Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 04 сарын 01 өдөр

Дугаар 210/МА2022/00615

 

 

 

 

 

 

 

 

 

Ч.Э-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Цогтсайхан даргалж, шүүгч Ш.Оюунханд, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 101/ШШ2022/00143 дугаартай шийдвэртэй

Нэхэмжлэгч Ч.Э-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Баянзүрх дүүргийн Засаг даргад холбогдох

Нийслэлийн ерөнхий боловсролын 133 дугаар дунд сургуулийн захирлын үүрэг гүйцэтгэгчийн ажилд эгүүлэн тогтоож, 2021 оны 05 дугаар сарын 10-ны өдрөөс хойш анхан шатны шүүхийн шийдвэр гарах өдрийг хүртэлх хугацааны ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 2,829,780 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, баталгаажилт хийлгүүлэх, цалин хөлсний зөрүү 3,439,712 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ш.Самал, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч  Б.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шинэцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга: Ч.Э- 2017 оны 08 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн 133 дугаар дунд сургуульд бага боловсрол хариуцсан сургалтын менежерээр ажиллаж эхлэсэн бөгөөд Баянзүрх дүүргийн засаг даргын 2021 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн Б\60 дугаар захирамжаар тус сургуулийн захирлын үүрэг гүйцэтгэгчээр томилогдсон.

Хуулийн хэлтсийн дарга Б.М нь 2021 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр Ажлаа хүлээлгэж өг, өргөдлөө маргааш өглөө 9 цагт авчирч өг гэж хэлсэн. Би ажлаа цаг хугацаанд нь хариуцлагатай хийж гүйцэтгэсэн тул зөвшөөрөх боломжгүй гэж хэлээд гарсан.

Гэтэл 2021 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр өргөдлөө өгөхийг шаардаж, 07-ны өдрийн 10 цагт сонсох ажиллагаа явуулсан. Улмаар 2021 оны 05 дугаар сарын 10-ны өдөр Б\92 тоот тушаалыг уншиж танилцуулаад ажил хүлээлцсэн.

Боловсролын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.12-т Аймаг, нийслэлийн боловсролын газрын сонгон шалгаруулалтын дүнг үндэслэн ерөнхий боловсролын сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгчийг томилох, тэдгээрийг үр дүнгийн гэрээний хэрэгжилт болон аймаг, нийслэлийн боловсролын газрын саналыг үндэслэн чөлөөлөх-өөр заасан ба тус сургуулын захирлын сонгон шалгаруулалт зарлагдаагүй байхад Ч.Оюунтуяа гэх хүнийг захирлаар томилж байгааг ашиг сонирхлын зөрчилтэй шийдвэр гаргасан гэж үзэж байна.

Ажил олгогч нь ажлаас халах үндэслэлээ хэл, ам их гараад байгаа гэж тайлбарлаж болохгүй юм. Учир нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т зааснаар ажлаас халахдаа ажилтанд нэг сарын өмнө бичгээр мэдэгдэл өгөх үүрэгтэй. Уг үүргээ хэрэгжүүлээгүй.

Иймд Ч.Э- намайг ажлаас үндэслэлгүйгээр халагдсан болохыг тогтоож, урьд эрхэлж байсан Нийслэлийн ерөнхий боловсролын 133 дугаар сургуулийн захирлын үүрэг гүйцэтгэгчийн албан тушаалд эгүүлэн тогтоож, 2021 оны 05 дугаар сарын 10-ны өдрөөс хойш анхан шатны шүүхийн шийдвэр гарах өдрийг хүртэл ажилгүй байсан хугацааны цалин хөлс, цалингийн зөрүүг олгуулж, уг хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж баталгаажилт хийхийг даалгаж өгнө үү.

Ч.Э- сургуулийн захирлын үүрэг гүйцэтгэгчээс чөлөөлөгдөж тус сургуулийн сургалтын менежерээр 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл ажилласан. Захирлын үндсэн цалин 912,097 төгрөг, сургалтын менежерийн үндсэн цалин 842,702 төгрөг бөгөөд нэг өдрийн зөрүү цалин 25,292 төгрөгийг 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл хугацааны 136 хоногт тооцож, цалингийн зөрүүнд нийт 3,439,712 төгрөгийг гаргуулна. Үүнд удаан жилийн нэмэгдэл 15 хувь, улсад 16 жил ажилласан, заах аргын зэргийн 10 хувь, үр дүнгийн урамшуулал 15 хувийн нэмэгдлүүд тус тус орсон. Дээрх цалингийн зөрүү дээр ажилгүй байсан хугацааны цалин 2,829,780 төгрөгийг нэмж, нийт 6,269,492 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

2.Хариуцагч талын хариу тайлбарын агуулга: 2021 оны 3 дугаар сарын 20-ны өдөр 133 дугаар сургуулийн захирал С.Дэжидсүрэнг ажлаас нь чөлөөлсөн. Үүнтэй холбоотой тухайн сургуулийн хэвийн байдлыг хангах үүднээс ажиллаж байсан албан хаагчдаас захирлын үүрэг гүйцэтгэгчийг томилсон. Сургуулийн захирлын албан тушаалд сонгон шалгаруулалтад орж, шалгарсан хүнийг захирлын албан тушаалд томилдог боловч COVID-19 цар тахлын нөхцөл байдалтай холбоотойгоор сонгон шалгаруулалт зарлах боломжгүй байсан тул Ч.Э-ийг сургуулийн үйл ажиллагааг хэвийн явуулах үүднээс үүрэг гүйцэтгэгчээр томилсон.

Баянзүрх дүүргийн Засаг дарга нь Авлигатай тэмцэг газрын хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсээс 2021 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 05/3573 тоот албан бичгийг үндэслэн Ч.Оюунтуяаг 133 дугаар сургуулийн захирлын үүрэг гүйцэтгэгчээр томилон ажиллуулж байна.

Нэхэмжлэгч ажилгүй байсан хугацааны цалинг нэхэмжилж байгааг зөвшөөрөхгүй. Учир нь нэхэмжлэгч Ч.Э-ийг 2021 оны 05 дугаар сарын 10-ны өдөр ажлаас чөлөөлсөн. Ажлаас чөлөөлөгдсөн мөн өдрөө өмнө нь ажиллаж байсан сургалтын менежерийн албан тушаалд томилсон ба цалин хөлсөө зохих ёсоор олгож, нийгмийн даатгалын шимтгэл төлж байгаа. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3.Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Хөдөлмөрийн тухай хуулийн /1999 оны/ 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ч.Э-ийг ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоож, Ч.Э-ийг урьд эрхэлж байсан Нийслэлийн ерөнхий боловсролын 133 дугаар дунд сургуулийн захирлын үүрэг гүйцэтгэгчийн ажилд эгүүлэн тогтоож, түүний ажилгүй байсан хугацааны цалин, хөлстэй тэнцэх олговорт 2,132,432 төгрөгийг хариуцагч Баянзүрх дүүргийн Засаг даргаас гаргуулж нэхэмжлэгч Ч.Э-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 4,137,060 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн /1999 оны/ 46 дугаар зүйлийн 46.2 дах хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчийн нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, холбогдох дэвтэрт бичилт хийн баталгаажуулахыг хариуцагчид даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

4а.Тус дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх нэхэмжлэлийг хүлээн авч шүүхэд хянан хэлэлцэж байх явцад урьд ажиллаж байсан захирал С.Дэжидсүрэнгийн ажилд эргүүлэн тогтоолгох ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах тухай шаардлагыг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх 2021 оны 08 дугаар сарын 19-ний өдөр 128/ШШ2021/0540 дугаар шийдвэрээр хангаж шийдвэрлэснийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн. Манай талаас дээрх шүүхийн шийдвэр, магадлалыг шүүхэд нотлох баримтаар өгч, шүүх хуралдаанд нэхэмжлэгчээс урьд ажиллаж байсан захирал үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлөгдсөн нь тогтоогдсон тул ахин үүрэг гүйцэтгэгч томилох боломжгүй болсон талаар тайлбарласан.

4б.Ч.Э- нь үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байх хугацаанд өөрийнх нь өмнө эрхэлж байсан бага ангийн сургалтын менежерийн албан тушаал нь хадгалагдаж байсан бөгөөд чөлөөлөгдсөн даруйд мөн буцаан томилсон тушаалыг нотлох баримтаар гарган өгсөн боловч шүүх баримтыг зохих ёсоор үнэлээгүй. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин өгнө үү гэжээ.

 

5.Нэхэмжлэгчийн өмгөөлөгч давж заалдах гомдолд гаргасан тайлбарын агуулга: С.Дэжидсүрэнг ажилд эгүүлэн томилсон учраас шүүхийн шийдвэр нь үндэслэлгүй гэж байна. Нэхэмжлэлийг уншиж танилцуулж байхад дурдагдаж байсан бас нэг үүрэг гүйцэтгэгчийг томилсон байдаг. Ч.Э- нь С.Дэжидсүрэнгийн дараа томилогдож түүнийг ажилдаа орох хүртэл ажлын байранд ажилласан. Нэхэмжлэгчээс маргасан үндэслэл нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т заасны дагуу тушаал гаргах үндэслэлгүй гэдэг. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т заасны дагуу ур чадвар болон эрүүл мэндийн хувьд тэнцэхгүй гэдгийг огт тогтоогдоогүй байхад Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т заасныг баримталж тушаал гаргасан нь өөрөө үндэслэлгүй гэж маргасан. Үүрэг гүйцэтгэгч Ч.Э-ийн дараа томилогдсон этгээд мөн адил үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байсан. Хариуцагч тал С.Дэжидсүрэнгийн асуудал шүүхээр хянагдаж байгааг мэдсэн атлаа дахин нэг үүрэг гүйцэтгэгчийг томилсон нь хариуцагч байгууллагын буруутай үйл ажиллагаа. Үүнтэй холбоотой шүүхийн шийдвэр үндэслэлгүй гарсан гэж үзэх боломжгүй. Анхан шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийг зөв хэрэглэж, үндэслэлтэй шийдвэрлэсэн. Иймд давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1.Давж заалдах шатны шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлын хүрээгээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянахад анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тухайн хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, маргааны үйл баримтыг зөв тогтоосон, нэхэмжлэгчийг урьд эрхэлж байсан ажилд нь эгүүлэн тогтоож, түүний үр дагаврыг шийдвэрлэхдээ Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтыг зөв хэрэглэсэн байна.

2.Нэхэмжлэгч Ч.Э- нь хариуцагч Баянзүрх дүүргийн Засаг даргад холбогдуулан Нийслэлийн ерөнхий боловсролын 133 дугаар дунд сургуулийн захирлын үүрэг гүйцэтгэгчийн ажилд эгүүлэн тогтоож, 2021 оны 05 дугаар сарын 10-ны өдрөөс хойш анхан шатны шүүхийн шийдвэр гарах өдрийг хүртэлх хугацааны ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 2,829,780 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, баталгаажилт хийхийг даалгах, цалин, хөлсний зөрүү 3,439,712 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

3.Хариуцагч эс зөвшөөрч, шүүхийн шийдвэрээр С.Дэжидсүрэнг захирлын ажилд эгүүлэн тогтоосон учир үүрэг гүйцэтгэгчээр томилох боломжгүй, үүрэг гүйцэтгэгчид тэнцэх дараагийн хүнээр н.Оюунтуяаг сонгосон, уг ажлаас чөлөөлсөн өдрөө өмнө гүйцэтгэж байсан менежерийн ажилд нь эгүүлэн томилсон гэж маргасан байна.

4.Ч.Э- нь 2017 оны 08 дугаар сарын 25-ны өдрөөс Нийслэлийн Ерөнхий боловсролын 133 дугаар дунд сургуульд сургалтын менежерийн албан тушаалд ажиллаж эхэлсэн, Баянзүрх дүүргийн Засаг даргын 2021 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн Б/60 дугаартай захирамжаар тус сургуулийн захирлын үүрэг гүйцэтгэгчээр түр томилогдон ажиллаж байсан үйл баримт хэргийн нотлох баримтуудаар тогтоогджээ. /хх-1, 9, 15, 151, 153/ Энэ талаар талууд маргаангүй.

5.Баянзүрх дүүргийн Засаг даргын 2021 оны 05 дугаар сарын 10-ны өдөр Б/92 дугаартай захирамжаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т заасныг үндэслэн Ч.Э-ийг захирлын үүрэг гүйцэтгэгчийн ажлаас чөлөөлж, мөн өдрийн Б/93 дугаартай захирамжаар Ч.Оюунтуяаг захирлын үүрэг гүйцэтгэгчээр томилжээ. /хх-35/

Нийслэлийн ерөнхий боловсролын 133 дугаар сургуулийн захирлын үүрэг гүйцэтгэгч Ч.Оюунтуяа нь 2021 оны 05 дугаар сарын 10-ны өдөр Б/21 дугаартай тушаал гаргаж, Ч.Э-ийг өмнө эрхэлж байсан бага боловсролын сургалтын менежерийн ажилд эгүүлэн томилсон байна. /хх-33/ Дээрх үйл баримтыг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт, зохигчдын тайлбарыг үндэслэн анхан шатны шүүх зөв тогтоосон, талууд маргаангүй. Баянзүрх дүүргийн Засаг даргын Б/92 дугаартай захирамж хууль зүйн үндэслэлтэй эсэх нь тэдгээрийн маргааны зүйл болжээ.

6.Хариуцагч тал, Нийслэлийн ерөнхий боловсролын 133 дугаар сургуулийн захирлын албан тушаалд ажиллаж байсан С.Дэжидсүрэнгийн хөдөлмөрийн гэрээ цуцлагдсантай холбогдуулан байгууллагын үйл ажиллагааг хэвийн үргэлжлүүлэх зорилгоор нэхэмжлэгч Ч.Э-ийг хөдөлмөрийн гэрээнд заагаагүй ажилд буюу захирлын үүрэг гүйцэтгэгчээр түр томилсон болох нь шүүхэд гаргасан тайлбараар нь нотлогдсон байна.

Боловсролын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.12-т аймаг, нийслэлийн боловсролын газрын сонгон шалгаруулалтын дүнг үндэслэн ерөнхий боловсролын сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгчийг томилох, тэдгээрийг үр дүнгийн гэрээний хэрэгжилт болон аймаг, нийслэлийн боловсролын газрын саналыг үндэслэн чөлөөлөх асуудлыг сум, дүүргийн Засаг дарга бүрэн эрхийн хүрээнд хэрэгжүүлэхээр заажээ.

Ерөнхий боловсролын 133 дугаар сургуулийн захирлын ажлын байранд Нийслэлийн боловсролын газраас сонгон шалгаруулалт зарласан, сонгон шалгаруулалтын дүнг үндэслэн тус сургуулийн захирлын ажлын байранд Ч.Оюунтуяаг томилсон үйл баримтыг нотолсон баримт хэрэгт авагдаагүй байна.

Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т заасныг үндэслэн Ч.Э-ийг захирлын үүрэг гүйцэтгэгчийн ажлаас чөлөөлсөн хариуцагч Баянзүрх дүүргийн Засаг даргын 2021 оны 05 дугаар сарын 10-ны өдөр Б/92 дугаартай захирамжийг дээрх хууль болон Хөдөлмөрийн тухай хуульд нийцээгүй гэж үзнэ.

7.Анхан шатны шүүх хэргийн нотлох баримтуудыг үндэслэн нэхэмжлэгч Ч.Э-ийг Нийслэлийн ерөнхий боловсролын 133 дугаар сургуулийн захирлын үүрэг гүйцэтгэгчийн ажилд эгүүлэн тогтоож, түүний үр дагаврыг арилгахыг хариуцагчид даалгаж шийдвэрлэснийг буруутгах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагчийн давж заалдах гомдлыг хангах боломжгүй байна.

8.Харин нэхэмжлэгч Ч.Э-ийн захирлын ажил үүргийг түр гүйцэтгэх хугацааг хуулийн хүчин төгөлдөр шийдвэр биелэгдэх хүртэлх хугацаагаар хязгаарлах нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлд заасан шүүхийн шийдвэр заавал биелэгдэх зарчимд нийцнэ гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Тодруулбал, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 128/ШШ2021/0540 дугаартай шийдвэрээр Баянзүрх дүүргийн Засаг даргын 2021 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн Б/59 дугаартай захирамжийг хүчингүй болгож, С.Дэжидсүрэнг 133 дугаар сургуулийн захирлын албан тушаалд эгүүлэн тогтоож шийдвэрлэснийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 583 дугаартай магадлалаар хэвээр үлдээж шийдвэрлэжээ. /хх 84-98, 125-131/

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхийн шийдвэрээр С.Дэжидсүрэнг захирлын ажилд эгүүлэн тогтоосон учир түүнийг ажилд эгүүлэн томилох ажиллагаа явагдах ёстой гэж давж заалдах шатны шүүх хуралдаанд тайлбарласныг нэхэмжлэгч талаас үгүйсгээгүй, С.Дэжидсүрэнг ажилдаа томилогдох хүртэл Ч.Э- ажиллах ёстой гэж маргаж байна. /хх-135/ Иймээс хэрэгт С.Дэжидсүрэнг ажилд эгүүлэн тогтоосон шийдвэрийг нотлох баримтаар гаргаж өгсөн байхад шүүх анхаарч үзээгүй гэх хариуцагчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлтэй.

9.Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн нэг дэх заалтад найруулгын өөрчлөлт оруулахаар шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 101/ШШ2022/00143 дугаартай шийдвэрийн тогтоох хэсгийн 1 заалтын Ч.Э-ийг урьд эрхэлж байсан Нийслэлийн ерөнхий боловсролын 133 дугаар дунд сургуулийн захирлын үүрэг гүйцэтгэгчийн ажилд эгүүлэн тогтоож гэснийг шүүхийн шийдвэр буюу Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн хүчин төгөлдөр 2021 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 128/ШШ2021/0540 дугаартай шийдвэрийг биелэгдэх хүртэл хугацаанд нэхэмжлэгч Ч.Э-ийг Нийслэлийн ерөнхий боловсролын 133 дугаар дунд сургуулийн захирлын үүрэг гүйцэтгэгчийн ажилд эгүүлэн тогтоож гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсэгт тус тус заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЦОГТСАЙХАН

 

ШҮҮГЧИД Ш.ОЮУНХАНД

 

Ч.ЦЭНД