Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 08 сарын 31 өдөр

Дугаар 146

 

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Төмөрхүү даргалж,

Улсын яллагч: Л.Солонго,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: И.Олонмөнх,

Шүүгдэгч: С.Э , Д.Б ,

Иргэний нэхэмжлэгч: Д.Т ,

Нарийн бичгийн дарга: И.Бадамцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч С.Э , Д.Б  нарт холбогдох эрүүгийн 1828000660109 дугаартай нэг хавтас хэргийг 2018 оны 08 дугаар сарын 14-ний  өдөр хүлээн авч хянан хэлэлцэв. 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1988 оны 11 дүгээр сарын 30-нд Баянхонгор аймгийн Баянговь суманд төрсөн. 30 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамтаар Баянхонгор аймгийн .......................... оршин суух хаягтай, ял шийтгэл эдэлж байгаагүй, Пүрэв овгийн С.Э , /Регистрийн дугаар:ВБ88113018/,

Монгол улсын иргэн, 1987 оны 03 дугаар сарын 25-нд Баянхонгор аймгийн Баянговь суманд төрсөн. 31 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр 1 хүүхдийн хамтаар Баянхонгор аймгийн Баянговь сумын ........................... оршин суух хаягтай, ял шийтгэл эдэлж байгаагүй, Чимэдмаа овгийн Д.Б , /Регистрийн дугаар:.........................../,

Холбогдсон хэргийн талаар:

            Яллагдагч С.Э ,  Д.Б  нар нь Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутаг Гоёот багийн Тамгат гэх Говь гурван сайхан байгалийн цогцолбор газарт 2018 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр 87BH 82832846768 дугаартай Minelab Gpz-7000, сери дугааргүй Minelab Gpz-3500 металл хайгчийг ашиглан тусгай зөвшөөрөлгүйгээр 6.1 грамм алтыг хууль бусаар олборлосон гэх гэмт хэрэгт холбогджээ.

          Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан яллах болон цагаатгах талын нотлох баримтыг шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутаг дэвсгэр Тамгат гэх газар нь улсын тусгай хамгаалалттай Говь гурван сайхан байгалийн цогцолбор газарт байрладаг байна./хх75-77 хуудас/,

Байгалийн унаган төрхөө харьцангуй хадгалсан түүх, соёл, шинжлэх ухааны болон танин мэдэхүй, экологийн хүмүүжилд ач холбогдол бүхий улсын тусгай хамгаалалтад авсан газар нутгийг байгалийн цогцолборт газар гэх бөгөөд улсын тусгай хамгаалалттай газар нутагт ашигт малтмал эрэх, хайх, ашиглахыг хориглоно.

 

Шүүгдэгч С.Э ,  Д.Б  нар нь Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутаг Гоёот багийн Тамгат гэх Говь гурван сайхан байгалийн цогцолбор газарт 2018 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр 87BH 82832846768 дугаартай Minelab Gpz-7000, сери дугааргүй Minelab Gpz-3500 металл хайгчуудыг ашиглан тусгай зөвшөөрөлгүйг хууль бусаар 6.1 грамм алт олборлосон үйл баримт тогтоогдсон байна.

 

Шүүгдэгч С.Э , Д.Б  нарын үйлдсэн гэмт хэргийг хэрэгт авагдсан дараахь нотлох баримтаар хангалттай нотлон тогтоожээ.

 

Шүүгдэгч Д.Б  мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн...”Би 04 сарын 03-ны өдөр Түвшинбатаас хайгчийг нь гуйж аваад С.Э тай яриад Гурвантэс суманд алт гарч байна гэсэн дам яриаг сонсоод замын унаанд суугаад Гурвантэс суманд очсон. Тэгээд 1 цэн гаран алт олсон. 04 сарын 05-ны үдээс өмнө  Гурвантэс сумын цагдаа нарт баригдсан. Хууль бус буруу үйлдэл хийснээ ойлгож байгаа” гэв. Тамгат гэх газарт бид хоёрыг очиход тэнд бид хоёроос өөр хүн байгаагүй. Надад ашигт малтмал хайх, олборлох тусгай зөвшөөрөл байхгүй. Би өмнө нь алтанд явж байгаагүй. Би алтанд явах гэж хүний хайгч гуйж авч явсан. Бид хоёр байгаль орчны үнэлгээтэй танилцахад байгаль орчинд учруулсан хохирол 165 420 төгрөг, мөн эвдрэлд өртсөн газрын талбайны нөхөн сэргээлтийн зардалд 139 000 төгрөгийн хохирол байсан.Байгальд учруулсан хохирлыг төлж барагдуулаагүй, гэхдээ тэр мөнгийг бүрэн төлж барагдуулна. Хууль бус үйлдэл хийснээ ойлгож байна гэв. /хх-84-85 дугаар хуудас/,

 

Шүүгдэгч С.Э  мөрдөн байцаалтын шат болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “Би  04 сард найзтайгаа яриад Өмнөговь аймгийн Гурвантэс суманд алт гарч байна гэж сонсоод Баяржаргал руу яриад тэгээд замын унаанд суугаад Гурвантэс суманд ирсэн. Тэгээд 04 сарын 05-нд цагдаад баригдаад Гурвантэсийн цагдаагийн газарт ирсэн” гэв. 2007 онд Өмнөговь аймгийн Овоотын цэргийн ангид нэг жилийн хугацаатай цэргийн алба хаачихаад ажилгүй гэрээрээ байсан. Ам бүл 4-үүлээ эхнэр Ц.Нандинболор , охин Э.Чинболор 5 настай, бага охин Э.Маргад 1 ой 7 сартай хүүхэдтэй. 2018 оны 04 сарын 03-ны өдөр Баянхонгор аймгийн Баянговь сумын төвд гэртээ байж байгаад найз Баяржаргал руу утсаар залгаад хоёулаа Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутаг болох Тамгат гэдэг газар очиж алт ухъя, хүмүүс тэнд алт гараад байна гэж хэлсэн. Тэгээд бид хоёр явахаар болж хайгч, ойр зуурын хүнсээ аваад 2018 оны 04 сарын 03-ны үдээс хойш замын унаанд суугаад Гурвантэс сумын нутаг болох Тамгат гэдэг газарт очоод хуучин ухаж байсан нүхэнд орж алт хайгаад 2 хоног явж 1 цэн гаруй хэмжээтэй алт олсон юм. Тэгээд 2018 оны 04-р сарын 05-ны өдөр бид хоёр тус тусын хайгчаа ашиглаад алт хайгаад явж байхад Гурвантэс сумын цагдаа нар ирээд бид хоёрыг юу хийж байгаа юм гэж хэлээд сумын цагдаагийн газар луу авч явсан. Баяржаргал бид хоёр алт олох гэж хоорондоо ярьж байгаад Гурвантэс сумын нутаг болох Тамгат гэдэг газарт очсон юм. Баяржаргал Минлав 7000 маркийн хайгчтай байсан. Би өөрөө Минлав маркийн 3500 маркийн хайгчтай явсан, Бид хоёр хааш хаашаагаа 1 метрийн хэмжээтэй газрын зээтүү гэдэг төмрөөр шороог нь ухаж тараасан юм. Тэгээд ухаж гаргасан шороогоо хайгчаар чагнасан юм. Тухайн үед Баяржаргал бид хоёр олсон алтаа 1 цэн гаруй грамм алт байх гэж таамаглаж байсан.

 

Дараа нь Гурвантэс сумын цагдаагийн тасаг дээр ирээд дэнсээр хиллэж үзэхэд 6.1 грамм алт болж байсан.: Энэ хайгч миний эзэмшлийн хөрөнгө байгаа юм. Тухайн газарт очиход өөр хүн амьтан байгаагүй. Баяржаргал бид хоёр байсан. Тэр Тамгат гэдэг газар нь өмнө нь алт гараад нинжа ухчихсан хуучин газар байсан. Буруу зүйл хийсэн, дахиж гэмт хэрэг үйлдэхгүй гэв. /хх-88-89 дүгээр хуудас/,

 

2018 оны 04 сарын 05-ны өдрийн хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэлд: Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Гоёот багийн нутаг Тамгат гэх газарт Д.Б , С.Э  нарын алт олборлосон гэх газрыг өөрсдөөр нь заалгуулж үзлэг хийхэд уг газар нь чулууллаг хөрстэй, уулын энгэр дагасан байрлалтай, ухагдсан нүх олон ойролцоогоор 500 метрийн радиуст ухсан нүх олон тоогоороо байлаа. Уг ухагдсан нүхнүүдийг үзэхэд шинээр ухсан байдал ажиглагдахгүй байлаа. Уг газар нь Гурвантэс сумын төвөөс баруун хойд зүгт 90 км зайд байрлах уулархаг газар байв. Мөн С.Э , Д.Б  нарын алт олборлохдоо хэрэглэж байсан зээтүү гэх төмрийг тэмдэглэл үйлдэн эд мөрийн баримтаар хураан авлаа. Мөн алт хайхдаа ашиглаж байсан 2 ширхэг метал хайгч, олборлосон байгалийн алтыг тэмдэглэл үйлдэн эд мөрийн баримтаар хураан авав. Улмаар үзлэгийг дуусгаж гэрэл зургаар бэхжүүлэв. /хх-6 дугаар хуудас/,

 

2018 оны 04 сарын 09-ний өдрийн хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэлд:

“Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Гоёот багийн нутаг Тамгат гэх газарт Д.Б , С.Э  нарын алт олборлосон гэх газарт хэргийн газрын нөхөн үзлэг  хийлээ. Уг газар нь эргэн тойрон уулархаг хад асгатай байх ба газрын хөрс нь чулууллаг ихтэй байв.  Мөн уг газрын координатыг тогтооход N43 40 21,9”, С100 40 43,4” гэж байх ба далайн түвшинээс дээш 1792м байв. Д.Б , С.Э  нараар ухсан газрыг нь заалгаж үзлэг хийхэд урт нь 12м, өргөн нь 4м хэмжээтэй ухагдсан газар байв. Уг 12*4 хэмжээтэй эвдэрсэн газрын ухагдсан нүхнүүдийн урт, гүний хэмжээ нь 40см байлаа”. Гэх мэдүүлэг /хх-10 дугаар хуудас/,

 

Иргэний нэхэмжлэгч Э.Төгсбилэг мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “Гурвантэс сумын Гоёот багийн нутаг Тамгат гэх газарт иргэн аж ахуй нэгжид алтыг гар аргаар хайх олборлох тухай ямар нэгэн зөвшөөрөл олгогдоогүй. Цагдаагийн байгууллагаас манай Өмнөговь аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газарт ирүүлсэн лавлагаан дээр энэ тухай тодорхой дурьдаж өгсөн. Үүнд уг хэрэг болсон гэх N43.40’21.9”, Е100.40’43.4” солбицол нь Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутагт улсын тусгай хамгаалалттай Говь гурван сайхан байгалийн цогцолборт газарт байрлах байрлалтай байгаа бөгөөд улсын тусгай хамгаалалттай газарт ашигт малтмалын тусгай зөвшөөрлөөр болон гар аргаар ашигт малтмал эрэх хайх, ашиглах зөвшөөрөл олгохыг Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1 дэхь хэсэгт заасны дагуу хориглосон байдаг.  Манай Өмнөговь аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газраас уг хэрэгт байгаль орчинд учруулсан хохирлын үнэлгээ гаргасан мэргэжлийн байгууллагын дүгнэлт дээр тутгагдсан хохирлыг иргэн Д.Б , С.Э  нараас нэхэмжилж байна.   /хх-33-34 дүгээр хуудас/, 

 

Иргэний нэхэмжлэгч С.Т  мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: Уг хайгч нь миний өөрийн эзэмшлийн хайгч байгаа юм. Би уг хайгчийг 2016 оны 06 дугаар сарын 17-ны өдөр Улаанбаатар хотын COMPASS нэртэй дэлгүүрээс худалдан авч байсан. Одоо надад баталгаат засварын хуудас нь байгаа. Уг баталгаат засварын хуудас дээр миний нэр байгаа. Өөр ямар нэгэн холбогдох бичиг баримт байхгүй. Уг хайгчийг 2018 оны

 02-03 дугаар сарын үед манай аавын талын садан төрлийн хүн болох Баянговь сумын Д.Б  нь худалдаж авъя гээд авсан. Гэхдээ тэрээр юм олбол, мөнгийг нь цувуулж өгье гэж тохироод авсан бөгөөд одоо болтол нэг ч төгрөг өгөөгүй. Д.Б  нь 2018 оны 06 дугаар сарын үед надтай уулзахдаа таны хайгчийг Өмнөговь аймгийн Гурвантэс сумын цагдаад хураалгачихсан гэж хэлэхээр нь би түүнийг худлаа ярьж байгаа юм байна гээд тоогоогүй өнгөрсөн. Тэрээр надад яагаад, хэн гэдэг хүнд хураалгасанаа хэлээгүй. 2018 оны 04 дүгээр сарын байдлаар гарсан үнэлгээчин Ч.Жамъянгийн үнэлгээтэй танилцлаа. Уг үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь уг хайгчийг Д.Б д өгөхөөс өмнө өөр 2 хүнд өгөөд эвдээд засуулж байсан. Тиймээс 4.500.000 төгрөгний үнэлгээтэй гэж бодож байна. Би анх авахдаа 17 сая орчим төгрөгөөр авч байсан ч одоо хуучирсан тул 14 сая төгрөгөөр үнэлснийг хэтэрхий өндөр үнэлсэн байна гэж бодож байна. /хх-41-42 дугаар хуудас/,

Гэрч А.А мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “Уг Тамгат гэх газарт алт олборлох ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй “Магни майнинг” ХХК байдаг. Өөр зөвшөөрөлтэй ААН, иргэн байдаггүй. Д.Б , С.Э  гэсэн хүмүүс Гурвантэс сумын Гоёот багийн нутаг Тамгат гэх газарт болон Гурвантэс сумын нутаг дэвсгэрт алт хайх, олборлох тусгай зөвшөөрөл байхгүй” гэв. /хх-47 дугаар хуудас/,

Гэрч Ч.Энхзаяа мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “Би Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Гоёот багийн нутаг Тамгат гэх газарт иргэд хууль бус гар аргаар  алт олборлож байна гэсэн мэдээллийг иргэдээс авсны дагуу цагдаагийн тасагт энэ талаар мэдээлэл өгсөн. Д.Б , С.Э  нар нь Гурвантэс суманд алт олборлох, хайх тусгай зөвшөөрөл байхгүй” гэв. /хх-48 дугаар хуудас/,

Гэрч Ц.Д  мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Гоёот багийн нутагт байрлах Тамгат гэх газар нь улсын тусгай хамгаалалттай байгалийн цогцолборт газарт хамаардаг. Гурвантэс сумын Гоёот багийн нутаг Тамгат гэх газрыг 1996 оноос хойш улсын тусгай хамгаалалтанд авсан байдаг. Тамгат гэх газар нь газрын хэв шинж нь уулархаг, тусгай хамгаалалттай газрын аялал жуучлалын бүсэд ордог, байгалийн баялагийн хувьд бол алтны илэрцтэй, алтны шороон орд бүхий газар байдаг. Уг газарт 2003 оноос хойш иргэд хууль бусаар хөрсийг ухаж сэндийчэж эвдрэлд оруулан алтыг олборлож ирсэн. Тамгат гэх газарт нийтдээ 20 га газар нь хөрсний эвдрэлд орж үржил шимт хөрс нь сүйтгэгдсэн. Уг 20 га газар сүйтгэгдэх шалтгаан нь иргэдийн хууль бус гар аргаар алтыг олборлох болсонтой шууд холбоотой. Уг газарт алтнаас өөр байгалийн баялаг байхгүй. Ан амьтан бол байдаг. Дээрх миний мэргэжилтнээр оролцож координат цэгийг тогтоосон газрын хөрсний эвдрэл нь 2003 оноос хойш хууль бус нинжа нарын уршигаар эвдрэлд орсон юм. Харин сүүлийн үед яг тэр координат цэг бүхий эвдэрсэн газарт дахиад хөрсийг нь бага зэрэг малтмал хийсэн байдал анзаарагдсан. Би Тамгат гэх газарт нинжа нар цугладаг тодорхой газруудыг тогтмол эргүүл хяналт шалгалтаар явж шалгаж ажилладаг” гэв. /хх-49-50 дугаар хуудас/,

Шинжээч Ж.Б  мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: Шинжилгээнд ирсэн 5.570 грамм металлаас шинжилгээний стандарт аргын дагуу тодорхой хэсэгт нь шинжилгээ хийж королько гэдэг 732.82 миллиграмм хэсэгт нь шинжилгээ хийсэн болно. Үлдсэн хэсэг нь буцаан олгох жин буюу 4.825 м үлдсэн. Шинжилгээнд гарсан хорогдол буюу 20.99 миллиграмм нь тухайн алтанд хийсэн шинжилгээний явцад 960.14 сорьцтой алт нь 999 болдог. 999 болохын тулд 960.14 сорьцтой алтанд агуулагдаж байгаа бусад металл нь шинжилгээний явцад уусгалтаар хорогддог, Үүнийг л хорогдол гэж хэлж байгаа юм, Шинжилгээнд оруулж буй алтыг хорогдолгүйгээр шинжлэх боломжгүй. Учир нь 999 сорьцтой алт л хорогдолгүйгээр гардаг. Уг металл дотор байгаа алтнаас бусад мөнгө, зэс, цайр гэх мэт металууд нь шинжилгээний явцад уусгалтаар хоргддог юм. Би шар өнгийн металлыг 6,1 грамм жинтэй металл нь нэгэн төрлийн буюу нэг бүхэл болгож хайлсан байх ёстой байдаг. Манай байгууллага уг Өмнөговь аймаг дахь цагдаагийн газрын хэсгийн төлөөлөгч Б.Пүрэвдоржоос ирүүлсэн 6,1 грамм жинтэй металлыг хайлуулаагүй шалтгаан нь манай алт хайлуулах зуух нь 200 граммаас дээш 9 килограмм жинтэй алтыг хайлуулах хүчин чадалтай зуух байдаг тул уг шинжээч томилох тогтоолтой ирүүлсэн металл нь хэмжээний хувьд багадсан тул өөрсдөө хайлуулан шинжилгээнд буцаан авчрах шаардлага тавьсан. Металлыг хайлуулах явцад хорогдол гардаг. Байгалиараа байгаа нунтаг металлыг хайлуулах явцад тодорхой хэмжээний хорогдол гардаг юм. Учир нь алт өөрөөс 1100 градуст хайлдаг учраас түүнд агуулагдах бага температурт хайлдаг. Бусад металлууд нь ууршин алга болдог. /хх-59-60 дугаар хуудас/,

“Сайхан ариун дэлхий” ХХК-ын дүгнэлтэд: 1. “Сайхан Ариун Дэлхий” ХХК 2006 оноос эхлэн байгаль орчны мэргэжлийн үйлчилгээг нийгэмд үзүүлэн ажилласаар ирсэн бөгөөд тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хуулбарыг хавсралтаар хүргүүлж байгаль орчинд учруулсан хохирлын үнэлгээг хийх эрхтэй болохыг нотлож байна. 2. Өмнөговь аймгийн Гурван тэс сумын Гоёот багийн нутагт Тамгат гэх газарт иргэн Д.Б , С.Э  нар хууль бусаар ашигт малтмал олборлосны улмаас байгаль орчинд нийт 165.420 төгрөгийн хохирол учруулсан байна. 3. Хууль бусаар алт олборлох үйл ажиллагааны нөлөөгөөр 0,15 га талбайд эвдрэл үүссэн байна. 4. Эвдрэлд өртсөн 0,15 га талбайд нөхөн сэргээлт хийх зардал 139000 төгрөг болж байна. /хх-66 дугаар хуудас/,

          Эрүүгийн 1828000660109 дугаартай хэргээс:

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-6 дугаар хуудас/, Д.Б , С.Э  нарын металл хайгчаар алт хайж байгаа болон Тамгат гэх газрын гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-7-9 дүгээр хуудас/, Хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл /хх-10 дугаар хуудас/, Д.Б , С.Э  нарын алт олборлосон гэх газрын гэрэл зургийн үзүүлэлт /хх-11-15 дугаар хуудас/, Д.Б ын ашигласан металл хайгчны гэрэл зураг, хураан авсан алтыг хэмжсэн гэрэл зураг /хх-19-20 дугаар хуудас/, С.Э ын ашигласан металл хайгчны гэрэл зураг /хх-23 дугаар хуудас/, Өмнөговь аймгийн аялал жуулчлалын газрын 2018 оны 06 сарын 21-ний өдрийн 173 дугаартай тоот /хх-30 дугаар хуудас/, Өмнөговь аймгийн аялал жуулчлалын газрын даргын 2018 оны 06 сарын 21-ний өдрийн А/11 дугаартай тушаал /хх-31 дүгээр хуудас “Ашид билгүүн” ХХК-ын дүгнэлт /хх-52-55 дугаар хуудас/, Үнэт металлын сорьц тогтоох итгэмжлэгдсэн лабораторын сорилтын дүн /хх-57 дугаар хуудас/, Алт хайлуулах явцын гэрэл зураг /хх-61-62 дугаар хуудас/, 1828000660109 дугаартай хэргийн эд мөрийн баримтаар хураагдсан 6,1 грамм жинтэй алтыг хайлуулах үед хийсэн тэмдэглэл /хх-63 дугаар хуудас/,  Байгаль орчин аялал жуулчлалын яамны байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ хийх эрхийн гэрчилгээний хуулбар, улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар  /хх-73-74 дүгээр хуудас/, Өмнөговь аймгийн байгаль орчин, аялал жуулчлалын газрын 2018 оны 06 сарын 14-ний өдрийн 162 дугаар тоот, зураг /хх-75-77 дугаар хуудас/, Өмнөговь аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2018 оны 05 сарын 11-ний өдрийн 524 дугаартай тоот /хх-92 дугаар хуудас/, С.Э ын иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар /хх-93 дугаар хуудас/, Д.Б ын иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар /хх-94 дүгээр хуудас/, Баянхонгор аймгийн Баянговь сумын 3 дугаар багийн Засаг даргын 2018 оны 04 сарын 10-ны өдрийн 62 дугаартай тодорхойлолт /хх-101 дүгээр хуудас/, Баянхонгор аймгийн Баянговь сумын 3 дугаар багийн Засаг даргын 2018 оны 07 сарын 10-ны өдрийн 101 дугаартай тодорхойлолт /хх-101 дүгээр хуудас/, Баянхонгор аймгийн Баянговь сумын 5 дугаар багийн Засаг даргын 2018 оны 04 сарын 10-ны өдрийн тодорхойлолт /хх-104 дүгээр хуудас/, Баянхонгор аймгийн Баянговь сумын 3 дугаар багийн Засаг даргын 2018 оны 04 сарын 14-ний өдрийн тодорхойлолт /хх-105 дугаар хуудас/, Баянхонгор аймгийн Баянговь сумын дунд сургуулийн 2018 оны 05 сарын 03-ны өдрийн 28 дугаартай тодорхойлолт /хх-107 дугаар хуудас/, Баянхонгор аймгийн Баянговь сумын дунд сургуулийн 2018 оны 05 сарын 03-ны өдрийн 27 дугаартай тодорхойлолт /хх-109 дугаар хуудас/, Б.У ын байгаль хамгаалагчийн үнэмлэхийн хуулбар /хх-116 дугаар хуудас/, Төрийн банкны мөнгөн шилжүүлгийн баримт /хх-119 дүгээр хуудас/, Мөрдөн байцаалтын явцад банк, түүний харилцагч шүүгдэгч С.Э , Д.Б  нарын  талаарх мэдээлэл авах тогтоол /хх-121 дүгээр хуудас/, Шүүгдэгч С.Э ын банкны байгууллагуудын тодорхойлолт /хх-ийн 122-125 дугаар хуудас/ Мөрдөн байцаалтын явцад банк, түүний харилцагч шүүгдэгч Д.Б ын банкны байгууллагуудын тодорхойлолт /хх-ийн 126-128 дугаар хуудас/, Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-129-130 дугаар хуудас/, иргэний нэхэжлэгч С.Т ын иргэний үнэмлэхийн хуулбар /хх-133 дугаар хуудас/, “Вендо”ХХК хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-145-153 дугаар хуудас/ шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг зөрчөөгүй, хэрэгт нотолбол зохих асуудлуудыг нотолсон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд, хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж шүүгдэгч С.Э , Д.Б  нарт  холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэв.

 

          Иймд шүүгдэгч С.Э , шүүгдэгч Д.Б  нарыг тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмал олборлосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

 

Шүүгдэгч С.Э , шүүгдэгч Д.Б  нар нь гэмт үйлдлээ гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн байх ба анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг  эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.

 

Шүүх шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хор хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрснийг  харгалзан үзэж  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэлээ.

 

            Шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, тэдгээрээс гаргах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 

          Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэж олсон орлого 5.57 грамм алтыг улсын орлогод оруулах үндэслэлтэй.

 

          Шүүгдэгч Д.Б , С.Эдэнэтулга нар хууль бус үйлдэлдээ Minelab GPZ-7000,  Minelab GP 3500 металл хайгчийг ашигласан байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн

 

7.5 дугаар зүйлийн 4-д заасныг журамлан хураан авч улсын орлогод оруулах нь үндэслэлтэй.

 

          Шүүгдэгч Д.Б  Minelab GPZ-7000 металл хайгчийг С.Т аас худалдах худалдан авах хэлцлийн дагуу өөрийн өмчлөлд авч, үнийг төлөхөөр харилцан тохиролцсон байна. Иргэний нэхэмжлэгч С.Т ын мэдүүлэгт ...”уг хайгчийг 2018 оны 02-03 сарын үед манай талын садан төрлийн хүн болох Баянговь сумын Д.Б  нь худалдаж авъя гээд байсан. Гэхдээ тэрээр юм олбол мөнгийг нь цувуулж өгье гэж тохироод авсан одоо болтол нэг ч төгрөг өгөөгүй байгаа. Таны хайгчийг Өмнөговь аймгийн Гурвантэс сумын цагдаад хураалгачихсан гэж хэлэхээр би түүнийг худлаа ярьж байна гээд тоогоогүй өнгөрсөн. ...4.500.000 төгрөгний үнэлгээтэй гэж бодож байна” гэжээ. Дээрхээс дүгнэхэд талуудын хооронд Minelab GPZ-7000 хайгчийг худалдах худалдан авах хэлцэл хийгдсэн байх ба иргэний нэхэмжлэгч С.Т ын мэдүүлгээр шүүгдэгч Д.Б ыг хууль бус үйлдэл хийхээр бэлтгэж байсан болохыг мэдэж байсан байна.

 

         Иргэний нэхэмжлэгч С.Т  Minelab GPZ-7000 металл хайгчийн эзэмшигч гэдгээ нотолсон хуулийн шаардлага хангасан холбогдох нотлох баримтыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед гаргаж өгөөгүй, иргэний нэхэмжлэгчээс гаргасан баталгаат засварын хуудас гэх баримт нь нотлох баримтын шаардлага хангахгүй хуулбар хувь, тухай баримтыг мөрдөгчид хуулбар хувиар гаргасан байх тул нотлох баримтаар үнэлээгүй болно.

 

             Гэмт хэргийн улмаас газрын хэвлийд учирсан хохирлыг Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 5-д зааснаар хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх төгрөгөөр тооцож 330 840 төгрөг, нөхөн сэргээлтийн төлбөрт 139000 төгрөгийг тус тус шүүгдэгч нар төлж барагдуулсан байх тул төлөх төлбөргүй гэж үзлээ. /хх119 дүгээр хуудас/

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Пүрэв овгийн С.Э , Чимэдмаа овгийн Д.Б  нарыг тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмал олборлосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр шүүгдэгч С.Э , шүүгдэгч Д.Б  нарыг 1 жилийн хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5.6 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд гэмт хэрэг үйлдвэл шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож Эрүүгийн хуулийн ерөний ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах, болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн бол гэмт хэргийн үүссэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан хүчингүй болгох эсэхийг шүүх шийдвэрлэх журамтай болохыг мэдэгдсүгэй.

4. Шүүгдэгч С.Э , шүүгдэгч Д.Б  нар нь цагдан хоригдсон хоноггүй, төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалүй болохыг дурдсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэгт зааснаар хууль бусаар олсон орлого 5,57 грамм АЛТ, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 7.960.000 төгрөгийн үнэ бүхий Minelab GPZ-7000 металл хайгч-1 ширхэг,   4.080.000 төгрөгийн үнэ бүхий Minelab GP 3500 металл хайгч-1 ширхэг, чихэвч, батарейг тус тус улсын орлогод оруулахыг даалгаж Өмнөговь аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 56 см урттай төмрийг устгуулахаар Өмнөговь аймгийн Шүүхийн тамгын газрын эд мөрийн баримт шийдвэрлэх комисст тус тус шилжүүлсүгэй.

6. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Э , шүүгдэгч Д.Б  нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     З.ТӨМӨРХҮҮ