Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 01 сарын 12 өдөр

Дугаар 2026/ДШМ/01

 

Ч.Х-д холбогдох
эрүүгийн хэргийн тухай


Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Баттогтох даргалж, шүүгч Б.Намхайдорж, Ц.Оюун-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд;
Прокурор Б.У,
Шүүгдэгч Ч.Х,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Д, М.Э, 
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.О нарыг оролцуулан,
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 2025/ШЦТ/237 дугаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч Ч.Х эс зөвшөөрч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдлоор шүүгдэгч Ч.Х-д холбогдох эрүүгийн 2516000000106 дугаартай хэргийг 2025 оны 12 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч шүүгч Ц.Оюун-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн хувийн мэдээлэл: 

Ц ургийн овгийн Ч.Х нь Монгол Улсын иргэн, 19** оны ** дүгээр сарын **-ны өдөр Говь-Алтай аймгийн ********* суманд төрсөн, ** настай, ***********, **********, ***********, *********, ам бүл ***, ******** Говь-Алтай аймгийн ********* сум, ***** багт оршин суух хаягтай, урьд 1997, 1999, 2001, 2003 онуудад Говь-Алтай аймгийн сум дундын шүүхээр ял шийтгэгдэж байсан, улсаас авсан гавьяа шагналгүй, ** ********** регистрийн дугаартай, 

Холбогдсон хэргийн талаар: 

Яллагдагч Ч.Х нь согтуурсан үедээ Говь-Алтай аймгийн *********** сумын ********** баг, ********* *** - *** тоотод байх М.Б-ийн гэрт 2025 оны 04 дүгээр сарын 11-ний орой 23 цагийн үед иргэн Ш.Э-г архи хундагалж өгсөнгүй гэх үл ялих зүйлээр шалтаглан цээжин хэсэгт 1 удаа хутгалж түүний эрүүл мэндэд цээжний хөндий рүү нэвтэрч шарх, баруун уушгины доод дэлбэнгийн няцрал, баруун уушгины дэлбэн хоорондын авчилт /ателектаз/, цээжний хөндийн цус хуралдалт гэмтэл бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: 

Шүүгдэгч Ц ургийн овгийн Ч.Х-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар зэвсгийн чанартай эд зүйл ашиглаж Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар шүүгдэгч Ч.Х-ыг 3 /гурав/ жил, 05 /тав/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Х-д оногдуулсан 3 /гурав/ жил, 05 /тав/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.Х-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авч, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12.1 дүгээр зүйлийн 12.1.1 дэх хэсэг заасныг баримтлан шүүгдэгч Ч.Х-аас 2,880,231 /хоёр сая найман зуун наян мянга хоёр зуун гучин нэг/ төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын Ерөнхий газрын төрийн сангийн 100000********* тоот дансанд оруулж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 24 сантиметр урттай, ажлын хэсэг нь 12,5 сантиметр, бор өнгийн иштэй 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогчид төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдаж, ….. эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах, үндэслэл журмыг тайлбарлаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Ч.Х давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: 

Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 2025/ШЦТ/237 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Анхан шатны шүүхээс надад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэж 3 жил, 05 сарын хугацаагаар хорих ял оногдуулсан нь миний эрүүл мэндэд хүндээр тусч байна. Учир нь эрүүл мэндийн хувьд цус харваж улмаар биеийн байдал хүнд эмнэлэг болон мэдрэлийн эмчийн хяналтанд байдаг бөгөөд даралт байнга хэлбэлзэж улмаар зовиур их байгаа болно. Мөн цөс болон бөөрний чулуутай. Иймд миний эрүүл мэндийн байдлыг харгалзан үзэж анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг дахин хянаж оногдуулсан ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсгүүдэд зааснаар зөвхөн давж заалдах гомдол, эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүх хуралдааны явцад нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг эргэлзээгүй эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

3. Гэмт хэрэг гарсан эсэхийг бүрэн бодитойгоор сэргээн тогтоох, гэмт этгээдийг олж, түүний гэм бурууг үндэслэлтэй, эргэлзээгүйгээр нотлох, гэмт хэрэг үйлдээгүй хүнд хилсээр эрүүгийн хариуцлага хүлээлгэхгүй байх баталгааг хангахад шаардагдах бүх талын арга хэмжээг авах нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үндсэн зорилт билээ.
Энэ зорилтын хүрээнд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч, яллагдагч , шүүгдэгчийг ...яллах ба цагаатгах, ял хүндрүүлэх ба хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно” гэж заасан байна.

4. Хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болгосон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

5. Үйл баримтын дүгнэлт, нотлогдсон байдлын талаар:

5.1. Шүүгдэгч Ч.Х нь согтуурсан үедээ Говь-Алтай аймгийн ********** сумын ************ баг, ****** *** - *** тоотод байх М.Б-ийн гэрт 2025 оны 04 дүгээр сарын 11-ний орой 23 цагийн үед иргэн Ш.Э-г архи хундагалж өгсөнгүй гэх үл ялих зүйлээр шалтаглан цээжин хэсэгт 1 удаа хутгалж түүний эрүүл мэндэд цээжний хөндий рүү нэвтэрч шарх, баруун уушгины доод дэлбэнгийн няцрал, баруун уушгины дэлбэн хоорондын авчилт /ателектаз/, цээжний хөндийн цус хуралдалт гэмтэл бүхий хүнд хохирол санаатай учруулсан байна.

6. Хэргийн үйл баримтыг эргэлзээгүй нотлох баримтын талаар:

6.1. Хохирогч Ш.Э-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би тэгээд Б ах руу залгасан чинь би гэртээ ирчихсэн байна гэхээр нь Д-ын хамт Б ахын гэрт очсон чинь Б болон Х хоёр тэдний гэрт нь байсан. Б ах хоолоо хийж байсан. Харин Х зүүн орны хөл дээр сууж байсан. Тэгээд би ширээний доогуур архийг аваад хундагалаад ууж байсан. Харин Х-д бол хийж өгөөгүй. Б ах чанасан махаа гаргаад идэж байхад Х миний хойд талын баруун орон дээр сууж байсан. Тэгээд би Х-д архи хийж өгөхгүй өнжөөгөөд байсан чинь тавганд байсан хутга аваад миний баруун цээжинд нэг удаа хутгалсан. Тэгэхээр нь шууд дараад дүү болох Ш.Э-ийн гэр болох хойд талын гудамж руу нарийн гудмаар хойшоогоо гараад явж байсан чинь замд миний толгой эргээд унах гээд байсан. Дүү болох Ш.Э-ийн гэрт ороод Х намайг хутгалчихлаа гэж хэлээд эмнэлэг орсон. Тэгээд би ухаан алдсан. Би Х гэх хүнтэй найзууд өмнө нь хоорондоо маргалдаж байгаагүй. Өс хонзонгийн асуудал байхгүй. Тухайн үед бүгдээрээ уучихсан байсан. Намайг архи хийж өгөөгүй гэх шалтгааны улмаас намайг хутгалсан байх. Тухайн гэрт Д, Б, Х бид 4 байсан өөр хүн байгаагүй. Х нь мах идэж байсан бор өнгийн иштэй хутгаар миний цээжний баруун хэсэг рүү нэг удаа дүрсэн. Өөр намайг цохиж зодсон зүйл байхгүй. Нэмж ярих зүйл байхгүй...” гэх мэдүүлэг (хавтас хэргийн 60-61-р тал),

6.2. Гэрч М.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...П болон Т хоёр Х-д авч өгсөн архинаас хамт уугаад эхэлсэн. Над руу архи өгөхөд би уухгүй ээ та хэд уучихаа гээд хэлчхээд тогоонд мах буцлаад байхаар нь би махаа тавганд гаргаж тавиад бөөнөөрөө сууж идэж байх хооронд би тогоонд шөл буцлаад байхаар нь гаргах гээд босоод аяга таваг гээд байж байхад Т гараад явсан. Би дотроо нойл орох гэж байгаа юм байлгүй гэж бодоод нөгөө хоёр луу харсан чинь Х хутга барьчихсан сууж байсан. Тэгээд удалгүй П болон Х хоёр гэр гэртээ очиж амаръя гээд манай гэрээс 21 цагаас 22 цагийн үед гараад явсан. Цагийг нь сайн мэдэхгүй байна. Гарч явахаар нь би замд ядраад байсан болохоор шууд орондоо орсон. Тэгээд хэвтэж байсан чинь Т-ийн дүү болох Ш.Э нь над руу залгаад Т ах хутгалуулчихсан байна ш дээ Х-д хутгалуулчихсан гэж байна та мэдсэн юм уу? гэхээр нь би мэдээгүй ээ гэж хэлчихээд ширээ рүү харсан. Х-ы сууж байсан сандлын өмнө цус болчихсон хутга байж байсан. Тэгэхээр босоод ширээн доогуур өшиглөчхөөд цус болсон байна уу гээд шал руу харсан чинь ерөөсөө тийм зүйл байхгүй байсан. Буцаад хэвтэж байсан чинь сумын хэсгийн төлөөлөгч болон цагдаа хоёр орж ирээд юу болсон талаар асуусан. Би юм хийж байсан болохоор сайн хараагүй. Манай гэрт орж ирсэн цагаасаа хойш тэр гурав хоорондоо маргалдсан зүйл байхгүй. Болсон болоогүй зүйлс ярьцгааж сууж байсан. Тэр хутга нь манай хутга манай гэрт байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 77-78-р тал),

6.3. Гэрч Г.Н-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...2025 оны 04 дүгээр сарын 11-ний орой 10 цагийн үед гэртээ байж байхад манай хүргэн ах Э гаднаас согтуу орж ирээд Э гэж дууддаг Х гэх хүн намайг хутгалчихлаа гэж хэлсэн. Гадуур өмсөж явсан куртикийг нь тайлахад дотор цамц, подволк нь нил цус болсон байсан. Өмсөж явсан цамц, подволкийг нь сөхөж үзэхэд баруун хөхний дээд хэсэгт нэлээн том зүссэн шархтай, цус их гарч байхаар нь алчуураар дараад машинд суулгаад сумын эмнэлэг дээр очсон. Тэгээд сумын цагдаа болон аймгийн эмнэлэгт мэдэгдсэн. Ш.Э-ийн цээжний баруун хэсэгт хөхний дээд талд 4 хуруу орчим том зүсэгдсэн шарх байсан. Мөн баруун нүд нь бага зэрэг хөхөрсөн, зүүн хацар шанаа орчимд шалбарсан шарх ил харагдаж байсан. Өөр ил харагдах ямар нэг гэмтэл, шарх байгаагүй. Хэзээ, хаана хутгалуулсан талаараа тодорхой зүйл хэлээгүй нэлээн зовиуртай байсан. Э гэж дууддаг Х гэх хүн намайг хутгалчихлаа гэдгээс өөр зүйл хэлээгүй. Орой 10 цагийн үед Ш.Э-г гаднаас орж ирэхэд манай нөхөр Ш.Э, манай 4 хүүхэд, С гэх хүмүүс гэрт байсан. Х-тай ямар шалтгаанаар, хэзээ, хаана маргалдсан талаараа хэлээгүй. Тиймэрхүү зүйл ярьж, асууж байх зав зай байгаагүй. Айж сандарсан хүмүүс шархыг нь дараад шууд эмнэлэг рүү аваад явсан. Ш.Э нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн боловч согтолт нь гайгүй байсан. Ш.Э, Х нар урьд өмнө нь маргалдаж муудалцаж байсан болон ямар нэг маргаантай асуудал байдаг талаар нь сайн мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 69-70-р тал),

6.4. Гэрч Н.У-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...2025 оны 04 дүгээр сарын 11-ний орой 22 цагийн үед эмнэлэг дээр хутгалуулсан хүн ирсэн байна гэсний дагуу сумын эмнэлэг дээр ирж ажилласан. Эмнэлэгт хүргэгдэж ирсэн хүн нь баруун эгэмний хэсэгт босоо чиглэлд гүн зүсэгдсэн шархтай байсан. Тухайн хүний амин үзүүлэлтүүдийг хяналтад авч аймгийн Нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламж руу холбогдож Б-т эмчид өвчтөний биеийн байдлыг танилцуулан зөвлөгөө авч хүчилтөрөгч залгаад гар болон хөлөнд нь уян зүү тавьж өвчин намдаагч хийж цус тогтоох, алдсан цусыг нөхөх зорилгоор шингэн сэлбэсэн. Өвчтөний биед орж гарч байгаа шингэнийг хянах зорилгоор катетер тавьсан. Зүсэгдсэн хэсгийн шархыг цэгцэлж гадна талд нь 10 оёдол тавьсан. Артерийн даралт 60/30-108/70, дундаж даралт 52-85, пульс 117-82, хүчилтөрөгч 88-99 хэлбэлзэлтэй байсан. Тухайн бүр нь амин үзүүлэлтүүдийг тогтворжуулж хэвийн байлгах эмчилгээнүүдийг хийж байсан. Ш.Э-ийн баруун эгэмний хэсэгт босоо чиглэлд гүн зүсэгдсэн шархтай, мөн нэг нүд нь бага зэрэг хөхөрсөн, хацар шанаа орчимд шалбарсан шархтай, баруун талын далны орчимд бага зэрэг хөхрөлттэй байсан. Хаана ямар асуудлаас болж гэмтэл шарх авсан талаараа дэлгэрэнгүй зүйл яриагүй. Архи ууж байгаад Э гэж дууддаг Х гэх хүн намайг хутгалсан гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 73-74-р тал),

6.5. Иргэний нэхэмжлэгч Б.Э-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Ш.Э нь 2025 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр W26 оноштой 225,400 мянган төгрөг, 04 дүгээр сарын 12-ны өдөр S27.9 оноштой 2,073,575 мянган төгрөг, S21.1 оноштой 581,256 мянган төгрөг, нийт 2,880,231 мянган төгрөгийн үйлчилгээ авсан байна. Энэ хэрэгт холбогдуулан Ш.Э нь эрүүл мэндийн даатгалын сангаас гаргасан тусламж үйлчилгээний мөнгө болох 2,880,231 төгрөгийг гаргуулан авах хүсэлттэй байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 65-66-р тал),

6.6. Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын цахим системийн лавлагаа (хавтаст хэргийн 25)

6.7. Говь-Алтай аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн ахлах зэргийн шинжээч эмч, Д.Д-ийн 2025 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн ГОА0725/157 дугаартай “1. 2. Ш.Э-ийн биед цээжний хөндий рүү нэвтэрч шарх, баруун уушгины доод дэлбэнгийн няцрал, баруун уушгины дэлбэн хоорондын авчилт /ателектаз/, цээжний хөндийн цус хуралдалт, зүүн талын 7, 8-р хавирга, баруун талын 4-р хавирганы хугарал, өвчүүний хугарал гэмтэл тогтоогдлоо. 3. 4. Дээрх гэмтлүүдээс цээжний баруун талд үүссэн цээжний хөндий рүү нэвтэрсэн шарх нь ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Бусад гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Тухайн хэрэг учрал болсон гэх 2025.04.12-ны өдөр үүссэн байх боломжгой шинэ гэмтэл болно. 5. Дээрх гэмтлүүдээс цээжний хөндий рүү нэвтэрч уушгины няцрал болон уушгины дэлбэн хоорондын авчилт /ателектаз/ үүсгэсэн. Улмаар цээжний хөндийд цус хуралдалт үүсгэж гуурс тавих мэс ажилбар хийгдсэн гэмтэл амь насанд аюултай тул Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 4.1.13-т зааснаар хохирлын хүнд зэрэг тогтоогдлоо. Бусад гэмтлүүд нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо. 6. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэх шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 82-84-р тал),

6.8. Говь-Алтай аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч Х.Э-ын 2025 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн ГОА0125/022 дугаартай “...1. Бор өнгийн куртикны баруун энгэр хэсэгт 115 мм хэмжээтэй зүсэгдэлт, баруун суганы оёдол хэсэгт 100 мм ханзралт, хар юүдэнтэй хар өнгийн цамцны баруун энгэр хэсэгт 80 мм зүсэгдэлт, энгэрийн зах хэсэгт 35*15 мм урагдалт, хөх өнгийн фудволкны баруун энгэр хэсэгт 70 мм зүсэгдэлт үүссэн байна. 2. Бор өнгийн куртикны баруун энгэр хэсэгт 115 мм хэмжээтэй шинэ зүсэгдэлт, баруун суганы оёдол хэсэгт 100 мм хэмжээтэй шинэ ханзралт, хар юүдэнтэй хар өнгийн цамцны баруун энгэр хэсэгт 80 мм хэмжээтэй шинэ зүсэгдэлт, энгэрийн зах хэсэгт 35*15 мм хэмжээтэй хуучин урагдалт, хөх өнгийн фудволкны баруун энгэр хэсэгт 70 мм хэмжээтэй шинэ зүсэгдэлт үүссэн байна. 3. 155 мм, 80 мм, 70 мм хэмжээтэй зүсэгдэлтүүд нь хурц иртэй зүйлийн харилцан үйлчлэлээр үүссэн, 100 мм хэмжээтэй ханзралт нь татаж чангаах хүчний үйлчлэлээр үүссэн, 35*15 мм хэмжээтэй урагдалт нь татаж чангаах хүчний үйлчлэлээр үүссэн байна. Хувцасны материалын зузаан, нимгэн, эдэлгээ, суналт, үйлчилсэн хүч зэргээс шалтгаалж хэдэн удаагийн үйлчлэлээр үүссэн болохыг тогтоох боломжгүй...” гэх шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 89-90-р тал),

6.9. Говь-Алтай аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн ахлах зэргийн шинжээч эмч, Д.Д-ийн 2025 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 0335/29 дугаартай “...Ч.Х-ы цусанд 2,6 промилли спиртийн зүйл илэрлээ” гэх шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 110-111),

6.10. 2025 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 04-10-р тал),

6.11. Хутгыг хойшлуулшгүйгээр хураан авч мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцуулан эд мөрийн баримтаар тооцсон тогтоол (хавтаст хэргийн 20-21-р тал),

6.12. Хохирогч Ш.Э-ийн 2475 дугаартай өвчний түүх (хавтаст хэргийн 27-29-р тал), 2696 дугаартай яаралтай тусламжийн хуудас (хавтаст хэргийн 30-55-р тал) зэрэг нотлох баримтаар тогтоогдсон байна.

7. Хууль зүйн дүгнэлт, давж заалдах гомдлын талаар:

7.1. Шүүгдэгч Ч.Х “... Анхан шатны шүүхээс надад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэж 3 жил, 05 сарын хугацаагаар хорих ял оногдуулсан нь миний эрүүл мэндэд хүндээр тусч байна. Учир нь эрүүл мэндийн хувьд цус харваж улмаар биеийн байдал хүнд эмнэлэг болон мэдрэлийн эмчийн хяналтанд байдаг бөгөөд даралт байнга хэлбэлзэж улмаар зовиур их байгаа болно. Мөн цөс болон бөөрний чулуутай. Иймд миний эрүүл мэндийн байдлыг харгалзан үзэж анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг дахин хянаж оногдуулсан ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү...” гэж давж заалдах гомдол гаргасан байна.

7.2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн , хохирол , хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж заасан ба шүүгдэгч Ч.Х-ы үйлдэл нь хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсч үйлдсэн, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, хохирогчид учирсан хохирол, хор уршигтай шалтгаант холбоотой, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлд заасан Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийн үндсэн шинжийг агуулж байна.  

7.3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн тайлбар хэсэгт “Зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл” гэж иж бүрдэл бүтцийн хувьд аливаа биетийг устгах, гэмтээх бие хамгаалах дохио өгөх зориулалттай эд зүйл, тоног төхөөрөмж хэрэгсэл ашиглаж үйлдсэнийг ойлгоно. Зэвсэг нь галт, хүйтэн, хийн үйлдвэрийн гар хийцийн аль нь ч байж болно” гэж заасан ба дээрх тайлбарт заасан хүйтэн зэвсэг гэдэгт хүний биед гэмтэл, эд хөрөнгөд хохирол учруулах зориулалт бүхий эд зүйл хэрэгсэл түүний дотор хутга, заазуур бусад мэс хамаарна.

7.4. Зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан бол Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан гэмт хэрэг буюу хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг зэвсэг хэрэглэн үйлдсэн гэж хүндрүүлэх шинж болгон хуульчилсан байна.

7.5. Шүүгдэгч Ч.Х нь хохирогч Ш.Э-ийн Монгол Улсын Үндсэн хууль, Хүний эрхийн түгээмэл тунхаглал болон Эрүүгийн хуулиар хамгаалагдсан халдашгүй дархан байх эрхийг зөрчиж түүнийг 1 удаа хутгалсан үйлдлийн улмаас түүний эрүүл мэндэд хүнд хохирол учирсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан зэвсгийн чанартай эд зүйлийг хэрэглэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийн объектив шинжийг, шүүгдэгч өөрийн үйлдлийн нийгмийн аюулыг ухамсарлаж өөрийн үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хохирол учирч болохыг мэдсээр байж хүсч зориуд хүнд хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан гэмт хэргийн субьектив шинжийг тус тус хангаж байна.   
      
7.6. Анхан шатны шүүхээс шүүгдэгч Ч.Х-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан зэвсгийн чанартай эд зүйл ашиглаж Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд 3 /гурав/ жил, 05 /тав/ сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

7.7. Мөн анхан шатны шүүх хэрэгт авагдаж шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтын хүрээнд хэргийн бодит байдалтай нийцсэн дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байна. 

7.8. Иймд дээр дурдсан нөхцөл байдлуудыг үндэслэн Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 2025/ШЦТ/237 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ч.Х-ы гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 2025/ШЦТ/237 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ч.Х-ы гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Х-ы анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаас хойш буюу 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдрөөс хойш цагдан хоригдсон нэг хоногийг нь хорих ялын нэг хоногоор тооцож, нийт цагдан хоригдсон 74 хоногийг хорих ял эдэлсэн хугацаанаас нь хассугай.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий оролцогч нь давж заалдах шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр  хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой зэрэг үндэслэлүүдээр магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 


ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Ш.БАТТОГТОХ

                      ШҮҮГЧИД                            Б.НАМХАЙДОРЖ

                                                                     Ц.ОЮУН-ЭРДЭНЭ