Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 01 сарын 07 өдөр

Дугаар 2026/ДШМ/32

 

2026             01            07                                                                               2026/ДШМ/32

 

 

Б.Л-, Р.Т-, Х.П-,

Ц.Х-, С.Г-, Б.Б-, Н.Б-,

 Б.Б-, Д.Б-, Ц.Б-, Б.Г- нарт

холбогдох эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Батзориг даргалж, шүүгч Л.Одончимэг, шүүгч Т.Алтантуяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Мөнгөншагай,

шүүгдэгч Б.Л-, Р.Т-, Х.П-, Ц.Х-, С.Г-, Б.Б-, Н.Б- нарын өмгөөлөгч Г.Ичинхорол,

шүүгдэгч Б.Б-ийн өмгөөлөгч Г.Батцэцэг,

шүүгдэгч Д.Б-ын өмгөөлөгч Т.Сумъяабазар,

цагаатгагдсан этгээд Ц.Б-, Б.Г- нарын өмгөөлөгч Б.Батбаяр,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Алтанзул нарыг оролцуулан,

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 2025/ШЦТ/2232 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дээд шатны прокурор Б.Чинбатын бичсэн 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 14 дугаартай эсэргүүцлээр Б.Л-, Р.Т-, Х.П-, Ц.Х-, С.Г-, Б.Б-, Н.Б-, Б.Б-, Д.Б-, Ц.Б-, Б.Г- нарт холбогдох 2411 02239 1812 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 12 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, шүүгч Т.Алтантуяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт

1. Г- овгийн Б-ийн Л-, .............., урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй (РД:Б-).

2. Ө- овгийн Р-агийн Т-, ......, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй (РД:Р-).

3. Ө- овгийн Х-ийн П-, ........., урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй  (РД:Х-).

4. И- овгийн Ц-гийн Х-, ........, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй  (РД:Ц-).

5. М- овгийн С-ын Г-, ......., урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй (РД:С-).

6. Б- овгийн Б-ын Б-, ........, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй (РД:Б-).

7. Б- овгийн Н-гийн Б-, ........, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй  (РД:Н-).

8. Ө- овгийн Б-гийн Б-, ......., урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, (РД:Б-).

9. Б- овгийн Д-ийн Б-, .........., урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй (РД:Д-).

10. Ц- овгийн Ц-ын Б-, ......., урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, (РД:Ц-).

11. Х-овгийн Б-ын Г-, ......., урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй (РД:Б-).

Холбогдсон хэргийн талаар.

Шүүгдэгч Б.Л-, Р.Т-, Х.П-, Ц.Х-, С.Г-, Б.Б-, Н.Б- нар нь бүлэглэн 2024 оны 08 дугаар сарын 19-ний өдрөөс 29-ний өдрийн хооронд Төв аймгийн Батсүмбэр сумын нутаг дэвсгэрээс Засгийн газрын 1995 оны 153 дугаартай тогтоолын хавсралтын “Ховор ургамлын жагсаалт”-д багтсан 2231,1 кг Сибирь хушны үр идээ /самар/-ыг зохих зөвшөөрөлгүйгээр түүж бэлтгэн Б- УБЧ улсын дугаартай “Mitsubishi Delica” маркийн тээврийн хэрэгслээр тээвэрлэн авч яваад, Төв аймгийн Батсүмбэр сумын нутаг дэвсгэрт Б.Б-т худалдан Байгаль экологи, ургамлын аймагт 661,967,370 төгрөгийн шууд хохирол, түүний нөхөн төлбөрийг 5 дахин үржүүлж тооцсоноор нийт 1,103,278,950 төгрөгийн хохирол, хор уршиг учруулсан,

шүүгдэгч Б.Б-, Д.Б-, Ц.Б-, Б.Г- нар нь 2024 оны 08 дугаар сарын 19-ний өдрөөс 29-ний өдрийн хооронд Төв аймгийн Батсүмбэр сумын нутаг дэвсгэрээс Засгийн газрын 1995 оны 153 дугаартай тогтоолын хавсралтын “Ховор ургамлын жагсаалт”-д багтсан 2231,1 кг Сибирь хушны үр идээ /самар/-ыг зохих зөвшөөрөлгүйгээр түүж бэлтгэсэн, Сибирь хушны үр идээ /самар/-ыг хууль бус болохыг мэдсээр байж 2024 оны 08 дугаар сарын 29-ний өдөр Төв аймгийн Батсүмбэр сумын нутаг дэвсгэрээс худалдан авч, Ц.Б-ийн эзэмшлийн Б- УНЧ улсын дугаартай “Тоуоtа Hiace” маркийн тээврийн хэрэгслээр тээвэрлэн Байгаль экологид 14,271,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас: Б.Л-, Р.Т-, Х.П-, Ц.Х-, С.Г-, Б.Б-, Н.Б- нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, Б.Б-, Д.Б-, Ц.Б-, Б.Г- нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Шүүгдэгч Б.Л-, Б.Б-, Ц.Х-, Н.Б-, Р.Т-, Х.П-, С.Г- нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Байгалийн ховор ургамлыг зохих зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор түүсэн, бэлтгэсэн, худалдсан, тээвэрлэсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Д.Б-, Б.Б- нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Байгалийн ховор ургамлыг зохих зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор худалдан авсан, тээвэрлэсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Шүүгдэгч Б.Г-, Ц.Б- нарт холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, тэдгээрийг цагаатгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Л-, Б.Б-, Ц.Х-, Н.Б-, Р.Т-, Х.П-, С.Г-, Б.Б- нарт хорих ял оногдуулахгүйгээр тус бүр 2 жилийн хугацаагаар, шүүгдэгч Д.Б-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 3 жилийн хугацаагаар тус тус тэнсэж, шүүгдэгч Б.Л-, Б.Б-, Ц.Х-, С.Г-, Н.Б-, Р.Т-, Х.П-, Б.Б-, Д.Б- нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар гэмт хэргийн хор уршгийг арилгахыг тус тус үүрэг болгож, түүнд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Л-, Б.Б-, Ц.Х-, С.Г-, Н.Б-, Р.Т-, Х.П-, Б.Б-, Д.Б- нар нь тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг тус тус сануулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Л-, Б.Б-, Ц.Х-, С.Г-, Н.Б-, Р.Т-, Х.П-, Б.Б-, Д.Б- нар нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг тус тус тайлбарлаж, Шүүгдэгч Б.Л-, Б.Б-, Ц.Х-, С.Г-, Н.Б-, Р.Т-, Х.П-, Б.Б-, Д.Б- нар нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Цагдаагийн ерөнхий газрын Экологийн цагдаагийн албаны хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийн эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа 2231,1 кг Хуш модны үр, идээ самрыг зохих журмын дагуу шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц, үнэлж, худалдан борлуулж улсын орлого болгохыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгч Б.Л-, Р.Т-, Х.П-, Ц.Х-, Б.Б-, Н.Б-, С.Г- нараас 14,271,000 төгрөгийг хувь тэнцүүлэн хувааж, тус бүр 2,038,714 төгрөгийг, шүүгдэгч Б.Б-, Д.Б- нараас 12,271,000 төгрөгийг хувь тэнцүүлэн хувааж, тус бүр 6,135,500 төгрөгийг тус тус гаргуулж, улсын орлого болгохыг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн тамгын газрын Төрийн сангийн 100900005406 дансанд төлүүлж,  “Тоуоtа Hiace” маркийн Б- УНК улсын дугаартай тээврийн хэрэгслийг эзэмшигч Ц.Б-д, Б- УБЯ улсын дугаартай “Mitsubishi Delica” тээврийн хэрэгслийг хууль ёсны эзэмшигчид нь тус тус буцаан олгохыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэжээ.

Дээд шатны прокурор Б.Чинбат бичсэн эсэргүүцэлдээ: “...Хэргийн үйл баримтаас харахад шүүгдэгч Б.Л-, Р.Т-, Х.П-, Ц.Х-, С.Г-, Б.Б-, Н.Б- нар бүлэглэн 2024 оны 08 дугаар сарын 19-ний өдрөөс 2024 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн хооронд Төв аймгийн Батсүмбэр сумын нутаг дэвсгэрээс Засгийн газрын 1995 оны 153 дугаартай тогтоолын хавсралтын “Ховор ургамлын жагсаалт”-д багтсан 2231,1 кг Сибирь хушны үр идээ /самар/-г зохих зөвшөөрөлгүйгээр түүж бэлтгэсэн болох нь хөтөлбөргүй нотлогдон тогтоогдсон.

Мөн Шүүх шинжилгээний ерөнхий газрын Байгалийн ухааны шинжилгээний газрын Хүрээлэн буй орчны шинжилгээ, үнэлгээ хариуцсан шинжээч, цагдаагийн дэслэгч С.Дорждэрэмийн 2024 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 2805 дугаартай шинжээчийн дүгнэлтэд “1 кг нойтон хуш модны самрын экологи-эдийн засгийн үнэлгээ 98,900 х 5 х 2231,1 кг = 1,103,278,950 төгрөг”-өөр тооцсон.

Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлд ургамлын аймагт учирсан хохирлыг тухайн ургамлын экологи-эдийн засгийн үнэлгээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тогтоож, нөхөн төлбөрийг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан Байгаль орчин, уур амьсгалын санд оруулахаар заасан нь байгаль орчинд хохирол учруулсан гэм буруутай этгээдээр тухайн ургамлын экологи-эдийн засгийн үнэлгээнээс гадна түүнийг нөхөн сэргээж, хамгаалахтай холбоотой гарах зардал буюу хор уршгийг давхар нөхөн төлүүлэх агуулгыг илэрхийлнэ. /УДШ-ийн 2020.06.26-ны №357 тогтоол/

Харин шүүгдэгч Б.Б-, Д.Б-, Ц.Б-, Б.Г- нар нь хууль бусаар бэлтгэсэн хуш модны самрыг худалдан авч, тээвэрлэсэн бөгөөд “Б-” ХХК-ийн 2024 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 1001857 дугаартай шинжээчийн дүгнэлтээр “Цайруулсан самар 12,271,000 төгрөг” гэж үнэлсэн тул уг дүнгээр хохирлыг тооцох нь зүйтэй юм.

Дээрхээс үзэхэд анхан шатны шүүхийн тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарсан гэж үзэх үндэслэлгүй байх ба хэргийн бодит байдалтай нийцээгүй бөгөөд дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг анхаарч үзэлгүй орхигдуулсан байна. Иймд Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 2025/ШЦТ/2232 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулахаар эсэргүүцэл бичив.” гэжээ.

Прокурор Б.Мөнгөншагай тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Эсэргүүцлийг хоёр агуулгаар бичсэн. Эхнийх нь гэм буруугийн талаар хийсэн шүүхийн дүгнэлтэд, өөрөөр хэлбэл, шүүгдэгч Ц.Б-, Б.Г- нарыг цагаатгасан нь үндэслэлгүй гэж үзсэн. Тухайлбал, шүүхээс тухайн 2 этгээдийг цагаатгахдаа ажил гүйцэтгэх гэрээ, хэлцэл хийсэн гэж үзсэн.  Нэгдүгээрт, гэм буруугийн асуудлаар нотолгооны хувьд эргэлзээтэй байгаа тул яллагдагч ашигтай шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэх дүгнэлт хийж, цагаатгасан нь үндэслэлгүй гэж үзсэн. Учир нь, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлд заасан гэмт хэрэг нь объектив талын шинжийн хувьд хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг юм. Тухайн гэмт хэрэгт Ц.Б-, Б.Г- нарын хувьд хамтран оролцсон үйл баримт тогтоогдсон. Өөрөөр хэлбэл, шүүгдэгч нар мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлэг өгөхдөө хуш модны самрыг зөвшөөрөлтэй гэж ойлгож, тээвэрлэсэн. Ц.Б-ийн тээврийн хэрэгслээр тээвэрлэсэн байдаг. Б.Г-ын хувьд ачигч хийж, тухайн үйл ажиллагаанд хамтран оролцсон. Мөрдөн шалгах ажиллагааны явцад тухайн этгээдүүд мэдүүлэг өгөхдөө “...самар байсан гэдгийг мэдсэн, гэхдээ зохих зөвшөөрөлтэй гэж ойлгосон...” гэх мэдүүлэг өгсөн. Иймд тэдгээрийн үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй гэж үзэж байна.  Хоёрдугаарт, хохирол, хор уршгийн тухайд, нэр бүхий найман шүүгдэгч хуш модны самрыг тухайн нутаг дэвсгэрээс бэлтгэсэн үйл баримт тогтоогдсон, үйл баримтад шүүгдэгч нар маргадаггүй. Хохирол, хор уршгийн тухайд экологи, эдийн засагт учруулсан хохирол, түүж бэлтгэсэн хохирлыг шүүгдэгч нараас гаргуулах хууль зүйн үндэслэлтэй. Үүнийг шүүгдэгч нараас гаргуулахгүй шийдвэрлэсэн нь хохирол, хор уршгийг буруу тооцож, шийдвэрлэсэн гэж үзэж эсэргүүцэл бичсэн. ...” гэв.

Шүүгдэгч Б.Л-, Р.Т-, Х.П-, Ц.Х-, С.Г-, Б.Б-, Н.Б- нарын өмгөөлөгч Г.Ичинхорол тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Прокурор хоёр үндэслэлээр эсэргүүцэл бичсэн. Манай үйлчлүүлэгч нарт хамааралтай нь хоёр дахь үндэслэл буюу хохирол, хор уршигтай холбоотой гэж харж байна. Прокуророос байгаль орчинд учруулсан хохирлыг нэр бүхий найман шүүгдэгчээс гаргуулах ёстой гэж үзэж байгаа нь үндэслэлгүй. Ойн тухай хуулиар ойн дагалдах баялагт самар ордог ба мөн хуулийн 42.4-т “...энэ хуулийн 42.1.3-т заасан ойн дагалт баялгийн нөөцийн нөхөн төлбөрийн хэмжээг тухайн үеийн зах зээлийн үнэлгээгээр, бусад нөхөн төлбөрийн хэмжээг экологи эдийн засгийн үнэлгээгээр тогтооно…” гэж хуульчилсан. Бусад төлбөрийн хэмжээг экологи, эдийн засгийн үнэлгээгээр тогтооно гэж заасан. Анхан шатны шүүхээс зах зээлийн ханшаар тогтоож, 14,000,000 төгрөгийг хуваахад нэг шүүгдэгчид 2,000,000 төгрөг ноогдсон. Уг төлбөрийг манай үйлчлүүлэгч нарын зарим нь төлсөн нөхцөл байдал байгаа. Иймд прокурорын экологи, эдийн засгийн үнэлгээгээр хохирол, хор уршгийг тооцно гэж үзэж байгаа нь үндэслэлгүй, анхан шатны шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Б.Б-ийн өмгөөлөгч Г.Батцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Давж заалдах гомдол гаргаагүй тул тусгайлан гаргах саналгүй. ...” гэв.

Шүүгдэгч Д.Б-ын өмгөөлөгч Т.Сумъяабазар тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:“...Манай үйлчлүүлэгчид холбогдох хэсэг хохиролтой холбоотой асуудал байгаа. Шүүгдэгч Д.Б-ын хувьд ойгоос түүж бэлтгэсэн, мөн худалдан авсан зүйл байхгүй. Худалдан авахыг шүүгдэгч Б.Б-т санал болгосон. Гэтэл хохирлыг хувааж төлөхөөр шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Прокурорын гаргасан эсэргүүцэл хууль зүйн үндэслэлгүй. Анхан шатны шүүх энэ талаар үндэслэл бүхий дүгнэлт хийсэн. Байгаль орчныг хамгаалах тухай, Байгалийн ургамлын тухай, Ойн тухай хуулиудын холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлаж хэрэглэсэн. Хуш модны самрын эдийг ойгоос хууль бусаар түүж, бэлтгэсэн үйлдэл Д.Б-д байхгүй тул экологи эдийн засгийн хохиролтой холбоотой асуудалд хамааралгүй гэж үзэж байна. Дэлгэрэнгүй байдлаар тайлбараа бичгээр бичсэн тул өөр тайлбаргүй. ...” гэв.

Цагаатгагдсан этгээд Ц.Б-, Б.Г- нарын өмгөөлөгч Б.Батбаяр тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Прокуророос миний үйлчлүүлэгч Ц.Б-, Б.Г- нарыг анхан шатны шүүхээс цагаатгасныг эсэргүүцсэн. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын миний үйлчлүүлэгч нарт холбогдох хэсэг хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон. Учир нь, миний үйлчлүүлэгч нар тухайн гэмт хэргийг үйлдэх, үйлдсэн ямар нэгэн бүрэлдэхүүний шинжийг хангахгүй байна. Тухайлбал, субьектив шинж байхгүй. Б.Б- гэж хүн Цайз зах дээр ченж хийдэг. Миний үйлчлүүлэгч ачаа ачдаг, тээвэрлэлт хийдэг. Өөрөөр хэлбэл, тээврийн хэрэгслээр барилгын материал голдуу зөөдөг. Ц.Б-д “...200,000 төгрөгөөр Төв аймаг руу явж ачаа ачих уу, 30 гаруй шуудай ачаа байна, нэг ачигч хэрэгтэй байна...” гэсэн. Улмаар Ц.Б-эр дамжуулан Б.Г-ыг 60,000 төгрөгөөр ачигчаар хөлслөөд, Төв аймгийн зүг явсан. Нэг нь 200,000 төгрөгөөр, нөгөө нь 60,000 төгрөгөөр ачаа ачих ажил хийсэн. Хураагдсан самрын зураг хэрэгт авагдсан. Гурван  төрлийн өнгөтэй шуудай тус бүрийг жинлээд амыг нь боосон байсан. Гаднаасаа уулнаас хууль бусаар түүсэн гэж үзэх ямар нэгэн шинж тэмдэг байхгүй. 36 шуудай ачааг ачигч нь машиндаа ачаад, тээвэрлэж явж байгаад баригдсан. Мэдүүлгийн тухайд, “...зөвшөөрөлтэй гэж бодсон...” тухай прокурор хэлж байна. Тухайн үедээ зөвшөөрөлтэй эсэх асуудлын талаар миний үйлчлүүлэгч нар мэдэх боломж байгаагүй, мэдээгүй. Гагцхүү цагдаагийн албан хаагч зөвшөөрөлгүй самар ачсан уу гэж асуухад “...зөвшөөрөлгүй байсан...” гэдгийг мэдээгүй гэдэг байдлаар л хариулсан. Миний үйлчлүүлэгч нарыг шүүхэд шилжүүлэхдээ анх яллагдагчаар татаагүй. Яллагдагчаар татсан шалтгаан нь Б.Б-ийн мэдүүлэгт үндэслэсэн. Б.Б- нь Р.Т- гэж хүнтэй ярьсан талаараа өгүүлэхдээ утасны дугаарыг нь жолооч Ц.Б-ийн дугаарыг андуурч хэлсэн байдаг. Эдгээр нөхцөл байдлыг тодруул гэх агуулгаар анхан шатны шүүхээс хэргийг буцаасан. Тухайн нөхцөл байдал тодорсон. Дугаарын эзэн нь Р.Т- байсан. Р.Т- нь уулнаас хууль бусаар самар бэлтгэсэн үйлдлээ хүлээн зөвшөөрсөн. Дугаарыг нь андуурч хэлсэн гэх нөхцөл байдал илэрсэн боловч миний үйлчлүүлэгч нарыг хамтатган яллагдагчаар татсан. Улмаар анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт эргэлзээ тайлагдаж, тухайн үед дугаарыг нь андуурч хэлсэн, Р.Т- гэх хүнтэй ярилцсан гэдэг нь тогтоогдсон. Нөгөөтээгүүр, мөнгө шилжүүлсэн баримт, бусад шүүгдэгч нарын мэдүүлэг зэрэг холбогдох баримтуудаар давхар нотлогддог. Иймд миний үйлчлүүлэгч нар худалдаж авсан, санаатай тээвэрлэсэн шинж байхгүй тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын миний үйлчлүүлэгч нарт холбогдох хэсгийг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Л-, Р.Т-, Х.П-, Ц.Х-, С.Г-, Б.Б-, Н.Б-, Б.Б-, Д.Б-, Ц.Б-, Б.Г- нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэхдээ прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, бүхэлд нь хянав.

Прокуророос Б.Г-, Ц.Б- нарыг шүүгдэгч Б.Б-, Д.Б- нартай бүлэглэн 2024 оны 08 дугаар сарын 19-ний өдрөөс 29-ний өдрийн хооронд Төв аймгийн Батсүмбэр сумын нутаг дэвсгэрээс Засгийн газрын 1995 оны 153 дугаартай тогтоолын хавсралтын “Ховор ургамлын жагсаалт”-д багтсан 2231,1 кг Сибирь хушны үр идээ /самар/-ыг зохих зөвшөөрөлгүйгээр түүж бэлтгэсэн, Сибирь хушны үр идээ /самар/-ыг хууль бус болохыг мэдсээр байж 2024 оны 08 дугаар сарын 29-ний өдөр Төв аймгийн Батсүмбэр сумын нутаг дэвсгэрээс худалдан авч, Ц.Б-ийн эзэмшлийн Б- УНЧ улсын дугаартай “Тоёота Хайс” загварын тээврийн хэрэгслээр тээвэрлэн Байгаль экологид 14,271,000 төгрөгийн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

1. Анхан шатны шүүх шүүгдэгч Б.Г-, Ц.Б- нарын “2024 оны 08 дугаар сарын 19-ний өдрөөс 29-ний өдрийн хооронд Төв аймгийн Батсүмбэр сумын нутаг дэвсгэрээс Засгийн газрын 1995 оны 153 дугаартай тогтоолын хавсралтын “Ховор ургамлын жагсаалт”-д багтсан 2231,1 кг Сибирь хушны үр идээ /самар/-ыг зохих зөвшөөрөлгүйгээр түүж бэлтгэсэн, Сибирь хушны үр идээ /самар/-ыг хууль бус болохыг мэдсээр байж 2024 оны 08 дугаар сарын 29-ний өдөр Төв аймгийн Батсүмбэр сумын нутаг дэвсгэрээс худалдан авч, Ц.Б-ийн эзэмшлийн Б- УНЧ улсын дугаартай “Тоёота Хайс” загварын тээврийн хэрэгслээр тээвэрлэн Байгаль экологид 14,271,000 төгрөгийн хохирол учруулсан” гэх үйлдэл холбогдлыг  “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож тэдгээрийг цагаатгаж шийдвэрлэсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй, шийдвэр нь хэргийн бодит  байдалд нийцээгүй байна.

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд тогтоогдсон бодит байдалтай нийцсэн, үндэслэл бүхий дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэх ёстой.

Шүүгдэгч нарын гэмт хэрэгт оролцсон үйлдэл, оролцоог нарийвчлан тодорхойлж, тогтоосон байх нь тэдгээрийн гэм буруу, оногдуулах ял шийтгэлийн зүй зохистой харьцаанд нөлөөлөх бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан шударга ёсны зарчимд нийцүүлэх учиртай.

Шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн, шинжлэн судлагдсан нотлох баримтуудаас үзэхэд;

Ц.Б-ийн: “...2024 оны 08 дугаар сарын 29-ний өдөр Б.Б- гэх цайз зах дээр ченж хийдэг ах хүү надтай тааралдаад чи Батсүмбэрээс ачаа ачих уу, ачна гэвэл би чам руу орой залгая чи ачаа зөөх нэг ачигч олчих гэж хэлээд миний дугаарыг авсан. Тэгээд орой 19:00 цагийн үед Б.Б- над руу залгаад чи юм зөөх нэг хүн дагуулаад одоо Төв аймгийн Батсүмбэр суманд хүрээд ир гэхээр нь би цайз зах дээр ачаа буулгадаг Ганбаа гэх залууг дагуулаад Батсүмбэр сумын төвд, Б- мөн үл таних нэг эрэгтэй хүн хоёртой уулзаж гэр хорооллын гудамжинд байрлах хашаанаас 36 ширхэг шуудайтай самар ачиж буцаад Улаанбаатар хот руу орох чиглэлд байрладаг Гүнт шалган нэвтрүүлэн цэгт цагдаа нарт баригдсан. Миний Б- УНЧ улсын дугаарын тээврийн хэрэгсэлд самар дүүргэж ачаад миний хажууд ачигч Ганбаа сууж явсан. Харин Б.Б- үл таних эрэгтэй хоёр өөр жижиг тээврийн хэрэгсэлтэй явж байсан. ...” /1хх 58-59/,

Б.Г-ын: “...би Цайз зах дээр ачигч хийдэг. 2024 оны 08 дугаар сарын 29-ний өдөр манай зах дээр өөрийн тээврийн хэрэгслээр ачаа зөөдөг Ц.Б- гэх залуу над руу залгаад “...хойшоо Төв аймгийн Батсүмбэр сум руу ачаанд явах уу. ...” гэхээр нь би зөвшөөрч тухайн өдрийн оройн 20-21 цагийн үед Батсүмбэр сум орж гэр хорооллын нэг хашаанаас Ц.Б-ийн тээврийн хэрэгсэлд 30 гаруй шуудайтай самар ачсан. Тухайн самрыг үл таних хоёр хүн худалдаж авч байсан. ...Уг самрыг зөвшөөрөлтэй гэж бодсон. ...”

Мөн Б.Г- нь: “...уг самрыг зөвшөөрөлтэй гэж мэдсэн. ..”/шүүх хуралдааны тэмдэглэл/

гэрч А.Б-ийн: “...Экологийн цагдаагийн албаны эргүүл хяналт шалгалтын хэлтэст цагдаагаар ажиллаж байсан. ..Миний ажлын чиг үүрэгт  Хүрээлэн буй орчны эсрэг  эсрэг гэмт хэрэг, зөрчилд хяналт тавих зорилгоор 24 цагаар үүрэг гүйцэтгэдэг. Чингэлтэй дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Гүнт шалган нэвтрүүлэх цэгт 24 цагийн үүрэг гүйцэтгэж Б- УНЧ улсын дугаартай тээврийн хэрэгслээр цайруулсан самар тээвэрлэж явсан гэмт хэргийн шинжтэй үйлдлийг илрүүлэн цагдаагийн хэлтэст хүлээлгэн өгсөн. ...Тухай тээврийн хэрэгсэлд хоёр, мөн бас жижиг тээврийн хэрэгсэлд хоёр, нийт 4 иргэн явж байсан. ...Ямар ч байсан хоёр иргэн нь тээврийн хэрэгслийн жолооч, зорчигч байсан. ...үлдсэн хоёр иргэн нь “...бид хоёрын самар. ...” гэж хэлсэн. ...” гэх мэдүүлгүүд, бусад баримтууд хэрэгт авагджээ.

Гэтэл анхан шатны шүүх Ц.Б-, Б.Г- нарыг цагаатгах болсон талаар дүгнэлт хийхдээ хэрэгт авагдсан баримтуудтай харьцуулан уялдуулж үндэслэл бүхий дүгнэлт хийж чадалгүйгээр, Ц.Б-, Б.Г- нар нь хууль бусаар самар ачсан, ачиж байгааг мэдээгүй, шүүгдэгч Б.Б-тай гэмт хэрэг хамтран үйлдэх талаар тохиролцоогүй гэж субьектив санаа зорилгыг тодорхойлж цагаатгасан нь хууль зүйн үндэслэлгүй байна гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт гэмт хэрэгт хамтран оролцох ойлголт, мөн зүйлийн 2 дахь хэсэгт хамтран оролцогчдын төрөл, мөн зүйлийн 3 дахь хэсэгт хамтран оролцох хэлбэр, мөн хуулийн 3.7 дугаар зүйлд гэмт хэрэг бүлэглэн гүйцэтгэх талаар тус тус тодорхой заажээ. 

Гэмт хэрэгт хамтран оролцох нь үүргээ хуваарилах ба хуваарилахгүйгээр урьдчилан үгсэн тохиролцсоноос үл хамаарч нэг гэмт хэргийг хамтран үйлдэх зорилгоор санаа бодол, үйл хөдөлгөөнөө нэгтгэсэн, зөвхөн өөрсдийн хүсэл зоригоор гэмт үйлдлийг гүйцэтгэж байгаа, эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай хоёр болон түүнээс дээш хүний үйл ажиллагааны нэгдэл бөгөөд энэ нь эрүүгийн эрх зүйн онол, хууль хэрэглээний жишигт тогтсон ойлголт юм.

Иймд шүүхийн шийдвэрт нөлөөлж болох дээрх нөхцөл байдлууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлд заасан “Хэргийн бодит байдлыг тогтоох”-д чухал ач холбогдолтой ба шүүхийн дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг анхаарч үзэлгүй орхигдуулж, хэргийг эцэслэн шийдвэрлэсэн байх тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, энэ талаар бичсэн прокурорын эсэргүүцэл үндэслэлтэй байна.

2.  Байгалийн ургамлын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар иргэн ховор ургамлыг өөрийн ам бүлийн хүнсний болон ахуй бусад хэрэгцээг хангах зорилгоор Зөвшөөрлийн тухай хуульд заасны дагуу сум, дүүргийн Засаг даргын зөвшөөрлөөр ашиглаж болох бөгөөд, харин зөвшөөрөлгүйгээр ховор ургамлыг түүсэн, бэлтгэсэн, тээвэрлэсэн тохиолдолд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хууль тогтоогчоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлд тодорхойлж өгсөн.

Шүүгдэгч Б.Л-, Р.Т-, Х.П-, Ц.Х-, С.Г-, Б.Б-, Н.Б- нар нь бүлэглэн 2231.1 кг Сибирь хушны ир идээ самрыг зохих зөвшөөрөлгүйгээр түүж, бэлтгэсэн, тэдгээрийн үйлдлийн улмаас ургамлын аймагт шууд хохирол учирсан гэх нөхцөл байдал байна.

Гэтэл анхан шатны шүүх дээрх шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн хохирол, хор уршгийн хэр хэмжээ, нөхөн төлбөрийг Сибирь хуш модны самрын зах зээлийн үнэлгээгээр буюу “Б- ” ХХК-ийн гаргасан 12,271,000 төгрөгөөр тооцож шийдвэрлэсэн нь  хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзлээ.

Учир нь, Монгол Улсын Их Хурлаас 1995 оны 03 дугаар сарын 30-ны өдөр баталсан Байгаль орчныг хамгаалах тухай хууль нь хүрээлэн буй байгаль орчныг хамгаалах, байгалийн баялгийг зөв, зохистой ашиглах, нөхөн сэргээхтэй холбогдсон харилцааг зохицуулж, уг хуулиар байгаль орчинд хамаарах объектуудыг амьтан, ургамал, ус, агаар гэх зэргээр төрөлжүүлэн салбарын хуулиар нарийвчлан зохицуулсан.

Мөн Монгол Улсын Их Хурлаас 1995 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр баталсан Байгалийн Ургамлын тухай хуулийн 3 дугаар зүйл Ургамлын сан, түүний ангилал;

2 дахь хэсэгт Ургамлын түүний нөөц, нөхөн сэргэх чадварын нь харгалзан дараах  байдлаар ангилна: 1/ нэн ховор, 2/ ховор, 3/ элбэг;

3 дахь хэсэгт Нэн ховор ургамалд байгалийн жамаар нөхөн сэргэх чадваргүй, тархац нэн хязгаарлагдмал, ашиглах нөөцгүй, устах аюулд орсон (энэ хуулийн хавсралтаар тогтоосон) ургамал хамаарна.

4 дэх хэсэгт Ховор ургамалд байгалийн жамаар нөхөн сэргэх чадвар хязгаарлагдмал, тархац, нөөц багатай, устаж болзошгүй ургамал хамаарна. Ховор ургамлын жагсаалтыг Засгийн газар батална.гэж тус тус хуульчилсан.

Дээрх хуулийн зохицуулалтаас үзэхэд, ургамал болон түүний нөөц, нөхөн сэргэх чадварыг харгалзан нэн ховор, ховор, элбэг гэж бүлэг болгон ангилж, нэн ховор ургамалд байгалийн жамаар нөхөн сэргэх чадвар чадвар хомс, тархац нөөц бага, устах аюултай ургамлыг хамааруулж энэ төрлийн жагсаалтад багтах ургамлын жагсаалтыг Монгол Улсын Засгийн газар батлахаар заажээ.

Монгол Улсын Засгийн газрын 1995 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн №153 дугаар тогтоолын хавсралтын 355 дэс дугаарт “Нарсны төрлийн модны үр” (ойн нарс, одой нарс, сибирь хушны үр, идээ), (Pinus),

мөн 2015 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн №410 дугаартай тогтоолоор Засгийн газрын 1995 оны 153 дугаар тогтоолын хавсралтаар баталсан "Ховор ургамлын жагсаалт"-ын 355-д заасан “Нарсны төрлийн модны үр” гэснийг “ ойн нарс (Pinus sylvestris), одой нарс (Pinus pumila), сибирь хуш (Pinus sibirica)-ны үр, идээ/ гэж Сибирь хуш модны самрыг тусгайлан ховор ургамлын жагсаалтад багтаасан байдаг ба Байгалийн ургамлын тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ургамлын экологи эдийн засгийн үнэлгээг төрийн захиргааны төв байгууллага тогтоохоор хуульчилсан байна.

Өөрөөр хэлбэл, сибирь хушны үр идээ нь ховор ургамалд тооцогдохын зэрэгцээ ойн дагалт баялагт хамаарах бөгөөд Байгаль орчинд учирсан хохирол, хор уршгийн нөхөн төлбөрийг гэм буруутайд этгээдээс гаргуулахдаа экологи, эдийн засгийн үнэлгээгээр, мөн   Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан “Ургамлын аймагт учирсан хохирлыг тухайн ургамлын экологи-эдийн засгийн үнэлгээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр” тооцох хууль зүйн үндэслэлтэй байх тул энэ талаар бичсэн прокурорын эсэргүүцлийг хүлээн авах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Түүнчлэн “ургамлын аймагт учирсан хохирлын нөхөн төлбөрийг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлд зааснаар Байгаль орчин, уур амьсгалын санд оруулахаар заасан нь байгаль орчинд хохирол учруулсан гэм буруутай этгээдээр тухайн ургамлын экологи-эдийн засгийн үнэлгээнээс гадна түүнийг нөхөн сэргээж, хамгаалахтай холбоотой гарах зардал буюу хор уршгийг давхар нөхөн төлүүлэх агуулгыг илэрхийлдэг.  Гэтэл анхан шатны шүүх хохирол, хор уршгийн төлбөрийг улсын орлого болгохоор, мөн шүүхийн дансанд төлүүлэхээр  шийдвэрлэсэн нь хуулийг буруу хэрэглэсэн гэж үзнэ.

3. Б.Г-ыг 2025 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн яллагдагчаар татах тухай тогтоолд / 3хх 92-95/ Ц.Б-, Б.Б-, Д.Б- нартай хамтран Сибирь хушны үр идээ /самар/-ыг зохих зөвшөөрөлгүйгээр түүж бэлтгэсэн, худалдан авсан самрыг хууль бус болохыг мэдсээр байж ачиж бэлтгэхэд дэмжлэг үзүүлэн Б- УНЧ улсын дугаартай Тоёота Хайс загварын тээврийн хэрэгслээр тээвэрлэхэд хамжигчаар хамтран оролцсон гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

Ц.Б-ийг 2025 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн яллагдагчаар татах тухай тогтоолд /3хх 78-81/ Б.Г-, Б.Б-, Д.Б- нартай хамтран Сибирь хушны үр идээ /самар/-ыг зохих зөвшөөрөлгүйгээр түүж бэлтгэсэн, худалдан авсан самрыг хууль бус болохыг мэдсээр байж өөрийн эзэмшлийн Б- УНЧ улсын дугаартай Тоёота Хайс загварын тээврийн хэрэгслээр дэмжлэг үзүүлэн тээвэрлэхэд хамжигчаар хамтран оролцсон гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн ял сонсгожээ.

Гэтэл яллах дүгнэлтэд Б.Б-, Д.Б-, Ц.Б- Б.Г- нар нь Б.Л-, Р.Т-, Х.П-, Ц.Х-, С.Г-, Б.Б-, Н.Б- нарын 2024 оны 08 дугаар сарын 19-ний өдрөөс 29-ний өдрийн хооронд Төв аймгийн Батсүмбэр сумын нутаг дэвсгэрээс Засгийн газрын 1995 оны 153 дугаартай тогтоолын хавсралтын “Ховор ургамлын жагсаалт”-д багтсан 2231,1 кг Сибирь хушны үр идээ /самар/-ыг зохих зөвшөөрөлгүйгээр түүж бэлтгэсэн, Сибирь хушны үр идээ /самар/-ыг хууль бус болохыг мэдсээр байж 2024 оны 08 дугаар сарын 29-ний өдөр Төв аймгийн Батсүмбэр сумын нутаг дэвсгэрээс худалдан авч, Ц.Б-ийн эзэмшлийн Б- УНЧ улсын дугаартай “Тоуоtа Hiace” маркийн тээврийн хэрэгслээр тээвэрлэн Байгаль экологид 14,271,000 төгрөгийн хохирол учруулсан гэж яллагдагчаар татах тогтоолд яллаагүй үндэслэлээр буюу зөрүүтэй байдлаар бичсэн байна.

Тодотговол, яллагдагчаар татах тогтоолд Ц.Б-ийг Сибирь хушны үр идээ /самар/-ыг тээвэрлэхэд хамжигчаар оролцсон гэж; Б.Г-ыг Сибирь хушны үр идээ /самар/-ыг ачиж бэлтгэхэд дэмжлэг үзүүлж тээврийн хэрэгслээр тээвэрлэхэд хамжигчаар оролцсон гэж ял сонсгосон атлаа яллах дүгнэлтэд Ц.Б- Б.Г- нарыг Сибирь хушны үр идээ /самар/-ыг “худалдан авсан” гэсэн шинжээр давхар ялласан нь ойлгомжгүй, яллах дүгнэлт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалт, 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад заасан шаардлагыг бүрэн хангаагүй гэж үзэв.

Түүнчлэн яллагдагчаар татсан тогтоолд шүүгдэгч Б.Б-ийг Б.Г-, Д.Б-, Ц.Б- нартай бүлэглэсэн гэж, нэр бүхий долоон шүүгдэгчийг Сибирь хушны үр идээг  Д.Б-д худалдсан гэж яллаагүй атлаа яллах дүгнэлтэд Б.Б-, Б.Г-, Д.Б-, Ц.Б- нарыг нэр бүхий 7 шүүгдэгчээс ховор ургамлыг худалдан авсан, тээвэрлэсэн гэсэн нь ойлгомжгүй болжээ. Өөрөөр хэлбэл хэн, хэрхэн оролцсон үйлдэл оролцоог   нарийвчлан ялгаж зааглаагүй, яллагдагчаар татсан тогтоол, яллах дүгнэлт хоорондоо зөрүүтэй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрсөн гэх үндэслэлд хамаарна.

4. Яллагдагчаар татсан тогтоол, яллах дүгнэлтэд шүүгдэгч нарыг Сибирь хушны үр идээг Төв аймгийн Батсүмбэр сумын нутаг дэвсгэрээс түүж бэлтгэж, худалдсан, худалдан авсан, тээвэрлэсэн гэсэн нь тус гэмт хэрэг Төв аймагт төгссөн эсэх, эсхүл төгссөн газрыг тодорхой тусгаагүй зөрчилтэй байгаа эсэхэд дүгнэлт өгөлгүй, шүүхийн харьяаллыг тодорхойлохгүйгээр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэсэн байгааг анхаарах нь зүйтэй.

Иймд дээрх үндэслэлийн хүрээнд прокурор Б.Чинбатын шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулахаар талаар хоёр агуулгаар бичсэн эсэргүүцлийг бүхэлд нь хангаж, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 2025/ШЦТ/2232 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Б.Л-, Р.Т-, Х.П-, Ц.Х-, С.Г-, Б.Б-, Н.Б-, Б.Б-, Д.Б-, Ц.Б-, Б.Г- нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйл, 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3 дахь заалтыг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 2025/ШЦТ/2232 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, дээд шатны прокурор Б.Чинбатын бичсэн 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 14 дугаартай эсэргүүцлийг бүхэлд нь хангасугай.

2. Шүүгдэгч Б.Л-, Р.Т-, Х.П-, Ц.Х-, С.Г-, Б.Б-, Н.Б-, Б.Б-, Д.Б-, Ц.Б-, Б.Г- нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Б.БАТЗОРИГ

ШҮҮГЧ                                               Л.ОДОНЧИМЭГ

ШҮҮГЧ                                               Т.АЛТАНТУЯА