дахь хэсэг, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчийн сарын үндсэн цалинг /цалингийн дэлгэрэнгүй: 2014 оны 10, 11, 12 сарууд /үндсэн цалин 627465 төгрөг, төрийн албанд ажилласан жилийн нэмэгдэл 31374 төгрөг, нийт 658839 төгрөг/ цалингаар тооцож, ажилгүй байсан хугацааны 446 хоногийн/ нийт 14.644.177 төгрөг /арван дөрвөн сая зургаан зуун дөчин дөрвөн мянга нэг зуун далан долоо/ төгрөгийг Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргаас гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор тогтоож, үүнээс хуульд заасан шимтгэл, даатгал, татварыг, мөн хариуцагчийн 2015 оны Б-27 дугаар тушаалаар 6 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлэгт олгосон 3.764.790 мянган төгрөгийг суутган авч, зохих журмын дагуу нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийх нь үндэслэлтэй байна.  

    Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгч Ч.М*******гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

               Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.4, 106.3.7, 106.3.12 дахь заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3, 27.2.4-т заасан заалтыг тус тус баримтлан нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуучлалын яамны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2015 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн Б-27 дугаар тушаалыг хүчингүй болгож, Ч.М*******г хариуцагчийн 2014 оны Б-38 дугаар тушаалаар жирэмсний амралт авахаас өмнө ажиллаж байсан албан тушаалд буюу “Ойн үрийн аж ахуй, тарьц суулгацын хангамж, ногоон байгууламжийн удирдлага зохицуулалт хариуцсан мэргэжилтэн”-ий албан тушаалд нь эгүүлэн томилохыг Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргад даалгасугай. 

2. Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан ажилгүй байсан хугацааны 2015 оны 01 дүгээр сарын 09-ний өдрөөс шүүхийн шийдвэр гарсан өдөр хүртэлх хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор болох 14.644.177 төгрөг /арван дөрвөн сая зургаан зуун дөчин дөрвөн мянга нэг зуун далан долоо/ төгрөгийг Ч.М*******д олгох, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргад даалгасугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70.200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй. 

 

              ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Л.ӨЛЗИЙСАЙХАН     

                 ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             Ц.БАТСҮРЭН 

                                   ШҮҮГЧ                              Ц.МӨНХЗУЛ